Press ESC to close

Усны ГудамжУсны Гудамж Бичээчийн Хөгжих Талбар

Амьдралын мод мөнх ногоон байдаг

Усны гудамж сайт “Зохиолчийн сар” буландаа гадаад, дотоодын зохиолчдын бүтээлийн уран сайхан, үнэ цэнийг сэргээн сануулах, таниулах бичвэрүүдийг нийтэлж буй. Бид хоёрдугаар сард төрсөн зохиолчдын тухай бичвэрийг “Pallaswati утга зохиолын бүлгэмийн гишүүдтэй хамтран боловсруулж байна. МУБИС-ийн харьяа ЕБС-ийн багш С.Батзоригийн бичвэрийг хүлээн авна уу.

Амьдралын мод мөнх ногоон байдаг

Судлаач, шүүмжлэгч Сорогдогийн Энхбаярын уран бүтээлийн тухай

Урлаг, уран зохиол нь магад үнэнийг сэрэл мэдрэхүйн хэлбэрээр /иррациональ/

 урнаар /закон красоты/ илэрхийлэх, хүний оюун ухаан,

сэтгэлгээ төдийгүй сэтгэл зүрхний чинадын чинад нууцад нэвтэрч,

сэтгэл оюуны цэнгэл, таашаал өгөх /гедонизм/ илбэ увдистай байх ёстой.

 С.Энхбаяр

Утга зохиол судлаач, шүүмжлэгч доктор (Ph), профессор Сорогдогийн Энхбаяр Хөвсгөл аймгийн Жаргалант суманд 1964 оны хоёрдугаар сарын 26-нд төржээ. Уугуул нутаг Жаргалант сумыг нь та Монгол Улсын засаг захиргааны зургаас харах аваас Хөвсгөл аймгийн хамгийн урд талд Архангай аймгийн Тариат сум, Завхан аймгийн Их-Уул сумтай залгаж орших багашаархан сум үзэгдэх вий. Зуурхан түдээд зургийг ажваас, Идэр гол баруун хойноос шуугинхан орж ирснээ нутгийнх нь тэхий дунд ирээд огцом эргэж, зүүн хойшоо шаагинхан одохдоо зөв тэмдэг мэт голдирол үүсгэснийг та анзаарах болно. Яг тэр эргэлт, зөв бурууг ялгах алтан өнцөг дээр энэ сумын төв буурилж, сумын төвийн арагшаахан сургууль нь төвхнөнө. С.Энхбаяр тэрхүү дунд сургуулийг дүүргэж, улмаар 1989 онд УБИС-ийн Монгол хэл, уран зохиолын багшийн ангийг төгсөж, 1989-1992 онд Ховдын Багшийн дээд сургуульд Утга зохиолын онолын багш, 1992-1994 онд ШУА-ын хэл зохиолын хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтнаар тус тус ажиллаж байгаад 1994 оноос МУБИС-д багшилж байна.

Намтрыг товчхон өгүүлээд энэ нийтлэлийн эхний хэсэг судлаач, шүүмжлэгч С.Энхбаярын уран сайхны шүүмжийн зарим дагнасан бүтээлүүдийн тухайтад өгүүлэх үүнийг болгооно уу.

I

ИРЭХ УРСГАЛ

90-ээд оныг манай үеийн залуус төсөөлж, уншиж, сонсож л чадна. Тойм барагцаа төдий л юм. Гэхдээ бүх “урсгал ирсэн” гэдэгт эргэлзэлгүй итгэдэг.

“Урсгал” гэдэг гоё хөдөлгөөнт үг юм аа. Ус урсах, цуг урсах, амьдрал урсах, нулимс урсах, бодол урсах, цас урсах, нас урсах энэ бүгд л “урсгал” болон хүмүүний сэтгэлд нэршин үлдсэнийх нь гайхамшигт эрчим хүчээр бид үл зогсон, түүхийн нэгэн үед урссаар л байнам биш үү?

С.Энхбаярын анхны ном нь “Ирэх урсгал” хэмээх бэсрэг ном байх аж. Номоо яагаад ингэж шүлгийн ном шиг нэрлэснийг нь асууж үзээгүй ч дээрх бүхий л урсгал энэ нэрэнд багтах төдийгүй “уран зохиолын шинэ урсгал ирж байна” гэсэн мэдээ занги давын өмнө сонсогдож байна.

“Ирэх урсгал” ном “МУЗ хэвлэлийн газар”-аас эрхлэн хэвлүүлсэн “Зөн” цувралын 5 дахь дугаарт хэвлэгджээ. Номонд

  • “Яруу найргийг шинэчлэхийн төлөөх 100 жилийн дайн буюу модернист фронт командлагч Б.Галсансүх”,
  • “Обломов маягийн алхайрал гэж юу вэ? буюу “Баабар маягийн мэдэмхийрэл” гэж юу вэ?”,
  • “Ц.Хуланд бичсэн захидал” зэрэг жинхэнэ “шуугиан тарьсан” уран сайхны шүүмжүүд байна. Гэтэл шүүмжээр яаж шуугиан тарих билээ? гэсэн мэргэн асуултыг уншигч авхай бээр өөрөөсөө асууж сууна уу?

Шуугиан 1.

“…Энэ удаа эртний түүхт Монголын яруу найргийн талбарт нэгэн шинэ удирдагч төрөн гарч “Дорнын нар мандлаа” хэмээн хашхирсан нь “Дэлхийг байлдан дагуулна” гэсэн утгатай ажээ.

Ингэж дайн эхлэв…” С.Э “ИУ” 4т. 1995.

Ингэж шуугиан эхлэв. Ингэж Баатарын – Дэжидмаагийн Галсансүхийг С.Энхбаяр тулааны талбарын тэргүүн эгнээнд гаргаж, гарт нь М-16, Glock 18 бариулж, “Модернист фронт командлагч” цолыг 1991 онд ардын хувьсгалын 70 жилийн ойгоор гардуулав…

Одоо хэдэн он бэ? Хэдэн цаг болж байна? 2025 оны хоёр дахь сар талдаа орж байна гэж үү? С.Энхбаяр багш ингэж хэлж байжээ, Ийнхүү “бүх юм урсаж байгаа” орчлонд яруу найраг ч “урссаар” ирэв. Харин яаж “урсаж”, яаж өөрчлөгдөв?!

“ Алтан намар, мөнгөн сар, хүрэл үүлсийн

Алтан намар, мөнгөн сар, хүрэл үүлсийн чөлөөнд…” ингэж өөрчлөгджээ. 1991 он. 1921 онд бид

Алтан намар, мөнгөн сар, номин уулс

Алтан намар, мөнгөн сар, номин уулсын чөлөөнд… гэж бичиж байсан. 2021 онд бид,

Алтан намар, модон сар, хүрэл үүлс

Алтан намар, модон сар, хүрэл үүлсийн чөлөөнд… гэж бичих болно. Дахин нэг 100 жилийн дараа ч юм уу бид,

Цаасан намар, модон сар, хүрэл үүлс

Цаасан намар, модон сар, хүрэл үүлсийн чөлөөнд… гэж бичих (биз ээ) (болно).” 2025 оны хоёр дахь сар талдаа орж байна шүү дээ. Яруу найраг “урссаар” л байна. Харин яаж “урсаж”, яаж өөрчлөгдөв?! Өнөөдөр яруу найрагчид,

“Ялгадсанд живсэн миний хотод

яруу найраг суултуурын ус татах чимээнээс

өөрцгүй байх ёстой.

Уулын горхины хоржигнох чимээ

хэдий сонсголонтой ч

угаадас, баас, шээсийг

тийм юмаар урсгаж дөнгөхгүй ээ…” Б.Б “СА” гэдэг ч юм уу,

“Хүү минь
Арван таван level-тэй
Атгаалжин хар мангас… гэж үлгэрээ эхлүүлэх,
аянгын, салхины, чулууны, галын
“хашира” болж тоглох хүү минь…
аавдаа хайртай, ээждээ бүр илүү хайртай гэж урвах,
амьдралаа эцэслэж болох ч юм шиг,
болохгүй ч юм шиг санагдуулах хүү минь”
Тө “ӨХ” гэж бичдэг, тэгснээ,

“Юу ч үгүй хоосолсон өрөө шиг цэлийсэн сэтгэлтэй үлдээд
Юм бүхнийг гүйцээх гэж хэчнээн түйдсэнээ мэдлээ
Дурсамж минь ердөө л дундуурхан ганц хундага байж
Дуустал хөнтөрсөн хундаганы ёроолд өөртэйгөө л харц туллаа”
Ц.Д гэж гуниглан санааширдаг болжээ.

2021 онд “Алтан намар, модон сар, хүрэл үүл” гэж дүрсэлнэ гэж С.Энхбаяр  таамагласан. Дээрх шүлгүүдээс харахад, 1.5 миллион хүн ардтай Улаанбаатар хотын яруу найраг “суултуурын ус татах чимээ шиг” байх ёстой болж, жаалхан хүү тамхи зуусан атаман болж биш “галын хашира” болж тоглох болж, сэтгэл хоосрохоор эзгүй тал шиг биш юу ч үгүй хоосон өрөө шиг болдог болжээ. Энэ бол “модон сар” ажгуу.

34 жилийн хойдох уран зохиолын төлөвийг тодорхойлно гэдэг бол гүнзгий мэдлэгтэй төдийгүй уран зохиолын торгон мэдрэмжтэй судлаачийн хэлж чадах үг юм даа.

Б-Д.Галсансүх яруу найрагч “Модернист фронт командлагч” цолтойгоо үлдсэн. “Twelve” настай, “teenager” зүстэй залуу шүлэгч гэж хэлэгддэг ахуйд нь үнэлсэн энэ үнэлгээ hundred-ын талыг насалсан, “хаан суудалд заларсан” энэ үеийг хүртэл гол тодорхойлолт болж оршдог нь гайхалтай хэрэг шүү. Ихэнх хүн ойлгохдоо шүүмж судлалыг уран бүтээлийн цаг хугацааны араас явдаг гэж ойлгодог бол энэ удаад шүүмж судлал түрүүнд нь байгааг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж зүрхлэн хэлэх минь.

70 жилийн дараа “Цаасан нар, модон сандал, хүрэл үүлсийн чөлөөнд” гэж бичих (биз ээ) (болно).

Шуугиан 2.

“Б.Батбаяр гуай бол, өчүүхэн миний магтаалаар дутахааргүй, зүй ёсны нэр хүнд, үнэлэмжийн өндөрлөгтэй хүн боловч, басхүү үнэнийг дагасан хүн өчүүхэн ч атугай түүний өмнө ёслон талархах үүрэгтэй билээ. Та, Монголын ард түмэн, Монголын залуусын зүрх сэтгэл, оюун ухаанд анхлан орж ирсэн, үнэн хэмээх эгэл жирийн аугаа их тэр л зарчмыг тунхаглан хамгаалж, үйл ажиллагааныхаа удиртгал болгож байх нь, өөрийг тань цаглашгүй баяжуулж байх болно. Эс тэгвээс нэгэн цагт “Баабар шалдан байна” гэж хашхирах хүүхэд нэг бус байх болно оо” С.Э “ИУ” 26т. 1995.

Баабарын “Чи хаан шалдан байна, гэж хашхирч чадах уу?” нийтлэлд хариулан бичсэн энэхүү шүүмжийн бүтэц, зохиомжийг шүүмж судлалыг сонирхон оролдож буй миний бие үлгэр болгон санаж явдгаа бүдэгхэн дурдъя. Үлгэр бүтцийг тоймлон үзүүлбээс,

Нэн сонирхолтой эхлэл:  И.Гончаровын “Обломов” романыг Н.А.Добролюбов 10 жил хүлээж, маш их найдлага тавин уншаад сэтгэл гонсгор хоцорсон байна. Яг тэр Н.А.Добролюбовын хүлээлтийг С.Энхбаяр шууд эш татаж эхэлсэн нь сонирхолтой агаад дүгнэлттэйгээ сайтар уялдаатай эхлэл болов.

Урьдач нөхцөл байдлыг мэдээлсэн буюу танилцуулга хэсэг: Шүүмжийн уншигч шүүмжилж буй текстийг уншсан байх албагүй. Тиймийн тул шүүмжлэгч уншигчаа чиглүүлж ямар сэдэв рүү орж байгааг нь ойлгуулах хэрэгтэй аж.

Асуудал руугаа түлхүүр өгүүлбэр ашиглан уншигчийг хөтлөх: Уншигч шүүмжийг уншихаас өмнө номыг сөхөж хараад, “Унших уу?, болих уу?” гэдгээ шийдэн тээнэгэлзэж байх агшнаа “Арай Баабар маань”, “Ингэж Баабар өөд болов”, “Арай Баабар маань” гэсэн хачирхалтай, содон өгүүлбэрүүдийг харан зогтусаж, хамгийн тэнэгээр бодоод үзэхэд л гэнэн нэг нь “Хүүе Баабар өөд болчхоогүй биз дээ?” гэж бодмоор, уншиж мэдмээр сэтгэгдэл төрүүлэм этгээд арга ашигласан нь түүний шүүмж бичлэгийн нэгэн онцлог гэж бодогдоно. Богино өгүүллэгээр бол зохиолын үйл явдал цаашид өрнөх боломжийг олгож буй гол зөрчил буюу зангилаа мэт. Ингээд үндэслэлээ дэвшүүлээд сэдэв рүүгээ айхтар яргаж орно.

Гол хэсэг – агуулгыг багцалж, цэгцэлсэн байдал: 1 жижиг, 2 том асуудал байна гэж цохоод тус бүр эмхлэн, үзэл бодлоо дэвшүүлж, онолын эш баримтаар батжуулан, уншигчийн оюун санааг дүгнэлт рүүгээ чиглүүлнэ.

Супер дүгнэлт: С.Энхбаяр багшийн шүүмж бичлэгийн гайхалтай уран чадвар бол хүчтэй, сэтгэл бахдам дүгнэлт гаргах чадвар. Шуугиан 2-ын эхэнд эшилсэн цогцолбор бол “Баабар маягийн мэдэмхийрэл” шүүмжийн дүгнэлт бөгөөд энд шүүмжийн агуулгыг нэлэнхүйд нь хамарч, Баабар гэдэг хүнийг гурван цагийн дэлгэцэн дээр гарган тавьж, ирэх цагийн урсгалыг сануулан “онц ноцтой” дүгнэснийг уншихуйяа бахтай. Ингэж маш голчтой дүгнэлт гаргах нь түүний шүүмжийг уншууртай, үлдэцтэй, дуулиан, шуугиантай болгодог

 

Шуугиан 3.

“Өнөөдөр манай урлаг, манай их утга зохиол, манай их яруу найраг хаанаас хаашаа явж байна вэ? Энэ хөдөлгөөнийг маш их ерөнхий байдлаар тоймлож хэлбээс, утга зохиол маань СОЁЛООС ИРГЭНШИЛ РҮҮ, ЗҮРХ СЭТГЭЛЭЭС ОЮУН УХААН УРУУ явж байна” С.Э “ИУ” 32т. 1995.

Явсаар байна. Яруу найраг ИРГЭНШЛЭЭС ХҮНИЙСЭЛ РҮҮ, ОЮУН УХААНААС ХИЙМЭЛ ОЮУН УХААН УРУУ явж байна. Саяхан л бид МУБИС-ийн Утга зохиолын нэгдэлдээ цуглаад “өнөр дошны мөндөл” шиг тойрч суугаад, “Хиймэл оюун ухаан хэчнээн хөгжөөд хөгжөөд шүлэг бичиж чадахгүй” гэж гэнэн тэнэг боловч гэгээн ариун, яруу найргийг хайрлах чинхүү сэтгэлээр ярилцдаг байлаа. Гэтэл одоо яав? Өрнө, дорногүй хөгжүүлж буй хиймэл оюун ухааны аппаар “Болор цом”-д аваачаад уншихад “айрагдчихмаар” ямар л бол ямар, хэд л бол хэдэн шүлэг уянгалуулаад сууж болж байна. Интернэт сүлжээнд байгаа монгол хэлний бүх л мэдээллийг хамж шимээд бичихэд ямар ч АУЗ-оос дутахгүй “юм” гаргачхаж байгаа юм даа. Одоо яах вэ?

Энэ асуултад С.Энхбаяр багш “Ц.Хуланд бичсэн захидал” шүүмжээрээ хариулсан. Тэр ийн тунхаглажээ, “Их урлаг, их утга зохиол, дээд-тэнгэрлэг-жинхэнэ-сонгодог яруу найргийг үлдээж чадсанаараа л бид бүхэн ХҮН хэвээр үлдэх болно. Бид,

Зүлгэн дээр гэрээ бариад
Зүгээр л нэг амьдрах сан даа

 гэж хүсэж буй чухам тэр үедээ л ийм тэнгэрлэг, ийм тансаг, ийм гэгээн хүсэл-гуниг, прагматик хүйтэн оюун ухаанд уусан шингэчхээгүй чухам тийм цагт л ертөнцийн нар манддагаараа мандаж, жаргадгаараа жаргаж, маргааш бас дахиад л ГЭРЭЛ ХАЙР ИТГЭЛ сацруулан мандана гэдэгт итгэж болох билээ”. Уран зохиолын мэргэжилтэн уран зохиолоо хүндэлж хайрлаж, түүнийгээ амьдралынхаа утга учир, мөн чанар, эрхэмнэл болгон үзэж, уран зохиолоос гайхамшгийг олж нээх тэнгэрлэг оюун санаа, түүнээс сэдэн хүрч чадах хэмжээндээ очтол уужран өргөжсөн сэтгэл зүрхтэй байж, ямагт дээд-тэнгэрлэг-жинхэнэ-сонгодог яруу найраг, уран зохиол, үзэл санааг үлдээнэ гэдэг хэмжээлшгүй итгэл найдвартай амьдарч, хиймэл оюун ухаан, түүнээс ч аймшигт хүний хүйтэн оюун ухааныг ГЭРЭЛ ХАЙР ИТГЭЛ сацруулсан гэгээн хүслээрээ даран чадах төгөлдөр их чадал, тэвчээр, сэтгэлийн үл няцах хүчтэй байхыг уран зохиолыг бүтээн туурвигчдад захиж байна.

 

“Ц.Хуланд бичсэн захидал” шүүмж өмнө дурдсан хоёр шүүмжийн аль алиных нь шинжийг агуулсан буюу бүтээлчийг болон бүтээлийг нь үнэлсэн, уран зохиолд эзлэх байр суурь, “нэр төр”-ийг нь тодорхойлсон (Ц.Хуланг одоо ч “Зүлгэн дээр гэрээ бариад, зүгээр л нэг амьдрах сан” гэдэг шүлгээр нь л тодорхойлж, энэ шүлгийг нь Ц.Хуланг бичсэн ч гэж мэдэхгүй хүмүүс хүртэл зүйр цэцэн үг шиг л хэлсээр байна), бахархсан, энэ нь Монголын уран зохиол дахь шинэ урсгал гэж хүлээн зөвшөөрсөн хандлагатай, Монголын уран зохиолын ирэх цагийн чиг хандлагыг дурайтал тодорхойлсон дүгнэлттэй, энэ хандлага, дүгнэлтийг батлах онолын хөдөлшгүй бат суурьтай, хандлага, дүгнэлтээрээ уран зохиолын хэн ч хөндөлсөж үл чадах эрэмбэ дарааллыг тогтоосон хурц шүүмжлэлтэй, оюун санааны өргөн цар хүрээтэй, зохиомж бүтцийн хувьд богино өгүүллэг мэт сонирхолтой өрнөлтэй, уншууртай байгаа төдийгүй шүүмжлэгчийн сэтгэл хөдлөл, мэдрэмж нь тун хүчтэй туссан онцлогтой.

“Зүлгэн дээр гэрээ бариад
Зүгээр л нэг амьдрах сан даа…” гэсэн үлгэрийн цэнхэр мөрүүд сэтгэл сэргээн, нэгийг шивнэж, байхад, аяс тэнүүн энэ асуулт
(Монголын яруу найргийн тэнгэр үнэхээр их гэдгийг ЯАГААД сэтгэл дүүрэн хэлж чадах вэ?) –хариу өгөх нь хувь заяа төдийгүй, аз жаргал мөн” хэмээснээс сэтгэл дүүрэн бахдал, аз жаргал, энэ өгүүлбэрийг бичиж байх үеийнх нь ханьцашгүй зол жавхлан мэдрэгдэхгүй байна гэж үү? гэсэн асуултаар энэхүү бичвэрийнхээ нэгдүгээр хэсгийг өндөрлүүлж, түр завсарлав.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

@Katen on Instagram
[instagram-feed feed=1]