Press ESC to close

Усны ГудамжУсны Гудамж Бичээчийн Хөгжих Талбар

Бие хүнийг мартсаны дараах 632 он

Зохиолч Олдос Хакслийн “Гайхамшигт Шинэ Ертөнц” гэх шинжлэх ухааны уран зөгнөлт бүтээлийн  хөндсөн сэдэв, уран сайхны хэв маягийг магтан дуулах нэгэн байхад, матан хориглох нь ч цөөнгүй. Болор Судар Хэвлэлийн газраас 2024 онд уг номыг монгол уншигчдын хүртээл болгосон билээ. Усны гудамжийн бичээчид энэхүү бүтээлийг задлан шинжилснийг танд хүргэж байна.

Бичээч: И.Даваадорж; Б.Бүжмаа

Бие хүнийг мартсаны дараах 632 он

Эрх чөлөө ер ямархуу үнэ цэнтэй вэ?

Эл асуултад хариулах хэн бүрд л ялгаатай хариулт урсан гарна. Ардчилсан нийгэм, чөлөөт эдийн засгийн тогтолцооны үед төрсөн хэн бүхэн энэ асуултын талаар нэг их бодохгүй биз ээ. Харин хэлэх гэснээ өгүүлж чадахгүй нөхцөл байдалд хүрвэл бүгдэд амин чухал эд эрхтнээ алдсан мэт санагдах нь лав. Харин төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай, нэг намын эрх дархад хувь хүний заяа багтдаг цаг үед төрөөд алив хувьсгал, хувирлыг даван гарсан хүмүүст орчин цагийн нийгэм эмх замхгүй, утга учир нь үл мэдэгдэм санагдах тул өнгөрснийг санан дурсахуйн салхи сэм сэмхэн сэвэлзэн мэдрэгддэг биз ээ.

Гэвч оноогдсон үүргээ ёсчлон биелүүлж, ажлаа тараад амар жимэр зурагт үзэн зугаацаж, анхдагч хэрэгцээ нь цөм хангагдсан нэгэн эрэг шураг болсон нийгэм журмынхаа хүч бүхий эрх мэдэлтнүүдийн тоглоомыг ухамсартайгаар бодож сэтгэх нь маанагдуу хэрэг болох болов уу? Олдос Хакслийн “Гайхамшигт шинэ ертөнц” роман эл асуудлын тухай өгүүлнэ. Тэрхүү гайхамшигт шинэ ертөнцийн тухай. Гайхамшигт…

1. Хүнийг бүтээх шинэ “арга” буюу Хакслийн бурхантай тэрсэлдсэн санаа

О. Хакслийн “Гайхамшигт шинэ ертөнц” романы үйл явдал Фордын 632 дугаар он буюу бидний тооллын 2540 онд эхэлнэ. Лондон хотноо байрлах хүнийг бэлгийн бус замаар хуулбарлан үржүүлэх Инкубатор төвөөр хүүхдүүд аялна. Инкубатор төвийн захирал болон туслах ажилтан Хэнри Фостер нэг өндгөн эсийг хуваан хуулбарлаж, 96 ижил ген, ижил шинж, ирээдүйд ижил нийгмийн давхаргад аж төрөх хүнийг бүтээх тухай өгүүлнэ. Ганцхан эсээс 96 ижил оршихуйг бүтээх… Хүнийг ийм олноор нь үржүүлж яах билээ?

Нэг өндгөн эсээс 96 хүнийг гарган авах энэхүү аргыг Бокановскийн арга хэмээнэ. Аз жаргал таашаалын охь шимийг нийгмийнхээ хэсэг бүрд эдлүүлэх энэ бүрэлдмэл ертөнцийн тогтвортой байх нэгээхэн арга нь үр тогтсон өндгөн эсийг хуваан олшруулах явдал аж.

О. Хакслийн өгүүлж буй гений инженерчлэл, хүн болоод амьтныг колоничлон үржүүлэх асуудал өдгөө төдий л шинэ зүйл биш. Алив шинжлэх ухааны ололт амжилт хүний оршихуй, ёс зүйн асуудлуудтай холбогдож маргаан дагуулах нь цөөнгүй. Эдгээрийн нэг нь хүнийг хуулбарлан, колоничлох явдал буюу Доржтой яг л ижил Доржийг бүтээх асуудал. Шинжлэх ухаанд нэг метр наян сантиметр өндөртэй, буржгардуу бор үс, хар нүдтэй, ярихдаа бага зэрэг ээрдэг Доржийг хуулбарлан бүтээх нь ололт  боловч “колони” Дорж өөрийгөө хэрхэн мэдрэх бол, эрхэм чанар нь юунд орших бэ гэх асуудал араасаа маргаан дагуулна. Хэн чиг л эцэг, эхээс заяасан авьяас чадвар, оршихуйн ялгаатай байдлыг эрхэмлэн үздэг байхад колони Дорж өөрийгөө юу гэж сэтгэх бол? Энэ асуудал ёс зүй, философичдын дунд ихээхэн маргаан тарьсан юм. Амь тус бүр, бодол сэтгэл бүрийг чухалчилж үзэх хүмүүнлэг нийгмийг бид хүсдэггүй гэж үү?

Одоогоос 30 шахам жилийн өмнө колоничлох аргаар амьтныг хуулбарлан бүтээсэн нь амжилттай болсон ба анхны колони хонийг Долли гэж нэрлэжээ. Хөхтөн амьтны хөхний булчирхайн эсээс хуулбарлан бүтээсэн учир хэний ч харцыг булаам хөхтэй коунтри дуучин Долли Партоны нэрээр тийн нэрлэсэн гэдэг.

(*Нийтлэл бичээчийн дуртай дуу, Долли Партоны “Jolene”)

Анхны колони хонийг бүтээхээс даруй 60 гаруй жилийн өмнө зохиолч Олдос Хаксли энэхүү хүн төрөлхтөнд нүүрлэж болох эл асуудлыг харж, зөгнөн бичсэн нь тун ч сонирхолтой.

Гэлээ ч хүнийг колоничлох, олноор үйлдвэрлэх нь байгалийн шинжлэх ухааны тухайд өдгөө ч боломжгүй хэвээр байна. Яагаад гэдгийг хялбар тайлбарлахын тулд хүний биеийг компьютертой жишиж үзье. ДНХ нь эх код 101011101 гэж ойлгож болно. 101011101 гэх эх кодыг нүдэнд үзэгдэж, ажиллагаанд оруулахад компьютерын механик эд анги болон программ хангамж шаардлагатайн дээр алгоритм хэвийн ажиллагааны зохицуулга ч шаардлагатай. Харин цаашдын ажиллагаа болон насжилт нь хэр гамтай эдэлж байгаа, ямар программууд ашиглаж буй, вирусийн халдварт өртсөн эсэхээс хамаарна. Хүний бие үүний адил эх код ДНХ-ээс ажиллагаа бүхий эс болохын тулд өнөөд ч судалж үл бараагүй физикийн үзэгдэл, химийн урвал тэдгээрийн хоорондын зохицуулгын системээр өрнөх процессыг шаардана. Клончлох процесст энэ бүхнийг мэдэх шаардлагагүй, биеийн хэвийн нөхцөлийг хангахад болох мэт, анагаах ухааны салбар болгосоор ирсэн мэт бодол танд бодогдуузай. 2018 онд БНХАУ-ын эмч гений инженерчлэлийн аргаар ХДХВ-ийн халдвартай эцэг, эрүүл эхийг донор болгон, хуруу шилэнд эрүүл ихрүүд бойжуулан авсан гашуун туршлагаас хуваалцъя. Уг процесст ХДХВ биед халдварлахад эсэд нэвтрүүлэгч уургийг нийлэгжих боломжгүй болгосон юм. Гол асуудал нь тухайн уургийн организмд гүйцэтгэх үүргийг бүрэн судлаагүйгээс үүсэж болох эрсдэлийг тооцолгүй, төрөх хүүхдийн эрхэм чанарыг үл хайхран хийсэн үйлдэл хэмээн үзэж, эл эмчид гурван жилийн хорих ял оноож, судалгаа хийх эрхийг насан туршид нь хассан байдаг.

Тэгвэл таныг колоничлох тухайд төсөөлж үзье л дээ. Доллиг бүтээхээр хонины дэлэнгээс дээж авсан шиг эхлээд таны нэг эсийг дээж болгон авч, бодгаль болох боломжтой өндгөн эсэд байршуулна. Улмаар өндгөн эсийг инкубатор эсвэл тээгчид  суурилуулна. Өндгөн эсэс байрлуулсан ДНХ код тань бүрэн ажиллагаа бүхий бодисын солилцооны гинжин урвалыг явуулах чадамжтай молекул нийлэгжүүлэхийн тулд (ихэвчлэн уураг байдаг л даа) тухайн орчин нь яг таг тохирч, алдаа мадаггүй зохицуулга явж байх ёстой. Өнөөгийн технологи энэхүү алдааг хамгийн бага түвшинд барих боломжтой ч, таны ДНХ-ийг бүрэн хуулж чадсан эсэх, өндгөн эстэй тохирон нэг эсээс бодгаль болтлоо алдаагүй хөгжих боломжтой эсэхийг хэлэх боломжгүй. Магадлалаар өвсний үзүүрт зүү тогтоож, бүр алдалгүй зөөх мэт азын асуудал болно. Таныг колоничлох олон мянган оролдлогоос нэг нь амжилттай боллоо гэж бодоход та болон таны клоны хүлээн авах мэдээлэл, идэх хоол, тэдгээрийн комбинаци яг ижил байх боломжтой гэж үү дээ? Уг процесс номд дүрсэлсэнтэй огт адилгүй болохыг та зохиолын эхний арван хуудаснаас л ойлгочихно.

Харин О. Хаксли 500 жилийн дотор колони үйлдвэрлэх боломжтой гэж зөгнөсөн нь бид эл асуудалд сэтгэл, оюунаа хүлцэн барьж чадах, шинжлэх ухаан хөгжих боломжийг бодолцвол зөв тооцоо ч байж болох. Шинжлэх ухаан хүн клоничлох хэмжээндээ хөгжлөө гэхэд хүмүүсийг баруун, солгойгүй барьж аваад олшруулахыг хүлээн зөвшөөрөх сэтгэл зүрхгүй нэгэн байхгүйг уг номын уншигчдын түгшсэн сэтгэлээс анзаарч л сууна. Түгшүүрийн дохиог дуугаргагчдын нэг О. Хакслидаа баярлах нь зүй ёсны хэрэг. Гэхдээ физиологиор нь колоничлох боломжгүй ч Доржоо, Дулмаа хоёр өөрсдийн нэр бичсэн шошгыг цээжиндээ наагаад, өглөөний есөөс оройн тав хүртэл үйлдвэрлэл хийн (талх, зайрмаг байтугай ном, зохиол, судалгааны ажил нь бүтээлийн биш үйлдвэрлэлийн шинжтэй болсон нь сэтгэл зовох асуудал эсэх дээр бодлогошронгуй амьдрах болов, мөхөс бичээч би) зогсох нь шинжлэх ухааны хөгжлөөс урьтан нэгнийгээ колоничилж буй хэрэг биш үү? Хувь хүнийг баллуурдчихсан системийн төлөөх системийн утга учир юунд орших вэ?

2. Нийгмийн давхраажилт хийгээд гайхамшигт шинэ иргэн

Алс ирээдүйн Лондон хотын Инкубатор төвд үр тогтсон нэг өндгөн эсийг хуваан, 96 үр хөврөл болгоно. Үр тогтсон өндгөн эсийг хуваан олшруулсны дараа үр хөврөлд хэрэгцээтэй хүчилтөрөгчийн хэмжээг хязгаарлах, спирт шахах зэргээр сэтгэхүй, бие махбодын хувьд ялгаатай хүнийг, хүмүүсийг бүтээнэ. Ийн зохиомол байдлаар ялгамжаа үүсгэн нийгмийн таван давхаргыг бүтээх аж. Яг л эртний Энэтхэгт Манугийн хуульд үндэслэн, нийгмийг дөрвөн кастад хуваасан шиг. Пурушу бурханы амнаас нийгмийн хамгаас дээд хэсэг брахман нар гарах бол хөлөөс нийгмийн доод давхаргад хамаарах шудрууд төрнө. Энэтхэгт домог зүй, эртний эрх зүйн баримт бичигт үндэслэн, хүнийг бурханы хүсэл зоригоор нийгмийн давхаргад хувааж байх бол Хакслийн гайхамшигт шинэ ертөнцөд эрх мэдэл, хүч бүхий бүлэг шинжлэх ухаанаар зэвсэглэж, хүмүүсийн ирээдүйг бурхан адил л шийдэх аж. Ер хэн нэгний амьдрал, ирээдүйг үр хөврөл байхад нь шийдэх эрх бурханаас бусад оршихуйд байна гэж үү? Ер бурханд ч ийм эрх байхгүй шиг.

Шинэ гайхамшигт ертөнцийн альфа нар бол нийгмийн дээд бүлэг. Үр хөврөл байхдаа тэд хангалттай хэмжээний хүчилтөрөгчийн хангамж авсан учир хамгаас ухаалаг. Оюуны потенцаль, хөдөлмөрийн чадавхаас урьтан саарал өнгийн хувцас нь тэднийг хэн болохыг илтгэнэ. Харин дараагийн давхаргад бетта нар хамаарах юм. Тэд улаан ягаан хувцас өмсөж, альфа нарын хийдгээс арай хялбархан шийдэх асуудалд төвлөрөн, нийгмийн дээд давхаргад багтан амьдарна. Харин ногоон хувцастай гамма нар нэг их ухаан шаардахгүй, давтан үйлдэх үйлдвэрийн ажил хийнэ. Бор хувцастай дельта нарыг ихэр байдлаар хуулбарлан бүтээж, дээших гурван давхаргад үйлчлэх зарц барлаг болгоно. Нийгмийн хамгийн доод давхаргад хамаарах эпсилонуудын тухай юу ярих билээ. Бичиг үсэггүй тэд энэ нийгмийн хамгаас хүнд  ажлуудыг нугалах аж.

Эндээс нэгэн асуулт урган гарна. Үгүй ер яагаад ийн хүнийг үр хөврөл байхад нь хувь заяаг нь шийдэж, эрх мэдэл бүхий хүчний бүлгээс тодорхойлсон нийгмийн давхарга, хөдөлмөрийн хуваариас зугтаж болохгүй байдалд хүргэв ээ. Хариулт нь энгийн ойлгомжтой. Тогтвортой, аз жаргалтай нийгмийг бүтээхийн төлөө л юм. Эпсилонууд яагаад хүнд хөдөлмөр эрхлэх болсноо асуух, дельта нар альфа болон бетта нарт үйлчлэхгүй гэж тэрслэх эрх үгүй. Төрөхөөс заяасан оюуны болоод биеийн чадал нь тийм бололцоог үл олгож, шинжлэх ухаанаар хөллөсөн эрх мэдэл, хүчний бүлгийн зохиосон томоохон бүтцийн нэгэн шураг л болно. Тухайн бүлгийн бие физиологи болон оюуны чадварыг эрх мэдэл, хүчний бүлэг үр хөврөл байхад нь тодорхойлдог гэсэн үг. Эл нийгмийн иргэний хувь төөрөг нь төрөхөөс заяагдаад зогсохгүй, таашааж болох хийгээд эс таашаах зүйлсийг хүүхэд ахуйд нь сургадаг боловсролыг тогтолцоо бий. Үүний жишээ нь неопавловын аргаар бойжуулахуй билээ.

Нөхцөлт рефлексийг туршилтын аргаар судалсан Иван Павловын нэрийг егөөдөн, гайхамшигт шинэ ертөнцийн иргэдийг нялх балчирт нь сургах аргыг ийн нэрлэсэн шиг. Иван Павлов хонх дугаргаж, удаагаар нохойд хоол өгнө. Удалгүй хоолгүй байсан ч хонх дугаргахад, нохдын шүлс хооллохоор савирдаг байсан гэдэг. Фордын он тооллын нийгэмд сэтгэл хөдлөл хориотой учир дельта хүүхдүүдэд гялгар магнаг хавтастай ном, цэцэг харуулж, дараа нь цахилгаанд цохиулна. Ном уншихыг таашаах, хобби, байгалийг бишрэх зэрэг нь нийгэмд хөнөөлтэй сэтгэл хөдлөлийг төрүүлэх учир айдас ашиглан, дельта нарыг тэрхүү үйлдлээс холдуулах аж. Ном, цэцэгт хүрэлцээд, татганаж таталдталаа цахилгаан хүчдэлд цохиулсан дельта хүүхдүүд ном унших, цэцэгсийг таашаахаас цааргална. Яг л Павловын ноход шиг номд хүрвэл цахилгаан цохино гэх  айдас тэднийг бүчиж авах аж.

Чөлөөт сонголтыг боомилох бус сонголт хийх сэтгэлгээг шинжлэх ухааны аргаар үр хөврөл байхаас эхлэн хүмүүжүүлж хазаарлах нь хүний оршихуй, эрх чөлөөний тухай бодоход хүргэнэ. Энэхүү романы бидэнд тавьж буй асуултад бага ч болтугай хариулахын тулд нэгэн философичийн тухай дурдъя. Энэ бол И.Кант. Энгийн сонирхогч байтугай мэргэжлийн философичдод ч хатуу самар тэр бээр хүний оршихуй, ёс суртахуунтай үйлдлийн талаар олон тулхтай санааг цогц ойлголтоор баяжуулан тайлбарласан сэтгэгч билээ. Философич И.Кантынхаар бол “хүн бол өөрөө өөрийнхөө зорилго”  бөгөөд хүнийг бусдын зорилгод хэзээ ч ашиглаж үл болно хэмээжээ. Хүн бүр оюун ухаантай, эрхэм чанар (diginity)-тай учир ямарваа нэгэн зорилгын төлөө хүнийг хэрэгсэл болгох нь увайгүй үйлдэл юм. Харин Олдос Хаксли шинжлэх ухаанаар зэвсэглэсэн ирээдүйн нийгмийн тухай айдсыг өгүүлэхдээ хүний хараат бус үйлдэхүй (autonomy)-г уландаа гишгэж, нийгмийн нөхцөл болон гений инженерчлэл гэх мэт гадаад хүчин зүйлсийг тухайн хувь хүний оюун ухаанд тулгуурласан сонголтоос илүүд үзэж буйгаар бидэнд дахин бодолхийлэх нөхцөлийг бүрдүүлжээ. Аз жаргал хийгээд ая тухтай байдлыг хэнээс ч хараат бусаар үйлдэх эрх чөлөө ба оюунлаг ухаанаас илүүд үзэх үү? Бөгтөргөж жаргааснаас зогсоож зовоосон нь дээр үү?

Ирэх хийгээд өнөө буйн аль ч нийгэмд хүнийг нийгмийн тогтолцооны эрэг шураг мэтээр харж, эрхэм чанар, хараат бусаар үйлдэхүйд халдах нь бурангуй агаад эл шинжийг ардаа орхивол их хийгээд бага, аль нэг хэмжээний дарангуйлал руу түлхэх юм гэсэн санааг бидэнд зохиолч дамжуулж байх шиг.

3. Аз жаргалаас бусад нь хориотой нийгэм хэмээх гайхамшигт шинэ амьдрал

Ёс суртахуунгүй аз жаргал. О. Хакслийн гайхамшигт нийгэмд хэн нэгэнтэй тогтвортой бэлгийн харилцаатай байх, гэр бүл зохиох, эерэг болоод сэтгэл хөдлөлд автах нь хориотой. Яагаад гэж үү? Учир нь эл шинэ гайхамшигт ертөнц тогтвортой, аз жаргалтай байхыг эрхэмлэж буй. Гайхамшигт шинэ ертөнцөд хүн биш нийгэм, аз жаргалтай нийгэм гэх үзэл санаа ноёлох ёстой. Хэрэв хүн өөрийн үрийг төрүүлж, нэг хүнийг хайрлан дотночилж эхэлбээс гэр бүл тогтворжиж, гэр бүл нэгт, нийгэм хоёрт тавигдана. Гайхамшигт нийгмийн аз жаргалыг донсолгогч, нэрлэж хэлэх байтугай бодохоос ч цээрлэм бузар зүйл нь гэр бүл. Хэнээс ч хараат бусаар үйлдэхүй эрхийг ураг, үр хөврөл байхад нь тогтвортой нийгмийн  төлөө зольж, бүх нийтийн аз жаргалын төлөө сэтгэл хөдлөлийг хорьж хүмүүжүүлснээс үзвэл дотно нэгнээ дэргэдээ байлгахыг хүсэх гэдэг нь мартагдсан домгийн табу, нийгмийн эсрэг үйлдэл юм.

Эрих Фроммын “Хайрлах урлаг” бүтээлд “Олдос Хаксли “Гайхамшигт шинэ ертөнц”-дөө “Өнөөдөр мэдэрч болох цэнгээнийг маргааш руу бүү хойшлуул” гэх уриа лоозонд хөтлөгдөх, сайтар тэжээгдэж, сайхан хувцасласан, бэлгийн хүсэл нь хангагдсан ч, харилцаа нь гүехэн хамт олон дундах ядмаг хувь чанартай хүмүүсийг дүрсэлдэг” гэжээ. “Хайрлах урлаг” бүтээлд ганц биед ганцаар орших бие хүмүүсийн нэгнээ хайрлах аргыг эргэцүүлэн, эрүүл сэтгэлгээгээр хайрлах урлагийг санал болгодог. Хаксли, Фромм хоёул орчин цагийн хүн амьдралыг хөдөлгөгч хүчийг аз жаргал, зугаа цэнгэл төдийхнөөр хязгаарлах болсонд санал нэгджээ.

Мэдрэмжийн дарангуйлал. Үүнээс гадна, гайхамшигт шинэ ертөнцөд хүний сэтгэлийг хөвсөлзүүлэгч урлагийн бүтээл, уран зохиол уншихыг хорьж, хэвлэл мэдээллийн хэрэгслийг нийгмийн давхарга бүрд зориулсан ялгаатай сувгаар цацах аж. Элдэв сэтгэл хөдлөлөөс ангид эл нийгмийн хүн ажлын ачаалал, сэтгэл зовнилд өртвөл шийдвэрлэх арга нь тун хялбар. Сома хэрэглэнэ. Нэгэн төрлийн мансууруулах бодисыг хөдөлмөрийн шагнал болгож хэрэглэх агаад зөвшөөрөгдсөн хэмжээгээр олгоно. Эрих Фромм хувь хүн нөгөөтэйгөө нэгдмэл мэдрэмжид хүрэхийг үргэлж эрмэлздэг тухай дурддаг. Тэр бээр эрүүл аргаар хүрсэн нэгдмэл мэдрэмж нь өөрийгөө зориулж, өгч чаддаг харилцаанаас урган гардаг гэж үздэг. Харин хуурамч нэгдмэл мэдрэмж нь хамт мансуурах, утгагүй бэлгийн харилцаа буюу өөрт авах таашаалд төвлөрсөн байдаг гэжээ. О. Хакслийн дүрсэлсэн нийгэмд энэ хуурамч нэгдмэл мэдрэмжийг системтэйгээр үйлдвэрлэж, хүний хайрлах, үр удмаа үлдээх хүсэл тэмүүллийг дарах замаар нийгмийг “тогтвортой” байлгадаг хяналтын загвар гэж хэлж болох юм.

Гяланцаг нийгэм. Бороо орсны дараах бүртийх ч тоосгүй Лондон хотын гудамжнаа цагаан гэрэл гялбалзуулан өнгөрөх нисдэг машинууд сүлжилдэнэ. Өнгө жигд хувцасласан, нуруу эгц, царай өөгүй, намирсан үстэй, чийг тос нь жигдэрсэн арьстай хүмүүс энэ нийгмийг бүрдүүлнэ. Олдос Хаксли эдгээрийг шууд дүрслээгүй ч гялтганасан металл гадаргуу, саарал цайвар модерн уур амьсгал нь үйл явдал хэрхэн өрнөж буйгаас аяндаа бүрэлдэн тогтоно.

Гэвч хүйтэн металл гадаргуу зүрх хайрч, сэтгэл дааруулна. Жазз хөгжим, электроник хөгжим эгшиглэж, хөгжмийн аялгуунаас нь бүр анхилам үнэр ялгарна гээч. Гэвч анхилам үнэрийн дүрслэл нь сэтгэлийн таашаал үл мэдрүүлнэ.

Хоёрдугаар Берлин Биеннале, 20.4.–20.6.2001; Little Warsaw, Qualities, 2001; инсталляци; Зургийг: Jens Liebchen.

Романд дүрслэх хир буртаггүй нийгмийн сармай доорх ялзралыг учир холбоог нүднээ үзэгдэх бүтээлээр жишээлэн тайлбарлаж болох юм. Little warsaw (Андриас Галик ба Балинт Хавас нарын хамтрал уран бүтээлийн бүлгэм)-ийн “Qualities” бүтээлд 12 хүү, яг л альфа нар шиг 12 хүүг дүрсэлжээ. Замаскаар хийсэн саарал баримлаар ижил насны, ижил соёлын нөлөө дор амьдардаг, нэгэн угсаа гарал бүхий хүүхдүүдийг дүрсэлсэн болохыг анх хараад л хэлэх боломжтой. Гэвч тэдний зогсолт, үсний эргүүлэг болон засалт, үрчийсэн хувцас, биеийн жин болоод нүүрний хувирал, нүдний харц нь бүгд өөр. Гайхамшигт шинэ ертөнцийн иргэдтэй өнгө дүрслэл цагаан арьсаараа холбогдох эдгээр хөвгүүнийг 12 ширхэг үйлдвэрлэн бүтээжээ. Тэд өөр утга илэрхийлж, нэг нь Берлинд, нөгөө нь Франкфуртэд хэвтэж эсвэл суулгүйгээр, эгнэн зогсохоор үйлдвэрлэгдсэн юм. Тэд хоорондоо гав гинжээр холбоогүй ч уран бүтээлчдийн санаагаар хоорондоо уяатай ихрүүд билээ.

4. Хоёр ертөнцийн голд орших нэгэн - маргинал байдал

Романы өрнөл хэсэгт гол дүр Ленина, Бернард нар Нью Мексико руу аялдаг.  Тэд “зэрлэгүүдийн ертөнц” хэмээн нэрлэсэн уугуул америк иргэдийн дунд очиж, соёл иргэншилт нийгмийн зэвүүцэн жигшдэг бузар бүхнийг нүдээр үзнэ. Ленина, Бернард хоёр нисдэг машинаасаа буумагцаа хүүхдээ хөхүүлж буй эмэгтэй, овгийн зохион байгуулалтаар амьдарч буй нүцгэн шахуу даавуу хөдөрсөн хүмүүс зэрэг цочирдом зүйлс харсны нэг нь Линда болон түүний хүү Жон байлаа. Өнгөт арьстнууд давамгайлсан ертөнц дэх цагаан арьст Жон. Олон жилийн өмнө Линда ууланд болзоот хархүүтэйгээ аялж яваад, харамсалтай тохиолоор зэрлэгүүдийн нутагт үлдэж хоцорсон байв. Эл үед хэвлийдээ Жоныг тээж байжээ. Гайхамшигт шинэ ертөнцийн иргэд бэлгийн замаар үржих нь хориотой гэдгийг дахин санах хэрэгтэй болов уу.

Зэрлэгүүдийн нийгэм гайхамшигт шинэ ертөнцийг бодвол итгэх шүтээн, нэг эрэгтэй, нэг эмэгтэйгээс бүрдэх цөм гэр бүлтэй. Нийтийн ижилслийг харуулах шашны зан үйлтэй. Бернард, Ленина хоёр сууринд явж байхад хэсэг эрчүүд тойрон зогсоод, нэгэн зан үйл хийнэ. Уугуул америкчуудын домгийн тэнгэр нэрийн нэг дайны бурхан Пуконгийг тахихаар залуу эпислон эр нуруугаа улаан шалба болтол ороолгох аж. Харин тэд цагаан арьст Жонд энэ зан үйлд оролцохыг зөвшөөрсөнгүй. Болдог бол би эл тахил тавигийн үйлд оролцож ямар эр болохоо харуулна аа гэх. Эпислонуудыг үл гаргах хашаа хамгаалалтад төрж, өссөн Жоныг энэ нийгмийнхэн, уугуул иргэд өөрийн нэг хэмээн үзэлгүй, домог зүйд тулгуурласан шашны зан үйлд үл оролцуулан гадуурхаж буй юм.

          Нью Мексикогийн эрчүүд Линдагийн бета биеийн гоо үзэмжид автан, бүгд л түүнтэй нэгэн шөнийг өнгөрөөхийг хүснэ. Нийгмийнхээ төлөө таашаалыг л эрхэмлэж сурсан Линда сомаг орлох согтууруулах ундаа авчрах эрчүүдээс татгалзах нь үгүй. Эр нөхөртэйгөө хардаж харамласан эмэгтэйчүүд түүнийг хашраахаар хэд хэд ирсэн тухай зохиолд гарна. Тэд Линдад хэрхэн хандаж, зовоож байсан нь өр өвтгөм. Ер нийгэм, соёл л хүнийг бүтээдэг хойно доо. Үүний нөлөө Жонд хэрхэн тусахыг та төсөөлж байна уу? Эх нь харь газар ганцаар сурсан зангаараа зовлонгоо мансуурлаар дарна. Өдөр шөнөгүй. Овгийн иргэд түүнийг өөрийн гэж хүлээн зөвшөөрөхгүй, тэднээс өөрийг Жон мэдэхгүй атал шүү дээ. Удалгүй Ленина, Бернард хоёр тэднийг Лондон хотноох гайхамшигт шинэ ертөнцөд дагуулан очсон нь эргэлтийн цэг болох нь тэр. Багаас ээжийнхээ ярьж байсан үлгэр домгийн ертөнцтэй танилцаж, агаарын тээврээр хөл залгуулах хотын иргэдийг үзнэ.

Гэвч гайхамшигт шинэ ертөнц Жонд гайхам сайн хандсангүй. Соёл иргэншилт альфа, бетта нар угсаатны зүйн музейн эртний хүний гайхам төрхийг мэлэрч байгаа мэт л Жоныг үзнэ. Лондон хотын иргэдийн нүдэнд Жон циркийн амьтан буюу хуруу шилнээс бус бузар эмэгтэйн умайнаас гарсан үзүүлэн ажээ. Хувь хүн гэдгээс илүүтэй содон, этгээд объект. Жон гадна талаасаа, бүр тодруулбал хэлбэрийн хувьд альфа, бетта нар шиг харагдах боловч, өссөн орчин, тээж буй соёлын хувьд зэрлэг амьтан билээ. Жон романтик, яруу найргийн мэдрэмжтэй. Нэгэн бета бүсгүйд Жон сэтгэл алдран, бета бүсгүй ч Жоныг хайрлан энхрийлэвч (мэдээж гайхамшигт шинэ ертөнцийн таашаалыг дээдлэх харилцааны жишгээр) Жон хүлээн зөвшөөрч чаддаггүй. Эсрэгээрээ дур нь гутаж, уур нь савсалзна. Гэр бүл, үнэнч чанарыг эрхэмлэгч Жоны хайрт бүсгүй нь соёл иргэншилт гайхамшигт таашаалын харилцааг хүсэгч нэгэн байх нь сэтгэлийн шаналан аж.

Зохиогч Жоны дүрээр дамжуулан, гадаад төрх болон сэтгэл, зан суртахууны хувьд эсрэгцэх дотоод зөрчилт дүрийг бүтээжээ. Зохиолд Жоны сэтгэл зүйн байдлыг нарийн дүрслэхгүй ч хөндий орчинд хавчигдах ганцаардмал мэдрэмж эрхгүй төрж байв. Төрсөн нутагтаа Жон альфа, бетта нарын тоонд багтаж, овгийнхондоо ад үзэгдэх бол соёл иргэншилт альфа, бетта нарын дунд эпислоноос ч дор шилэн хоргон дахь музейн үзмэр мэт үзэгдэнэ. Хоёр өөр ертөнц, хоёр өөр соёлд зэрэг хамаарах Жоны маргинал байдал нь эл бүтээлд өгүүлэх нийгмийн тогтолцооны хувь хүнд үзүүлэх дарамт, гадуурхал, тэгш бус байдлыг илтгэн харуулах юм.

5. Олдос Хакслийн шинэ ертөнцийн гох дэгээг хайхуй…

Их Британийн зохиолч Олдос Хаксли 1884 онд төржээ. Түүний өвөө Томас Хэнри Хаксли Ч.Дарвиныг тахин шүтэгч эволюцийн биологич, аав Леонард Хаксли нь намтар зохиолч, редактор, ах нар болох Андрев Хаксли нь сэтгэл судлаач, Жулиан Хаксли нь өвөөгийнхөө мэргэжлийг өвлөснөөс харвал чамгүй сэхээтэн гэр бүлээс гаралтай нь харагдана. Гэрээр боловсрол эзэмшиж, ердийн язгууртны адил хувийн бэлтгэл сургуульд суралцаж байсан тэр бээр 1908 онд 14 настайдаа Английн Беркшир дэх Этон коллежид элсэн орсон гэдэг. Ийн онцлох болсон шалтгаан нь Олдос Хаксли тэрхүү сургуульд суралцаж байхдаа нянгийн гаралтай өвчний улмаас нүдний эвэрлэг бүрхүүл үрэвсэх өвчин олж, унших чадвараа алдсан аж. Аливааг харахад төвөгтэй болсон ч хараа нь сэргэж, тэр бээр 1916 онд Оксфордын Их сургуулийг Утга зохиол судлаач мэргэжлээр төгсжээ. Их сургууль төгссөн жилээ Олдос Хаксли “Шатаж буй дугуй (The Burning Wheel)” хэмээх анхны шүлгийн түүврээ хэвлүүлсэн юм.

Хүний нийгмийн ирээдүйн талаарх гутранги, айдастай, хар бараан дүрслэл, дүр зургаар өгүүлэх дистопи (анти-утопи) уран зохиолын төрөл зүйлд Олдос Хаксли онцгой байр суурь эзэлнэ. Түүний “Гайхамшигт шинэ ертөнц” романдаа бүтээсэн нийгэм нь хувь хүнийг бүрэн эзлэн авч, үгүй хийсэн ирэх цагийн технократ төр тухай өгүүлсэн мэт боловч үнэндээ Дэлхийн I – II дайн хооронд шинжлэх ухааныг хэт шүтсэн технологийн өөдрөг үзэл (technological optimism) -ийг егөөдөн шүүмжилсэн байдаг.

Зохиолчийн хам сэдвийг дэлгэрүүлэхийн тулд 1930-аад оны шинжлэх ухааны байр байдлыг авч үзье. 1932 онд ДНХ-ийг удамшилд үүрэгтэй эсэхийг баталж амжаагүй байсан үе. Менделийн хууль болох цэнхэр цэцэгт ургамлуудыг эвцэлдүүлэн цагаан цэцэгт удам үүсэж болох тухай, энэ нь тодорхой давтамжаар явагддаг буюу тогтмол зарчим ажиллаад байгааг дөнгөж л хүлээн зөвшөөрч байсан үе. Бүгд математикийн хэлээр харилцах болж, хүн гэдэг үйлдвэрийн машин болж буй мэт сэтгэх аж үйлдвэрлэл цэцэглэн хөгжих анхан үед, удамшлын тухай судлан, хүний бие болоод санааг бүрэлдүүлэгч хүчин зүйл нь удирдан залж болохуйц зүйл гэдгийг анзаарсан О.Хакслид аймшиг төрсөн нь дамжиггүй. Тэр тусмаа биологич өвөөгийн гэрт өссөн түүнд энэ сэдэв үргэлж чихийг нь хангинуулдаг байсан биз. Өнөөдөр энд Хаксли миний хажууд сууж байсан бол “Үгүй дээ, хонгорхон минь. Тайвшир” гэж хэлэх сэн. 

Миннесотагийн Их сургуулийн профессор Питер Э.Фирчоу “О.Хакслийн “Гайхамшигт шинэ ертөнц” зохиолын егөөдөл” өгүүлэлдээ эл романд ирээдүйн тухай бус, харин өнөөгийн ертөнцийн төөрөгдөл, гажуудлыг ирээдүйн дүр зургаар дамжуулан егөөдөн шүүмжилж, ирээдүй цагийг ашиглан шинжлэх ухаан, суртал ухуулга, сурталчилгаа, нэгэн хэвд цутгасан сэтгэлгээний аюулыг онцлон харуулсан хэмээжээ. О.Хаксли 1930-аад онд өнөөгийн нийгмийг ирээдүйн нүдээр шинжлэн харж, улс төрийн суртал ухуулга, хэт их хэрэглээнээс хамаармал болсон АНУ-ыг шүүмжилсэн аж.

          Энэхүү зохиолын эцсийн өгүүлбэрийг уншиж дуусахад, танд хэзээ ч ирэхгүй футуристик ертөнц, төсөөллийн нийгмийн тухай өгүүлсэн мэт санагдаж болох юм. Гэхдээ эл роман бидэнд дараах зүйлсийг сануулж байна. Хэт хяналттай, техник технологи ноёлсон нийгэм нэрийн дор бие хүний мэдрэмж, оюун санааны эрх чөлөөт оршихуйг үгүй хийж болох талаар… Хайр, гэр бүл, өөрийн шинж гэх уламжлалт, хэзээ ч үл хуучрах ойлголт биднийг бие даасан оршихуй болгож, өөрийн оршихуйн төлөө биднийг ноёлсон бүтэц, хүчийг эсэргүүцэх сэдэл өгдөг болохыг… ёс суртахуунгүй аз жаргал нь эргээд бидний эрх чөлөөг үгүй хийж, аливаа зүйлийн боол болгодгийг ойлгох сэжим өгөх биз ээ. Ай гайхамшигт шинэ ертөнц өө…

И. Даваадорж
МУИС-ийн Утга Зохиол Урлаг Судлалын Тэнхимийн багш
Бие хүнийг мартсаны дараах 632 он

Зохиолч Олдос Хакслийн "Гайхамшигт Шинэ Ертөнц" гэх шинжлэх ухааны уран зөгнөлт бүтээлийн  хөндсөн сэдэв, уран сайхны хэв маягийг магтан дуулах…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

@Katen on Instagram
[instagram-feed feed=1]