
Өнгөрөгч номын баяраар шинээр хэвлэгдэж, монгол уншигчдын гар дээр ирсэн онцгой бүтээлүүдийн нэг бол яах аргагүй Ираны зохиолч Садэх Хедаяатын “Сохор шар шувуу” юм. Уг номын талаар утга зохиол судлаач Б.Алтанхуяг ийн өгүүлжээ:
ХАРАНХУЙН ЭСТЕТИК
Утга зохиолын өнөө цагийн дүр төрх ямар хэлбэр, өнгө аястай байгааг тодорхойлохын тулд судлаачид ихэвчлэн нэг зохиолыг жагсаалтдаа заавал багтаадаг. Мэдээж техник технологи, хөгжил дэвшлээс хайсан ирээдүйн боломжуудын талаарх зөгнөлт уран зохиолоос гадуур гэсэн үг шүү дээ. Тэрхүү зохиол бол XX дугаар зууны Ираны хамгийн нөлөө бүхий зохиолч Садэх Хедаяатын “Сохор шар шувуу” тууж юм. Уг бүтээлийг гол дүрийн үхлийн өмнөх эргэцүүлэл буюу амиа тэвчихээс урьтаж цааснаа буулгасан наманчлал хэмээн тодорхойлж болно. Тэгээд ч гол дүр буюу туужаас сонстох дүрийн дуу хоолой өөрийн нэрийг ч уншигчдад танилцуулдаггүй. Түүний төрхийг тодорхойлчих үг үсэг, өгүүлбэр үгүй. Амьдралын тодорхойлсон зорилго, ирээдүйн талаарх зөн, мөрөөдөл, хүслийн илбэ түүнд хөөсний адил үнэ цэнгүй. Зохиолын сюрреалист өнгө аяс, хар бараан метафизик бүхэлдээ давамгайлсан өгүүлэмжийн гүнд юу нуугдаж, хар тамхинд мансуурсан зураач залуу өдөр хоногийг хэрхэн амиа тэвчихээс өөр аргагүйд шаналан зүдэж, харанхуйд тэмтрэн буйд чухам уншигчдын өөрсдийнх нь төсөөлөл хамгийн сайн хариултыг өгөх болов уу.
Ямартаа ч тус зохиолын уншигчдыг хамгийн их эргэлзээнд хөтөлдөг зүйл бол бичлэгийн этгээд өнгө аяс, хүүрнэлийн цоо шинэ арга барилыг хослуулсан өгүүлэмж нь юм. Гол дүрийн залуу үнэхээр амиа хорлохын өмнө эл бүгдийг дурсан, сэтгэлээ түр ч атугай амраахын тулд наманчилж байна уу, эсвээс тэр нэгэнтээ өөрийгөө бүрэлгэчихээд бүгчим, харанхуй авсан дотор эхнэрийнхээ цогцсыг ажин хэвтэх сүнс нь эдгээрийг өгүүлэв үү гэдэгт оршино.
“Сохор шар шувуу” бол уран зохиолын хил хязгаарыг сорьсон, ухамсрын гарцгүй мухардал дунд бичигдсэн бүтээл. Туужийг унших явцад бидний өмнө хэзээ ч үл тайлагдах хоёр ертөнц зэрэгцэн оршдог. Эхнийх нь бодит амьдралын жихүүцэм хүйтэйн хийгээд зүй тогтолгүй гудамж талбай, байшин барилга, хамгийн гутамшигтайгаар уруудан доройтсон гэр бүл, нэр усгүй хүнлэг бус ертөнц. Нөгөө нь хар дарсан зүүдэнд гэнэтхэн тусах хур гэрэл, сүүдэр хоёр ээлжилсэн сэтгэлзүйн чимээгүй тэмцэл дуусашгүй хөврөх бүгчим өрөө.

Хядаяат амьдралын зүй тогтлыг сүнслэг хийгээд гаслант дуу чимээгээр орлуулж хүний оюун санааг бүхэлд нь нарийвчлан шинжилснээс гадна үхэл гэх тэсвэрлэшгүй хүйтэн боловч цорын ганц бодит үнэнд уншигчийг хөтөлдөг. Гол дүрийн зураач нэр зүсгүй, тодорхойлоод хэлчих дүр төрх байхгүйгээс үзвэл магадгүй туужийг уншиж буй хүн бүрийн дотоод нам гүмийг үймүүлж орхидог сүүдэр мэтээр сэтгэгдэнэ.
Хэдийгээр уг туужийн үйл явдлын өрнөл тодорхой мэт боловч өгүүлэмжийн олон гүн давхрага нь уншигчийг эргэлзээнд оруулдаг. Бичлэгийн онцгой хэлбэр, хэл найруулгын этгээд зохиомж нь гол дүрийн амиа тэвчих үеийн сэтгэцийн хуваагдмал байдал, дотоод хий үзэгдэл, харуусал, шаналалын хоорондын утга учиргүй хэлхээс, хэрээслэсэн аалзны тор шиг мэдрэмжийг төрүүлнэ. Учир нь Хедаяат хүүрнэлийнхээ учир шалтгааныг хүний ухамсрын гажуудалд захируулж өгснөөр тайлагдашгүй, цоо шинэ дүрслэлийг бий болгожээ. Энэ нь түүнд Кафка, Эдгар По, Райнер Мария Рилькэ нар хэр гүнзгий нөлөөлснийг илтгэдэг. Жишээ нь “Надад бичих л үлдсэн. Бичихгүй аваас би мэдрэлийн өвчтэй болох биз. Харин бичих тусмаа би хэзээ ч эдгэхгүйгээр өвдөж байна” хэмээн өгүүлэх нь утгын эсрэгцэл байгаа мэт санагдавч үхлийн ирмэгт зогсож буй хүний бус харин гол дүрийн зураач үхлийг өөрийн наманчлалын биежсэн хэлбэр болгон хувиргасныг харуулна. Чухам ийм л хурц егөөдөл Хедаяатын бичлэгийн онцлог нь билээ.
***
Грекийн “Aesthetic” хэмээх үг нь (мэдрэмж, хүртэхүй) уран зохиол, урлагт гоо зүйн ойлголтыг тодорхойлдог. Үндсэндээ гоо сайхны мөн чанар, мэдрэмжээр дамжуулан хүний сэтгэлзүйн хариу үйлдэл, ойлголт, үнэлэмжийг судална гэсэн үг. Бид юунд жигшин зэвүүцэж, юуны учир уяран хайлдаг вэ? гэх ерөнхий энгийн асуултыг тавина.
“Сохор шар шувуу” бол харанхуйн эстетик бүтээлүүдийн нэгэн том төлөөлөл. Гоо зүйн уг уламжлал нь тэгш эрх, эмх цэгц, бурханлаг төгс төгөлдөрт хандсан байдаг бол харанхуйн эстетик нь эдгээрийг эсрэг шинж буюу эмх замбараагүй байдал, хүний дотоод дахь зовлон шаналал, айдсын мэдрэмжийг уран зохиолын гол сэдэв болгон хувиргадаг. Иймэрхүү зохиолын гол дүрүүд ихэвчлэн оршихуйн утга учрыг бэдрэн өөртэйгөө тэмцдэг агаад тэрхүү тэмцэл нь амьсгал татах сүүлийн мөч хүртэл үргэлжилдэг. Мөнхүү харанхуйн эстетик давамгайлсан бүтээлд амьдралыг үл ойлгогдох, учир шалтгаангүй хэмээн үзэж хүний нийгэм утгагүй болохыг тодотгоно. Энэ талаар экзистенциализмын үзэл санаатай харгалдаж болох юм. Жишээ нь Камюгийн “Этгээд хүн” зохиолын гол дүр болох Мерсо амьдралаас утга олдоггүй шүү дээ. Басхүү Кафкагийн “Шүүх ажиллагаа” романы гол дүр ямар ч гэм зэмгүй хэр нь ээ шийтгэл хүлээдэг. Эдгээртэй адил харанхуйн эстетик нь хураангуй, эмх цэгцтэй, системчилсэн хүүрнэлийн хэлбэрийг ямагт эсэргүүцнэ. Тиймдээ ч “Сохор шар шувуу” зохиол цаг хугацаа, оройн зай, юмсын дараалал хүртэл алдагддаг. Учир иймээс өнөө цагийн постмодерн сэтгэлгээний эх үүсвэрээс ундарга авсан бичлэгийн хэлбэртэй тууж бол энэ.
Харин одоо эргээд гол асуудалдаа оръё. Харанхуйн эстетик хэмээх ухагдахууныг уран зохиол, философи, сэтгэлзүй, урлаг судлалын олон салбарт хэрэглэдэг. Харин уран зохиолын хүрээнд бол гоо зүйн уламжлалт ойлголтуудын эсрэгцэл болгон авч үзнэ. Тийм ч учраас эмх замбараагүй байдал, хүний сэтгэлийн гүн дэх гүнзгий ангал, зовлон шаналал, цочмог ухамсар, айдсын мэдрэмжийг өгүүлэмжийн гол сэдэв болгон хувиргадаг. Үүнийг “Сохор шар шувуу” туужийн эхлэл хэсэгт тодорхой дүрслэн үзүүлдэг шүү дээ.
Сарны мөнгөлөг туяанд дүнсийн гэрэлтэх аниргүй харанхуйгаар хар морьд хөллөсөн сүйх тэргэн дээр суугаад огт танихгүй хатангир өвгөний хамт үзэсгэлэнт эмэгтэйн цогцос булахаар зорьж яваа нэгэн. Үнэндээ түүний авч яваа цогцос, өвгөн, хар морьд хөллөсөн сүйх тэрэг, булшны газар, жихүүцэм ахуй нь үнэхээр бодит уу, эсвээс мансуурсан эрийн ухамсарт өрнөж буй үйл явдлын хоосон зураглалууд гэдгийг ялгаж танихад бэрхтэй.
Хядаяат бидний дотор харанхуйд бүгж буй шувуунд нэр өгч, зураачийн бийрээр бус хар тамхинд мансуурсан этгээдийн амьдрах хүсэлгүй өчил дундаас эл бүтээлийг гүйцээн бичсэн юм. Тиймээс Иран төдийгүй дэлхийн уран зохиол харанхуйн эстетикийн нэгэн чийдэнг асаасан гэдэгт эргэлзэх зүйлгүй.
***
Зохиолд сохор шар шувууны дүрслэлээр хүний сэтгэл дотор бүгчим харанхуй авсанд түгжигдсэн гэмшил, ганцаардал, хайр сэтгэлийн төөрөгдөл, амьдралын хүнд утгыг төлөөлүүлнэ. Үүнийг би л хувьдаа “Дотоод ухамсрын харанхуйд төөрсөн оюун санааны дүр” гэж оношилмоор санагддаг. Шар шувуу хэдийгээр жигүүртний дотроос хамгийн мэргэн, цэцэн ухааны бэлгэдэл боловч сохор байгаа нь дүрийн нэгэнт үхсэн хийгээд ухамсрын төөрөгдөлд бүрэн идэгдсэн болохыг илтгэн харуулна.
Өдгөө бидний өгүүлэн буй “Сохор шар шувуу” бол нэгэнтээ уран зохиолд гутранги үзлийн томьёо болсон кафкаист арга барил нэвт шингэсэн хүүрнэл. Хедаяатын бичлэгийн онцлог зарим талаараа кафкаист маягийн цөхрөл нэвт шингэсэн агаад шидэт реализмын бараан дүрслэлүүдийг үүндээ харгалдуулан зүйсэн мэт санагддаг. Өөрийнхөө ахуйд цогцлоосон хийсвэр дарамт нь сэтгэлзүйг улам цөхрөнгөө барахад хүргэх агаад үйл явдал нь бодит амьдрал, зүүд хоёрын хил зааг замхарсан ертөнцөд өрнөнө. Кафкагийн баатрууд биднийг хүрээлэн буй бодит ахуйд оршин байгаа хэр нь тэдний өнцгөөс юмс хийсвэр орон зайд оршиж байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг шүү дээ. “Шүүх”, “Цайз” романуудаас уншигчид хэзээ ч учир шалтгааны дарааллыг нь хөөж зөрчлийг тайлбарлаж чадахгүй. Үүнтэй адил Хядаяатын туужид ч мөн ялгаагүй цаг хугацаа нуран унаж, гол дүр хэрхэн, юунаас болоод зовж буйг тайлбарлах боломжгүй юм. Гагцхүү шаналал, айдас л хамгийн тодорхой үнэн төлөвт биежиж харагддаг.
Кафкагийн дүрүүдийн гэм хийгээд зовлон нь “үндэсгүй” боловч зайлшгүй байдаг. Үүнтэй адил өгүүлэн буй туужийн гол дүр юунаас зугтсан, ямар гэмт үйлдлээс ингэтлээ айж буйг бодитоор таамаглах боломжгүй. Ямартаа ч тэр үзэсгэлэнт бүсгүйд дурлаж түүнийгээ оршуулах боловч харанхуйгаас арай ядан тэмтэчсээр гэртээ ирүүд мөнөөх булшин дотроо хэвтэж байх ёстой гоо үзэсгэлэн түүнээс урьтаад ирчихсэн байдаг. Сэтгэлзүйн иймэрхүү давхарга дор нуусан ид шидийн мэт хуурмаг ертөнцөөр дамжин уншигчийн бодол санаа ч гүн дарамтад орно.
Цаг хугацааны барьцгүй, чөлөөтэй зорчдог эл дүрийн оршин ахуй орон зай нь үнэндээ давчдам, бүгчим харанхуй авс шигээр төсөөлөгдөнө. Тэр хэдийн өөрийнх нь тэвчээрийг барсан эхнэрээ хөнөөчхөөд өөрийгөө түүнтэй хамт оршуулжээ. Тийнхүү түнэр харанхуй, амьсгалах агааргүй модон авсан дотроос энэ бүгдийг хүүрнэж байх шиг…
“…Хувцас хунар минь урагдаж, толгойноос хөлийн үзүүр хүртэл цусанд бялджээ. Алтан зөгий адил өнгөтэй хоёр ялаа намайг тойрон эргэлдэж, биед жижиг цагаан өтнүүд яралзаж, цээжин дээр минь өнөө эмэгтэйн цогцосны жин дарж мэдрэгдэх авай” хэмээх сүүлчийн өгүүлбэрээс хэдийн тэр энэхүү гутрал, цөхрөлдөө цэг хатгачихсан нь тодорхой харагддаг.
Хамгийн гол нь харанхуй эстетикт үхлийн дараах тайвшрал гэж үгүй.
1937 онд хэвлэгдсэн уг бүтээл эх орондоо болон дэлхийн зарим улс оронд зургаан жилийн турш “хориотой ном”-ын жагсаалтад байсан билээ. Мөнхүү франц, англи, герман зэрэг дэлхийн 32 хэлээр орчуулагджээ. Үүгээрээ Ираны гадаад хэл дээр хамгийн олон удаа хэвлэгдсэн номын жагсаалтыг тэргүүлдэг байна. Садэх Хедаяат арав гаруй тууж, роман, хэд хэдэн жүжгийн зохиол бичсэнээс гадна Франц Кафкагийн “Хувирал”, “Цайз”, Жан Поль Сартрын “Хана”, Чехов болон Ги Де Мопассаны өгүүллэгүүд, Райнер Мария Рилькэ, Эдгар Погийн яруу найргаас эх хэл рүүгээ орчуулжээ. 1951 ахуйн дарамт, амьдралыг үзэх үзлээсээ болж цөхрөнгөө барсан тэрээр Парист очиж байр хөлслөн суух болжээ. Нас барахаасаа хэдхэн хоногийн өмнө тухайн үед туурвиж байсан бүтээлээ урж хаясан гэдэг. Ийнхүү түрээсэлж байсан байшингийнхаа хаалга, цонхыг хөвөнгөөр сайтар бөглөж, дараа нь хийн хавхалгыг нь нээлгүйгээр асааж орхиод нүүрстөрөгчийн дутуу ислийн хордлогоос болж хорвоог орхижээ. Амиа хорлохоосоо өмнө тэр гэрээслэл бичиж үлдээсэн байна. Түүн дээр
“Би чамайг орхиж зүрхийг чинь шархлуулсан. Харин одоо ингээд л боллоо” гэх үгс дурайж байв.

-
Энхцэцэг
- 06/21/2025
П.Мөнхдэлгэр: Уран бүтээлч хүн дүрээрээ эдгэрч байдаг
Зохиолч Виржиниа Вүүлф “Өөрийн гэсэн өрөө” эсээндээ “Уран бүтээлч хүн бүтээн туурвихын тулд өөрийн гэсэн өрөөтэй байх хэрэгтэй” хэмээсэн байдаг.…
Дэлхий сүйрэх болбол Америкаас эхэлнэ
- 06/20/2025
Харанхуйн эстетик
- 06/17/2025
Шинэхэн гэрлэлт-Банана Ёошимото
- 06/15/2025
Бидний “таниагүй” Салман Рушди
- 06/14/2025
Leave a Reply