
Монгол уншигчдын шинэхэн танил хэдий ч дэлхий дахинаа 1980-аад оноос ур чадвараараа цойлж, “Цагаан шуугиан” романаараа National Book Award, “Mao II” романаараа PEN/Faulkner Award, Pulitzer Prize зэрэг хүндэт шагналуудыг хүртсэн Америкийн уран зохиолын сод төлөөлөгч Дон Делиллогийн “Цагаан шуугиан” романы тухай задлан шинжилсэн бичвэрийг хүргэж байна.
Бичвэрийг : С.Батзориг, Ө. Сумъяа нар
Дэлхий сүйрэх болбол Америкаас эхэлнэ
Дэлхий сүйрэх болбол Америкаас эхэлнэ, харийнхан ирвэл Америкт ирнэ (тэгээд англи хэлээр Нью-Йорк аялгаар ярина). Гараг ертөнцөд аврал хэрэгтэй бол америк хүн аварна. Энэ бол Холливуд киноны дэлхий дахинд өгөхийг хүсдэг зардас байж магадгүй. Өнөөдөр Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 26-р хороонд өсөн торниж буй хүүд эрхий мэргэн ч юм уу, Хилэн галзуу баатар болж тоглох тухай бодол огтоос төрөхгүй. Харин давын өмнө “Spider-man” ч юм уу, “Batman” болох хүсэлд автах билээ. “Америк мөрөөдөл” зөвхөн америкчуудын мөрөөдөл гэж үү?
Бид XX зуунд Эдгар Аллан По, Марк Твен, Фрэнсис Скотт Фицжералд, Эрнест Хэмингуэй тэргүүт америк зохиолчидтой, Уолт Уитман, Эмили Дикинсон зэрэг америк яруу найрагчидтай анх танилцсан. Шинэ зуун гарсаар Херман Мелвилл, Виллиам Фолкнер, Рэй Брэдбери, Курт Воннегут гээд олон “томчууд”-тай уулзсан байх. Тэгвэл 2025 оны зургаадугаар сард монгол уншигчид америкийн постмодернистуудын томоохон төлөөлөл Дон Делилло эрхэмтэй “Цагаан шуугиан” романаар нь учран золгож байна.

Хүмүүс терроризм, тархи угаасан сурталчилгаа, хандалттай ТВ шоунаас эхлээд аймшиг, хүчирхийллээр дүүрэн мэдээ мэдээлэлд ид донтож байсан 1960-аад оны дунд үеэс сурталчилгааны зохиолч байсан Дон Делилло роман бичих болжээ. Дон Делилло орчин үеийн постмодерн романчдынхаа “канон” гэгдэж, Америкийн аж амьдрал, нийгэм соёлынх нь нөхцөл байдлыг бүтээлдээ яв цав буулгадгаараа дэлхий дахинаа алдаршсан зохиолч. Тэрээр өөрийн зохиолуудын дэвсгэр сэдвийг “аюултай цаг үеийн аж амьдрал”, “соёлын гүн нөлөөнд орсон хүмүүний амьдрал” гэж тайлсан нь бий.
“Америк хэмээх шинэ хүн чинь хэн болж таарах вэ?” (Мишел Гийом де Кревкёр)
Дон Делиллогийн тухай дөнгөж судалж эхэлмэгц л түүний тухай цочим тодорхойлолтууд гарч ирнэ. Жишээлбэл: “Америкийн уран зохиолын паранойд дэг сургуулийн их зайран (chief shaman)” гэжээ. Хачин байгаа биз? Америкийн өмнөө барьдаг зохиолч нь “паранойд дэг сургууль”-ийн босс байна гэдэг… Цаагуураа энэ чинь Америк орныг паранойд шинжтэй гээд байгаа хэрэг үү? Тийм бол юунаас үүдэн аж амьдрал, соёлын орчныг ийм хачирхалтайгаар нэрлэсэн хэрэг вэ? Ингэхэд “Америк хэмээх шинэ хүн чинь хэн болж таарах вэ?”
Зүгээр л өөрийгөө Америк гэж тодорхойлсон хүнийг америк хүн гэнэ гэх бөөрөнхий хариулт л яг үнэндээ хамгийн зохимжтой нь болж таардаг. Цагаач, дүрвэгч, олон үндэстнээс бүрдсэн хэдий ч эрх чөлөө, хөрөнгө чинээ, алдар хүндтэй уялдах, цаг хугацааны уртад утга нь үргэлж өөрчлөгдөж ирсэн “Америк мөрөөдөл” гэх ойлголт, түүний төлөөх мэдрэмжийн хүчээр зангидагдсан улс. Ихэнх оронд “нууцлал”-ын зэрэгтэй байх учиртай тоо баримт, албан мэдээлэл америкийн жирийн айлын дэлгэцээр чөлөөтэй нэвтэрч байдаг агаад гэр бүл, хувийн амьдрал гэх мэт мөн л “нууцлал”-ын зэрэгтэй байх учиртай зүйлсийг дэлгэх явдал, нэр төрд халдан гутаах хандлага саяхныг хүртэл Америкаас өөр хаана ч тийм хүчтэй хөгжөөгүй гэхэд хилстэмгүй байлаа. Ерөнхийлөгч Кеннедигийн үхэл ч зурагтаар шууд дамжуулагдсан. Үргэлж “шууд дамжуулах, телевизээр гарах”. Энэ бүхний нөлөө нийгэмд хэрхэн тусаа бол?

Блэксмит хэмээх хими цэвэрлэгээ, нүдний шилний дэлгүүрээс бүрдсэн хотын “Өндөрлөг дээрх сургууль”-ийн Гитлер судлалын тэнхимийн эрхлэгч Жэк Глэдни гэгч биерхүү эр эхнэр Бабет, 2 хүү, 2 охин, зурагттайгаа хамт “хөдөөний” жижиг хотынхоо амар амгаланг эдлээд, техник технологийн өндөр хөгжилд хүрсэн 1980-аад оны Америк орондоо ажин түжин амьдран сууж байна. Жэк жижиг хотод амьдарч байгаадаа сэтгэл хангалуун, эхнэртээ хайртай, хүүхдүүд нь эрх чөлөөний мэдрэмжээр хахаж цацсан жинхэнэ америк хүн болон төлөвшиж буйг бахтайяа ажиглан суугч билээ. Эхнэртэйгээ бүх сэдвээр ярилцана. Хэзээ ч дуусдаггүй ярианы сэдэв “үхлийн айдас”.
Үхлийн тухай хүүрнэсэн зохиолын жишээ дурд гэвэл С.Эрдэнийн “Өвгөн шувуу”, С.Дашдооровын “Бууж мордох хорвоо” өгүүллэгүүд хамгийн түрүүнд санаанд орж байна. Хоёр өвгөн хоёул ямар ч айдас, түгшүүр, гэлмэгдэл үгүйгээр үхэлд нүүр баатар очдог оо. Ер нь манай сэтгэлгээнд “үхлийн айдас” гэдэг сэдэв их л хол хөндий мэт санагдана. Гэтэл энэ онд уншсан хоёр ч номд уг сэдвийг нухацтай хөндсөн байх юм. Нэг нь Жулиан Барнсын “Айх зүйл үгүй” намтар эсээ, нөгөө нь “Цагаан шуугиан” роман. Номуудыг уншсандаа дулдуйдан бодоход энэ айдас шашин шүтэхтэй холбоогүй бололтой. Намтар эсээний эзэн зохиолч өөрөө агностик үзэлтэн, Жэкийн гэр бүлийнхэн шашингүй үзэлтнүүд. Тэгээд үхлийн айдастай. Үхчихгүй юм сан л гээд үзээд байна.
Жэк, Бабет хоёр үхлээс “үхтэлээ” айна. Гэхдээ “хэн нь түрүүлж үхэх бол?” гэсэн хоржоонтой асуултаас айдас үндэслэнэ ээ. Аль аль нь нэгнээсээ түрүүлж үхэхээс, сүүлдэж үхсэнд ирэх ганцаардал, хар дарсан уйтгар гуниг, харуусал гаслангаас ясандаа тултал айна. Уншихад гайхмаар шүү. Яг гайхаад уншиж байтал Жэк үхлээс айгаагүй байж болох хүний тухай бодохдоо Хүннүгийн Аттила хааны үхлийг төсөөлнө. “Отгийн түүдэг галынхаа эргэн тойронд, намуухан дуугаар турк, монгол аялгаар ярьж байгаа эрчүүд шиг л. Цэлмэг тэнгэр. Хүн гүрний Аттилагийн аймшиггүй, үлгэр жишээ үхэл”. Жэк Аттилаг аймшиггүй үхсэн гэж бодож байгаа нь сонирхол татаж байгаа биз. “Өвгөн шувуу”, “Бууж мордох хорвоо” дээр ч аймшиг байхгүй. Америк зохиолч америк хүний дүр босгохдоо биднийг үхлээс айдаггүй гэж бичиж байгаа юм чинь үхлийн айдас гэдэг сэдэв хол хөндий санагдахаас ч яах билээ гэж онгирмоор ч юм шиг. Яагаал “тэд” (барууныхан гэсэн ч яах вэ) айгаад, бид (дорнынхон гэсэн ч яадаг юм) айхгүй байна? Жич: Эрхэм уншигч таныг энэхүү романыг уншихдаа бүдүүлэгдүү асуултад минь хариулт хайгаасай гэж хүсье.
Хэдийбээр шашингүй үзэлтнүүд ч гэлээ энэ айдсаа шашны зөвтгөлөөр цайруулахыг оролдсон ч хэсгүүд зохиолд бий. Айдсаа даван туулах алхмыг Бабет эхлүүлнэ. Ямар арга хэрэглэснийг зохиолоос уншвал илүү амттай ч ганцхан үгээр ойртуулъя даа. “ДИЛАР”.
Аав, ээж нь үхлээс айдгаараа айгаад, хүүхдүүд нь хэрсүү догь үгс ярилцаад жижиг хотын жинхэнэ америк гэр бүл амьдардгаараа амьдарч байтал “давагдашгүй хүчин зүйл” тохиолдох нь тэр ээ.

Хот бол байгаль
Блэксмит хот зохиомол хот учраас хүн амыг нь тоолох боломж бидэнд алга байна. Харин Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот есөн дүүрэгтэй, 1.7 сая хүн амтай орчин үеийн хот. Орчин үеийн хот гэдэг энэ нэр томьёо агуу их аж үйлдвэрийн хувьсгалын үеэс хэрэглэгдэж буй бөгөөд “ухаалаг, тогтвортой, нягтаршилтай, ногоон, инновацлаг” гэсэн ерөнхий шаардлагуудтай. Нэг үгээр бол “америк маягийн хот” (Дэлхий дээрх бүхий л хотууд “америк маягийн хот” байна гэж байх уу?). Бостон, Чикаго, Детройт шиг үйлдвэрийн дуу нүргэлсэн, Калифорн муж шиг энтертайнмент буцалсан биш, хөдөөний буйдхан хот ч гэлээ Блэксмит ч бас “америк маягийн хот” л болов уу.
Гамшиг тохиолоо. Газар хөдлөлт, хөрсний гулгалт, үер, хар шуурга, угалз аль нь ч биш. Үйлдвэр дэлбэрч агаарт химийн хортой багир хар үүл нүүгэлтэн тогтов. Сэтгүүлчид тэр даруй “Агаар дахь хорт үзэгдэл” гэж нэрийдлээ. Хот тэр чигтээ “хотын давагдашгүй хүчин зүйл”-ийн эрхшээлд орлоо. Жижиг хотын амгалан иргэдийн амьдрал алга урвуулах шиг өөрчлөгдлөө:
“Амь насанд тань заналхийлсэн үзэгдлийг хараад хүн гайхан шагшиж, уг үзэгдлийг өөрсдөөс нь хавьгүй хүчтэй, хавьгүй том, байгалийн хориглошгүй, суурь хэмнэлээр үүссэн огторгуй ертөнцийн хүчин зүйл гэж тооцож болно. Гэтэл энэ угтаа лабораторид үүсгэсэн, тодорхой, хэмжиж болохуйц үхэл хэдий ч тэр мөчид бид үүнийг энгийн, бүдүүлэг байдлаар ойлгож, их үер шиг, хар салхи шиг хянах аргагүй байгалийн гаж үзэгдэл мэтээр хүлээн авсан юм. Энэ үзэгдэл хүний гараар бүтсэн гэх санаа толгойд огтхон ч орж ирээгүй нь цөхөрч аргаа барсны шинж.”
Иргэншил суурин амьдрахыг шаардаж, суурьшил хотыг нэхэж улмаар хот байгалийг түрэн гаргаж, өөрөө байгалийн эрх дархыг эзэмшдэг. Хотынхны хувьд үйлдвэр, барилга байшин, зам талбай, ногоон байгууламж, гүүр далан зэрэг нь хүний гараар бүтээгдсэн “юм” биш шууд “байгаль” болж үйлчилдэг гэдгийг энд өгүүлж байна.
Онгон зэрлэг байгальд амьтад, харин төлөвлөгөө, тооцоололд суурилж байгуулсан “цутгамал байгаль”-д хүн амьдарна. Ямар ч болзолгүй тус бүрийн байгалийнхаа эс ширхэг болно.

Америк бол систем, америк хүн бол системийн элемент
УИХ-ын танхимаас эрхэм гишүүн үг хэлэв. “Системээр нь өөрчлөхгүй бол манайх хөгжихгүй ээ. Би зарчим ярьж байна.”
Боловсролын, эрүүл мэндийн, эдийн засгийн гээд л бүх юм системтэй. Бид энэ үгийг оносон эсэх нь эргэлзээтэй ч “тогтолцоо” гэж орчуулдаг. Системийн гадна үлдэх нэг ч элемент үгүй. “Систем нүдэнд харагддаггүй учраас сөрж заргалдах аргагүй хүчтэй, нөлөөтэй. Гэхдээ үгүйдээ л одоогоор бид өөр хоорондоо уялдаж зохицоод байна. Сүлжээнүүд схемүүд, урсгалууд, зохицлууд.” Хэн нэгэнд гай болохгүй байх зохицуулалттай цэвэр хотын системийн элемент бол Жэкийн гэр бүл. Даанч хотын системд зогсоох аргагүй шинэчлэлийн эх үүсвэр болох “хүүхэд төрөх” гэж зовлон бий. Хүүхэд төрснөөр гэр бүлд, олон хүүхэд төрснөөр хотод, хэдэн мянган хүүхэд төрснөөр америк систем хөдөлгөөнд орж байдаг учраас систем нэн даруй шинэ элементийг хүснэгтдээ бүртгэн авч, элементжүүлэх шаардлагатай болж, шалгарсан арга, гол зохицуулалтаа ашиглана.
“Цагаан шуугиан”-д, “Би жаахан хүүхдүүдийг танин мэдэх дуртай. Тэд бол энэ нийгмийн хүүхдүүд” гэдэг. Нийгмийн хүүхдүүд. Нийгэм бол хот. Хот бол “бүтээгдсэн байгаль”. Байгаль бол давагдашгүй хүч. Давагдашгүй хүчийг хүүхдүүд бүтээдэг байх нь. Зохиолд үргэлжлүүлэн, “Тэд одоо нийгмийг бүтээлцэхэд чухал үүрэг гүйцэтгэхээргүй хөгширсөн гэж би оюутнууддаа хэлдэг. Тэд хормоос хоромд бие биеэсээ өөр болж байна. Энд суухдаа ч та нар гол цөмөөсөө холдож хөндийрөн, нэг бүлэг гэж тодорхойлох аргагүй өөр өөр болж байна” гэж байх юм. Оюутан залуучууд бол нийгмийн хүмүүс биш. Учир нь тэд нэг нэгнээсээ өөр болж байна. Нийгмийн гол зорилт гишүүд нь адилхан байх ёстой байдаг хэрэг үү? Хариулт хайн цааш уншхул “Тиймээс ч зар сурталчилгааныхан нийтэд зориулсан их хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид та нарыг зорилтот хэрэглэгчээрээ сонгох аргагүй” гэж дүгнэжээ.
Зар сурталчилгаа, үйлдвэрлэгчдийн зорилтот хэрэглэгчид нь хүүхдүүд. Өнөө системд шинээр нэмэгдсэн элементүүд. Тэднийг адилхан бодуулж, адилхан сэтгүүлж, адилхан харагдуулах нь үйлдвэрлэгчдийн хийх ёстой ажил бөгөөд зар сурталчилгаа, хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулж ажлаа гүйцэлдүүлдэг. Нялх балчир шинэ организмыг систем ийнхүү өөрийн хал балгүй элемент болгоно. Тэд насанд хүрээд мөн л нийгэмд чухал үүрэг гүйцэтгэхээргүй хөгшрөх хэдий ч гэр бүл болон үр хүүхэд төрүүлж системийн шинэхэн элементийг нийлүүлж өгөх материаллаг бааз болоодохно.
Өнгөн бүтцээрээ гайхалтай сайхан уялдаж, хөгжин дэвшиж, хүн төрөлхтний урсгалд нийлэлдэн хөвөх мэт авч үнэндээ бол “хотын давагдашгүй хүчин зүйл”-ийн нөлөөнд бүрнээ автаж, системийн элемент болдог орчин үеийн хүний харуусалт хувь тавиланг илчлэн өгүүлжээ. Жэк, Бабэт хоёр системд зохицсон элемент ч гэлээ хүн хэвээр үлдэхийн тулд нийгмийг ганц зүйлээр сөрсөн. Үхлийн тухай асуулт.

Дуулиант “хорт үзэгдэл”-ийн нөмөрт
“Хүчирхийлэл, утгагүй аллага, өөрийгөө дөвийлгөх хандлагыг зурагтаар үзэгч хүмүүнд жигтэй гэмээр таатай санагдах боломжтой юм байна гэх мэдрэмж төрүүлсэн Америкийн тэрхэн цаг үе” хэмээн Кеннедигийн үхлийн дараах Америк орныг Дон Делилло тодорхойлсон байдаг. (Баримтат киноны хэсэг)
1980-аад оны Америкийн телевиз өнөөгийн бидний интернэтийн орчинтой тун төстэй “хорт хийгээр” дүүрэн байжээ. Айлгана, хөөргөнө, сатааруулна, хамаарал үүсгэнэ, донтуулна. Түүнчлэн олон нийтийг ижилсүүлэх хамгийн хүчтэй хэрэгсэл болж байсан. Тэд ямар ижилсэл түгээсэн бэ? ТВ-ээр ямар нийтлэг шинжийг харуулж байна? Тэд Америк орныг паранойд шинж, үхлийн айдастай болгоход ямар үүрэг гүйцэтгэв?
Гэнэтийн явдал, сүйтэл, дуулиант хэрэг дэгдэх үед хүнд айдас, түгшүүр төрөх нь ойлгомжтой боловч түүний зэрэгцээ сониучирхал, хуурамч мэдээ мэдээлэл, дуулианыг далимдуулж нэр алдар олох оролдлого, муухай ч гэлээ “амьдрал минь бусдаас онцлог боллоо”, “хүнд ярих ховтой боллоо” гэх мэдрэмж дотроос цухалзаж эхэлдгийг Дон Делилло Америкад тохиосон дуулиант хэргийн үеэр мэдэрч, түүнийгээ зохиолдоо чадмаг тусгасан байна.
Кеннедигийн үхэл Америкийг донсоголгосон шалтгаан нь ерөнхийлөгч байсантай нь гэхээсээ тухайн ерөнхийлөгч ард түмэндээ төрүүлсэн мэдрэмжээс хамгийн ихээр шалтгаалсан байна:
“Кеннедигийн үхлээс өмнө бид өөрсдөдөө итгэлтэй, ивээгдсэн хүмүүс гэж санаж явлаа. Өөрсдийгөө үлгэрээр хуурч байсан байж болох ч үнэхээр бүтээд байх шиг л санагдаж байсан. Кеннеди тэрхүү ‘бид туйлын онцгой’ гэх мэдрэмжийн бэлгэ тэмдэг байв.” – Дон Делилло (Баримтат киноны хэсэг)
Давтдагдмал тохиох айдас түгшүүрт автуулам үйл явдал, буун дуу, дэлбэрэлт, хэт нүүрэмгий мэдээ мэдээлэл, анхаарлын төвд байх үй олон оролдлого. Энэ бүхэн америкчуудыг “дараагийн мөчид юу ч тохиолдож мэднэ” гэх сэтгэл зүйн таагүй байдал руу бага багаар түлхэж иржээ.
Зохион байгуулалтай хуйвалдааны золиос болж мэдэх, нэг мөчид эрх дархтай байснаа дараагийн мөчид хохирогч болж хувирах боломжтой “америк хүн”. Ийм нөхцөлд амьдрах нь хүнийг сэдрэмтгий, айдас түгшүүртэй, хэт хөөрөлтэй болгох боломжтой.
Цагаан шуугиан романыг унших тусам Америкийн нийгмийн эл төрх дүрүүдийн царайд толбо адил тодрох аж. Зохиолын дүрүүд хуурмаг, олон соёлын уулзварт аж төрдөг, материаллаг хэрэгцээнээс хамааралтай, алдар нэр, анхааралд өртөх дуртай, гярхай бөгөөд шүүмжлэмтгий, айдаст автсан шинжтэй байх юм. Энэ бүхнээр зохиолч тухайн цагийнхаа Америк орны эмзэг шинж бүрийг “хүний дүрд багтааж” илэрхийлсэн мэт.
“Цагаан шуугиан” зохиолд мэдээ мэдээллийн хоёрдмол өнцөг илрэн гарах ажээ. Хотод аюултай хорт хий тархаж, тэнгэрт нүүгэлтэх хий нүдэнд ил болсон тэр мөчөөс өнөө хамгийн хэрэгтэй, чухал гэгдэх мэдээ мэдээллүүд гуйвж дайвж эхэлнэ. Наанадаж л хорт хийн гаж нөлөө, шинж тэмдгийн тухай мэдээлэл хором тутам өөрчлөгдөн, амиа аврахын төлөө хорт хийн тухай ямар ч хамаагүй мэдээлэлд итгэхэд бэлэн байгаа хүмүүсийг төөрөлдүүлж, тэд юунд итгэхээ ч мэдэхээ болино. Монголчууд бид үүнийг Ковид-19-ийн үеэр биеэр мэдэрсэн. Харин америкчуудад энэ мэдрэмж мөн л “хуучны танил” шахам зүйл байсныг та Дон Делиллогийн дараах үгээс ойлгож болно:
“Кеннедиг буудуулсны дараа юу болоод өнгөрсөн тухай хамгийн наад захын мэдээлэл ч дутмаг байлаа.
Хэдэн хүн, хэдэн удаа буудаж, хэр олон шархдуулав? Тухайн үед боловсруулж, судалж болохуйц барьцтай мэдээлэл үгүйн учир ард түмэн үл ялиг паранойд болов.
Түүхийн хуудсанд бидэнд мэдэгдэхийг хүсэхгүй байгаа нэгэн нууцлаг зүйл үүдэв гэдгийг бид дотроо мэдэрч эхэлсэн. Баримтууд устаж, алга болж, хэрэгтэй холбоотой албан матетиалуудыг 50 жил нууцлалд оруулж, хачирхалтай үхэл, амиа хорлолтууд… Далласт болсон тэрхүү аймшигт хэргээс хойш хуйвалдааны онол газар авлаа.”
Цагаан шуугиан мэдээж Жон Кеннедигийн үхлийн тухай зохиол биш. Гэвч ерөнхийлөгчийнхөө үхлийг харсан бүхэл үндэстний сэтгэл зүйн байдлыг гярхай анзаарч бичсэн бүтээл. Дон Делилло “Цагаан шуугиан” романыхаа дараа ерөнхийлөгч Жон Кеннедиг хөнөөсөн Ли Харви Освальдын тухай “Libra (1988)” хэмээх роман бичсэн нь мөн амжилт дагуулсан билээ.

Pop culture – Pop edu, Америк нууц
Америк бол орчин үеийн поп соёлын язгуур улс. Hollywood, Rock n Roll, MTV, Disney, Coca Cola, Pepsi гэх мэт нь поп соёлыг дэлхий дахинаа түгээсэн гол хүч байв. Өнөөдөр энэ соёл солонгос, япон зэргээр олон төвтэй болж дэлгэрч байгаа ч америк маягийн өнгө төрх нь гялалзсан хэвээр. Поп соёл руу хүмүүс юунаас ч илүү хошууран татагддаг нь үнэн. “Цагаан шуугиан” романд поп соёл зурагтаар дамжин түгж байдаг.
Поп соёлын асар том ололт, гол хэрэглэгдэхүүн болох хэвлэл мэдээллийн хэрэгсэл, зурагт хүний амьдралд хутгалдан орж ирэхдээ юуг авч, юуг өгснийг зохиолд уран егөөдлөөр тун нарийн дүрсэлсэн.
Зохиолд Жэкийн ажилладаг сургуулийн “Элвис Прэсли судлалын тэнхим”-ийн багш Мюри гэж дүр бий. Зохиолч энэхүү дүрээр өөрийн шүүмжлэлт санаануудыг хэлүүлдэг. Мюри нэгэнтээ “Долгион ба цацраг. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл бол америк гэр бүлүүдийн анхдагч хэрэгцээ юм гэдгийг би ойлгосон. Битүүмжилсэн, цаг хугацаанаас ангид, тусгаар, өөртөө хандсан. Зочны өрөөнд минь, нүдний өмнө домог төрөх шиг, эсвэл бид үйл явдлыг зүүд зөнгөөрөө урьдчилан харах шиг” гэж бахдан хэлжээ. Түүний хэлж буйгаар зурагт бол хоол унд, хувцас хунар шиг л хүний, ялангуяа америк хүний анхдагч хэрэгцээ ажээ. Анхдагч хэрэгцээгээ дөмөгхөн хангахын тулд л хэрэглээний нийгмийн хүн амьдардаг гэж үзвээс зурагт үзэхгүй бол амьдарч чадахгүй ч байж болно гэсэн үг үү? зохиолд тийм гэж хариулав. “Ихэнх хүний хувьд дэлхий ертөнц дээр ердөө хоёр л амьдрал бий. Тэдний өөрсдийн амьдрал, зурагтаар гарч буй амьдрал.” Зурагт доторх долгион ба цацрагийн үйлчлэл, тэнд хөдөлж буй хүмүүс, дуу авиа, амьдрал бодит амьдралаас ямар ч ялгаа үгүй юм байна. Энэ санаагаа Дон Делилло бичлэгийн их амархан аргаар уншигчдадаа ойлгуулна. Жэкийн тэргүүлж буй америк гэр бүлийнхэн маш чухал сэдвээр маргаж мэтгэлцэж байхад зурагтаар “Одоо эрвээхэйндээ жижиг тэмтрүүлүүдээ наая” гээд л ороод ирнэ. Яг л гэр бүлийн нэг гишүүн шиг. Дараачийн удаа нэг нөхөр нь нөгөөхөөсөө “Чиний амьдралд хамгийн ихээр нөлөөлсөн хүн хэн бэ?” гэж асуутал “Үхлийн үнсэлт киноны Ричард Уидмарк” гэж хариулж байх жишээтэй. Тэдний яриа радио, хөдөлгөөн зурагт, аяг араншин аль нэг поп од, сэтгэл хөдлөл, үзэл бодол нь нийтийн жишиг, найз нөхөр, танил дотно хүмүүс нь киноны дүр юм. Хэн нэгний бүтээсэн технологийг хүмүүс хэрэглэж байна гэж боддог ч поп соёлын хүрээнд, хэрэглээний нийгэмд амьдарч буй хүн хэрэглэгч биш оролцогч байдаг гэсэн хурц шүүмжийг Дон Делилло уншигч авхай нараар хэлэлцүүлж байх шиг.
Энэхүү бичвэрийн эхэнд тэмдэглэсэнчлэн Жэк Глэдни гуай “Гитлер судлаач” хүн. Мюри хэмээгч болбоос “Элвис Прэсли судлаач” эрдэмтэн. Жэкийн нэр нь эрдэмтэн байхад арай л жулдах нэр тул бас нэгэн танил судлаач түүнд нэрээ солихыг зөвлөж мань хүн Ж.Э.К.Глэдни гэж гарын үсэг зурах болжээ. Ингээд тэр энэ нэрний ард нуугдсан нэг хүний дүрс төдий л үлдэж. Уншдаг ганц ном А.Гитлерийн “Миний тэмцэл” гэдэг намтар. Үүнийг л навтарга болтол эргүүлж тойруулж, тэндээс цээжилсэн үгсээ оюутнуудад ярих нь түүний ажил. Мюригийн тухайд онцолж ярих хэрэггүй биз ээ. Яг л Ж.Э.К.Глэдни шиг ажил хийнэ шүү дээ. Аан, гэхдээ Мюри мөргөлдсөн машинуудын тухай судалдаг бас нэг эрдэмтэй агаад мөн л их сургуулийн заавал судлах хичээлд орно. Зохиолчийн үнэнхүү уран егөөдөл шүү. Хэрэглээний нийгэм дэх поп боловсролыг түншээд авч байгаа юм. Ийм боловсролд хүний оролцоо тун бага болдгийг зохиолд харуулна. Хоёр эрдэмтэн “таалал төгссөн алдартнууд”-ын тухай эсэн бусын мэдээллийг дамжуулагч, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, компьютер болж хувирчээ. Үүнийг уншмагц өнөөдрийн талаар эргэцүүлэхгүй байхын аргагүй. 2025 онд Улаанбаатар хотод амьдарч, сурч буй иргэн А, Б, В нар Жэк, Мюри хоёроос ямар ч ялгаагүй юм шиг л санагдана. Өдөр бүр бүхий л сүлжээгээр урсан ирэх мэдээллийн бөмбөгдөлтөд нүдүүлэн өдөр хоногийг өнгөрөөх бид дэлхий дахин, Монгол Улс, алдартан мяндагтан, улс төр, эдийн засаг, дуу хөгжим, хов живийг алгасалгүй мэдэж авч, тренд хандлагыг дагалдан “хөгжих” өндөр шаардлага цаг тутам тулгармуй. Дон Делилло таныг шүүмжилж байна, “Мэдлэг нэг компьютероос нөгөө рүү шилждэг. Өдөр бүр, хором мөч бүрд өөрчлөгдөж, өсөн нэмэгддэг. Гэхдээ хэн ч, юу ч мэдэхгүй.” Бид компьютероос авсан мэдээллээ амьдралдаа үр дүнтэй, бүтээлчээр ашиглах сан хэмээн түмэн хүслэнд автавч өөрөө мэдээллийн сүлжээний нэгэн хэсэг болж нөгөө рүү дамжуулах үүргийг ёс төртэйгөөр хүлээн авагч, объект болсон биш үү? Цагийн урт, богино зүү цохих бүрд мэдээлэл шинэчлэгдэн хуйларч, та бээр 24 цагийг л цацраг ба долгионоос ангид, анхдагч хэрэгцээгээ хангаж чадалгүй үрэх аваас зохиолчийн “зурагтгүй өссөн хүүхэд зэрлэгшсэн хүүхэд” гэж хэлсэн шиг “зэрлэгшсэн, хоцрогдсон субъект” болдог биш үү?
Ингэж эргэцүүлэх сөгөө сэдлийг “Цагаан шуугиан” роман бидэнд олгох болно.
Басхүү энэ л эргэцүүлэлд “Цагаан шуугиан” романы үнэ цэн оршино.
Тэмдэглэлийн эхэнд “Америк мөрөөдөл зөвхөн америкчуудынх уу?” гэж асуусан билээ. Үгүй. Өнөөдөр “Америк мөрөөдөл” дэлхий нийтийн ухамсарт гүн шингэсэн дэлхийн поп мөрөөдөл болсон. McDonald’s, MIT, Harvard, iPhone хүмүүсийн нийтлэг сайн сайхан амьдралын “бэлгэ тэмдэг” болсон. Улаанбаатар хотын хүүхдүүд spiderman мөрөөдөн төрж, TikTok, Youtube, Netflix-ээр хүмүүжиж, поп трендийн аялдагч, системийн элемент болчихсон юм биш биз? Хүн өөрийн бүтээсэн байгаль буюу хотдоо өөрөө өөрийгөө гамшигт автуулж оршдог орчин үеийн харамслыг бид олж харахгүй байгаа юм биш биз?
“Цагаан шуугиан” бол технологи, үхэл, соёл, мэдлэг, поп ертөнц дэх “амьдрал” гэдэг ойлголтыг дахин лавшруулан асуусан роман. Гэхдээ бас “зөвхөн роман” биш. Эндээс мэдээллийн эрин дэх амьдралын паранойд, системийн дотор буй хүний хувь заяаны тухай философи, үхэлд автсан сэтгэл зүйн хүлээс (хотоос шалтгаалсан), хиймэлжсэн амьдралын дүр зургийг олж уншина.
Leave a Reply