
Усны гудамж сайт “Бичихүйн тухай” хэмээх категоридоо алсдаа бичих сонирхолтой, ид бичин туурвиж буй залуустаа хэрэг болох төрөл бүрийн нийтлэл оруулахыг хичээдэг билээ. Энэ удаа ч мөн өчүүхэн тус болох болов уу хэмээж МУИС-ийн Утга зохиол, урлаг судлалын тэнхимийн багш И.Даваадоржийн “бичээчдэд” санал болгох номын жагсаалтыг хүргэж байна.
Утга зохиолын тухай бид юу мэдэх вэ? "Анхлан бичигчдэд зориулах хүслийн жагсаалт"
I хэсэг
Утга зохиолын аливаа нэгэн төрөл зүйлээр бичнэ гэдэг яггүй л ажил. Бичих, туурвихуйн тухай янз бүрийн зохиолчийн хачирхалтай болоод ялгаатай тодорхойлолт олон бий. Энгийн жишээ л татахад Нобель хүртээгүй ч алдрын титэмтэй Мүраками Харүки роман бичихийг өдөр бүр гүйх дадалтайгаа зүйрлэсэн нь бий.
Харин энэхүү унших номын жагсаалтыг танд зориулж буй мөхөс бичээч бичихүйг хүр хорхойн шүлс эсвээс хонины унгас нийлүүлэн томж, лавайн хээтэй ягаан торго юм уу олс дээс бүтээхтэй ижилтгэн сэтгэдэг билээ. Эндээс нэгэн асуулт ургах нь зүй.
Алив бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд түүхий эд хамгийн чухал. Муухан шиг гурилаар сэвсийсэн талх барина гэж бодохгүй л байна.
Тэгвэл яруу найраг, хүүрнэл зохиол, бүр жүжиг бичихэд, үг нэхэн мэтгэж бүтээл туурвихад түүхий эд нь юу байх вэ? Мэдээж үг, дараа нь санаа. Бусдаас ялгаатай хэмээн сэтгэж буй санаагаа үгийн доторх үгэнд шингээх. Гэхдээ бичсэн шүлгээс өөр яруу найрагч ханхлах нь бий. Өөрийн бүтээлийг шинэ хэмээн бодож явсаар хэн нэгэн зохиолчийн хэдэн зууны өмнө гаргасан санааг санаандгүй давтах нь ч байх. Эдгээр нь хангалттай уншаагүйн, эс бөгөөс хэн нэгэнд хэт автсандаа өөрийгөө театрын үзэгч шиг гаднаас нь шинжиж чадаагүйн гор билээ. Тиймээс энэхүү хүслийн жагсаалтын тэргүүнээ өмнөх үеийг дахин давталгүй туурвих, хоёрдугаарт өнгөрсөн үеийн бүтээн туурвихуйн туршлагаас суралцаасай гэсэн зорилгоор зөвлөж буй юм. Үүнд бядуу бичээч миний ч уншаагүй нь бий билээ.
Цуврал нийтлэлийн эхний хэсэгт туурвин бичихээр зэхэж буй залуу бичээчдийн танилцвал зохих аман зохиолын бүтээлээс дурдан жагсаах юм. Эл өгүүлбэрээс нэгэн асуулт ургаж байна.
Яагаад аман зохиол гэж? Гурван настай хүүхдийн цэцэн мэргэн асуулт гэдэг шиг оновчтой л асуулт. Магад уран сэтгэмж бичиг үсгээс өмнө байсан биз ээ. Элгэн хад нүдэж балбаад, хэмжээгээр ялгаатай эвэр туурайтай амьтан, зөв биш хэлбэртэй хүн зурж өнөө үлдээсэн эртний зураачдад уран сэтгэмж байсан нь мэдээж. Бичиг үсгээс өмнө үүсэж, амаас ам дамжин билүүдэн хурцлагдсан тэр л уран зохиолын бүтээлийг аман зохиол гэдэг. Тухайн улс үндэстэн, угсаатны илтгэл бишрэл, ертөнцийг үзэх үзэл, гоо зүйн болоод ёс зүйн үнэлэмжийг алив нэгэн хэмжээгээр аман зохиол хадгалж байдаг. Тиймээс бичгээр тэмдэглэсэн аман зохиолын бүтээлийг уншиж эхлэх нь ухаалаг алхам болох биз.
Энэ жагсаалтыг ямар нэгэн эрх мэдэлтнээс, сургалтын хөтөлбөрөөс зөвлөж буй бус нэгэн судлаачийн хувийн сонголт болохыг харгалзан үзэж, өршөөн хэлтрүүлнэ хэмээн найдаж байна.
I. АМАН ЗОХИОЛЫН ЭМХЭТГЭЛ
Аман яруу найраг
Монгол ардын түмэн оньсого I-II. (1966, 1989). Эмхэтгэсэн Ц.Өлзийхутаг. Улаанбаатар: ШУА-ийн хэвлэл, Армийн СХ-ийн хэвлэх үйлдвэр.
Аман зохиол судлаач Ц.Өлзийхутаг Монгол орны газар бүрээс цуглуулсан 10 000 оньсогыг хоёр ботиор хэвлүүлсэн билээ. Ер бага ангидаа цээжилж байсан зүйр цэцэн үг, оньсого мэт сонирхолгүй санагдаж болох ч дүрслэх ур маяг, уран дүрслэлийг гаажтай бүтээхэд тань туслах юм. Адилтгал, зүйрлэл, хэтрүүлэл, амьдчилал хийгээд юмшуулал зэрэг дүрслэх ур маягийг хэрхэн ашиглаж, утга далдлан шүлэглэсэн асуулт зохиосныг анхааран уншвал шүлэг бичихэд тань, үргэлж л ашигладаг зүйрлэлээс хагацахад ихээхэн нэмэртэй биз ээ.

Ринчен, Б. (2013). Монгол бөөгийн дуудлага.Улаанбаатар: Удам соёл.
Нэрт эрдэмтэн Бямбын Ринчен 1960-1970-аад онд монгол аман зохиол, бөө мөргөлийн аман яруу найрагт холбогдох эмхэтгэлийг хэвлүүлсэн. Анхлан хэвлэгдсэн эмхэтгэлийг олоход бэрх, эрдэм шинжилгээний галигаар үйлдсэн учир энгийн уншигч ойлгоход төвөгтэй. Тиймээс 2013 онд хэвлэгдсэн эл түүврийг уншихыг зөвлөж байна. Алив нэгэн бөө, удган нар өөрийн онгод тэнгэрийг дуудахдаа үгийн давталтаар шидийг бүтээж, айзам эгшиглэл үүсгэж байдаг билээ. Яруу найргийг туурвихдаа үгийн үндсийг бүрэн ба бүрэн бус давтан, айзам хэмнэл үүсгэж сурахыг хүсэж буй бол уг түүвэртэй танилцана уу.

Монгол ардын уртын дуу (Монгол аман зохиолын чуулган X). (1984). Эмхэтгэн боловсруулж, удиртгал, тайлбар бичсэн Х.Сампилдэндэв, К.Н.Яцковская, Улаанбаатар: Улсын хэвлэлийн газар.
“Ардын дууны шүлэг шиг ганц шүлэг биччихээд үхэх сэн” гэж Бавуугийн Лхагвасүрэн гуайн хэлсэн үг санаанд орно. “Би гунигтай байна” гэж энгийн үгээр хүүрнэлгүй гунигтай, баяртай, уйтай байгаагаа илэрхийлэхэд ардын дууны үг, энгийн илэрхий мэт боловч утга далдлахуйд суралцахад тустай.

Нэрт туульч С.Чойсүрэнгийн туульс. (2010). Эмхэтгэсэн Б.Катуу. Улаанбаатар: Shinry Printing.
Баатарлаг туульсын хамгийн хүчтэй уламжлалыг урианхай нар өвлөн үлдсэн гэхэд хилсдэхгүй. Эл түүврийг анхлан уншихад тийм ч амар байхгүй болов уу. Гэхдээ туульст буй уран сэтгэмж, өгүүлэгдэхүүн, алив шидэт хийгээд баатарлаг үйл явдлыг хэрхэн бүтээсэн туурвил зүйн туршлагыг эл түүврээс харж болно.

Хүүрнэн өгүүлэх аман зохиол
Dulam, S., Vacek, J. (1983, 2013). A Mongolian mythological text. Prague: Charles University; Ulaanbaatar: Bitpress.
Домог дахин хэлэгдэх тутамдаа эрх мэдэл (легитмаци)-аа олж авч байдаг гэдэг. Шидэт реалист зохиолын адбиш хэрэг явдлууд уншигчдад аяндаа сонирхолтой хийгээд үнэмшилтэй хүрдэг. Ер нэг тосгоноороо унтахаа байж, нэр үг бүрийг мартдаг “Зуун жилийн ганцаардал” роман шиг зүйл хаа байх вэ. Хүүрнэл зохиол, тэр дундаа шидэт үйл явдал бүхий богино өгүүлэл юу эсийг бичихийг хүсэж байвал домгийн бичвэртэй танилцах нь зүй юм. Нэгэн талаараа домог бидний дунд байдаг түгээмэл зүй тогтлыг уран сайхны аргаар тайлбарладаг учир сонирхолтой. Профессор С.Дуламын тэмдэглэн авсан “Галавын үлгэр” хэмээх домгийн бичвэрт эх соёлын олон зангилааг тайлах сонирхолтой өгүүлэмж бий юм.

Монгол ардын үлгэр (Монгол ардын аман зохиолын чуулган I). (1982). Д.Цэрэнсодном эмхэтгэж, удиртгал, тайлбар бичив. Улаанбаатар: Улсын хэвлэлийн газар.
Үлгэр энгийн мэт боловч төвөгтэй өгүүлэгдэхүүн, үйл явдал, адармаатай зөрчлийг тээж байдаг. Хүүрнэл зохиол туурвихад үйл явдлыг бүхэлд нь хэрж, уншигчийг татах зөрчлийг бүтээхэд үлгэр туслах биз ээ.

Монголын Бурханы шашны аман түүх I-IV. (2021). Эмхэтгэсэн Ж.Ерөөлт, П.Лхам. Улаанбаатар: Мөнхийн үсэг; Соёмбо Принтинг.
Өнөөгийн дэлхийн томоохон зохиолч бүр л шашин, улс төрийн хам сэдэвт хамаарах өгүүлэмжийг зохиолдоо тусгасан бий. Нэр даран жишээ татвал У.Эко “Сарнайн нэр”, С.Рушди “Сатаны шүлгүүд” гээд цааш хөвөрнө. Өөрийн зохиол бүтээлдээ шашны агуулгыг сонирхолтой байдлаар тусгаж, итгэл үнэмшил, энэ ертөнцийн хүн хийгээд хүн бусын тухай өгүүлэх үйл явдлыг бүтээхийг хүсвэл эл түүврийг сонирхож үзнэ үү.

Жүжиг наадмын аман зохиол
Ардын жүжиг наадмын аман зохиол (ЖНАЗ) (Монгол ардын аман зохиолын чуулган Х). (1988). Эмхэтгэн боловсруулж, удиртгал, тайлбар бичсэн Х.Сампилдэндэв. Улаанбаатар: Улсын хэвлэлийн газар.
Жүжиг наадмын аман зохиолд бэлэн цэцлэх дайралцаанаас эхлээд харилцаа дуу, ураг хуримын ёсонд хамаарах үүдэн дарлагын үг ч багтдаг. Энгийн харилцаа дуу л гэхэд хөгтэй хийгээд ёжтой, бусдаас арай ондоо диалоги бүтээхэд туслах юм.

Монгол аман зохиолын төрөл зүйлсийг эмхэтгэн хэвлүүлсэн эдгээр бүтээлийг зөвлөж болох ч нэгэн дороос уншихыг хүсвэл Ш.Гаадамба, Д.Цэрэнсодном нарын эмхэтгэсэн Монгол ардын аман зохиолын дээж бичиг (1978) бүтээлтэй танилцахад болно. Аман зохиолын төрөл зүйл бүрд хамаарах жишээ бүтээлийг энэ эмхэтгэлд оруулсан байдаг.

II. Аман зохиол судлалын бүтээл
Владимирцов, Б.Я. (1966). Ойрад монголын баатарлаг туульс. In Монгол ардын баатарлаг туульсын учир. Улаанбаатар: ШУА-ийн хэвлэл.
Нэрт монголч эрдэмтэн Борис Яковлевич Владимирцов 1908 – 1926 оны хооронд Монгол орноо таван удаа эрдэм шинжилгээний томилолтоор ирж, алдарч туульч Парчины аялгуулан хайлж буйг соронзон хальснаа шингээн авсан байдаг билээ. Түүх, хэл, утга зохиол, угсаатны зүй гээд монгол судлалын бүхий л салбарт өөрийн үнэ цэнтэй бүтээлийг туурвисан уг эрдэмтний “Монгол ойрадын баатарлаг тууль” бүтээлийг уншихыг зөвлөж байна. Б.Я.Владимирцов эл бүтээлдээ ойрад баатарлаг туульсын хэв шинж, хувьсал, уран сайхны онцлогийн талаар цөөнгүй сонирхолтой саналыг дэвшүүлсэн байдаг билээ.

Хорлоо, П. (1960). Монгол ардын явган үлгэр. Studia Folklorica, Tom. I. Улаанбаатар.
Сайн санаат туслагч баатар, хорон санаат хойд эх зэрэг үлгэрийн баатрын тухай уншвал гол дүрд хүч нэмэрлэх туслах дүрийг бүтээхэд нэмэртэй гэж бодно. Эл бүтээлээс дан ганц үлгэрийн баатрын тухай биш үйл явдал зэрэг зохиолын бусад бүтвэр хэсгийн тухай судлах ч боломжтой.

Дулам, С. (2002, 2007, 2009, 2011, 2020). Монгол бэлгэдэл зүй. IV боть: Зүүд, зөн совингийн бэлгэдэл зүй, цагийн бэлгэдэл зүй. Монгол соёлын чуулган XI боть, Улаанбаатар: МУИС-ийн Хэвлэх үйлдвэр., Битпресс.
Уран дүрийн хамгаас гойд хэлбэр нь бэлгэдэлт дүр. Эл дүрийг бүтээх нь энгийн бичээчээс ихээхэн ур чадвар, эх соёлын мэдлэгийг шаардана. Шаардана шүү. Гэхдээ ухамсартай хийгээд үл ухамсарлан эл дүрийг бүтээж чадвал муухан үйл явдлыг ч өөд нь татаад л өгнө. Яагаад гэж үү? Нэгэн жишээ татъя. Өрнийн соёл иргэншилт улс түмэн охиндоо Пенелопе хэмээх нэр өгөхөөс цээрлэх нь бий. Өнөөх сохор туульч Хомертой холбоотой хэрэг л дээ. Итак аралын Одиссей Тройн дайныг шувтлаад эх нутагтаа хүрэх гэж 11 жилийг далайд зардаг. Энэ хооронд хүлээсэн гэргий нь Пенелопе билээ. Тиймээс л эргэж ирэх эсэх нь үл мэдэгдэх эрийг нэгэн насаараа хүлээх нь гэж охиндоо энэ нэрийг өгөхөөс цээрлэдэг хэрэг. Бэлгэдлийг нэгэн захаас нь багахан тайлбарлавал ийм. Өөрийн үндэстний бэлгэдлийн сэтгэлгээнээс суралцан, бүтээл туурвилдаа оновчтой ашиглахыг хүсэж байвал Монгол бэлгэдэл зүйн дөрвөн ботитой танилцаарай.

Нандинбилиг, Г. (2024). Монгол тоглоомын аман зохиол: Дүр, бэлгэдэл. Ред. Б.Цэцэнцолмон, Улаанбаатар: МУИС Пресс.
Аргентины зохиолч Хулио Кортасар “Чартаа (Hopscotch)” романдаа эхлэлээс төгсгөл хүртэл унших ердийн тогтсон хэв маягаас татгалзаж, ялгаатай дарааллаар уншихад өөр үйл явдал, утгад хөтлөх хэлбэрийг санал болгосон байдаг. Ер нь анги дэвших тоглоом буюу чартаа л даа. Өнөөгийн уран зохиолд эвлүүлэн уншихад ялгаатай утга илэрхийлэх зохиол нэг биш. Итало Кальвиногийн “Үл үзэгдэх хотууд”, Netflix платформд буй “Black Mirror: Bandersnatch” бүтээлүүд цөм л энэ аргаар бүтэж, “Puzzle-oriented fiction” гэх төрөл зүйлд хамаардаг. Ганц чартаанаас санаа авч, хэлбэрийг эвдэж буй бол бид өөрийн үндэстний тоглоом наадгайг ашиглан шинэ хэлбэр, шинэ өгүүлэмж үүсгэх боломжтой хэмээн бодно.

Бичгийн уран зохиол үүсэн бүрэлдэх үндэс суурь болох аман зохиолын өв их сангаас багахан зүйл өөрийн мэдсэнээр зөвлөхөд ийм. Бүгдийг унших албагүй ч багахныг өөртөө тустайгаар ашиглахад танд хэрэгтэй гэж найднам.
МУИС-ийн Утга зохиол, урлаг судлалын тэнхимийн багш И.Даваадорж
Leave a Reply