Press ESC to close

Усны ГудамжУсны Гудамж Бичээчийн Хөгжих Талбар

Монголын кино урлагийн 90 жилийн ойд зориулав

1935 оны 5 дугаар сарын 1-ний өдөр “Ард” кино театр нээлтээ хийсэн бөгөөд эл өдрийг “Монголын киночдын өдөр” болгон жил бүр тэмдэглэхээр тогтжээ. Энэ жил Монгол Улсад кино урлаг үүсэж хөгжсөний 90 жилийн ойн баяр тохиож байна. Энэхүү түүхэн ойд зориулан СГЗ, урлаг судлаач, сэтгүүлч, Дэмчигдоржийн Мягмарсүрэн “Үндэсний кино зохиолын шинэ эргэлт” хэмээх нийтлэл бичсэнийг Усны гудамж сайт уншигчдадаа хүргэж байна. Кино урлагт хайртай хүн бүхэнд зориулав. 

ҮНДЭСНИЙ КИНО ЗОХИОЛЫН ШИНЭ ЭРГЭЛТ-ЧИМИДИЙН ГОМБО

Тэртээ 197О оны хавар сан… “Анхны алхам” киног анх үзээд тун сонин мэдрэмж төрж билээ. Урьд өмнө үзэж байсан монгол кинонуудаас зохиомж ,өгүүлэмжээрээ тэс өөр… Ахуй орчин нь бодит амьдралд тун ойр, үйл явдал гээд байх юмгүй атлаа ганц майхан тойрсон хэдэн өвгөчүүл, хадланчдын хоорондын харьцаа, диалог яриа нь уйдаахгүй өөрийн эрхгүй сонирхол татаж, тэдний дунд өрнөх үйл явдал нь сэтгэл хөдөлгөсөөр уг кино төгсдөг сөн. Ямартай ч монголын кинонд шинэ нэгэн өөрчлөлт гарлаа даа гэж бодож явлаа.

Үүнээс хойш хэдхэн жилийн дараа “Анхны алхам” киноны зохиолчтой сэтгүүлчийн хувьд уулзах завшаан гарч билээ. 1977 оны намар цаг байсан шиг санагдана. Би Монголын Радиогийн уран зохиол, соёлын редакцаасаа утасдаж, зохиолчтой болзоод гэрт нь очихоор болов. Тэднийх тэгэхэд, Толгойтын тэр хавийн Таван шар гэгдэх байшингуудын нэгэнд нь сууж байсан шиг санагдана. Хаалгыг нь тогшиход нүдэнд дулаахан, ялимгүй инээмсэглэсэн, зөөлөн аядуу зантай болов уу гэмээр даруугаас даруухан, дөлгөөн сайхан хүн хаалгаа нээсэн нь Чимидийн Гомбо гуай байлаа.

Нэрт зохиолч, найруулагчийн анхны энэ дүр төрх тодоос тод миний сэтгэлд мартагдахын аргагүй мөнхөд үлдсэн юм. Хожим З жилийн дараа эрхэм энэ зохиолчийнхоо “Гэрлэж амжаагүй явна” киноны редактораар ажиллах хувь надад тохиож, киног бүтээх ерөнхий найруулагч Ж.Бунтар, ерөнхий зураглаач Б.Балжинням хоёрын хамт зураг авах газраа судлахаар гурвуулаа 1980 оны тэр нэгэн намар Дархан, Шарын голын зүг хөдөлж билээ.

Ч.Гомбын кино зохиолын онцлог буюу кино урлагт гарсан шинэ эргэлт

Ч.Ойдов, Л.Ванган зэрэг жүжиг, киноны цуутай зохиолчид маань тэнгэрт хальснаас хойш монголын тайз дэлгэцийн урлагийн ертөнц зохиолын хувьд өрхийн тэргүүлэгчээ алдсан мэт өнчрөөд байж билээ. Харин 1960 оны сүүлч 1970 оны заагт, “Анхны алхам” гэдэг кино гарсан нь үзэгчдийн сонирхлыг гойд татаж, улмаар монголын кино урлагийн нэгэн шинэ содон үзэгдэл болж байв. Ганц майхан тойрсон цөөн хэдэн хүн, тэдний сэтгэлээс үзэгчид өөрсдийгөө танин мэдэж цаг үе нийгмийн өргөн хүрээтэй асуудал, тэрчлэн хувь хүний үүрэг хариуцлагын тухай бодоход хүргэсэн уг бүтээл, чухамдаа манай үндэсний киноны зохиолд эргэлт гаргаж, уран бүтээлийн шинэчлэл авчирсан юм. Ийнхүү монголын кино зохиолд эрс өөрчлөлт хийсэн цаад эзэн нь Чимидийн Гомбо гуай байлаа. 

Тэрбээр монголын киноны зохиолын хэвшмэл өгүүлэмж, загвар дүрийг эрс өөрчилсөн юм. Урьдах кино зохиолуудад ихэвчлэн үйл явдал тоочиж хүүрнэсэн өгүүлэмж зонхилдог байв. Харин Ч.Гомбо гуайн кино зохиолд үйл явдал бус хүний оюун санаа, зан төрх, ахуй орчин голлох болсон, өөрөөр хэлбэл, энэ нь монгол киног хүний сэтгэлийн гүнд хандуулсан хэрэг. 1960 аад оны орчин үеийн кинонд ажиглагддаг гэнэндүү, үнэмшлээр сул баатруудыг амьдралд ойр, өөрийн гэсэн үзэл бодолтой Ч.Гомбо гуайн ухаалаг дүрүүд халсан юм. “Анхны алхам”-ын оюутан Мядагмаа/Б.Цэцэгбалжид/, буриад өвгөн Базар/С.Цэрэндаш/, “Моторын дуу”-ны моторчин Ганаа/Н.Батцогт/, Өлзий/Д.Хишигдулам/, “Хань” киноны Наран/Н.Сувд/ арслан Дэндэв/С.Гэндэн/ гээд бусад олон баатруудыг үзэгчид дотноор хүлээж авч, эдүгээ хүртэл хайртай байдаг. 

Ч.Гомбо гуайн бүтээлд бас өтгөс буурал, ахмад үеийнхний алтан сургаал, тэдний үгийг сонсох асуудал чухал байр эзэлж, ер нь зохиолынх нь нэвтрэн гарах санааг тодорхойлж байдаг онцлогтой. Үүгээрээ Ч.Гомбо гуай манай үндэсний кинонд “Монгол өвгөд”-ийн тухай философи, сонирхолтой гүн санааг дэвшүүлсэн юм. “Анхны алхам” киноны өвгөн Базар/УГЖ Цэрэндаш/, “Хань” киноны арслан Дэндэв/АЖ С.Гэндэн/, “Моторын дуу” киноны хоньчин, улсын аварга малчин/УГЖ Осор/, “Баянбулагийнхан” киноны буриад өвгөн, бас “Эзэнгүй айл” киноны өвгөн Гүрсэд гээд үзэгчдийн сэтгэлд хоногшиж мөнхөрсөн олон ухаалаг буурлууд бий. 

Бас Ч.Гомбо гуай монголын кино урлагт дүрсээр харж сэтгэх кино зохиолын өвөрмөц онцлогийг гаргууд нээсэн юм. Иймээс түүний зохиолын баатрууд нь олон юм ярьж нуршаад байдаггүй, харин тэдний дуугай дүр төрх, үйл хөдөлгөөн, аль эсвэл ахуй орчин, байгаль кино драматургийн уран сайхны элемент шижим болж дүрүүдийн сэтгэлийг нээх яруу хэрэглүүр болдог. Чухам энэ нь монголын кино зохиолд гарсан шинэ үзэгдэл хувьсал байлаа. Тухайлахад, “Анхны алхам” киноны хадланч залуу Болдоо/Ч.Хүрлээ/ оюутан бүсгүйд сэтгэлээ илчилж нэг ч үг хэлдэггүй атлаа нууцхан хайраа шингээн “Хунгийн сийлбэр” урлаж буй түүний дүр төрх, дуугүй байдал нь киноны өвөрмөц нэгэн уянгын аяс болж байдаг. Ч.Гомбо гуай киноны дүрслэл хэлийг зохиолдоо бүтээлчээр ашиглахын үлгэрийг харуулсан бас нэг жишээг дурдахад “Анхны алхам” кинонд шувууны гурван өндөг оюутан бүсгүйн хүсэл сэтгэлийг бэлгэдсэн уран шигтгээ /деталь/ болж байхад “Моторын дуу ” кинонд хэнд ч үл анзаарагдах боксын бээлий, аль эсвэл фото гэрэл зургууд баатруудынхаа зан төрх, сэтгэлийг тодосгох дүрслэлийн өвөрмөц шийдвэрлэл болжээ. Тухайлахад моторчин хүү Ганаа хүүгийн бээлийгээр хоньчин өвгөн/УГЖ Осор/-ий сэтгэлийн сайхныг нээж, кино зохиолынхоо хошин шог өнгө аясыг чимсэн байдаг. Гэрэл зургийн хувьд, угтаа баатруудын оюун сэтгэхүй, хоорондын харилцаа, өгүүлэмжийн өрнөл, тайлалд уран сайхны шигтгээ болж гүнзгий санааг илэрхийлдэг. Жишээлэхэд, хэдүйгэээр Өлзий дотроо дөлгөөн даруухан зантай Ганаа хүүг таалах авч, гагцхүү моторчин энэ залуугийн өрөөнд байх үл таних эмэгтэйн гэрэл зураг, түүний омог бардам сэтгэлийг нь хөндөж битүү хардлагыг төрүүлэх шалтаг болсон байдаг. Тэгээд ч санамсаргүй тохиолдлоор ээж нь уг зургийг шүүгээн дээрээс авахад:- “…хүний үнэ цэнтэй юмаар оролдоод яахнав” гэж Өлзий охин ээждээ хэлэхэд:

-“Зүгээр…зүгээр миний эгчийн зураг. Болгарт сурдаг юм” гэсэн Ганаагийн хариу Өлзийгийн сэтгэлийн эргэлзээг тайлж өгдөг. Энэ мөчөөс хоёр залуу ойртон дотносож, киноны үйл явдлын нэгэн сэжим тайлагдаж өрнөдөг. 

Ер нь Ч.Гомбо гуай жижиг зүйлсээр/деталь/томоохон далайцтай асуудал хөндөх, эргэцүүлж бодуулах, тэдгээрийгээ метафор, символик, уран зүйрлэл, бэлгэдэл болгож хувиргах түүний чадвар нь монголын кино зохиолд нээлт хийсэн юм. Бөхийн зодог шуудгаас үүдэн монголын үндэсний зан үйл, өв уламжлалын асуудлыг “Хань” кинондоо тун хурцаар дэвшүүлсэн байдаг. Үндэсний уламжлал, үндэсний бахархалд тун болгоомжтой ханддаг байсан тэр хатуу цагт, энэ нь Ч.Гомбын хувьд тун зоригтой алхам байв. Орчин цагт шүүгээний нүдэндээ эхнэр хүүхний хувцастай хамт монгол эрийн хийморийн бэлгэдэл бөхийн зодог шуудгаа хүү нь хийсэн нь Дэндэв арслангийн уурыг хүргэдэг. Хүүгээ зэмлэсэн/АЖ С.Гэндэн/ түүний ширүүн харц, уур уцаар нь ганц үрдээ төдийгүй, чухам цаад утгаараа, монгол өв соёл, үндэсний уламжлалаасаа бэргэдэг тухайн цаг үеийн нийгэмд хандсан өвгөн буурлын чин сэтгэлийнх нь бухимдал, цухалдал байлаа.

Ер нь нийгэм, амьдралаас урган гарсан хурц асуудлыг тойролгүй орчин цагийн эмзэг сэдвийг уран сайхны кинонд тусгах гарааг Ч.Гомбо гуай эхэлсэн уран бүтээлчийн нэг юм. 21-р зууны босгон дээр тэрбээр өөрийн иргэнлэг үзлээ шингээсэн, мөн л нийгмийг асуудлыг хурцаар дэвшүүлсэн “Эзэнгүй айл”/1996/ гэдэг зохиолоо бичсэн нь монголын телевизийн урлагт гарсан анхны олон ангит туурвил болсон юм. Ингээд бодоход Ч.Гомбо гуайн монголын кино урлагт оруулсан хувь нэмэр цаглашгүй юм. Баримтат кино гэхэд л “Их говийн айл” бүтээлээрээ аль 1970 аад онд бодит байдлыг уран сайхны дүрийн хэмжээнд анх удаа харуулсан. Үүгээрээ амьдралыг гоёчлон харуулах, тухайн цаг үеийн үзэл сурталжсан арга барилыг үндсээр нь халах бололцоотойг нотолсон. Өөрөөр хэлбэл, баримтыг байгаагаар нь харуулж, эгэл жирийн үзэгдэл, бор амьдралын дундаас гоо сайхныг нээсэн хэрэг. Тэгээд ч монголын их говийн жирийн нэг тэмээчдийн аж төрж буй байдал, байгальтайгаа ойр дотно тэдний сэтгэлийг бодиттой харуулсан уг бүтээл гадаадынхны гайхал, хүндэтгэл бишрэлийг төрүүлж ОУ-ын баримтат киноны их наадмын шагналыг удаа дараа хүртэж билээ. Монголын кино урлагт шинэчлэл хийж амьдралынхаа хагас зуу шахам жилийг зориулж явсан Монголын Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн Чимидийн Гомбо гуайн зохиолоор хийсэн кино бүтээлүүд үеийн үед ард түнийхээ оюун санааг эзэмдэж,сэтгэл зүрхэнд нь үүрд мөнхжин үлдэх учиртай…

Дүгнэлт

Нэгд, Урьдах кино зохиолуудад ихэвчлэн үйл явдал тоочиж хүүрнэсэн өгүүлэмж зонхилдог байв. Харин Ч.Гомбо гуайн кино зохиолд үйл явдал бус хүний оюун санаа, зан төрх, ахуй орчин голлох болсон. Өөрөөр хэлбэл энэ нь монгол киног  хүний сэтгэлийн гүнд хандуулсан хэрэг байлаа. Үүгээрээ монгол кинонд эргэлт гаргаж, уран бүтээлийн өвөрмөц хувьсгал хийсэн юм. Тодруулахад Ч.Гомбо гуай  зохиолынхоо баатруудын хэлэх үг, харилцаа ярианы гүнзгий утга санаагаар киноны өгүүлэмж, зохиомж  үйл явдлын өрнөлийг шийдвэрлэх үндэс болгосон нь монголын кино зохиолыг мэргэжлийн шинэ түвшинд хүргэсэн хэрэг. 

Хоёрд, Ч.Гомбо гуайн бүтээлд өтгөс буурал, ахмад үеийнхний алтан сургаал, тэдний үгийг сонсох асуудал чухал байр эзэлж, ер нь зохиолынх нь нэвтрэн гарах санааг тодорхойлж байдаг онцлогтой. Үүгээрээ Ч.Гомбо гуай манай үндэсний кинонд “Монгол өвгөд”-ийн тухай философи, сонирхолтой гүн санааг  дэвшүүлсэн юм. 

Гуравд, Ч.Гомбо гуай  дүрсээр харж сэтгэх кино зохиолын өвөрмөц онцлогийг гайхалтай мэдэрч бичдэг зохиолч юм. Иймээс түүний зохиолын баатрууд нь нэг олон юм ярьж  нуршаад байдаггүй, харин тэдний гаднах дүр төрх, үйл хөдөлгөөн, аль эсвэл, ахуй орчин, байгаль кино драматургийн  уран сайхны элемент шижим болж дүрүүдийн сэтгэлийг нээх яруу хэрэглүүр болдог. Ингэхдээ Ч.Гомбо гуай баатруудынхаа зан төрх, дотоод сэтгэлийг  уран шигтгээ/деталь/, зүйрлэл/метафор/, бэлгэдэл/символика/, адилтгал/, ёгтлол/аллегория/ зэрэг яруу хэрэглүүрүүдээр тодосгож нээдэг. Чухам энэ нь монголын кино зохиолд гарсан шинэ үзэгдэл  төдийгүй найруулагч, зураглаач, жүжигчин нарт киноны дүрийн агуулга санааг баяжуулах үндэс болсон юм. 

Дөрөвд, Ер нь Ч.Гомбо гуай жижиг зүйлсээр/деталь/томоохон далайцтай асуудал хөндөх, эргэцүүлж бодуулах, тэдгээрийгээ метафор, символик, уран зүйрлэл, бэлгэдэл болгож хувиргах түүний чадвар нь,монголын кино зохиолд нээлт хийсэн юм. Бөхийн зодог шуудгаас үүдэн монголын үндэсний зан үйл, өв уламжлалын асуудлыг “Хань” кинондоо тун хурцаар дэвшүүлсэн байдаг. Үндэсний уламжлал, үндэсний бахархалд тун болгоомжтой ханддаг байсан тэр хатуу цагт, энэ нь Ч.Гомбын хувьд тун зоригтой алхам байв. Орчин цагийн шүүгээний нүдэндээ эхнэр хүүхний хувцастай хамт монгол эрийн хийморийн бэлгэдэл бөхийн зодог шуудгаа хүү нь хийсэн нь Дэндэв арслангийн уурыг хүргэдэг. Хүүгээ зэмлэсэн/АЖ С.Гэндэн/ түүний ширүүн харц, уур уцаар нь ганц үрдээ төдийгүй, чухам цаад утгаараа, монгол өв соёл,үндэсний уламжлалаасаа бэргэдэг тухайн цаг үеийн нийгэмд хандсан өвгөн буурлын чин сэтгэлийнх нь бухимдал, цухалдал байлаа.

Тавд, Ер нь нийгэм, амьдралаас урган гарсан хурц асуудлыг тойролгүй орчин цагийн эмзэг сэдвийг уран сайхны кинонд тусгах анхны гарааг Ч.Гомбо эхэлсэн  гэлтэй. 21-р зууны босгон дээр тэрбээр өөрийн иргэнлэг үзлээ шингээсэн, мөн л нийгмийг асуудлыг хурцаар дэвшүүлсэн “Эзэнгүй айл”/1996/ гэдэг зохиолоо бичсэн нь монголын телевизийн урлагт гарсан анхны олон ангит туурвил болсон юм.

Зургаа, Ер нь  Ч.Гомбо гуайн монголын кино урлагт оруулсан хувь нэмэр цаглашгүй юм. Уран сайхны бүтээлүүдээс гадна, түүний “Их говийн айл”/1976/ хэмээх баримтат кино нь бодит байдлыг уран сайхны дүрийн хэмжээнд анх удаа нээсэн байдаг. Үүгээрээ амьдралыг гоёчлон харуулах, тухайн цаг үеийн үзэл сурталжсан арга барилыг үндсээр нь халах бололцоотойг нотолсон. Өөрөө хэлбэл, баримтыг байгаагаар нь харуулж, эгэл жирийн үзэгдэл, бор амьдралын дундаас гоо сайхныг нээсэн хэрэг. Монголын кино урлагт шинэчлэл хийж амьдралынхаа  хагас зуу шахам жилийг зориулж явсан Монголын Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн Чимидийн Гомбо гуайн зохиолоор хийсэн кино бүтээлүүд үеийн үед ард түнийхээ оюун санааг эзэмдэж,сэтгэл зүрхэнд нь үүрд мөнхжин үлдэх болно!

СГЗ, урлаг судлаач, сэтгүүлч Чонос овогт Дэмчигдоржийн Мягмарсүрэн

Дэмчигдоржийн Мягмарсүрэн
СГЗ, урлаг судлаач, сэтгүүлч

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

@Katen on Instagram
[instagram-feed feed=1]