Press ESC to close

Усны ГудамжУсны Гудамж Бичээчийн Хөгжих Талбар

ӨВДӨЛТӨӨС ЗУГТАХ АРГАГҮЙ Ч ЗОВОХ НЬ СОНГОЛТ ЮМ – Гүйлтийн тамирчин Муракамигийн кейсийг шинжлэхүй

Харуки Мураками нь эрүүл амьдралын хэвшлээрээ алдартай зохиолч билээ. Тэрээр амьдралынхаа өөр өөр цаг үед ямар хэмнэлээр өдрийг өнгөрөөдөг байсан мэдээлэлд үндэслэн бие физиологиинх нөхцөл байдлыг таамаглах гээд үзэх үү?

Зохиолч Харуки Мураками энэ жилийн нэгдүгээр сард 77 насны төрсөн өдрөө угтжээ. 1979 онд анхны романаа хэвлүүлснээс хойш өдийг хүртэл хэвлүүлсэн бүтээл бүр нь уншигчдын таашаалд нийцдэг гэвэл маргах хүн цөөн биз ээ. Зарим нь Муракамиг хүйсийн тэгш эрхийн мэдрэмжгүй, өөрийгөө давтдаг зохиолч хэмээн шүүмжилдэг. Гэвч Муракамигийн дүрслэх ур чадвар, хүний эмзэглэлийг илэрхийлэнгээ аргадаж байдаг билигт үгсийг шуудхан үгүйсгэх аргагүй юм. Түүний зохиолуудыг уншихад салхи сэрчигнэж нар ээсэн ойн мухарт алхаж явтал хэрээ гуаглан цочоох мэт мэдрэмжүүд төрдөг. Тэр бүтээлүүддээ уур амьсгал болон үйл явдлын эсрэгцэл, хослолыг гарамгай дүрсэлдэг. Мураками нэгэнтээ роман бичих үйлийг гүйхтэй адил гэж хэлсэн нь түүнээс үлгэр дуурайл авдаг залуу бичээчид хандсан захиас мэт. Гүйх тухай бодоход тогтвортой байдал, төвлөрөл, давтамж, амьсгаа, хурд гэх ойлголтууд эрхгүй төсөөлөгдөнө. Муракамигийн зохиолын дүрүүдэд ч мөн эдгээр шинж илэрдэг. Тэд өдөр бүр эгэл хоол идэж, хийж буй ажилдаа төвлөрч, эргэн тойрноо ажиглан, нэгэн хэвийн хэмнэлээр амьдардаг. Тэгвэл зохиолчийн хувьд бичих үйл явц ч мөн адил давтамж, дадал ажээ.

Харин хорин хэдэн настай Муракамигийн амьдрал, мэргэжил, өдрийн хэмнэл ямар байсан бол? Зохиолчийн замналаа эхлүүлэхээс өмнө түүний амьдрал муурынхаа нэрээр нэрлэсэн “Peter cat” хэмээх жазз клубт төвлөрч байв. Тухайн үед Муракамид клуб ажиллуулах хүнд байсан ч өдөр бүр жазз хөгжим сонсож, жазз хөгжимд ойр байхын тулд хичээсээр байсан тухайгаа дурдсан байдаг. Гэвч бие хаагаа тоолгүй жазз клубт өрнөх шөнийн амьдралд зохицон  амьдрах  амаргүй байлаа. Шөнө дүл болтол ажиллана. Клубээ хаасныхаа дараа цэвэрлэгээ хийж байтал гэгээ орж эхэлнэ. Гэртээ харьж амраад сэрэхэд хэдийнээ үд өнгөрсөн байна. Дахиад л клуб рүүгээ явна. 1974-1981 оны хугацаанд Мураками ийм хэмнэлээр амьдарсан бөгөөд энэ үедээ Hear the wind sing, Pinball бүтээлүүдээ туурвисан байна. Клубээ хаасны дараа үүр цайж байх агаад тэр охорхон хугацаанд л тэр бичиж амждаг байжээ. Тийнхүү бичсээр хэсэг хугацааны дараа бүтээл нь амжилт олмогц клубээ нэг мөр хааж, бүтэн цагаар бичиж эхэлсэн гэнэ.

Тэгэхээр энд нэг асуулт тодорч байна. Олны хөлд дарагдсан жазз клубт долоон жилийг өнгөрүүлсний дараа, орчноо сольж өдөр бүр удаан хугацаагаар суудаг бүтээлч хөдөлмөр эрхэлж эхлэхэд хүний физиологид ямар өөрчлөлт гарч болох вэ?

Хүнтэй харилцах багасаж, дотоод дуу хоолойгоо чагнан олон цаг сууна. Хүний тархи заримдаа их дэггүй. “Одоо чи ганцаараа. Тогтмол орлогогүй болчихлоо шүү дээ. Дараагийн ном чинь амжилт олно гэх баталгаа байна уу?” гэх бодлуудыг далд ухамсраас шидэлж эхэлнэ. Мэдээж энэ бодлууд логикгүй. Гэхдээ тархи логикийн дагуу бус, харин дассан орчин, давтагдсан үйлдэлд таатай хариу үзүүлэх хандлагатай байдаг. Иймд ажлын байр өөрчлөгдөх, орчин солигдох зэрэг нь тархинд стрессийн физиологийн хариу үзүүлж амь насанд нь халтай зүйл тохиолдож буй мэт л аашилж эхэлнэ. Ухаант хүний тархи угаас ингэж ажилладаг юм байна л даа. Тухайлбал жазз клуб ажиллуулж, коктэйл  зарсан мөнгөө тоолох нь хийсэн ажлын үр дүн гарт шууд ороод ирж буй учир “аюулгүй” гэсэн мэдээлэл очдог байна. Үр дүн нь товч бөгөөд тодорхой, танил үйл учир тэр. Гэтэл зохиол бүтээл, бичих зэрэг ямарваа нэгэн бүтээлч үйлийн үр дүн нь нүдэнд ил биш, тодорхойгүй учир тархи яг л аюултай зүйл тохиолдож байгаа мэт хариу үйлдэл үзүүлэх нь бий. Угтаа бичиж, бүтээж чадахаа мэдэх авч, өнөөдрийн бичсэн нэг нүүр бичвэр өөрт нь таалагдаагүйгээс, эсвэл бүр ганц өгүүлбэр ч бичиж чадаагүйдээ “Ямар ч үр бүтээлгүй амьдарч байна” гэх дохиог тархи илгээнэ. Сууж ажилладаг хүний нуруу ташаа ч бас их гоншгонуур.

Жазз клубийн ширээ дундуур холхиж, өдрийн жаран тамхины нормоо гүйцээж, дэгдэж явсан хүн бичгийн ширээний урд өдрийг өнгөрүүлж эхлэх үед нуруу ташаа мөн л доогтойхон янгинаж өгнө дөө.

(Би Муракамигийн ширээний лаа байгаагүй ч ухаант хүний тархи бас бие физиологийн шинж чанарыг бодолцвол, жазз клубийн эзний байр сууриас зохиолчийн ажлын байранд шилжих үед түүнд ийм мэдрэмж төрсөн байх гэж бодож байна.) Петер муур клуб 1981 онд хаагдсан. Эх сурвалжуудад дурдсанаар тэр 1982 оноос эхлэн амьдралын хэмнэлээ өөрчилж, эрт сэрэх, дасгал хөдөлгөөн хийх дадлыг хэвшүүлж эхэлжээ. Ерөнхийд нь дурдвал Мураками өглөө 04:00 босоод 5-6 цагийг бичихэд зориулна. Үдээс хойш дасгал хөдөлгөөн хийх буюу гүйж эсвэл сэлэх дасгал хийнэ. Орой 21:00 цагт өдрийг өндөрлөн унтаж амардаг. 1982 оноос Мураками марафонд оролцож эхлэн, долоо хоногт нийт 60 км зайд гүйх дадалтай болжээ. Түүний удаах бүтээл A Wild Sheep Chase 1982 онд хэвлэгдсэн байна.

Тогтмол гүйж эхэлсний дараа бие физиологи, сэтгэл зүй болон мэдрэлийн тогтолцоонд ямар өөрчлөлт гарж болох вэ? Гоншигнодог байсан нуруу, ташаа болон тодорхойгүй ирээдүйн тухай санаанаас гардаггүй төсөөлөл, айдас хэрхэн өөрчлөгдөх вэ? 

Эхний нэг, хоёр долоо хоногт,

  • нойрны чанар сайжирч,
  • бодож сэтгэх үеийн “манан” арилж
  • сөрөг мэдрэмжүүд багасах нь шууд л мэдрэгдэнэ. 
Шөнийн идэвхтэй амьдралд дассан бие маань, эрт унтаж эрт сэрэхийг хичээсэн ч нэг л болж өгдөггүй нь нойрны чанартай холбоотой. Харин гүйж эхэлснээр энэ асуудал арилах нь байна. Чанартай нойр нь тархины хэвийн үйл ажиллагааны үндэс суурь болно.

Хоёр сарын дараа зүрхний үйл ажиллагаа сайжирч, гүйх үеийн булчин зангирах амьсгаадан хүндрэл багассан байна.

Гурваас зургаан сарын турш тогтмол гүйвэл бодисын солилцооны түвшинд өөрчлөлт гарч эхэлнэ. Өөх шатаалт нэмэгдэж, булчингийн ачаалал даах чадвар сайжирна. Мөн биеийн захын хэсгүүдэд хүчилтөрөгчийн зөөвөрлөлт нэмэгдэнэ. Энэ нь эсийн түвшинд эрүүл биетэй урт наслахын цондон юм. Мэдрэлийн тогтолцоонд эерэг нөлөө үзүүлж, сэтгэл гутрал болон сэтгэл түгшилтийн шинж тэмдгүүд багассан байна. Түүнчлэн тархинд шинэ мэдрэлийн холбоос үүсэх процессыг дэмждэг. Үүний үр дүнд анхаарал төвлөрөл нэмэгдэж, ой тогтоолт сайжирна.

Товчоор хэлбэл, өөрийн биеийг ашиглах тусам биеийн ажиллах хүч нэмэгдэж эсүүд маань ажиллах “урам зориг”-тойгоор өдрийг өнгөрүүлж, амрах хугацаандаа харин өөрийгөө нөхөн сэргээх чадвар нь нэмэгдэх нь байна. 

Мураками номдоо “Өвдөлтөөс зугтах аргагүй ч зовох нь сонголт юм” гэсэн байдаг. “What I talk about when I talk about running” гэх гүйлтийн тухай номын эхний нүүрнээс та энэ үгийг олох боломжтой. Гүйх үед амьсгаа давчдаж, булчин зангиран, хөлийн ачаалал, зүрхний ачаалал нэмэгдээд “Больё оо” гээд зогсмоор санагдах үед биед мэдрэгдэх өвдөлт нь даван туулах боломжтой бодит байдал, харин зогсох нь тамирчны сонголт байдаг. Бидний бие, булчин санаж байгаагаас ч илүү ачаалал даах чадвартай байдаг ч зогсох, болих сонголтыг тархи хийдэг.  Тогтмол гүйснээр хүний зүрх судасны үйл ажиллагаа сайжирч, бодол сэтгэл тунгалаг болох гэх мэт олон эерэг нөлөөтэйг хүн бүр мэднэ. Гэтэл өөрийн биеийг хөгжүүлэхээс татгалзах сонголтыг тархи хийдэг байх нь.  Тэгэхээр таны романаа бичиж эхлэхэд, бичихэд тулгарах саадыг даван туулахад тархи чинь л саад болоод байгаа юм биш биз?

Эх сурвалжууд:

Britannica. (2024). Haruki Murakami. Encyclopaedia Britannica.
https://www.britannica.com/biography/Haruki-Murakami

Erickson, K. I., Voss, M. W., Prakash, R. S., et al. (2011). Exercise training increases size of hippocampus and improves memory. Proceedings of the National Academy of Sciences, 108(7), 3017–3022. https://doi.org/10.1073/pnas.1015950108

Graybiel, A. M. (2008). Habits, rituals, and the evaluative brain. Annual Review of Neuroscience, 31, 359–387. https://doi.org/10.1146/annurev.neuro.29.051605.112851

McEwen, B. S. (2007). Physiology and neurobiology of stress and adaptation: Central role of the brain. Physiological Reviews, 87(3), 873–904. https://doi.org/10.1152/physrev.00041.2006

Murakami, H. (2008). What I talk about when I talk about running. Alfred A. Knopf.

Ratey, J. J., & Loehr, J. E. (2011). The positive impact of physical activity on cognition during adulthood. Translational Sports Medicine, 2(2), 86–94.

Rubin, J. (2002). Haruki Murakami and the music of words. Harvill Press.

Э.Доржсүрэн
Редактор

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

@Katen on Instagram
[instagram-feed feed=1]