Press ESC to close

Усны ГудамжУсны Гудамж Бичээчийн Хөгжих Талбар

Шинэхэн гэрлэлт-Банана Ёошимото

“Шинэхэн гэрлэлт” өгүүллэг

Зохиолч: Ёшимото Банана

       Нэгэн удаа, ердөө ганц удаа би галт тэргэнд орчлонгийн хамгийн гайхалтай хүнтэй  учирсан юм. Дээхнэ болсон хэрэг ч гэлээ би бүхнийг тод санаж байна. 

   Хорин наймтай би тухайн үедээ Ацукотой гэрлээд сар орчим л болж байсан. Тэр үдэш нөхөдтэйгөө уушны газар орж, виски хувааж хүртчихээд гэрийн зүг гэлдрэхээр галт тэргэнд суухдаа нэлээд халчихсан байв. Яагаад ч юм миний буух буудал болсон ч би сандал дээрээ ургаатай юм шиг хоцорлоо. 

 Цаг орой болжээ. Эргэн тойрноо хартал бүхээгт гуравхан л зорчигч байлаа. Тэгэхэд би арай ч юу хийснээ ухаарахааргүй болтлоо донхойчхоогүй явсан. Гэртээ харих хүсэл нэг л төрөхгүй болохоор галт тэргэнд үлдчихэв.

Согтуугийн сүүмгэр нүдээр танил галт тэрэгний буудал ойртон ирэхийг ажиж суулаа. Галт тэрэг хурдаа сааруулж, манай буудал дээр зогсов. Хаалга нээгдэхүйд шөнийн жиндүү агаар бүхээгт шургалж, хаагдахдаа эргээд хэзээ ч онгойхооргүй битүүмжлэгдэх мэт. Цааш хөдлөхөд манай тэр хавийн дэлгүүрүүдийн неон самбар галт тэрэгний шилэн цаана гялбалзаж үзэгдэнэ. Алсран бүдгэрэх тэдгээрийн ажин би хар цагаан дуугүй. 

Хэдэн буудал явсны дараахан нэгэн эр орж ирлээ. Ноорхой хувцастай, даахирсан урт үс сахалтай, орон гэргүй хөгшин шиг тэр эр ядах нь ээ жигтэйхэн үнэртэй юм аа. Яг цагийг нь тааруулж манай бүхээгийн гурван хүн цаад бүхээг рүү орж, харин би зугтах боломжоо алдан суусан газраа, өнөөх бүхээгийнхээ тэг голд хоцорлоо. Угаас надад энэ эр сүйдтэй төвөг болохгүй, харин ч түүнээс улайм цайм дөлж одсон хэдийнхээ дэргэд бол таахалзмаар ч юм шиг оргино. 

 Өнөө настай хүн шууд дэргэд ирээд суусанд л харин хачин санагдаад явчихлаа. Би амьсгаагаа түгжээд илт өөр рүү нь харахгүй юм шүү гэж биеэ барина. Өөдөөс харсан цонхноо шөнийн харанхуй, мяралзах хотын гэрэл дунд бидний тусгал яг дээр дээрээсээ давхралдаатай мэт үзэгдэнэ. Цонхон тусгалд тэгтлээ тэвдсэн янзтай суугаа өөрийгөө үзээд золтой инээд алдсангүй.

Чамд гэртээ харихгүй байх шалтгаан бий бололтой гэж өнөө эр хоолойгоо чахруулан өндөр дуугарав.

 Түүний биеэс ялгарах эхүүн хурц үнэрт хэтэрхий нугдайчихсандаа ч тэр үү эхэндээ бол надтай ярьж байна ч гэж мэдсэнгүй. Унтсан дүр эсгээд нүдээ аниад байтал шууд зүүн чихэнд “Гэртээ харих үгүйдээ ингэтэл эргэлзэж байгаа шалтгаанаа надад хэлэх сэн болов уу?” гэж шивнэлээ. 

   Үүнээс цааш надад хандсан эсэхэд нь эргэлзэх аргагүйдсэн тул би нүдээ улам чанга анилаа. Галт тэрэгний дугуй зам дээрээ эргэлдэх хэмнэллэг чимээ л чихэнд дүнгэнэнэ.

Иймэрхүү зүстэй болчихвол чи бодлоо өөрчлөх сөн болов уу?” хэмээн мөнөөх эр хэлэв. 

 Уг нь би түүнийг л хэллээ  гэж бодсон боловч тоглуулж байсан хуурцгийг гэнэт хурдлуулчих аятай хоолой нь хавьгүй дээд өнгөөр, бүр үндсээрээ өөрчлөгдчих шиг дуулдлаа. Хөгшний өмхий самхай нь цэцгийн хөнгөн үнэртнээр солигдохуй миний эргэн тойрны юм бүхэн шал өөр орон зай руу шунгаад орчих шиг боллоо. Тархи толгой ч манарах шиг. Нүд минь аниатай хэвээр ч эмэгтэй хүний арьсны дулаахан үнэр зуны цэцэгсийн цэнгэг сайхантай сүлэлдэх цоо шинэ хэмжээсийг мэдэрлээ.

Одоо надад нүдээ нээхээс өөр ямар ч сонголт алга. Бага багаар зовхио өргөөд хартал золтой л зүрх зогсчихсонгүй. Санаанд багтамгүй ч гэлээ орон гэргүй эрийн оронд нэгэн бүсгүй сууж байх агаад мөнөөх хүнээс бараа сураг алга аа.

 Эл ер бусын өөрчлөлтийг надаас өөр нэгэн гэрчилж чадах эсэхийг мэдэхээр ухаан жолоогүй эргэн тойрноо ажин нүд гүйлгэсэн боловч надаас ялгаатай нь хэдэн мөчийн өмнө хэр ядруу харагдсан билээ, яг тэр хэвэндээ л уйтгартай царайлан суух бөгөөд хажуу бүхээгийн тэд хэдэн милийн цаана мэт хол санагдлаа.  Би юу болоод байгааг ойлгож ядан эмэгтэйн зүг дахин харав. Тэр урагш ширтэн хажууд минь сууна. 

Хаанаас ирснийг нь таахад төвөгтэй л юм. Бүсгүй урт бор үстэй, саарал нүдтэй, маш сайхан хөлтэй агаад хар, өндөр өсгийтэй лакан гутал дээрээ өнгө ижил даашинз өмссөн байлаа. Энэ эмэгтэйн царайг хаана ч юм бэ харж байсан ч шиг. Магадгүй миний дуртай жүжигчин, үеэл, аль эсвэл ээжтэй минь төстэй ч юм шиг. Миний татагдаж байсан эгчмэд эмэгтэй ч юм уу, эсвэл анхны найз бүсгүйтэй минь адилхан санагдлаа. Мөн тэр цээжээрээ шинэхэн цэцгийн дэлбээн хэлхээ зүүжээ. 

Бүсгүй үдэшлэгээс гараад гэртээ харих гэж яваа ч юм бил үү гэж би таамаглалаа. Гэхдээ энэ бүхэн тэр хөгшин эрийн алга болсноор биежин тохиолдож буй үзэгдэл шүү дээ. Гэснээс тэр нээрэн хааччихсан болж таарав аа?

– Чи гэртээ харимааргүй хэвээрээ л байна уу? гэж өнөөх бүсгүй тун ялдам хоолойгоор асуулаа. Сая үнэртсэн цэцэгсийн үнэр шиг. Энэ бүхэн зүгээр л уусан зүйлдээ мансууран согтсоноос үүдсэн хар дарсан зүүднээс өөр зүйл байж таарахгүй гэж өөртөө хэлэв. Тэнүүлч гэнэт л гоо үзэсгэлэнт бүсгүй болж хувирч байна гэдэг чинь ердөө нугасны муухай дэгдээхэйн мөрөөдөл биш үү? Юу болоод байгааг ойлгоогүй ч харсан зүйлээ л мэдэж байлаа. 

– Хажууд минь чи байгаа болохоор харимааргүй байна аа гэж би түүнд хариулав. Өөрийн энэ нүүрэмгий байдалд гайхширах ч шиг. Галт тэрэг өөр зогсоол дээр зогсож, хүмүүс хажуугийн тасалгаанд суусаар. Гэвч бидний хажууд нэг ч хүн суусангүй. Хэт их ядарч, бодолд автсандаа ч тэр үү тэр хүмүүс бидэн рүү бүр харсан ч үгүй. Тэд над шиг урагшилж, давхихыг хүсэж байгаа болов уу гэж бодлоо. 

– Чи үнэхээр хачин юм аа! 

– Яарч дүгнэлт хийх хэрэггүй дээ. 

– Яагаад болохгүй гэж?

Нүд рүү минь тэр цоо ширтлээ. Түүний цээжин дэх цэцгэн хэлхээ үл мэдэг чичгэнэнэ.. Бүсгүй гайхалтай өтгөн сормуустай, том дугуй нүдтэй агаад гүн харц нь хүүхэд байхдаа харж байсан гараг эрхсийн хүрээлэнгийн таазыг санагдуулна. Жижигхэн орон зайд хашигдсан томоос том ертөнц мэт.

– Ганцхан хормын өмнө чи хөгшин эр байсан шүү дээ.

– Гэхдээ би одоо чамд ингэж харагдаж байгаа ч гэсэн аймаар хэвээрээ л байгаа биз дээ? Надад эхнэрийнхээ тухай яриач?

– Эхнэр маань жижигхэн биетэй.

Өөрийгөө гаднаасаа ямар харагдаж байгаа тухай бодлоо. “Галт тэргэнд танихгүй хүнтэй яриад л яг юугаа хийгээд байгаа юм бэ дээ?” Энэ яг юу вэ? 

– Эхнэр маань намхан, урт үстэй бас онигор нүдтэй болохоор уурласан ч инээж байгаа юм шиг харагддаг. 

– Чамайг орой гэртээ ирэхэд чинь тэр юу хийж байдаг вэ?

Тэр над руу дөхөж ирүүтээ бурхны даалгавар биелүүлж буй мэт инээмсэглэдэг. Ширээн дээр ваартай цэцэгс, амттан чихэр өрөөтэй, зурагт байнга л асаалттай байдаг юм. Эхнэр маань сүлжмэлээ сүлжинэ. Гэр бүлийн тахилын ширээн дээр үргэлж шинэхэн будаа тавихаа хэзээ ч мартдаггүй. Намайг ням гаргийн өглөө сэрэх бүрд тэр угаалга хийж, тоосоо соруулж, эсвэл хөрш айлын эмэгтэйтэй ярьж л байдаг. Тэр өдөр бүр хөршийн муурыг хооллож, зурагтаар гарах савангийн дуурийг үзэх бүрдээ уйлна.

Тэгэхээр Ацукогийн талаар цааш нь яривал, тэр усанд орохдоо дуулж, чихмэл тоглоомон амьтдынхаа тоосыг арчиж байхдаа тэдэнтэйгээ ярьдаг. Бас найзуудтайгаа утсаар ярих бүрдээ тэднийг юу ч ярьсан чанга чанга хөхөрнө. Ялангуяа ахлах сургуулийнх нь найз байвал бүр цагийн турш инээлддэг юм. Ацукогийн ачаар л бид гэртээ аз жаргалтай байдаг. Жишээлбэл гэрт үнэхээр хөгжилтэй байдаг учраас заримдаа бүр хэт их инээсэндээ болоод дотор муухай оргино гээч. 

Миний үргэлжилсэн урт ярианы дараагаар бүсгүй толгой дохиж,

– Төсөөлөгдөж байна аа гэв.

– Яаж тэр вэ? Чи энэ талаар юу мэдэх юм? гэж би асуухад тэр инээвхийлэв.

Түүний инээмсэглэл Ацукогийнхтой адилхан биш ч гэлээ нэг л танил, сэтгэл татам санагдсан хэвээр. Энэхэн мөчид бага байхдаа сургуулийн дүрэмт хувцасныхаа өмдний оронд шорт өмсөж, найзтайгаа сургуулийн зүг алхдаг байсан хүүхэд насны минь дурсамж бодолд зурсхийлээ. Ид хүйтэн тачигнаж, найз бид хоёрын хөл хөлдөх шахаж, бие бие рүүгээ өвлийн хүйтнийг зүхсэн аятай хараад шууд л инээлддэг сэн. Гэвч тэгж гомдоллоо гээд дулаацахгүй шүү дээ. Ийм хэн хэнээ ойлгосон инээмсэглэл бүхий дүр зураг бодолд минь эргэлдэх мөчид би галт тэргэн дэх жижиг сандал дээрээ цагийг сайхан өнгөрүүлэх шиг болов.

– Чи Токиод ирээд эндхийн хүн болоод хэр удаж байна? гэх бүсгүйн хоолой сонстлоо.

Түүний энэ этгээд асуулт надад үнэхээр хачин санагдав. Яагаад заавал эндхийн хүн болоод гэж?

– Чи Японоор яриад байна уу? Аль эсвэл өөр хэлээр яриад байна уу? гэж би түүнээс  асуулаа. Тэр толгой дохин, 

– Би өөр орны хэлээр яриагүй ээ. Энэ бол зөвхөн чи бид хоёрын ойлгож чадах үг. Тийм биз? Аав, ээж, эхнэр, хуучин найз охинтойгоо харилцахдаа ашигладаг үгсийг чинь л ашиглаж байна. Чи мэднэ дээ, зөвхөн та хэд л утгыг нь ойлгох онцгой хэл байдаг. 

– Гэхдээ бидэнтэй адил биш хүн энэ ярианд оролцвол яах вэ?

– Тэгвэл тэр хүмүүстэй ойлголцох хэл гарч ирнэ бас өөр хүн ярианд орвол үгс дахин өөрчлөгдөнө. Энэ газар төрөлх хотоо орхин ирсэн та нар шиг хүмүүсээр дүүрэн гэдгийг би хангалттай удаан ажигласан. Би өөр газраас шилжин суурьшсан хүмүүстэй уулзахдаа энэ том хот хэзээ ч гэр шиг нь санагддаггүй хүмүүсийн хүнийрхүү хэлийг ашиглах ёстой гэдгээ мэддэг. Токиод насаараа амьдарсан хүмүүс энэ хэллэгийг ойлгодоггүй гэдгийг чи мэдэх үү? Хэрвээ би ганцаараа амьдардаг хөгшин эмэгтэйтэй тааралдвал түүнтэй ганцаардлын хэлээр ярьдаг. Завхайрч яваа эрчүүдтэй би шунал тачаалын хэлээр ярих болно. Чи ойлгож байна уу?

– Бараг л, гэхдээ хөгшин эмэгтэй, завхай эр хэдүүлээ ярилцвал яах вэ?

– Хэрэв тэгвэл хэдүүлээ зөвхөн биднийг л холбож чадах нийтлэг зүйлийг олох болно.

– Ойлголоо.

– Эхний асуулт руугаа буцъя. Токиод хэр удаж байна?

– Би Токиод 18 настайдаа ирсэн. Удалгүй ээж минь нас барсан. Тэгээд л одоо энд байсаар байна даа.

 – Тэгвэл Ацуко та хоёрын амьдрал хэр байна даа?

 Үнэндээ заримдаа бид огт өөр ертөнцөд амьдардаг юм шиг санагддаг. Тэр өдөр тутмын амьдралынхаа аар саархан зүйл рүү орж эхлэхэд юу ч байсан, бүх зүйл миний хувьд ямар ч утгагүй санагддаг.

Түүний ярианы дийлэнх нь манай гэрийн амьдралтай холбоотой байдаг л даа.

 Бага байхад орны дэргэдүүр ээжийн гэрийн шаахайгаа чирч алхдаг байсан чимээ, хайртай муураа үхсэний дараа уйлж суусан үеэл дүүгийн минь мөр хэрхэн чичирч байсан  зэрэг сэтгэлд тод үлдсэн хэсэг бусаг дүр зургууд толгойд минь хөвөлзөж байлаа. Би хэдий тэднээс өөр боловч бидний дунд мах цусны холбоо бий гэдэг бодол намайг тайтгарууллаа. 

– Тийм байх нь ээ?

– Чиний тухайд? Чи хаашаа явж байгаа юм?

– Аан, би зүгээр л галт тэргээр явж, юмсыг ажигладаг юм аа. Миний хувьд галт тэрэг бол эцэс төгсгөлгүй шулуун шугам л гэсэн үг. Яваад л, яваад л байдаг… Ихэнх хүмүүс галт тэргийг гэр, оффисынхоо хооронд нааш цааш тээвэрлэдэг аюулгүй бяцхан хайрцаг гэж боддог гэдэгт би итгэлтэй байна. Мөн тэд өдөр бүр тасалбар авч бууж, суудаг. Харин би тэдэнтэй адилгүй шүү дээ. Чи ч бас галт тэргийг тэгж боддог биз дээ?

– Намайг зөвхөн очих ёстой газар луу, бас гэр лүү минь хүргэж өгдөг аюулгүй бяцхан  хайрцаг гэж боддог уу гэж үү? Мэдээж, хаана хүрэхээ мэдэхгүйгээр өглөө болгон галт тэргэнд сууна гэдэг чинь хэтэрхий аймшигтай хэрэг биз дээ?

Бүсгүй толгой дохин,

– Тэгэлгүй яах вэ, чамайг над шиг байх хэрэгтэй гэж хэлэх гээгүй юм шүү. Чи эсвэл энэ галт тэргээр зорчиж яваа хэн ч бай амьдралыг хаа нэг тийшээ хүрэх аялал гэж бодвол зөвхөн зорьсон газартаа л хүрэх гэж санаа зовохын оронд түрийвчиндээ байгаа мөнгөөр хэчнээн хол хүрч очиж чадах байснаа мэдээд лав гайхах байх аа.

– Чиний зөв өө.

– Би галт тэргэнд сууж байхдаа ийм л зүйл боддог юм.

– Надад тийм зав байсан ч болоосой.

– Галт тэргээр зорчигч нэгэн өөр өөр хүмүүстэй нэг орон зайг хувааж оршдог. Зарим хүмүүс ном уншиж, сурталчилгааны самбар ширтэж, зарим нь хөгжим сонсоцгоогоод л. Би галт тэрэг өөрөө ямар их нөөц боломжтой байж болох талаар эргэцүүлдэг юм.

 – Гэхдээ би чамайг гэнэт хувирч өөрчлөгдсөнийг гайхсан хэвээрээ л байна.

– Чамайг буух буудал дээрээ буугаагүй учраас бас яагаад гэдгийг нь мэдэхийг хүссэн учраас ийм болж хувирахаар шийдсэн юм. Чиний анхаарлыг татах өөр арга байсан гэж үү?

Миний толгой эргэж байлаа. Тэр ингэхэд хэн байсан юм бэ? Бид юун талаар яриад байна вэ? Галт тэрэг нэг зогсож, нэг хөдөлсөөр нэг мэдэхэд харанхуй болсон байлаа. Би энэ харанхуйн дунд, гэрээсээ улам улам алсарсаар.

Намайг төрөхөөс ч өмнө оршин байсан хайр, үзэн ядалт зэрэг бүхий л зөн мэдрэмжүүд агаарт нь шингэсэн тэр л газраа очсон мэт дэргэд байх энэ оршихуй тийм л танил дотно санагдаж байлаа. Бас хэтэрхий ойртвол аюулд орно гэдгээ ч мэдэрч байлаа. Дотор гүнээс минь айдас намайг зугуухнаар бүчин авав. Согтож манантсан ухаан санаа минь надаар тоглож байгаа хэрэг биш, ердөө төрөлх зөн совин татна. Агуу их хүчний өмнө хүчин мөхөстөж буй мэт энэ л агшинд би хэмжээлшгүй өчүүхэн зүйл гэдгээ ухаарах шиг боллоо. Соёот эрлэгтэйгээ тулгарсан ан амьтан мэт амь зулбан зугтах хүсэл сэдэл л энэ биед минь байх аж.

Яг ийн тэвдэн будилж ахуйд өнөө бүсгүй, 

– Хэрвээ хүсэхгүй байгаа бол тэр зогсоол дээр хэзээ ч битгий буу. Энэ чинь бас нэг сонголт шүү дээ гэх нь сонстов.

Би түүний зөв гэж бодсон ч чимээгүй суусаар л байлаа. Галт тэрэгний дайвалзах зөөлөн хөдөлгөөнд бүүвэйлэгдэж, зүтгүүрийн хэмнэлд тайвширжихуй нүдээ анин нөхцөл байдлын талаар эргэцүүлэн бодлоо. Үдээс хойш гэртээ ирэхэд манай гэрийн өртөө ямар харагдахыг төсөөлөх гэж оролдов. Өртөөний урд талбайд байдаг нэрийг нь ч мэдэхгүй бөөн улаан, шар цэцэгс санаанд орлоо. Замын эсрэг талд байрлах номын дэлгүүр үргэлж ном, сэтгүүл эргүүлэх хүмүүсээр дүүрэн байдаг сан. Би өртөөгөөр гарахдаа тэдний ар нуруунаас нь хараад л өнгөрдөг сөн.

 Хятад ресторанаас шөлний амтат үнэр ханхалж, хүмүүс нарийн боовны газрын урд дараалал үүсгэж, тэндхийн онцгой бялууг авахаар зогсоцгооно. Дүрэмт хувцастай ахлах сургуулийн турьхан охид чанга чанга инээлдэж, дэлгүүрийн урдуур удаанаар алхана. Тэд ийм тайван алхаж байгаа нь хачирхалтай юм. Тэдний дундаас чангаар инээх дуу хадахад хажуугаар өнгөрөх хөвгүүдийн зарим нь хөшиж орхих аж. Харин хөвгүүдийн нэг нь охидыг огт тоосон шинжгүй тайван алхана. Тэр хөвгүүн их царайлаг болохоор охидын дунд алдартай байж магадгүй л юм. Нүүрээ бараг төгс будсан нарийн бичиг эмэгтэй тэдний хажуугаар эвшээн өнгөрнө. Тэр биедээ юм авч яваагүйг бодоход гадуур ажлаа амжуулаад оффис руугаа буцаж буй нь тэр биз ээ. Цаг агаар дэндүү сайхан байгаа болохоор лав л ажил руугаа буцахыг хүсэхгүй байгаа нь илт. Мухлагийн дэргэд ажил хэрэгч эр витаминтай ундаа ууж буй зогсоно. Бусад нь найзуудаа хүлээж байгаа бололтой. Тэдний зарим нь ном уншиж, зарим нь хүмүүсийг ажиглан зогсоно.

Эцэст нь бүсгүй хүлээж байсан найзаа олж харан түүн рүү гүйж очив.   Миний хараа тусах газрын харалдаа нэгэн настай аажуухан явж өнгөрөв. Шар, ногоон, цагаан судал бүхий таксинууд зогсоолоос цувран одсоор. Элэгдэж гандсан ч бат бөх хэвээрээ хуучны барилгууд өргөн гудамж даган сүндэрлэн байдаг сан

Хэрвээ би тэр өртөө рүү хэзээ ч буцаж очихгүй бол юу болох бол гэж бодохуй дотор минь агч энэ л дүр төрх бүхэлдээ хуучин киноны сэтгэл хөдөлгөм үзэгдэл мэт боллоо. Тэндхийн бүх амьд оршихуй гэнэт л сэтгэлийг минь татсан юм. Хэзээ нэгэн цагт би үхэхэд зөвхөн миний өчүүхэн хэсэг л үлдэж, зуны орой Бон буддын шашны баяраар сүнс минь гэртээ ирвээс дэлхий ийм л харагдах байх даа.

 Тэгээд зуны халуунд өртөөний зүг аажуухан алхаж буй Ацуко гарч ирлээ. Би түүнд үсээ ардаа шуун боохоор өөрт нь зохихгүй байна гэж хэлж байсан сан. Түүний зовхи хүндрэн сүүмийсэн учир түүнийг юм харж байгаа юм болов уу гэмээр байлаа. Нарны хурц туяанаас болж нүдээ анивчих боловч зовхи нь огт хөдлөхгүй байгаа мэт л харагдана. Ацуко дэлгүүрийн сагсны оронд том цүнх авч явдаг юм. Тэр буудлын дэргэдэх жижиг лангуун дээрх вафлиас худалдаж авах гэж байгаа юм шиг хэсэг түдсэнээ бодлоо өөрчилж, эмийн сан руу зүглэв. Тэгээд шампунь өрсөн хэсгийг ширтэж удаан сонгоод орхи. Алив ээ Ацуко, бүгдээрээ адилхан шүү дээ. Зүгээр л нэгийг сонгоод орхи. Чи ч үнэхээр нухацтай хандах юм аа! Шампунийг хуумгай сонгочхож болохооргүй ч гэлээ тэр шийдэж чадахгүй л зогссоор л. Дэлгүүрт яаран орж ирсэн залуутай мөргөлдөх хүртлээ. Ацуко бүдэрч уначхаад залуугаас уучлал гуйв. Тэр л чамайг мөргөсөн шүү дээ! Чи уучлалт гуйх ёстой хүн нь биш. Түүнд надад ханддаг шигээ хатуурхаад аль!

Эцэст нь Ацуко тохирсон шампунаа олоод касс руу очиж бичүүлэх зуураа  худалдагчтай яриа өрнүүлнэ. Тэр сэтгэл татам инээмсэглэх аж. Дэлгүүрээс гаран холдохдоо эмэгтэй хүний гэж  бүдэг дүрс болоод, цаашлах тумсмаа зүгээр л хар зураас болон алга боллоо. Жижигхэн хар зураас. Гэхдээ би түүнийг удаан атлаа хөнгөн алхаж, энэ жижигхэн хотын агаараар амьсгалж буйг мэдэрч байна.

 Манай гэр бол Ацукогийн ертөнц л гэсэн үг. Тэр байшинг өөрийн сонгосон жижиг эд зүйлсээр өвч дүүргэдэг. Бүх жижиг сажиг зүйлийг авахдаа ч шампунь сонгодог шигээ нухацтай хандана.. Тэгээд Ацуко ээж ч биш, эхнэр ч биш, огт өөр оршихуй  болж хувирдаг юм.

– Анх гэрлэхдээ л ийм байсан байх нь ээ гэх бүсгүйн үг намайг дахин бодит байдалд авчрав.

– Бал сарын үе дууссан цаг үеийн тухай бодоход аймшигтай биш байна гэж үү? 

– Тийм ээ, гэхдээ одоо энэ талаар ярих нь утгагүй юм. Би залуу хэвээр байна. Энэ тухай бодохоор л сандарч байна. Гэр лүүгээ харина аа. Дараагийн буудал дээр бууна. Ядаж л жаахан ч болов сөхөө авлаа.

– Цагийг сайхан өнгөрүүллээ гэж тэр хэлэв.

– Би ч гэсэн гэж би толгой дохин хариулав.

Галт тэрэг онцгой нандин цаг хугацааг ширхэг ширхгээр тоолон урсах элсэн цаг мэт зогсолтгүй урагшилна.  Чанга яригчаас дараагийн зогсоолыг зарлах чимээ дуулдав. Бид чимээгүй суусаар л. Түүнийг орхих надад хэцүү байсан. Түүнтэй маш удаан хугацаанд хамт байсан юм шиг л санагдсан юм.

Бид Токиог бүхий л талаас нь үзэж туулсан юм шиг санагдана. Барилга бүрийг нь ажиглаж, хүн бүрийг таньж, байр байдалтай учирсан мэт… Энэ бол манай гэрийн өртөө, гэрлэлт, ажил гээд амьдралынхаа бүхий л зүйлсээ гаднаас харах амьд гайхамшигт мэдрэмж байлаа. Ацукогийн сэтгэл татам дүр төрхийг ч гэсэн… Токио одоо хүмүүсийн бодол, төсөөлөлд буй тэр л ертөнцөөр бүхэлдээ  амьсгалж байна.

Дахиад хэдэн үг хэлье гэж санаад түүний зүг эргэтэл хажууд минь нэгэн бохир хувцастай эр тайван нойрсож байлаа. Бидний яриа ингээд л өндөрлөх цаг иржээ. Галт тэрэг хөлөг онгоц шиг аажуу, удаанаар буудал дээр ирж зогслоо. Хаалга онгойхыг сонсмогцоо би суудлаасаа өндийлөө.

Гайхалтай нэгэн минь, баяртай!

 

Орчуулсан: Б.Золбоо (МУИС-ийн Утга зохиол судлал хөтөлбөрийн хоёрдугаар түвшний оюутан)

Орчуулгын редактор: С.Энхцэцэг

 

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Ut elit tellus, luctus nec ullamcorper mattis, pulvinar dapibus leo.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

@Katen on Instagram
[instagram-feed feed=1]