Энэ нийтлэлийг эхлэхээсээ өмнө Fat Cat жааз клубийг байгуулсан, өнөө хүртэл үйл ажиллагааг идэвхтэй явуулж буй эрхмүүд, дуучид, хөгжимчдөөс асуух зүйл байна. Сайхан дуугаралт, улаан тайз, мэргэжлийн хөгжим, хэрэглэл, гэрэлтүүлэг. Та бүхний ухаан, сэтгэлээ зориулж, сайн сайхан бүхнийг хүсэж урласан тайз. Ийм тайзыг нийтийн караоке болгоё, дуулахыг хүссэн хэн ч хамаагүй гаргаад дуулаг л дээ гэвэл таны эгдүү яаж хүрч, яаж бачимдах бол? Магад таны амнаас “мэргэжлийн урлаг” гэх үг унах биз. Жааз хөгжимд хүсэж дурласан, олон жил түүнийг судалсан, өөртөө суулгасан, мэргэшсэн нэгэн гарах учиртай тайз. Тийм ээ, та өөрийн салбарыг, мэргэжлийг хүндэтгэх нь зүй. Гэтэл яруу найраг, шүлэг бол хэн ч гараад сэтгэлээ уудалж, уураа гаргаж, дур тачаалаа илэрхийлэх талбар байж болох юм шиг юунд доромжилно вэ? Уран зохиол урлаг биш гэж үү? Уран зохиолд мэргэжлийн ур чадвар хэрэггүй юм уу? Адилхан урлагийн салбар атлаа манай хэрэг биш гэсэн шиг хандах хэрэг үү? Ашгийн төлөө уран зохиолын салбарыг зольж буйд гүнээ харамсаж үүнийг бичнэм. Анхны санаа, зорилго нь сайхан байж болох ч одоо бол хүүхдэд зориулсан “Болор Цом” л болжээ.
Болор Цом яруу найргийн наадмыг ихэвчлэн залуус шүүмжилдэг дээ. Өнөө л нэг мал, эх орноо дуудсан хөгшин хүмүүс гэлдэнэ. Гэтэл уран сайхныхаа түвшинд адилхан л гавихгүй хэвтэж байж сэдвийг нь шүүмжлэх эрх яаж байх вэ дээ. Малаа бичнэ үү, дур тачаалаа магтан дуулна уу ялгаагүй, уран сайхныхаа түвшинд тэнцэхгүй л бол тэнцэхгүй шүү дээ. UB Life-ийн Fat Cat-тай хамтран зохион байгуулдаг Poetry Night-ийн үрс Болор Цомын ах эгч нартайгаа юугаараа адилхан бэ? Чихэнд зориулсан шүлэг, сүржин, уянгалаг, уран унших ур чадвар. Хэмнэл, сэдэв нь л өөр болохоос зорилго нь ав адилхан. Яруу найрагч болж жүжиглэх.
Ингэхэд энд Уолт Уитмэн, Дү Фү, Марина Цветаевагийн ч юм уу шүлгээ яаж дууддаг асан, ямар хоолойгоор уншдаг, хэр хурдан түргэн хэлдэг байсныг мэдэх, ой тойндоо нүдэнд үзэгдтэл санаж явдаг хүн байна уу? Агуу шүлэг дотроо мөнхийн амьтай байдаг. Та бүхний шүлгийн амин судас буюу “уран уншлага” гэгч зүйл үнэндээ зуурдын шинжтэй. Чамтай хамт тайзнаас буугаад явчихдаг, тайзнаас буумагцаа амь тавьчихдаг шүлгийн төлөө үхэлдэн тэмцэлдэх хэрэг юун?
Тайзны дон
Уран зохиолын залуучуудыг тосож авах, мэргэшүүлэх талбар нь уран зохиолын дугуйлангууд байлаа. Шүлгээ уншина, саналаа солилцоно. Би МУИС-ийн Утга Зохиолын Нэгдэлд байсан. Багш биднийг тайзан дээр гарч уншиж болохгүй гэж хэлсэн удаагүй, гэхдээ нэг их сайшаахгүй гэдгийг нь бид мэддэг сэн. Хүүхэд юм хойно сэм сэмхэн уншсан удаа бий л. Сайхан л байдаг. Гэвч сайхан нь өөрөө асуудал юм. Сайхан нь өөрөө донтох шалтгаан болдог бололтой.
Өчигдөр би улаан цайм “тайзан дээр шүлэг унших” дон туссан хүн үзлээ. Гарч ирснээ “Би зүгээр гүүглээс хайрын тухай шүлэг хайсан. Түүнийгээ уншиж өгье” гэнэ. Төвөг дөө хүү минь. Чамтай чамгүй утастай, гүүглтэй олон хүн бий. Өөрсдөө олоод уншчихаж чадах байлгүй дээ. Өөрөө таталсан таван мөр шүлэггүй юм бол тайзан дээр гарч яадаг юм бол гэж гайхаж байлаа. Нөгөө нөхөр нэлээн олон шүлэг хэлэв. Хүмүүсийн царайны хувирлыг ажиглахад эхний шүлгийг нь гүүглээс хайж олсон шүлэг, удаах шүлгүүдийг нь өөрийнх нь шүлэг гээд ойлгочих шиг болно лээ. Мань хүн миний цээжээр мэддэг шүлгийг бичсэн яруу найрагчийнх нь (соёлтой хүн бол орчуулагчийг нь ч дурддаг сан) нэрийг ч дурдалгүй тултираадуухан хусаж өглөө дөө. Ширээ рүүгээ золтой л огьчихсонгүй.
Дахин ирж уншаарай, дахин дахин ирж уншаарай
Тайзнаас буухад чинь нэг эгч тэгж хэлээд байгаа биз дээ? Дахиад ирж унш, дахин дахин унш. Чи ирж уншвал чиний найзууд ирж уншина. Чиний найзыг үзэх гээд ахиад найзууд нь ирнэ. Сууна, суухдаа гар хоосонгүй, ядаж нэг шар айраг шимнэ. Гэвч одоо үнэнтэйгээ нүүр тул даа. Хүн татдаггүй байсан бол та нарыг аль хэдийн тайзан дээрээс амбаардаад буулгачихсан байгаа.
Танай хаан шалдан!
Зөвхөн Fat Cat биш яруу найргийн тайзны уншлага болгон дээр залуу яруу найрагч С.Начин гэдэг хүн явж байх юм. Наад хүн чинь ерөөсөө залуу хүн биш шүү дээ. Залуу нүүрээрээ шүлгээ тахалдаг төдий л. Залуу хүн юм чинь иймэрхүү юм бичиж л байг дээ гээд уншигчид нь хүлцээд байдаг бололтой. Тоймгүй олон шүлэг дунд нь торох юм юу байна? Арван хэдэн жил алалцаж байж Болор Цом авлаа гээд ярилцлага өгсөн байдаг. Өөрийгөө хүндэлдэг, бичиж чаддаг ямар л хүн Болор Цом мэтийн төлөө арван хэдэн жил улайраад гүйж байх вэ дээ. Үнэнийг хэлэхэд өөрийн үе, дээд үе, доод үеийнхэндээ нэр хүндгүй болсон хүн дөнгөж уран зохиолтой танилцаж буй хүүхдүүдийг ээрээд яваа юм шиг л харагдаж байна. Үгүй гэвэл тэгэхээ болих биз. Үлгэрлэх хүн чинь лав биш шүү хонгорууд минь.
Одоо микээ газар тавиад, бичиж эхэл дээ.
Leave a Reply