
2024 оны Нобелын Утга зохиолын шагналыг БНСУ-ын зохиолч Хан Ган хүртлээ. Түүний 2017 онд The Guardian сайтад өгсөн ярилцлагыг хүргэж байна.
Ярилцсан: Ханна Бекерман
Өмнөд Солонгосын зохиолч Хан Ганы “Хөвгүүн ирлээ”, “Цагаан хоолтон” зэрэг зохиол гадаадын олон хэлэнд орчуулагдсанаас “Цагаан хоолтон” роман нь Олон улсын Ман Бүүкерийн шагнал хүртжээ. Зохиолч хамгийн сүүлд туурвиад буй “Цагаан ном” бүтээлээ хагацал, харууслын тухай намтарчилсан хэв маягтай “бясалгал” хэмээн онцлоод буй.
Таны “Цагаан ном” бүтээлд төрөөд хоёрхон цагийн дараа тэнгэрт хальсан эгчийн тань тухай өгүүлдэг. Юу мэдрэгдэж, юу таныг хатгасан болоод өдгөө энэ талаар бичих болов?
Эгчийнхээ талаар бичих гэж төлөвлөсөн удаагүй. Эгчийг мартаж чадаагүй эцэг эхээ харж өссөн.
“Хөвгүүн ирлээ” номоо бичиж байхад ийм диалог орж ирлээ: “Битгий үх. Гуйя, битгий үхээч.” Хачин танил санагдаад, сэтгэлд хургаад явчихлаа. Тэрхэн зуур энэ ээжийн минь дурсамж юм гэдгийг ойлгосон. Надаас өмнө тэнгэрт хальчихсан эгчид минь давтан давтан хэлж байснаа надад ярьсан хэрэг л дээ.
“Үхэл нүүрлэсэн орон зайд мэндэлж, өсөж том болсон” талаараа бичжээ дээ. Таныг өсөж торниход энэ байдал яаж нөлөөлсөн бэ?
Зөвхөн хагацал биш л дээ. Бидний үнэт нандин чанарын тухай ч яригдана. Эцэг эх минь ах бид хоёрт ингэж хэлж байлаа: “Та хоёр бидэнд зүйрлэшгүй нандин ирсэн, бид их удаан хүлээсэн.” Гэхдээ гашуудлын мөр ч бий. Энэ бүхэн харуусал болоод амьдралыг нандигнах мэдрэмжийн зохирол юм.
Эхний хоёр хүүхэд эндээгүй бол та болон таны ах хорвоод мэндлэхгүй байжээ гэдгийг ойлгосноо та номдоо бичжээ. Ямар санагдсан бэ?
Ээж намайг тээж байхдаа их өвдөж, их ч эм хэрэглэсэн. Тийм сул биетэй болохоороо үр хөндүүлдэг ч юм бил үү гэж бодсон гэдэг. Гэхдээ намайг хөдлөхийг мэдэрмэгцээ төрүүлэхээр шийдсэн.
Орчлон зуурдын шинжтэй, би ч энд золоор мэндэлжээ гэж бодогддог.
Уг номын туурвил намайг хувьсган өөрчлөөсэй гэж хүссэнээ номын эхэнд дурдсан байсан даа? Тийм байж чадсан уу?
Тэгсэн, бичих үйл явц надад үнэхээр нэмэр болсон. Өдөр тутмын зан үйл шиг: мөргөлч адил. Бичих явцад бидний доторх гэмтээж, сүйтгэж үл болом тэр л цэг рүү өдрөөс өдөрт ойртож байх шиг мэдрэгдсэн.
Та өсвөр наснаасаа эхлээд хүнд хэлбэрийн толгойн өвдөлт мэдэрч эхэлсэн хүн. Энэ өвчин танд яаж нөлөөлсөн бэ?
Толгойн ужиг өвчин хүн гэдгийг минь цаг ямагт сануулдаг. Толгой өвдөж эхлэхээр ажиллах, унших, өдөр тутмын бүхий л үйлээ хойш тавиад хүлцэн тэвчихээс аргагүй, ер нь надад үхэл болоод эмзэг чанарыг минь ойлгуулж тусалдаг. Бүрэн дүүрэн эрүүл чийрэг байсан бол би зохиолч болж чадахгүй ч юм бил үү.
Та 14 настайдаа зохиолч болохыг хүсэж байгаагаа ойлгосон гэсэн. Яаж ойлгов оо?
Би оршихуйн асуултуудынхаа хариултыг эрж явсан юм. Тэгээд бүх л зохиолч хариултаа эрсээр авч, ямар нэг дүгнэлт олж аваагүй атлаа бичсээр байдгийг нь уншигчийн хувьд ажигласан юм. Тэгэхээр би ч гэсэн яагаад болохгүй гэж.
Аав тань бас зохиолч хүн. Тэр танд яаж нөлөөлсөн бэ?
Би ном бүтээлээр дүүрэн гэрт өсөж, торнисон. Энэ л хамгийн чухал нөлөө нь байсан юм болов уу.
Багадаа ямар ном шимтэн уншдаг байв?
Солонгос зохиолчдын номд их дуртай байлаа. Бас Астрид Линдгриний “Арслан зүрхт ах дүүс” зэрэг орчуулгын номуудад ч шимтдэг байсан.
Таны бичихүйн төлөвшилд онцгой нөлөөлсөн зохиолчийг нэрлэ гэвэл?
Солонгосоос гэвэл Им Чол Ү-ийн богино өгүүллэгүүдэд, харин гадаад зохиолчдоос Достоевскийд хамгийн их дуртай.
Танд уулзахыг хүсдэг уран бүтээлч бий юү?
Би хэн нэгэн зохиолчтой заавал биечлэн уулзахыг хүсэхгүй байна. Уран бүтээлээр нь дамжуулж тэдэнтэй аль хэдийн уулзчихсан байхад.
Тэдний номыг уншиж, түүнээс ямар нэг зүйл мэдэрч байна аа гэдэг чинь л хангалттай сайхан учрал. Зохиолч, уран бүтээлч хүн ном бүтээлдээ бүхий л зүйлээ зориулдаг.Тиймээс түүгээр нь холбогдоход л боллоо.
Таны бичсэн “Цагаан хоолтон” зохиол Олон улсын Ман Бүүкерийн шагнал хүртсэн. Таны зохиолчийн замналд эл үйл явдал хэрхэн нөлөөлөв?
Илүү олон уншигчтай учирч, бүтээл минь олонд хүрсэн. Гэхдээ хэдхэн сарын дараанаас би хувийн орон зайгаа сэргээн төлжүүлмээр санагдсан, зохиолч хүн олны анхааралд хэт өртөх ер нь сайн биш. Бусдын анхаарал, бичвэр хоёртоо зэрэг төвлөрнө гэдэг боломжгүй хэрэг.
Leave a Reply