Press ESC to close

Усны ГудамжУсны Гудамж Бичээчийн Хөгжих Талбар

Бидний “таниагүй” Салман Рушди

“ХУТГА: Халдлагын дараах эргэцүүлэл” номын тэмдэглэл

27 секунд

Дэлхий нийт Салман Рушдигийн төрөл бүрийн хувилбарыг үйлдвэрлэн гаргасаар л. Шулмын шүлгүүд (The Satanic Verses; 1988) романаасаа хойш тэр муслимчуудын жигшил зэвүүцлийн бай болж, муслим домгийн чөтгөр нэр зүүв. Шар хэвлэлүүд алдар нэрийн төлөө улайран тэмцэгч, ичгүүр сонжуургүй, сагсуу хэнээтэй Рушдиг бүтээв. Харин 2022 оны наймдугаар сарын 12-ны нарлаг баасан гаргийн үдэд хар алчууртай залуу эр зохиолч руу дайрсан нь Салман Рушди өөрийгөө дэлхий нийтэд дахин тунхаглахын үндэс болов. Нью-Йорк мужийн Шатокуа институтын тайзнаа тэдний учрал ердөө 27 секунд үргэлжилсэн. 

Зохиолчдыг халдлагаас хамгаалахын чухлыг онцлон өгүүлэхээр Шатокуагийн үзвэрийн ордны тайзнаа гарсан над руу гартаа мэс атгасан залуу эр дайрч, амь насыг минь бүрэлгэх дөхсөн билээ…

27 секунд-Хамгийн ойр байх “CU” орох хугацаа.

27 секунд-Усайн Болт 200 метр зам туулж чадаад үзэгчдийн зүг инээмсэглэсэн шигээ алхаж байх хугацаа.

27 секундМэс атгасан залуу эр пуужин мэт довтолгож ирээд өвгөн зохиолчийг өлгөөтэй гулууз адил сийчиж, нэг нүдийг нь сохолж дөнгөх хугацаа. Эргэн тойронд нь зогсоод мэл гайхаж, хөшсөн улс сая нэг сэхээрч, алуурчныг зогсоохоор урагш алхах хугацаа. Мөнхүү үхэлтэй тэмцэлдэн ялж, хорвоо ертөнцийг дахин өөр нүдээр хараад, золгүй явдлыг, өнгөрсөн цаг хугацааг эргэцүүлэн тунгаахдаа ийм нэгэн ном бичих тэр өнө цаг хугацааны үүдэл нь 27 секунд. 

1989 оноос хойш дэлхий нийтээрээ бүтээсэн Рушдигийн хувилбаруудаас аль нь ч эх дүрээ бүрэн тодорхойлж чадсангүй. “Хутга: Халдлагын дараах эргэцүүлэл” ном хэвлэгдэх хүртэл бид Салман Рушдиг таниагүй явжээ. Харин өдгөө золгүй тэр явдлаас үүдэн бүтсэн бүтээлээр дамжуулан түүнтэй дотно танилцаж, зохиолч амьдралын зах зухаас мэдэх боломж бүрдлээ.

Энэтхэг Их Британийн колоничлолоос гарч тусгаар тогтнолоо зарласнаас дөчин жилийн хойно Салман Рушди “Шөнө дундын хүүхдүүд” (Midnight’s children; 1981), “Shame” (1983) гэх хоёр ч роман туурвиад амжсан, Бүүкерийн шагналт зохиолч болсон байлаа. Мөн удахгүй дуулиан тарих нэгэн зохиол дээрээ ажиллаж байсан нь хожмын “Шулмын шүлгүүд” (The Satanic Verses; 1988) роман байв.

Зохиолч тус романаа тун ч амжилттай хэвлэж чадсан. Гэвч хэвлэн нийтэлснээс нэгэн оны дараа 1989 онд Исламын шашны шийт урсгалын удирдагч, улс төрч Аятолла Рухолла Хомейни тус романыг бичсэнийх нь төлөө Салман Рушдид “фатва” буюу цаазын ял оноосон юм. 

Фатва

“Исламын шашин болон Коран судрын эсрэг бичсэн “Шулмын шүлгүүд” номын зохиолч, тус номын агуулгыг мэдэж байсан, бүтээлцсэн хэвлэн нийтлэгчид бүгд цаазын ял сонссон болохыг би дэлхий дахины бахархалт муслиман түмэнд мэдэгдэж байна. Тэднийг хаана ч байсан устгахыг бүх муслимчуудад уриалж байна…”

Муслимчууд Салман Рушдиг “дүүжил” гэж хэлтлээ эсэргүүцсэн гол шалтгаан нь шашны үзэл баримтлал байв. Исламын шашинд зөнч Мухаммед зөвхөн бурхны үгийг хүн төрөлхтөнд дамжуулдаг гэж үздэг. Тиймдээ ч муслимчууд ариун Коран бол бурхны үг гэж итгэдэг байна. Харин Салман Рушди “Шулмын шүлгүүд” романдаа зөнч Мухаммедийн шинж бүхий Махоунд (Mahound) гэх дүр бүтээсэн ба тус дүр бурхны үгийг бус исламын шашинтнуудын үл зөвшөөрөгч домгийн дүрийн үгийг дамжуулж буйг  муслимчууд тэвчиж чадаагүй эсэргүүцжээ. 

Чингэж Салман Рушдигийн амьдралын адармаатай он жилүүд эхэлсэн. Тэр зохиол бичсэнийхээ төлөө Их Британийн төрийн хамгаалалт дор бусдаас нуугдан амьдарч, эцэг эхээс заяасан Ахмед Салман Рушди нэрээ орхиод тэс өөр нэр зүүн (Жозеф Антон), хотоос хот дамжин туулайчилж, дэлгүүр орсон ч  аварга эрчүүдээр сахиулж арван гурван жил амьдрав.

Хүний туулсан амьдралыг үгүй хийж, эсэргүүцэн тэмцэж үл дөнгөм шинэ хувилбарыг, тэрхүү гайхалтай хувилбарыг бүтээх хэчнээн амархан байв?”  (Joseph Anton: A Memoir; 2012 )

Зохиол бичсэнийхээ төлөө цаазын ял сонсож, эх орноосоо эгнэгт дүрвэн амьдрах болов. Мөн Их Британийн гудамжинд Шулмын шүлгүүд номыг шатааж, олон газар жагсаал дэгдэж, тэр нь үймээн самуун болж хувирчээ. Улмаар Пакистаны Исламабад болсон үймээний үеэр 5 хүн амь насаа алдаж, Кашмирт 1 хүн амиа алдаж, 100 орчим хүн шархаджээ.

Зохиол бичсэнийхээ төлөө нийгэмд “явдаг тэсрэх бөмбөг” мэт үзэгдэж,  эцэст нь мэс атгасан залуу эр түүнийг хөнөөн завдав. 

Салман Рушди 1947 онд Энэтхэгийн Бомбей хотод мэндэлсэн. Эцэг нь боловсролд ихэд анхаардаг нэгэн байсан тул тэр ахлах сургуулиа Их Британид сурч төгсжээ. Улмаар Салман Кембрижийн Их Сургуулийн Эзэн хааны нэрэмжит коллежийн түүхийн ангийг дүүргэв. Түүний зохиол бүтээлүүд  өдгөө ч “дуулиан” тарьсаар буй бөгөөд эл буухиа “Шөнө дундын хүүхдүүд” (1981), “Шулмын шүлгүүд” (1988) тэргүүтэй зохиол бүтээлээр нь эхэлсэн юм. Өдгөө тэр 13 роман бусад баримтат бүтээл туурвиад буй.

Эрх мэдэлтнүүд одоо цагийг эзэмшдэг байж болно, харин зохиолчид бүтээл туурвилаараа, бүгдээр нь биш гэхэд цаг хугацааны шалгуурыг даван гарах шилдэг бүтээлээрээ дамжуулан эрх мэдэлтнүүдийн өнөөгийн эндэл цалгардлыг шүүх ирээдүйг эзэмшдэг юм…

 
ТУУРВИЛ ЗҮЙН ТУХАЙД 

 Хутга бол золгүй үйл явдлыг эргэн тунгаасан, “үхээд сэхсэн” зохиолчийн түүх юм. Зохиолчийн мөнөөх роман, өнөөх аймшигт зарлигаас үүдсэн дуулиан шуугиан намжаад удаагүй байхад дахин ийм үйл явдал болсон нь дэлхийн уран зохиолын нэгэн “сэдэв” болов. Нөгөөтээгүүр Салман Рушди бие махбодоороо машид хохирсон ч дэлхий дахинд өөрийгөө дахин тунхаглах, “ойлгуулах” боломж бүрдэв. Тэр бээр “Хэл бол хутга” хэмээн үзэж, болсон хэрэг явдалд уран бүтээлээрээ хариу барьсан нь энэ. 

Дурсамж хэлбэрийн номыг хэрхэн дэглэснийг, зохиолчийн туурвил зүйн арга барилыг уншигч харах боломжтой. Сэртхийм, аймшигтай явдлыг эгэн хүүрнэхдээ цаг хугацааны дарааллаар тоглож, үйл явдлыг сонирхолтой шилжилтүүдээр холбосон нь уншигч энэ бүтээлийг шимтэн унших шалтгаан билээ.

Цаг хугацаа – Энэ хүртэл юу болсон гээч? 

Зохиолын эхэн хэсэгт халдлагын тухай, тэр “баатар” эр Салман руу хэрхэн гүйж ирсэн, хутгалсан, дараа нь юу болсон тухай өгүүлнэ. Харин үүний хойно цаг хугацааг ухрааж эрүүл саруул, аз жаргалтай Салман руу очно. Чингээд Салман эхнэр Элизатайгаа танилцаж асан тэр хайр дүүрэн мөчөөс ирт мэсийн бай болох хүртэл амьдрал ахуй хэрхэн өрнөснийг өгүүлэх буй за. 

Амьдрал түүнд сайхан санагдаж буй. Гэвч түүнийг юу тосож байгааг бид мэднэ. Нуурын хөвөөнөө зогсох тэр жаргалтай эрийг үхлийн аюул отож буй. Харин тэр өөрөө гадарлах ч үгүй байгаа учраас бид түүний төлөөнөө айж, зовнино… 

Гэвч жил хүрэхгүй хугацааны цаана сүйрэл биднийг отож байжээ…

Ингээд бидний хуучин амьдрал дуусахад 20 хоног үлдлээ. Би Лондон орж, гэр бүлийнхэнтэйгээ уулзахаар төлөвлөөд байв…

Энэ хэсгийг бичихдээ Салман “Хар алчууртай залуу эр намайг хутгаараа хэрхэн сийчсэнийг та нар мэдэж авлаа шүү дээ. Гэхдээ энэ мөчийг хүртэл юу болсон, амьдрал ахуй минь ямар байсан гэж санана?” хэмээн өөртэйгөө ярилцаж суусан мэт санагдана. Ингэхэд байна аа! Шимтэм түүх бүрийн өмнө “Дараа нь яасан гээч? Үүний өмнө юу болсон гэж санана?” гэсэн асуулт нуугдаж байдаг бус уу?

Надтай өнө яриа өрнүүлснээ мэдсэн үү?

“Хутга” номыг уншсан хэн бүхэн нэгэн мөчийг хуруу даран хүлээж байсан биз ээ. Би ч мөн адил “Хэзээ тэр “А” (түүнийг хөнөөн завдсан этгээдийг номд ийн нэрийддэг) -тай уулзах юм бол? Уулзаж л таарна. Түүнд юу гэж хэлэх бол?” гэж бодсон, хүлээсэн. Гэвч мань эр эхнэрийн хамтаар үхэлтэй тэмцэлдсээр л. Чингэж явсаар эцэст нь тэр “А”-тай уулзсан. Гэхдээ улаан нүүрээрээ биш арай өөр байдлаар буюу “төсөөллөөрөө” түүнтэй уулзав.

“А” үнэндээ надтай ярилцахыг хүсэхгүй, гэвч энэ миний төсөөллийн ажил учраас түүнд сонголт үгүй…

Зохиолч, гартаа гав гинж зүүсэн “А” хоёр Шатокуагийн шорон дахь төмөр ширээний хоёр талд суугаад бурхны тухай, ариун судрын тухай, чухам яагаад тийм үйл хийх болсон тухай хэлэлцэнэ. Гайхмаар ч гэлээ энэ бол Салман уран бүтээлдээ хийж дадсан зүйл. Түүний зохиолуудад түүхэн дүрүүд, шашны ариун судар дахь дүрийн ёгт хувиллууд, мөн Энэтхэг, Араб үлгэр домгийн өгүүлэмж бий. Тиймдээ ч тэр “Жозеф Антон” номдоо ийн бичсэн байдаг:

Хүн бол үлгэрч бодгаль, өөрийгөө ойлгохын тулд өөртөө үлгэр ярьдаг цорын ганц амьтан…

Түүний арга барилааар цаг хугацааг ухрааж хүүхэд насанд нь очвоос Энэтхэгийн хөлгөн туульс Махабхарата, Панчатантра (Энэтхэг үлгэрийн цоморлог), Арабын “Мянга нэгэн шөнийн үлгэр” уншиж суугаа жижигхэн Салмантай учрах вий. Мөн нэгэн номдоо бичсэнээр Салманы ээж Негин элдэв сонин түүх ихийг мэддэг, хүүгээрээ хөлөө бариулах зуураа төөрч будилам сүлжилдсэн түүх ярьж өгдөг нэгэн байжээ. Хожим Салман алдартай зохиолч болсны хойно ээж нь “Би чамд дахиж тийм түүх ярьж өгөхгүй ээ. Чи тэдгээрийг бичиж, би хэрэгт унадаг” хэмээн хэлсэн гэдэг. 

Номын тухайд судлаачид:

Салман Рушдиг уран бүтээлийн туурвих аргын хувьд шидэт реализмын үнэмлэхүй төлөөлөгч хэмээн үздэг. Тэрээр постколончлол, шашны мөргөлдөөн, соёл хоорондох зөрчил зэргийн сэдвийг хөндөн бичихдээ бодит орчин нөхцөлд үндэслэсэн ч үл тайлбарлагдах, ер бусын, зөн билиг, ид шидийн шинжтэй элементүүдийг үнэмшмээр сүлж уялдуулан оруулдаг нь тийн үнэлэх шалтгаан болдог байна. 

Судлаач Shyam Prasad Subedi болон Shilpi Saxena нар “Салман Рушдигийн “Хутга” ном дахь сэтгэлзүйн гэмтэл, сэргэлт, тэсвэр тэвчээр” (2024) нэрт өгүүлэлдээ:

“Хүний сэтгэлзүйн гэмтэл (trauma), шарх үүнийгээ даван туулах тэсвэр тэвчээрийг тодоор гарган үзүүлсэн бөгөөд өгүүлэгчийн эдгэрэл, өөрийгөө нээж буй явцыг уран дүрслэлүүд ашиглан гүн гүнзгий харуулсан” хэмээн дүгнэжээ. 

Харин Энэтхэг судлаач Priyanka Singla “Салман Рушдигийн бүтээлүүд дэх шидэт реализмын ертөнц” (2023) өгүүлэлдээ түүнийг ийн тодорхойлжээ:

“Рушдигийн бүтээлүүдэд шидэт реализм олон үүрэг гүйцэтгэдэг. Нэгдүгээрт, хувь хүний ертөнцийг үзэх үзэл, соёл, улс төрийн асуудлуудыг шүүмжлэх боломж олгодог бол нөгөө талаас уншигчийг шинэ, төсөөллийн ертөнц рүү дагуулан аялж, сэтгэл татам зохиомжоор сэтгэлгээний цар хүрээг нь нээж өгдөг…”

ТӨГСГӨХ ҮГ 

Бид Энэтхэг-Америкийн алдарт зохиолч Салман Рушдигийн “Хутга: Халдлагын дараах эргэцүүлэл” номыг уншиж, зохиолчтой дахин танилцлаа. Салманы эл бүтээл намтарчилсан бүтээлд уран зохиолын арга техник, зохиомжийн өвөрмөц хэв маягийг ашигласан онцгой жишээ юм. Уран бүтээл шашин соёлын дэлхийн хэмжээний асуудал болж байгаагийн, мөн зохиолч түүнийгээ бичиж үлдээж илэрхийлж байгаагийн гэрч болж үлдэж байна аа, бид.

Номын тэмдэглэлийг бичсэн: Ц.Төгсбаатар, Э.Доржсүрэн

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

@Katen on Instagram
[instagram-feed feed=1]