Орфей театрын бүтээл “Амьдрахуй” жүжгийн тухайд
Монголчуудын алив бүтээлийг үнэлэх үнэлэмж бусдаас арай өөр. Сайн бүтээлийг титэмлэж, саарыг нь тодруулдаг чухал үнэлэмж бидэнд байдаг нь “уйлах”. Уйлж байвал сайн жүжиг, уйлуулж орхивол сайн зохиол. Амьдрахуй жүжгийг үзэхэд хаяа хавиргаар чинь суугаа улс чухам л уйлж байсныг “гярхай”, “сохор” гэлтгүй бүгд анзаарсан биз ээ. Мөн “уйлсаар байтал таарлаа” хэмээн шогширсоор гарч ирэх улсыг ч ажаа биз. Тэгэхээр энэ чухаг үнэлэмждээ дулдуйдаад уйлтал нь авсан “Амьдрахуй” аатай жүжиг болсон гэж болох уу? Арай уйлах эрхгүй жүжиг байсан юм биш биз дээ? Уйлах эрх хэн бүхэнд бий, магадгүй хад чулуунд ч бий. Гэвч бүх зүйлд уйлахаа урдаа барьж үл болно. Одоо бүгдээрээ энэ баавартай үнэлэмжээ түр хойш тавиад арай өөр өнцгөөс харах гэж оролдъё.
Амьдрахуйг бид анхнаасаа л “уйлуулдаг зохиол” гээд сэтэрлэчихсэн болохоор манайхан театрт уйлах гэж очсон байх. Гэвч тус романыг уйлуулдаг, чадварлагаар үхүүлдэг гээд л тодорхойлчихвол ёстой илээд өнгөрсөн хэрэг болно.
Бид уйлахаасаа урьдаар улс төрийн шийдвэр хувь хүний амьдралд (магадгүй хувь тавилан, зураг төөрөгт нь) хэрхэн нөлөөлж буйг зохиолоос харвал зохих юм. Бид үхээд байна гэж шаналахаасаа өмнө үхэлд хүргэгч шалтгааныг тунгаах хэрэгтэй юм.
Амьдрахуй романы эхлэл хэсэгт голдуу Фу Гүйн адармаатай хувь заяа, алдаа эндлийг өгүүлсэн бол удаах хэсгүүдэд улс төрийн шийдвэр Фу Гүй болоод түүн шиг жир тариачны амьдралд хэрхэн нөлөөлж буйг бичжээ. Гомминдан болон Коммунист намын иргэний дайн, Соёлын хувьсгал, Их үсрэлтийн бодлого зэрэг хятад улсын түүхэн үйл явдлууд нь зохиолын яс мод (барилгаар бол карказ нь) болж буй юм. Театрыг зорихдоо би чухам энэ л өгүүлэмжийг найруулагч жүжигтээ хэрхэн тусгасан бол гэж бодож явлаа. Басхүү давхар давхар дээл хувцасгүй, хэлэх гэсэн санаагаа нэг дүрээр хүүрнүүлсэн романы дүрүүдийг жүжигт хэрхэн буулгасныг сонирхож байлаа.
ДҮР БОЛООД ШИЙДЛҮҮД
Зохиолд бүхнийг хүүрнэсэн байгаа тул үзэгчдэд Фу Гүй яаж алдсанаас илүүтэй, алдчихаад хэрхсэн нь, буй бүхнээ нэг л өдөр салхинд хийсгэж орхиход чухам юу мэдрэгдсэн нь, зугаа цэнгэлд живсэн нөхрийнхөө араас яваа Жиа Жэн юу мэдэрч байсан нь чухаг. Тиймдээ ч дүрийн сэтгэл зүйг илэрхийлсэн шийдлүүд олон байв. Яг энэ хэсэгт буюу Фу Гүй бүхнээ алдчихаад харьж ирдэг хэсэгт ийм үзэгдэл бий.
Фу Гүй тайзны голд зогсоно. Гэр бүл, зарц барлагууд нь цөм амандаа үглэж, асууж шалгаах нь шалгаан мань хүнийг тойрч, зарим нь тайзны нэг булангаас нөгөө булан хүртэл гүйснээр тайз яг л бүхнээ мөрийд алдсан хүний толгойд эргэлдэх бодол шиг эмх замбараагүй болно. Гэхдээ яг ч эмх замбараагүй биш юм. Сайн сонсвол дүрүүдийн дуу хоолойн хөгжимлөг хоршил, хүний амьсгаадах чимээ мэдрэгдэнэ. Ингэж амь наана, там цаана яваа Фу Гүйн сэтгэлийг илэрхийлсэн нь оновчтой санагдлаа.
Мөн нэгэн онцлог шийдэл нь “бөмбөлгүүд” байсан бөгөөд энэ нь зугаа цэнгэлийн боол болсон эр нөхрөө хайж яваа Жиа Жэний дүрийг тодруулахад чухал үүрэгтэй байв. Жиа Жэн Фу Гүйг сонгох уу, төрхөмдөө буцах уу гэсэн сонголттой тулгардаг хэсэгт аварга том бөмблөгүүд бий. Шунал хүслийн биелэл болсон дүрүүд мөнөөх бөмбөлгүүдийг өөдөөс нь ээлжлэн түлхэнэ. Жиа Жэн бултахаас нь бултаж, түлхэхийг нь түлхэж явсаар эцсийн аварга том бөмбөлөгтэй нүүр тулах бөгөөд аанай л өөдөөс нь түлхэж орхино. Эцэст нь эцэг нь тэр бөмблөгүүдийн оосрыг тасдаж орхидог. Уг нь нөхрөө хайж яваа хүлцэнгүй эмэгтэйг л харуулчхаж болох шүү дээ. Хэрэв тэгэх аваас Жиа Жэний мөнөөх сэтгэлийн хат, тэвчээртэй зан чанар нь бүдгэрч зүгээр л хүлцэнгүй, дорой эмэгтэй болж хувирах байв. Бөмбөлгийн тусламжтайгаар дүрийнхээ онцлогийг, зөрчлийг харуулсан байна.
Жүжгийн нэлээд хэсэгт дүрүүд өөрсдөө хэрэг явдлыг хүүрнэн өгүүлж буй. Бүдүүн бараг хэлбэл дүрүүд юу болсныг үзэгчдэд ярьж өгдөг юм. Зохиолд төв орж эм авахаар явсан Фу Гүй дайны голомт руу ачигдчихдаг. Тэр хооронд гэр бүлийнхэн нь хэрхэн аж төрж байсныг өгүүлдэггүй. Гагцхүү учир нь мэдэгдэхгүй дайнд будилж яваа Фу Гүйн зүгээс хүүрнэдэг. Харин жүжигт мөнөөх ард үлдсэн амьдралыг үзүүлэх гэж оролдсон бөгөөд эл үүргийг Фу Гүйн ээж, Жиа Жэйн нараар хэлүүлэхээр тогтжээ. Гэвч энэ оролдлого тун ур дүйгүй болсон.
Фу Гүйн ээж “Ингээд би үхлээ” гэж тунхаглаад унаад өгч байх юм. Романд Фу Гүй ээжийгээ үхсэнийг эхнэрийнхээ харцнаас л мэдчихдэг шүү дээ. Тэгэхээр энэ хэсэг найруулагч, зохиолч нарын шийдэл байж таарна.
Гэвч дүрийнхээ хэлэх үгийг яаж бичсэн болохоороо “Би үхлээ” гэж хэлүүлдэг байна?
Харин энэ хэсэг дэх Жиа Жэний үйл хөдлөл мөн л найруулагчийн шийдэл байсан бөгөөд үзэгч бүр өөрийнхөөрөө хүлээж авах боломжтой. Би тус үзэгдлийг “солонгос маягийн хүлээлт буюу хүчирхэг эмэгтэй Жиа Жэн” хэмээн нэрлэсэн. Учир нь нэгэнт л бөмбөлөг мэтээр Жиа Жэний дүрийн онцлогийг хангалттай харуулж чадсан хойно тийн салхи сөргүүлж, тайз дүүрэн “амьдралын тойрог” бүтээгээд эргэлдүүлж орхисон нь илүүц биш үү? Чингэснээр тус дүрийн өсөлт нэг л хуурмаг, хүчилсэн болчихлоо.
Дүрүүд хэрэг явдлыг хүүрнэх энэхүү оролдлого бүхэлдээ сүйрчихсэн юм биш л дээ. Жүжгийн хоёрдугаар хэсэгт Ван Ши (Фу Гүйн хүргэн), Фэн шиа хоёрын амьдралыг харуулахдаа тайзны голд дахин жижиг тайз зассан байв.
Ван Ши тус жижиг тайзны гаднаас өгүүлж буй нь нэгэнт болоод өнгөрсөн зүйлийг нэхэн өгүүлж буй үхсэн хүний хүүрнэл юм. Харин жижиг тайз руу гарахаараа өнгөрсөнд үйл явдал хэрхэн өрнөснийг өгүүлж байгаа хэрэг.
Чингэхээр цаг хугацааны хоёр шугамыг зэрэгцүүлж, түүнийгээ дүрийн хүүрнэлээр холбоход сая бүх хэсгүүд өөр хоорондоо зохирон нийлж, басхүү тус тусын утга агуулга нь тодорч байна.
УЛС ТӨРИЙН ШИЙДВЭР ХУВЬ ХҮНИЙ АМЬДРАЛД ХЭРХЭН НӨЛӨӨЛСНИЙГ ХАРУУЛАХДАА
Лүн Эрийн амьдрал алга урвуулах мэт хувирч байгаа нь улс төрийн шийдвэр хувь хүний амьдралд хэрхэн нөлөөлж буйн тод жишээ. Тус дүр зохиол эхлэхэд л Фу Гүйтэй нягт холбогдож таардаг тул эл үзэл санааг түүгээр дамжуулж илэрхийлэх нь хамгийн ойлгомжтой бөгөөд хамгийн ил тод үзэгдэл. Гэвч бусад хэсэг нь үүн шиг илхэн биш.
Тухайлбал, ганц ширхэг гуанаас болоод амиа тавьж буй хэсэг зохиолд гардаг. Улс орныхоо эдийн засгийг хурдан өсгөж, хөгжингүй орнуудтай өрсөлдөх хэмжээнд хүргэхийг зорьж, ган болон төмөрлөгийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилго тавьсан Мао Зэдуны Их үсрэлтийн бодлогын үрээр ийн цусаа шүүртэл зодолдохоо хүрсэн нь тэр. Жүжигт энэ мэт үзэгдэл гарч буй, гэхдээ л яагаад ингэж буйн учир шалтгааны холбоос нэг л тодорч өгөхгүй байв. Фу Гүйн хүү Ёу Чин л гэхэд цусаа худалдаж амьдрал залгуулахаас өөрцгүй болсон цаг үеийн золиос болж харамсалтайгаар нас барж буй дүр.
ХҮҮХДҮҮД ДАНДАА ЖАРГАЛТАЙ БУЮУ ЕРӨӨС ӨЛСӨӨГҮЙ ЁУ ЧИН
Ёу Чин дүр бол бусад дүрүүдийг холбож буй, нийгэмд өрнөсөн үйл явдлын золиос болж буйн хувьд чухал дүр. Харамсалтай нь жүжигт Ёу Чинг их л жаргалтайгаар харуулжээ. Алив зовлонд хүүхдүүд ерөөс хамаагүй байдаг бололтой. Бүгд өлсөж байхад гагцхүү хүүхдүүд л инээж хөхрөөд, баатарлаг мөрөөдөлдөө умбаж шумбаад гүйгээд байдаг юм байна.
Гэвч зохиол дээр огт тийм биш. Хүүгийн гүйж байгаа нь хүртэл егөөтэй. Гэр, сургуулийн хооронд үхтлээ гүйдэг болохоор байсгээд л гутал нь эргэчихнэ. Фу Гүй “Дахиад гутлаа ийм янзтай болговол хоёр хөлийг чинь хуга цохино шүү” гээд зэмлэсэнд хүү нэгэн цастай өдөр гутлаа бариад хөл нүцгэн шогшиж явдаг. Тийн үхтлээ гүйдэг болохоор сургуульд болсон нэг уралдаанд хол тасархай түрүүлж байх жишээний.
Зохиолч тус дүрийг бүтээхдээ хүний хамгийн эрчимтэй хөдөлгөөний цаана гуниг зовлонг нь багтаан егөөдөж бичсэн. Үүнийг найруулагч анзаараад Ёу Чинг цуцтал нь гүйлгэж түүнийг нь бид анзаараагүй юу? Аль эсвэл тэд анхнаасаа л Ёу Чинийг аз жаргалтай нэгэн болгохоор шийдсэн үү?
Мөнхүү Ёу Чиний үхлээр улс төрийн балагтай шийдвэрээс болоод нийтээрээ ахуйн хэрэгцээгээ хангаж чадахгүйд хүрч, өлсгөлөнд нэрвэгдсэн, улмаар эдийн засаг амьдрал ахуй доройтож хөдөө тосгоны улс цусаа зарж амь зуулгаа хангах болсон цаг үеэ дурдаж буй юм. Гэвч жүжигт Ёу Чин зүгээр л нэг хүнд цус хэрэгтэй болоод гүйж очоод цусаа өгчихсөнд хэтэрхий их цус аваад түүнийг алчхаж байгаа мэтээр дүрслэх байв уу? Эсвэл цусаа худалдаж ахуйгаа залгуулахаас өөр аргагүй цаг үеийн золиос болж тэр хүү үхчихлээ гэж харуулах ёстой байв уу?
Энэ мэтээр зохиолоос шүүрдэх юмс бишгүй. Улс төрийн үзэл суртлыг харуулсан олны хэсэг 1984 жүжигтэй ямар адилхан байв? Фу Гүйн дүр байсгээд л хошин шогийн Баттөмөр болчхоод байгааг анзаарах ёстой байв уу? Хоол идэх, гарын үсэг зурах гэх мэт хэсгүүд дээр жүжигчний уран чадварыг харуулж этюд хийлгэсэн нь сонирхолтой… Тэгэхээр, “Амьдрахуй” жүжгийн тухайх миний хараа ийм байлаа. Уншигч танд ч бас “Амьдрахуй” үнэхээр “Уйлах эрхгүй жүжиг байсан уу?” гэдгийг тунгаах оюун бий.
Э.Доржсүрэн
Leave a Reply