“Таван хурууны тэмдэглэл” хэмээх шинжлэлт тэмдэглэлийн булангаа нээж байгаадаа бид туйлын сэтгэл хангалуун байна. Аливаа урлагийн үзвэрийн аль ч өнцгийг үлдээлгүй “мөлжих” үүднээс олон талаас нь шинжлэн бичих ийм нэгэн уншвартай хэсгийг бид төлөвлөж бэлдсэн юм. Бүтээлийг таван хурууны оноогоор дүгнэнэ. Гэвч хурууныхаа байрлалын дарааллаар дүгнэхгүй гэдгийг онцолж хэлмээр байна. Тэгэхээр уншигчид минь сайн тогтоож аваарай:
Чигчий хуруу (5 оноо) – Амлая, сайн бүтээл
Эрхий хуруу (4 оноо) – Сайн бүтээл
Ядам хуруу (3 оноо) – Яах вэ, үзэхэд харамсахгүй
Долоовор хуруу (2 оноо) – Дутагдалтай бүтээл
Дунд хуруу (1 оноо) – Ойлгомжтой тийм ээ? (Дунд хуруу” оноо өгсөн тохиолдолд бичээчийн нэрийг нууцалж, бүтээлийг “Шүүмжлэгч Дунд хуруу” хэмээх зохиомол дүрийн нэрээр нийтэлнэ.)
Бид анхны нийтлэлдээ өнгөрсөн онд нээлтээ хийсэн боловч цөөн тоглолтын дараа завсарлаж, шинэ ондоо “Хайрын баяр”-аар эргэн тайзнаа тоглогдох тов дуулдаад буй “The Lover” жүжгийг онцоллоо. УДЭТ-ын бүтээл, найруулагч Г.Ган-Очирын ерөнхий найруулагчаар ажилласан анхны жүжиг “The Lover” үзэгчдийн дунд багагүй хүлээлт үүсгээд байна.
*Хоёрдугаар сард тавигдах жүжгийн тасалбарыг эндээс захиалаарай.
Таван хурууны тэмдэглэл- The Lover
УДЭТ
Найруулагч: Г. Ган-Очир
Нууц амрагууд амралтаа авсан, хоёулаа харин яах вэ?
Хүнтэй харц тулгаран мэнд мэдэхтэй зэрэгцэн бид хүмүүсийг ангилан хувааж эхэлдэг дээ. Тийм төрлийн хүн юм байна. Аан, энэ харин ийм төрлийн хүн байна. Жүжиг үзэхэд ч тийн санагддаг сан. Харин найруулагч Г. Ган-Очирын жүжгийг үзэж суухад “тэр угаасаа л ийм хүн бололтой” гэж бодогдоод нэг л аятай бас зугаатай. Хэн нэгэнтэй адилтгах гэхээсээ зүгээр л дэргэд минь өөрөөрөө дэггүйтэж байгаа найзыгаа инээмсэглээд харж суугаа юм шиг мэдрэмж. “Kung Fu Hustle” гэдэг хачирхалтай киног ангайгаад л үздэг хүүхэд байлаа. Бүр нэг бах ханана гээч. Түүн шигээ л ангайж үзлээ. Өөрийгөө шинээр нээж буй найруулагчийн илэрхийлэл хувийн зан чанартай минь төстэй санагдаад тэр биз ээ. Гагц миний ч биш, ер монголын залуусын, энэ эриний, бидний амьдарч буй ертөнцийн жигтэй, хөгтэй, эгдүүтэй, загварлаг, өнгөлөг, ёжтой, гунигтай, дэггүй өнгө аясыг гаргаж чадсандаа тэр юм болов уу? Ер уран бүтээлд хүн дүрд орж тоглодоггүй, дүрээр дамжин өөрсдийгөө илэрхийдэг гэдгийг мэр сэр ажигладгийн хувьд бид энэ жүжгээс найруулагч Ган-Очрыг дуу хөгжим, бүжиг наадамд сэтгэлээ зориулсан, алиа хошин зантай хүн гэдгийг анзаарч болмоор санагдлаа. Монголд мюзикл төдий л хөгжөөгүй, хүмүүс ч нэг их сонирхон үздэггүй нь үнэн. Гэхдээ уг жүжгийн найруулагч бол дуртай нь илт ээ. Тиймээс жүжигтээ энэ талаа ч тусган харуулсан байна. Тэр нь ч зөв. Мюзиклыг тэр чигт тоглож үзүүлнэ гэхэд хүлээж авах үзэгч цөөн учраас жижиг үзэгдлээр ч болов дуртай зүйлээ хүмүүстэй хуваалцах хэрэгтэй.
Жүжгийн санааг үзэгчдэд хүргэхийн тулд тайзны тавилт, зохиолын агуулга хоёроо хооронд нь үл ялиг ялгаруулж харуулах гэснээ найруулагч Ричардын амаар хэлүүлсэн бий:
“Дууны найруулагч аа тэртээ тэргүй бид хоёрын гэр бүлийг асуудал ийм хүнд байхад яагаад ийм хэцүү ая тавиад байгаа юм? Ийм зэвхий гэрэл өгдөг нь яаж байгаа юм бэ, гэрэлтүүлэгч нар аа…”
Тийм дээ. Ричард, Сара хоёрын нөхцөл байдал, үзэгч бидний амьдрал ч тэр хангалттай адармаатай. Тиймээс жаахан хөгжилдөх хэрэгтэй.
Тэгэхээр бид энэ жүжгээс юу хүлээх вэ? Нэгнээ үй зайгүй хардах хос… Уйтгартай сонсогдож байна уу? Өөд өөдөөсөө муухай харчихсан сууж буй эр эм хоёр нүдэнд үзэгдээд байгаа биз? Тийм царцанги, хүйтэн төсөөллийг чинь Ган-Очир найруулагч хөгжилтэй, чимхлүүр хөдөлгөөнөөр баялаг жүжиг болгон дэглэсэн байна.
Үүнээс уг жүжгийн бас нэгэн онцлууштай чанар ялгарч ирнэ. Манай театрууд хөдөлгөөнд суурилсан “физикл драм”-ыг хэд хэд дэглэсэн билээ. Урьд тавигдсан “Тамгагүй төр”, “Шадар гурван цэрэг” жүжгээс бид тулаан, бүжиг наадам суурьтай жүжигт л физикл драмын тухай ярих юм байна гэх баримжаа суучхаад байлаа. Гэтэл нэг гэрийн хоёр хүний л тухай төсөр шийдэлтэй жүжигт хөдөлгөөний найруулгыг дүрийн сэтгэл санаа, тоглолттой нь нягт уусгаж дэглэснээр биеийн хөдөлгөөнийг жүжгийн нэгээхэн хэсэг болгох уран ажиллагааны бас нэгэн жишиг болмоор уран бүтээл мэндэлжээ
“The Lover” буюу “Амраг” жүжиг нь Британийн орчин цагийн хамгийн нөлөө бүхий жүжгийн зохиолч, Нобелийн шагналт Харолд Пинтерийн зохиол юм. Анхандаа телевизийн жүжиг байхаар бичигдсэн ч тайзнаа олон удаа амжилттай тавигджээ. Хосууд нэг гэрт амьдран суухаараа махан биеэрээ үзэлцээд байхаас илүүтэй “сэтгэхүйн тулаанд” морддог. Ричард, Сара хоёрын дунд үүссэн “хардалт” суурьтай зугаатай тоглоом хэрхэн өрнөж, түүгээрээ яажшуухан бахаа хангаж, “энэ бүхнийг эцэслэх үү” гэх асуултын өмнө ирээд тэд ямар шийдвэр гаргахыг та бүхэн сонирхон үзнэ биз ээ. Нууц амрагууд амралтаа авсан, хоёулаа харин яах вэ?
Чамд хэцүү байгааг мэднэ ээ
(“The Lover-Хайр хэнд хэрэгтэй вэ?” жүжгийн хосын маргааныг тайлбарлах нь)
The Lover гэхээр арай романтик, хайр дурлалын гал халуун, сэтгэл догдлом, гэгэлгэн түүх санаанд тань автоматаар бууж байгаа юм биш биз дээ? Үнэхээр л тийм түүх шүү. Гэхдээ бас ч яг тийм биш. Хүлээлт үүсгэхээ түр азнаарай. Хайр дурлал, хосын харилцаа арван жилийн дараа юу болж хувирдаг бол? Арван настай хүүхдээ бодоорой. Саяхан төрсөн шиг санагдах бяцхан жаал нэг л мэдэхэд түйвээж явдаг биз дээ? Сара Ричард хоёр эхнэр, нөхөр болоод арван жилийг ардаа үджээ. Цаг хугацаа гал халуун дурлалыг гараараа илбэсний араас хайр ямар хэлбэртэй болж хоцрох вэ?
The Lover жүжгийн үйл явдлын ерөнхий шугамыг харах юм бол хоёр хос л хоорондоо маргалдаад л байна. Маргаад л байна. Гэхдээ… Хэрүүл маргаан бол гайхамшигтай зүйл ажээ. Маргааныг тэнгэр ивээг. Болдоо ахын хэлснээр “Хайрын хүч-хүний амьдраал” биш, “Хэрүүлийн хүч-хүний амьдраал” байсныг жүжгийн төгсгөлд ойлгох вий.
Тэгэхээр тэд хоорондоо юуны тухай яриад, тэрийг нь бид нар юу гэж ойлгоод, тэгтэл яг үнэндээ юу байв аа? Яг өнөө цагийн гэр бүлийн харилцааны судалгааны мастер гэгдэж буй сэтгэл засалч эрдэмтэн Жон Готманны “What makes love last?” хэмээх номд багтсан байдаг судалгаанд үндэслэн Сара Ричард хоёрын хэрүүлийг жүжигт хэрхэн үзүүлснийг задалъя. Анхаар! Тайзан дээр судалгааны үндэслэлтэй хэрүүл өрнөсөн байна!
Маргаан 1: Цэцэг шидэлцээн
Ричард эхнэртээ өгөхөөр цэцэг барьсаар гэртээ орж ирнэ. Маргааны үеэр тэрхүү цэцгээ хоорондоо шидэлцэнэ. Сарнайн бут бол бол тэдний хайрын бэлгэ тэмдэг агаад жүжгийн эхлэлд найруулагч тэр бэлгэ тэмдгийг нь баглаа болгон боогоод хооронд нь шидэлцүүлж орхижээ. Маргааны үеэр цэцэг мөн чанараа алдаж, бие бие рүүгээ довтолж буй компьютер тоглоомын хоёр баатрыг санагдуулна. Энэ маргааны оргил хэсэгт тог тасалдана.
Сара: Тог яагаад хэлбэлзээд байна аа?
Ричард: Тог биш, чи бид хоёрын амьдрал хэлбэлзээд байна.
“Сарнайн бутнуудыг амрагтаа үзүүлсэн үү?” гэх Ричардын асуулт тэдний хайр, харилцаа аюулгүй биз гэх асуулт байжээ. Ямартаа ч Сара өөр хэн нэгэнд сарнайн бутнуудыг үзүүлээгүй ээ.
Сэтгэл судлаач Готманны үздэгээр гэрлээд удаж буй хосуудын романтик харилцаа Холливудын романс шиг өрнөдөггүй байна. Гал халуун дурлал арван жил болоод ирэхлээрээ зэрэг тэвэрч үнсэх, хайртай-санасан гэж хэлэхээс огт өөр хэлбэртэй болдог аж. Харин “өнөөдөр ямар өнгөрөв?” зэрэг энгийн, сэтгэл татахааргүй, царай муутай асуулт, түүний хариулт болж хувирдаг байна. Ричард Сарагаас Өнөөдөр ямар байв гэж асууна. Сара тэр бүрд нь гайхалтай байсан гэж хариулна.(Үнэн хэрэгтээ гэртээ уйтгарлаж, Ричардыг ирэхийг хүлээж байдаг) Сара Ричардаас мөн л асууна. Замын түгжрэл хэр байна даа гэх мэтээр. Хэвийн эсвэл, түгжрэлгүй байсан гэж хариулна. (Үүнд ч мөн үнэнээ хэлэхгүй байна) Тэдний харилцааг Готманны өнцгөөс дүгнэх юм бол тал хувь романтик. Өнөөдөр ямар байсныг нь асуух авч хариултын орон зайг нууц амрагийн тухай эцэс төгсгөлгүй төсөөллүүд эзэлчихсэн байдаг. Ямартай ч сарнайн бутнуудыг өөр хэн нэгэнд үзүүлээгүй л байгаа. Бие биеэсээ залхаж, үзэн яддаг хос биш гэдгийг үзэгч дорхноо мэдэрнэ. Гагцхүү гэрлэлтээ аврахын тулд, хайраа батжуулах өөр арга сэдсэн нь л нэг л болж өгөхгүй.
Ореганийн их сургуулийн доктор Роберт Вайс гэр бүлийн сэтгэл заслын эмчилгээний явцдаа хамтран ажилласан хосуудынхаа нэг нэгэнтэйгээ харилцах харилцааны жижиг деталь бүрийг кодолж нэгэн дүгнэлтийг гаргасан байдаг. “Өдөр бүр ханьдаа үнэ цэнтэй гэдгээ ойлгуулах замаар хайрын романс үргэлжилдэг” гэжээ. Сара Ричард хоёрын хувьд хэн хэнийгээ үнэ цэнтэй байлгах арга олсон нь хардалт.
Сара: Ричард ажил дээрээ байгаагүй. Нууц амрагтайгаа байсан. Би мэдэж байна.
Ричард: Тосгон руу явж цай уугаад л. Бас өрөөний маань хөшгийг хуниралдуулаад л, амрагтайгаа л байсан байж таарна.
Тэгэхээр Ричард Сара хоёрын бие бидээ итгэх итгэл Макс эмч Долларис хоёрын дүрээр биежсэн ажээ.
Маргаан 2: Мах гэдэг чинь мах гэсэн үг биш л дээ
Ричард: Энэ хоол хүйтэн байна. Мах нь бараг амьд. Нууц амрагтайгаа байх хойгуур чинь би өдөржингөө график хийж тайлан гаргаж байгаа гэж бодогдсонгүй юу?
Зиа, сая юу гэсэн бэ? Ричард үнэхээр хоол хөрсөн тухай гомдоллосон гэж бодож байна уу? Тэр зүгээр л амьд шахуу мах идэхийг хүсээгүй, халуун хоол өгсөн бол ингэж унтууцахгүй байсан гэж бодож байна уу?
Үгүй дээ. Халуун хоол өглөө ч, ам руу халбагадаж өгсөн ч яг энэ хэрүүл болохдоо л нэг болно. Готманн “What Makes Love Last?” номдоо хэрүүл хэзээ ч үндсэн контекстийнхээ дагуу байдаггүй гэдэг санаа дэвшүүлжээ. Үүгээрээ гэрлээд олон жил болж буй гэр бүлийн харилцааны онцлогийг гаргаж ирсэн байдаг. Тэд ийм хэрүүл хийх болгондоо улам их бухимдаж, гомдож, өөрсдийн байр суурьдаа үнэмшдэг. Хэн хэн нь нөгөөгөө доромжилно. Ийм хосын одоо л өрнөж байгаа мэт харагдах хэрүүлийн үндэс нь байнгын зүйлээс улбаатай байдаг. Яг үнэндээ тэд итгэл, аюулгүй байдал, хувиа хичээсэн байдал хэмээх том сэдвүүдийн талаар маргаж байна. Энэ маргаанаас болж гэр бүлээ сүйтгэхгүйн тулд хэн хэн нь маргааныхаа гүнзгий утга учрыг тайлах хэрэгтэй. Тэгвэл тэдний маргааны цаана яг юу өрнөөд байгааг бүгдээрээ сөхөөд үзье.
Ричард: Энэ хоол хүйтэн байна. Мах нь бараг амьд байна. (Энэ нь яг үнэндээ хоол хүйтэн байна гэж хэлж байгаа хэрэг биш, чиний хайр хөрчхөөгүй биз? гэдгийг л лавлах гэж оролдож байна) Нууц амрагтайгаа байх хойгуур чинь би өдөржингөө график хийж тайлан гаргаж байгаа гэж толгойд чинь бодогдсонгүй юу? (Өнөөдөр би их ядарлаа.)
Сара: Сонин асуулт байна. Чи өмнө нь ингэж асуудаггүй байсан биз дээ. (Миний бодлыг чи асууж, анхаардаггүй шүү дээ)
Ричард: Тийм ээ гэхдээ үргэлж хариултыг нь мэдэхийг хүсдэг байсан. (Өмнө нь тэр болгон асууж байгаагүй ч би үргэлж чиний бодлыг хүндэтгэдэг)
Сара: Би чиний малгайг өмсүүлж, гадуур хувцсыг чинь өмсгөдөг одоо дахиад хоолыг чинь ам руу чинь хийх ёстой болж байна уу? (Би чамд халамж тавьдаг хэвээрээ байгаа биз, Бодолгүй яах вэ дээ, чамайг л ирэхийг хүлээж өдөржингөө гэртээ байна, тэнэг минь)
Ричард: Чи намайг үнэхээр ажил дээрээ суугаад тайлан гаргаж байгаа гэж боддог юм уу? (Би нууц амрагтайгаа жаргаж байдаг юм шүү дээ гэсэн үг биш. Би үнэндээ ажлаа л хийж байдаг. Бас маш их ядарч ирдэг шүү! Чамаар халамжлуулахыг хүсэж байна.)
Сара: Заримдаа л, дандаа биш л дээ
Ричард: Тэгэхээр би бүр мартагдчихаагүй л юм байна, тийм үү
Сара: Яалаа гэж дээ…
Голын хаалгаар зааглагдсан тайзны хоёр талд эхнэр нөхөр хоёр тус тусдаа унтана. Тэд одоохондоо муудалцсан байгаа. Готманн Бат бөх харилцааны байшин хэмээх нэр томьёог гаргаж ирсэн. Үүний хамгийн том сорилт нь “хана”. Хосууд нэг нэгнээсээ ирэх хүйтэн хөндий мэдрэмжид өртөхгүйн тулд ухамсаргүйгээр өөрийгөө хамгаалан, гэр бүлийн хүнийхээ үйлдэлд бүрэн үнэн хариу үйлдэл үзүүлж чадахаа больж эхэлдэг байна. Үүнийг тайз заслаар тун ойлгомжтой илэрхийлсэн. Тэр хоёрын хооронд шууд нэвтэрчхэж боломгүй нэгэн хана үүсжээ. Энэ ханыг жүжгийн дундуур явах дуунуудад ил цагаанаар илэрхийлчихдэг. Ер нь The Lover жүжгийн зангилаа хэсгүүдийг дуугаар илэрхийлсэн нь тун сонирхолтой. Манай хоёрын маргааныг хөндөлгүй үлдээж хамгийн чухал санаануудыг дуугаар үзэгдэл хооронд зөөж, зангидаж өгсөн ажээ. Дуунд “Энэ бүх зүйл хэзээнээс эхэлчхэв ээ”, “Бодит байдлаас салгасан энэ мансуурал хэзээ дуусах вэ”, “Нэгнийгээ бодит амьдралаар нь хүлээж авахаасаа айсан хэвээрээ л байх уу” гэх мэтээр тэдний хооронд үүссэн “хана”-ны тухай дуулна.
Маргаан 3. Жижиг хором мөчүүдийн гайхамшиг эргэн ирсэн нь
Ричард: Өнөөдөр хэнд ч хэрэггүй уйтгартай хуралд суулаа. Чи хэр өнгөрүүлэв?
Сара: Сайхан.
Ричард: Уйтгартай өнгөрсөнд харамсаж байна. (Анх удаа жинхэнэ сэтгэл хөдлөлийг нь ойлгож буйгаа илэрхийлнэ)
Сара: Зүгээр ээ
Ричард: Чи өнөөдөр үзэсгэлэнтэй харагдаж байна аа. Нэгэн цагт гадуур дагуулж явах дуртай байсан.Бүх зүйл чинь үзэсгэлэнтэй учраас. Турж байгаа чинь таалагдаж байгаа.
Сара: Эсрэгээрээ л гэж бодсон..
Жонн Готманн романтик байдлыг “өнөөдөр ямар байв?” хэмээх асуулт хийгээд түүний хариулт хэмээн тодорхойлсон. Одоо л энэ асуултын үнэн сэтгэлийн хариу гарч ирж байна. Ричард анхнаасаа л Сарагийн уй гунигийг мэдэж байжээ. Тэдэнд бие биеэ үл ойлгох ямар ч хана анхнаасаа байгаагүй ажээ.
Энэ гэр бүлийн харилцааг аврах Готманны дэвшүүлсэн түлхүүрийг дурдаад төгсгөе.
Ямар ч нэмэргүй үгс том нэмэр болох нь: “Чамд хэцүү байгааг мэдэж байна.”
Энэ үнэн хэрэгтээ юуг ч өөрчлөхгүй, хамгийн ашиг тусгүй үг гэдэг цол хүртэх үг байх. Асуудлыг шийдэх ямар ч гарц гаргалгаа болж чадахгүй. Гэхдээ бие биеийнхээ энэ л үгсээр гэр бүл болсон хүмүүс байнгын цангасан байдгийг Готманн илрүүлсэн юм. Чи ингэ, чи тэг гэдэг үгсийг биш, ийм учраас ингээд байгаа юм шүү дээ гэдэг шалтгааныг нь ч биш. Үнэндээ зүгээр л “тийм ээ, баларсан юм” Энэ бол хамгийн романтик үгс. Чамайг санаад байна гэдгээс, хайртай, өдөржин бодлоо гэдгээс илүү романтик үгс аж. “Өө тийм үү, хэцүү байгааг чинь ойлголоо.” Гэр бүлийн хүн тань таны талд байгаа эсэхийг л шалгаж, баталгаажуулж байгаа хэрэг. Бүх маргаан энэ баталгааг эрсэн сэтгэл зүрхнээс эхтэй. Хайр хэнд хэрэгтэй юм бэ? Хайрыг хэн нэгнээс хайсаар байгаа тэр нэгэнд хэрэгтэй.
Чи ч гэсэн намайг Bitch гэсэн
(The Lover жүжигт эш татах аргыг ашигласан нь)
Хааяа нэг кино ч юм уу бичлэг үзэж байхад өмнө нь үзэж байсан өөр киноны хэсэг аль эсвэл цахим орчинд болсон онцгой хөгжилтэй үйл явдлыг дуурайгаад оруулчихсан байдаг даа. Жишээ нь Ар хударга киноны алдарт шоронгийн сцена цахим орчинд тарснаас хойш санаа авч хийсэн бичлэг ар араасаа ундарсан даа. Refrence буюу эш татах ийм аргыг кино урлагт элбэг ашигладаг. Энэ нь найруулагч хүндэлж биширч явдаг хүнийхээ бүтээлээс иш татах, нийгэмд болж өнгөрсөн зүйлсийг цухас сануулах, олонд танигдсан үг хэллэгийг шууд авч хэрэглэх зэрэг янз бүрийн хэлбэрээр илэрнэ.
Харин энэ бүхнийг найруулагч Г.Ган-Очирын “The Lover-Хайр хэнд хэрэгтэй вэ?” жүжгээс олж харах чамгүй сонирхолтой санагдлаа. Тэгэхээр хаанаас, юу эшлэв?
Хип Хоп болон олныг цочроосон үйл явдлаас эшилсэн нь
Одоогоос таван жилийн өмнө реппер Pacrap-ын “Give me justice” хэмээх дуу гарч олны хүртээл болсныг бид сайн мэднэ. Тэгвэл жүжигт энэ дууны үгнээс ашиглачихна гэж хэн ч санахгүй биз ээ.
Жүжгийн хоёр дүр болох Ричард Сара хоёр үйлчлүүлэгч зөөгч хоёрын дүрд орж тоглох ба Ричард Сарагаас
Уучлаарай бүсгүй би танаас нэг хувийн шинж чанартай юм асуучих уу? Нөхөр нь ажилдаа яваад ядарч ирж байхад эхнэр нь өдөржингөө жаргачхаад нөхөртөө хоол халаагаад ирж болдоггүй хэрэг үү? гэж асууснаа Сараг хүзүүдэж аваад хоёр хуруугаа буу шиг тулган “GIVE ME MOTHERF….N JUSTICE NIGGA” гэж хэлдэг. Ингэж хэлмэгц нь Сара гүйгээд тайзны голд сууснаа
“Энэ яг намайг хар царайтай болохоор ингээд байна” гэнэ. Тэгснээ Ричардыг ороод ирмэгц “I can’t breath” гээд үхэтхийн унаж, дүр эсгэнэ.
Энэ нь бас өөр үйл явдлыг сануулж байгаа хэрэг юм. Америкт хэдэн жилийн өмнө цагдаа хар арьст залууг баривчлахдаа амийг нь хөнөөсөн хэрэг гарсныг магад та санаж байгаа биз. Цагдаагийн ажилтан залуугийн хүзүүн дээр өвдөглөн, амьсгалах аргагүй болгож, хөнөөсөн эмгэнэлт хэрэг. Түүний хамгийн сүүлчийн хэлсэн үг нь I can’t breath (Би амьсгалж чадахгүй байна) байсан билээ. Мөн дуучин Seryoja-ын “Ambuu” дууг ч жүжигт ашиглажээ.
Яруу найргаас эшилсэн нь
Хип Хопоос иш татсан юм чинь яруу найргаас яагаад болохгүй гэж? Жүжгийн бас нэг сонирхолтой зүйл нь дуунууд байв Жүжгийн эхлэл хэсгийн дуунд
“Чи бол миний зовлон
Би зовлондоо яасан их хайртай юм” хэмээх яруу найрагч Өлзийтөгсийн шүлгийн хэсгийг шингээжээ. Жүжгийг төгсгөл хэсэгт цахим орчинд “ОД” болоод амжсан яруу найрагч Б.Батзаяагийн
Чи ч гэсэн намайг bitch гэсэн
Би ч гэсэн чамайг bitch гэсэн
Би ч bitch
Чи ч bitch гэх шүлгийг хэлдэг. Энэ бол Б.Батзаяагийн “Сэтгэцийн асуудал” яруу найргийн түүврийн 17-р талд байх “НОБШИ” нэртэй шүлгийн дөрвөн мөр юм.
Хошин шог
Хошин шог бол хамгийн их үзэгчтэй салбар. Тэр ч утгаараа бидний ой тоонд үлдсэн хошин шогийн дүрслэл, үгс олон. “The Lover” жүжиг хошин шог руу ч шагайгаад амжив.
Жүжигт Ричард Сарагийн өсгийтэй гутлыг барин утсаа ярьж буй дүр үзүүлэхдээ ийн хэлдэг
“Байна уу цогцос хадгалах газар уу? Танайд маш аятайхан биетэй үзэсгэлэнтэй цогцос очоогүй биз. Айн өө ээж үү?” гэж хэлээд утсаа тавьдаг.
Энэ хоёр текст нь Х-ТҮЦ продакшны “Ховс” болон Шинэ үе продакшны “Хардалт сөнөтүгэй” жүжиг дээр хэлдэг текстүүд юм.
Бусад
Жүжгийн хамгийн сонирхолтой тал нь яах аргагүй хөдөлгөөний илэрхийлэмж.
Найруулагч өөрийнхөө давуу талыг ашиглан домогт Майкл Жэксоны бүжиг, “Matrix” киноны алдарт өшиглөлт, тик токийн бүжиг зэргийг оруулж, жүдогийн барилдаан, сагс, зээрэнцгийн хөдөлгөөнийг ч багтааж, тайзны хөдөлгөөний эрх чөлөөг харамгүй үзүүлэхийн зэрэгцээ “Adam and God (Адам бурхан хоёр)” хэмээх алдарт уран зургийн позыг ч харуулаад амжлаа.
The Lover жүжигт энэ мэт сонирхолтой, донжтой зүйлс элбэг агаад шинэ эриний хүмүүст тулгарч буй асуудлыг шинэ эриний хэлбэрээр нь үзүүлсэн нь хамгийн чухал байлаа. Даанч хэтэрхий эш татахын ганц суул тал бий. Тэр нь цаг хугацаа буюу үзэгчийн ой санамж. Яг энэ цаг үед, энэ сард, энэ долоо хоногт олны дунд эрчээ авч буй үг хэллэгийг энэ долоо хоногтоо энэ сардаа ашиглахад үзэгчид нижигнэтэл алга ташиж болох ч хэдхэн сарын дараа, магад ахин тоглох шаардлага гараад тайзнаа тавихад хүмүүс дуулиан шуугиан, амны уншлага болоод байсан үг хэллэгээ мартчихсан явж байж мэднэ. Тиймдээ ч үндэс нь хэврэг ийм эш татсан үгс тодорхой бүлэг үзэгчийг татаж мэдэх ч бас тодорхой бүлгийг түлхэж болох юм.
The Lover жүжгийн тоглоомлог төрх
Жүжгийн төгсгөлд бамбаруушийн өмсгөлтэй жүжигчин багаа тайлтал сахалтай бадируун үзэгч долоон настан шиг догдлон хашхирч байлаа. Танхим дүүрэн үзэгчид баярлан цовхчих бяцхан охид хөвгүүд болгочих ч шиг. Жүжиг өндөрлөсөн боловч танхимаас цуван гарах үзэгчдийн дотоодод уур амьсгал амьд хэвээр. Тэдний харцнаас хүүхэдлэг гэрэл тодорч байсан гэвэл хоёр цагийн турш театрын орон зайд холбогдон суусан үзэгч дундаас надтай маргах хүн үгүй биз ээ.
Үүнийг Г.Ган-Очир найруулагчийн The Lover жүжгийн өвөрмөц орц болох тоглоомлог шинж чанараар тайлбарлаж болох юм. Жүжигт Сара Ричард хоёрын бие биеэ хардах төсөөллийг тун сонирхолтой илэрхийлжээ. Гацуур, цасан ширхэг, даашинзтай эр, том бамбарууштай анхаарал татам тайз засал, дүрүүдийн хувирал, дуу хөгжим бүхий нэгэн цогц тоглоомын орчин бүтээгээд түүндээ биднийг татан оруулж байна.
Жүжиг басхүү энэ л амьд шинж чанараараа онцгой юм. Төсөөллийн орчныг илэрхийлэх үүрэгтэй цагаан хувцастанууд, сүүний худалдагчид, бамбарууш гээд тайзан дээр гарч ирж буй хүн бүр нэгэн тоглоомд хүүхэд шиг амтшин тоглож байна. Тэд театрт биш гадаа тоглож буй. Тэд жүжигчид биш хязгааргүй төсөөлөлдөө автсан балчир хүүхдүүд байж чадлаа. Дуулах, үсэрч харайх, хаалганаас дүүжлэгдэх, буйдан дээр авирах, шалан дээр тэрийх гэх мэт хөдөлгөөнүүд үзэгчдийг ядраасангүй, харин ч дотоод бяцхан хүмүүсийг нь гижигдэн догдлуулж байлаа.
Сарагийн дотуур хувцсыг Ричард гараараа орлуулан үзүүлэх зэрэг зугаатай хэсгээс ч тайзны хөдөлгөөний хэлэмж чангахан дуулдах юм.
Нэгдүгээрт Сара Ричард гэх хувь хүмүүс төдийгүй тэдний арван жилийн хамтын амьдралыг хүртэл тодотгон тодруулсаар байх хөдөлгөөнүүдийг жүжгийн туршид ар ар араас нь угсруулан холбожээ. Өөрийн бие шигээ ээнэгшиж дассан тийм хүрэлцэхүйнүүд.
Хоёрдугаарт тэдгээр хөдөлгөөнд үзэгчид аажимдаа уусаж, Сарагийн гараас атгах мэт, Ричардын хүрмийн мөрөнд хүрэх шиг хачин ойр мэдрэмж хараа, мэдрэхүйд нэвтэрч байлаа.
Дэлхий дээр хүүхдүүдээс илүү мэргэжлийн тоглоомчид гэж үгүй билээ. Эмч болоод эмчилж буй, цагдаа болоод цагдаж буй, дуучин болоод дуулж буй хүүхдүүдийн тэр л тоглоомыг, төсөөллүүдийн амтыг үзэгч бүр мэднэ. Энэ бол ерөөс хүүхдийн хөгжлийн нэгэн хэлбэр бөгөөд ертөнцийн аливаа үзэгдлийг танин мэдэх, турших арга байдаг.
Тэгвэл хайрлах үйлд эзэн болох талаар The Lover жүжгийн багийнхан, үзэгчид юу танин мэдэв? Агуулгын хувьд Сара Ричард хоёрын бие биеэ хардах энэ эцэс төгсгөлгүй мэт тоглоомд хэн ялагч юм бэ? Жинхэнэ хожлын мөн чанар ямар байх вэ?
Энэ цагийн нийгмийн элдэв үзэгдэл дунд хайр дурлалын төрхийг “эгэл жирийн токсик хосууд”, цаашлаад “олон улсын хэмжээнд маргалддаг” хосууд л өнгөлж байна. Төдий хэрээр найруулагчийн барьж авсан сэдэв үнэ цэнтэй юм. Нийтээрээ хөхин баясаж, шимтэн дурлах энэ үзэгдлийн цаад мөн чанарыг яг тэр аргаар нь дамжуулан илэрхийлэх зориг төржээ.
Найруулагч гол дүрүүдийнхээ байр суурийг харилцан тэнцүүлэх үүднээс Ричардын нууц амрагийг Доларис хэмээж, нууц амрагуудынхаа дүрд ч өөрсдөө орж тоглох аль аль талдаа тэнцвэртэй үзэгдлүүд бүтээв. Үүнээс тоглоомын суурь зарчим тодорхойлогдох юм. Хожих магадлал эн тэнцүү тоглоом бол дэлхийн хамгийн сонирхолтой тоглоом. Уг жүжигт тоглоомын онолоор авч үзэж болох зүйлс бий. Хорьдугаар зууны хамгийн нэр хүндтэй математикч, физикч, инженер, компьютерын шинжлэх ухааны суурийг тавьсан гэгддэг эрдэмтэн Жон фон Нойманн эхэн үеийн тоглоомын онолын тухай судалгаандаа минимаксын зарчмыг гаргаж ирсэн. Хоёр тоглогчтой тоглоомд “Эсрэг тоглогчийнхоо авч чадах хамгийн их ашгийг аль болох бага байлгах” зарчим үйлчилнэ. Энэ бүхнийг тоглоом гэж үзвэл Сараг Макстай (нууц амраг) уулзах ашгийг бууруулахад Доларис (Ричардын нууц амраг) зайлшгүй хэрэгтэй болно. Жүжиг тэр чигтээ энэ л зарчмын хүрээнд өрнөдөг.
Гэвч хэн нэгнийг хайрлана гэдэг тоглоом биш шүү дээ. Найруулагчийн санаа энэ болов уу.
Ижил үзэгдлийг өөр өөр төсөөллийн орчинд шинээр бүтээх жүжигчид төвөггүйхэн хувирч жигд мэдрэн тоглолоо. Санааг илэрхийлэх тайзны хөдөлгөөн, тайз засал, бусад арга хэрэгслийн зохист элементүүдээр ерөнхий балансыг хадгалж байна. Хийцийн талаасаа цогц мэт боловч санааны суурь бүдгэрсэн юм биш биз? Утгынхаа хүрээнд бодохуй жүжгийн төгсгөлд үзэгчийн өөрөөсөө асуух асуулт бүтэн үлдэх ёстой биш үү? Хүүхэд шиг л хөгжилдлөө. Харин юу танин мэдэв?
Leave a Reply