Press ESC to close

Усны ГудамжУсны Гудамж Бичээчийн Хөгжих Талбар

Хоёрдугаар сарын сүүлчийн өдрүүд

Гэрэл зураг: Монголын Шувуу Хамгаалах Төв

­­­­Хоёрдугаар сарын сүүлчийн өдрүүд

(‘Ужиг хүслийн тэмдэг’ номд зориулсан эсээ)

Ертөнцөд ээлжлэн ирдэг арван хоёр сараас зөвхөн хоёрдугаар сар л хажуугаар шурдхийн өнгөрөх шиг санагддаг юм. Бусдаасаа хоёр, гурван хоногоор дутуу болохоор тэр үү, эсвэл хөөр баяртаа дарагдаад анзаардаггүй юм уу, бүү мэд. Хахир өвлийг хурдхан орхиод уринтай золгох гэсэн адгуу хүслээс болдог ч байж мэднэ л дээ. Ямартаа ч хоёрдугаар сар шурдхийн өнгөрч явна.

Ээлж дараалсан олон ажлын ард гарахаар махарч суусаар ойрд шинэ ном уншсангүй. Намар Японоос чирч ирсэн манга, комик номууд, Ёко Огавагийн “Дурсамжийн цагдаа” романаас бусдаар уншиж шалилгүй өвлийг барав. Хэвлэлтэд бэлдчихээд жил тойруулан дарсан өөрийнхөө номоос болсон ч байж мэднэ. Номоо хэвлэх үйлдвэрт тушаачхаад ноорч, хөглөрсөн ширээгээ цэгцэлж суухад саяхан хэвлэгдсэн шинэхэн ном гарт баригдсан нь яруу найрагч М.Дэвээжаргалын “Ужиг хүслийн тэмдэг” шүлгийн түүвэр байв.

Уулзвар бүр нэгнээ тэвэрнэ…

Уулзахгүй удсан болохоор л

Уйлмаар санагдана.

Ухаан суугаад бүхнийг мартана гэж итгэсэн шиг ээ

Ухаангүй дурлаад ч өнгөрсөн цагийг зогсоож чадахгүй ээ…

Минийхээр ном эндээс эхэлж байна. Минийхээр гэдэг нь 29 дугаар хуудасны энэ шүлэгт л зохиолч түүврийнхээ бүхэл санааг зангиджээ. Ухаан суугаад мартана, бусдыг хайрлаад мартана, цагийн уртад мартана гэсэн гэнэн төөрөгдлийг давж гараад, уулзвар бүр нэгнээ тэврэхэд ч уйлмаар санагдах хөндүүр бол зохиолчийн тодорхойлсон “Ужиг хүслийн тэмдэг”.

Дагжим ч гэлээ, амьдралд хайртай

Дахиад төрсөн ч харамсахгүй гэдэг

Хавар шиг хүний үр болоорой, та…

Гэтэл уйтгар санаашралын гүн рүү ороод үзвэл уучлал, өршөөл, ерөөлтэй нүүр тулна. Учир нь, эцэстээ хайр л бүхний үндэс, бүрэлдэж тогтсон хэвэл нь шүү дээ. Дуугаа хүртэл,

Дан дээлтэй гарсан юм сан

Даараа болов уу яагаа бол

Даан чиг намайгаа зовоосон юм сан

Жаргаа болов уу, яагаа бол

гэж зохиодог ард түмэн ямар ч хорсол, гомдол, шаналлын цаана хайрлах зай үлдээж л таараа. Уйтгар гуниг, харууслын хөшигний цаана бүлээн дулаанаараа үлдсэн тэр орон зайд бичсэн шүлгээ зохиолч уншигчдад илгээжээ.

Он цагийн бүдэгхэн оромтой гараа тас атгаад

Огт танихгүй өстнийхөө өмнө зогсож байна.

Амьдралын замд сураг алдарсан чамайгаа

Алдахгүйн төлөө цаг хугацаанаас зуурч байна.

Энэлтлээ хайрласан хүний өмнө эгцлэн зогсогч өстөн нь цаг хугацаа л байж таараа. Бүхнийг мартуулах шид, бүхнийг булаах адын аль аль  нь цаг хугацаанд л бий. Бүдгэрсээр мартагдах хором мөчүүд, урссаар дуусах цаг хугацаа хайрын шаналлыг бүр ч холгон өвтгөж, ужгируулж болох. Эсвэл,

Чиний дэргэдүүр би нулимс мэт урсаж

Чичирсэн гараараа зүрхээ даран зогсдог

Уйт зүгийн замаас шувуу мэт үргэж

Уй гунигийн гүн рүү чулуу шиг унадаг.

Бүхнийг сэтгэлдээ цоожлон хорьсон хүний дотоод дуу ч байж мэднэ. Ямартай ч зохиолч сэтгэл дотроо ужид дараатай явсан хүслийн тэмдгүүдээ бидэнд зааж өгчээ. Тэр тэмдгийг даган аяны уртад гарах л үлдлээ. Тэр замд уншигчдадаа тааламжтай үдэхийн тулд шүлгийн түүврийг үнэлэмж цэгнэхийг урьтал болгосонгүй. Хайр, хайраас үүдсэн шаналал, хөнгөн гуниглал, эдгэрэл, тайтгарлын шүлгээс бүрдсэн эл түүвэр минийхээр ингэж төгсөнө. (Уг шүлэг 12-р хуудсанд байгаа хэдий ч)

Үл ялиг айдас, хөнгөн гунигийн

Тэн хагасыг тайллаа.

Үргэлжид эм хүн байх

Үймээнт оршихуйгаас нэрээ татлаа.

Хажуугаар шурдхийн өнгөрөх хоёрдугаар сар шиг хүний амьдралд чин сэтгэлээсээ хайрлах л юутай ч зүйрлэшгүй завшаан юмсанжээ.

Утга зохиол судлаач У.Бямбаням

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

@Katen on Instagram
[instagram-feed feed=1]