.Үүрээр биднийг замд гарахад цас дөнгөж хаялах янзтай, хоноод мордсон айлын хүүхний гил хар үсэн дээр тогтосхийгээд хайлж байсан. Сараагийн заасан зүг ойртохын хэрээр сум, тосгод, айл амьтны бараа алсраад, нар жаргахын хэрд давсны ширхэг шиг цас салхины шил балбаж эхэллээ. Түүний очно гэж зүтгэсэн цаст хайрхан нарны туяанд цавцайн гэрэлтэж асан сан. Гэтэл одоо мөнөөх уулын орой шилэн дээр ирж наалдчихаад чулуу, хөвд, цас юугаан шилгээж, уулын савдаг машин дээр бүжиглээд байх шиг хамаг юм дайвалзахуйд аргаа барсан би түүн рүү ширэв татав. Сараа машины тос, даг ханхалсан аавын хурган дотортой дээлийг давхарлаж нөмрөөд хамрын үзүүрээ далдартал шигдчихсэн байлаа. Битүүмж муутай хаалганы завсраар өвлийн салхи ёрын сийгж, шоргоолжнууд л оёж хатгахдаа хэрэглэдэг баймаар өчүүхэн жижиг зүүнүүдээр арьс махны хооронд шивээд байх шиг санагдана. Шуурганаас урьтаж амжсангүй л дээ. Уг нь тун дөхсөн сөн. Ахиад жаахан баруунтаа замаа дагаад явбал гандмал ногоон дээвэртэй, дүнзэн байшин нь гараад ирж мэдэх л юм. Сараа аавын авдар дотроос олсон хуучин ангийн буугаа хүүхэлдэйгээ тэвэрч байгаа жаал охин шиг тас зуурчхаад ер тавихгүй. Гурван өдрийн өмнө энэ бууг авдрын ёроолоос олсныхоо дараа тэр сүүлийн таван жилд байгаагүйгээрээ амгалан тайван, эрч хүчтэй, ухаан саруул, баясгалантай болсон. Тэр сүгийг алах хүсэл Сараад эрх чөлөө шиг ирсэн юм. Анх удаа болсон бүхэнд өөрийгөө зүхэхээ байж, өдөр өдрөөр бие дээр нь зулах салстлаг ногоон арьсаа захаас нь хуулж цус шүүрүүлдгээ болиод, анх удаа усны онгоцонд биш урьдын адил дэргэд минь хэвтээд гүн нойрссон билээ. Даанч уул руу, тэр байшин руу ойртох тусмаа дуу нь цаашаа ороод, хэл ярианы чадамжаа бага багаар гээж, сүүлчийн итгэл найдвараасаа зуурах аятай цээжиндээ буу тас тэвэрчхээд хөдлөхгүй.
Бид мэлхийн анд гарсан юм. Сараа түүний тухай мэлхий гэдгээс өөр юу ч дурсахыг ч хүсээгүй. Чамайг хэн ийм болгож орхив оо гэж асуух тоолонд Сараагийн харц шалнаас ховхорч ядаад, өвдгийг минь золгүйхэн шүргэснээ эргэн газар алгадна. Тэгснээ “Чамд хэлчихвэл энэ бүхэн үнэн болно. Орчлон намайг аврах гэж бүхнийг мартуулсан. Тэр өдөр тэнгэр ямар байсныг санаж байгаа ч юу өмсөж явснаа, тэрний харц, нүүр царай, дуу хоолой ямар байсныг, ямар өрөөнд байснаа, яагаад түүнд итгэснээ, хэдэн цаг болж байсныг, аль зүгт явснаа би санахгүй байна. Тархи минь дурсамжаасаа биеэ өмгөөлж байгаа юм. Заримдаа би бүхнийг тод томруун санадаг. Тийм үедээ яадгийг минь мэднэ биз дээ. Тэгэхээр, асууж болох–гүй” гэнэ.
Тархи мартавч биед нь үлдсэн ул мөр бүхнийг гэрчилнэ. Багадаа бид нэгнийхээ толин тусгал болж тоглодог сон. Гараа өргөмөгц намайг дуурайн өргөж, хэлээ унжуулахад даган унжуулахдаа “ав адилхан” байх дүрмээ сахих гээд тэр инээдээ тэвчиж ядна. Бидний үс, хумс хүртэл уртын зөрүүгүй ургадаг. Гэтэл тэр өдөр Сарааг харах надад толинд харахтай адилгүй санагдсан. Нөлөөтэй толинд хараад ч байх шиг. Хэдэн өдрийн дараа урвуу харсан толинд ширтэхтэй адил болж, яваандаа би сэтгэлийнхээ хав харанхуй булан руу хөл алдан ойччихоод тэндхийн үгжирсэн булангаас хамраа цухуйлгаж үзээгүй өрөвдмөөр, өчүүхэн бодгалийг ширтэж байх шиг, харахаас ч аягүйрхэх болов. Арьсан дээр нь ногоон туяа татаж, хэвлий нь лийрийн адил унжаад, нүд нь цэлхийж, бөгсөн бие нь хавчийж, хоёр хөл дээрээ чадан ядан эгцэрч зогсдог мэлхий болов. Надтай ямар ч төсгүй болсон Сараа дотроос минь сороод л байгаа далайн шуургыг дэгдээж орхисон юм. Тэгээд өдий олон жил хайрласан ихрээ би хайрын сэтгэлтэйгээ эн тэнцэхүйц үзэн ядах боллоо. Гэхдээ энэ бүхэн намайг ширүүлэх хорсол зэвүүцлийн харцтай нь яагаад ч дүйхгүй.
Угийн энэрэнгүй сэтгэлтэй ихэр дүү минь намайг таван жилийн хугацаанд гурван удаа хөнөөх гэж оролдсон. Тэр мэлхий болсон. Харин би хүн хэвэндээ үлдсэн. Асуудал нь тэр. Урт гэзэг, гүн хар нүд, хөрслөг арьс, намхан нуруутай урьдын төрхөөс нь юу ч үлдээгүй атал урьдын эгэл төрхийг нь цаг үргэлж сануулах бодгаль дэргэд нь аж төрөх түүнд тэвчишгүй байсан нь лавтай. Намайг үгүй хийчихвэл тэр өдрийн явдлаа тархинаасаа үлдэн хөөсөн гэж өөртөө итгүүлдэг шигээ урьдын царай төрхөө ч аажимдаа санагалзахаа болиод, сэтгэлийн зовлонгоо гэтэлж, Буддагийн цөөрөмд аж төрдөг бяцхан мэлхий болж чадах ч юм билүү. Заримдаа түүнийг зөвтгөмөөр ч санагдана. Хүний янзаа алдаж амжаагүй уруул хавийнх нь алд хэрийн арьс өтсөн мах шиг аажимдаа ногоороод, цэлхийж хөөсөн гэдэснийх нь дор өчүүхэн хэмжээтэй эр бэлгэ эрхтэн ургаж байна гэж зүүдлэх бүрдээ тэр нэг бол уур хилэндээ автан хөөж томорсоор бие нь усны онгоцноосоо халин давах нь зүдүүртэй. Эсвэл гомдол, ичгүүртээ идэгдэж жижгэрсээр нүдэнд үзэгдэхгүй шахам өчүүхэн болж, бохирын хоолой руу урсаад явчих дөхдөг болохоор би нүхийг нь дандаа бөглөж орхидог юм. Уур хилэн нь дүрэлзэх тусам хөөж тэлсэн цээж нь гэрэлтэж, цохилох зүрхэнд нь цасан шуурга дэгдээд, тэр шуурганы орой дээр хүчтэй аянга цахилахыг би тодхон үзсэн билээ. Ээж түүнийг арц, хүжээр ариулж, бөгсөн биеийг нь домносон. Мэдээж түүнд таалагдаагүй. Өөртөө муу муухай зүйл тохиосон гэдгийг хүлээн зөвшөөрөөгүй байхад “бузартсан” гэдгийг нь бататгах зан үйл хийчихсэний дараа тэр өтнөөс ч өчүүхэн болж билээ. Тэр үед дээрээс нь халуун ус асгаад бохирын хоолой руу нэг мөр урсгаж зовлонг нь хөнгөлье гэж санасан л даа. Даанч тэр надаас өрсөөд хорон муугийн дүрийг бүтээчихсэн болохоор орчлонгийн тэнцвэрийг хадгалах үүднээс би түүнийг асардаг, хайрлан энхрийлдэг ихэр эгч нь болохоос аргагүй.
Сайн эгчийн хувиар би түүнд туслах гэж оролдсон. Урьдын Сараа номд дурладаг байлаа. Нэг удаа хүнс цуглуулж яваад бичиг хэргийн лангууны буланд үрчийж дарагдсан хэдэн ном байхаар нь дуртай зүйлийг нь сануулах гэж нэгийг нь сугалж авч ирээд үзүүлтэл хэсэг харж байснаа эрх нь дэндсэн хүүхэд шиг жорлон руу чулуудчихлаа. Тэр ном түүнд чухамдаа сануулж болшгүй зүйлийг нь сануулж, харж болшгүй зүйлийг харсан мэт харцанд нь айдас дүүрчээ. Ном уншихаар эхэндээ бага сага ойлгогдож, дараа нь үгс утга илэрхийлэхээ байгаад, төдөлгүй газар дайвалзаж, нүд харанхуйлж, сүүлдээ үсэг бүрийн хэвээр цагаан цаас цаашаа, хар бэх нь нааш товойгоод, үгс цугаар нийлэгжин, олон арвагар сарвагар хар хорхой зэрэг зэрэг дэрвээд, юу юугүй гарыг нь бүчин авахаар зэхэх шиг аймшиг мэдрэгдлээ гэхэд нь би хэрхэхээ ч мэдсэнгүй. Угаас түүнд аймшиггүй юм байхаа больсон. Хүн төрөлхтний барж үзээгүй мөнхийн урт шөнүүдийн аль нэгэнд хорвоо сөнөхдөө л сөнөж, тэгэх тэгэхдээ орчлонгийн хүн нэг бүрийн үхлийн шаналан, айдас гагц өөрт нь мэдэгдээд бусад нь амар жимэр талийх юм шиг загнана. Тийм айдсаасаа болоод тэнгэр нураад ирэхийг хүлээж шөнөжин тааз ширтсээр хорвоо ертөнц мөхөхгүйг гэрчлэх нарны илч үл ялиг төөнөмөгц л гүн нойронд автаж, заримдаа гэнэтхэн том балгасан цэл хөх нойрондоо бялууран огих шиг давхийтэл цочоод сэрчихдэг болохоор нь би түүнийг хэзээ ч уучилж өршөөхгүй. Зовсон болохоор нь биш зовлонгоо сөрөөгүй болохоор нь тэр. Урьдын мөн чанараа дагзныхаа чанх ард байгаа бохирын хоолой руу урсгаж орхисон болохоор нь тэр. Хэн ч юм ирээд гараас атгаасай гэж гонгинох хэр нь ээ хэрэвзээ нэгэн золгүй эрхэм гараа сунгавал хол оо үсэртэл нь түлхэж энэрэнгүй загнах юм уу, бүр муугаар бодвол бүхлээр нь залгиад өөрийнхөө нэгээхэн хэсэг болгоод авчхаж мэдэх тийм л заяагүй амьтан болсонд нь дургүй хүрнэ. Харин энэ бууг, цээжиндээ тэвэрчхээд амгалан нойрсож байгаа энэ бууг олсон өдөр дотор минь шалихгүй жаахан итгэл сүүмийж, Сараагийн цэлхийсэн ногоон нүүрийг үнсэж болмоор ч шиг санагдсан сан. Даанч энэ цасан шуурга итгэлийн минь сүүлийн очийг залгичихлаа.
Нэг өглөө сэртэл Сараа нүүрэнд минь нүүрээ наачихсан, амьдралдаа анх удаа миний царайг үзэж байгаа аятай ухархайнаасаа юу юугүй бүлтрэх нь үү гэмээр том нүдээр тэмтчиж байлаа. Тэр дэргэд минь хэвтэж, хавирганаас тэсгэлгүй хүйтнээр хайрах шиг санагдахад би орноосоо үсрэн босов. Сараа инээмсэглэх аж. Баяртай байна уу эсвэл бүр мөсөн солиорч гүйцэв үү гэдгийг нь ялгахад бэрх. Гэхдээ харц нь тогтуун, зөөлөн, өр өвдөм хэдий ч ухархайн цаанаа гялтганасан эрдэнэ нуучихсан ч юм шиг зальжин харагдана. Тэгээд намайг дэргэдээ суугаач гээд зангав. Тэр өдөр надтай анх удаа чин үнэнээрээ ярилцаж, түүнийг алах хүслээ цээжээ хөвсөлзүүлэн байж хэлсэн билээ. Санамсаргүй төрсөн эл хүслээ биеийнхээ хаахна хадгалахаа мэдэхгүйдээ нэг цэгээс нөгөөд шилжүүлэх аятай гар, хөлөө үе үе сэгсрэн, хүзүү нуруугаа займчиж, итгэл дүүрэн атлаа мэс шиг хүйтнээр ханын цаасны хээг харцаараа сийлэнгээ ам хуурайгүй ярина. Түүнийг санажээ, би. Харцыг нь, дуу хоолойг нь, инээмсэглэл, гарын хөдөлгөөнийг нь, наргианч, цовоо занг нь дэндүү санасаар ангаж хоцорсон сэтгэлийнхээ хар хөрсөнд хэлсэн үг бүрийг нь хур шиг асгаад ямар нэгэн сайхан зүйл соёолохыг чимээгүйхэн хүлээж суулаа. Хорсол занал, тайтгарал сүлэлдсэн үгсээрээ тэр миний сэтгэлд час улаан сарнай, зэрлэг халгай хоёрыг нэгэн дор ургуулав. Ийм жаргалтай бяцхан мэлхийний хүслээс хэн татгалзах вэ дээ. Ингээд л үүрээр түүнийг чадах ядахаараа зузаалж аваад замд гарсан минь энэ.
Хотоос гараад удаагүй байтал өвлийн бүрхэг, хүйтэн тэнгэрт мандахаасаа ч халгах шиг туниагүй нар цонхийн туяарч, дэргэдүүр шунгинан өнгөрөх том тэрэгний салхинд машин дайвалзахуй Сараа нойтон гараараа надад итгэлгүйхэн хүрч, дуудав. Тэгснээ “Зовоохын хэрэггүй шүү. Чи буудаж чадна тийм ээ?” гэлээ. Би дуугүй л өмдний нь шуумгаас цухуйх турьхан ногоон шилбэ, шагайг нь ажив. Амандаа юу ч юм бувтнахыг нь сонсвол “Ялгаагүй л тэр өчүүхэн мэлхий. Ердөө л мэлхий шүү дээ. Өрөвдмөөр, болхи алхаатай, жигшмээр, хэзээ ч арилахгүй ногоон бүрхүүлэн дотроо үүрд хоригдсон, яг над шиг өчүүхэн амьтан” гэх дуулдав. “Юундаа сүрхий сайхан загнах гээ вэ? Саяхан мөчийг нь үе үеэр нь салгаж тавиад шарж идэх нь холгүй байсан биш үү?” гэж би түүнийг цаашлууллаа. Сараа эгц урагш ширтсэн хэвээр. “Өчүүхэн харуусал, өчүүхэн эргэлзээ ч үгүй надад тийм зүйл хийсэн болохоор, бүхнээ дэнчин тавиад итгэх мөчид минь намайг занганд оруулсан болохоор би түүнийг шийтгэж байгаа юм. Харин би өөр. Энэ бүхэнд миний ч буруу байгаа гэдгийг мэдэхтэйгээ учраас би хариуцлагаа хүлээгээд түүнийг жаахан өрөвдсөн төдий. Тэр мөчид ямар санагдсан гээч? Тархи, зүрх, элэг, ходоод, хэвлий, арьсны сүв, чигчий хуруу минь хүртэл илэрхийлж чадах бүхий л мэдрэмжээрээ надад “Одоохон зугт” гэж хэлсэн. Тийм атал би гэж тэнэг бүх мэдрэмжээ хүчээр дараад тэр өчүүхэн амьтанд итгээд үзье гэж шийдсэн. Түүний аяглах, авирлах, аргадах нь хуурмаг, худал байгааг мэдсээр атлаа шүү. Өвөг дээдэс минь намайг тийм л мөчид амь, сүнсээ хамгаалаг хэмээн ивээж, муу муухайг таних зөн мэдрэмжийг яг л байшинд суурилуулсан аюулын дохиолол шиг биед минь заяасан атал би түнэр харанхуй руу гэнэн зангаа нөмрөөд л орчихсон. Амьдрал минь анхнаасаа тэр явдлаас намайг өмгөөлөх гэсэн мэт мэдрэмжээр дүүрэн байсныг би сүүлд анзаарсан. Багадаа харахын төдийд бишүүрхэн уйлдаг байсан үзээрийн царай төрх, үнэрлэхийн төдийд дотор жихүүцдэг байсан хурц үнэртэн. Яагаад ч юм би бүхнийг урьдаас мэдэж байсан атлаа тэрхэн мөчид өөртөө ер итгээгүйдээ хилэгнэн дүрэлздэг. Тийм учраас өөрийгөө шийтгэж, түүнд нэг удаа энэрэнгүй загнах гэсэн юм…” Засмал дээр хүлцэнгүй хайлах цасан ширхэг шиг түүний турьгүй хоолой аяны уртад аяндаа уусан алдрав. Түүнийг өдий хүртэл амьтай голтой байлгаж буй сэтгэлийн угт нь бөртөлзөх өчүүхэн гэгээ эх адаггүй энэ замд надад дэм билээ.
Алхахыг хүн зөнгөөрөө л сурдаг шиг буудах миний хийх л ёстой ажил шиг санагддаг байж. Харин Сараа буу үзэхээрээ холуур тойрдог сон. Түрхэн бариулахын хооронд халуунд нь хайрагдаад байгаа аятай хавчганаж ядна. Аавын бууг бариад анх удаа овоо хараагаар нь шагайсан тэр мөч одоо санаанд орох нь хачин. Гэхдээ энэ удаа буу Сараад, овоо хараанд тусах тарваганы оронд би зогсож байлаа. Багадаа Сараа бид хоёр уул өөд мацан уралддаг байлаа. Намайг хоцроод ирэхэд гар сунгаад, өөрөө сүүлддэг хүүхэд байсан сан.
Цаст уулын орой дээр нар тусаж, нүд нээхийн эцэсгүй гялбана. Гэвч шуурга намдсангүй. Би түүнээс зугтаж яваа мөртөө ямархан нэгэн сайхан зүйл олж үзэх гээд уул өөд хамт мацах шиг сэтгэл цэлмээд л байх юм. Үүр цайхын алдад машиндаа үүрэглэн суухуй арьсны нь сүүлчийн жаахан хэсгүүд зүүдэндээ үздэг шиг нь ногоороод, намайг сэтгэлд нь гай түйтгэр тарьсан өнөөх үзээрийн этгээдтэй эндүүрэв үү гэлтэй улайран дайрч эхэлсэн. Тэгэхэд л би Сарааг яагаад зугтаагүйг, яагаад итгэмээр санагдсаныг, яагаад өөрийгөө зүхсэнийг ойлгосон юм.
Сараа над руу уулын бэлээс үе үе буу шагайх аядавч мөчир шиг хоёр гар нь даалгүй алдаж, далбагар хоёр хөлөөрөө цас туучин навсганах нь үнэнхүү өрөвдмөөр санагдаад жаахан харзнаж зогслоо. Гал нээгээд ч тэр намайг онохгүй л дээ. Гулзайсан хоёр хөл нь өдийд цасанд хайрагдаж гүйцээд, даарахаараа уцаарладаг зангаараа уур омогтоо шатчихсан явааг би мэдэж байна. Тэр нь бүр хаа холоос ч илэрхий харагдана. Урагш алхахыг хичээх тусмаа уур омог нь дүрэлзэж, цээж нь эрүүндээ тултал хөөгөөд, зүрхэнд нь цасан шуурга бужигнаж байгаа. Одоо гурав тоолооход цээжин дэх шуурганы нь оройд аянга цахина. Нэг, хоёр, гурав. . . Буун дуу уулын бэлээс орой хүртэл цахиллаа. “Дулаахан, нарлаг газар хэвтэх юм сан” гэх сүүлчийн хүсэл нь миний чихэнд хангинав.
2023 оны 7-р сар
Leave a Reply