Press ESC to close

Усны ГудамжУсны Гудамж Бичээчийн Хөгжих Талбар

Хот хийгээд ёр бэлгэ

Усны гудамж сайт “Зохиолчийн сар” буландаа гадаад, дотоодын зохиолчдын бүтээлийн уран сайхан, үнэ цэнийг сэргээн сануулах, таниулах бичвэрүүдийг нийтэлж буй. Бид хоёрдугаар сард төрсөн зохиолчдын тухай бичвэрийг “Pallaswati утга зохиолын бүлгэмийн гишүүдтэй хамтран боловсруулж байна. Та бүхэн МУИС-ийн Утга зохиол, урлаг судлалын тэнхимийн багш И.Даваадоржийн бичвэрийг болгооно уу. 

Хот хийгээд ёр бэлгэ

П.Баярсайханы “Хотын онгон” романы тухай

Зохиолч П.Баярсайхан тайван намуун, нэгэн жигдээр үргэлжлэх найрал хөгжим шиг орчин, дүрийг сүлэх мэт боловч гэнэт л хаа нэгтэйгээс буун дуу хадах шиг жиг зүйлийг өгүүлдэг тухайд би өмнөх бичвэртээ дурдсан билээ (П.Баярсайхан зохиолчийн бүтээлийн онцлогийн тухай өгүүлэх “Гэгээн гэхдээ хүнд” нийтлэлийг эндээс уншина уу). Түүний бас нэгэн жишээ нь Улаанбаатар хотын 355 жилийн ойд зориулан бичсэн “Хотын онгон” роман юм. Зохиолч П.Баярсайханы хүүрнэл болон жүжгийн зохиолд тухайлан бичсэн утга зохиол судлаач, шүүмжлэгчдийн бүтээл цөөнгүй. Тэдгээрийн дотор нэрт шүүмжлэгч, профессор Д.Галбаатар (ScD) “Төгсөөгүй захидлын төгсгөл буюу “Хөх туурийн тал” дахь “Хүн гөрөөс”-ний бодлогошрол” шүүмждээ:

Орчин үеийн монголын нийгмийн бодит дүр төрхийг бүхэлд нь өвөрмөц байгууламж, болзолт бус дүрийн системд нэгтгэн харуулсан, хүн-нийгэм, ёс суртахууны эвдрэлд зовнисон “Хотын онгон” романд дүрслэлийн уламжлалт аргуудаас гадна символчлолыг өргөн хэрэглэж, бэлгэ ёр, зүүд зөн, хий совин, хуурмаг дүр, үлгэр домгийн сүнс сүлд, онгон, гаж үзэгдлийн элементүүдийг тохирох газар нь тунг нь тааруулан ашиглаж, түүнийгээ уламжлалт түүхэн сэтгэхүй, ёс заншлын зүйлстэй уялдуулан дүрслэхдээ хураах, товчлох, нөхөн цөлбөж гүйцээх, бинтлэх, үйл явдлыг цуваа цагт бус зэрэгцээ цагт хослуулсан. Түүний зохиол жирийн нэг хөвөрсөн усан өгүүлэмж, байдаг л нэг зохиомжтой хуучин бүтэц бус гэдгийг харуулдаг юм (Галбаатар, 2006: 150) хэмээсэн бий.

  1. Нүүдэлчид ба хотын уран зохиол

Анжис хөллөн газар хагалж, амь зуух тариачны суурьшмал иргэншилд хот гэдэг төдий л шинэ үзэгдэл биш. Гэхдээ жилийн дөрвөн улирал буйр сэлгэн нүүдэг тал нутгийн нүүдэлчдийн хувьд “хот” бол тогтворгүй, бүтээж бас орхиж болох хувьсамтгай үзэгдэл болохыг өнөө торойж үлдсэн “цагийн сорвитой” туурь, сүм хийдийн балгасаас харж болно. Яая гэх вэ, зарим нь бидний уугуул аж төрөх хэрэгцээнд нийцээгүй, заримыг нь улс орны өөрчлөлт, хувьсал, үзэл суртал залгисан гэж үзэж болох. Мухлагаас гарах өглөөний талхны үнэр, өсөж төрсөн гудамж, Парисын бүүдгэр байр сууцууд гээд ер төрөлх хотынх нь амьдрал найрагчдаа хэрхэн нөлөөлдөг тухай сэдэв өрнийхний хувьд өл дол болсон. Гэхдээ их зохиолч В.Инжаннашийн өгүүлснээр “зуун түмээр үхэж буснихын өвчин ирэхгүй” тал хээрт тархан нүүдэг нүүдэлчин ард уран зохиолын бүтээлдээ хотыг өгүүлнэ гэдэг, тэр дундаа хувь зохиолч өөрийн аж төрж буй хотоо дүрсэлнэ гэдэг соньхон.

 Хотын уран зохиол хэмээх эл төрөл зүйлд хотын орчин, суурин иргэншил хүнд хэрхэн нөлөөдөг тухай өгүүлнэ. Үүний зэрэгцээ суурин иргэншилт хүмүүний оршихуйн адармаат нөхцөл байдал, нийгмийн динамик, эдийн засгийн асуудал, гэмт хэрэг, өөрийн шинж ба ижилсэл, цагаачлал хийгээд соёлын олон янз байдалтай холбогдох нь бий.

Зохиолынхоо тухай өгүүлэх гээд элдвийг нуршиж буй бичээчийн миний хувьд П.Баярсайханы “Хотын онгон” хэмээх романд нүүдэлчин ахуйгаас сууриншсан хүмүүнд хот хэмээх төвөгтэй бүтэц доторх хүний олонлог хэрхэн нөлөөлж буйг тод илэрхийлэн харуулдаг гэж санагдана. Гэхдээ зохиолч эл бүтээлдээ зөвхөн хотыг хүүрнэсэн бус, манай түүхийн эгзэгтэй, хар бараан нэгэн үе буюу 1920-1930-аад оны үед өрнөсөн улс төрийн хэлмэгдүүлэлт, нутаг заан цөлөх гэх мэт засаглалын эрс, халтай үзэгдлийн нөлөөнд орсон дүрүүдийн тухай зэгэл саарал гудамж, шорон, галзуугийн эмнэлгийн хүсэмгүй орчинд өгүүлжээ. Эл бүгдийг эшлэн тайлбарлавал дуусашгүй болж, уншигч таныг уйдааж мэдэх тул “урьд цагийн Номын их хүрээ… төвөд ном сударт Хүрээ ченмо, хятадын бичиг дэвтэрт Да Күлүнь” хэмээн тэмдэглэгдсэн Улаанбаатар хотынхоо амаргүй түүхэн хувь заяаг зохиолч өөрийн дуу хоолойгоор уянгын халил хийн өгүүлснийг дор дурдъя.

Гэвч Их хүрээ энх амгалангийн хүрээ байж яахан чадах. Манжийн хаанд дагаар орсон эздийнхээ ичгүүрээр айлын шоовдор хүү мэт ад үзэгдэн, тас талхиулж, далайхад нь далд орж, даллахад нь ил гарч хоёр зууныг гэтэлбэй. Их хүрээ минь… Их хүрээ минь… Энэхэн ертөнцөд чамаас минь илүү зовлон гамшгийг туулсан улсын төв байх болов уу? Үгүй дэг ээ.  Чи минь зовлон дунд төрж, зовлон дунд торниж, зовлонгийн гүнийг гэтэлж, тэрхүү зовлонгоос түмнээ авран ачлахуйн бүхий л тарни номыг гүйцээж, ид шидийг харуулав. Хожим нь чамайг хүн зон нь Улаанбаатар гэсний учир ч тэр амуй (Баярсайхан I, 1994, 209-210).

  1. Хүсэмгүй ч сонирхолтой готик шинж

“Хотын онгон” романд инженер мэргэжилтэй Бадар болон Ерөнхий сайд Гэндэний үеийн Хотын дарга асан Галт нарын тухай өгүүлдэг. Зохиолын явдал хос шугамаар зэрэгцэн өрнөх агаад хотын инженер Бадарын сэтгэцийн эмнэлэгт өнгөрүүлсэн нэг өдөр, нэг шөнө, нөгөөтээгүүр Галт өвгөний Мөстийн сууринаах сар хагасын үйл явдлыг өгүүлж, романы төгсгөлд эл хоёр үйл явдлын шугамыг зангидан өндөрлөдөг. “Хотын онгон” романы дүр, орчин хийгээд уур амьсгал, баатруудын өөрийн шинж (identity), айдсын илрэл нь готик зохиолын шинжийг товойлгон харуулсан бий.

Готик уран зохиол (готик аймшгийн зохиол) гэх уран зохиолын урсгал чиглэл нь аймшиг, айдас түгшүүрт буй гоо сайхныг харуулдаг. Готик гэх ойлголтын угшил нь дундад зууны архитектурын готик хэв маягийг зохиолын орчин болгосноос үүдэлтэй юм. Анхлан 1764 онд Хорасе Валполе “Отрантогийн цайз” (The Castle of Otranto) гэх зохиолд дундад зууны үеийн готик орчин, уур амьсгалыг ашигласан нь XIX зууны эхэн хүртэл өрнийн уран зохиолд нөлөөлжээ (Abrams, 2009: 137). XVIII-XIX зуунд өрнө дахинаа хүчтэй дэлгэрсэн готик уран зохиол нь эгэл бус элдэв аймшигт үйл явдлыг өгүүлж, нууцлаг, зэгэл саарал дүрслэлийг агуулж байдаг (Brich, 2009: 3260).

Готик чиглэл ид дэлгэрсэн XVIII-XIX зууны Их Британид шинжлэх ухааны томоохон нээлтүүд гарч, аж үйлдвэрийн хувьсгал өрнөж байв. Шинжлэх ухааны мэдлэгийг ихэд өргөмжлөн үздэг позитивист философич Огюст Конт эл үед ид бүтээлээ туурвиж байлаа. Дэлхий ертөнцийн тухай урьдын танил шашны тайлбарыг няцаах дүгнэлт, хэллэгүүд дэлгэрэх болсон учир эл үеийнхэн эрхэт тэнгэр (God)-ийн оршихуй, дээд хүчний тухай асуултад эргэлзэхийн зэрэгцээ хүндэтгэдэг байсан гэдэг. Харин готик зохиол, шинэ шинжлэх ухаанаас зайдуу оршиж, цайз, сүнс, үхэл, галзуурал мэтийн “шөнө гэнэт гарч ирдэг зүйлс (things that go bump in the night)” – ийг өгүүлсээр байсан нь хүмүүст шинжлэх ухаанд дарагдсан итгэх хийгээд бишрэх хэрэгцээгээ ялгаатай замаар хангахад нэмэртэй байжээ.

Готик чиглэлд хамаарах уран зохиолын бүтээл нь доорх шинжийг агуулдаг. Үүнд:

  • Орчин ба уур амьсгал
  • Байгалиар бэлгэдэн дохиолох
  • Ер бусын дүрслэл, элемент
  • Дүр, баатрын ижилсэл болон хуваагдмал шинж (Duality and Identity)
  • Хорон санаатнууд ба баатрууд

“Хотын онгон” романд эдгээр шинж илэрч буйг шинжлэн үзэж, зохиолчийн бусад бүтээлтэй холбогдож буй эсэхийг эсэхийг авч үзье.

Орчин ба уур амьсгал. Готик уран зохиолд үйл явдал өрнөх цаг, орон буюу орчноор дамжуулж зэгэл саарал, тааварлашгүй хэр нь айдас төрүүлэм уур амьсгал бүрдүүлдэг. Готик романы үйл явдал ихэвчлэн эртний цайз, харш, балгас, оноон заасан нутаг (isolated landscapes) зэрэг жихүүцэм, нууцлаг орчинд өрнөнө. Тус зохиолын гол дүр Галтыг Гэндэн, Дэмидийн хэрэгт буруутган нутаг заан, Мөстийн жижиг сууринд цөлж орхидог нь үүний нэг жишээ юм.

Уг романы зохиомжийн нэгэн хэсэг болох байгалийн зураглал нь зохиол өрнөх орныг танилцуулах, дүрийн дотоод сэтгэлийг илэрхийлэх хоёр зорилготой. “Хотын онгон” романы эхлэлд хэрээн улингарлаар айсуй хэцүү цагийг дохиолж, хам олны айдсыг харуулдаг. Энэхүү орчны дүрслэл нь готик зохиолын “байгалиар бэлгэдэн дохиолох” шинжтэй холбогдох нь бий.

… Өөр цаг үед сэн бол юун олон шувуу хаанаас гараад ирэх нь энэ билээ гэж хот даяар гайхан хэлэлцэх байсан даг аа. Учир юун гэвэл нэвсийсэн түмэн хар шувуу тэнгэр харанхуйлаад нүүгэлтэн ирж Гандангийн дэнж, Сэлбэ, Туул, Дунд голын мөс хөвөө, Консулын өвөр, улаан, цагаан хуаран, ер газар сайгүй багшралдан, дэгдэн дэвхрэлдэн хэд хоног тасралтгүй шаагилдахад… Чингэтэл шинэ цас ороод бүтэн хоноогүй байтал тэнгэр тэгтэл чихэлдэн чухцалдсан олон шувууд асгаран басгаран ирээд юуны шинэ цас манатай, ердөө л хөө хар будаг шунх нил цацаж орхисон шиг болох нь тэр… (Баярсайхан I, 1994: 4).

Романы эхлэлд дүрслэгдэх төрийн зүтгэлтэн, жанжин Д.Сүхбаатарын оршуулга нь хам олныг нөмөрч буй айдас, зохиолын дараа дараагийн хэсэгт өгүүлэх улс төрийн хэлмэгдүүлэлт зэрэг ноцтой асуудлыг амдаж байна. Эндээс зохиолч байгалийн зураглалаар хар бараан, хүнд орчныг байгуулахын зэрэгцээ эл зураглалаараа дамжуулан дараагийн үйл явдлыг таамаглан бодох боломжийг бэлгэдэн бүтээж буйг анзаарч болно.

Ер бусын дүрслэл, элемент. Зохиолын өгүүлэгдэхүүнтэй холбогдох ер бус, ёр бэлгийн шинжтэй дүрслэл болон баатрыг зохиолч П.Баярсайхан олонтоо бүтээсэн нь бий. Зохиолч ер бусын дүрслэл, элементийг бүтээхдээ өөрийн үндэсний сайхан муухайг илэрхийлэх уламжлалт арга, ёр бэлгэд тулгуурлажээ.

“Хотын онгон” романы гол дүрийн нэг Бадар галзуугийн эмнэлэгт хэвтсэний дараагаар хүн хийгээд амьтны хольцмол шинжтэй Арваан гэгчийг хардаг.

Завж нь сулбайн унжаад шүлс шүнхэг гоожихын нэг гоожчихсон, шанаанаас нь авхуулаад шар, хар, цагаан, ногоон, бор, хүрэн үс ноос холилдон ургасан өр тамаас зулбаж ирсэн амьтан зэтгэр гэмээр хачин жигтэй лүдийн амьтан байлугаа. Тэгтлээ хоёр чих нь ямар ч үс ноосгүй нүв нүцгэн, цэмцгэрхэн тэр бүү хэл ихэд буянт хүний шинж төрхийг шингээсэн дэлчгэр том чих харагджухуй. Хүн нохой юм уу, нохой хүн юм уу. Бадар тааж таньж эс чадав. Үс ноос, шүд хоншоорыг үзвэл нохой мөн. Чингэтэл хэдий цэх шулуун бус ч гэлээ хоёр хөл дээрээ хэв нэгхэн зогсоо, энэ нуруу туруу, эмнэлгийн өмд цамц өмссөн зэргийг нь харахул хүн мөн (Баярсайхан II, 1994: 125).

Уг хэсгээс бэлгэ бус, уншигчдад айдас төрүүлэхүйц хүн-нохойн холимог шинжит Арвааны дүрслэлийг харж болно. Амандаа араа соёотой араатан, аль эсвэл эмчийн хувцастай буянт хүн аль алины нь шинжийг илтгэх энэхүү хүн-амьтны завсрын холимог нь уламжлалт баатарлаг туульсаас эхтэй мангас махчны дүр дүрслэлийг санагдуулах (Нандинбилиг, 2004) агаад шууд тоочих гадаад дүрслэлээр дамжуулан айдас бүтээж байна. Мөн зохиолчийн “Нохойн хэвтэр” туужид баавгай шиг том, соёо шүдээ арзайлгасан нэгэн золбин нохой охин дээр шээж буйг дүрслэн, туужийн явдлыг айдастай бас нээлттэйгээр төгсгөсөн байдаг.

Тус романд эл дүр эгэл ертөнцийн бус хүний дуу хоолойг сонсох зэргээр айдас, ёр бэлгийг бүтээхийн зэрэгцээ, романы дараагийн үйл явдалд хөтөлнө. Жишээ нь өндөр хоршооны хойно байх өмхий усанд нэгэн хүн живж үхсэнийг гаргахаар Хотын дарга Галт усч өвгөн Сэдийг гуйдаг. Усч өвгөн ийн өгүүлдэг.

Цаад цогцсоо бушуухан далд хийж үз, хүүхдүүд минь, өвгөн би харж чадахгүй нь. Өтөл болтлоо зөндөө хүн уснаас аварч, үйсэн живснийг ч олныг гаргаж байлаа. Ийм юм үзсэнгүй гэв… Хөөж пэмбийгээд, нүүр ам нь цэлдэн хөхөрч харлах янз оржээ… Хүн шиг л хүн яваад гай татлан усанд живж өнгөрсөн нэгэн болой. Чингэтэл өвгөн: – … Энэ хүний цогцсыг олоод чангаагаад өөр рүүгээ татаадахтал үг хэлэх шиг боллоо. Юу гэж хэлэв гэвэл: Бурхан Гончигсум минь! Үер болно … гэлээ…  гэжүхүй?! (Баярсайхан I, 1994: 198-199).

 Үхсэн хүн амьдын хилийг зөрчин хэл мэдүүлсэн нь ер бусын хийгээд ёр бэлгийн өгүүлэмжийг бүтээж, зохиолын дараагийн хэрэг явдал руу хандуулна. Хүүр цогцсын хэлсэн ёсоор үер болох агаад романы нэгэн гол дүр Гэндэн сайдын үеийн хотын дарга Галт үерт автсан айлуудыг аюулаас аврахаар явахдаа нэгэн данжаадын гэрт буй авсыг нээж үздэг.

Галт алхам урагшилж дүүрсэн хэрэг авсны тагийг түлхээд үзтэл хадаагүй байж, таг цаашаа алавхийн гулсаад онгойчихлоо…Чингэтэл тэр нь харваас хятад хүн ердөө биш, гэзэг үс нь намирсан залуу эмэгтэй байжухуй… Жигтэй юм, монгол хүн бүр залуу бүсгүй яахлаараа энд, авсан дотор байж байдаг билээ?!…. тархин дундуур нь татаад явчихлаа. Тэнгэр минь тэр дотор Дулмаа хэвтэж байх нь тэр! (Баярсайхан I, 1994: 221).

Уг хэсгээс үзвээс нэгт Галтын эхнэр Дулмаагийн дүрийг жир нэгэн бүсгүй биш, амьд үхсэний алинд итгэж үл болом ёр бэлгийн шинжтэй дүрсэлж, мөн Галтыг дүрд сэтгэлт бүсгүйнхээ амьд эсэхэд эргэлзэх сэтгэл зүйн хуваагдмал шинж, дотоод зөрчил (Duality and Identity)-ийг үүссэн байна. Үүний адил дүрийн өөртөө итгэх, үл итгэхүйн эргэлзээт гохыг дарах өгүүлэмж “Нохойн хэвтэр” туужид бий. Эл туужид нас нөгчсөн залуу эмэгтэйн нүүрийг ороосон хадаг гулсан унахад, гол дүр Төмөрийг цусгүй цагаан нүүрнээх нүд дүрлийтэл ширтэж байх нь тэр. Эл дахин давтан дурдагдах хайрцаг хийгээд энэ эсвэл нөгөө ертөнцийнх нь үл мэдэгдэх эмэгтэйчүүдийн дүрслэл зохиолын гол дүрийг хуваагдмал өөрийн шинж, эргэлзээд хөтөлж байгаа юм.

Уламжлалт готик зохиол гэх ойлголтод хорон санаатан, хүчтэй эсрэг баатруудыг товойлгон харуулдаг.

Өгүүлж буй эл романд энэхүү шинж байх ч тухайн дайсан, хорлол учруулагч нэгэн нь бие хүн, үйлийн эзэн бус улс төрийн зүй бус шийдвэр, гол баатрын эс үйлдсэн хэрэгт ял оноон буруушаах тодорхой биегүй эрх мэдэл байдаг.

Гэндэн сайдын үеийн хотын дарга Галт тодорхойгүй байдлаар буруутан болж нутаг заагдан цөлөгддөг бол архитектор Бадар Нийслэл хоттой холбоотой зураг төслийг гаргасныхаа дараа сэжим нь үл мэдэгдэх байдлаар сэтгэлд хир сууж, сэтгэцийн эмнэлэгт хүргэгдэх нь бий. Эдгээр дүрд эсрэгцэх дайсан, сөрөг үйлдэл бий ч зохиолч тодорхой дуу хоолой, бие оноогоогүй нь хүнийг эрхшээсэн засаглалын систем, улс төрийн тогтолцоо бие хүний амьдрал, хувь заяанд хэрхэн нөлөөлдгийг харуулах гэсэн арга биз ээ хэмээн таамаглана.  

Өндөрлөхүй

Нүүдэлчдийн хотын тухай өгүүлэх уран зохиолын бүтээл олон л буй. Гэхдээ эгзэгтэй цаг үеийн хотыг үндэстний хар бараан гэж болох түүхэн үйл явдалтай уялдуулахын зэрэгцээ хүч бүхий эрх мэдлийн буулган дор буй бие хүнийг элдэв бэлгэ ёрын дүрслэл дотор урлаж чадсанаараа “Хотын онгон” роман онцгой хэмээн бодно. Мөн эл романд готик уран зохиолын шинж илэрч буй юм. Гэвч манай уран зохиолд готик хэмээх төрөл зүйл байгааг нотлохыг зорьсонгүй. Харин эл туурвин бүтээх арга маягтай дүйлгэн үзэж болох үндэсний уран зохиолын нэгэн жишээ буйг нотлон, тайлан тайлбарлахыг оролдлоо. Таалах хийгээд эс таалахыг та мэднэ биз ээ.

МУИС-ийн Утга зохиол, урлаг судлалын тэнхимийн багш И.Даваадорж

Ашигласан бүтээл:

Баярсайхан, П., (1994). Хотын онгон-I. Мөрөн:  Мөнгөн үсэг.

Баярсайхан, П., (1994). Хотын онгон-II. Мөрөн:  Мөнгөн үсэг.

Галбаатар, Д. (2006). Урлахуйн галыг бадраагч, эндүүрлийн гэмийг ариусгагч зул. Улаанбаатар: Бемби сан.

Даваадорж, И. (2023). П.Баярсайханы “Хотын онгон” романы уран сайхны онцлог: ёр бэлгэ хийгээд готик шинж. Япон дахь Монголын уран зохиолын нийгэмлэгийн 50 жилийн ойд зориулсан монгол уран зохиол судлалын “Улаанбаатарын хурал 2023” олон улсын эрдэм шинжилгээний хурал. 2023.08.15-16. Улаанбаатар хот.

Нандинбилиг, Г. (2004). Монгол баатарлаг туульс дахь сайхны тухай үзэл. Улаанбаатар: МУИС Хэвлэлийн газар.

Abrams, M. H. (2009). Glossary of Literary Terms. Boston. Wadsworth Cengage Learning.

Dinah Birch. (2009). The Oxford Companion of English Literature. Oxford: Oxford University Press.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

@Katen on Instagram
[instagram-feed feed=1]