Press ESC to close

Усны ГудамжУсны Гудамж Бичээчийн Хөгжих Талбар

Монгол тайзнаа морилон ирсэн “Фауст”

“Усны гудамж” сайт залуу бичээчдийнхээ бичвэрийг хүлээн авч, нийтэлж буй. Энэ удаа бидэнд бичвэрээ илгээсэн Б.Ичинноровын “Фауст” постдрамын жүжигт бичсэн бичвэрийг хүргэж байна..

Аз жаргал ямар өнгөтэй вэ? Ямар үнэртэй байдаг юм бэ? Аз жаргал халуун байдаг уу? Бас яажшуухан сонсогддог бол? АЗ ЖАРГАЛД ТОМЬЁО БАЙДАГ ГЭЖ ҮҮ?

Постдрам хэмээх театрын төрөлтэй анх танилцуулсан жүжиг бол “Фауст”. Улаан хивсээр алхаж, улаан сандалд сууж, улаан хөшиг нээгдэхийг догдлол дүүрэн хүлээдэг надад танхимын хар сандал, цагаан хөшиг нь шинэхэн аялалд гарах гэж байгаа мэт булгилам мэдрэмж төрүүлж байв. Цагаан хөшиг дээр улаанаар бичсэн “FAUST” гэх бичгийг хараад “Ингэж болно гэж үү?” гэж гайхширсаар үзвэрээ дуусгаж билээ. “Постдрам гэдгийг шинэ драм, орчин үеийн драмын жүжиг гэж ойлгож болно. Өнөөдөр аливаа уран бүтээлийг харах үзэгчийн нүд, сэтгэлгээний хандлага маш ихээр өөрчлөгдсөн. Тэгэхээр театр ч бас өөрчлөгдөх хэрэгтэй ” гэж М.Батболд найруулагч нэгэнтээ хэлжээ. “Фауст” постдрамын жүжиг сэтгэлгээний өөрчлөлт хийж, огт өөр дүрслэл шийдлээр оюуны цангаа тайлж байсан нь магтууштай. Постдрам нь нэгээр зогсохгүй урлагийн төрөл зүйлийг шинэ өнцгөөс харуулж чаддаг. Техник технологийн дэвшлийг тавилт, шийдэлдээ зоригтой ашиглаж бүх насаараа аз жаргалыг юунаас мэдрэх, хаанаас хайхаа мэдэхгүй явсан хөгшин эрдэмтний түүхийг тун сонирхолтой, содон дүрслэлээр өгүүлсэн “Фауст” постдрамын жүжгийн тухай бодол эргэцүүллээ буулгалаа.

Хөгшин Фауст шинжлэх ухаан, эрдэм мэдлэг, цол хэргэм зэргээс аз жаргал гэгчийгмэдэрдэг нэгэн. Бага насандаа амсаагүй эхийн хайр, идэр залуудаа амтлаагүй эмэгтэй хүний энхрийллийг мэдрэхийн тулд өөртөө аз жаргалын хувилбар бүтээснээ хүн төрөлхтний төлөө гэж андууран сэтгэлээ захирч үл чадан, ертөнц хоорондын хамаарлын томьёог хайн самгарддаг. Тэрээр бурхан чөтгөр хоёрын тавьсан бооцооны гол утга болно. Ертөнц хоорондын хамаарлын томьёог хэлж өгнө гэх Мефистофельт хууртаж түүнтэй сүнсээрээ гэрээ хийж нас залуу, цус шингэн болсон Фауст хайр дурлалд мансуурч, эд хөрөнгөд умбахдаа өөрийн зорилгоо умартав.

Тайзан дээр Мефистофель ганцаараа байх бөгөөд цагаан өнгийн хувцас, жижиг хэрэглэлтэй зогсоно. Бид чөтгөр гэх үгийг сонсоод хамгийн түрүүнд эвэртэй, сүүлтэй, үзэшгүй муухай төрхтэй, том хар далавчтай гээд олон янзаар төсөөлдөг. Харин жүжигт чөтгөр яг л бидэнтэй адилхан, энгийн бөгөөд цэмцгэр. Түүний улаан нүд хүнээс ялгарах ганц төрх нь. Бурхныг бяцхан хүүгийн төрхтэй цагаан дэлгэц дээр гаргана. Хүүхэд бол гэнэн цагаахан, сайн сайхан бүхний илрэл хэмээдэг. “Фауст” жүжиг дээр бурхныг төлөөлүүлж бяцхан хүүгийн төрхөөр үргэлж чөтгөртэй уулзуулах нь түүнийг бооцоонд хожигдож, хөгшин Фаустын сүнсийг тэр авахгүй гэдгийг илэрхийлэн тохуурхаж байгааг харуулна. Хөгшин Фауст хор ууж амиа хорлох үед цаг зогсож олон чөтгөр дунд сэрж, нохойн дүрд хувилсан Мефистофельтэй тохиролцон гэрээ хийснээр бүх зүйл эхлэв. Найруулагч жинхэнэ нохойг ашиглан уг хэсгийг шийдсэн нь тун зоримог, амьд мэдрэмжийг өгнө. Чухам энд Фауст цусаараа гэрээнд үзэглэсэн нь оюун ухаанаа бүрнээ чөтгөрт өгч буйг илтгэнэ. Мефистофель ганц бус олон байх нь хаа сайгүй чөтгөрүүд байдаг, угтаа бол тэдгээр хүн чөтгөрийн нэг болох боломжтой гэх давхар санаа аж.

Хамгийн сайхны туйл ч чөтгөр байж мэднэ шүү дээ. 

Хайрын шунал

Өөд болсон эцгээ эцсийн замд нь үдэхээр шаналан буй танхил охин Маргаритаг оршуулгын газарт залуу Фауст харж хөнгөн шохоорхлын оч үсэргэснээр эмэгтэйн хувь тавиланг хөөрхийлөлтэй зам руу хөтөлдөг. Маргарита өөрийн гэсэн бүхнээ залуу Фаустад өгч буй шийдэл нь амьдралаа сүйрүүлэх эхлэлийг хүн өөрөө тавьдаг болохыг харуулах гэсэн найруулагчийн шийдэл. Бүсгүй хүний гэнэн шунал, анхны хайрыг мэдрэх гэгэлгэн зүрх нь аажим аажмаар ёроолгүй шунал руу хөтөлж, өөрийн гараар ээж болон хүүхдийнхээ аминд хүрэх, эцэст нь амиа хорлоход хүргэх бүх шалтгааны эхлэл болно. Оршуулгын газарт байх Фауст “Хөөрхий шинэ эхлэл гэтэл амьдралын төгсгөл байх шив дээ” гэж хэлдэг. Энэ үзэгдлээр үхэх бол төрөх цорын ганц арга гэх санааг илтгэнэ. Фауст, Маргарита, Марта, Мефистофель нарын цэцэрлэгт зугаалж явах үзэгдлийг ногоон дэлгэц дээрх шууд дамжуулалтаар шийдсэн нь тун шинэлэг болжээ. Олон ширхэг томоос жижгэрэх шоо хэлбэртэй төмөр дөрвөлжнийг үзэгдэл бүр дээр янз янзаар хэрэглэнэ. Маргарита шоронд байх үед тайз руу гарч ирэх төмөр дөрвөлжнүүдээр сэтгэлийн шоронг илтгэж байх аж.. 

Эрх мэдлийн шунал

Эрхэм дээдсийн сүр хүчийг мэдэрч, эд хөрөнгийн овоолгод эзэн суух нь хэнбугайг ч “сохолж” чадах зүйл. Хоёрдугаар бүлэг нүсэр тайз засалтаас татгалзаж, орчин үеийн технологийг түлхүү ашигласан байх агаад stand-up comedy уран бүтээлчдээр дүр бүтээлгэсэн нь ч зоригтой алхам. Энэ хэсэгт Фаустад цагаан хослол дээр улаан нөмрөг өмсүүлж, хувцас болон өнгөний хүчийг ашиглан дүрийн эрх мэдэл, эд хөрөнгийн шуналд автаад буйг илэрхийлжээ. Эхлэл хэсэгт Марта бүсгүйн мөнгөний шуналтайг толгойноосоо хөл хүртлээ гоёсон улаан өнгийн хувцаслалтаар нь төлөөлүүлэн харуулсан. Эх зохиолд Фауст сүйрч буй улсын иргэдийг залилж, сан хөмрөгийг хүчирхэгжүүлдэг бол жүжигт өөр улсыг ховдоглон сорж байна. Аль ч нийгэмд ийм увайгүй, ичгүүргүй байдал байсан билээ. Энэ насаа зөвхөн эрдэм мэдлэг, саруул ухаанд зориулж явсан эрхэм эрдэмтэн маань эрх мэдэл, алт мөнгөнд тэгтлээ шунаж, зүтгэхгүй. Гэхдээ Мефистофель бооцоонд бууж өгөлгүй Фаустыг тэнгэрийн дагина, үлгэрийн гүнж Зевсийн охин Еленатай ханилуулж, гэр бүлийн аз жаргал, үр хүүхдийн цангинах инээдийг бэлэглэх ч хүү нь тэднийг орхиж, үзэсгэлэнт дагина ч мөн түүнийг орхин явна. Мефистофелийн дүр үзэгдлүүдийг өөрөө өгүүлэхийн зэрэгцээ үүн дунд элсээр зурах урлагийг ашигласан хүүрнэсэн нь сонирхолтой, үзүүштэй шийдэл болжээ. Хайртай хүмүүсээ алдсан Фауст уур уцаартаа живж, чөтгөрийн ятгалгаар олон хот улсыг сөнөөж байна. Үүгээрээ эх зохиолд гардаг Фаустын сохорсон хэсгийг харуулжээ.

Сэтгэлийн шорон

Фауст төмөр дөрвөлжинд гавлуулсан байх нь түүний дотоод сэтгэл шаналал, зовлонд ороогдсон аж. Ажлын өрөөндөө ирсэн залуу Фауст туулж өнгөрсөн бүхэн, шаналж үлдсэн сэтгэл, сохорч шунасандаа үйлдсэн болгоноо Мефистофелиэс болсон гэж буруутгана. Гэхдээ чөтгөр түүнд аз жаргал, шинэ амьдралын эхлэл бэлдсэн биш гэж үү? Эсвэл энэ бүхэн түүнд зориулсан хувь тавилангийн тохуурхал шоглоом байсан уу? Фауст эрдэм мэдлэг, нэр хүнд, цол хэргэмд хэтийдтэл умбасан боловч сэтгэл зүрхээрээ хувхай хоосон нэгэн. Фаустын хүн төрөлхтөнд тустай шинэ нээлт нь, шинэ ертөнцийг бүтээх насны зорилго нь, ертөнц хоорондын томьёоны эрэл нь үнэндээ эрхэм эрдэмтэн, профессор, багш түүний дотоод сэтгэлдээ өөрийнхөө төлөө хийж байсан үйлдэл байсныг ухаарна. Тэр өөрийн гаргаж авсан туршилтын хүн болох өөрийгөө жинхэнэ биш гэдгийг ойлгодог. Учир нь жинхэнэ хүн хүнийг хайрлаж чаддаг байх ёстой, хайрлаж сурсан байх учиртай.

Фауст өөрийн бүтээсэн хүнийг үгүй хийж буйгаар тэр хэнийг ч хайрлаж чадаагүй, хайрлаж байгаагүй гэдгээ мэдэж, өөрөөсөө нууж чадсан шунал, хуурмаг нь эргээд өөрийг нь үгүй хийж байгаагаас ялгаагүй гэдгийг илэрхийлэх аж.

Чөтгөр ялагджээ. Фауст ертөнц хоорондын томьёог биш аз жаргалын томьёог хайх ёстой гэдгээ ойлгоно. Гэвч аз жаргалын томьёо гэж үнэхээр гэж үү?

Фауст постдрамын жүжиг цагаан, улаан, хар өнгөөр тайзнаа амилсан. Бурхан, чөтгөр хоёр цагаан хувцастай. Тиймээс бурхан чөтгөр хоёрын аль аль нь хүний дотор ижил зэрэгцэн оршдог аж. Бүх чөтгөр болон гол дүрүүдийн хувцсыг цагаан өнгөөр шийдэж өгсөн нь цагаан өнгө цэвэр ариун, өөгүй гэх тодорхойлолтыг няцааж байх шиг. Тайзны шийдэл, тавилт нь орчин үеийн техник технологитой хосолж, цагаан дэлгэц, шууд дамжуулалт, микрофон хэрэглэж байсан нь найруулагчийн арга барил, харах өнцөг, ур чадвар, өвөрмөц байдлыг илэрхийлэв. “Фауст” постдрамын жүжиг жүжигчдээс асар их энерги, хүчин чармайлт, сэтгэлийн тэнхээг шаардах бөгөөд тэр хэрээр хүчирхэг тоглолтууд гарч ирж байна. Жишээ нь, хөгшин Фаустын дүрийг бүтээсэн жүжигчин МУГЖ Г.Мягмарнаран гуайн тухайд жүжгийн нүсэр их дуу чимээнд түүртэхгүй жүжиглэж, дүрээ урлаж байсан нь тун гайхалтай, бишрэм байв.

Бид амьдралынхаа туршид хэдэн зуун асуулт асууж нийгмээс, бусдаас, заримдаа өөрөөсөө хариулт нэхэж эрж амьдардаг. Магадгүй бидний ихэнх нь өөрөөсөө “Би яавал жаргалтай болох бол?”, “Юу намайг аз жаргалд хөтлөх вэ?” гэж асуудаг. Тэгээд л энэ асуултынхаа хариултыг өөрсдийнхөөрөө олж авна. Эд хөрөнгө, эрх мэдэл, алдар нэр, ололт амжилт, эрдэм мэдлэг, уйгагүй хөдөлмөр, гэр бүл, хайр дурлал бас өвдөлт шаналлаас ч аз жаргалыг мэдрэх нэгэн бий. Харин математикийн бодлогын хариуг олохдоо хэрэглэдэг томьёо шиг тогтсон журам аз жаргалд байдаг болов уу?

Хөгшин Фауст жүжгийн эхлэлд ертөнц хоорондын томьёо гэх асуултыг тавьж, төгсгөлд нь аз жаргалын томьёо гэх хариулт гаргаснаар жүжиг дуусна.

Монгол тайзанд морилон ирсэн “Фауст” постдрамын жүжиг “Аз жаргал хүн болгонд адилхан зүйлээс мэдрэгдэхгүй ч эцэстээ хамгийн төгс аз жаргалын томьёо бол хүн хүнээ хайрлах, хэн нэгэнд хайрлуулах, бас хариу нэхэхгүй хайрлаж сурахын нэр” гэх санааг өвөрмөц өгүүлэмжээр илэрхийллээ.

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

@Katen on Instagram
[instagram-feed feed=1]