
Англи хэлээр бичигдсэн хамгийн шилдэг хүүрнэл зохиолуудыг шалгаруулж, дэлхий дахины уншигчдад тунхагладаг “Бүүкэрийн шагнал” энэ жилийн богино жагсаалтаа зарлалаа.
Англичууд хагас зууны турш зохион байгуулж буй энэ уралдаанд тухайн жилд англи хэлээр бичигдсэн, англид хэвлэгдсэн хүүрнэл зохиолууд нэр дэвшиж өрсөлддөг. Энэ утгаараа Бүүкэр зохиолчид, хэвлэн нийтлэгчдийн “бүтэн жил сойсон морио” уралдуулж, хөдөлмөрийнхөө үр шимийг дэлхийн өнцөг булан бүрийн уншигчдад хүргэх сайхан боломж, хамгийн дөт зам болдог билээ. Бүүкэрийн уртын сунгаа өнгөрөгч долдугаар сард болж, энэ цаг үед ид бичиж буй туурвилчдын 150 бүтээлээс 13 шилдэг хүүрнэлийг тодруулсан юм. Харин хэдхэн хоногийн өмнө мөнхүү шилдэгүүдээ шигшиж 6 бүтээл тунаж үлдээд буйг уншигчдадаа танилцуулъя.

David Szalay “Flesh”
Унгер-Английн зохиолч Давид Сзалая Бүүкэрийн их сунгаанд хоёр дахь удаагаа шалгарлаа. Анх London and the South-East бүтээлээрээ уншигчдын танил болсон түүний All That Man Is роман нь 2016 оны Бүүкэрийн богино жагсаалтад нэрлэгдэж байв.
Амьдралыг чухам юу хөтөлж, үнэ цэнтэй болгодог вэ? Мөн юу амьдралыг сүйрүүлж орхидог вэ?
Арван таван настай Истван хүү ээжтэйгээ Унгерийн нэгэн нам гүмхэн хороололд амьдардаг аж. Хотод саяхан ирсэн тэрбээр бүрэг ичимхий нэгэн тул сургуулиас зохиох алив юмсд тун ч хойрог хандана. Истван тийнхүү ганцаардаж ахуйдаа хөрш, ээжтэй нь нас ойролцоо эмэгтэйтэй харилцаа тогтоох бөгөөд тэр түүний цорын ганц хамтрагч болж хувирна. Тийнхүү хүүд адал сонин явдал ар араасаа тохиох билээ.

Хүүхэд насаа Лондонд өнгөрүүлсэн Давид 2009 онд эцгийнхээ уугуул нутаг Унгер луу нүүсэн юм. Тэрбээр нэгэн ярилцлагадаа “Лондон миний уугуул нутаг биш юм шиг оргино. Гэвч би бас Унгерийн уугуул биш ч шиг. Энэ л хоёрдмол, саарал мэдрэмж Flesh романыг бичих шалтгаан болсон” хэмээсэн байна. Бүүкэрийн шүүгч эрхмүүд уг романыг “Хүмүүний амьдралын тухай гайхалтай хөрөг бүтээл” гэж тодорхойлжээ.
Kiran Desai “The Loneliness Sonia and Sunny”
Энэтхэг зохиолчид жил жилийн Бүүкэрт тун ч амжилттай оролцдогийн тод жишээ нь Киран Дизай. Тэрбээр 2006 онд The Inheritance of Loss романаараа Мэн Бүүкэрийн шагнал хүртэж байсан арвин туршлагатай зохиолч. Энэтхэгийн Шинэ Делид мэндэлсэн Бомбэй, Лондон, Америкд боловсрол эзэмшсэн зохиолч бээр өдгөө Нью-Йоркд амьдран суугаа.
Хоёр тив, гэр бүл, яаж ч болдоггүй ёс заншил, юунд ч үл саатан урсах цаг хугацаа… Зүү орох зайгүй хайр сэтгэл дундуур ч хачин их зүйл багтах юм.

Киран Дизай романдаа Соня, Санни хоёрын адармаат хайрыг өгүүлжээ. Тэд шөнийн галт тэргэнд учирсан юм. Соня эх эцгийн хамт Энэтхэгт амьдрдаг, зохиолч болох мөрөөдөлтэй эмэгтэй. Харин Санни Нью-Йоркд суурьшсан сэтгүүлч залуу бөгөөд мань эр үргэлж цагдаж, хорьдог хэт явцуу үзэлт эцэг эхтэйгээ зөрчилдөж амьдардаг юм. Тэдний хайр сэтгэл дундуур тэгнэсэн олон асуудал бий. Хэтдээ хэрхэхийг үл мэдэх ч залуус хайр сэтгэлийнхээ төлөө итгэл үл алдран тэмцэнэ.
Киран Дизай 1998 онд Hullabaloo in the Guava Orchard романаараа шаггүй хүүрнэлч гэдгээ батлан харуулсан ба тус зохиол өдгөө дэлхийн 10 гаран хэлнээ орчуулагдаад буй.
Ben Markovits “The rest our lives”

Америк-Английн зохиолч Бэн Марковицыг “Байроны амьдралыг өгүүлэх гурвал роман бичсэн” хэмээн танилцуулах бус “Хүүхэд насаа Техас, Берлинд өнгөрүүлсэн тэрбээр дэлхийн нэр хүндтэй их сургуулиуд болох Иель, Оксфордыг төгсөөд шуудхан мэргэжлийн сагсан бөмбөгч болсон. Өдгөө “The rest our lives” роман нь Бүүкэрийн богино жагсаалтад багтаад байна” гэвэл тун ч үнэн танилцуулга болж таарах юм. Бэн арван хоёр ч роман бичсэн. Түүнчлэн Paris Review, Guardian, Granta зэрэг уран зохиолын нэр хүндтэй сэтгүүлд чамгүй олон бүтээл нийтэлсэн. Түүнийг 2013 онд Granta сэтгүүл Шилдэг залуу англи романчаар тодруулсан юм.
Эцэст нь бид хэрхэн баяртай гэж хэлдэг вэ? Амьдралыг яажшуухан туучих хэрэгтэй юм бол оо?
Эхнэр нь Том Лэйвардыг хуурсан тул тэр бага хүүхдээ арван найм хүрмэгц бүх харилцааг дуусгана гэж өөртөө тангаргалжээ. Улмаар Том арван хоёр жилийн хойно охиноо их сургуульд бүртгүүлэхээр Питтсбургийн зүг жолоо залж явахдаа мөнөөх амлалтаа санана. Тэрээр өдгөө ажлаасаа чөлөөлөгдсөн, бие хаа нь ч тун базаахгүй яваа, байдаг л нэг профессор. Улмаар мань эр гэртээ харих бус коллежийн анд нөхөд, хуучин найз бүсгүй, ах гээд л ойр дотны хүмүүстэйгээ уулзах урт аяллаа эхлүүлнэ. Амьдралыг хэрхэн туучсан, яажшуухан замнаснаа нэхэн самнах мэт энэ өгүүлэмж романы үйл явдлын гол шугам болох юм.
“Том явсаар их сургуулийн хэдэн нөхөдтэйгөө уулзана. Амьдрал ахуй нэгэнт тэгширсэн, хижээл насны цагаан залуус. Гэвч үнэн хэрэгтээ тэд бүгд өөрийгөө төвөөс, нийгмээс шахагдаж буй хэмээн эмээж буй нь өнөөгийн Америкийн нийгмийн нэгэн дүр зураг. Би энэ мэт зөрчилдөөнт түүх өгүүлэх дуртай”
Бэн Марковиц “The London Magazine”-тай хөөрөлдөхдөө шинэхэн романыхаа тухайд ийн дурдсан байна.
Andrew Miller “The land in winter”
1962 он. Английн өрнөд нутгийн арванхоёрдугаар сар…
Английн Бристолд мэндэлсэн Эндрю Миллер өдгөө Сомерсетэд аж төрж буй. Түүний “Oxygen” роман 2001 оны Бүүкэрийн богино жагсаалтад багтсан юм. Өдгөө Миллерийн романууд 20 гаруй оронд орчуулагдан хэвлэгдсэн байна. Энэ замнал 1997 онд хэвлүүлсэн “Ingenious Pain” нэрт анхны романаар нь эхэлсэн юм. Зохиолч тус романаараа Жеймс Тайт Блэкийн шагнал, Дублины утга зохиолын шагнал болон тухайн жилд итали хэл дээр хэвлэгдэн гарсан шилдэг бүтээлд олгодог Гринзэн Кавур шагнал хүртжээ.

Орон гэрээ орхиж чадахгүй үедээ хаана нуугдах вэ? Цэвдэг ертөнцөд хүн хаачих бол? Хаа нэг тийш тэмүүлж чадна гэж үү?
Британийн хамгийн хүйтэн өвлийн гүнд, хөдөө нутагт хөрш зэргэлдээ аж төрөх хоёр бүсгүй нөхөрлөж эхэлнэ. 1962 оны тэрхэн үест хоёул дөнгөж бие давхар болоод байжээ. Тэдний ойр тойрны эрчүүд шаналал юу гэвээс: эцэг хүн байх тухайд асуудалтай, өнгөрсөндөө гүйцэгдсэн, өөрсдийн хүсэл тэмүүлэлийн эрчинд хүлэгдсэн аж. Өвлийн хүйтэн шуурга тэдний амьдрал дундуур туучин байхуйд зохиолын дүрүүд өнгөрсөн түүх, ирээдүй хооронд тогтох гэж дэнжигнэн буй нэгэн бүлэг хүмүүсийн тун чухал төлөөлөл болж эхэлдэг. Английн утга зохиолд тухайн зохиолынхоо уур амьсгалыг уран илэрхийлсэн бичиглэл, үл мэдэг, нууцлаг нэгэн бүлгийг нэмсэн хүн бол Эндрю Миллер билээ.
Уралдааныг зохион байгуулагч баг энэ жилийн богино жагсаалтад тунасан зохиолчдын үндсэн ажил мэргэжил, ахуй тун ч өвөрмөц хэмээн дурдсан бий. Түүний нэгээхэн жишээ нь Миллер. Тэрбээр нийгмийн ажилтан байсан бөгөөд Япон, Испани зэрэг улсад англи хэл заадаг байж. Мөн далай тэнгист дур сонирхолтой төдийгүй айкидо бие хамгаалах урлагийн хар бүстэй, ардын урлагийн хамтлагт мандолин хөгжим тоглодог нэгэн.
Susan Choi “Flashlight”
Сюзан Чой нь Индиана Мужид төрсөн. Жонс Хопкинсийн их сургуульд Уран зохиолын хөтөлбөрт багшилдаг тэрээр PEN America байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч. Өдгөө зургаан роман бичиж хэвлүүлээд байна.
Түүний зургаа дахь роман Flashlight (Гэрэлтүүлэг) нь анх 2020 онд The New Yorker сэтгүүлд богино өгүүллэг хэлбэрээр нийтлэгдэж, 2021 онд Sunday Times Audible богино өгүүллэгийн шагналыг хүртсэн юм.
Зохиолчийн анхны роман The Foreign Student (Гадаад оюутан) нь Азийн-Америкчуудын Уран зохиолын шагналыг хүртсэн. Хоёр дахь роман American Woman (Америк эмэгтэй) нь 2004 оны Пулицерийн шагналд нэр дэвшиж байв. Гурав дахь бүтээл болох A Person of Interest (Сэжиг бүхий этгээд) нь 2009 оны PEN/Faulkner уран зохиолын шагналын финалд шалгарсан. Улмаар 2010 онд уг бүтээлээрээ PEN/W.G. Sebald шагналыг хүртэв. Дараагийн роман болох My Education (Миний боловсрол) нь 2014 оны Lambda уран зохиолын шагналыг дагуулжээ. Харин тав дахь роман Trust Exercise (Итгэлийн дасгал) нь 2019 оны Үндэсний уран зохиолын шагналыг (National Book Award for Fiction) хүртсэн бөгөөд АНУ-д хамгийн их борлуулалттай ном болж байв.
Ой дурсамж, хэл, үндэстний мөн чанар, гэр бүлийн талаар гүн гүнзгий асуудлыг хөндсөн “дэлхийн” хүмүүсийн тухай сэтгэл хөдөлгөм түүх. Тив, цаг хугацаа дамнан өрнөх энэхүү түүхийг бүтээхдээ Сюзан Чой түүхэн хурц зөрчлийг хувьхан, машид эмзэг зөрчлүүдтэй гайхалтай тэнцүүлж бичжээ.
Нэгэн орой 10 настай Луйза охин аавынхаа хамт голын эрэг даган салхилж буйгаар зохиол эхэлнэ. Тэд Японы далайн эргийн нэгэн хотод зуныг өнгөрүүлж байгаа ажээ. Охины аав Сэрк бол Америкийн их сургуулиас түр хугацаанд судалгааны ажлаар ирээд буй солонгос цагаач. Улмаар хэдэн цагийн дараа Луйза далайн эрэг дээр орхигдсон сэрнэ. Аав нь далайд өөрийгөө үйчихсэн бололтой.
Сэрк үгүй болсноор тэдний гэр бүл бүхэлдээ сүйрэх шиг болно. Луйза болон түүний америк гаралтай ээж Энн Америк руугаа буцдаг ч энэ аймшигт үйл явдлын нөлөө цаг хугацаа орон зайг дамнан тэдний амьдралд нөлөөлсөөр. Ингээд Сэрк тохиолдсон явдлын утга учир бага багаар тайлагдсаар байна.

Энэхүү бүтээл нь дайны дараа Японд орогнож байсан солонгос цагаачдын амьдрал Америкийн захын хороололд Хойд Солонгосын дэглэмийн нөлөөн дор хэрхэн өрнөж байсныг харуулна.
Сюзан Чой: Энэ номыг бичихэд надад хоёр зүйл нөлөөлсөн. Нэгдүгээрт, бага насны дурсамж. Сэтгэл санаа машид тогтворгүй байсан ч гэлээ Японд амьдарсан он жилүүд тийм ч хүнд хэцүү байгаагүй юм.
Удаах шалтгаан нь 1970-аад оны сүүл үед жирийн Япон иргэд ор сураггүй алга болсон тухай, тэр дундаа надтай ойролцоо насны сурагч охин сураггүй алга болсон тухай түүх сэтгэлд тод үлдсэн нь нөлөөлсөн болов уу.

Харин энэ номоо одоо л бичиж дуусгаж байгаа шалтгаан нь “энэ мөчийг зориуд сонгосон” гэхээсээ илүү, би эцэст нь эл бүтээлээ бичиж дуусгаж чадсан хэрэг. Гэвч нөгөө талаараа харин ч цагаа оллоо. Өнөө цаг бол хүнд хэцүү зүйлстэй нүүр тулсан энгийн хүний тухай түүхийг хүлээж авахад хамгийн тохиромжтой үе.
Katie Kitamura “Audition”
Китамура Япон- Америкийн зохиолч хэмээн харьяалагдаж буй. Түүний түүх нутаг нэгт зохиолч Казүо Ишигүрогийн түүхтэй тун төстэй. Ишигүрогийн эцэг Британийн Засгийн газрын урилгаар ажиллахаар болж, гэр бүлээрээ Лондонд ирж суурьшсан байдаг. Китамурагийн аав ч мөн их сургуульд багшлахаар Калифорнид нүүж ирсэн ба зохиолч маань тэнд мэндэлж, өсөж торнижээ.

Эцэг эх, эхнэр нөхөр, найз, урам зориг хайрлагч нэгэн… Өдөр бүр орлон тоглодог дүрүүдээ дахиад шинээр нээх мэт.
Тэд Манхэттэний нэгэн ресторанд уулзана. Тун удахгүй тоглох жүжигтээ бэлдэж буй туршлагатай жүжигчин эмэгтэй. Залуухан, дур булаам, тэр эмэгтэйн хүүтэй ойролцоо насны эр. Тэд бие биенийхээ хувьд хэн болж таарах вэ?
Китамура уншигчдыг төдийлөн анзаардаггүй зүйлсээ дахиад нэг сайтар ажиглаж үзэхийг санал болгодгийн нэгээхэн жишээ нь Audition роман. Романы гол дүр жүжигчин эмэгтэй. Жүжигчний хийх гол ажил нь тайзнаа дүр бүтээх явдал байдаг шүү дээ. Зохиолч тус дүрээр дамжуулан “Бид ч бас мөч бүрд ямархан нэг дүрд тоглож явдаг уу?” гэх егөөтэй асуултыг бидэнд тавьж байна.
Зохиол бүтээл нь хэдийнээ 25 хэлнээ орчуулагдаад буй Китамура өдгөө Нью-Йоркийн Их Сургуулийн бүтээлчээр бичих хөтөлбөрт багшилж буй. Тэр хэл, уран зохиолыг машид чухагт тооцдог нь ярилцлага, хөөрөлдөөнүүдээс нь илхэн:
“Трампын засаглал хүмүүст оршин тогтнох ганцхан замыг тулгаж байгаа бол уран зохиол аж төрөхүйн олон хувилбар буйг хүмүүст цаг үргэлж сануулж байдаг…”
Төгсгөлийн оронд:
Жил жилийн Бүүкэр, их бага сунгааны морьд хурдан, наадам тун ч өрсөлдөөнтэй болдог. Энэ жилийн морьд ч мөн хурдан байна. Хайр, нас, амьдралын тухай эргэцүүлэл, цагаачлал, уламжлал болоод орчин үеийн залуу хүмүүсийн дундах зөрчил гээд л баялаг сэдвээр өнө хүүрнэсэн эл 6 зохиолчоос хэн нь ч Бүүкэрийн шагнал гардаж магадгүй. Гагцхүү арван нэгдүгээр сарын 10-ны өдрийг хүртэл хүлээх л үлдлээ.
-
Доржсүрэн
- 09/30/2025
Бүүкэрийн “морьд” эргэлээ
Англи хэлээр бичигдсэн хамгийн шилдэг хүүрнэл зохиолуудыг шалгаруулж, дэлхий дахины уншигчдад тунхагладаг “Бүүкэрийн шагнал” энэ жилийн богино жагсаалтаа зарлалаа. Англичууд…
Талх хэмээх үгийн учир
- 09/27/2025
Муу номыг хэрхэн таних вэ?
- 09/16/2025
Сурагчдад зориулсан номын жагсаалт
- 09/04/2025
Орчин үеийн солонгос яруу найраг
- 08/29/2025
Leave a Reply