
Орчин цагийн хамгийн нууцлаг зохиолч гэгддэг Патрик Зюскиндын “Тагтаа” туужийг Болорсудар хэвлэлийн газар монгол хэлнээ орчуулан уншигчдад хүргэсэн билээ. Туужийн гол дүрийн сэтгэцийн асуудал хийгээд зохиолчийн бичин туурвих арга барилын тухай сайтын нийтлэлч С.Энхчимэг, Ш.Оюунбилэг нарын бичсэн нийтлэлийг хүлээн авна уу.
Хүн амьдрал туршдаа болж өнгөрч буй үйл явдлуудаас хүссэнээ дурсамжаа болгохоор сонгодог байсан бол?
Гэрэл гэгээ, баяр баясгалант мөчүүдээн хадгалан үлдээж, эсрэгээрээ гомдож шаналам үгс хийгээд зовоож, өвтгөж байсан хүмүүсийг ой санамжаасаа устгах, ор мөргүй алга болгох боломж бий сэн бол хэн бүхэн гомдол, үзэн ядалт, зовлон шаналалгүй жинхэнээсээ амар сайхандаа жаргах байжээ.
Патрик Зюскинд зохиолчийн “Тагтаа” туужийн гол дүр Жонатан Ноэль 30 жил түрээсэлсэн байрандаа нэгэн хэвийн амьдралаар амьдарсаар иржээ. Нэгэн өглөө сэрээд өрөөнийхөө үүдэнд тагтаатай тааралдсан гэх ганц үйл явдал амьдралыг нь орвонгоор нь эргүүлж, амиа егүүтгэхэд хүргэнэ. Зохиол маш товчхондоо ийм. Туужид зохиолын зөрчил гэхээс илүүтэй Жонатаны мартаагүй дурсамж буюу далд ухамсрын ой санамж дахь өнгөрсний тухай мэдрэмжүүд дүрийн үйл хөдлөлийн хөшүүрэг болсон юм..
Амьдралд юу мартагдаж, юу мартагддаггүй вэ?
Энэ асуултад хариулт болгон туужийн тухай хоёр өнцгөөс задлан шинжилж бичлээ. Нэгдүгээрт хам сэдвийн хүрээнд хөндөгдөх дүрийн сэтгэцийн асуудлуудын тухай задлан тайлбарлана. Хоёрдугаарт уншигчдад гойд мэдрэгдэхүйц дүрслэн бүтээсэн хүүрнэх арга барилын тухай өгүүлнэ…
Жонатаныг бүтээхүй
Зохиол ердөө хоёр хэсгээс бүрдэнэ. Жонатаны өнөөдрийг хүртэлх амьдрал болон сүүлийн 24 цагт түүнд тохиолдсон үйл явдал.
Бидний Жонатан тагтаанаас айдаг том хүн болтлоо ямар гээч хүүхэд насыг туулсан юм бол?
Алив уран бүтээлээс үнэн тэмтрэгдэх, үнэн тайлбарлагдаж байхын гоо сайхныг ээ. Тэр үнэн хаанаа байгааг дараах зүйлээр уншигч авхай танд тайлбарлаж болох байх.
Түүний ээж бага байхад нь орхин явсан. Төдөлгүй аав нь ч сураггүй одсон бөгөөд балчир Жонатанд хэн ч энэ бүхний учир шалтгааныг тайлбарлаагүй, цаашид яах ёстойг ч хэлээгүй юм. Ингээд түүний хувьд аюулгүй, амгалан тайван санагддаг асан орчлон ертөнц бүхэлдээ сэвтэн, эвдэрч эхэлжээ. Дүүтэйгээ хоцорсон тэрээр авга ахындаа очиж, тариачны амьдралаар бага насаа элээсэн юм. Авга нь Жонатаныг цэрэгт явахыг шаардав. Үгэнд нь ч оров. Түүнээс цааш манай гол дүр нас биед хүрч, өөрийн гаргасан шийдвэрийн үр, түүнээс үүдэлтэй үйл явдлуудын дунд аж төрнө. Насанд хүрсэн Жонатан ямар шийдвэрүүд гаргасан юм бол?
Жонатаны амьдралыг харвал цэрэгт явах, гэрлэх, Парис явах, түрээсэлж байгаа өрөөгөө худалдаж авах, амиа егүүтгэх гэсэн хэдхэн шийдвэр дунд зохиол өрнөжээ. Тэгээд зогсохгүй цэрэгт явах, гэрлэх шийдвэртээ авга ахынхаа “үгэнд орж” өөрөөр хэлбэл идэвхгүй төлөвөөр хандсан байгааг харж болно. Ингээд л авга ахдаа итгэх, өөр хэн нэгэнд шинээр /эхнэртээ ч юм уу/ итгэх горьдлого найдлага бүр мөсөн унтарчээ. Түүнээс хойш Парист, түрээсийн байрандаа өдөр бүр давтагддаг нэг хэвийн амьдралаар амьдарч, шинэ үйл явдал, шинэ хүн, шинэ тагтаа, ер нь түүний амар тайван байдлыг эвдэхээр ирж буй шинэ бүхнээс зугтаах гэдэг л ганцхан замаар алхсаар. Эцэст нь эдгээр зугталтуудын нийлбэр бол тагтаа, тэгээд амиа егүүтгэх шийдвэр…
Амьдралын хором бүр дахин давтагдашгүй шинж чанартай мэт боловч түүний сонголт, шийдвэр гаргалт бүр үргэлж л давталт байлаа.
“Хүү гутлаа бариад бороонд норсон бүлээн цардмал зам дээгүүр хөл нүцгэн гүйж, тогтоол ус шал палхийлгэн туучиж үгээр хэлшгүй хөхиүн хөгжүүн явсан сан… Орж ирмэгцээ “Ээж лав хоолоо хийж байгаа даа” гэж санаад гал тогооны өрөө рүү чавхадсан ч ээжийнх нь оронд эзгүй хормогч л сандал дээр тохоостой хэвтэж байжээ.”
Патрик Зюскинд зохиолчийн “Тагтаа” туужийн гол дүр Жонатан энэ өдрийг ганц ч хором мартаагүй юм. Магадгүй тэр ээжийнхээ царай төрх, тэр өдөр өмссөн байсан хувцас, бусад зүйлсийг мартсан байж болно. Гэхдээ тэр өдрийн айдас, түүнээс хойш салшгүй дагаж байгаа ганцаардал, түгшүүр Жонатаны дотор оршсоор бидний мэдэх дүрийг бүтээсэн байна. “Ээж лав хоол хийж байгаа даа” энэ өгүүлбэр бол түүний бага байхдаа мэдэрч асан амьдралд ээнэгших мэдрэмж байна шүү дээ. Гэтэл амьдралын түүнд бэлдсэн зүйлс энэхүү бяцхан итгэлийг эмтэлжээ. Ингээд нэгдүгээрт орчлон хорвоо тухгүй, хоёрдугаарт хүмүүст итгэж найдаж боломгүй болж хувирсан. Тийм учраас түүний бүхий л амьдрал энэ өдрийнх шиг. Жонатан дэлхий ертөнц гэдэг айж бэргэм, итгэж боломгүй юм биш биз? гэсэн айдсаар хөтлүүлэн амьдарсан байгаа юм.
Яагаад?
Сэтгэцийн хувьд алив нэг траума яаж ажилладаг вэ? Яагаад бид зарим зүйлийг мартаж чаддаггүй вэ? Нэг талаас нь тайлбарлавал энэ бол бидний өөрсдийгөө хамгаалах инстикт юм. Ямар нэг аюултай , өөрийгөө аварч хамгаалах ёстой тийм нөхцөлд байдалд байна гэсэн дохиог бидний сэтгэл оюун хүлээж авсан бол тэр зүйлийг онцгой ой санамж болгон кодолж аваад амьдралын дараа дараагийн үеүдэд хэрэглэх механизм ажиллана.
Ингэж л зохиолч сонголт, шийдвэр бүрийн шалтгаан, өнгөрсөн дэх үйл явдал хэрхэн дүрийн дотоодод тэмдгэрэн мэдрэгдэж буй хийгээд сэтгэлийн шарх хөндүүрийн өвдөлтийг ер энгийнээр илэрхийлэн бичжээ.
Жонатаны үйл хөдлөл, хариу үйлдлүүдээс дүгнэвэл тэрээр дараах хэд хэдэн хавсарсан сэтгэцийн эмгэгийн зовуурьтай болох нь ажиглагддаг.
- Ерөнхий түгшүүрийн эмгэг (Generalized anxiety disorder)
- Обсессив-компульсив эмгэг (OCD tendencies)
- Невротизм (Neurotic personality structure)
- Экзистенциал хямрал (Existential crisis)
Бага балчир наснаас нь хойш эдгэж амжаагүй сэтгэлийн шархан дээр ер амьдралын энгийн үйл явдлууд тохиоход хэрхэн өвтгөж байгааг зохиолч маань өгүүлсэн байна. Түүнчлэн бага насандаа олсон сэтгэлийн гэмтэл өөр бусад эмгэг зовуурийг үүтгэж байгааг төдийгүй тэдгээр өвчнүүдийн хавсарсан шинжийг нарийн уялдуулж дүрсэлсэн нь тун чиг чимхлүүр ажил ажээ..
Зохиолч өөрөө Жонатаны дүрээр зохиолд оршин байна гэхэд хилсдэхгүй. Жонатаны бүхий л мэдрэмж, бодол, дурдатгалын хэлбэр дүрс бүтцийг дотно гаднагүй дүрслэн илэрхийлсэн байна.
Патрик Зюскинд нь 1949 онд Германы Мюнхений ойролцоох Амбах хотод төрсөн. Тэрээр Парис руу нүүхээсээ өмнө Мюнхений их сургуульд дундад зууны болон орчин үеийн түүхийн чиглэлээр суралцжээ. Түүний анхны жүжиг 1980 онд бичигдсэн “The Double Bass” нь олон улсад амжилт олоод байсан ба Герман, Швейцар, Эдинбургийн фестиваль, Лондон, Бруклины театрт тоглогдсон. Зюскиндийн анхны тууж болох “Үнэртэй Ус” нь олон улсад алдартай бестселлер болсон ба “Сүрчиг: Алуурчны түүх” зохиол нь кино бүтээл болж Европ болон олон улсын нэр хүндтэй кино наадмуудаас олон шагнал хүртсэн билээ. Патрик Зюскинд 1985 онд “Үнэртэй ус” хэмээх анхны романаа хэвлүүлсэн нь Германы уран зохиолын оньсого мэт гайхамшигт бүтээл болсон хэдий ч уран зохиолын салбараас алга болсон юм. Тэрээр 1996 оноос хойш роман бичээгүй ч түүний бүтээл “орчин үеийн уран зохиолд дахин давтагдаагүй өвөрмөц төлөөлөгч” хэвээр байна. (Le Figaro) Түүний “Тагтаа” тууж нь зохиолчийг дэлхийн уран зохиолд дахин нэг таниулсан бүтээл. Тэрээр мөн “Ноён Зуны Түүх”, мөн Германы Кир Рояал телевизийн алдартай цувралын хамтран зохиогч юм.
Зохиолыг бүтэн бүлээн болгохуй
(Зюскиндын овжин арга барил)
Зохиол орон зайн хувьд Жонатаны умгар өрөө, тэндээс ажил хүртэлх гудамд, цаг хугацааны хувьд хорин дөрвөн цагт өрнөж тагтаа гарч ирснээс бусдаар онцлох өрнөлгүй уг туужид сэтгэцийн гэмтэл зовуурь бүхий дүрийн дотоод мэдрэмж, эргэцүүллүүд нь уншигчийг өвөрмөц уур амьсгал, орчинд аваачиж байна. Энэ талаараа Эдгар Аллан По, Сартр, Кафка зэрэг зохиолчдын бүтээлүүдтэй төсөөт хэв шинжтэй сюрреал зохиол гэж тодорхойлогддог бөгөөд бодит байдал болон сэтгэл түгшүүр, хямралын хийсвэр нөхцөл мэдрэмжийг холбон нарийн дүрслэн гаргасан. Зарим талаар энэхүү бүтээлийг Кафкаеист гэж тодорхойлох нь бий. Ийн тодорхойлоход хүргэж байгаа шинжүүдийн нэг нь сюрреал байдал.
Хачиг жигтэй, далд ухамсрын шинжтэй, орон зай, үйл явдлын логик дарааллаас хальсан өгүүлэмжүүдийг туужаас харж болно. Мөн бүх бодол шийдвэрийнхээ хувьд гадаад ертөнцөөс вакум орчинд байж, амьдрал, оршихуйн утга учрыг эрж, тэр утга учрыг өөрөө өөртөө оноох, өөрийнхөө сонголтоор өөрийгөө бүтээх хариуцлага, айдас, ганцаардлын мэдрэмж эргэцүүллүүд бүхий экзистенциал зохиолын хэв шинж ажиглагдана.
Зохиолд тагтаа, жижүүр эмэгтэй Рокард, гудамжны эр, оёдолчин хадагтай Топель, банкны ажилчид, захирал ноён Редель зэргийн туслах дүрүүд гарна.
Эдгээр дүрүүд бүгдээрээ Жонатаны сэтгэл зүйн өөр өөр талуудыг, өөр өөр төлөв байдал хариу үйлдлүүдийг нээн илрүүлж байгааг ажиглаж болно. Мөн тусдаа дүр болж хөгжсөн төдийгүй, Жонатан өөрөө мөн.
Үнэнийг хэлэхэд тус зохиолд гарч байгаа туслах дүрүүд бараг харилцан яриа өрнүүлэхгүй, тэдний талаар дэлгэрэнгүй мэдээлэл байхгүй. Зөвхөн Жонатанд төрүүлэх мэдрэмж сэтгэгдлээр тодорхойлогдсон хүмүүс. Гэвч уран сайхны дүрийн хувьд бие гүйцсэн гэж хэлж болохуйц, өөрийн гэсэн хэв шинж, зан байдал, үйл хөдлөл бүхий бүрнээ бүтэн, бүлээн амьтай урлагджээ. Зохиол дахь туслах дүрүүдийн гойд амьд шинж чанарыг ядмаг уншигч миний бие үнэндээ гайхан Зюскиндээс сурч болох тэрхүү арга барилыг тодорхойлон шинжлэхийг хүссэн юм.
Жонатан бусад хүмүүсийн тухай гэхээсээ тэдгээр хүмүүсийн өөрт нь мэдрүүлж байгаа хачин жигтэй мэдрэмжүүдэд илүү анхаарал хандуулдаг.
Эндээс зохиолын арга барилын тухай нэгэн зүйл санаа урган гарч ирсэн юм. Өнөө асуултаа ахиад тавьцгаая. Уншигчид юуг мартахгүйгээр, гүн гүнзгий хүлээж авдаг вэ? Хүний ой ухамсар хэлсэн үг, орчин, хувцаснаас илүүтэй “мэдрэмж”-ийг мартахгүйгээр хадгалж авдаг тухай дээр дурдсан шүү дээ.
Тэгэхээр зохиолчийн хэрэглэсэн арга бол “Internal focalization”. Энэ бол уран зохиол дахь өгүүлэмжийн онолын нэг хэсэг юм. Focalization хэмээх ойлголт нь зохиолд гарч буй алив мэдээллийг хэний өнцгөөс тайлбарлах вэ гэдгээр тодорхойлогддог арга барил. Уг ойлголт, нэр томьёо Францын нэрт утга зохиол судлаач, өгүүлэмжийн онолыг дараагийн шатанд хөгжүүлэгчдийн нэг Жерар Женетт-ийн 1972 онд хэвлэгдсэн Figures III бүтээлд дээр тодорхойлогдсон байдаг. Дундад зууны үеийн романтизм, реализм төлөөлөгчид болох Жейн Остин, Ф.М. Достоевский, Лев Толстой нар гадаад орчныг дүрийн дотоод айдас, эргэлзээгээр дамжуулан дүрсэлсэн байдаг. Энэхүү интернал фокализешн internal focalization аргыг Модернизмын үеийн төлөөлөгчид болох Виржиниа Вулф, Жеймс Жойс, Марсель Пруст нарын зохиолчид бүтээлүүддээ мөн хэрэглэсэн байгаа юм. “Бодлын урсгал”-ын хэлбэр бол internal focalization-ий нэг хэсэг билээ.
Тэгэхээр “Тагтаа” туужид туслах дүрүүдийг internal focalization аргаар буюу гол дүрийн мэдрэмж, сэтгэл хөдлөлөөр тайлбарлахад уншигчдад тэрхүү дүрийн талаар ер бусын тод дүрслэл бууж байгаа юм.
Тэгвэл туслах дүрүүдийн тухай дүрслэлүүдийг харцгаая.
Тагтаа
Олон арван жилийн турш айж бэргэж, өөрийгөө хамгаалах гэж оролдсон тэр оролдлогын бэлгэ тэмдэг. Өөрөөр хэлбэл итгэж найдаж боломгүй гадаад ертөнцийн “ичгүүр сонжуургүй, нэвт цоргисон, дэндүү ил шулуун” бүх л мэдрэмжийн хуримтлагдсан хэлбэр нь,
“Ямар ч гал цог, гялбаа, амьдын шинжийг илтгэх өчүүхэн төдий боловч оч тэр нүдэнд алга. Ерөөсөө л харцгүй хоосон тэр нүд Жонатаныг таг гөлөрнө.” /15, 16-р хуудас/
“…нэг л аймшигтай санагджээ” “Толгой дээр нь хадсан товч аятай, хөмсөг, сормуусны ором ч үгүй нүв нүцгэн, гадаад ертөнцийг ичгүүр сонжуургүй нэвт цоргисон, дэндүү ил шулуун, тэгсэн атлаа цаанаа л нэг ов зальтай, ахиад нэг харах нь ээ, ил шулуун, ов зальтайн аль нь ч биш, ердөө л гадаад ертөнцийн гэрлийг хураан цуглуулж авахаас бус дотроосоо юу ч түгээн цацруулдаггүй, камерын дуран шиг амьгүй харагдах ажээ, тэр нүд. Ямар ч гал цог, гялбаа, амьдын шинжийг илтгэх өчүүхэн төдий оч тэр нүдэнд алга. Ерөөсөө харцгүй хоосон тэр нүд Жонатаныг гөлөрнө.” (Патрик Зюскинд, “Тагтаа”,1987)
Жижүүр эмэгтэй Рокард
Энэ эмэгтэйн дүр бол ялангуяа бусад дүрүүдээс багахан урт гарах бөгөөд бодит байдал дээр жижүүрийн ажлаа л хийсэн мэт боловч зохиолд маш онцгой үүрэгтэйд уншигч авхай санал зөрөхгүй болов уу
“Өдөр тутам түүнтэй таардаг, таньдаг, өдөрт дор хаяж хоёр удаа нэрэлхэж халиралгүй хардаг хүн бол гагцхүү хадагтай Рокард. Тиймээс энэ эмэгтэй түүнийг ямар хувцас өмсөж яваа, долоо хоногт цамцаа хэдэн удаа сольдог, үсээ угаасан эсэх, оройн хоолондоо юу авчирсан, захидал шуудан авсан эсэх гэхчлэн амьдралынх нь нарийн ширийн бүхнийг мэднэ. Тэгээд л дээр хэлсэнчлэн хадагтай Рокардад хувь хүнд нь дургүйцсэн зүйл огт үгүй ч гэлээ, эрээ цээргүй хардаг нь хэрэгт дурласан биш ажил үүргээ ухамсарласных гэдгийг ухааравч эл харц үггүйгээр өөчилж, гоочлоод байх шиг санагдан энэ олон жилийн дараа ч хадагтай Рокардын дэргэдүүр өнгөрөх бүрд түүний дотор уур бухимдлын гал дүрсхийдэг хэвээр. Үлийгээ хийгээд над руу ширтээд унав аа? Энэ авгайд үргэлж хянаж шалгуулдаг ямар гээч үйлийн үр вэ…”
Гудамжны эр
“…Гучин жилийн өмнө энэ нөхрийг анх хараад атаархан Цухалдсанаа Жонатан саналаа. Юунд ч санаа зовохгүй амьдарч буйд нь атаархсан юм. Жонатан өдөр бүр 09:00 цагаас ганц ч минут хоцрохгүй ажлаа эхэлж байхад тэнүүлч эр арав юм уу арван нэгийн үед сая нэг үзэгдэнэ. Жонатан өөрт хамаагүй банкийг хамгаалахын төлөө амь насаараа дэнчин тавин цаг өдөр, сар жилийг элээж, ийнхүү хөлсөө дуслуулж олсон хэдээрээ амьдрал ахуйгаа залгуулдаг бол энэ хүн малгай руу нь бэлэн мөнгө шидээд өгдөг хүн зоны өрөвч нинжин сэтгэл, өглөгч занд бүхнийг даатгаад гар хумин алхайж сууна. Санаа сэтгэл гундуу явна гэж үгүй. Өглөг цуглаж шалиагүй, малгай хоосон өдрүүдэд ч ялгаагүй. Ер санаа зовох, айж түгших, ядаж уйтгарлаж ганцаардахыг ч мэддэггүй гэлтэй. Дургүй хүрэм өөртөө итгэлтэй байдал, байгаадаа сэтгэл хангалуун шинж зориуд гайхуулаад байна уу гэлтэй эрх чөлөөний гэрэл туяа түүнээс хэзээ ямагт цацарна.
Тэгтэл нөгөөх нь замын цаад талд байрлуулсан хоёр машины дунд хүндэрч харагдах нь тэр… Юутай ч жишимгүй ой гутам, арчаагүй, айдас хүрэм тэр дүр зургийг зэрвэсхэн санах төдийд одоо хэр Жонатаны нуруу зарсхийдэг юм…”
Хадагтай Топель оёдолчин
“Хадагтай Топель ажлын байрандаа үнэхээр байна шүү.Машиныхаа ард юм оёж суугааг нь Жонатан хүнсний барааны тасгийн хаалган дээр ирмэгцээ харжээ. Тийм ээ, хадагтай Топель үнэхээр итгэл даах хүн юм. Бүр үдийн завсарлагын үеэр хүртэл ажиллаж, чанартай, хурдан шуурхай үйлчилж байгааг нь харагтун.
Өмднийх нь гурвалжлан оглорсон уранхайг сөхөж нэг, эвлүүлж нэг үзэх хадагтай Топелийн могжгор хуруу гуяных нь арьсанд мэдрэгдсэнийг ч хэлэх үү, дотор муухайрах шиг болсныг яана.”
Эдгээр дүрүүдийн тухай ямар мэдрэмж төрж байна вэ?
Болсон үйл явдлыг хүн мартдаг ч мэдрэмж бол далд ухамсрын түвшинд амьдралын дараа дараагийн үеүдэд бидний өөрийгөө хамгаалах инстиктийг ажиллуулах код болдгийг эхний хэсэгт тайлбарласан билээ. Хүн далд ухамсрын түвшиндээ юуг мартдаггүй вэ гэдгийг зохиолч нарийн мэдэрсэн. Тэгэхээр тэдгээр дүрүүд бол өнгөрсөн амьдрал, одоо туулж буй зүйлс, диалоги, өөр ямар ч илүү дутуу мэдээлэл шаардлагагүйгээр уншигчдад хангалттай хэмжээнд зураглагдан хүрсэн шалтгаан бол зохиолч зохиолоо бичихдээ энэ л сэтгэл зүйн аргыг хэрэглэсэнд байгаа аж.
-
Энхчимэг
- 10/07/2025
Амьдралд юу мартагдаж, юу үл мартагддаг вэ?
Орчин цагийн хамгийн нууцлаг зохиолч гэгддэг Патрик Зюскиндын "Тагтаа" туужийг Болорсудар хэвлэлийн газар монгол хэлнээ орчуулан уншигчдад хүргэсэн билээ. Туужийн…
Раймонд Карвер “Сүүдрэвч” өгүүллэг
- 09/30/2025
Бүүкэрийн “морьд” эргэлээ
- 09/30/2025
Талх хэмээх үгийн учир
- 09/27/2025
Муу номыг хэрхэн таних вэ?
- 09/16/2025

Leave a Reply