Төсөөллийн гэгээ (All We Imagine as Light) киноны тухай
Найруулагч: Паял Кападия
77 дахь удаагийн Каннын кино наадмын тэргүүн шагналт бүтээл.
Киноны эхэнд Мумбай хотод амьдрахаар шийдсэн эгэл хүмүүсийн түүх сонстоно. Мумбай сайхан, ажил ч олдоно, мөнгө ч олно, тосгонд амьдардаг гэр бүлээ тэжээх гэж Мумбайд ажилладаг хүмүүс олон, эргээд хэзээ ч тосгон руу буцахыг хүсэхгүй байна гэх яриа хөврөх боловч дэлгэц дээрх хотын дүрс, амьдрах гэж өдөр шөнөгүй бужигнах туйлдсан төрхтэй хүн зоны бодит байдалтай тэдгээр яриа үл нийцэхийн зэрэгцээ басхүү нийцээд ч байх шиг жигтэй санагдана. Тэд байгаа бүхнээ золиод аж амьдралаа сайжруулах гэж Мумбайд үнэн сэтгэлээ зориулсан боловч хот тэднийг халуун дулаанаар тосон авсангүй.
Праба бол ёс журмыг чанд сахигч уламжлалт үзэлтэй эмэгтэй. Эцэг эхийнхээ сонголтоор хүнтэй сууж, түдэлгүй нөхөр нь Германд ажиллахаар яваад сураг ажиг үгүй олон жил болжээ. Гэвч тэр өөрийг нь гэх нэгний хайрыг, өөрийн сэтгэлээ ч үл хайхран “Би нөхөртэй хүн” гэх тодотголоо чандлан үлдсэн.
Ану дурлажээ. Хайр дурлалын халууныг анх удаа мэдэрсэн түүний шатаж буй сэтгэл Мумбай хотын давчдам хөл хөдөлгөөн дунд багтаж ядан цоролзоно.. Дурлалт залуу нь муслим шашинтай нь тэдний хайрыг улам төвөгтэй болгох аж. Ажлын хүмүүс, ёс дүрмийг дээдлэгч, хамт амьдардаг Праба эгчдээ ч хайрынхаа тухай ам нээж үл болно.
Пaрварти бол Праба, Ану хоёртой хамт ажилладаг нас хэвийж буй сувилагч эмэгтэй. Цор ганц өмч болох орон гэрийг нь нураагаад, оронд нь нүсэр хотхон баригдах болж, юу юугүй хөөгдөхдөө тулсан ажээ. Праба түүнд туслах гэвч Парвартид байраа өөрийн гэдгийг батлах ганц ч гэрчилгээ, бичиг нэг ч үгүй. Хорин жил амьдарсан гэр орноо өөрийнх нь гэдгийг батлах шаардлага тулгарна гэж тэр зүүдлээ ч үгүй ажээ.
Хотын амьдрал энэ гурван дүрд хэрхэн хандсан бэ? Хот тэдний хувийн орон зайг булаан авч байлаа. Ануд дурлалт залуутайгаа хамт хонох газар олдохгүй. Та хоёр хамт байх ёсгүй гэж ил цагаан хэлэх хүн үгүй боловч нэгнээ хайрлаж энхрийлэх өчүүхэн ч орон зайгүй шигүү хотын гудмаар тэнүүчилж, хамтдаа хоол идэцгээх тэд үл үзэгдэх хориг саадад хүлэгдсээр. Хүнд хооллох, амрах, ажиллах хэрэгцээ байхын дээр дурлаж хайрлах хэрэгцээ бий. Анугийн тэр л энгийн хэрэгцээг Мумбай уландаа гишгэлнэ.
Хот Парвартигийн амьдрал руу ил шулуухан гар дүрснийг дээр дурдсан билээ. Гэр орныг нь “зүй ёсоор булаан авах” эрхтэй хүнлэг чанараас ангид хотын амьдралыг гайхан бодох түүнд тэнгэрт хүрэх гэсэн мэт өндөр өндөр барилгууд хачирхалтай санагджээ. “Ийм өндөр байшин бариад бурханд ойртоно гэж санасан юм байх даа?” хэмээн халаглах Парвати.
Хүн төрөлхтөн “технологи бол хөгжил” гэж саяхныг хүртэл эндүүрчээ. Технологи өдрөөс өдөрт сайжирч, хүнээр цалгисан хотын амьдрал тэлэх тутам тэнд оршин буй бодгаль бүрийн сэтгэлийн гэгээ аажмаар бөхөж байгааг сүүлийн жилүүдэд кино урлагаар дамжуулан илэрхийлсээр байна. Хүнд амттай хоол идэх, ажлын амжилт гаргах, сайхан зүйл худалдан авах хэрэгцээ бий нь үнэн ч нарны гэрэл харах, цэнгэг далай ширтэх, өвс ногоон дээр гишгэх, цэвэр агаар мэдрэх, орон гэртээ аж ахуйгаа эрхлэх нь илүү амин чухал болохыг дэлхийн өнцөг булан бүрд суугаа нүсэр том хотын иргэд аажим аажмаар ойлгож эхэлж байх шиг.
Эдэн дундаа хамгийн хэцүү сэтгэлийн уяатай амьдарч буй хүн бол Праба. Түүний сэтгэл зүрхэнд хар багаас нь суулгасан уламжлалт ёс суртахуун болбоос тосгоны жир амьдралд амин чухал хэрэгтэй зүйл боловч Мумбай шиг аварга хотод тохирч нийцэхгүй байгаа нь бүсгүйн амьдралыг зовлонд унагана. Уламжлалыг үүнд буруутгах аргагүй юм. Нэгэн тосгонд ойр өссөн улс хайр сэтгэл биш гэр бүлийн ойлголцлоор хамтдаа амьдарч, ахуй амьдралаа өөдөн татаад ээнэгшин дассаар үнэхээр л нэгэндээ хань болж чаддаг асан эрин үе байсан учраас ийм соёл оршин тогтнож байгаа шүү дээ. Гэтэл өргөн олны дунд ороод, амьдралын эрхээр Герман одсоны дээр төдий л доторлон таньж амжаагүй нөхрөө ёс журмыг сахиад хүлээж сууна гэдэг хувь хүнд нүсэр дараа билээ. Тосгоны амьдралд нийцэж асан ёс суртахуунаа их хотод сахих гэж оролдох үнэнч, хөдөлмөрч Праба ганцаардахын эрхэнд нөхрийнхөө илгээсэн будаа агшаагчийг л тэвэрч зүрхэлнэ.
Одоо энэ төвөг саадаас энгүүнээр хагацъя даа. Орон гэрээ алдсан Парварти ажлаасаа гараад төрөлх Ратнагири тосгондоо амьдрахаар шийдлээ. Праба түүнийг гэрт нь хүргэж, тохинуулахаар хамт явсан бол Ану эгээ л тийм зорилготой боловч найз залуугаа нууцхан араасаа дуудаад мөнөөх хориотой хүслээ гүйцэлдүүлэхээр шийднэ.
Киноны эхэн хагас үүр шөнийн зааг дээр өрнөх шиг, хотын амьдралыг ямагт бүүдгэр, бараан үүлсийн өнгөөр харуулсан бол тосгонд тэднийг нар, салхи, далай угтана. Энд л манай баатрууд гүйцээж чаддаггүй хүсэл, өөрийн болгож чаддаггүй орон гэр, хагацаж болдоггүй нөхрийнхөө асуудлыг нэг тийш шийдэж “амар сайхандаа жаргах” ажээ. Энэ л тосгонд шөнө дүл боловч үүдээ барилгүйгээр “зөвхөн тэдэнд үйлчлэх” өгөөмөр, цомхон уушийн газар байдаг. Энд хайр сэтгэлийг туших юу ч үгүй. Түүнчлэн найруулагч Прабагийн нөхрөөсөө салах ёслолыг онцгойлон сэджээ. Сувилагч мэргэжилтэй Праба далайд живсэн эрд анхны тусламж үзүүлж амийг нь аварна. Тэндхийн эмч мөнөөх эрийг Прабагийн нөхөр гэж ойлгосон (эсвэл хэргээр тэгж хэлсэн) бөгөөд үүнээс болж Праба түүнийг холбоо барьж чадахгүй байгаа нөхрөө мэт сэтгэж сэтгэлээ нээн ярилцаад (энэ үзэгдэл Прабагийн төсөөлөл байж болох) эцэст нь нөхрөөсөө эгнэгт хагацах, өөрийгөө чөлөөлөх шийдвэр гаргана.
Энгүүн, намуун хэмнэлтэй, эгээ л байгалийн сайханд салхины эрчийг даган дуу аялах мэт сэтгэл булаам дүрслэлээр баян энэ киноны эхлэл онцгой байлаа. Хүмүүс түүхээ хүүрнэнэ, хотын амьдрал өрнөнө. Тэнгэрт борооны үүл хуралдаж, Анугийн ажлын өрөөнд хөл хөдөлгөөн татрахын цагт хайртай хүнээсээ ирсэн зурвасыг уншаад халуун биеэ сэрүүцүүлэн сандал дээрээ эргэлдэх зуураа чагнуураа зүрхэндээ наана.Түг түг түг түг цохилохуй бүүдгэр хотын дээрээс бороо асгарч эхэллээ. . .
Leave a Reply