Press ESC to close

Усны ГудамжУсны Гудамж Бичээчийн Хөгжих Талбар

“Уучлаарай, сандлын дэргэд харх байна!”-Б. Алтанхуяг

Зохиолч, яруу найрагч Б. Алтанхуягийн 2025 онд хэвлэгдсэн “Мууран төрхтэй хүмүүс” өгүүллэгийн түүврийн дээжээс уншигч та бүхэнд өргөн барья.

Нэг л өдөр тэр “Дахин зохиол бичихгүй” гэдгээ эхнэртээ хэлжээ. Амьдрал өрнөдгөөрөө л өрнөх хөөсөрсөн олон давлагаатай, урт удаан жүжгийн тайзан дээр унаж тусан гүйж, бахардсандаа сөхрөн унаж байхдаа ч ингэж хэлснийг нь үл санахдаа эхнэр нь нүдээ дүрлийлгэн нөхөр лүүгээ харвал цаадах нь буйдан дээрээ хээв нэг тухлаад сонин ч гарчиглахгүйгээр хоосон тааз гөлрөн байлаа. Санаанд оромгүй үг өөрт нь чулуудчихаад санаа амар дээш харан хэвтэж байгаа нь үхдэл аятай харагдана.

– Тэгээд бид яах болж байна даа гэж эхнэр нь гайхширлаа мэдэгдэхгүй гэхдээ доод уруулаа хазлан байж зуунги өнгөөр асуулаа.

– Чи минь сайн ажилтан шүү дээ. Харин би хүүхдүүддээ хайртай.

– Юу гэсэн үг вэ? Эхнэрийнх нь гайхширал энэ удаад оргүй болж дуу хоолой нь огт өөр өнгөөр солигдов.

– Яах вэ дээ. Ажил л олж хийхгүй юу. Тэгээд ч ер нь зохиол бичнэ, уран зохиолоор бусдыг хүмүүжүүлнэ гэдэг бүтэхгүй хэрэг юм. Ном уншаад эхлэхээр хүн бичих үйлээсээ залхдаг бололтой. Хэчнээн олон хэрэгтэй, хэрэггүй унших юмс гэрээр дүүрэн байгааг хар л даа. Гэрээсээ гараад үзвэл сургуулиудын номын сан, цаашлаад хотоор, тэгээд улс гүрнүүдээр дүүрэн бөгсөө арчиж байвал таарсан үлбэгэр номууд, нээж үзээд ч хэрэггүй хог новш чихчихсэн байгаа. Яах вэ, хүн төрөлхтөн л юм хойно өгүүлбэр өгүүлбэрээр нь таалах сонгодог туурвилууд олон. Тэгээд яах вэ. Хэнд хэрэгтэй гэж?

– Чи бичиж байвал бидний амьдралд хэрэгтэй дээ.

– Тиймээс л би бичихээ больж байгаа юм. Амьдралд хэрэгтэй учраас бичнэ гэдэг л гол асуудал нь шүү дээ. Амьдралд, нэр төрд, бусдад, өөрт, хүмүүст хэрэгтэй учраас бичнэ гэдэг хүн төрөлхтний бодож олсон тэнэглэл биш гэж үү? Тэгээд л би бичихээ больж байна. Ер нь Будда яагаад эхнэр хүүхдээ хаяж бодь модны доор бясалгал хийхээр явсан хэрэг вэ. Тэр хүн төрөлхтнийг хайрлаж, энэрэн нигүүлссэндээ зөв замыг зааж, гэгээрэлд хөтлөхийн тулд тэгсэн. Гэтэл түүний хүүхэд яасан бол. Аав нь бусдыг хайрлахын тулд орхиод явчихсан, хөөрхий хүү. Чухам л хүү нь ч тэр, эхнэр нь ч тэр хүн төрөлхтний нэг биш гэж үү. Энд л учир байгаа юм.

– Гэнэтхэн юу л яриад байна даа. Арай солиороогүй биз дээ.

– Түүндээ тулвал үгүй шүү. Харин ч би ёс зүйтэй гэгээрч байна.

Нөхөр нь нэг л өдөр зохиол бичихээс эрс татгалзана гэдэг эхнэрт нь асар том цохилт байлаа. Учир нь энэ хотод бүгд л зохиол бичиж аж төрцгөөдөг. Тэд нэгээс нөгөө санааг ургуулан асар уртаар, үргэлжилсэн нойрмог өдрүүдийн дунд зохиомол баатруудыг дэс дараатай шигтгэж, хуудсаас хуудас дамжин унших баатарлаг явдал, алиа хошин наргианаар уншигчдыг тосон зугаацуулж, оддыг эзэмшилд нь оруулж, пуужин сонирхож эхлээд сансрын нисэгч болно хэмээн мөрөөддөг хүүхдүүдийн хүслийг дэмжиж, заримдаа цоо шинэ гараг эрхсийг бүтээн, тэдгээрийн уугуул оршин суугчдыг хий үзэгдлээр төлөөлүүлэн амилуулдаг аж. Тэгснийхээ хүчинд хотын олон арван хэвлэлийн газрууд өөрсдөө гуйж, гувшиж, асар үнэтэй хөлс амлаж зохиолыг нь хэвлэн тараах бөгөөд бусад хотуудад ч мөн олон арван саяар нь хэвлэн түгээсний хүчинд тэдгээрээс амуу тариа, хүнсний ногоо, алт мөнгөн эдлэл, айлуудын гутлын тавиур дээр залардаг шаазан бурхан, хүрэл тогоо, хөнгөн цагаан халбага, дугуйн гинж, машины сэлбэг, сар бүрд зохиолчдын эхнэрүүд шаагилдан байж өндөр үнээр цохиж авдаг содон хийцийн үнэт эдлэлийг худалдан авна. Гэтэл нөхөр нь зохиол бичихээ больж байна гэдэг бол үнэндээ сүйрэл гэсэн үг. Гагц эхнэрийнх нь хувьд ч биш хүүхдүүд, тэдгээрийн ирээдүйн амьдрал бүхэлдээ харанхуйд үргэлжилнэ.

– Хүүхдүүддээ хайртай хүн ажлаа хаячхаж байгаа хэрэг үү?

– Зохиол бичнэ гэдэг ажлын орон тоо байж болохгүй. Манай хотынхон бүгдээрээ галзуурчхаж л дээ.

– Тэгвэл их л удаан, биднийг төрөхөөс ч өмнө хэдэн зуун жилийн тэртээгээс нийтээрээ галзуурсан байж л дээ. Ер нь бид тэгээд цаашид яах болж байна?

– Би тушаал дагадаг цэрэг биш шүү дээ. Гэр бүлээ тэжээж, хүүхдүүдийнхээ ирээдүйг сайн сайхан болгож, хотдоо олон арван үлгэрийн баатруудыг орчин үеийн дүр төрхөөр төсөөлөн бүтээдэг иргэдийг бэлтгэхийн төлөө зохиол бичнэ гэдэг мунхаглал гэдгийг л ойлголоо. Уран зохиол ер нь зугаатай эд болохоос бусдын боддог шиг шашин соёлын үзэл суртал, гүн ухаантнуудын бясалгал, хуудсаас хуудас дамжсан бодь мөрийн сургаал биш шүү дээ.

– Чи тэднээс өөр бичдэг.

– Үгүй дээ, ямар нэг сургаал, ухуулга заавал байгаа. Түүнээс чөлөөлөгдөж байж л зохиол бичнэ. Би л гэхэд дөнгөж зуун арван дөрвөн ном бичсэн хэдий ч аль нэгийг нь зөвхөн өөртөө зориулж байсан, эсвээс ямар нэг хэсэг нь хэнд хэрхэн таалагдах бол гэдгээс чөлөөлөгдөж байсан удаагүй юм байна. Тэгээд л бичихгүй гэсэн хэрэг л дээ. Үүнийг хүндээр тусгаж авах хэрэггүй ээ.

– Бичнэ гэдэг амьдрал. Бидний амьдрал.

– Тийм шүү, бидний амьдрал. Гэхдээ би хэлсэн шүү дээ. Амьдрахын тулд бичнэ гэдэг л хамгийн тэнэг үйл болчхоод байна. Ер нь уран зохиол унших нь зугаатай ажил байвал л хамгийн дээр юм санж. Зугаацаж чадаж байвал болох нь тэр. Бусдаар ямар нэгэн ашиг хонжоо, амьдралд хэрэг болох аливаа нэг хөлийн хумс, толгойн ширхэг үс хайгаад хэрэггүй. Ингэхэд манай хүүхдүүдийг аймшигт мангасаас хэн хамгаалдаг вэ?

– Аав нь… Мэдэхгүй дээ, ээж нь ч байж болох юм. Үгүй бол харанхуйгаас мангасыг нь оргүй хөөчихдөг гэрлийн чийдэн ч юм уу?

– Үгүй дээ, хайрт минь. Огт үгүй шүү. Тэднийг хөнжил нь хамгаалдаг юм. Хүүхэд харанхуйгаас айхаараа хөнжлөө толгой дээгүүрээ битүүлээд л аврагдчихдаг. Тэдэнд хэн ч зааж өгөөгүй, өөрсдийн зөнгөөрөө л ингэдэг. Хөнжлөө нөмөрсөн байхад тайвширдаг. Яг л ингэж зөнгөөрөө, бодсон зүйлээ л шууд буулгадаг болгох хэрэгтэй байна. Тэгж чадсан зохиолчдын ихэнх нь зөгнөлт өгүүллэг юм уу, амьдралаас онхи ондоо боловч аж ахуйд цаг тутамд өрнөдөг явдлуудыг урвуу хэлбэр, бүтээлч сэтгэлгээгээр гүйцэлдүүлсэн байдаг. Түүнээс сонгодгууд биш.

– Тэгвэл чи хүүхдүүд юу ч бодолгүй, айхаараа л толгой дээгүүрээ хөнжлөө нөмөрчихдөг шиг зохиолоо бичиж болохгүй юм уу?

– Тэгж чадахгүй байгаад л учир байна. Тийм байлаа ч гэсэн зүгээр бусдын тэгж бичсэнийг уншаад хэвтэж яагаад болохгүй гэж вэ?

– Бидний амьдрал сүйрнэ. Чи үүнийг мэдэж байгаа биз дээ. Эхнэр нь энэ удаад нэлээд давчидсан өнгөөр хэллээ. Харин нөхөр нь түүний хоолойн өнгө, амнаас гарах үгсийн чанарыг огт гадарлаагүй гэлтэй тайвнаар,

– Амьдрал гэдэг чинь угийн сүйрсэн зүйл шүү дээ. Босгох гээд хэрэггүй. Сүйрснээрээ илүү сайхан ч юм бил үү.

Нөхөр нь ингэж хэлээд орны хажуу руу унжуулсан гараа татаж суниагаад салаавчлан дэрлэлээ. Нээрэн сүйрчихсэн зүйлийг заавал босгох гэж албадах хэрэг байна уу даа.

Хүүхдүүд нь гадаа шаагилдан тоглоно. Нар чанх дээрээс голлож, цэцэрлэгийнх нь модод ид нойроо авах цагаар усан буу барьсан хүүхдүүд орилолдож, нэгнээ алуурчин адил бутны цаана отож байгаад онож буудах гэж хичээнэ. Цаана нь цэнхэр тэнгэр мэлтийж, шувууд нисэлдэх бөгөөд агаар сүүлийн долоо хоногийнхоос ч илүү цэвэр, тунгалаг болсон нь гэрт хүртэл мэдрэгдэх авай. Учир нь энэ хотод зохиолчдын хашаанд тарьж ургуулсан намхан бут, цэцэгсээс өөр мод гэж үгүй. Ном хэвлэхийн тулд энд анхлан суурьшигчид сүглэгэр их ойг хэдэн зуун жил хөрөөдсөөр эл хотыг байгуулж чадсан гэдэг. Нэгэн их соёл иргэншлийг устгаж нөгөөг бүтээсэн боловч зохиолч нөхрийн хэлснээр тэр нь нэгэнт сүйрчихсэн амьдрал байжээ. Гэвч энд байшингийн урдах цэцэрлэгтээ хүүхдүүд таримал ногоон зүлэг дээр хэвтэн тэнгэр ширтэж, намхан бутны араар нуугдан нэгнээ буудаж тоглоно. “Сүйрчихсэн байсан нь дээр” амьдрал ердийнхөөрөө үргэлжилнэ.

– Одоо бидэнд ямар ч аврал үгүй гэж үү? хэмээн эхнэр нь хэдэн хормын нам гүмийг эвдэн асуулаа.

– Байлгүй яах вэ дээ, энэ хэвээр нь л байлгана гэдэг бидний аврал шүү дээ.

– Цогцол удахгүй зөгнөлт зохиолын ангид элсэнэ. Хэдэн хуудас юм биччихвэл бидний амьдралд нэмэртэй л юм даа. Хүүхэд чинь шинэ ангид орох гэж байхад аав нь бичихээ болилоо гээд хэвтэж байх нь дүрэмд харш зүйл гэдгийг чи мэдэх л учиртай.

– Тэр чинь хамгийн таатай мэдээ байгаа юм. Уран зөгнөл гэдэг л хамгийн гол нь… Бид зүүдэлдэггүй, төсөөлдөггүй байсан бол хэдийн галзуурчихсан байх биз. Гэтэл амьдрал гэдэг зүйлийн утга учрыг аль хэзээний олчихсон мэт ухаж, төнхөж, ухаарсан дүрүүдээр дүүрсэн хоосон сараачмалыг уншиж, бичиж өдий хүрцгээжээ. Гэхдээ уншихад буруу зүйл үгүй л дээ. Сайхан уран зөгнөл, амьдрахад огтоос хэрэг болохгүй алиа марзанг уншиж хэвтэх чинь л аз жаргал юм.

– Чи ч нэг мөр авралгүй болжээ.

Эхнэр нь ингэж хэлээд бичгийнх нь өрөө рүү орлоо. Нөхөр нь дуугүйхэн толгойгоо эргүүлж хойноос нь харав. Цэцгэн хээтэй цэнхэр өнгийн нэвсгэрдүү даашинз өмсөж, хөлдөө ногоон судалтай, өсгийнөөс нь муур хэмлэчихсэн цагаан улавч жийсэн үзэгдэнэ.

Эргэж ирэхдээ нөхрийнхөө хажууд нэлээд зузаан, хоёр оны өмнө бичиж, нэр алдар, түүнийгээ дагасан багагүй хэмжээний мөнгө, олон сая хувь хэвлэгдсэнээрээ бүх зохиолынх нь урд гишгэсэн хүрэн хавтастай, зузаан гэгч өгүүллэгийн түүвэр авчирч тавилаа.

– Чи үүнийг айхаараа хөнжлөө толгой дээгүүрээ нөмөрчихдөг хүүхдүүд шиг сэтгэл зүйгээр бичсэн үү?

– Үгүй дээ, би зүгээр бодсоноо л бичсэн юм.

– Ялгаагүй юм биш үү.

– Магадгүй ээ. Гэхдээ ер нь эл хотынхон, бидний байгаа байдал бол мууран төрхтэй эртний бурхдын бодож олсон наргиа. Тэд тэнгэрийн орондоо энэ хотын зохиолчдыг шоолон сархад хөнтөрч суугаа биз. Харин нэг нь бичихээ болиод нөгөө нь түүнийгээ дагаад эхэлбэл тэд ч хөөрхий болно доо. Амьдрахын тулд бичих шиг адгийн шившигтэй юм үгүй. Зохиол гэдэг хувийн хэрэг байх ёстой. Хэн унших нь, хэрхэн таашаах нь зохиолчид падлийгүй. Тэгж чадвал болох нь тэр. Гэхдээ тэглээ гээд ч…

– Чи бүр мөсөн галзуурчээ. Тэгвэл энэ хотоос нүүж тариалангийн бүсэд л очиж амьдрах болж дээ. Хүүхдүүд чинь өдөр, шөнөгүй азарган борооноор газар ухаж, хумсныхаа завсрыг шороогоор дүүртэл төмс хураах болж байна.

Эхнэр нь ингэж хэлээд цурхиран уйлж гарлаа. Тэгснээ тайвширч аваад гал тогоондоо очиж ногоо хальсалж эхлэв.

Гадаа хүүхдүүд шаагилдан тоглож нэгнийгээ буудсан хэвээр. Харин тэнгэрт шувууд нисэлдэхээ больжээ. Нөхөр нь цонхноос харцаа салгаж, ахиад л тааз ширтэн дуугүй хэвтсээр байв. Эхнэр нь,

– Гамшиг, гамшиг гэж амандаа үглэнэ. Тэгтэл нөхөр нь таазнаас нүдээ огт салгалгүйгээр,

– Хий үзэгдлүүд хаана амьдардаг бол гэж асуулаа.

– Хэн мэддэг юм. Энэ сүйрсэн зохиолчдын хотод лав байхгүй биз. Хий үзэгдлүүд амарч тухлах аятайхан газар лав биш. Тэднээр чи яах гээ вэ?

– Тэд л хамгийн сайн зохиол бичиж чадах болов уу л гэж бодлоо. Магадгүй тэд зохиол бичээд түүнийг нь хүмүүс уншиж хэвтдэг бол мөн ч азтай явдал болно шүү.

Ингэж хэлээд тэр хэвтсэн чигээрээ толгойгоо хажуу тийш эргүүлж эхнэрээ харлаа. Эхнэр нь толгойгоо сэгсрэн амандаа “Гамшиг, гамшиг… Сүйрсэн хот…” гэж үглэсээр төмс арилгана. Оройн хоолны цаг дөхжээ. Тэнгэр зүүнээсээ эхлэн саарал туяанд автаж, нэг ч модгүй болсон зохиолчдын хотыг харанхуй залгихаар зэхэж байлаа. Харин хүүхдүүд нэгнээ усаар онож, гадаа шаагилдсан хэвээр…

– Магадгүй чиний зөв. Гэхдээ хэн нэгэн энэ улиг болсон зүйлсийг өөрчлөх хэрэгтэй.

– Тэр нь заавал чи байх гэж үү?

– Тийм ээ, аль түрүүлж бодож олсон нь өөрчлөх хэрэгтэй шүү дээ. Гэхдээ би Будда шиг чамайг, хүүхдүүдээ хаяад явах гэсэнгүй. Зүгээр л… Зүгээр л бичихээ больж байгаа хэрэг. Үүнд сүрхий ач холбогдол гэж байхгүй.

– Ялгаагүй ээ, цаашдаа амьдрахгүй гэсэн үг.

– Үхсэн хүн л амьдрахаа больдог биз дээ. Магадгүй амьдардаг байж ч мэднэ. Гэхдээ мэдэхгүй юм даа.

– Тэгээд хэн мэдэх билээ. Энэ хотод нэрээ мандуулсан цуутай зохиолч мэдэхгүй байна гэж байх уу?

– Хий үзэгдлүүд л магадгүй юм. Ер нь өөрт таашаалтай, эсвээс ямар нэг зүйлийг бичиж байхдаа түүнээсээ таашаал авч байвал бичихэд асуудалгүй л дээ.

– Чи тэгэхээ больчихсон хэрэг үү?

– Үгүй ээ, би маш их таашаал авдаг. Жишээ нь энэ өгүүллэгийн түүврийг чинь тийм таашаалаар бичсэн. Би бодсоноо, санаанд орсон зүйлүүдээ дэс дараатай, амьдралд басхүү шүргэлцэж байхаар буулгасан. Гэхдээ ер нь тэгээд яах ч билээ дээ. Амьдралтай, уншигчидтай хутгалдаад ирэхээрээ зохиол үнэ цэнгүй болчихдог. Ном болгоод гаргачихвал хөөрхий түүгээр хэн ч бөгсөө арчиж, галаа түлж болно гэсэн үг. Хөөрхий тэднийг бичээгүй бол хаанаас тийм шившигтэй тавилан тосох билээ? гэж хэлээд дахин тааз өөд харцаа шилжүүлэв.

– Галзуурчээ, энэ бүхэн авралгүйгээр сүйрч… гэж эхнэр нь хэлээд цурхиран уйлж гарлаа.

Хэсэг уйлж байгаад тайвшрах үед нөхөр нь дахин эхнэр лүүгээ харав. Гал тогооны өрөөний зүүн буланд тавьсан өндөр хөлтэй модон сандлын дэргэд ягаан сүүлтэй, ширүүн сахал нь нойтон зүйлд дүрснээс болоод зарим нь нуман хэлбэртэй болсон атлаа гялалзан үзэгдэх үсэрхэг том харх шалан дээгүүр юу ч юм шиншлэн гүйх аж.

– Уучлаарай, сандлын дэргэд харх байна! гэж нөхөр нь тун тайван, амгалан өнгөөр хэлээд амаа даран эвшээж ахин тааз ширтлээ.

Эхнэр нь байшин доргитол чанга гэгч хашхирах мөчид бутны ард нуугдан нэгнээ отож байгаад усан буугаар буудан зугаацаж залхсан хүүхдүүд нь дуу шуу болцгоон, их л хөөр баяртайгаар хаалга угз татан орж ирцгээлээ.

2022.11.17

Б. Алтанхуяг
Зохиолч, яруу найрагч

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

@Katen on Instagram
[instagram-feed feed=1]