Press ESC to close

Усны ГудамжУсны Гудамж Бичээчийн Хөгжих Талбар

1984 БА ЭРХ ЧӨЛӨӨ хэлэлцүүлэг-II хэсэг

ХЭНЭЭС Ч ХАМААРАЛГҮЙ УРЛАГ БҮТЭЭХ НЬ

Монголын Урлагийн Зөвлөлийн гүйцэтгэх захирал Ц.Ариунаа

Хүний айдас оршин байгаа цагт дарангуйлал байх л болно гэж би ойлгоод байгаа. Хүмүүс ямар үед айдастай байх вэ? Эрх мэдэлгүй, боломжгүй, боловсролгүй, эсвэл гарцгүй буланд шахагдах үедээ хүн айдастай бөгөөд сэтгэл нь хамгийн эмзэг болдог. Дарангуйлал гэдэг тийм үед л гарч ирдэг үзэгдэл юм шиг санагдаж байна.  Сонгууль болоод л, дэлхийн хүчний асуудал өөрчлөгдөөд ирэхэд 1984 номын худалдан авалт маш их нэмэгддэг гэж би уншиж байсан юм. Тэгэхээр энэ ганц бидний ч асуудал биш дэлхийн хүн төрөлхтний асуудал. Хүн төрөлхтний бие биеэсээ асуусан асуултад бид нар ч гэсэн хариулах гээд явж байгаа нь нэг талаар сайхан байна.

Би социализмын үед орост сурч байсан. Тухайн үедээ хориотой Булгаковын Мастер Маргарита зохиолыг уншихыг их хүсдэг байсан л даа. Манай ангийнхан тэр зохиолыг бичгийн машин дээр шивээд бие биедээ дамжуулж уншсаар байгаад эхний хоёр гурван хуудас нь сэмэрч халтартаад алга болчихсон байдаг байсан. Бие биедээ жигтэйхэн айдастай сэм дамжуулдаг байлаа л даа. Хэдий айдастай ч гэсэн надад тэр номыг аваад унших хэдхэн хоногийн чөлөө гарна гэдэг өөрөө надад асар их эрх чөлөө мэдрүүлж байсан санагддаг.

 

Ер нь өөрт чинь эрх чөлөөний тухай асуудал тулгарч байв уу, ажиллаж байгаа салбарт тань эрх чөлөө үгүйлэгдэж байгаа юу?

Салбарын тухайд нэлээн өргөн хүрээнд ярих хэрэг гарна. Би кино урлагийн салбарт дэлхий дахинаа юу болж байгааг нэлээн ойроос харж явдгийн хувьд хүний эрх болоод эрх чөлөөний асуудал гэдэг угаас урлагийн мөн чанар гэж ойлгодог. Түүнийг бүтээж байгаа хүн хэнээс ч хамааралгүй байх учиртай. Урлаг чиний зүрх сэтгэлд байгаа сорви байж болно, яр шарх байж болно, аль эсвэл баяр жаргал ч байж болно. Үүнийгээ ярих эрх чөлөө бол дэлхий дахины уран бүтээлчдэд байдаг зүйл. Бид нар одоо ёс зүйн хувьд, хууль эрх зүйн орчинд, соёлын хууль дээрээ ч уран бүтээлч хүн өөрийнхөө бүтээлийг хэнээс ч хамааралгүйгээр илэрхийлэх эрх чөлөөтэй гэдгийг тунхагласан байгаа. Энийг орчин цагт яаж хэрэгжүүлж явж байна вэ гэх асуудал бий. Жишээлбэл энэ жилийн Оскарын олон улсын наадмын шилдгийн шилдэг бүтээл Бразилын кино байсан. “I’m still here” буюу монголоор “Би энд байсаар байна” гэх нэртэй. Бразил 1964-өөс 1984 оны хооронд 20 жилийн турш цэргийн дарангуйлалд байсан улс. Тэр цэргийн дарангуйлалд байсан дурсамжаар кино бүтээгээд Бразилдаа тэсрэлт боллоо шүү дээ. Бразилын бокс оффистоо хамгийн их үзэлттэй кино болсон. Тэнд Холливүүдийн киноноос илүү үзсэн байгаа юм. Яагаад гэвэл бүхэл улс үндэстний тээж явсан хөндүүрийг гаргаж ярьсан байна шүү дээ.

Монголд харин яасан бэ гэхээр лавтай намайг 1996 оноос урлагийн салбарт ажиллаж эхэлж байхад “Та одоо ингээд эрх чөлөөтэй боллоо, та юу хүссэнээ хийж, юу хүссэнээ ярих цаг болсон” гэх үзэл санаа дэлгэрч байсан ч гэсэн урлагийн салбарынхан арван жил юу хийхээ мэдэхгүй л явсан байхгүй юу. Ардчилал гэж юу вэ гэдгийг бид сайн ойлгохгүй, үнэхээр илэрхийлмээр байгаа зүйлээ гаргах итгэлгүй байсан учраас хүн болгонд хэлэх зүйл байсан ч гэлээ түүнийгээ бүтээл болгоод гаргаад ирэх сэтгэлийн бяд, итгэл байгаагүй санагддаг. Тэр тийм амар шуудхан нэг өдөр гараад ирдэг зүйл биш л дээ. Боловсрол, соёл, хүмүүс гэд юм бүхэнтэйгээ цуг хөгжиж явдаг зүйл. 2000 он гараад, ер нь 2010 оноос манай соёлын салбарынхны өөрсдийгөө илэрхийлэх бяд төлөвшиж эхэлсэн. Бид 20 жилийг үүнд зарцуулсан. Үр дүнд нь бид ингээд одоо эрх чөлөөний талаар хэлэлцээд сууж байна.

 

Ямар нэг төрийн байгууллагад хамааралгүй хүмүүс л монголын нийгэмд эрх чөлөөг түгээж байсан. Өнөөдөр соёлын салбарт ямар байгууллагууд эрх чөлөөг түгээж байна вэ? Тагтаа паблишинг. Өөрсдөө бүх зүйлээ аваад явдаг. Залуучуудын зүрхэнд хүрсэн Playtime наадам. Би өөрөө байгуулаад өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа Урлагийн Зөвлөл. Ийм бие даасан газруудын хийж бүтээсэн зүйлс л хүний чин хүслийг илэрхийлж чаддаг болохоор амь бөхтэй байж чаддаг. Тийм болохоор би түрүүн Энхбаяр даргын хэлсэнтэй санал нийлж байгаа юм. Хүн өөрийн бүх хамаарлаас салах ёстой байхгүй.

Соёлын салбар яагаад өдийг хүртэл хамаарлаасаа салж чадахгүй байна вэ гэхээр монголын соёл урлагийн зах зээл маш бага. Энд тусгаар бие дааж оршин тогтнох маш хэцүү учраас санхүүгийн хувьд дандаа Том ахаас хараат байдаг. Ийм нийгмийн орчинд өөрсдийн уран бүтээлээ хийгээд мөнгөө олох боломж байдаггүй. Яаж ийгээд амьдарч байгаа хүмүүс л бий.

Хоёрдугаарт уран бүтээлч бид хамгийн түрүүнд уран бүтээлийн мөн чанараа олох хэрэгтэй. Арилжааны юмтай холих асуудал бид нарыг маш их төөрөгдөлд оруулж, эрх чөлөөг хязгаарласан. Бүтээлийг олон хүнд үзүүлэх ёстой, тэгсэн мөртөө цоо шинэ юм бүтээх ёстой гэх шаардлага тавьдаг. Энэ хоёр зүйлийг нэг дор уулзуулна гэдэг маш хэцүү шүү дээ. Гэхдээ ийм зүйлээс айж ичихгүйгээр, өөрсдийн итгэл үнэмшлийн төлөө “1984”- өө эсвэл “Баавгай болох сон”-оо гаргах л хэрэгтэй. Сая зохиолч У.Бямбанямын “Дурсамжийн газрын зураг” гээд ном гарсан. Тэр ямар сайхан ном байв. Бидний 1937 оны хэлмэгдүүлэлтийн шарх сорвийг үнэнээр нь гаргаж хэлсэн бүтээл.

Бид нар өөрийгөө олох хэрэгтэй, тэгээд санхүүгийн хамаарлаас аль болох зайлсхийх хэрэгтэй, бас ой санамж, дурсамжаа хадгалж байх хэрэгтэй.

1984 дээр өнгөрснийг өөрчилчихвөл одоог өөрчилнө, үг байгүй бол ойлголт байхгүй учраас мэдээллийг өөрчлөхөд бүхнийг орвонгоор нь эргүүлж болно гэдэг шиг байдалд л орох ёсгүй юм. Ой дурсамж тиймээс үнэ цэнтэй юм. “Дурсамжийн газрын зураг” номд 1937 оны хэлмэгдүүлэлт үнэхээр яаж хүмүүсийн амьдралд нөлөөлж байсныг харуулсан. Миний бодлоор энэ хэлмэгдүүлэлтэд өртөж байгаагүй айл Монголд ховор байх аа. Эцэг эх, өвөө эмээ нар маань өөрсдөө айж байсан учраас биднийг бодсондоо нуугаад олон айл юу ч хэлэлгүй өнгөрсөн болов уу. Одоо бид болоод ч байгаа юм шиг, болохгүй ч байгаа юм шиг ой санамжтай үлдсэн. Гэтэл үнэндээ бидний дурсамж асар их шархтай сорвитой байхгүй юу. Тэгэхээр дурсамжаа ямар нэгэн байдлаар үнэнээр нь байлгах хэрэгтэй. Түүнийг энэ мэтээр гаргаж харж байх ёстой. Маш хүнд хэцүүтэй нүүр тулах сэтгэлийн хат бидэнд байх ёстой. Юм үзэж байж л хат бий болно шүү дээ. Тэгэхээр соёл урлагийн салбарын бид зовохоосоо айх ёсгүй. Зовсон хүн л хаттай болно. Тэр хүнээс шинэ юм гарна гэж бодож байна.

1984 жүжгийг бид нар өнөөдрийн амьдралтайгаа холбоод харах боломж байгаа. ХОУ буюу AI ч гэсэн Том ах болох амар шүү дээ. Тун аюултай гэж би хувьдаа үздэг. Одоогоор бид AI-аас статистикийн мэдээлэл ч юм уу авч чадна. Аз болоход мэдрэмжийг AI өгч чадахгүй байгаа. Өнөөдрийг хүртэл хүний сэтгэл хөдлөлийг AI уншиж чадаагүй. Баярлаж байна уу, гуньж байна уу, уурлаж байна уу, тачаадаж байна уу гэдгийг аз болоход таниагүй явна. Гэхдээ  бас тийм ч удалгүй уншдаг болох байх. Тийм болохоор бид AI, их өгөгдөлд тархиа, бүх зүйлээ даатгах учиргүй. Үүний эсрэг зогсох бидний дархлаа хаанаас гарах вэ гэвэл боловсролоос л гарна. Аналитик сэтгэлгээ, бүтээлч чадвар. Юмыг наана цаанатай үнэлэх, итгэл үнэмшил, үнэт зүйлтэй байх аваас их өгөгдлийн хэлээд байгаа хорвоогийн  хамгийн сайн гэсэн бүхэнд хэзээ ч үнэмшихгүй болно. Тийм байхад биднийг манипуляци хийх тийм амар байхгүй болов уу.

Утга зохиол судлаач, МУИС-ийн Утга зохиол, урлаг судлалын тэнхимийн багш И.Даваадорж

 

Хамгийн түрүүнд Жорж Оруэлийн “1984” хэмээх энэ дистопи романаас юуг нь хамгийн их тоож үнэлдэг вэ гэдэг асуулт тулгарч байна. Үйл явдал нь байж болно, Жулиа Смит хоёрын хайр сэтгэл, эсвэл тэр дүрийн дарангуйллыг эсэргүүцэж байгаа үйл явдал, магадгүй үүнээс илүүтэй тэр үнэн гэдэг зүйлийг хэрхэн манипуляц хийж байгаа, үнэнийг хэрхэн тогтоож байгаа зэрэг асуудлууд сонирхолтой болж ирж байна. Яагаад гэхлээр тухайн нийгэмд түүхийг болоод зарим үгийг, ойлголтыг ууршуулдаг, байхгүй болгодог хэсэг бий. Хайр гэдэг зүйлийг байхгүй болгочих юм бол хүмүүс нэгнээ хайрлахгүй. Магадгүй эрх чөлөө гэдэг ойлголтыг ууршуулчих юм бол эрх чөлөөний тухай хэлэлцэх боломжгүй болно гэх мэт асуудал яригдаж байгаа юм. Магадгүй өөрсдийгөө илэрхийлэх хангалттай хэмжээний ойлголттой байгаа учраас бид өнөөдөр үг хэлээрээ хоорондоо ойлголцоод, эрх чөлөөтэй ярилцах боломж байгаа гэдэг асуудлыг хөнддөг.

Одоо би МУИС-ийн оюутнуудад хичээл зааж байгаа багшийн хувьд харахад мэдлэгийн үйлдвэрлэл явуулдаг энэ салбарын нэг асуудал гарч ирнэ. Их сургууль, шинжлэх ухааны байгууллага гэдэг бол тодорхой утгаар ямар нэгэн зүйлийг судлаад түүнийгээ түгээх буюу эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлж байдаг мэдлэг үйлдвэрлэлийн газар. Энэ талаас харахад шинжлэх ухааны салбар дотроо ялангуяа хүмүүнлэгийн ухаан гэдэг нь тодорхой ойлголтуудыг үйлдвэрлэж байдаг. Тийм учраас тэр ойлголтын үйлдвэрлэл дээр төр хутгалдах нь хэр зөв зохистой вэ гэдэг талаар бодох хэрэгтэй болно. Магад төрөөс санхүүжилттэй төслүүд, тэндээс гарах дүгнэлтүүд бидний амьдралд яаж нөлөөлөх талаар дахин бодолхийлэх хэрэгтэй. Туршилтууд ч юм уу, судалгаа хийхэд цаад талынх нь жинхэнэ үр дүн санхүүжүүлэгч талын нөлөөгүй байж чадах уу? Яагаад гэхээр ямарваа нэгэн мэдлэг үйлдвэрлэдэг академиуд, шинжлэх ухааны байгууллагууд нийгэмд хамгийн зөв тогтсон үнэн, итгэл үнэмшлийг бүтээж байх үүрэгтэй. Гэтэл үүнд төрийн оролцоо ороод эхэлбэл түүний үр дүн цэвэр байх эсэх нь мэдээж эргэлзээтэй. Юуны ч нөлөө хамааралгүйгээр зөв судалгааны үр дүн, зөв боловсролыг үйлдвэрлэх ямар арга байна вэ гэдэг дээр л илүү их зүйлийг тунгаах, тийм эрэлт хэрэгцээ байна

 

Ер нь өөрт чинь эрх чөлөөний тухай асуудал тулгарч байв уу, ажиллаж байгаа салбарт тань эрх чөлөө үгүйлэгдэж байгаа юу?

 

Виржиниа Вүүлф гэж алдартай феминист ч гэж ярьдаг эмэгтэй “Өөрийн гэсэн өрөө” гэдэг ном бичсэн байгаа. Өөрийн гэсэн өрөө гэдэг тууж гэх үү, өөрийнх нь намтар ч гэх үү, эмэгтэйчүүдийн эрхийн тухай бичвэрийн гол санаа нь хүний эрх чөлөө бол тодорхой хэмжээний материаллаг сууриас хамаардаг тухай. Тэгэхээр эрх чөлөөгөө олж авахын тулд эхлээд материаллаг хэрэгцээгээ хангаж, бичих ширээтэй, тусдаа өрөөтэй байх ёстой тухай хэлдэг. Би тодорхой нэг шинжлэх ухааны хүн биш, хүмүүнлэгийн ухааны гэж хэлдэг утга зохиол судлалын мэргэжлээр төгссөн хүн. Надад болоод манай дээд, доод үеийнхэнд тулгардаг байсан гол асуудал юу вэ гэхээр утга зохиолын салбарт энэ мэргэжлээр суралцахад төрийн зүгээс ямар нэгэн тэтгэлэг, дэмжлэг байдаггүй. Намайг сурч байх үед мянган инженер гэдэг утопи төсөл хэрэгжиж байсан. Энэ мянган инженерийг авч ирээд Монгол улс супер хөгжилд хүрнэ гэж ярьдаг байлаа. Гэхдээ одоо манай улсын байгаа байдлыг харахад тэр мянган инженерийн тоо гүйцсэн үү гэдэгт би лав итгэлгүй байна. Тэгэхээр утга зохиолын судлал, утга зохиолын судлаач гэдэг мэргэжлийг эзэмшихэд тодорхой хэмжээний сургалтын төлбөр ч юм уу, тодорхой хэмжээний эдийн засгийн суурь хэрэгтэй. Тэр хангалттай нөөц бололцоо олдохгүй байгаад байвал эрх чөлөөнд хориг саад учирч байна гэсэн үг. Утга зохиолын салбарыг эрх чөлөө, эрх мэдэл, хүчтэй холбох юм бол их сонирхолтой зүйл яригдана л даа. Манай ерээд оноос өмнөх үеийн утга зохиолын бүтээл социалист реализмд хамаараад явчихдаг. Тэндээс гажих аргагүй. Нийгэмд ямар үзэл суртал, пропоганда хэрэгтэй байна, түүнд үйлчилдэг сонирхолтой гэж хэлэх үү үзэгдэл байсан. Нэг талаас захиалгатай зүйл л бичдэг байсан. 1990 он гараад сэдэв чөлөөлөгдсөн гэж ярьдаг боловч бид яг сэдвээ чөлөөлж чадсан уу гэдэг асуулт одоо болтол миний толгойд эргэлдэж байдаг. Одоо бидний уран зохиолоороо харуулдаг, киногоороо харуулдаг тэр нэг дүрүүд чөлөөлөгдөж чадсан болов уу? Ламын дүр бол их сонирхолтой. Сэрэлт кинон дээр гардаг ах ламын дүрийг санаж байвал хашилтан дотор хэлдэг тэр тодорхойлолтоос ламын дүрийг одоо чөлөөлж чадсан уу гэдэг асуудал сонирхолтой. Магадгүй социалист төрийн эрх мэдлийнхээ хүрээнд бичиж өгсөн ламын дүрийг бид одоо ардчилсан үедээ хүртэл авч явж, өвлөн уламжилсаар л байгаа. Тэр дотор байсан эрдэмтэй, номтой зохиолч нийгэмд байгаа жинхэнэ хүний дүрийг бид гаргаж ирж чадсан уу гэдэг ийм асуудал тулгараад байгаа.

Нөгөө талаас зохиолчид өөрсдөдөө байгаа эрх мэдлээ хангалттай хүргэж чаддаггүй гэх асуудал тулгарч байгаа. Зохиолч хүн бол ямар нэгэн дүрийг ашигладаг. Мал адгуус ч бай тэр бол дүр. Гэхдээ тэр нь ардаа заавал хүний оршихуйн асуудлуудыг хөндөж байдаг. Наад зах нь аман зохиол дотор байдаг үнэгний дүр гэхэд зальжин хүнийг илэрхийлэх жишээтэй. Ийм учраас бид ямар нэгэн дүрээр дамжуулаад нийгмийн тодорхой асуудлыг, эрх мэдлийг, тэр дотор болохгүй байгаа асуудлыг хөндөх эрх мэдэлтэй. Тэр эрх мэдлээ зохиолчид өөрсдөө ашиглаж чаддаггүй гэдэг ийм асуудал миний дотор үргэлж эргэлдэж байдаг. Тэгээд л төр биднийг дэмжсэнгүй, өмнөх үед бид тоосго шиг зузаан роман бичээд тэдэн сая төгрөгийн цалин авдаг байлаа гэх мэтээр үргэлж санан дурсаж ярьдаг, буцаад “том ах”-ынхаа өвөр түрий рүү орох, ивээлд нь багтахыг хүссэн шинж чанартай зүйлс ярьж байгаа ажиглагддаг. Үнэхээр бид өөрсдөдөө байгаа эрх чөлөөгөө олж харж, ашиглаж байна уу, түүн дундаа зохиолчид маань эрх чөлөөгөө хангалттай ашиглаж чадаж байна уу гэдэг асуудал бий. Үүний нэг тодорхой жишээ нь Салман Рушди “Сатаны шүлгүүд” гэдэг роман бичсэнийхээ төлөө исламын шашны бүлгэмээс цаазын ял авсан. Яах вэ улс төрийн биш юм аа гэхэд шашны тухай ингэж эрх чөлөөтэй туурвин бичсэнийхээ төлөө ийм шан хариу хүртэж, ял шийтгэл авсан зохиол байх жишээтэй. Тэгэхээр яг одоо зохиолч гэдэг мэргэжлийг уран зохиол судлалын өнцгөөс харахад иймэрхүү зүйл харагдаж байна.

Уран зохиолын боловсрол гээд их сургуулийн нэгдүгээр түвшний оюутнууд сонгох юм бол үзэж болдог ерөнхий мэргэжлийн хичээл байдаг. Энэ хичээлийн сүүлийн тав, зургаа дахь лекц дээр 1984 романы тухай хэлэлцүүлэг өрнүүлдэг. Тэр үед оюутнуудын дундаас ямар санаа гардаг вэ гэхээр хаана үгээ хэлэхэд асуудалтай байна вэ?, дараа нь ямар нэгэн үр дагавар үүсэх вий гэж айж байгаа тэр нөхцөл байдал болгонд магадгүй эрх чөлөө хаагдаж байгаа. Хэнэ нэгний наснаас, эсвэл албан тушаалаас айх. Өөрийнхөө үгээ хэлж чадахгүй байх тэр тохиолдлуудад эрх чөлөөний асуудал яригддаг.

Нэг сонирхолтой ажиглагдаж байгаа зүйл гэвэл Жорж Оруэл 1948 онд бичсэн бол Мураками Харуки ирээдүйгээс өнгөрсөн рүү харж 1Q84-өө бичиж байгаа. Нөхрийн гаргаж ирж байгаа нэг сонирхолтой санаа нь Японд байсан шашны экстремист бүлгэмийн үйл явдлаас санаа авсан байгаа юм. “Том ах” бол шатлан үелэх тогтолцоотой, дээрээс доошоо чиглэсэн байдлаар хүнийг удирддаг байсан бол орчин үеийн нийгэмд хүнийг дээрээс доош биш, хэвтээ тэнхлэгээр, жижиг жижиг бүлгүүдээр, итгэл үнэмшил дээр нь тулгуурласан байдлаар эрх чөлөөг нь авч байгаа юм биш биз дээ асуудал гарч ирдэг. Хэт шинжлэх ухаанч бус мэдлэггүй хүмүүс, эсвэл шашны гаж урсгал ч байдаг юм уу, нөгөө рациональ оюун ухааныг ямар нэгэн итгэл үнэмшлээр залуурдаад, тэгээд зөвхөн тэр үзэл хандлагын үүднээс бусад бүхий л хүний оршихуй, орчлон ертөнцийг хардаг болгож байгаа юм биш биз дээ гэдэг талаас эрх чөлөөг харж үздэг болсон.

 

Хамгийн сүүлд нь дүгнээд ч юм уу хаагаад хэлэхэд хоёр юм ярих хэрэгтэй. Гэхдээ товч ярь гэсэн болохоор товчлоод ярья. Нэгт нь бүх нийтийн боловсрол болоод нийгмийн халамжийн тухай ярих хэрэгтэй болж байгаа. 1984 романыг унших юм бол энэ роман дээр проллууд хэмээх нийгмийн бүлгийн тухай харуулдаг. Боловсролгүй, ажилгүйчүүд, хар масс. Тэр хүмүүсийг яаж ч манипуляци хийгээд, өөртөө хөдөлмөрлүүлээд, баялаг бүтээлгээд, тогтолцоо үүсгэн удирдаад явах хангалттай боломжтой байдаг. Роман дээр төрийн эрх мэдэл бүхий хэсгүүд пролл хэсгийг боловсролтой болгох хүсэл зорилго байхгүй, ашиглаад л сороод байж байх хэв шинжтэй. Энэ нөхцөл байдал өнөөгийн монголын нийгэмд буулгаад харангуут сонирхолтой нь боловсролын түвшин муу, магадгүй хотын захад амьдардаг ч юм уу, тийм нөхцөлд бараг эрх чөлөө гэж юу вэ гэдэг асуултыг асуухаас урьдаар боловсролын чанарыг нь дээшлүүлэх хэрэгтэй болж ирж байгаа. Гэхдээ дахиад нэг төвөгтэй асуудал гарч ирж байгаа нь боловсролын чанарыг дээшлүүлэх, эрх чөлөөний тухай ойлголттой болохын тулд нөгөө хүн чинь хангалттай эдийн засгийн суурьтай болох асуудал тулгарч байгаа гэсэн үг. Хоёрдугаарт үнэний тухай асуудал энд яригдана. Би өөрөө утга зохиол судлал мэргэжлийн хажуугаар философийн ангийг хавсарсан мэргэжлээр төгссөн. Танин мэдэхүйн онол буюу эпистемологи гэдэг хичээл заадаг багш маань ингэж хэлдэг байсан. Философи бол хоёр дахь эрэмбийн асуудал. Нар гэж юу вэ? ч юм уу эсхүл сандал гэж юу вэ? гэдэг бол нэгдүгээр эрэмбийн асуудал. Сандал гэж ийм зүйл байгаа нь юу гэсэн үг вэ? гэдэг рүү философи чиглэж хоёрдугаар эрэмбийн асуултыг асууж байдаг гэж бид нарт заадаг байсан. Ингээд харахаар мэдлэг гэж юу вэ? гэж асуунгуут эртний энэтхэгийн философид ариун зүйл, хүний амьдралыг зааж чиглүүлж байдаг үр өгөөжтэй зүйл гэж байгаа юм. Постмодернист философи руу ороод ирэнгүүт жишээлбэл Мишель Фуко (Michel Foucault) ингэж хэлж байгаа юм: Мэдлэг болоод үнэнийг тодорхой мэргэжлийн институтууд бүтээж байдаг. Нийгэмд үнэн юм шиг итгэл үнэмшил төрүүлж байдаг. Тэнд байгаа хүмүүс бол энэ зүйлтэй маргадаггүй. Тийм учраас мэдлэг болоод эрх мэдлийг цаг ямагт тусад нь салгаж авч үзэж байх ёстой. Энэ роман дээр бол үнэн гэдэг зүйл нь дандаа манипуляц хийдэг, тэр ойлголтуудыг дандаа самарч байдаг, өөрчилж байдаг, ууршуулж байдаг үзэгдлүүдийг гаргаж ирээд байгаа.

Interview.mn сайтын ерөнхий редактор, зохиолч, яруу найрагч Б.Алтанхуяг

Уинстон Смит гэдэг дүр бие махбодынхоо хүч болоод оюун ухааныхаа эрх чөлөөг зарцуулах боломжтой болсон. Тэдгээр нь хүн төрөлхтний хамгийн үнэт зүйл, үзэл санаатай холбогддог.

Нэгдүгээрт: Үзэл санаа

 Түүнд эхнэр байсан, теле дэлгэцээс хол булан байсан. Энэ бол “үзэл санааг” илтгэх дүрслэл. Жорж Оруэлл анхнаасаа энэ дүрийг онцгой шинж чанартайгаар, тэр нь хэзээ нэгэн цагт илэрч гарахуйц байдлаар бүтээсэн.

Хоёрдугаарт: Итгэл найдвар

Шар өртөөний мухлагаас олсон шилэн бөмбөлөг. Тэр бөмбөлөг бол Уинстон Смитийн итгэл найдвар.

Гуравдугаарт: Зорилго

О’Брайены ном бол Уинстон Смитийн зорилго.

Сэтгүүл зүйн үүднээс эрх чөлөөг хэрхэн хардгаа хуваалцъя.Эрх чөлөө гэдэг өөрөөрөө байх, өөрийнхөөрөө сэтгэх, өөрийн гэсэн үзэл бодолтой байх явдал. Сошиал болоод сэтгүүл зүйтэй холбож үзвэл ерөнхий хоёр чиг хандлага байна. Өнөөдөр хүмүүс өөрийн гэсэн үзэл бодолгүй, эрх чөлөөгүй, аливааг өөрийнхөөрөө дүгнэх чадваргүй байгаа нь нэг зүйлээс харагдана. Тухайлбал, сошиал дээр ямар нэг нийтлэл оруулахад эхний таван хүн ямар хариу үйлдэл үзүүлж байна дараагийн хүмүүс яг тийм үйлдэл үзүүлдэг. Яагаад ийм байна вэ? Өөрийн гэсэн үзэл бодол байхгүй байна. Өөрийн гэсэн эрх чөлөө тэнд алга. Үүнийг дагаад монголд “хов живээр хооллодог” сайтууд олноор бий болсон.

Түүнчлэн сэтгүүлчийн ёс зүйн тухай асуудал. Сэтгүүл зүй нэрийн дор бусад руу дайрч давшилдаг, заамдаж авах нь холгүй хүмүүс мэр сэр бий. Тэднээс болж бусад ёс зүйтэй, мэргэжлийн хүрээнд ажилладаг сэтгүүлчдийн нэр хүнд хөндөгдөх асуудал байдаг. Гэвч энэ болгон дээр хүмүүс өнөөх л эрх чөлөөгөө эдэлж, үнэ цэнтэй мэдээллүүдийг олж унших нь чухал юм.

Нөгөөтээгүүр сэтгүүлч, хэвлэлийн эрх чөлөөг хаах боох, хорих цагдах тохиолдол гарч байна. Хамгийн сүүлийн жишээ нь Ноорог креатив студиог баривчилсан явдал. Үүнээс л аливаа мэдээллийг олон нийтэд түгээхэд төрөөс хориг саад тавьдаг нь маш тод харагдаж байгаа юм.

Монголд эрх чөлөөний тухай хэр их ярьж байна вэ? Ямар үзэл хандлагатай байна вэ? Хамгийн сүүлийн жишээ нь ТҮЦ ачсан явдал. Хот маань гоё боллоо гээд дээрэмдчихэж болох уу? Энэ явдал манай улсад эрх чөлөө хаана байна вэ гэж асуухад хүргэж байна.

 Эл асуудал мөн сошиалтой холбогдоно. Дарга нарт өөрт нь үзэл санаа, эрх чөлөөний тухай ойлголт байхгүй. Тийм ч болохоороо улаан цайм сошиалаар ажил хийдэг нь сүүлийн үед их ажиглагдаж байна. Сошиалаар ТҮЦ болохгүй байна гэсэн давлагаа үүсгээд араас нь ТҮЦ ачдаг ч юм уу. Гэвч тэр бүхний ард хэн хохирч байна вэ гэхээр “үзэл санаа”-тай, өөрийнхөө мөнчгөрөөр бизнесээ босгоод явж байгаа баялаг бүтээгчид л хохирно.

Тэгэхээр миний хувьд эрх чөлөө гэдэг нь өөрийн гэсэн үзэл санаатай байх явдал. Аливаа зүйлийн тухай үзэл санаатай, боловсрол  мэдлэгтэй байж бид эрх чөлөөтэй байна. Харамсалтай нь  манай улс төр, нийгмийн тогтолцооноос үүдээд бидний алхаж яваа замд эрх чөлөө гэдэг зүйл огт алга.

Жорж Оруэлл “1984” романаа амьдралын туршлага, туулсан мэдсэн зүйлсдээ тулгуурлан бичиж туурвисан. Зохиолч эрх чөлөө, үзэл бодол, энэ бүхнийг бий болгохын тулд, мөнхүү тоталитор дэглэмийн булшийг ухсан эл романыг бичихийн тулд өөрийгөө золиосолсон. Эрх чөлөөний тухай ийм ойлголт ургуулж сэтгэнэ гэдэг хувь хүний боловсрол, үзэл хандлагаас ихээхэн шалтгаалдаг байх. Тиймээс хүн бүр өөрийн үзэл бодлыг гол шугамаа болгож явбал нийт олны эрх чөлөөний тухай ойлголт өөрчлөгдөх болов уу.

 

Театр судлаач, жүжигчин Т.Өөдөө

1984-т их л танил ертөнц дүрслэгдсэн байсан л даа. Миний хүүхэд нас хоёр нийгмийн үе дамнаж өнгөрсөн. Социализмын үед төрсөн, ардчилсан хувьсгалын үед шилжилтийн насны хүүхэд байсан хэрэг.  Бага насандаа би хорвоо дэлхийг яажшуухан таньж байсан бэ гэхээр ийм. Цэцэрлэгтээ

Суу нь Ленин

Дуу нь Аврора Октябрь

Зүрх нь большевик

Зориг нь ажилчин Октябрь… гэдэг шүлэг уншиж, багшийн заасан хичээлээс “Хүн төрөлхтний өвөөгийн өвөөгийн өвөөгийн өвөө нь Ленин багш юм байна” гэж ойлгоод төгсөж байв. Үнэхээр тийм л байлаа. Миний бага насны үеийн амьдрал, дүр зураг Жорж Оруэллийн 1984 романд байгаа.

Том ахын дүр зураг бол яг л Сталин. 1984-ийг уншсан. Тэр цагаас хойш эрх чөлөөний тухай бодол маш хүчтэй төрж, гүнзгийрч театрын найруулагч болно гэсэн “том зүрх” маань хувирч судлал шинжлэл рүү татагдсан юм. Түүнчлэн “Өнөөдөр театр зөвхөн үзвэр төдий биш, хүний оршихуйн тухай асуудлуудыг хэлэлцэх талбар” гэсэн тодотголтой “постдрам” гэх театрын онолыг сонсоод театрыг судлах хэрэгтэй юм байна гэж бодсон.

 “Би эрх чөлөөг юу гэж үздэг вэ?”, “Би эрх чөлөөтэй хүн үү?” Хүү маань надад нэг удаа 1+1=21 гэж хариулсан. Надад маш их таалагдсан. Тийм шүү дээ, хоёр ширхэг нэгийн тоо байгаа юм чинь. Энэ бол сэтгэлгээний эрх чөлөө. Тэгээд би, хүү маань юутай ч аливаа юмсын талаарх хэвшмэл ойлголтоос гарах оролдлого хийгээд явж байгаа юм байна гэж дүгнэсэн дээ.

Ер нь өөрт чинь эрх чөлөөний тухай асуудал тулгарч байв уу, ажиллаж байгаа салбарт тань эрх чөлөө үгүйлэгдэж байгаа юу?

Постдрам гэдгийг энгийнээр хэлж өгье гэж бодож байна. Магадгүй энэ ойлголт үзэгчдэд илүү тааламжтай байх болов уу. Тааламжтай гэдэг нь нэг их уйлуулаад, жаргаагаад байна гэсэн үг биш. Бидний өнөөг хүртэл баримталж ирсэн уламжлалт драм гэх ойголтын хүрээнд зохиол гэдэг үйл явдлын үргэлжилсэн дарааллаар өрнөж, тухай нэг санааг үзэгчдэд хүргэхийн төлөө жүжиг тоглогддог. Харин постдрам бол тийм биш, шугаман бус. Тус зохиолын гүний гүнд нуугдсан байгаа логикийг ил гаргахыг зорьдог. Ямар нэгэн үзэл санааг урьдаас бэлдэж үзэгчдэд тулгах бус сэтгэлгээнийх нь эрх чөлөөнд хариултыг үлдээдэг. Жүжиг үзээд ямар мэдрэмж төрж байна, улмаар үзэгч өөрөөсөө ямар нэг асуулт асууж магад, үгүй ч байж магад. Юутай ч оюун сэтгэлгээ нь өдөөгддөг. Ингэхийн төлөө олон салангид хэсгийг сонирхолтой байдлаар нийлүүлж үзэгчдэд хүргэдэг.

                Нөгөөтээгүүр “Мэдлэг боловсролгүй байдал айдас төрүүлдэг” гэж. Тэгэхээр мэдлэг боловсролыг хүн уншиж байж, судалж байж олж авах хэрэгтэй болно шүү дээ. Харин технологиос хараат энэ нийгэмд хүмүүс маш богино цагт олон зүйл амжуулах шаардлагатай болсон. Ийм зузаан Адам Смитийн номыг бариад суух хүн тун ховор. Тухайлбал, Гэм зэм романыг уншина гэдэг бол уйтгартай, цаг үрсэн хэрэг болно. Тэгвэл үүнийг хялбаршуулж буй нь постдрамын театр. Бидний үрэхээс харам мөнхүү цаг хугацааг маш олон сонирхолтой зохиомжуудаар дамжуулан мэдлэг боловсролыг театр олгоно. Улмаар тэр чиглэлийн номыг шүүрч унших сэдэл болох байх.

Мягмар: Бүр ч хялбар зүйл AI байна шүү дээ. Ганц товчлуур дараад л…

Тийм, AI жүжиг боловсруулж чадна.

-Манай зохиолчдоос илүү бичнэ.

Илүү зохиол бичнэ, илүү ч жүжиглэнэ. VR театр бол AI театрын гол төлөөлөл.

Мягмар: Дор хаяж 50 жил, цаашлаад 100 жил хоцрогдсон бид.

 AI гайхамшигтай, гэхдээ театр бас давуу талууд байна. Өнөөдөр цахим технологи хүний харах нүд, сонсох чихэнд хүрч байна. Харин амтлах, үнэрлэх гэх мэт бусад мэдрэхүйд нэгэн зэрэг хүрч чадах үйлдлийн систем хөгжөөгүй байна. Чухам энд театрын давуу тал, театр орших тогтнох үндэс бий.

Мягмар : Тийм технологи хийгдчихвэл яах вэ?

Хийгдвэл тэгээд баяртай л гэж хэлнэ байх. Гэхдээ тэр болтол зай бий.

Жүжиг болгон дээр өндөг шараад байхгүй ч энэхүү амьд чанар, хүний бүх мэдрэхүйд зэрэг хүрэх энэ боломж нь театр оршин байх үндэс. Тийм ч учраас өнөөдөр постдрамын театр гэдэг шинэ эриний театр бий болсон.

Манай салбарын тухайд эрх чөлөөний тухай ярья гэлээ. Манай улс социалист-реалист чиглэлийн уран бүтээлийн бодлоготойгоор олон жил явсан. Энэ чиг хандлагыг тийм ч хурдан арилгачих боломжгүй шүү дээ, шилжилтийн тодорхой үе гэж бий. Постдрамын театр гэдэг энэ чиг хандлагыг өнөөдөр манай салбарынхан хүлээж авахад тун бэрх. Уламжлалт үзэл хандлагаа орхиж, түүнээс хальж чадахгүй байгаа хүмүүс үүнийг хүлээж авахад хугацаа хэрэгтэй юм шиг байна. Яг ийм нөхцөл байдалд эрсдэл, зориг гаргаж энэ жүжгүүдийг хийж байгаа Орфей театр, Батболд найруулагчид талархаж явдаг.

Үүнээс өмнө Black Box theatre бол үнэхээрийн хувьсгал хийсэн шүү дээ. Гэвч их даруухан байсан, сурталчилгаа хийгээгүй. Годог хүлээхүй, Сандлууд гэх мэт жүжгүүд гайхалтай, анхдагч.

Бидний яриа явсаар драмын урлаг гэсэн сэдэв боллоо. Ханс-Тис Леманн (Hans-Thies Lehmann) гэдэг хүн постдрамын театрын онолыг боловсруулсан. Хорьдугаар зуунд гарсан үзэл санааны өөрчлөлт шинэчлэлтүүд, технологийн дэвшил,мөн  постмодерн гэх ойлголт постдрамын театр үүсэх үндэс нөхцөл болсон. Мягмар гуайн дурдсанчлан физикл театрын элемент, интерактив, абсурд гэх мэт бүх театрын хэлбэр постдрамын театрт хамаардаг. Үүнээс үүдээд “Ийм эмх замбараагүй театр гэж юу байсан юм бэ?” гэсэн асуулт гарч ирнэ. Тэгэхээр постдрамын театр гэдгийг тодорхойлох нэг л үзүүлэлт бий. Постдрамын театрт найруулагчийн гол зүйл нь монтаж. Монтаж тэнцвэртэй байх ёстой. Тэнцвэр гэдэг нь тоон утга бус, гол агуулгыг илтгэх илэрхийллүүд тус тусын  үүргийг тэнцвэртэйгээр илэрхийлэхийг хэлж байна.

Үүнтэй холбоод яривал “Тамгагүй төр” бол фикикл жүжиг биш. Энэ тухай судалгааг Соёл Урлагийн Их Сургуулийн доктор, багш Ариунжолоо “Цуст хурим” жүжгийн жишээн дээр маш сайн хийсэн. Мөн Болормаа багш Д.Урианхайн “Хүн бүгд би” гэдэг жүжгийн жишээн абсурд жүжгийн судалгааг сайн хийсэн. Энэ мэт гарын авлага болохуйц судалгаа хийж байгаа, даанч тэрхэн хүрээнээсээ давж гарч чадахгүй байна. Тухайлбал, аль эртнээс л орчин үеийн театрын шинэчлэл, туршилт хийж ирсэн Black box театрын ажлууд мөн л хүрээллээсээ давж гараагүй. Харин өнөөдөр Батболд найруулагчийн бүтээлүүд маркетингийн тухайд маш өргөн цар хүрээтэй байж хүч түрэн орж ирж нийтийг хамарч чадлаа. Театрын мэргэжилтнүүдийн хувьд хийж байгаа ажлаа ямар байдлаар хүмүүст хүргэх вэ, хэрхэн хүрээлэл хил хязгаараа давах вэ гэдэг нь чухал зүйл болж байна. Энэ нь цаашлаад монголчуудын соён гэгээрлийн тухайд маш том хөрөнгө оруулалт болно.  Соён гэгээрнэ гэдэг нь эрх чөлөөтэй байдлын үндэс суурь болно. Гэгээрсэн сэтгэл өөрөө айдаст автахгүй. Айдаст автахгүй байна гэдэг нь өөрөө эрх чөлөө шүү дээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

@Katen on Instagram
[instagram-feed feed=1]