Press ESC to close

Усны ГудамжУсны Гудамж Бичээчийн Хөгжих Талбар

НАЙРУУЛАГЧ Г.ГАН-ОЧИРЫН “ХАЙРЫН КОНЦЕПЦ”

Хишигт: -Эд юмс чамд хэрэггүй юм байж.

Тэгвэл чамд одоо юу хэрэгтэй байдаг байна?”

Бадам: -Би чамд хэрэгтэй байхыг л хүсч байна”

Д.Батбаяр “Мартагдсан аялгуу” (1983) жүжиг

“Үндэстэй мод нахиалдаг” хэмээх зүйр үгийн биеллийг УДЭТ-ийн шинэ уран бүтээл Харольд Пинтер “The Lover: Хайр хэнд хэрэгтэй вэ?” романтик хайрын жүжгээс уран яруугаар олж харлаа. Найруулагч Г.Ган-Очирын энэхүү бүтээл тайзны уран бүтээл, театрын уран бүтээлчдийн нэгдмэл ололт шийдэл, хамтын хичээл зүтгэл, чигч гүйцэтгэлийн амь халууныг үзэгчдэд “хайр найргүй” бэлэглэв. Уран сайхны үндэс болсон жүжгийн зохиолын задаргаа, “уншлага”, найруулагчийн үүдэл санаа, жүжигчдийн тоглолтын уран чадвар гурвын уран сайхны чадварлаг нийцэл жүжгээ амжилттай нахиалан дэлгэрүүллээ. Шинжлэн уудалж ярих судлаачийн хувьд талархал дүүрэн байнам.

Бяцхан өмнөтгөл

Зохиолч, орчуулагч Мө.Батбаярын “Баярын бялуу” (2022) өгүүллэгийг уншсанаас хойш нэг хэсэг нь ер мартагдалгүй сэтгэлд тувт өнжсөөр явдаг юм. Аальхан гэнэн зангаар айл гэр болж тоглосноосоо болоод хэлгүй болж цочирдсон охины тухай дүрслэл нь санаанаас сарнидаггүй. Бүтэн агуулгаараа бол өөр санаатай л даа.

Айл гэр болж, “томчуул шиг” тоглож үзэхдээ гэнэтийн явдлаас цочирдоод хэлгүй болчихдог. “Айл гэр болж тоглоод хэлгүй болчихсон” гэсэн үг дахин дахин эгзэгтэй бодогдоно. Та ч гэсэн тунгаагаад үзээрэй. Нээрэн л тус тусдаа өөр өөрийнхөөрөө “амаа мэдэж” яваад айл гэр болж “тоглож” эхлэхээр “хэлгүй” болчихдог юм биш байгаа… Дуугаа хурааж, үгээ залгиж, хэлэх гэсэн үгийнхээ талыг өгүүлж, дотроо нууж, дүр эсгэж, баг зүүж, далдуур хэлж ярингаа цугтаа амьдарна аа гэдэг “хэлгүйрсэнтэй” юуны ялгаа сан. Үүний адил дан дан эгшиглэсэн сайхан аялгуу нийлж хоршоод бүр уянгалан хорших байтал аажим аажмаар хөггүйрэн мартагдах аюул отдог юм биш биз. Хэлгүй харилцаа, мартагдсан аялгуу, гэр бүлийн жүжиг…

“Хайр хэнд хэрэгтэй вэ?” романтик хайрын жүжигт найруулагч энэ асуудлыг ончроон барьж хөнджээ. Хэлгүй, хөггүй, ерөөс үл ойлголцох гэр бүлийн тухай даруу атлаа яруу дуулал. Дээр нь нэмээд Нобелын шагналт зохиолчийн гарын үсэг болж оюуны соёлын санд хэвшин тогтсон “pinteresque” хэв маягийн цочмог харилцан яриа, гүн агуулгатай хэрнээ эгэл жирийн дүрслэлүүд, ухаан шавхсан элдэвтэй үйл, харилцаагаар дамжина гээд бодоод үзээрэй.

НАЙРУУЛАГЧИЙН УНШИЛТ:

“Жүжгийн өмнөх жүжиг”

“Найруулагчийн уншилт” хэмээх содон нэршлийг найруулагч Ч.Найдандоржийн “Миний ертөнц” номоос уншиж билээ. Өөрийн тавьсан жүжгүүдийн концепцыг ийн толгойлон нэрлэж танилцуулсан байсан. Жүжиг бүтэх олон дамжлагатай үе шатанд найруулагчийн жүжгийн зохиолыг сонгох, зохиолоос үүдэл санаагаа төрүүлэх, түүнээ тайзны хэлээр биежүүлэн томьёолох ажиллагаанд амин сүнс оршдог гэжээ. Энд л бүтээлээ бүхэлд нь бие даалгаж харсан өөрийн концепц буюу үзэл баримтлал, жүжгийг “уншсан” билгийн хараа тогтдог байна. Г.Ган-Очир жүжгийн зохиолыг найруулагчийн хараагаар уншихдаа “зохиогдсон зохиол” мэтээр гүйлгэн харж алгасан алхаагүй нь илт танигдаж байв.

Үл ойлголцох залуу гэр бүл. Ээдрээтэй сэтгэл зүйн харилцаа нь даамжирсаар элдэв дүрд хувиран биенээ “сонжихдоо” хүрсэн хосын харилцааг өгүүлэх түүх. Яг үнэндээ хосууд хоёул далд тээштэй бөгөөд биендээ зориулж дүр эсгэхдээ байж ядсан жүжиглэлт, хоржоонтой тоглоомоор харьцана. Гүндээ бол биенээсээ хүсэн хүлээгээд буй зүйлээ л таавар таалгаж, хариулт нэхэж тоглоом тоглоцгоодог. Гүехэндээ харин томчуудын яриагаар хэдрэлцэж, маргалдан муудалцах жаахан хүүхдүүд шиг авирлах агаад заримдаа нэгнээ шоглоход ч хүрнэ.

Зохиолчийн бичсэн энэхүү ээдрээтэй, өвөрмөц тоглоомын нөхцөл, тоглоомын дүрмийг найруулагч үнэхээр гаргууд оношлон харж “шүүгчээр ажиллажээ”.

Найруулагч Б.Мөнхдорж “найруулагчийн ажил үүдэл санаанаас эхэлдэг бол үүдэл санаа яах гэж үүнийг тавьж байгаа билээ гэсэн эмзэглэлээс эхэлнэ. Үүдэл санаа гэдэг бол найруулагчийн оюун санаанд эмзэглэлээр бий болсон бас нэг жүжиг юм. Үүнээс улбаалан ширээний сургуулилалт эхэлнэ. Сургуулилалт бол хичээл биш, харин найруулагчийн үүдэл санааг үйл хөдлөлөөр судалж эхлэх үйл явц юм”[1] хэмээсэн байдаг. Манай нийгэмд өдгөө гэр бүлийн драм, нийгмийн сэтгэл зүйн жүжгүүдийн хэрэгцээ, энэ сэдэвт чиглэсэн оюуны соёлын таашаал нэхэгдэж буйг Харольд Пинтер “The Lover” жүжгийн хоёр дахь тавилт, шинэ найруулга цагаа олон нөхсөнийг дахин онцолъё. Онцлохын учир нь жүжгийн хамт олон найруулагчийн сэтгэн уншсан үүдэл санааг бүрэн таньж, бүтээлч уран сайхны харилцаанд оршсоныг мэдэрсэнд буй юм. Театрын судлал, шинжлэлд “Хэлцэл /сговор/ гэсэн нэгэн ойлголт бий. Уг нэр томьёо нь “жүжгийн зохиол, найруулагчийн үүдэл санаа, жүжигчин гурав уулзах үе. Хэлцэл нь жүжгийн зохиолын уншлага хийх мөчид зэрэгцэн явж байдаг бөгөөд найруулагчийн дүр оноох ажлын урьдач нөхцөл болно. Жүжгийн зохиолын уншлагын зорилго нь найруулагчийн үүдэл санааг зөв тусгаж хүлээж авах жүжигчдийн бэлэн байдал бөгөөд жүжиг дэглэх ажлын эхлэлийн цэг[2]-ийг хэлдэг аж.

Хос хоёрын л ойлгох хайрын хэл, хайрын харилцааны тоглоом, хайрын тоглоомын дүрмийг лавшруулан таниулахдаа найруулагч бидэнд ямар илгээмж зэхэв ээ? Хосуудын хайрын хэл ойлголцохгүй хурц, хортой болдог нь ч нэг төрлийн “хэлгүй” болж буй хэлэн харилцаа гэлтэй бодол төрж суулаа. Хайрын холбоо биднийг ингэж “хэлгүй” энэрэлд, “хэлгүй” гомдолд хүргэдэг мэт. “Жүжгийн өмнөх жүжиг” найруулагчид хамаатай ахул “жүжгийн дараах жүжиг” үзэгчдэд хамаарах билээ.

Найруулагчийн бүтээлч сэтгэл, задлан сэтгэж уншдаг давуу тал жүжигчдэд дүрээ улам чамбай урлан бүтээх, буулган амилуулах хөшүүрэг болж өгсөн нь дамжиггүй. Сайн уран бүтээлийн хэл өөртөө сайн судалгааны уран бүтээлийн хэлийг дууддаг учиртай. Г.Ган-Очир найруулагчийн энэхүү жүжигтээ бэлтгэсэн “хайрын концепц”-ыг Канадын сэтгэл судлаач, эрдэмтэн Эрик Берн “трансакт анализ” (Transactional analysis) буюу хүмүүс хоорондын харилцааны сэтгэл зүйн тоглоомын аргаар (Games People Play: The Psychology of Human Relationships) шинжлэн нээж үзье.

Ерөнхий найруулагч тэрбээр тайзныхаа уран зургийг мөн санаачлан зурж хамтран гүйцэтгэжээ. Бүхэлдээ түүний нэрийн хуудас бүхий бүтээл гэсэн үг юм. Ингээд найруулагч тайз, зохиол, дүрүүдийг хэрхэн нэвтэрхий уншсаныг харцгаая.

[1] Ч.Найдандорж “Миний ертөнцөөр”. Уб., 2016, 205 т.х

[2] А.И.Бураченко “Уран бүтээл шинжлэхүйн үндэс”/Театрын урлаг/. Уб., 2021, 153-154 т.х

НАЙРУУЛАГЧИЙН УНШСАН ТАЙЗ:

Мартагдсан аялгуутай “гэр бүлийн studio”

Үзэгчид суудлаа эзлэн хүлээх зуур хөшигний өмнөх тайзны авансценд жүжиг хэдийнэ эхэлчихсэн байлаа. Үзэгч ирж суусан агшинд л үзвэр жинхэнээсээ амилж, түүний тухай ярих боломжтой гэдэг дээ. Үндсэн тайзны урдах хэсгийн болзмол нөхцөл байдал, уран сайхны чиглүүлэг үзэгчдийг анхаарал, мэдрэмжийн бүтээлч харилцаанд урин дуудна.

Голдоо ганц дугуй ширээгээр холбогдсон уртаа гэгч гудас хоёр өрөөг нэвт дамнан үргэлжилсэн бололтой. Ганц ганц тавилгаар нь зочны болон унтлагын өрөө хэмээн таамаглав. Баруун буланд элж намссан хөлгүй шахам гурван сандал зэрэгцэн үзэгдэнэ. Жижигхэн шат ч гэж харж болмоор. Энэхүү гурвалсан шатлалыг цаг хугацааг өгүүлсэн бэлгэдэл гэж уншваас шатны гишгүүр бүр өгсүүлэх бас уруудуулах үүрэгтэй тул чамгүй баялаг түүх биднийг угтах шинжтэй. Дэлгэцээр тусган харуулах зураглалууд кино хальсанд буусан зохиомжтой бөгөөд кино хальсны дүрслэл доошлон тайзнаа буухдаа гурван сандлын урдуур үргэлжилсэн болохыг хөшиг нээгдэхэд үзэгч мэднэ. Гурван сандлын урдуур кино хальс урсах… Кино хальс урсах… Дахиад л үзэгчтэй ярилцахыг хүсэж байна.

Хөшиг нээгдсэнээр тайзнаас үзүүлэн тоглоход бэлтгэсэн уран сайхны томьёолол, зааварчилсан тохируулгууд бүр ч анхааралт татлаа. Тайзны төв дэх телефон мэт хийцтэй үүдний өрөөний хоёр талд тус тусдаа өмчилсөн мэт хоёр хаалга тодорно. Нэг хаалга төгөлдөр хуурын хар цагаан даралт бүхий дүрслэлтэй бол, нөгөө нь хөгжмийн эгшиг нот бүхий юм. Цаашлаад хамгийн сортосхиймээр нь энэ айлын гэрийн хаяг гэлтэй Studio хэмээн улаанаар гэрэлтүүлсэн тэмдэг. Дуу дүрс бичлэг, видео тоглоомын газар гэж андуурмаар. Гэвч андуурсан нь чухам онохыг жүжгийн үйл явдал батлах болно. Гэр бүлийн studio… Хөгжимлөг, уянгалаг, драмлаг, ёстой л романтик гэр бүлийн орчин үзэгдэн цогцловч нэг л хөггүй хөндий гэдгийг нөхрийн эхний гунигтайхан дуу гэрчилнэ. Жүжгийн өгөгдсөн нөхцөлийг тодотгон мартагдсан аялгууг эрэх шиг санаа алдсан өнгөөр тэрээр эгшиглүүлэх ажээ.

НАЙРУУЛАГЧИЙН УНШСАН ЗОХИОЛЫН ӨГҮҮЛЭМЖ:

Айл гэр болж тоглохуй

Үрлээ: Чи яагаад бүжиглэхгүй байгаа юм бэ? Би чамд хайртай шүү дээ…

Дэлгэр: Чи надад хайртай гэсэн байх аа?

Үрлээ: Үгүй ээ, би тэр үед бүх хүүхдүүдэд зүгээр тэгээд хэлчихсэн юм. Намайг уучлаарай. Би өөр хүнд сэтгэлтэй. Уучлаарай.

Дэлгэр: Би чамд хайртай гэдэг үгийг тоглоомоор хэлдэг юм гэж үү…

Б.Балжинням найруулагчийн “Би чамд хайртай”(1985) кино. Ялангуяа үзэгчдийн сайн мэдэх Дэлгэрийн хэлдэг “би чамд хайртай гэдэг үгийг тоглоомоор хэлдэг юм гэж үү” гэх үгэнд бидний найруулагчийн уран чадварыг задлан шинжлэх санаа зангилагдсаныг олж харсан юм. Хүний хайр сэтгэл, хоорондын харилцаа, басхүү “тоглоом”. Энэ гурван зүйл бидний хамтын харилцааны харилцан нөлөөлөлд салшгүй холбоотой оршдог байна. “Амьдрал хайр дээр тогтдог” нь үнэн боловч амьдрал хайр дээр “тоглодог” үе мөн байдаг буюу ерөөс зэргэлдээ өрнөдөг. Тогтдог-тоглодог, тоглодог-тогтдог… Хайрын харилцаа гэж юу вэ? “Хайрын тоглоом” гэж юу вэ? Амьдрал хайр дээр тогтохдоо бие биенээсээ харилцааны “тоглоомын дүрэм” нэхэж тогтдог уу? Яагаад?

“Хайр” жүжигт эхнэр нөхөр хоёрын дунд төсөөлөгч (хясал) болон мөрөөдөгч (хүсэл) хайрын дуу хоолойнууд холилдон харшиж цангинана. Бас “хоршиж” цангинана. Дур хүсэл, өшөө хорсол ээлжилдэг гэсэн үг л дээ. Хамтын харилцааныхаа төсөөлөл, мөрөөдлийн дунд будилж нэг, хүч сэлбэж нэг “наадацгаана”.

Эрик Берн сэтгэц заслын трансакт анализын чиглэлийг гаргасан бөгөөд Том Батлер-Боудон “Сэтгэл судлалын сонгодог 50 бүтээл /I дэвтэр/” (Орчуулсан Л.Энхтүшиг, Б.Өлзийсайхан) номдоо тайлбарлан бичихдээ,

Томчуулд ч бас хүүхдийн нэгэн адил биеийн хүрэлцэхүйн мэдрэмжийн хэрэгцээ бий. Гэвч томчуул энэ мэдрэмжийг тэр бүр хүртэх боломжгүй байдаг тул сэтгэл хөдлөлийн түвшинд бэлгэдлийн хэлбэрээр “хүрэлцэхүй, энхрийлэл”-ийн мэдрэмж авахыг оролддог байна. Жишээ нь, алдартай кино жүжигчин шүтэн бишрэгчдийнхээ олон зуун захидлаас энэ мэдрэмжийг авч байхад, судлаач эрдэмтэд салбартаа тэргүүлдэг эрхмээс ганц магтаал сонсоход энэ хэрэгцээ нь нөхөгдөж болно[1] гэжээ.

Тэгэхээр хүмүүсийн харилцаа, хүртэхүйд сэтгэл зүйгээ тоглоомоор илэрхийлэх, ойлгуулахыг хүсдэг зүйлээ дамжуулан орлуулж гаргах шаардлага байдаг уу? Дотроо дарагдсан зүйлээ нээн чөлөөлж мэдрэх, мэдрүүлэх, эсвээс булзааруулахыг хүсдэг үү гэсэн асуулт гарна. Жүжгийн хосуудын маань хувьд угтаа маш үнэ цэнтэй, харьцуулашгүй, давтагдашгүй хайрын тоглоомын хэл үйлчилж байна. Гэр бүлийн үнэ цэнийг илтгэх хамгийн “үнэнч” тоглоом гэх үү дээ. Хайрын чинхүү, цээл дуу хоолойг харилцаанаас эмчлэн гаргаж авахаар тэд тоглоцгооно. Эрик Берн хэлэхдээ,

“Хүмүүс чин сэтгэлийн ойр дотно харилцааг тоглоомоор орлуулдаг. Ийм тоглоомууд хэдий таагүй ч гэлээ талуудын нэгэнд, эсвэл хэн хэнд нь сэтгэл ханамж өгч байдаг…Ойр дотно байх хэрэгцээ нь хүмүүсийн тоглоом тоглох шалтгаан юм. Нэг үгээр чин сэтгэлээсээ холбогдох харилцааг тоглоомоор орлуулдаг гэсэн үг…Энэ тоглоомын харилцаа бол нарийн тодорхойлсон, таамаглахуйц үр дүнд хүргэдэг, харилцан уялдаж гарч ирдэг, тасралтгүй үргэлжлэх далд солилцоонууд. Хүн ямар нэг дотоод далд сэдлээ хангахаар тоглоом тоглодог бөгөөд үүнээс үргэлж аливаа нэг ашиг хүртэж байдаг”[2] хэмээн тодорхойлжээ.

Энэхүү судалгааны арга, чиглэл нь уран бүтээлчдийн эрэл хайгуул хийгээд судлаачдын шинжилгээний талбарт анхаарлыг ихээр татсаар иржээ. Жишээ нь дэлхийд алдартай зохиолууд болох Я.Кавабата “Шөнө хаясан шоо”(Орчуулсан Г.Аюурзана) М.Кундера “Зам зуурын тоглоом” (Орчуулсан Б.Баясгалан), М.Этвүүд “Аз жаргалтай төгсгөлүүд” (Орчуулсан Б.Баясгалан), Х.Кортасар “Тоглоом дууслаа” (Орчуулсан Д.Оюунчимэг) зэрэг, үндэсний зохиолчдын С.Дашдооров “Ботгон бор толгод”, С.Эрдэнэ “Нарантогоруу”, Ө.Үлэмжтөгс “Нуугдаж тоглоё”,  Мө. Батбаяр “Баярын бялуу” өгүүллэгүүд болон Б.Эрдэнэсолонго “Эмэгтэй хүн бол” шүлэг, Д.Батбаяр “Мартагдсан аялгуу” жүжиг, Б.Индра “Жүжиг” хоёр хүний жүжиг зэргээс хүмүүс хоорондын харилцаа, харилцан нөлөөллийн хүртэмж, сэтгэл зүйн тоглоомын хандлагыг олон талаас дүрслэн үзүүлснийг харьцуулан харж болдог. Илүү үглэхэд дурдсан үндэсний зохиолуудыг найруулагчид анхааралдаа аваасай.

 

НАЙРУУЛАГЧИЙН УНШСАН ДҮРҮҮД:

Хүмүүсийн тоглодог тоглоомууд

Жүжгийн үндсэн гурван үзэгдэлд найруулагч хүмүүс хоорондын харилцааны тоглоомын гурван түвшний дүрийг тусган баяжуулж зохиомжилжээ. Үзэгдэл тус бүрд хосууд мөн дээрх гурван төлөвт хурдтайгаар шилжин өрсөлдөн тоглохоор дэглэн шийдсэн байх юм. Хүн бүрийн дотор гурван би буюу “эгоны төлөв” эсрэгцэн оршдог тухайд:

“-Ахмад хүний хандлага, сэтгэхүй (Эцэг эх)

-Насанд хүрсэн хүний ул суурьтай, обьектив, үнэнийг хүлээн зөвшөөрөх хандлага (Насанд хүрэгч)

-Хүүхэд шиг авирлах, зөрүүд хандлага (Хүүхэд)

Хүмүүс нийгмийн аливаа харилцаанд гурван дүрийн аль нэгээр оролцож, тэдгээр дүрүүдийн хооронд хялбархан шилжиж байдаг ажээ…Хүмүүс хэн нэгэнтэй тоглоом тоглохдоо дээрх гурван дүрийн аль нэгэнд хувирдаг. Бид нөгөө хүнтэйгээ төвийг сахисан, чин үнэнч, ойр дотно байдлаар харилцаж хүссэнээ авахын оронд, нэг бол тушаал өгөгч Эцэг эх, үгүй бол элдэв маягтай Хүүхэд, эсхүл мэргэн ухаантан мэт бодлоготой Насанд хүрэгч гэсэн гурван дүрийн аль нэгд хувирах шаардлагатай мэтээр сэтгэдэг”[3] гэжээ. “Хайр” жүжгийн тоглоомын үе гурван үзэгдлийн турш хүндрэхдээ дээрх гурван дүрээр хосууд хэрхэн хувиран аялж, аяглаж буйг шинжлэн харъя.

[1] Том Батлер-Боудон “Сэтгэл судлалын сонгодог 50 бүтээл” /I дэвтэр/. Уб., 2021, 38 т.х

[2] Том Батлер-Боудон “Сэтгэл судлалын сонгодог 50 бүтээл” /I дэвтэр/. Уб., 2021, 38 т.х

[3] Том Батлер-Боудон “Сэтгэл судлалын сонгодог 50 бүтээл” /I дэвтэр/. Уб., 2021, 39 т.х

  1. Эхнэр, нөхөр бие биедээ хээвнэг худлаа ярьж жүжиглэн тоглоно. /Насанд хүрсэн/

Биеэ үнэлэгч авдаг нөхөр, нууц амрагаа гэртээ авчирдаг эхнэр. Тэднийхээ тухай  далдуур хүлээцтэй асуун ярилцана.

  1. Зохиомол дүрүүдэд бүрэн хувирч тоглоно. /Эцэг эх/

Макс эмч, Доларис бүсгүй болж харилцан хувирахдаа эрч хүчтэйгээр харилцана. Энэ бол дараагийн давхар тоглоомын харилцаа.

  1. Доларис, Майкл хоёрын дүр дотроос эхнэр нөхрүүд болж тоглоно. /Хүүхэд/

Хүй нэгдлийн үе, эртний хүмүүсийн хэв маягаар зохиомол дүрүүд дотроосоо нөхөр нь эхнэртээ хандаж буюу ерөөс яг өөр өөрсдөөрөө ярьж эхэлнэ. Энэ бол тоглоомын маш хүндэрч ээдэрсэн үе.

Дотно харилцаа, хайр халамж гэхчлэн гэр бүлд дутагдаж буй бүхнээ дүрсгүй тоглоом, сүйтгэлтэй аргаар орлуулж буй содон илэрхийллийг гол дүрийн жүжигчид тун ур дүйтэй ойлгуулан тоглолоо. Үйл хөдлөл, мэдрэмж, харилцан ойлголцлын маш ухаалаг хоршлыг жүжигчин О.Майдарравжаа, М.Тогтохжаргал, Ц.Рагчаа, Б.Золзаяа нар хөгжим хийгээд хөдөлгөөний хэл хэллэг дунд өрнүүн гүйцэтгэв. Жүжигчний “дүрээ илэрхийлэхийн амжилт нь чинхүү мөн чанараа олохын төлөөх хичээл зүтгэлээр илэрнэ. Тэр нь товчхондоо наад захын гурван хэмжүүрт нийцсэн байх ёстой: жүжгийн зохиолчийн найруулгын маяг, найруулагчийн үүдэл санаа, мөн дүрд агуулагдаж байгааг жүжигчин өөрийн туршлагаар дамжуулан илэрхийлэх мэдрэмж хийгээд зан төлөвийн учир зүй. Энэ гурван хэмжүүрийг зөв хослуулсанаар үзэгчдэд итгэл төрүүлж, тэднийг зохиолын баатрын орсон нөхцөл байдлаас хамааралтай болгож”[1] чаддаг байна. Ялангуяа О.Майдарравжаа, М.Тогтохжаргал нарын тоглолтын эрмэг хоршил жүжгийн хэм хэмнэлийг маш чадмаг хөглөж, бас хөтөлж чадлаа. Дүрүүдийнхээ зан төрх, зорилго эрмэлзэл, эргэлт шийдлийг тухай бүрд нь мэдрэн хурдтай хувирган тоглож, үзэгдлээс үзэгдлийг үзүүштэйгээр гүйцэтгэн холбож байсныг онцлууштай.

НАЙРУУЛАГЧИЙН УНШСАН “ХАЙРЫН КОНЦЕПЦ”:

Хайр хэнд хэрэгтэй вэ?

Тоглоом хэрхэн өндөрлөх бол? Найруулагч жүжгээ бүхэлд нь тогтолцоотой бодож зурагласныг дүрүүдийн цогц үйлдэл, тайзны шийдлүүд гэрчилнэ. Үзэгдэл бүр тэмцэлтэй, хэмнэлтэй байдлаа хадгалж идэвхтэй, эн тэнцүү өрнөдөг. Хэл гэдэг хүмүүсийг ойголцуулахын зэрэгцээ ойлголцуулахгүй байх үүргийг мөн хүлээдэг гэж үг байдаг даа. Жүжгийг хурдан темпэнд зохируулж, биеийн хөдөлгөөн, мюзикл элемент, сэтгэхүйн үйл хөдлөлийн хэлэмжийг хавсаргасан нь хоёр хүний сэтгэл зүйн өрсөлдөөнт тоглоомд зохирсон нөхцөлт хэл болж амилсан.

Хосуудын дүрд хувирах хэсгүүдийн шилжилт бодит амьдралд үнэнээсээ өрнөх эсэхийг ялгагдахгүй шийдсэн нь оновчтой шигтгээс байв. Романтик, халуухан хэв донжоор нэмэн хувиргасан санаа болоод залуусын ойлгож мэдрэх үг хэллэг, ёгтлолд ойртуулсан текстийн хувиргал, нэмэлтүүд ончтой концепц болжээ. Тайзны урд гоцлон дуулах мик байрлуулсан нь дүрүүдийн туйлдаж цөхөрсөн дуу хоолойн цуурай мэт уянгалаг бас хүчирхэг ирж мэдрэгдэнэ. Олны хэсгийн өгүүлэмж төсөөлөл, төөрөгдөл, мөрөөдлийн холимог байдлаар хүрч, тоглоомын ертөнцийн нэг хэсэг болон хамтрах нь нэн үзүүштэй.

Дүрүүд, төсөөллүүдээсээ биенээ хамгаалж тоглоомоо төгсгөхөөр тохиролцоно.

Найруулагчийн “хайрын концепц” бидэнд амьдрал хайр дээр тогтдог уу? тоглодог уу? Том болохыг хүсэж айл гэр болон тоглодог ч тоглоомын харилцаанаасаа бид “том болж” чаддаг уу? гэсэн санаанд өргөн аваачиж байна.

Жүжиг төгсөхдөө биенээ хайрлаж үлдэхийн тулд зохиож, туулж ирсэн элдэв дүр, төсөөөлөл, мөрөөдлүүдээ хөөж тууцгаадаг. Өөрсдийнхөө төлөө л тэр. Өөр өөрсдийн асуудлаа биедээ тохож, түүгээрээ дүр үүсгэн тоглосон тоглоомоо цэглэн өндөрлүүлдэг. Гэр бүлийнхээ төлөө л тэр… Хэн хэн нь төгс төгөлдрийг хайхаас илүүтэй хайр хэнд, хэнд хайр хэрэгтэйг хайхын учрыг хамтдаа ухаарна. Эцсийн эцэст энэ олон тоглоом, дүрүүдийн цаана хоёулаа л бие биедээ хэрэгтэй хайрыг өгч, хайрыг хэн хэндээ өгөхөөр хүсэл сэтгэл, хүндлэл итгэлээр шулуудна. Өгөөмөр биш гэж үү!

[1] А.И.Бураченко “Уран бүтээл шинжлэхүйн үндэс”/Театрын урлаг/. Уб., 2021, 98 т.х

Төгсгөлийн мезансцен үнэхээр утга төгөлдөр, гоо үзэсгэлэнтэй үзэгдэв. Төсөөллүүдээрээ хаалга хаалга даруулж, бие биенээ “хараан зүхэж”, тээсэн үнэнээ илчилснээр эвлэрэн дуусах тавилт. Хоёр биенээрээ, чин зүрхэндээ ямар их хайрлаж бахархдаг байснаа дурсан хэлж ярьснаар дуусах шийдэл. Амьдралаа бүтэн авч үлдэхийн тулд энэ бүх төсөөллөл, тоглоомын дүрмүүдийг бий болгосон шүү дээ. Хамгийн том хайрын тоглоомыг энэ гэр бүл, гэр бүлээрээ л  давж чадах хүчтэй байжээ.

Найруулагч Г.Ган-Очир зохиолын задаргаанаас эхлээд бүхий л шатанд ямагт бүтээлч хөрвүүлгийг эрж хайдаг, гарцаагүй мэргэжлийн уран бүтээлч юм. Чухамдаа “онолын хувьд урнаар сэтгээд түүнийгээ тайзан дээр бүтээл болгоно гэдэг л хамгийн чухал юм. Онол мэдээд сэтгэж чадахгүй бол авьяасгүйн шинж. Онол мэдээд, урнаар сэтгээд, тэр нь тайзан дээр биеллээ олохгүй, ойлгогдохгүй бол дутуу байгаагийн шинж”[1] гэсэн үгийн бүрэн баталгааг нээн харлаа. Өөрөөр хэлбэл өгүүлэн буй, үзэгдэн буй зүйлийн цаадах руу өнгийдөг найруулагч юм байна. Бүтээлийн гүн ухаан, уран сайхныг дотроос нь тодруулж гаргадаг буюу зохиомлоор гадна талаас нь “илбэдэж” наадаггүйг тодоос тод ажиглав. Дотроос нь ухаж, сийлж гэмээнэ ур ухаан ялгаран ундрах билээ. Баярлалаа эрхэм уран бүтээлч та бүхэнд.

 

 

Х.Чойдогжамц

(Утга зохиол судлаач, шүүмжлэгч.

 Сити их сургуулийн багш)

[1] Ч.Найдандорж “Миний ертөнцөөр”. Уб., 2016, 13 т.х

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

@Katen on Instagram
[instagram-feed feed=1]