Press ESC to close

Усны ГудамжУсны Гудамж Бичээчийн Хөгжих Талбар

С.Энхбаярын утга зохиолын онолын сэтгэлгээ

Г.Б:     Багш аа, энэ оросын онол цэгцтэй, ялангуяа заахад амар юм, барууны онолын номууд ч сургууль сургуулиараа өөр, их задгай байх юм. Цаашдаа ер яах юм бэ? Бид оросоороо яваад л байх уу? Барууны юм руу орох уу?

С.Э:    Оросоороо явсан нь дээр, аугаа их оросын утга зохиол, түүний онол! Яах вэ та нар барууны юмнуудыг тухай бүрд нь дурдаад, харьцуулаад л явна биз…

          Бидний багш, утга зохиолын онолч, шүүмжлэгч Сорогдогийн Энхбаяр 2025 оны 3-р сарын 12-ний өдөр тэнгэрт дэвшсэн билээ. Хүн бүрийн гунигаас хэсэглэн аваад зүйчихсэн мэт Энхбаяргүй өдөр хоногууд элсээр нэгэн он улирав байна. Амьд ахуйд нь гөлөлздөг байсан, өөрөөс нь урваж явсан «түрийний бөөснүүд» элдвээр хэлэх, чухам л шавь нь байсан мэтээр худал уянгалах зэргээр хүмүүний мөн чанар тодорсоор байх нь жам буюу. Багш маань амьдралынхаа ихэнх жилүүдэд утга зохиолын онолын чиглэлээр дагнан ажилласан бөгөөд онолын лекц уншиж, семинар удирдаж байсныг шавь нар нь мэднэ.   

          Монголын орчин үеийн утга зохиолын онолын сэтгэлгээний эхлэлийг 1930-аад он, тодруулбаас С.Буяннэмэхийн “Утга зохиолын үүд” номоос эхтэй хэмээн үздэг бөгөөд 1996 онд докторант С.Энхбаяр академич Х.Сампилдэндэвийн удирдлагаар “С.Буяннэмэхийн утга зохиолыг үзэх үзэл” сэдвээр докторын зэрэг хамгаалжээ. Чухам тэр л үеэс МУБИС-ийн багш С.Энхбаяр утга зохиолын онолын чиглэлээр ажиллах суурь тавигдсан байдаг. Тэр бээр утга зохиолын онол, шүүмжлэлийн чиг баримжаагаа «Намайг бие даасан ажил амьдралын зах руу орж байх  тэр үе буюу 1990-ээд оны эхээр Монгол оронд төдийгүй дэлхий дахинд нийгэм, эдийн засаг, үзэл суртал, ертөнцийг үзэх үзэл, соёл, оюун санааны бүх хүрээг хамран өрнөсөн өөрчлөлт шинэчлэлт, аугаа их хувьсгалт  эргэлт гарснаар  энэ бүхэн  миний үеийн олон залуусын нэгэн адил надад ч шийдвэрлэх нөлөө үзүүлсэн  бөгөөд  миний урлаг уран зохиол, гоозүйн үзэл бодол, үнэт зүйлсийн чиг баримжаа төлөвшин тогтох үндэс суурь болж өгсөн нь маргашгүй үнэн билээ.» хэмээн тодотгон өгүүлсэн буй.      

 

          Профессор С.Энхбаяр “Монгол Улсын Төрийн шагналт эрдэмтэн зохиолч, орчин цагийн Монголын утга зохиолын нэрт онолч  Ш.Гаадамба агсны ОҮМУЗ-ын онолын сэтгэлгээнд эзлэх байр суурь” хэмээх илтгэлдээ монголын орчин үеийн утга зохиолын онолын сэтгэлгээний хөгжлийг дараах байдлаар зааглан авч үзжээ. Үүнд:« 

      I.           МУЗ-ын онолын сэтгэлгээний хөгжлийн 1-р үе шат нь М.Э-ий 7-р зуунаас М.Э- ий 19-р зуун хүртэлх цаг хугацааг хамарч, дорно дахины хэлний урлаг-яруу найргийн хэл найруулга, дүр дүрслэл, уран сайхны арга хэрэглүүрийн хүрээнд туурвил зүйн /poetika/ төвшинд хөгжиж иржээ. Энэ нь дараа үеийн утга зохиолын онолын сэтгэлгээний тогтолцоотой бүхэллэг сургаал хөгжин төлөвших бэлтгэл үе шат-угтал үе /prototype theory/ болсон байна.

     II.         МУЗ-ын онолын сэтгэлгээний дараагийн 2-р үе шат нь 20-р зууны 30-аад оны дунд үеэс 1990 он хүртэлх цаг хугацааг хамарч,  өрнө дахины позитив гоозүйн хүрээнд   реалист утга зохиолын тогтолцоот үзэл баримтлал бие даан хөгжсөн байна. Энэ үеийн онолын сэтгэлгээ нь хувьсгалт-реалист утга зохиолын  ганц /mono/ хандлагат тогтолцоот сургаал /theory of literature/ байжээ.

     III.         МУЗ-ын онолын сэтгэлгээний хөгжлийн 3-р үе буюу эдүгээ цагийн  дүр төрх нь олон ургалч үзлийн үеийн /плюрализм/  үгийн урлаг-уран сайхны туурвил зүйн туршлагыг танин мэдэх примитив гоозүйн чөлөөт үзэл баримтлалуудаар тодорхойлогдож байна. Энэ үе шат нь 1990-ээд оны эхнээс  энэ цаг үе хүртэлх  сүүлийн 30 гаруй  жилийн түүхийг хамарч байна.» (Илтгэлийн үндсэн эхээс авав.Г.Б) хэмээн авч үзсэн байгаа бөгөөд дээр дурдсан нийгмийн үзэл санааны өөрчлөлт нь утга зохиолын онолын сэтгэлгээнд гүнзгий нөлөө үзүүлсэн болохыг мөнхүү үечлэл харуулж байна.

С.Э:    За би онолын талаар нэг илтгэл маягийн юм бичлээ, чи хар даа, наана чинь Буяннэмэх, Хасбаатар, Дулам, Галбаатар, Байгал, тэгээд би, чи Галбаяр гээд л оруулсан байгаа, өөр хүн нэмэхгүй!

Г.Б:     Багш! Намайг оруулж яах юм бэ, хэрэггүй.

С.Э:    Үгүй, би мэдэж байна, тэр хар ном чинь орно шдээ, тэгж ярих юм бол хар ном угаасаа чиний ном, миний юм гэж хэдэн тест л байгаа, чамайг оруулна!

Г.Б:     За за багш та хүний үгэнд орох биш, харлаа, нэг хүний нэр хэлчих үү?

С.Э:    Тэг, хэн бэ?

Г.Б:     Билгээ багш, “Ухаарахуй” нь онолын ном мөн биз дээ?

С.Э:    Өө новш, би мартаад орхичихсон байна шдээ, би нээрэн Билгээ багшийгаа мартдаг. Чи нээрэн ийм муу санаатай хөгийн новш шүү!

Г.Б:     (Хаха) За бас яачхав аа, би яасан юм?

С.Э:    Чи сая Билгээ багшийг хэлж байх даа яадаг юм, чи угаасаа ийм хүн л дээ

Г.Б:     Юу гэсэн үг юм бэ, би сая л энийг чинь харж байна ш дээ, өмнө уншаагүй юм чинь яаж мэдэх юм.

С.Э:    Тэгсэн ч гэсэн чи угаасаа ийм л хүн (хаха) баярлалаа Сууриа, Билгээ багшийг нэмье, өөр хэнийг ч нэмэхгүй! 

          «ОНОЛ – өргөн утгаараа, ямар нэгэн үзэгдлийг тайлбарлах зорилго бүхий үзэл санаа, төсөөлөл, үзэл баримтлалын иж бүрдлийг (комплекс) хэлнэ. Явцуу утгаараа, шинжлэх ухааны мэдлэгийн тогтолцооны хамгийн дээд, хөгжингүй хэлбэр бөгөөд бодит байдлын тодорхой салбарын гол холбоо харилцаа, зүй тогтлын тухай бүхэл бүтэн цогц төсөөлөл өгдөг мэдлэг гэж болно. Онолын байгууламж нь дотоод хэсгүүд нь ялгавартай, бүхэл цогц мэдлэгийн систем байдаг.»[1] хэмээн тодорхойлсон байна. Уран зохиол нь дотроо онол, түүх, шүүмжлэл гэх айтай, эдгээрийн эхний (онолын) чиглэлээр хийгдсэн судалгааны ажил нь шинжлэх ухааны бүтэц тогтолцооны нэг болох онол гэх томьёололд зохирдог. Тухайлбал, уран зохиолын онолч, шүүмжлэгч профессор С.Энхбаярын “Утга зохиолын ерөнхий онол, туурвил зүй” (2025) гэх бүтээл бий. Уг бүтээлийн бүтцийг харуулбал:

«Нэг. Утга зохиолын ерөнхий онол

Удиртгал. Урлаг уран сайхны бүтээл түүний мөн чанарууд

  1. Утга зохиол шинжлэл
  2. Утга зохиол шинжлэл шинжлэх ухаан биш
  3. Утга зохиолын онолын үндсэн хоёр төвшин
  4. Утга зохиол шинжлэл нь үгийн урлагийн тухай мэдлэгийн категоржсон тогтолцоо мөн
  5. Утга зохиолын онолын плюраль төв
  6. Утга зохиолын онолын сэтгэлгээний түүх
  7. Орчин цагийн утга зохиолын онолын сэтгэлгээ
  8. Уран сайхны хэл
  9. Уран зохиолын үүрэг
  10. Урлаг уран зохиол дахь агуулга хэлбэрийн диалектик нэгдэл
  11. Зохиол бүтээлийн гол сэдэв, сэдэвлэл зүйн тухай онолын ойлголт
  12. Зохиол бүтээлийн гол утга ба уран сайхны утга
  13. Урлаг уран зохиолын дүрт шинж ба уран зохиолын дүр
  14. Утга зохиолын явц (хөгжил)-ын тухай, түүний хууль
  15. Урлаг уран зохиолын уламжлал шинэчлэлийн диалектик нэгдэл
  16. Төрөл зүйлийн онол
  17. Уянгын төрөл
  18. Зохиолын бүтэц: зохиомж, байгууламж, явдал тэдгээрийн нэгдэл
  19. Уран зохиол дахь цаг хугацаа – орон зайн континуум
  20. Уран сайхны аргын тухай онолын ойлголт
  21. Утга зохиолын урсгал болон чиглэл»[2] гэсэн байгаа нь философийн нэвтэрхий тольд

дурдсан “шинжлэх ухааны мэдлэгийн тогтолцооны хамгийн дээд, хөгжингүй хэлбэр бөгөөд бодит байдлын тодорхой салбарын гол холбоо харилцаа, зүй тогтлын тухай бүхэл бүтэн цогц төсөөлөл өгдөг мэдлэг” гэдэг томьёололд бүрнээ нийцэж байгаа ба өөрөөр хэлбэл энэхүү номоос уран зохиолын онол гэдэг мэдлэгийн тогтолцооны дотоод бүтэц, тэдгээрийн харилцаа холбоо, зүй тогтол, мөн чанарын тухай цогц мэдлэгийг олж авах боломжтой юм. Шинжлэх ухааны тогтолцооны нэгэн хэсэг болох онолын байгууламж нь дотоод хэсгүүд нь ялгавартай, бүхэл бүтэн цогц мэдлэгийн систем байдагтай мөн номын бүтэц бүрнээ нийцэж байна.

[1] “Философийн шинэ нэвтэрхий толь” (2022). Орчуулгын ер/ред Б.Даш-Ёндон. УБ. х825

[2] Энхбаяр. С. (2025). Утга зохиолын ерөнхий онол туурвил зүй. УБ. х4-5

Түүнчлэн АНУ-ын Нью-Йоркийн Корнеллийн Их Сургуулийн профессор Ж.Каллерийн “Утга зохиолын онол” номд «Уран зохиолын онолыг зөвхөн уран зохиолын мөн чанарын тайлбар, эс бөгөөс судалгааны арга зүйгээр хязгаарлан ойлгож болохгүй. Учир нь онол бөгөөс хэмжээ хүрээг нь тогтооход хэцүү тийм өргөн хэмжээний бичвэр болоод сэтгэлгээний нэгдэл юм.»[1] гэж тодорхойлсон байдаг.

[1] Каллер. Жонатан (2025) “Утга зохиолын онол” Орч Б.Чандмань. УБ. х3

Г.Б:     Багш аа! О багш надад 250 мянгын үнэтэй философийн толь бэлэглэлээ, та хар даа

С.Э:    Хөөх, сайхан ном байна, (нухацтайгаар үзсэнээ) яг зөв “Толийг зохиодоггүй юм, толийг орчуулдаг юм!”

Г.Б:     Юу гэнээ, наадхыг чинь оросууд зохиогоод манайхан орчуулсан юм биш үү?

С.Э:    Үгүй, оросууд ч орчуулсан, Францаас, эртний Грек, Ромоос, цаашлаад космо ертөнцөөс орчуулдаг юм  

          АНУ-ын эрдэмтэн Томас Кун (1922-1996) шинжлэх ухааны түүхэнд үндэслэсэн үзэл баримтлал боловсруулсан. Т.Кун «Шинжлэх ухаанд үйлчилж буй төсөөллүүдийн суурь цогц шинж нь хэсэг хугацаанд норматив шинжтэй байна хэмээн үзэж байв. Өөрөөр хэлбэл ихэнх судлаачид өөрсдийн хүлээн зөвшөөрч буй шинжлэх ухааны хүрээнд туршилт явуулдаг. Шинжлэх ухааны хүрээллийнхний дотоодод тогтсон тодорхой хууль, онолууд нь цаашдын үйл ажиллагааных нь үндэс болж өгдөг. Эдгээр хууль онолуудыг Кун “парадигм” хэмээн нэрлэсэн байна.»[1] гэж бичсэн байдаг.

          Уран зохиолын онолын парадигмын хувьд гэвэл 1990 оноос өмнөх үед хэрэглэгдэж байсан онолын бүтээл (тухайлбал С.Дулам, Ц.Хасбаатар нарын “Уран зохиолын онолын үүд” – Г.Б.) нь тухайн цаг үедээ Т.Куныхаар бол норматив шинжтэй байсан гэсэн үг. Уран зохиолын онолын ямар нэгэн ойлголт нэр томьёог бусад судалгааны ажилд дурдахдаа мөнхүү норматив шинжтэй бүтээлд зааснаар хэрэглэх ба бусад судлаачид, мэргэжлийн хүрээнийхэн мөн адил байдлаар ойлгож хэрэглэдэг. Гэтэл 1990 оны ардчилсан хувьсгалын нөлөөгөөр уран зохиолын судалгаанд ч мөн шинэчлэл хийгдэж өөрөөр хэлбэл энэхүү салбар хөгжиж дараагийн буюу профессор С.Энхбаярын бүтээл гарсан. Өнөөдөр энэхүү бүтээл нь салбарынхаа норматив шинжийг агуулж байгаа ба уран зохиолын онол, түүх, шүүмжлэлийн аливаа судалгаанд онолын суурь болон хэрэглэгдэж байна. Тухайн салбарт судалгаа хийж байгаа судлаач ажлынхаа удиртгал хэсэгт болон судлагдсан байдал хэсэгт онолын суурь болгон хэрэглэсэн бүтээлээ дурдан тодотгосон байдаг. Өнөөдөр буюу хэсэг хугацаанд норматив шинжтэй байгаа онолын суурь бүтээл дараагийн хөгжингүй бүтээл гартал мөн шинжээ хадгалж байгаад хөгжлийн жам ёсоор өөрчлөгддөг зүй тогтолтой.

[1] Мел Томпсон. (2013). Шинжлэх ухааны философи. Философи-түүхийн ангилал. УБ. х98

          Шинжлэх ухааны томоохон онолууд философи-ертөнцийг үзэхүйн баримтлалтай ямар нэгэн байдлаар холбоотой байдаг ба онол улам боловсронгуй болж хөгжихөд тэр шинж нь түлхэц болдог. Онолын үндсэн дээр шинжлэх ухааны хийсвэрлэлүүдийг хөгжүүлэх боломж байдаг учир онол нь юм үзэгдлийг танин мэдэх зорилтуудыг шийдвэрлэх хүчирхэг хэрэгсэл болж чаддаг байна. «Орчин үеийн шинжлэх ухааны арга зүйд онолын бүрэлдэхүүн хэсгүүдэд дараах зүйлсийг хамруулдаг. 1) үндсэн эмпирик суурь мэдлэг. Үүнд мэдлэгийн тухай салбарт бүртгэгдсэн ажиглалт, туршилтын баримтууд хамрагдана. Тэдгээрт онолын тайлбар хийх шаардлагатай байх ёстой. 2) онолын үндсэн суурь мэдлэг. Үүнд онолын идеалчилсан объектыг тодорхойлдог ерөнхий хуулиуд, аксиомууд, суурь үндэслэлүүд, анхан шатны таамаглал зэрэг зүйлс хамаарагдана. 3) онолын логик. Энэ нь тухайн онолын хүрээнд баримтлах логик гаргалгаа баталгааны дүрмүүдээс бүрдэнэ. 4) онолын мэдлэгийн үндсэн хэсгийг бүрдүүлдэг, тухайн онолын дүгнэлтүүд, тэдгээрийн баталгаанууд гэх мэт зүйлсээс онол бүрдэнэ.»[1] гэсэн байгаа бөгөөд эдгээр шинжүүдийг агуулсан мэдлэгийн цогцыг онол хэмээн үздэг байна. Т.Кун аливаад нийлэмжтэй шинжлэх ухааны онолын таван шинжийг (The Essential Tension бүтээлдээ) дэвшүүлсэн байдаг. Тухайлбал: «

  • Нарийвчлалтай шинж
  • Тохиролт шинж
  • Хамрах хүрээ
  • Энгийн төлөв байдал
  • Үр ашигт шинж мөн.»[2] гэж тогтоосон байдаг.

          Онол нь судалгааны ажилд нэн чухал бөгөөд учир нь аливаа ажлын үндсэн суурь болж өгдөг. Профессор С.Энхбаярын онолын бүтээл дээрх таван шинжид хэрхэн зохирч буйг үзвэл утга зохиолын баримтуудыг онолын үүднээс нарийвчлан тодорхойлсон байдал тухайлбал, “Утга зохиолын ерөнхий онол туурвил зүй” номын Постмодернизмын тухай хэсэгт «Тогтсон ойлголтууд болон хатуу үнэнийг биш харин эсрэгээр чөлөөт байдлыг, инээмсэглэл болон ухааны, нээлттэй байдлыг баримтална гэсэн үг. Үүнийг постмодернистууд “хэлний тоглоом”-ийн арга “хөнгөн егөөдөл-инээмсэглэл-явуулах” арга гэж нэрлэн томьёолдог. Жишээ нь И.Бродскийн “2-р Жюль Верн” найраглалын бичлэг, дүрслэл, харилцан яриа, зохиомжийн аргууд, В.Ерофеевийн “Москва-Петушки” зохиолын хар ярианы хэл найруулга, егөөдөл, Б.Галсансүхийн “Постмодерн дөрвөн улирал” шүлгийн сэтгэлгээний хэв шинж, санаагаа зохиомжилсон арга, Г.Г.Маркесийн “Дурлал ба үхэл” өгүүллэг дэх цоожтой дотуур хувцасны тухай бяцхан дүрслэлийг ч энд хамааруулж болно.»[3] гэх мэтээр онолын нарийн ойлголтуудыг баримтуудаар нарийвчлан тайлбарласан байдлаараа эхний буюу “Нарийвчлалтай шинж”-д бүрнээ нийцдэг. Хоёр дахь буюу “Тохиролт шинж”-ийн хувьд мөнхүү онолын бүтээл нь өнөөгийн нийгэм түүхийн мөн чанар, уран зохиол нийгмийн холбоо харилцаа, уран бүтээлчдийн ертөнцийг үзэх үзэл, тэдгээрийг судлагчдын байр суурь зэрэгт бүрнээ тохирч байгаагаар тайлбарлагдана. Харин “Хамрах хүрээ” гэвэл мөнхүү онолын бүтээл нь зөвхөн монголын уран зохиол төдийгүй оросын уран зохиол цаашлаад дэлхийн сонгодог зохиолуудыг өнөөгийн дэлхий дахинд хэрэглэгдэж байгаа онолын суурь дээр авч үзсэн өргөн далайцтай бүтээл мөн. Гэхдээ мөнхүү бүтээл нь оюутан суралцагчид, магистрант, докторант, ЕБС-ийн багш нар, их дээд сургуулийн багш нар болон эрдэмтэн судлаач хэн ч хэрэглэж болохуйц энгийн ойлгомжтой бичлэг найруулгатай, амьдлаг, зоримог бичлэгтэй байдлаараа гоц ялгардаг, иймийн учир “Энгийн төлөв байдал” хэмээх шалгуурыг бүрнээ хангаж байгаа юм. Сүүлийн буюу “Үр ашигт шинж”-ийн хувьд гэвэл “Утга зохиолын ерөнхий онол туурвил зүй” бүтээл нь өнөөгийн утга зохиолын онолын парадигм болж байгаагийн хувьд ХХI зууны эхэн үед утга зохиолын чиглэлээр суралцаж байгаа суралцагчид, судалгаа хийж байгаа бүх л түвшний судлаачдын гарын авлага болон үр ашгаа өгсөөр байна. Чухам эдгээр шинжүүдийг ийнхүү хангаж байгаа учир профессор С.Энхбаярын “Утга зохиолын ерөнхий онол туурвил зүй” бүтээл нь жинхэнэ утгаараа онол мөн.

[1] “Философийн шинэ нэвтэрхий толь” (2022). Орчуулгын ер/ред Б.Даш-Ёндон. УБ. х826

[2] Мел Томпсон. (2013). Шинжлэх ухааны философи. Философи-түүхийн ангилал. УБ. х107

[3] Энхбаяр. С. (2025). Утга зохиолын ерөнхий онол туурвил зүй. УБ. х61-62

          Шинжлэх ухааны онолын асуудлыг ярихад Карл Поппер (1902-1994)-ыг заавал дурдах учиртай. Түүний фальсификацийн онол нь шинжлэх ухааны философийн салбарт чухал зүйл болсон бөгөөд томоохон хэмжээний хавсарга судалгаа юм. «К.Поппер өөрийн анхны том бүтээл болох Шинжлэх ухааны нээлтүүдийн логик (1934) номдоо шинжлэх ухааны онолуудын үнэн эсэхийг шинээр гарч ирсэн баталгаат өгөгдлүүдийн энгийн цогцоор батлах боломжгүй гэж үзсэн байна. Харин үүний эсрэгээр ул суурьтай өгөгдлүүдийн зарим нэг хэсэг онолтой зөрчилддөг ба зөвхөн энэ л гэхэд түүний алдаатай гэдгийг батлахад хангалттай гэж үзсэн байдаг. Ингэснээр Поппер шинжлэх ухааны онол нь боломжит баримтуудтай нийцэх ёсгүй гэж үзсэн байна. Түүнийхээр онолыг үгүйсгэх боломж байгаа тохиолдолд л онолыг шинжлэх ухааны гэж үзнэ. Ингэхдээ мэдээж хэрэг түүнтэй үл тохирох хэд хэдэн баримт гарч ирсэн ч онол шууд үгүйсгэгдэхгүй. Учир нь баримтууд өөрсдөө алдаатай байж болно.»[1] гэж үзсэн байдаг. Өөрөөр хэлбэл хэзээ ч үгүйсгэгдэхгүй шинжлэх ухаан ба ямар нэгэн онол байх боломжгүй юм, учир нь шинжлэх ухаанд суралцана гэдэг нь эргэлзэхэд суралцана гэсэн үг билээ. 

[1] Мел Томпсон. (2013). Шинжлэх ухааны философи. Философи-түүхийн ангилал. УБ. х93

Г.Б.     Багш аа, хүйсийн шинжлэл талаас үзвэл Жангарын сөнч Орчлонгийн сайхан Миньяан гомо байсан байх аа, тиймээ

С.Э.     Өө солиороод..! энэ өвчтэй новшийн ярьж байгааг хар даа, (ха ха)

Г.Б.     (Ха, ха) Тэгвэл багш! Өгөдэйн Турхан хатан, Фатима хоёр бол гарцаагүй лесби байсан, ертөнцийн хааны хатныг янз бүрээр л үймүүлээ биз, тэгээд л есөн сүвийг нь битүүлж алсан байх

С.Э.     За наадах чинь бол магадгүй, гэхдээ одоо энийг яриад яах юм, онигоо ш дээ

Г.Б.     Яах вэ дээ багш, гоё домог зохиохгүй юу

С.Э.     Уг нь тийм, гэхдээ манайхан чадахгүй л дээ..!

          Профессор С.Энхбаярын утга зохиолын номууд гарахаас өмнө утга зохиолын онолын парадигм болж, норматив тогтоож асан бүтээл бол 1989 онд хэвлэгдсэн Ш.Гаадамбын “Уран зохиолын онолын үндэс” хэмээх бүтээл юм. Энэхүү бүтээл нь социалист нийгмийн төгсгөлд хэвлэгдсэн бөгөөд нэг туйлт үзэл суртлын шууд нөлөөтэй болохыг нь “Удиртгал” хэсэгт байгаа “Уран зохиолын тухай шинжлэх ухаан”, “Утга зохиолын онолын сэтгэлгээний хөгжлийн тойм ба марксист, ленинист утга зохиолын онол түүний хөгжлийн дээд шат болох нь” гэх мэтийн сэдэв агуулгаас харж болно.

          Харин профессор С.Энхбаярын “Утга зохиолын туурвил зүй” (2000), “Утга зохиолын онол” (2005, 2008, 2011), “Утга зохиолын ерөнхий онол туурвил зүй” (2019, 2021, 2025) зэрэг нэмэн засварласан бүтээлүүдэд “Утга зохиол шинжлэл нь шинжлэх ухаан биш” гэх буюу “Утга зохиолын онолын плюраль төлөв” гэх мэтээр томьёолон тайлбарласан байгаа нь орчин цагийн утга зохиолын онолын сэтгэлгээний хөгжлийн түвшин, өнөөгийн төлөвийг тод харуулж байдаг. Өөрөөр хэлбэл өмнөх үеийн буюу моно хандлагатай үзэл суртлын үеэс өнөө үе нь плюраль (олон хувилбарт) төлөвтэй гэдгээрээ онцгой өөр болохыг оноон тунхагласан онцлогтой. Дүгнэж үзвэл утга зохиолын онолч, шүүмжлэгч, профессор Сорогдогийн Энхбаярын онолын сэтгэлгээ нь дараах үндсэн мөн чанартай. Үүнд:

  1. Утга зохиол шинжлэл нь цэвэр бие даасан шинжлэх ухаан биш, харин хүний үндсэн мөн чанар, өөрийнх нь аутентик ахуй, сэтгэлгээний зүй тогтол, оюун санааны амьдрал, дотоод сэтгэлийн ертөнц тэргүүтнийг судалдаг танин мэдэхүйн өвөрмөц тогтолцоо гэдгийг монголын утга зохиолын онолын сэтгэлгээнд анхлан хүлээн зөвшөөрч нутагшуулсан;
  2. Моно буюу нэг туйлт үзэл суртлын үеийн утга зохиолын онолын үндсэн томьёололд цохилт өгч плюраль төлөвтэй утга зохиолын онолын суурийг философи, гоо зүйн үндэслэлтэйгээр боловсруулан системчилсэн, ингэхдээ монголын уламжлалт аргаар буюу аливаа онолын томьёоллыг өөрийн үндэсний утга зохиолын баримтуудаар нутлан тодорхойлдог аргад суурилсан;
  3. Аливаа онолын үндсэн шинж буюу нормативт шинжийг өөртөө хадгалж парадигм болж чадсан ба ХХ зууны төгсгөл ХХI зууны эхэн үеийн монголын утга зохиолын онолын ойлголтуудын хэм хэмжээ болж байгаа зэрэг үндсэн онцлог давуу талуудтай юм.
  4. Энэ бүхнээс үзвэл профессор С.Энхбаяр нь монголын утга зохиолын онолын сэтгэлгээ төлөвшихөд гол нөлөө үзүүлсэн эрдэмтэд болох тухайлбал, “Эсэруагийн эгшиг дуун” онолын бүтээл туурвисан Эрдэнэ мэргэн бандид, Ханчон хамба Сүрэнхорын Жамъянгарав, “Уран зохиолын үүд” бүтээл туурвисан онолч, зохиолч Сономбалжирын Буяннэмэх, “Уран зохиолын онолын үүд” бүтээл туурвисан эрдэмтэн Цэвэгжавын Хасбаатар, Сэндэнжавын Дулам, “Уран зохиолын онолын үндэс” бүтээл туурвисан Шанжмятавын Гаадамба, “Уран зохиол онол түүх шүүмжлэл” толь бүтээсэн профессор Дашлхүмбийн Галбаатар нартай эн зэрэгцэхүйц, түүгээр ч зогсохгүй өнөөгийн утга зохиолын онолын парадигмыг тогтоосны хувьд эдгээр өмнөх үеийн онолч эрдэмтдийг даван гарсан онолч эрдэмтэн, гигант мөн.

          Монголын их утга зохиол, түүний судлал хөгжсөөр л байхуйн цагт, шинэ залуу эрдэмтэн судлаачид төрсөөр л байхын уулзварт, “Утга зохиолын ерөнхий онол туурвил зүй” бүтээлийн хуудсыг эргүүлсээр байхын чимээнд, шинэ хүлээлтийн эрхэмсэг зөнд эрхэм багш Та минь их утга зохиолын түүхнээ дурсагдсаар байх болно.     

СОНСОГТУН!

Монголын их утга зохиолын ариун түүх!

ЧИ БҮҮ МАРТ!

СОРОГДОГИЙН ЭНХБАЯР!

2026.03.12

Г. Батсуурь
МУБИС-ийн багш, Доктор

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

@Katen on Instagram
[instagram-feed feed=1]