
Усны гудамж сайт “Зохиолчийн сар” буландаа гадаад, дотоодын зохиолчдын бүтээлийн уран сайхан, үнэ цэнийг сэргээн сануулах, таниулах бичвэрүүдийг нийтэлж буй. Хоёрдугаар сарыг бид нэгэн онцгой зохиолчийн тухай бичвэрээр үдэх гэж байна. Бид хоёрдугаар сард төрсөн зохиолчдын тухай бичвэрийг “Pallaswati” утга зохиолын бүлгэмийн гишүүдтэй хамтран боловсруулсан билээ. Усны гудамж сайтын эрхлэгч Ө.Сумъяагийн бичвэрийг хүлээн авна уу.
Хүүрнэлч зараа
Юуны өмнө би энэ зохиолчийн тухай юу ч мэдэхгүй гэдгээ уншигч танд өчих хэрэгтэй болов уу. Түүний төрж өссөн орны талаар, тэр газрын цаг агаар, хүн зоны зан араншин, эцэг эхийн боловсрол, хүүхдээ хүмүүжүүлэх арга хийгээд түүнийг хүн болгон төлөвшүүлсэн улс орон, унаган хотынх нь тулгамдсан асуудал, ард иргэдийнх нь дундаж орлого, баячууд нь хэр башир аргаар мөнгө олж, ядуус ямаршуухан хүнсээр өдрийг залгадгийг ч сайн мэдэхгүй л байна. Энэ бичвэрийн зорилго гэвэл өөрийн ч, өрөөлийн ч мэдэхгүй зохиолчтой танилцах явдал билээ. Харин яаж?
Зохиолчийн бүтээл гар дээр чинь бэлээхэн биш үед түүний талаар мэдэж болох хамгийн гол сурвалж нь “ярилцлага” байдаг. Түүнчлэн тухайн хүний бага нас, уран бүтээлд нь “хэн, юу” хоёр хэрхэн нөлөөлсөн гэдгийг ч мэдэж болно. Даанч би муухай зантай хүн дээ. Уйдамхай. Нэг ярилцлага бариад орчуулчихъя гэвэл зарим хэсгийг нь таашаах ч үлдсэн хэсэгт ярилцагч этгээдийн сонирхоод байгаа тэрхүү зүйл миний дурыг төдий л татахгүй, эсвэл миний мэдэхгүй, гадарлахгүй зүйлийн тухай яриад эхэлнэ. Ингээд би мэдэхгүй зүйлээ мэддэг юм шиг, таашаагаагүй зүйлээ таалсан мэт дүр эсгэх өнөөх уйтгарт эргүүлэг руу мушгираад орж мэдэх… Юу гэж дээ. Бид өнөөдөр тийшээ зүглэхгүй. Бүгдээрээ зүгээр л нэгэн сайн хүний уран бүтээл, урлагийн тухай юу бодож явдгийг сонсох хүслээрээ нэгдье. Цаашид өгүүлэх зүйлс бол Алаин Мабанку зохиолчийн өөрийн амаар хэлсэн үгс буй. Гэхдээ энд цаг хугацааны, орон зайн, ярилцагчийн зааг ялгаа гарахгүй гэдгийг уншигч абугай анхаарна буй за. Жишээ нь уг бичвэрт зохиолч өөрийгөө дөчин настай гэж яривал хэрсүү уншигч та итгэж болохгүй байх нь ээ. Учир нь тухайн зохиолч дөчин насандаа ийн ярьсан болохоос одоо мэдээж дөчтэй гэсэн үг биш. Би түүний таван өөр хүнд өгсөн таван өөр ярилцлагын хэсгээс өөрт таалагдсанаа түүсэн төдий. Эл хэсгийг мэдээж хам сэдвийнх нь дагуу хуваарилан хуваалаа. Дэд хэсгийн гарчиг бүр мөн л тухайн зохиолчийн ярилцлагын үеэр хэлсэн үгс билээ. Ингээд би энэ хүнийг хаа төрсөн, хэчнээн алдар цуутай зохиол бичсэнийг дурдалгүй уншигч таныг зүгэр л зохиолч руу хөтлөн чиглүүлье. Магад төгсгөлд нь би танд түүнийг хаана, хэний үр болж төрсөн, ямар сургууль төгссөн, хэр олон шагнал авсныг нь хэлж өгч магад. Тэр хүртэл түр баяртай.
Уг нийтлэлд ашигласан ярилцлагуудыг та доорх холбоосуудаар унших боломжтой:
“Bomb” сэтгүүлд өгсөн ярилцлага
“UNESCO Courier”-т өгсөн ярилцлага
“Publishing Perspectives” сайтад өгсөн ярилцлага
Youtube- CHANEL and Literature
Ихэвчлэн дөчин насанд тохиодог эмгэг ёсоор хүүхэд насаа боддог болоод байна…
Ном уншихад хамгийн их нөлөөлсөн хүн бол миний аав. Аав Пуэнт-Нуарын нэг зочид буудалд ажилладаг байлаа. “Victory Place” гэдэг нэртэй тэр газрын угтагч байсан юм. Европ хүмүүс Африкт аялахаар ирэхдээ ном авч ирнэ, сайхан амарна, гэхдээ буцахдаа цүнхээ зайчилж, хөөрхөн бэлэг дурсгалын зүйлсээ багтаах хэрэг гардаг байж л дээ. Тэгээд аав тэдний үлдээсэн номыг гэртээ авч ирээд, тэтгэвэрт гарахаараа уншина л гэж найддаг байсан шиг. Даанч би аавынхаа ном дэлгэж үзэхийг ганц ч хараагүй юм даг. Намайг үзэх гэхээр нэг их сандраад л “Байг ээ, миний юм. Би тэтгэвэрт гарахаараа наадахыг чинь уншина” гэдэг байж билээ. Би яах вэ, явахыг нь хүлээж байгаад л нээж үзнэ. Дийлэнхдээ тэр ном нь европчуудын хэллэгээр галт тэрэгний буудалд унших зохиол буюу гэмт хэргийн сэдэвтэй эсвээс график роман байж таарна. Гэхдээ миний хувьд галт тэрэгний буудлынх биш “Victory Place” зочид буудлын ресейпшний ширээн дээр орхигдсон зохиолууд юм даа. Аав номд бичсэн бүхнийг үнэн гэж итгэдэг хүн байлаа. Номд худал юм байх учиргүй, эсвээс хүнд гэм хор учирна гэж бодно. Манайд “Номд тэгж бичсэн” хэмээн байнга асуудал гардаг сан. Библитэй маргаж болохгүй, Библид тэрслэх учиргүй гэдэг шиг аав минь утга зохиолтой тэрсэлддэггүй хүн байв. Утга зохиол чулуун дээр сийлээтэй байдаг. Үгс гэдэг эзэн тэнгэрээс үүтгэлтэй. Тэрхүү заяагдсан үгсийг хүмүүс давтан давтан ойлгож явах учиртай гэж үздэг сэн.
Над шиг айлын ганц хүүхдийн хувьд уншина гэдэг ганцаардлаас зугтах цор ганц зам. Номын санд ихээхэн хугацааг өнгөрөөдөг байсан миний хувьд уншина гэдэг дэлхий ертөнцийг нээх зам төдийгүй франц соёлын тухай ойлголтыг өөрт дадуулах арга байлаа. Францын колони учраас тийм нийгэмд оршин тогтнохыг хүссэн хүний хийх учиртай үйл бол унших. Амьдралын нөхцөлөөсөө, үнэн хэрэгтээ юу ч үгүй хоосон хүмүүс гэдгээсээ зугтаад, уран зохиолд хамаатай нэгэн болохын төлөө унших хэрэгтэйг би мэддэг байж.
Би сургуульд Францын уран зохиол судалж байсан ч тэр үедээ орчуулгаар дамжуулан, орон орны зохиолтой танилцаж байжээ. Тэр үед би Хэмингуэй, Стейнбек гээд франц хэлээр уншиж танилцсан бүх л зохиолчоо франц хүн гэж боддог байлаа! Хүүхэд ном уншиж байхдаа үүнийг хэн орчуулсан бэ гэдгийг сонирхдоггүй. Уншсан бүхнээ л уран зохиол гэж хүлээн авна. Тэр үедээ би уран зохиолд хил зааг үгүй гэдгийг ойлгож, энэ л үедээ зүгээр л өмнө минь нээгдсэн тэр хаалгаар орж, урагшлаад л байх хүсэл төрсөн болов уу гэж боддог юм.
Ес билүү аравтайдаа би ээж уншиж чаддаггүйг, аав роман уншиж үзээгүй гэдгийг мэдээд цочирдож билээ. Би аавын авч ирсэн номыг тэдэнд уншиж өгдөг байв. Ээж сургуульд сураагүй учраас францаар муухан ярина. Эмэгтэй хүнийг сургуульд сургах нь цагийн гарз гэж үздэг асан тэр үеийн хүн л дээ.
Сургуульд сурахыг хүссэн хэдий ч чадаагүй нь миний хувьд жинхэнэ эмзэглэл. Надад сайн боловсрол эзэмшүүлэх гэж байдгаа бардаг байлаа. Конго хүн бүрд л Францад очиж, амжилт гаргах мөрөөдөл байдгийн учир ганц хүүгээ дэргэдээ байлгахыг асар их хүсдэг ээж минь намайг Франц руу явуулсан.
Хорин насандаа би Франц явсан. Хорин тавтай байхад ээж минь нас барсан юм. Намайг Конгод эргэн очихыг харж чадаагүй. Би ном бүхнээ түүнд зориулж бичсэн. Африкийн уран зохиолын (Африкийн уран зохиол гэдэг нь Африк тивд орших олон орны уран зохиолыг төлөөлөх нэршил. орч.) түүхэн дэх хамгийн алдартай ээж болгохыг хүссэн юм болов уу даа.
Анх би зургаатайдаа францаар уншиж сурсан. Зургаа хүрэхээсээ өмнө би тав, зургаан янзын африк хэлээр ярьж чаддаг байв. Бэмбэ, лингала, мукутуба, вили, камб. Дараа нь би эдгээр хэлээр бичсэн уран зохиолын бүтээл байхгүйг мэдээд цочирдож байлаа. Тэр дундаа бэмбэ, лингала хоёр аман аялгууны хэл, бичгийн ямар нэг дурсгал байдаггүй. Бичихүйн тухай мэдэж авах цор ганц зам минь сургуульд францын уран зохиолыг судлах. Ахлах ангид анх удаа англи хэлт африкийн орнуудын уран зохиолтой танилцсан. Нигери, Гана, Кени гаралтай зохиолчид англиар юу бичиж байгааг франц хэлт ертөнцөд аж төрөх бидэнд үзүүлсэн тэр анталогиос Чинуа Ачебе, Нгуги Ва Тионг’o зэрэг зохиолчдын бүтээлийг анх уншсан сан. Тэгэхэд л би жишээлбэл Кени улсын хүмүүс кикуюу, суахили зэрэг унаган хэлээрээ сайн уран зохиол таашаан уншиж чаддагийг мэдэж билээ. Конгод тийм боломж үгүйг бодохоос цөхрөм санагдсан. Одоо ч миний зохиол, бичвэр биднийг колоничилсон орны хэлээр бичээтэй буй. Би элэг нэгтнүүддээ бичвэрээ шууд хүргэж чадалгүй, юу бичсэнээ цаг ямагт тайлбарлаж хэлэх хэрэгтэй болдог. Зүгээр л бичвэрийг минь шуудхан уншдаг бол надад сайхан сан.
Ерээд онд эх нутгаа орхин явж байхад хоёр ч иргэний дайн өрнөж байлаа. Газрын тосны төлөө дайтдагаараа дайтаад л. Эх орон минь их ч зовлон үзсэн. Гэртээ харих гэх бүрд ээж битгий ир ээ, чамайг алчихна гэдэг байлаа. 1995 онд ээж өнгөрч, эргээд явах арга ч үгүй болсон. Би “The Lights of Pointe-Noire” номдоо яагаад ээжийнхээ оршуулгад оролцож чадаагүйгээ тайлбарласан буй.
Хүн үхдэггүй хэмээн сэтгэдэг конго соёлдоо талархнам… Европт хүн үхвэл оршуулгын газарт очиж, цэцэг өргөж, нулимс унагана. Харин Конгод бид сүнс бүхэнтэй, өвөг дээдэс бүртэйгээ хамт аж төрнө.
Хорин гурван жилийн дараа төрөлх хотдоо ирэхэд бага насны минь зураглалаас огт өөр зүйл угтсанд гуниг төрсөн. Хотынхоо амин сүнсийг өчүүхэн ч хайхралгүйгээр хүмүүс хэрхэн аж төрдөг байна аа хэмээн балмагдсан. “The Lights of Pointe-Noire” номдоо би хотын амин сүнс, итгэл үнэмшлийг багтааж, одоо ч зочлон очиж, аж төрөхөд сайхан газар гэдгийг харуулахыг хүссэн юм.
Юу бичихээ мэдэхгүй үедээ би бага насаа дурсаж, юм бүхэн над руу тийн айлчлан ирдэг билээ.
Гутал өмсөнө гэдэг зориггүйн шинж
Ахлах ангид байхдаа би шүлэг бичиж эхэлсэн, ер нь би шүлэг л бичихийг хүсдэг байлаа. Бичих үйл өөрөө тулхтай ажил болно гэж мэдээгүй явж. Тухайн үедээ түгшүүрээ намдааж, ганцаардлаа хазаарлахад их нэмэртэй байсан. Дэлхийн тухай бичсэн хийгээд яг байгаа төлөвөөр нь хүлээн авч чадалгүй, өөрийн хувилбарыг бүтээх гэсэн өсвөр насны айлын ганц хүүхдийн хувьд бас нэг төрлийн наманчлал ч байсан.
Хийх ёстой зүйл минь энэ гэдгийг мэдсэн мөчдөө он сар оноож чадахгүй ч, тэр л үед бичих үйл минь эхэлсэн байх. Бичихийн зэрэгцээ би ажил эрхлэх учиртай хүн гэж өөртөө хэлэх ч, цаг хугацаа өнгөрөх тусам би бичихийг л хүсэх болов оо. Ойр зууртаа бичиж л явсан минь үүнийгээ гол ажлаа болгож, автан дурлахад хамгийн их нөлөөлсөн шиг.
Шүлэг, яруу найраг өсвөр насныхны романтик сэтгэлтэй нийцдэг. Анхны хайр, урам хугарсан мөч, Ламартин, Хюго, Виньи зэрэг романтик хайрын найрагчдад дурлах тэр л сэтгэлээ багтааж болох орон зай. Түүнчлэн манай оронд Чикаяа У Там’си зэрэг үндэсний их яруу найрагчдаа хайрладаг шигээ яруу найргийг дээдэлж үздэг. Үнэндээ 1979 онд Сони Лабу Тансиг “La vie et demie (Life and Half)” номоо хэвлүүлэхэд л бид анх романы төрөл зүйлтэй танилцаж байсан юм. Миний хувьд тэр Конгогийн хамгийн агуу зохиолч. Тэгэхэд л бид хувь хүний зовлон шаналлаас өөр зүйлийг өгүүлэх хэрэгтэйг ойлгосон. Романы оюун ухааны төлөв зохиогчид биш, тодорхой нэг дүрд хамаардаг шүү дээ.
Уран зохиолын бичвэрт зохиогчийн эр зориг үзэгддэггүй. Роман эсвэл шүлгийн түүвэр өөрөө бүрэн боловсорсон бүтээгдэхүүн. Бүтээлийг нь уншаад зохиолчийнх нь толгой өвтгөсөн асуудал, шаналал тарчлал, ахуй амьдралын бололцоо, алдаа оноог олж харахгүй. Зориг, муйхар зүтгэл, шунаж автах сэтгэлгүй бол авьяас хий хоосон!
Роман бичнэ гэдэг илэрхийлэх гэсэн тэр мэдрэмжээ гаргахын тулд чадах ядахаараа олонтоо эргүүлэн сөхөж, өгүүлбэр бүрээ давтан давтан зүлгэхийн нэр. Дэни Лаферьерийн хэлээд байгаа зохиолчийн эр зориг гэдэг нь тэр шунаж автах, тууштай зүтгэх сэтгэлийн тухай ойлголт. Зохиолч урлаж буй сэтгэл гижигдэм бүтээлдээ автаж, түүнийгээ төсөөллийн ертөнцдөө хамгаалахын төлөө чадал тэвчээрээ шавхдаг.
Өөрийн дотоод чанарыг илэрхийлэхийн тулд улс төржсөн эр зориг гаргаж, томоогүй чөлөөт байдлаа сул тавих ч хэрэг гарна. Бичнэ гэдэг цэцэрлэгт зугаалахтай адилгүй. Эвдэрч хонхойсон, шавар шалбаагтай, борооны ус тогтсон, чулуу ихтэй өгсүүр зам шүү дээ. Зориггүй нэгэн бол гутал өмсөнө. Хэдий ихээр шалбаран зулгаравч зохиолч хүн замыг хөл нүцгэн туулж барах л болно. Яадаг ч бай дотроо буй зүйлийг бүтээж, төрөх гэж дунших тэр л ертөнцөө бүтээлээ шүү дээ. Чадлаа.
Франц хэлийг ашиглах учраа олсон өөрөөрөө би үнэхээр бахархсан
Африк зохиолч гэхээр л хүмүүс миний бүтээлээс тодорхой хэв загвар хүлээгээд эхэлдэг болохоор цасны ч юм уу, Европын тухай бичээд эхлэхээр хүмүүс “Хүүе, үгүй ээ, чиний оюун ухаан африк зохиолчийнх шиг биш юм” гээд эхэлнэ. Тийм учир би ийм урьдач хүлээсийг тасалж, африк зохиолчдыг бусад зохиолчоос ялгаж үзэхээ болих хэрэгтэйг, тэд юуны ч тухай бичиж болохыг хүмүүст ойлгуулахыг хүсдэг юм. Хэрвээ би Хюстон хотын тухай бичихдээ өнгөт арьстны өнцгөөс хандахгүй байхыг хүсвэл түүгээрээ л туурвих болно. Яг Жеймс Болдуин “Giovanni’s Room”-ээ бичсэний адил. Харлем ч юм уу, өнгөт арьстны тухай зүйл гардаггүй! Тиймээс би бараг л африк зохиолчдод эрх чөлөө хүсэж байгаа нэгэн гэсэн үг. Бидэнд өөрсдийн үзэж туулсан бүхнээ байгаагаар нь бичих эрх бий.
Конго хэлээр бичсэн уран зохиолын бүтээл олж чадахгүй байх нэг цөхрөлийн зэрэгцээ, хэдий би франц хэлээр бичивч сонгодог франц зохиолч хүний бичих л учиртай зүйлстэй төсөөтэй, тун цэмцгэр, Франц академийн дүрэмд яв цав нийцэх зүйл хийж чадахгүй гэдгээ сэтгэлийн гүндээ мэдэрч байсан. Гэхдээ л “Journer to the End of the Night” зохиолыг бичсэн Луи-Фердинанд Селин зэрэг зарим франц зохиолчийг уншаад тогтсон тэр дүрмийг эвдэж болох юм байна гэдгийг ойлгож, нүд нээгдсэн л дээ. Хэдий би “Broken Glass”-ыг франц хэлээр бичсэн боловч хүүрнэлийнх нь хэмнэлийг ажаад үзвэл конго ярианы хэлний хэмнэл мэдрэгдэнэ. Тиймээс би бүтээлийнхээ туршид ганц л төрлийн тэмдэглэгээ ашигласан юм. Зөвхөн таслал. Франц хэлийг ашиглах учраа олсон өөрөөрөө би үнэхээр бахархсан юм шүү.
Би франц хэлээр бичдэг ч миний аялга, бичиглэл, дүрслэн өгүүлэх янз байдал минь конго хэлнийх. Ийм бичвэрийг орчуулах амаргүй ч золоор би сайн орчуулагчидтай учирсан хүн. Англи хэл рүү гэхээсээ герман хэл рүү хөрвүүлэх хамгийн их асуудал дагуулдаг. Миний бичвэрийн онцлог герман хэлэнд тохирохгүй гэж үзсэн учраас арваад жил эл хэлнээ орчуулуулж чадалгүй явжээ. Гэхдээ чадах орчуулагч олохын хувьд олсон шүү.
2005 онд “Broken Glass” ном минь хэвлэгдэхэд нэгэн сэтгүүлийн шүүмжлэгч намайг асар их уншсанаа гайхуулах оролдлого хийлээ гэсэн юм. Үнэхээр урам хугарсан. Анх удаа л францын томоохон паблишингд өөрийн бүтээлээ хэвлүүлсэн минь тэр юм шүү дээ. Тэр үед би Анн Арборт багшилдаг байсан. Гэхдээ хоёр долоо хоногийн дараа Бернард Пивот буюу францдаа бол Ларри Кингтэй дүйцэх эрхмээс ихээхэн өөдрөг, хөгжүүн сэтгэгдэл дуулсан. Тэр бол оюун санааны хувьд тэргүүн зэргийн нэгэн учир эл мөчөөс юмс өөрчлөгдөж эхэлсэн санагдана. Одоо ч хүмүүс “Broken Glass”-ын талаар ярьсаар буй. Энэ ном намайг одоо ч дагалдсаар байгаа!
Заримдаа оюутнууд над руу “Сайн байна уу Алаин. Бид хичээл дээрээ таны ‘Broken Glass’-ыг үзэж байгаа юм. Таныг үүгээрээ ийм эсвэл тийм зүйл илэрхийлэх гэсэн эсэхийг мэдэхийг хүссэн юм л даа” гэж зурвас бичицгээдэг. Би хариуд нь “Боль доо! Би бичсэн үг бүрээ мэдэхгүй шүү дээ. Би зүгээр л ном бичсэн хүн. Гэрийн даалгаврыг чинь хийж өгч барахгүй” гэдэг.
За өршөөгөөрэй. Рекламын завсарлага авцгаая. Тийм ээ, би байна аа. Бичээч нь эргээд ирлээ. Уг бичвэрийн постер зургаас та нэлээн давгүй мэдээлэл авсан л байх. Гэхдээ дэлгэрүүлэн хэлэхэд манай зохиолч хувцас загварт нугасгүй ээ. Түүнд нь би жаахан хөөрцөглөөд байгаа юм. Мэдэхгүй хүнд алдартай загвар зохион бүтээгч гээд танилцуулбал үнэмшмээр. Тэрээр нэгэн даруухан сайтад өгсөн ярилцлагадаа “Тийм ээ, би загварт үнэхээр хайртай. Гангарах дуртай конго хүн болохоороо тэр биз ээ. Сайхан хувцаслачихаараа хүн өөрийгөө илүү сайхан мэдэрдэг шүү дээ. Хувцас загвараар дамжуулан би тийм зүйлийг хадгалж авахыг хичээдэг. Өнгөний хоршил дээрээ би үндэсний ямар нэг зүйл, малгай ч юм уу нэмэрлэх дуртай” гэсэн буй. Тоглоом ч үгүй, түүний инстаграм хаягийг үзээрэй гэж сониуч уншигч танд зөвлөх байна. Яах вэ, зарим нэг зургаас нь би хуваалцъя л даа:











Зоргоороо, эрх дураараа байх, бичихийг хүссэнээ бичих тухайд би түүнээс ихийг сурсан
Би англи хэл үзэх гэж заавал сургуульд суух эсэхдээ нэлээн эргэлзэж байсан болохоор Жеймс Болдуинын бүтээлийг хажуудаа толь бичиг тавьж байгаад уншиж билээ. Үнэхээр балмагдаж, дараа нь франц хэлээр дахин уншаад, гайхам онцгой амьдрал туулсан хүн юм гэдгийг нь ойлгосон. Эндэхийн ялгавар үзлээс зугтаж, Францын зүүн хэсэгт суурьшин, иргэний эрхийн тухай бичиж, цагаан арьст зохиолчидтой сөргөлдөөд л… Би түүнийг уншиж үзээд л яг ийм зүйл хийхийг хүсэж буйгаа өөртөө хэлсэн. Тэгээд л би 2007 онд “Жиммид илгээх захидал” хэмээх ном бичсэн юм. Зоргоороо, эрх дураараа байх, бичихийг хүссэнээ бичих тухайд би түүнээс ихийг сурсан шиг санагддаг даа.
Тэр өөрөө өнгөт арьст зохиолч хэр нь “Giovanni’s Room”-дээ Европд үйл явдал өрнөдөг, цагаан арьст дүрүүдтэй, 1950-аад онд хэн ч ярьдаггүй байсан ижил хүйстнээ сонирхох тухай чөлөөтэй хэлэлцэж буйг бичсэн нь намайг үнэхээр гайхшируулсан. Тиймээс ч би түүнийг уран зохиолд хөтөлсөн хүн минь гэж боддог.
Түүнчлэн “The Dark Child” номд зохиогч өөрийн үзэж туулснаа намтарчлан, роман болгожээ. Эл ном миний олж уншсан анхны африк зохиолчийн намтарчилсан роман учир Камара Лэй надад их нөлөөлсөн гэж болно. Зөвхөн цагаан арьст хүмүүсийн эсрэг, зөвхөн Францад өрнөж буй колоничлол, боолчлолын эсрэг биш, африк гэр бүл, аж амьдрал, африкийн соёл гэх мэт зүйлсээр дамжуулан амьдралыг цаасанд буулгах гэж оролдож байснаараа намайг гайхшируулсан билээ. Мөн “Ambiguous Adventure”–ыг бичсэн Сенагал улсын Шек Хамиду Кейн зохиолч Европ болон Африк тивийн хооронд соёлт ертөнц гэх ойлголт ямар маргаан дагуулж, африк соёлын хүн европ соёлтой учраа олох гэж хэрхэн зүдэрдэг тухай бичсэн юм. Түүнчлэн африк амьдралыг зураглаж бичсэн Бот Лэй, олон соёлын огтлолцол дээр үүсэх мөргөлдөөний тухай бичсэн Кейн гээд эдгээр зохиолч надад африк тивийн бусад орны тухай ойлгоход хамгийн их тус дөхөм болсон. Амос Тутоулагий “Palm Wine Drinkard” ч гэсэн миний хувьд их чухал бүтээл. Яагаад гэвэл Селине Тутоулатай нэлээн төстэй бичдэг.
Одоо л би танд түүний тухай хэд гурван зүйл хэлж чадахтайгаа болж байх шиг ээ. Алаин Мабанку (Alain Mabanchou) 1966 оны 2-р сарын 24-нд мэндэлсэн юм. Зохиолч, сэтгүүлч, яруу найрагч, академич, Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсад мэндэлсэн Францын иргэн. Өдгөө UCLA буюу Лос Анжелес дахь Калифорнийн Их Сургуульд Утга зохиолын чиглэлээр багшилдаг. Орчин үеийн Африкийн тухай, Францад тархан суурьшсан африк түмний амьдралын тухай өгүүлдэг уран зохиолын болон уран зохиолын бус ном бүтээлээрээ алдаршсан нэгэн юм. Франц хэлээр бичдэг хамгийн нэр бүхий зохиолчдын тоонд зүй ёсоор багтах түүнийг Африкийн Самуэл Беккетт гэх нь ч бий.
Жишээлбэл, “Prix Renaudot” хэмээх Францын утга зохиолын томоохон шагналыг хүртсэн шидэт реалист маягийн “Memoires de porc-épic (Memoirs of a Porcupine)” зохиолоо хүн бүрд өөрийн гэсэн амьтан хувилбар бий бөгөөд тэдгээр амьтад гэм хоргүй эсвэл ёрын муу шинжтэй байж болно гэх африк домгийн сэтгэлгээнээс үүтгэн бичжээ. Тус бүтээлээ нэгэн үхэр зараа өөрийн нас барсан эзний тухай боабоб модонд хүүрнэж буйгаар зохиомжилсон гэнэ. Тэрхүү зараа унаган Африк түүх хүүрнэх арга барилаар хүн төрөлхтний зарим нэгэн дутагдалт чанарыг ёжлон егөөдөх ажээ.
Алаин Мабанку 1993 оноос хойш 8 яруу найргийн түүвэр, 13 хүүрнэл зохиол, 9 эсээний цоморлог, 3 зурагт ном хэвлүүлжээ. Утга зохиолын хүндтэй 20-оод шагналд шалгарч, нэр дэвшсэнээс бидний мэдэх “Man Booker International Prize” шагналын сүүлийн шатанд 2015 онд тунаж, 2017 онд “Black Moses” номоороо мөнхүү шалгарч байжээ. “Guardian” сэтгүүлээс зарласан XXI зууны шилдэг зуун зохиолд түүний “Broken Glass” багтсан юм.
Leave a Reply