
Ном унш, ном унш л гээд байгаа биз? Унших гээд номын дэлгүүр рүү гүйгээд орохоор чинь ёстой аатай, аагтай номууд угтана шүү дээ. Тэнд ч нэг лайф коуч, энд ч нэг философич, суутан, эрдэмтэн. Эрх чөлөөт улсын иргэн танд би энийг, тэрийг заавал унш гэмээргүй санагдана. Гэхдээ ном бүрийг уншаад явбал нэгэн насны амьдрал ахардах биз. Уншиж уншчихаад хэрэгтэй номтойгоо учирч чадахгүй насыг барвал бас аюул биз дээ? Алийг нь авахыг би зааж өгөхгүй байж болох ч алийг нь авахгүй байх тал дээр багахан туршлагаа хуваалцъя.
Дэлгэж үзэж болдоггүй номыг битгий ав!
Дотроо их айдастай, намайг тийм ийм гэдгийг хүн мэдчих вий дээ гэж боддог гарууд л гаднаа их таахалзуур, хүрч болшгүй, онцгой хүн шиг царайлдаг даа. Цаагуур чинь тийм номууд ч байдаг шүү. Багцаар нь л зарна, нээж үзэж болохгүй гээд, гурав, дөрвөн хосоор нь баринтаглаад ууталчихсан “дээдийн судар”-ыг нь худалдаж аваад унштал галзуу хүний өдрийн тэмдэглэл байх вий дээ. Байх вий ч гэж дээ. Үнэхээр тийм ном мэр сэр бий! Хүнд бэлэглэх байсан ч заавал задалж үзэх хэрэгтэй. Нэрийн хор болмоор юм авчихсан байвал яана! Мэдээж зарим номыг тоос шорооноос хамгаалах гэж тусгай уутаар бүрсэн байдаг. Гэхдээ тийм уутнаас нь гаргаад уншиж үзэж болохгүй гээд байвал харин ч нэг сэжигтэй дээ.

Зохиогчийн намтраас юу мэдэж болох вэ?
Номын хавтас эсвэл дотор талд хаа нэгтээ тус номыг зохиосон хүний намтар бий. Ном бүтээх ажил хүнээс нарийн судалгаа, ажиглалт, тэвчээр, ур чадвар, туршлага, авьяас шаарддаг. Зохиогчийн намтраас нэг л зүйлийг сайтар ажигла. Хэрвээ уран зохиолын бус бүтээл (non-fiction) бол тухайн зохиогч ярих гэж байгаа сэдвийнхээ талаар хангалттай урт хугацаанд судалсан, биеэр туулж мэдэрсэн эсэх, ядаж тийнхүү судлах чадамжтай эсэхийг харна. Уран зохиолын бүтээл дээр ч бас энэ логик дийлэнх тохиолдолд үйлчилнэ. Жишээлбэл үргэлжилсэн үгийн зохиол бичих хүн утга зохиолын салбарт тогтвортой ажиллаж, боловсорсон (тогтмол нийтлэл бичих, судалгаа хийх, орчуулга, редактор хийх, утга зохиолын сэтгүүл, сайтад зохиол хэвлүүлж байсан зэрэг) байх шаардлагатай. Авьяас бүхнийг орлохгүй. Нэг зүйлээ олон жил нухаж, судалж дадаагүй хүн сайн ном бичнэ гэдэг боломжгүй. Товчхондоо янз бүрийн юм оролдож, азаа үзээд л яваад байдаг, эсвэл огт өөр мэргэжилтэй мөртөө гэнэтхэн л шал өөр салбар, мэдлэгийн талаар ном бичээд хэвлэчихсэн мэт намтартай нөхдийн юм их эрсдэлтэй.
Номыг хавтсаар нь дүгнэхүй
Худалдан авагчдад хамгийн хурдан сэтгэгдэл төрүүлэх хэрэгсэл бол номын хавтас. Одоо ч царай муутай хавтастай ном зарж азаа үздэг хүн гэж хаа байх вэ? Нэгэнт дэлгүүрт байгаа номыг нэвт шувт ойлгоод авчихна гэдэг боломжгүй юм хойно хавтаснаас нь тусламж гуйж л таараа шүү дээ. Хавтасхан минь, ямар нэг дохио, тэмдэг илгээгээч дээ… За тэгэхээр хавтасны хөөрхөнд учир байгаа хэрэг биш. Харин хавтсаараа ямар нэг утга илэрхийлэх гэж хичээж байгаа эсэх нь чухал. Зүгээр л эрээн мяраан, цэцэг жимс болсон, өнгө будгаар зодсон, баахан давхар давхар бүрэлттэй бөгөөд хамгийн гол нь агуулгынхаа талаар ямар ч баримжаа, мэдээлэл өгч чадахааргүй хавтастай номуудыг барьж үзэхийн ч шаардлагагүй дээ. Харин нүдэнд харагдах зүйлс (өнгөний шийдэл, дүрс, тэмдэгт, зураг)-ээр номын уур амьсгал, далд санааг бэлгэдэж чадсан бол тэр номыг “мэргэжлийн хүн” бүтээсэн байх магадлал өндөр. Салбарын сайн мэргэжилтний бүтээл, сонирхогчийн бүтээл хоёрын хооронд мэдээж чанарын ялгаа их шүү дээ.
Хоёрдугаарт номын хавтас гэдэг зөвхөн зураг хөрөг биш ээ. Хэмжээ (уншигчийн хэрэгцээнд нийцэхүйц, номынхоо онцлогт тохирсон урт, өргөн, жин), хавтасны үг болон өмнөтгөл, талархал зэрэг бичвэрүүдийн утга, агуулга, авцалдаа, мөн дээр нь үсгийн хэмжээ, номын нуруу мэтийн нарийн ширийнийг ч сайтар ажваас зохистой. Хавтсан дээрх бүх мэдээлэл чамбай, хэвлэл нь стандарт шаардлагаа хангасан, хавтасны зураг зөвхөн чамирхал биш, агуулгынхаа онцлогийг илэрхийлж чадаж байвал одоо дэлгээд үз…
Өө бас… Номын зохиогч нь өөрийнхөө зургийг мэлийтэл нүүр дүүргээд тавьчихсан байвал… Ээ дээ. Наадах чинь бараг ном биш, өөрийгөө тахин шүтэх эмгэгийн онц сонирхолтой судлагдахуун л гэсэн үг! Мэдээж зарим нэг нэр алдарт хүрсэн хүний зурагтай ном байх л даа. Гэхдээ хүн өөрийнхөө номыг гаргахдаа өөрийнхөө зургийг нүүр дүүргээд тавьчихсан байвал огт өөр асуудал үүснэ.

Одоо номоо дэлгэж үзье…
Уншигчид үг үсгийн санамсаргүй алдааг л сүржин шүүмжлэх хэр нь ээ ном нь бүтэц, агуулга, судалгаа, ажиллагаа дутуу байхад хэзээ ч гомдоллодоггүй. Өнгөн талдаа дээрх шалгуурыг бүгдийг нь овоо хөөрхөн давчихсан, үг үсгийн алдаагүй хэр нь ээ л дотроо бол паланцаг ном их бий. Тэдгээр нөхдийг багахан гарчиглахад л нэг иймэрхүү:
Бэлэг дурсгалын ном
Одууд, нэртэй төртэй бизнесменүүд, улс төрч, эсвэл бүр хандалт ихтэй постуудаа цаасан дээр буулгаж авахыг хүсэгчдийн ном ч элбэг болсон. Зарим нь бүр өөрөө санааг нь гаргаад, ном бүтээх ажлаа бусдаар хийлгэчихсэн шинжтэй харагдана. Цэцгийн дэлгүүр, бэлэг дурсгалын тасагт байршуулбал амархан зарагдахуйц. Бүлгийн гарчгуудыг нь харахад цэвэрхэн хэдий ч “өөрийн гэсэн ориг санаа байхгүй” нь элбэг.
Сахар шиг ном
Тун хялбар анхаарал татахуйц үгс ашигласан, хаанаас ч юм хуримтлуулсан их уур хилэн, эсвэл урам зоригоор зодно. Мөн л дэндүү их давтагдмал санаатай бөгөөд уншиж байх мөчид огцом сэргээж, эрч хүч мэдрүүлэх ч хэзээ ч амьдралыг тань өөрчлөхгүй ном. Мөн л ориг санаагүй буюу суурь судалгаа, туршлага байхгүй.
Мухар сүсэглэг ном
Зохиолчоо үхэхэд дагаад үхэх номууд гэж бий. Уншигчдын тодорхой хүрээлэлдээ л зарагддаг бөгөөд уншигчид (бараг сүсэгтэн) нь тухайн зохиолчийн бичсэн юуг ч авахад бэлэн байдалтай. Өнгөн талдаа өөрийн гэсэн санаатай, утга учиртай, тэрслүү ч юм шиг харагдах зохиогч нь үнэндээ аманцар болохоос бичгийн ур чадваргүй, мөн л барьцтай суурьгүй, түүнээсээ ч ичдэггүй байх нь бий. Иймэрхүү тар нь амархан танигдах номыг өмнө дурдсанчлан багцалж зарах гэж дайрдаг.
Яс сайтай ч буруу гараар орсон ном
Орчуулгын бүтээл Монголын зах зээлийн дийлэнхийг эзэлдэг. Тиймдээ ч олон улсын зах зээлд амжилт олсон, сайн бүтээл олон гардаг нь олзуурхууштай. Гэхдээ сайн бүтээлийн чанарыг унагадаг, эрхийг нь авалгүй орчуулж хэвлэдэг тохиол ч бишгүй. Ийм асуудлаас сэрэмжилье гэвэл та хэвлэлийн газруудын талаар сонирхож, чих тавьдаг байх хэрэгтэй. Хэвлэлийн газар бүр өөрийн онцлогтой бөгөөд чамбай бүтээл гаргадгаараа нэртэй газрууд ч олон. Чанартайг нь мэдээд эхлэхээр бас чанаргүй нь ч аяндаа ялгараад ирнэ.
За яаж байна? Ер нь энэ хавьцаа баримжаалчихад болмоор санагдаж байна уу? Агуулгын талаас бол өөрийн гэсэн онцлог санаагүй, суурь судалгаагүй ном үргэлж хамраараа газар хатгадаг гэдгийг та анзаараа биз! Уран зохиолын бус буюу non-fiction номуудыг дээрх байдлаар ажиглаад сонгох боломжтой ч уран зохиолын номын тухайд арай өөр өө. Түүнийг хэдүүлээ дараа жич ярилцъя даа…
-
Сумъяа
- 09/16/2025
Муу номыг хэрхэн таних вэ?
Ном унш, ном унш л гээд байгаа биз? Унших гээд номын дэлгүүр рүү гүйгээд орохоор чинь ёстой аатай, аагтай номууд…
Сурагчдад зориулсан номын жагсаалт
- 09/04/2025
Орчин үеийн солонгос яруу найраг
- 08/29/2025
Улам дөжрөм, тэгээд нам гүм-Нэгдүгээр бүлэг
- 08/23/2025
“Галиг” гэх үгийн учир
- 08/21/2025
Leave a Reply