Press ESC to close

Усны ГудамжУсны Гудамж Бичээчийн Хөгжих Талбар

Таван хурууны тэмдэглэл – Синдром Арт Шоу

Өнгөрөгч есдүгээр сарын 27-нд Синдром Арт-Шоу “Густав Климтийн алтан үнсэлт” сэдэвтэйгээр гурав дахь удаагаа зохион байгуулагдсан билээ. Усны гудамж уг шоуг таван хуруугаар үнэллээ.

 

Ө.Сумъяа (Чигчий хуруу) 

Мэдээллийг амь оруулахуй 

Аж амьдрал гэдэг бидний хувьд маш олон эмх цэгцгүй мэдээлэл, тэдгээр мэдээллээс аяндаа ялгарах эв хавгүй их дуу чимээ, тамирдам амьдралын хэмнэл л болж хувирчээ. Одоо урлаг биднийг энэ нөхцөлөөс түр ч болов авардгаараа бурхан болов. 

Синдром арт шоу “цэвэр” хөгжмийн эгшгээр эхэллээ. Нийгэм, гадаад орчноос биднийг бүрэн чөлөөлж алслах хөгжим. Оюун санаа, төвлөрөл нэгэнт тэрхүү алтан өнгөөр шиврэх дижитал арт руу бүрэн шилжих мөчид л лекцийг унших урлаг судлаач М.Амина тайзнаа гарч ирнэ. Гарч ирсэн мөчөөсөө эхлээд шоу дуусан дуустал биднийг анх сонссон хөгжмийн нөлөөнөөс гаргалгүй дуу хоолой, эмоци, харцаараа барьж, удирдан чиглүүлэв.

Орчин үеийн хүн их мэддэг байх дуртай. Их мэдсэн зүйлс нь эмх цэгцгүй байх тусмаа өөрт нь төвөг удна гэдгийг хүлээн зөвшөөрөх ч дургүй болсон. Ийм нийгэмд мэдлэгийг ситемтэй сорчилж аваад авсан мэдээллээ өөрөөрөө дамжуулан амьдруулж хүнд хүргэдэг хүмүүс хамгийн үнэ цэнтэй. Урлаг судлаач Аминагийн лекц яг энэ чанараараа бусдаас ялгарч байна. Халуун амьтай, оюун ухаан, сэтгэл зүрхээрээ шүүсэн, сонсогч хүмүүсээ мэдэрсэн мэдээлэл. Сэтгэл хөдлөм түүх. Утга учир. 

Түүнчлэн урлагийн онгодыг урлагаар сэдрээж, Климтийн уран бүтээлээс монгол уран бүтээлчид юу мэдэрч, юу илэрхийлж чаддагийг харуулсан нь үдшийг улам онцгой болгов. Климтийн зургийг балетаар, хөгжмөөр, дижитал урлагаар, засал чимгээр,  залуу уран бүтээлчдийн зургаар, өмссөн хувцасныхаа загвар, нүүр будалтаар хүртэл илэрхийлэн гаргажээ. Тэр дундаа Тройцкийн сүмийн найрал дуу, Nomadic ballet production-ийн үзүүлбэрүүд бүхий л мэдрэхүйг сэргээх шиг боллоо.

 

Э.Доржсүрэн (Эрхий хуруу)

Бид угаасаа гялгар улс хойно 

 Синдром Арт шоуг санаачлан зохион байгуулагчдад эрхий хурууны үнэлгээ өгмөөр. Харин нийгмийн олонхын алив урлагийг таашаах үзэл хандлагад чигчий хуруу гозойлгомоор байна.

Синдром Арт Шоуг үзэж суухад эдүгээ уран бүтээлчид алив мэдлэгийг мэдэхээс илүү хүртээх нь хамгийн том асуудал болж байгаа нь анзаарагдаж байлаа. Өнөөдөр Густав Климтийн тухай өнө яриа өрнүүлье хэмээгээд хүмүүсийг нэгэн даруухан танхимд ирэхийг уривал хэн ч зорьж ирэхгүй. Гагцхүү “синдром” болгож, дуулиан шуугиан тарьж, чи л тэр шоунаас хоцрох гээд байна гэсэн сэтгэгдэл төрүүлж гэмээ нь арай олон хүн ирнэ. Өнөөдөр бидэнд агуулга бус хэлбэр машид чухал гэдгийг шоуг зохион байгуулсан уран бүтээлчид овжин анзаарчээ.

Шоу хангалттай мэдлэг түгээж чадсан. Густав Климтийн амьдрал, уран бүтээл, уран бүтээлийн хам сэдэв буюу эртний Грекийн домог, зураачийн амьдарч асан нийгэм гээд л өргөн мэдлэгийг тус шоунаас хүртэж болох байв. Гэхдээ анхнаасаа л “гялгар” юмс үзэхээр ирсэн хүмүүс шүү дээ. Ерөөс зүүн баруунаараа солилцож буй мэт. Шоуг тийм хэлбэр, хэмнэлтэйгээр дэглэснээрээ үзэгчдийг татаж чадсан ч үзэгчид илүү гүн агуулга хүртэх боломжоо өөрсдөө үгүй хийв. Тиймдээ ч шоу дуусахад ярилцсан бол, асуулт асуусан бол гэж бодлоо. Одоо яая гэх вэ, ард түмэн минь. Бид нэгэнт л гял цал юмс шүтдэг хойно. Танхим дүүрэн улс дундаас Густав Климтийг лавшруулан судлах нь хэд бол?

 

С.Энхцэцэг (чигчий хуруу)

Нэг дөрвөлжин

Синдром Арт Шоунаас дөрвөлжин дүрс миний сэтгэлд үлдсэн юм. Климтийн зургийн нэгэн элемент ийшээ тийшээ гүйн намилзаж нэг томрон нэг жижгэрч, эсвэл салхинд хийсэж, бүр амьсгалж, хаа нэг тийшээ яарна… Дэлгэцээр үзүүлэх зургийн тэр дөрвөлжингүүд бүгд өөрийн гэсэн зан характертай, өөрийн гэсэн хувийн амьдралтай, хүрэх газартай мэт. Тийм амьд ямар нэгэн зүйл энд шоунд байлаа. 

Урлагийн тухай, урлагийн түүхийн тухай урт урт тайлбар, онолыг хэрхэн урлаг мэт хүргэх вэ? Товчхондоо энэ орой бол Густав Климтийн түүх, урлагийн түүхийн тухай хэдэн цагийн лекц. Гэхдээ лекц нь лекц биш. Зураг нь ч зураг биш. Дүрс нь дүрс биш. Дижитал урлаг, перформэнс, холимог урлагийн цохилдлого дээр дэглэсэн уран бүтээлчийн хязгааргүй чөлөөт сэтгэлгээ энэ оройн гол амт нь. Урлаг судлаач тайзан дээр гарч ирсэн мөчөөс үзэгчид өөрийн эрхгүй лекц сонсогчид биш, ердөө тайзны урлагийг хүртэн мэдрэгсэд болон хувирна. 

 

Д.Номин-Эрдэнэ (эрхий хуруу)

Эшлэл: Климт хүний дотоод сүнслэг байдлыг шашны хил хязгаараас ангид, урлаг ба гоо зүйн мэдрэмжээр илэрхийлэхийг зорьсон мэт. Түүний энэ үзэл санааг Синдром арт шоу дэглэлт болон уран сайхны шийдлээрээ дамжуулан цогцлоож, үзэгчдийг мэдрэмжээр дамжуулан мэдлэгт хөтөлж чаджээ.

Гоо зүйг шашинчлахуй

“Синдром Арт Шоу” гурав дахь удаагаа зохион байгуулагдаж, Монголд дэлхийн сонгодог уран бүтээлчийн уран бүтээл, үзэл санааг урлагийн хэлээр ойлгуулахыг зорьсон нь энэ шоуны гол онцлог байв. Энэ удаад уран бүтээлч М.Аминаа Австрийн зураач Густав Климтийн алтлаг ертөнцөд Монгол үзэгчдийг хөтлөн оруулж, бодол мэдрэмжийг хөглөн, уран зургийн философийг лекц биш, урлагийн хэмжээнд илэрхийлэхийг зорьсон нь үнэхээр л уран бүтээлч хүн гэдгийг нь илтгэж байлаа.

Шоуны уур амьсгал эхнээсээ цэгцтэй, зохион байгуулалт сайтай байсан ба үзэгчдийг Климтийн уран бүтээлтэй холбох үүднээс тайзны өнгө, гэрэл, дүрслэл, хувцаслалтад хүртэл сэдэвчилсэн уялдаа бий болгосон байв. Мэдиа арт хэсэгт Климтийн зургууд хөдөлгөөнтэй болж, хөгжмийн хэмнэлтэй нийцэн амьдлаг мэдрэмж төрүүлсэн нь технологи болон урлагийг хослуулсан сонирхолтой шийдэл байлаа. Хоёрдугаар хэсэгт Климтийн “Үнсэлт” зургийг хөгжмийн болон бүжгийн хэлбэрт хөрвүүлсэн нь онцгой байсан ба бүжиг, хөгжим, гэрэл гурвын зохицол нь үзэгчдэд Густав Климтийн “Үнсэлт”-ийг бэлэглэсэн юм.

“Синдром Арт Шоу” бол Монголын урлагийн орон зайд шинэ өнгө, шинэ хэмнэл авчирсан шоу юм. Урлагийн боловсролыг лекцийн тавцангаас халиаж, урлагийг үзэгчийн мэдрэмж, бодол, зүрхэнд хүргэсэн бүтээлч шийдэл нь нийгмийн гоо зүйн боловсролд чухал хувь нэмэр оруулах нь дамжиггүй.






Таван хурууны тэмдэглэл – Синдром Арт Шоу

Өнгөрөгч есдүгээр сарын 27-нд Синдром Арт-Шоу "Густав Климтийн алтан үнсэлт" сэдэвтэйгээр гурав дахь удаагаа зохион байгуулагдсан билээ. Усны гудамж уг…

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Ut elit tellus, luctus nec ullamcorper mattis, pulvinar dapibus leo.
John Doe
Designer

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

@Katen on Instagram
[instagram-feed feed=1]