БОРОО ХҮҮРНЭГЧИЙН ХАРИУ ЗАХИА:
2024 оны 7-р сарын 16
Энэ захиаг хүрэх өдрийн мэндийг хүргэе. Юун түрүүнд халуун дотно, бас жинхэнэ үзэсгэлэнтэй ийм сайхан захиа илгээсэнд баярлалаа. Бас бяцхан Мөндөөхөндөө чин сэтгэлээсээ баярлаж, өхөөрдөн санаж буйг минь дамжуулаарай. Чи сайн биз дээ. Чиний тайтгарал болоод бясалгалын тухай уншлаа. Захиаг чинь аваад ямар их баярласнаа үгээр илэрхийлэхийн аргагүй. Тийм ээ, “ Сайн улс” энэ тун сайн улс. Яг 7 сарын 11-ний өдөр шуудангаар ирлээ. Нээж үзэж, уншиж дуусгахад ч хайран захиаг чинь уншиж ахуйд энэ л ангаж цангасан бүлээн говьд анхны бороо шивэрч байлаа. Өмнө нь хөрснөө дөнгөж цухуйн буй залуухан ургамал шиг ганц бороо дусах, салхи аажуу сэрчигнэх, үүлс намилзах байгалийн бүхий л ааш аягтай хамтран хөвөлздөг тийм сэтгэл минь энд юуг ч үл ажирдаг болж байсан юм, говьтой хамт. Догдлол, уйтгар, баяр хөөр, жаргал цэнгэл минь. Цаг хугацааг гагц өөрийн махан биеэр урсган өнгөрөөж, одоо гуравхан сар үлджээ. Сайхан аа. Сэтгэлээ хөөх цаг завгүй амьдралыг үдсэн аж.
Энд өвөлдөө яг л чиний ярьдаг шиг тийм сайхан одод түгдэг газар юм. Бас нар жаргах нь ямар үзэсгэлэнтэй гэж санана. Өөр хувь тохиол байсан бол буйдхан энэ газар хоргодож үлдэж болох л байсан байх даа гэж санагдаж байна. Энд олон сайн хүмүүстэй учирч, басхүү их талархаж байна. Ер нь миний учирсан хүмүүс хорвоогийн сайхан хүмүүс байх юм. Эсвэл угаас хүн бүр ийм сайхан билүү ч гэж бодох шиг.
Ками минь, миний гэгэлгэн хөөрүү занг уучламз. Хайрын тухайд би чамайг сайн ойлгосоон. Нэг нэгнээ өвтгөх шархгүй, хэн хэндээ ийм сайхан хүмүүс байгаа нь ч бас талархмаар юм. Хэтэрхий яарсан ч байж магад.
2024 оны 7-р сарын 17
Цаг хугацаа бидэнд өчнөөн сайхан зүйлс бэлдсэн байгаа гэж итгэж байна. Би удахгүй очих болно оо. Бороо орж, цонхоор чинь ханхийтэл үнэртэж, навчис норж л байвал би, бидний гэгээн дурсамж амьд л байх болно. Чамд ярих сайхан юм гэвэл (олон олон) найз нөхөд, ах эгч, бас олон дүүтэй болж байна. Өнөр, халуун дотно гэр бүлийнх шиг тийм сайхан хайр хүндлэлийг мэдэрч байна. Басхүү гэр бүлээ хайрлахыг ч сурч байна.
Эх орныхоо дархан хилийн манаанд зогсох энэ л хариуцлага, бахархалтай албанд өөрийн чадах бүхнээрээ хүчин зүтгэж буй маань ч сайхан байна. Би, бид хамгаалж байгаа болохоор тайван сэрж, эх орныхоо эгнэгт хөгжлийн төлөө алхаарай, ингэж бүгдэд нь дамжуулаарай. Тийм ээ, итгэж чамд хуваалцаж байгаа болохоор юмс ямар үзэсгэлэнтэй вэ?
Эр хүн эх орноо бодоод уйлдаг, омогшдог юм байна. Миний өвөг дээдэс яаж яс, цусаараа хамгаалж бидэнд үлдээснийг санахаар өөрийн эрхгүй нулимс зангирч, хоолой аргадаг юм билээ.
Анх зүгээр л сэтгэлийн хөөрлөөр ирснээ бодож, амьдралын нэгэн жилээ алс бөглүү газарт хий дэмий өнгөрөөж байх шиг санагддаг байлаа. Одоо өөр болсон. Үнэхээр өөр.
Одоо очоод өөрчлөх гэж басхүү мөрөөдсөн зүйлс сэтгэлд үл багтахуй их байна. Тэр мөрөөдлийн минь нэг хэсэгт бид, бид байгаа. Эгэл дотно, басхүү миний мэдэх хамгийн үзэсгэлэнт минь.
Гунигт ертөнцөд гэрэл гэгээ шиг амьдарсаар
Бөхөж, бөхийж буй лаа шиг сэтгэл минь
Хуучин танилынхаа ой дурсамжийг шинээр нөхөж
Дотно нэгнээ үдэх тоолонд үрэгдэж хоосрохуй
Амьдралын зугаа цэнгэлд хөлчүүрч үл барам ч
Өдөр өдрөөр нэгнээ явуулсаар л байдаг
Оршуулгын дуун, үдэлтийн цуваа шиг орчлон
Үзэж туулахыг хүсэмгүй шаналантай санагддаг… (2024 оны 3-р сарын 13-нд)
Өвөл нэг багын найз минь тэнгэрт одсоныг сонсоод их сэтгэлээр унаж билээ.Ер нь л амьдрал гэдэг, амьдарна гэдэг хайртай хүмүүсээ алдаж, шаналж, эцэст нь эрээ цээргүй эдгэж сурахын нэр юм шиг санагддаг. Амьдралын энэ хэсэгт л би үнэн голоос дургүй байдаг юм.
Чиний ярьдаг шиг энэ дорнын түмэн оддыг
Чимээгүй ширтэхдээ ч би жаргалтай байдаг
Чи миний тайтгарал бас эдгэрэл
Чинийх шиг нүдтэй охиндоо
Ямар нэр олсныг чи мэдэхгүй ч
Минийх шиг уруултай хүүдээ
Ямар нэр өгөхөө чи мэднэ ээ
Өглөө хүүхдүүдээ цэцэрлэгт нь хүргэчхээд
Орой нь хэдэн талаасаа яаран учирдаг
Тийм л энгийн бас жаргатай амьдралаар
Ийм л амьдралыг чи бид хоёулаа мөрөөддөг нь хамгийн сайхан шүү дээ. (2024 оны 4- сарын 14-.д Сулинхээр)
Хавар тэр хол газраас намайг гээд ирсэнд чинь ямар их баярласан гээч. Тэр хүртэл ирсэн нь надад хангалттай. Тийм сэтгэл гаргасан нь ямар сайхан байсан гээч. Хэдий дотроо хүлээн тэсэж ядан байсан ч тэр их шуурганд бас их санаа зовсон. Та хоёрт сайхан аяллын дурсамж үлдсэн бол үнэхээр аштай даа. Чи угаас бүх л юмсыг гоо, дурсамжтай болгодог шүү дээ. Энэ цаг үед амьдарч буйгаараа энэ зууныг, учирсан хүмүүсээ сайхан дурсамжтай болгож байгаа шиг санагдаж байна.
Аа тийм, би ойрд их мартамхай болоод байна. Бүх л юмсыг мартчих юм шиг, зөвхөн цагаан цаас шиг хий хоосонд үлдчих юм шиг айдастай санагдах боллоо. Хэзээ нэгэн цагт эсвэл аз байвал хөгшрөөд бүгдийг мартах (зөнөх) юм шиг. “Хэрвээ би юу ч санахгүй бол чи яаж өөрийгөө сануулах вэ?” энэ асуултыг дараагийн захианд үлдээе.
Их нуршиж байгаа бол уучлаарай. Зүгээр л бичээд л баймаар байна. Өнөөдрөөс яг ер хоног үлдэж байна.
2024 оны 7-р сарын 29
Захиагаа үргэлжлүүлж бичих сөхөөгүй өдий болжээ уучлаарай. Бас л хэд хоног явж таарлаа. Бас өнгөрсөн ч гэлээ төрсөн өдрийн мэнд. Энд ахин бэх дууслаа.
Гурван зуун хоногийг тэвдэлгүй ардаа үлдээж чадсан атлаа үлдсэн энэ хэдхэн хоног тоймгүй урт санагдаж байна, гайхмаар аа! Би ойрын хоёр хоног хар дарж зүүдэллээ. Орилоод л, гэхдээ яаж ч хичээгээд дуу гарахгүй тийм гаслантай байх боллоо. Одоо яг хоёр хоног дараалж байна. Ахиад хар дарвал сэтгэл зүйчтэйгээ уулзаж зан үйл маягийн юм хийе гэж бодож байна. Би юм бичиж чадахгүй ч гэлээ үргэлж хардаг…
Эндхийн зуун жил боллоо, нээрэн. Тэнд ахин зурагчин хийх завшаан таарч, барилдаагүй ч гэлээ зүлэг ногоон дэвжээн дээр баахан л алхлаа ккк. Бас дахин бороо орж энд жаахан ч гэсэн зуны урь, өнгө орж байна. Наадмын дараа намар гэдэг шиг басхүү сэрүү унаад ч байх шиг. Анх ирэхдээ навчис хагдарч, цэцэгс уриншсан намраар ирсэн болохоор энэ модод ахин нэг цэцэглээд эргээд хагдрахад буцна даа гэж боддог байсан. Одоо ургаж гүйцээд хагдрах дөхөж байна.
Олимп сайхан болж байна даа, тиймээ? Манай Баасанхүү ч ард олныхоо хайрыг хүлээсэн сайн тамирчин юм. Харин -48кг-ийн Японы Цүнадо бол басхүү туршлага байна, бас сүүлчийнх нь олимп байж. Алтын дайтай л мөнгө байлаа.
Уй гуниг, баяр жаргатай Улаанбаатараа ч бас санаж байна. Ер нь бүхний үнэ цэнийг мэдэрч байна даа. Төгсгөлд нь хийсэн бүх зүйлд чинь, хамт байсанд, учирсанд баярлалаа. Би одоо бодоход олон мөрөөдөлдөө хүрсээн. Харин дахиад олон шинэ мөрөөдөлтэй болж, дахин түүнийхээ төлөө зүтгэх болно. Амьдрал богино, үзэж туулах юм, учрах хүн, сурах эрдэм их байна. Амьдралын минь ахин нэг хуудас эхэлж байна.
Эрхэм дотно, дулаахан Камидаа. Дахин учран уулзах хүртэл сэтгэлийн чинь гэрэл, гэгээ үл бөхөг, баяр жаргал, сайн сайхан ивээг! Түр баяртай.
Зөөлөн, дулаан хүн минь х…
Чамайг гүнээ хүндэтгэсэн , Бороо хүүрнэгч.
Эхний захидлыг дараах холбоосоор уншина уу:
https://usniigudamj.com/2024/10/10/borohuurnegchkamineg/?swcfpc=1
Хоёр дахь захидлыг дараах холбоосоор уншина уу:
Comments (1)
མsays:
10/24/2024 at 14:15энэ мэт захиа олныг уншмаар байна