Press ESC to close

Усны ГудамжУсны Гудамж Бичээчийн Хөгжих Талбар

НАР ҮХМЭЛ, БЯСАА АМЬД ГАЗАР МИНИЙ Л ХАЙРЛАХ НЭГЭН

(Исаак Зингерийн “Шоша” романы тухай) 

    Романы гол дүр Аарон Грейдингерийг Бетти хэмээх үзэсгэлэнт жүжигчин бүсгүй хөлслөн, өөрт тохирох сайхан жүжиг бичүүлж авахыг хүснэ. Бетти зохиолчоо шахамдуулж, жүжгийнхээ хэсгээс санаанд буйгаа өөрт нь сонирхуулахыг гуйлаа. Жүжигчин хүний хувиар тоглож үзэх гэсэн хэрэг. Аарон ийн таталжээ: 

   “Хүүхэн минь, над руу ир. Тэгээд минийх бол. Чи ч хүүр, би ч хүүр, хоёр хүүр бүжиглэх үед бясаанууд бүжигт оролцоно. Би чамд цүнх бэлэглэе, цүнхэн дотор Ариун газрын атга чандруу, мөн миний нүдэнд торсон шаазангийн хэлтэрхий бий.” 

   Романд 1930-аад оны Польшд зүдрүүхэн амьдарч буй еврей хүмүүсийн аж амьдралыг дүрсэлжээ. Дурсамж, нас нөхөцсөн анд нөхөд, аж амьдрал хийгээд үндэстнийхээ элээсэн хөндүүр амьдралыг зохиолч егөөдлөөр сүлжин эл романаа бүтээсэн байна. Он цаг, гол дүрийн түүхийг үзэхэд ч Исаак Зингер бага залуу насны амьдралаа эргэцүүлэн тусгасан байж болох. 

   Зохиолын хэсэг бүрээс хүлээлт мэдрэгдэнэ. Нүүрлэн ирэх зовлон зүдүүрийг хүлээж, аж амьдралаа, сэтгэлийн хүндээ, ирээдүйгээ яахаа үл мэдэх тэд үхэл хийгээд амьдралын улаан зураас дээр дэнжгэнэж зогсохдоо хайрын зөөлөн амтыг бэдэрнэ. Ааронд олон бүсгүй бий. Гучаад насны нөхөртэй эмэгтэй Селиа, Сталиныг дэмжигч Дора, америк баян эрийн жүжигчин амраг Бетти, сайхан сэтгэлтэй польш үйлчлэгч Текла гээд ухаан, сайхан сэтгэл, зоримог байдал, намбалаг чанар хосолсон олон бүсгүйн хайрыг татсан хэдий ч тэр өөрөө хэн хүнээс илүү Шошаг хайрлана. Шоша Аарон хоёр багадаа хамт тоглож өссөн юм. Даанч Шошагийн бие ч, оюун ухаан ч тэр өсөж том болох гэгч хүчир зовлонгоос ангид хоцорчээ. Бодож сэтгэх нь гэнэн итгэмтгий. Айж цочирдох, түгшин шаналах нь эгээ л хүүхдийн адил жаалхан бүсгүй. Бетти амрагаа нас барсны дараа Америкаас Польшд эргэн ирээд Ааронд ийн хэлдэг: 

“- Миний хувьд аль хэдийн бүх зүйл дууссан. Харин чамайг яаж авардаг юм билээ л гэж бодож сууна. 

-Чи юу ярина вэ? 

-Бүх еврейчүүдийг устгана. Гэтэл чи Гитлерийг ирэхийг хүлээгээд өнөө Шошатайгаа эрхлэн энд сууж байдаг. Би шөнийн хагас сонин уншлаа. Ямар утга учир байна аа? Тэр нэг ухаан дутуу хүүхнээс болж үхэж болно гэж үү?”

   Бетти Семээс асар их мөнгө өвлөн авсан. Тэрээр Семийг өөд болохоос нь урьд ч Аароныг Америк дагуулж явахыг оролддог байв. Дэлхийн хоёрдугаар дайны үед Гитлерийн араа шүдэнд зуугдсан еврей гаралтай нэгний хувьд дүрвэх боломж гэгч юу сан билээ. Үүнийг ямар нэг сугалаатай зүйрлэж болох уу? Үнэндээ ямар ч сугалаа ийм зол завшаан амлаж чадахгүй шүү дээ. Гэтэл Аарон Шошаг орхиж үл чадна. Сталины талыг баримтлагч Дора хүртэл түүнийг өөртөө урвуулаад дагуулж явах гэнэ. Гэвч Аароны сэтгэл түвдэнэ. Уг зохиолд бүсгүйчүүд болон Аароны дүр, тэдний харилцааг жир хүний харилцаанаас арай чанагш дүрсэлсэн нь илт. Дора бол Оросын бэлгэдэл, Бетти Америк орон, харин Шоша энхрий хайрт эх орон. Өчүүхэн дорой, гэнэн, сүсэгтэй, хуучин цагийн юм бүхнээ яг чигт нь өөртөө шингээн хадгалсаар, сайн сайхнаа эргэн эргэн дурссаар суугаа тэр бүсгүй өөрөө еврей үндэстний сэтгэлийн бэлгэдэл болсон дүр. Тиймдээ ч сэтгэлээс уяатай, эмзэгхэн түүнийг Аарон өчүүхэн ч гомдоож, дэргэдээс нь салж эс чадна. Хэчнээн зовлон зүдүүр мэдрэвч, хэчнээн олон талаас нь чангаавч элгэмсэж дотноссон соёл, хүн зон, үндэстэн гэдэг дотроос үл хагацах мөн чанартай чинь уяатай юм болохоор хагацахын аргагүй байдгийг зохиолч түүний дүрээр илэрхийлжээ. Магад та өөрөө уншиж үзээд Шошагийн хувь төөргийг ажих буй за. 

   Шоша Аароныг эвийлэн Ареле хэмээнэ. Ареле Шошаг эвийлэн Шошеле хэмээнэ. Тэд бал сарын аяллынхаа үеэр ийн ярилцжээ: 

“-Ареле минь, чамтай хамт байх ямар сайхан юм бэ. Нацистууд ирэхээр харин яах вэ? 

-Бид үхнэ. 

-Хамтдаа юу? 

-Тийм ээ, Шошеле.

-Мессия ирэхгүй юу? 

-Тийм хурдан ирэхгүй л байх даа.

-Ареле минь миний санаанд нэг дуу орчихлоо. 

-Ямар дуу? 

Шоша намуухан хоолойгоор ийн дуулав,

Түүнийг вандуй гэдэг,

Хүүхнийг нь гурил гэдэг байжээ. 

Тав дахь өдөр гэрлэж гэнэ. 

Хэн ч гэтэл хуримд нь ирсэнгүй. 

Тэгээд надад улам бүр наалдан, 

-Өө, Ареле минь, хамтдаа үхдэг байлаа ч гэсэн чамтайгаа хамт хэвтэх ямар сайхан юм бэ.”

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

@Katen on Instagram
[instagram-feed feed=1]