
Г.БАТСУУРЬ /МУБИС/
С.Энхбаярын яруу найргийг үзэх үзэл
С.Э: -Хөөе,чи хэн билээ, Батсуурь бил үү! Эрхэм Суурь гуай, яруу найраг гэдэг бол яг үнэндээ уран зохиолд бараг хамаагүй юм ш дээ, учир нь яруу найраг бол тухайн үндэстний хэлнийх нь охь дээж, гоо зүйн сэтгэлгээнийх нь дээд илэрхийлэл байдаг. Жишээ нь оросын яруу найргийн гайхалтай дүрслэлийг танай монголчууд ойлгохгүй, таашаахгүй, энэнтэй адилхан монголын яруу найргийг өөрөөр хэлбэл монгол хүнд гайхалтай сайхан санагдаж байгаа дүрслэлийг орос юм уу, хятад хүн ойлгохгүй, гэхдээ ойлгоогүйнх нь төлөө тэднийг тэнэг гэж болохгүй биз дээ.
***
ХХ зууны сүүл ХХI зууны эхэн үеийн монголын утга зохиолын онол, шүүмжлэлийн салбарын нэн тод төлөөлөгч Сорогдогийн Энхбаяр (1964-2025) яруу найргийн шүүмжлэлийн чиглэлээр олон бүтээл туурвисан билээ. Профессор С.Энхбаяр утга зохиолын хамгийн эмзэг мэдрэмтгий зүйл (жанр) болох яруу найргийн талаар өөрийн уран бүтээлийн эхэн үедээ нэлээд бичсэн байдаг. Угаасаа ихэнх шүүмжлэгч эхлээд яруу найргийн талаар бичдэг нь бараг тогтсон ёс. Тэгээд ч шүүмжлэгчийг яруу найргийн талаар хэрхэн бичсэнээс нь уран зохиол, гоо зүйн ямархан мэдлэгтэй, гол нь яруу найргийн мэдрэмжтэй юу, үгүй юу гэдгийг нь хялбархан дүгнэж болдог. Сонгосон яруу найрагч, авсан эшлэлүүдийг нь хальт хараад л тухайн шүүмжлэгчийг аль түвшнийх болохыг нь төвөггүй таньж болно.
1990-ээд оны манай яруу найргийн «атмосфер» дараах хэдэн онцлогтой байсан. Үүнд:
- 1990 оны ардчилсан хувьсгалаар яруу найргийн өмнөх итгэл үнэмшил нуран унасан;
- Өмнө нь хаалттай сэдэв байсан үндэсний үзэл, эзэнт гүрний түүх рүү хандсан;
- Барууны хандлага түүн дотроо модернизм гэх шинэ урсгалд тэмүүлсэн;
- Социализмын үнс нурамтай хутгалдсан 80-аад оныхон шинээр түрж буй 90-ээд оныхноо «хялайн» үзсэн;
- 90-ээд оныхон нь өмнөх үеэ үгүйсгэсэн зэрэг үндсэн төлөвтэй байсан.
Ийм цаг үед монголын яруу найргийн онолын тулгуур нь МУИС-ийн Д.Галбаатар, шүүмжлэлийн тулгуур нь МУБИС-ийн С.Энхбаяр байсан юм. Утга зохиолын амьдралын нэгэн өдөр нь өдгөөгийн нэгэн аравны амьдралтай тэнцэхүйц тийм баян цаг үед төрж, шүүмжүүд бичнэ гэдэг бол хувь заяаны оноолт. Тэрхүү оноолтыг Багш нэр төртэйгээр биелүүлсэн.
Ховдын Багшийн дээд (тухайн үеийн нэрээр)-эд ажиллаж байхдаа өөрийн өргөн мэдлэг, зоримог бичлэгээрээ алдаршиж, удалгүй ШУА-ын ХЗХ, улмаар УБИС (тухайн үеийн нэрээр)-ийн Утга зохиолын тэнхимд ирээд байсан, шүүмжлэгч С.Энхбаярын “Ирэх урсгал” (1995) хэмээх жижиг ном тухайн үеийн зохиолчдын байгууллагаас эрхлэн гаргаж байсан “Зөн” хэмээх цувралд орж хэвлэгдсэн бий. Мөн номд орсон “Яруу найргийг шинэчлэхийн төлөөх 100 жилийн дайн буюу модернист фронт командлагч Б.Галсансүх”, “Обломов маягийн алхайрал гэж юу вэ? буюу Баабар маягийн мэдэмхийрэл гэж юу вэ?”, “Ц.Хуланд бичсэн захидал” гэсэн гурван уран сайхны шүүмжийн эхний ба сүүлийнх нь гагцхүү яруу найргийн тухайтад байсан билээ.
Профессор С.Энхбаяр нэгэн уран бүтээлчид холбогдуулж гарчиг тавьсан хэрнээ онолын том суурь хийгээд утга зохиолын амьдралын өргөн дэлгэц, цаашлаад нийгмийн амьдрал болон мэдлэгийн бүхий л хүрээний асуудлын талаар өндөр мэдлэгээрээ «дээвэрлэж», зоримог тайлбарлан, таниулдаг өөрийн онцлогтой шүүмжлэгч байсан нь шүүмжийн бүтээлүүдээс нь тод харагддаг. Жишээ нь, “Ц.Хуланд бичсэн захидал” шүүмжид л гэхэд Ц.Хулан найрагчийн уран бүтээлийг дагнан авч үзэхээс илүүтэйгээр соёл, иргэншил, оюун ухаан, сэтгэл, уран зохиол, яруу найраг.., (тэр ч байтугай өнөөдөр л нэвтэрч байгаа хиймэл оюун ухааны асуудлыг 30 жилийн өмнө робот гэдэг нэрээр хөндөж байсан Г.Б) зэрэг ойлголтуудын тухай эргэцүүлж, их хот, дэлхийн ирээдүй, нүүдэлчдийн хэв маяг, сэтгэлгээний онцлогийн тухай философидно. Ц.Хулангийн шүлгүүдээс хэдхэн мөрийг л эш татан өөрийн өвөрмөц үнэлэмж бүхий үзэл санаанд хачин гэмээр зохируулан наах ба үүгээрээ уран сайхны шүүмж бол нэг хүний шагналын тодорхойлолтод хавсаргах «жалгын магтаал» биш болохыг томруунаар харуулж яруу найргийг үзэх үзлээ тунхагладаг. Жишээлбэл мөнхүү шүүмжид «…”Мухар сүсэгтнүүд” гэж нэрлэгдсэн Оросын аугаа их хүмүүс гүн сэтгэгчид Вл.Соловьев, К.Леонтьев, Н.Бердяев, Ф.Достоевский, И.Тургенев, Л.Толстой, Ю.Павлов нарын хэн нь ч Өрнөд, өрнөдийн соёлыг тэр ч бүү хэл зөвхөн капиталын ертөнцийг ч юм уу, эсвэл францын хөрөнгөтний хувьсгал, Английн аж үйлдвэржүүлэлтийг дайсагнан үзэж байсангүй. Харин иргэншил гэдэг үгээр бидний тэмдэглэдэг тэр ойлголтыг нийтэд нь эсэргүүцэн болгоомжилж байсан, тэд хүний зүрх сэтгэлийн ертөнц болох аугаа их ёс суртахуун, аугаа их бишрэл, аугаа их хайр, аугаа их “нам гүм”-ийг устгахыг эсэргүүцэн шаналж байжээ. Тэд сүмийн хонхны уянгалах дуу, үдшийн мөргөлийн эрхэмсэг ёс, манант өглөө толгодын цаанаас нар мандах гэгээн агшин, арван зургаан нас мэт цагаахан хус үл мэдэг ичингүйрэн ганхах тансаг амгалан ертөнц, өнгөрсөн түүхээ хүндлэх ариун заншил, “бурхан, эзэн хаан, эх орны төлөө” хэмээх аугаа үзэл санаа… энэ бүхэнгүйгээр хүн гэдэг ойлголт ухагдахууныг төсөөлж чадахгүй байжээ» (Энхбаяр.С. Ирэх урсгал. 1995. х28) гэх мэтээр бичсэн байдаг ба энэ мэтийн бүхэллэг том үзэл санаагаа Ц.Хулангийн “Зүлгэн дээр гэрээ бариад, Зүгээр л нэг амьдрах сан” гэсэн хоёрхон мөрд уяж аугаа их оюун санаа шингээж, энгийн үгээр бүтээсэн, сэтгэллэг яруу найргийг бишрэн тоодог болохоо тунхагласан байдаг.

Энэ нь цаад мөн чанартаа зөвхөн Ц.Хулангийн шүлэгт зориулж хэлсэн үг биш бөгөөд үндэстнийхээ яруу найргийн тийм гэгээн мөрүүдэд хайртайгаа л тунхаглаж буй нь тэр ээ!
“Яруу найргийг шинэчлэхийн төлөөх 100 жилийн дайн буюу модернист фронт командлагч Б.Галсансүх” шүүмждээ Б.Галсансүхийн яруу найргаар жишээлэх боловч угтаа өөрийн модернист яруу найргийг үзэх үзлээ «…Дадаизм, имажинизм, сюрреализм, экспрессионизм, импрессионизм, акмеизм зэрэг модернизмын олон урсгал чиглэлүүд, сонгодог яруу найргийг байлдан дагуулах тэмцэлд ялалт байгуулж ар араасаа бүхэл бүтэн цаг үеийг дагуулсан тийм үе бий. Өнөөдөр тэд хуучирсан, хуучраагүй тухай ярих нь, ерөөс урлагийн үзэгдлийг ингэж үзэх нь нэг талаар буруу юм. Урлагийн түүх өөрийн ямар цагийн хүрээнд (изохрон, синхрон) түүхээ хүүрнэж байна вэ? гэсэн бодомж байж болохоос бус, хуучрах хуучрахгүй тухай яриа бол урлагийн салбарт бүдүүлэг үзэл санаа мөн!» (Энхбаяр.С. Ирэх урсгал. 1995. х6) гэх зэргээр илтгэсэн байдаг. Тэрбээр өөрийн салбарт төрөх шинэ хүлээлт, шинэ найдварт машид талархалтайгаар үнэн сэтгэлээсээ хандах ба өөрийн үзэл санаандаа, өөрийн зарчимдаа аль ч тохиолдолд чин үнэнч байж чаддаг байсан учир түүнийг жинхэнэ утгаар нь «Уран зохиолын шүүмжлэгч» хэмээн нэрлэж болох билээ.
***
С.Э: Сууриа! Яруу найргийг авч явдаг гэх үү, яг бидний дунд амьд байлгадаг хүмүүс нь жинхэнэ авьяастнууд биш, сонгодгууд биш харин яруу найрагт дуртай, халуун сэтгэлтнүүд байдаг, одоо энэ Шар Мийгаа ах шиг, талийгаач Бороохойн Батхүү, телевизийн Гүрбазар, Дан.Нямаа.., гээд өөр олон хүн бий. Эд нар мэдээж шүлэгтэй, гэхдээ сонгодог бол биш. Гэхдээ ийм л хүмүүс яруу найргийг амьд байхад хүмүүсийн анхааралд байхад гол үүрэгтэй халуун сэтгэлтнүүд! Үнэхээр хүндэлмээр..!
***
Профессор С.Энхбаярын “Утга зохиол дахь ‘Баасан авгай’ нар болон бидний үнэт зүйлс” хэмээх алдартай шүүмжийн бүтээл бий. Мөнхүү бүтээлдээ «Бидэнд өнөөдөр үнэт зүйлс бий юу? Байлгүй яах вэ? Өнөөдөр манай оюун санааны амьдралд, манай утга соёлын ертөнцөд философийн Ц.Гомбосүрэн багш шиг, Б.Батчулуун багш шиг, Г.Аким багш шиг, орчуулагч Ц.Гомбосүрэн гуай шиг, философич Ч.Ган-Өлзий гуай шиг, энэ цагийн аугаа их хүчирхэг интеллегент Б.Баабар шиг, Ч.Эрдэнэ гуай шиг, яруу найрагч Г.Аюурзана шиг хүмүүс байгаа нь юутай их аз, ямар их хувь заяа вэ?» (Отгонбаяр.Ж, Энхбаяр.С нар МУБИС-ийн өгүүллүүд. УБ. 2020. х124) хэмээн бичиж өөрийн хүндэлдэг хүрээний болоод зүйрлэн жишихүйц хүмүүс хийгээд тэдний бүтээлүүдийг дурдсан байдаг бол романч Ж.Пүрэвийн “Сэтгэлийн дуулал” романы талаарх “Мандаж байсан жаргаж байгаа наран” шүүмждээ утга зохиол дахь өнгөрсөн үеийнхэн цаг нь ирэхээр дараа үедээ зай тавьж өгдөг байх ёстойн тухайтад «Тиймээ, тэгэхээр зай хэрэгтэй байна. Энэ зайг тавьж өгөх нь зөвхөн Та биш, Таны үеийн олон хүмүүст хамаатай нинжин сэтгэл, мөс чанарын тухай асуудал юм шүү! гэдгийг эцэст нь би онцлон тэмдэглэхийг хүсэж байна.» (Энхбаяр.С. Утга зохиолын судлал шүүмжлэлийн өгүүллүүд. УБ. 2004. х53) гэж анхааруулсан байдаг. Эдгээр баримтуудаас шүүмжлэгч С.Энхбаярын ахмад болон залуу үеийнхэнд гагцхүү утга зохиолын бүтээлийнх нь үнэ цэнийг нь харгалзан үнэлэмж тогтоодог “шударга зарчим” харагдаж байгаа бөгөөд өөрөө ч энэ зарчимдаа үнэнч үлдсэн.

Утга зохиол судлаач С.Энхбаярын бичсэн хамгийн сүүлчийн бүтээл (2024 оны 11-р сарын 19-нд бичиж дуусгасан, үүнээс хойш цоо шинээр юм бичээгүй. Г.Б.) болох «Ч.Алтанзагас багшийн түүвэрлэн эмхэтгэж орчуулсан “Сергей Есениний хайр сэтгэл, үхэл” зохиолынх нь орчуулгад хамаатуулсан тэмдэглэлүүд» (Энэхүү өгүүллийг “Өдрийн сонин”-ы сайтад тавьсан яруу найрагч Норовын Гантулга, “Утга зохиол урлаг” сонинд 2 дугаар дамжуулан бүтнээр нь нийтэлсэн зохиолч Долгорын Батжаргал нарт талархаж байна. Г.Б) хэмээх томоохон шүүмжийн өгүүлэлдээ «С.Дулам багш, С.Лочин багш нарын оюутан цагийнх нь номын багш нь гээд нэг бодоод үз дээ! Та нар? Ямархуу өндөр оргил харагдаж байна? Даанч Ч.Алтанзагас багш маань өөрөө аргагүй л silent generation үеийн хүн юм болохоороо даруу ч гэж жигтэйхэн, чимээгүй ч гэж жигтэйхэн тэгээд ч энэ үе чинь чимээгүй үеийнхэн гэж хүндэтгэл дүүрэн нэрлэгддэг ч биз ээ… түүнээс биш тэрхүү дээр нэгэнтээ товч дурдагдсанаар бүхэл бүтэн улс үндэстний соёлын нэг дархлаа, тусгаар тогтнолын нэг бэлгэ тэмдэг, нийт үндэстний түүхэн дэх нэг бахархал болсон Монголын Нэвтэрхий Толь хэмээх академик зэрэглэлийн нүсэр том суурь бүтээл бүтээх хүнд хүчир ажил үйлсэд эхнээс нь дуустал дагнан ажилласан бараг цорын ганц хүн, эх баригч, ариутган шүүгч, асрамжлан анхаарагч, хатуу хөтүү хар ажлынх нь ганц зүтгүүр явсан энэ ахмад эрдэмтэн уг нь бол яах аргагүй Монгол Төрийн хэмжээнд үнэлэгдэх ёстой цаг хугацааны эргэлт дунд өөрийн гэсэн тод ул мөрөө үлдээсэн, эдүгээ ч үлдээж яваа номын өндөр суудалтан биш гэж үү?» хэмээн тодотгон бичсэн бөгөөд Багш эрдэмтэй хүнийг нас зүс, үндэс угсаа, нөхөр дайсан, таньдаг эс таньдаг, нутаг нуга үл хамааран машид хүндэлдэг, худал дүр эсгэгч нарыг бол шууд өрөөнөөсөө хөөж гаргадаг өөрийн үнэлэмжтэй профессор байсан юм.
Шүүмжлэгч С.Энхбаяр 1994 онд бичсэн “Онол бор саарал байдаг бол амьдралын мод мөнх ногоон байдаг” шүүмжийн өгүүлэлдээ утга зохиол, яруу найрагт шинээр хандах тухайд болон тэр үеийн ахмадуудын мунхаглалын талаар «”Улаанбаатар” сонины дэргэд байгуулагдсан “Санчир” клубийн уран бүтээлчдийн үйл ажиллагааг санаа нь зовсон хүмүүжилтэй ахмадуудын шаардлага шахалтаар зогсоосон саяхны нэг явдал ч үүний нотолгоо мөн. Үр дүн нь Монголын орчин үеийн уран зохиолын үүсэн төлөвшиж хэлбэржиж явсан онц сонирхолтой нэг чиглэлийг уншигчдаас холдуулж “Улаанбаатар” сонин захиалагчдаа алдсан явдал. Гэтэл бид хэдий болтол ямар нэг морины тухай, ямар нэг царайлаг эмэгтэйн тухай, ямар нэг гоёлын-уйтгар гунигийн тухай нэгэн хэвийн ёстой л уйдаж үхмээр шүлэг зохиолуудыг уншиж суух юм бэ?» (Энхбаяр.С. Утга зохиолын судлал шүүмжлэлийн өгүүллүүд. УБ. 2004. х61) гэж бичсэн байдаг бөгөөд өнөөдөр ч энэ үг шинэ хэвээрээ байгаа…
Байгаа гэхийн учир нь өнөөдрийн манай яруу найргийн хүрээнд шүлэг тэрлэмэр болж байгаа «нөхөд»-үүдийг: -Эрдэнэ-Очирийн дүү нар
-Галсансүхийн дүү нар гэсэн үндсэн хоёр заазад төвөггүйхэн хувааж болно. Харин «эрхэм дүү нар» маань “Эрдэнэ-Очир, Галсансүх” хоёрыгоо «дэвсэлж» гарахыг ер эрмэлзэхгүй, модон хударгадаа хий эргэсээр байгаа нь нэн эмгэнэлтэй. Үүнийг шүүмжлэгч С.Энхбаяр 31 жилийн өмнө хэлж байв.




***
Г.Б: Багш аа! Зуны төрийн шагнал хүртээдэг шийдвэр.., ямар санагдав?
С.Э: За яахав дээ, нэг нь ч гэсэн авч л байг, гэхдээ түүнийх шиг шүлгүүдийг бол хэн ч,
жишээ нь чи, бид хоёр бол өдөрт л хорь, гучийг бичнэ!
***
Шүүмжлэгч С.Энхбаярын 1990-ээд оноос эхлэн бичсэн уран сайхны шүүмжүүд нь тухайн үедээ нэрд гараад зогсохгүй өмнөх үеийнхээ уран сайхны шүүмж бичлэгт цэг тавьж, дараа үеийнхээ уран сайхны шүүмж бичлэгт шинэ жишиг тогтоосон юм. Шинэчлэгч С.Энхбаярын өргөн мэдлэгээр «зодож», нарийн мэдрэмжээр «шүншиглэж», задгай найруулгаар «бөмбөгдөн аттаклаж» бичдэг хэв маяг нь яруу найргийн шүүмжүүдэд нь илүү тод илэрсэн байдаг. Тэрбээр, оросын яруу найрагт шимтэн, орчуулга хийдэг ч өөрийн үндэстний яруу найрагт хайртай байсан. 1990-ээд оноос хойших буюу нэгэн цаг үед хамтдаа амьдарсан яруу найрагчдаас Бөхөө, Даашка хоёрыгоо дурсана, Дашзэвэгийн Мөнхтөрийг хайрлана, Балсангийн Лхагвасүрэнгийн залуу явсныг өгүүлнэ, Батжаргалын Одгэрэлийг эрхэмд тооцно, Баатарын Галсансүхийн 90-ээд оны шүлгүүдийг хүндэлнэ, Лувсандоржийн Өлзийтөгсийг «манай үеийн нандин охин» гэж бичнэ, Баярхүүгийн Ичинхорлоог «нэг онцгой юмтай», найрагчийн сэтгэлтэй гэнэ, Цэвэгжавын Батбаатарын:
«Уймарч согтсон энэ өдрүүдийг нулимсгүй үлдээе
Уучилж биднийг ойлгох хүн олдоно оо
Цөхөрч согтсон энэ өдрүүдийг хавар гэж нэрлэе
Цөмөөрөө гэнэн байсныг хайрлах хүн олдоно оо» гэсэн мөрүүдийг уншина,
Жамьянсүрэнгийн Батбаатарын “Тэр залуу” шүлгээс оюутнуудад:
«Гутал тосолдог гудамжинд
Их сургууль нь байдаг
Гунигийн дуу шиг алсад
Ижий нь суудаг» хэмээн уншиж өгснөө “Энэ дөрвөн мөрийг шүлэг болгож байгаа үг нь аль вэ?” гэж асуугаад “Гунигийн дуу шиг алсад” гэсэн мөрийг олсон хүүхдийг “Чи муу, бас ч гэж овоо ш дээ” хэмээн учиргүй олзуурхан баярлана, Гүрринчингийн Сүхбатын “…Paul Mauriat”-ыг нандигнана, Лхагвасүрэнгийн Моломжамцад итгэнэ.., халамцуухан үедээ Очирбатын Дашбалбарын “Гэгээн наранд ойрхон өслөө”-г Сүхээгийн Амартүвшингээр дуулуулна, “Сүүн далай ээж”-ийг сонсоод уйлна.., миний бичсэн “Хойт шугуйн Ж.Батцэцэг” бэсрэг шүүмжийн төгсгөлийн хэсгийг шүлгүүдээс нь ч илүү хэмээн тодотгоно.., ийм л байв. Бидний багш С.Энхбаяр номоор арвин, шавиар өнөр, сэтгэлээр баян амьдарсан…
***
МУБИС-ийн Нийгэм Хүмүүнлэгийн Ухааны Сургуулийн “Утга зохиолын тэнхим”-ийн эрхлэгч, Монгол Улсын Гавьяат багш, утга зохиолын онолч, шүүмжлэгч, профессор Сорогдогийн Энхбаярын яруу найргийг үзэх үзлийг томьёолбол:
- яруу найраг бол эх хэлний дархлаа, үндэстний гоо зүйн сэтгэлгээний дээд хэлбэр гэж үздэг,
- аугаа их оюун санаа шингээж, гэрэлт сэтгэлийг илэрхийлсэн уянгын шүлгүүдийг хайрладаг,
- уламжлалт сэтгэлгээг эвдсэн шинэлэг (модерн, постмодерн) хандлагыг эрхэмлэн үздэг,
- яруу найрагчийн авьяасыг машид чухалчлан шударгаар үнэлдэг,
- ердийн магтаал, гуниглал бүхий толгой холбосон улиглалыг үл тоодог,
- яруу найрагчийн боловсролд өндөр шаардлага тавьдаг зэрэг өөрийн шалгуур зарчим, өвөрмөц үзэлтэй түүндээ чин үнэнч шүүмжлэгч байсан билээ.
Аливаа үндэстэн өөрийн зөв замаар замнаваас дэлхийтэйгээ чацуу наслах боломжтой агаад үндэстний утга зохиол нь ард түмэнтэйгээ чацуу насалж чадна. Тийм гэгээн зөн ёсоор бүрдэж аугаа их түүхтэй монголын их утга зохиол эх болсон дэлхийтэйгээ чацуу насалж гэмээнэ, тэрхүү утга зохиолд чин хайртай, яруу найргийн билэг авьяаст охид, хөвгүүд өдөр алгасалгүй төрсөөр байхын цаг дор, монголын буурал газар шороон дээр сонсголонт монгол шүлгүүд дуурьссаар байхын цаг дор, монгол хэл-уран зохиолын ангид оюутнууд шуугилдан элссээр байхын цаг дор, тэрхүү тунгалаг оюунт залуус С.Энхбаярын “Утга зохиолын ерөнхий онол, туурвил зүй” номын хуудсыг эргүүлсээр байхын цаг дор, түүний уран сайхны шүүмжүүдийг үзэг нэгт хүрээнийхэн нь дурссаар л байхын цаг дор, итгэл найдвар, үргэлжлэл хэмээн тооцож асан шавь нар нь, шавь нарынх нь шавь нар нь бүтээлүүдээ туурвисаар байхын цаг дор Эрхэм Багш Та минь монголын их утга зохиолын халуун зүрхэнд өнө мөнхөд лугшсаар л байх болно.
СОНСОГТУН!
Монголын их утга зохиолын ариун түүх!
ЧИ БҮҮ МАРТ!
СОРОГДОГИЙН ЭНХБАЯР!
2025.03.31
Leave a Reply