Нэг хором өнгөрлөө. Цонхны тавцан дээрх тасалгааны цэцгээс ганц дэлбээ тасран уналаа. Гадаах орчныг нүдээрээ арчин суухуй өглөө орсон цас, тоглоомын талбайд тоглох хоёр жаал, үүлэн цоорхойн нар. Хавар иржээ. Цас хайлаад эхэлчхэж. Өнгөрөн одсон цаг хугацаа, учирч тохиолдсон хүмүүс гээд бүгд энэ хайлсан цасны урсгал лугаа адил цээжнийх нь голоор, зүрхнээс нь хайлан урсаж байлаа. Цаг тооны бичигт хаврын эхэн нахиалахуй, хурц наран дор байгаль дэлхий эргэн төлжиж, үүнийгээ дагаад хүн зоны сэтгэл дотуур цэнгэг агаар шургална.
Өнөөдөр хэн ч түүн рүү залгахгүй. Найз охинтойгоо муудчихсан. “Муудлаа, муудлаа муурын байшин шатлаа!” хэмээн багадаа амандаа бувтнадаг байсан шигээ, өчигдөр хамтдаа барьсан муурын байшингаа шатаачхаад, шөнө нь хөнжилдөө үнс нурмыг нь цэвэрлээд, өнөөдрөөс эхлэн цэвэрхэн, саруулхан тэрхүү талбай дээрээ шив шинэхэн, цэлгэр уужим байшин босгох их үйлээ эхлүүлэхээр анан зогсоно. Харин ингэхдээ олзоо отох арслан, бар шиг биш, олсноо л өөртөө наах өгөөмөр нэгэн шиг сэтгэл тэнэгэр байна. Зурагт унтраастай, гал тогооны багашаархан тавилга сэлт дээр нь ганц хоолны аяга, ганц сэрээ, ганц цайны аяга өчигдөр оройны зоогийг илтгэн дүнсийнэ. Ай даа… хавар гэдэг. Цонхоор харан суухуй өнөө хоёр жаал чинь цасан хүн хийх гэж байгаа бололтой. “Бага багаар хайлж эхэлж буй цасаар яаж л олигтой юм хийх вэ дээ дүү нар минь” гэсэн шигээ юм бодоод сахлаа хусахаар угаалгын өрөөнд оров.
Долоо хоногийн өмнө хуссан сахал нь соёолсоор өнөөдрийг хүртэлх дурсамжийг нь сануулах хэмжээнд лав ургаж. Сахлын хутгаа аван дээрээс нь доош шанаагаа дагуулан хөнгөн гулсуулав. Бага байхдаа аавыгаа сахлаа хусан зогсохыг харах яагаад ч юм дуртай байж билээ. Нас бие гүйцэж бадриун, чийрэг болсон аавынх нь бие хаа, түмэн бодол хурсан нүдний харц зэрэг нь аав шигээ эр хүн болох хүслийг нь улам дэвэргэнэ. Сахлаа хусахыг нь ихэд сонирхон харах хүүгээ хараад аав нь “Сахлаа маш болгоомжтой авах хэрэгтэй байхгүй юу. Дээрээс нь доош хөнгөн… хөнгөн татаад л. Доороос нь сөргүүлж авч болохгүй. Өвтгөнө, цус гарч ч магад. Аажуухан… Ингээд л… гарынхаа аясаар авчих хэрэгтэй” хэмээн хэлэх нь сахал хусах чимээтэй нь хамт сонстоно. Энэ үг балчирхан түүнд аугаа том амьдралын хичээл мэт санагдсан сан. Одоо тэрээр өөрөө толины өмнө зогсож байна. Өмнө нь аав, хүү хоёрын тусгал байсан бол одоо зөвхөн тэр. Аав нь хэдий амьд сэрүүн авч хүдэр чийрэг бие цогцос, гал цогтой төрх нь аажмаар буурсаар байгаа нь хайран. Харин тэрхүү залуугийнх нь төрхийг бүрэн гүйцэд биш ч бага ч атугай сануулах бие цогцос, дүр төрх өөдөөс нь ширтэж байна. Өмнө нь өчнөөн зуун удаа сахлаа хусан ийн зогссон ч өнөөдөр л ийм дурсамж дуртгал тодорсон нь соньхон. Аавынхаа зааснаар дээрээс нь доош шанаагаа дагуулан хөнгөн… хөнгөн гэгч нь татаад л… аваад л… аваад л байлаа…
Гэнэт анир чимээгүйг эвдэн гар утас хангинах дуулдав. Цочсондоо эрүүгээ эсгэчихлээ. Тэрүүхэндээ балмагдан сандарсан амьтан ялимгүй шархаа цаасаар дараад дуу шуутай хангинах гар утас руугаа зүглэв. Найз охин нь залгаж байна. Найз охин гэх нь зөв үү? Мэдэхгүй. Өчигдөр салахын наагуур л юм болсон. Тэр хэсэг дэлгэцээ гөлрөн зогссоноо ерөөсөө авахгүй байхаар шийдэж, дууг нь хаан буйдан луу шидчихлээ.
Сахлаа авчхаад, шархан дээрээ лент тавин, хоол хийж идэхээр гал тогоо руу зүглэхдээ цонхоор хартал жаалууд цасан хүнээ хийгээд дуусаж байв. Ихэд чамбай, гар болгосон мөчир, нүд болгосон чулуу, ам болгосон навч зэрэг нь аятайхан зохисон мэт боловч хайлж буй цасаар хийсэн тул сааралтсан халтар, үзэмжгүй харагдах аж. Дүү нь бололтой нэг нь цасан хүндээ сэтгэл хангалуун бус байгаа бололтой өмнө нь суугаад уйлж гарав. Нус нь гоожчихсон, гар нь халтартан наранд гялтганах агаад ах нь нус нулимсыг нь арчин аргадан ядсаар хөтлөн гэр лүүгээ зүглэвэй.
Би хоёр төмс, тал лууван, бөндгөр цул мах, жижиг сонгино, атгахан будаагаа бэлдэн хоолоо хийж эхэллээ. Хийж байх үедээ “Над руу хэд залгасан бол?”, “Зурвас бичсэн болов уу?”, “Дахиж залгаагүй байвал яана!” гэх бодолдоо дэмий л ээрэгдсээр байтал хоол бэлэн боллоо. Хоолны ганц аягандаа аягалангаа утсаа шалгая даа гэтэл хаалга тогших дуулдав. Ирэх хүн байхгүй дээ гэсээр гайхан үүдээ нээтэл өчигдөрхөн тэнгэр хөмөртөл муудалцсан найз охин нь сулбайн зогсож байв. Гайхах, сандрах зэрэгцэн “Ор ор” хэмээн хазгай мурий хэлээд гал тогооны өрөөнд оруулав.
Бүсгүй үг ч дуугарсангүй, бодлогошронгуй харц нь тогтуун. Бүсгүйг суусан даруй аяга хоолоо өмнө нь тавих гэтэл “Чи салъя гэж бодож байна уу?” хэмээн сулхан хэр нь шийдэмгий асуув. Залуу яг үнэндээ энэ талаар юу ч бодоогүйн учир хоолоо тавихаа азнан хэсэг хар цагаан дуугүй зогсов. Энэ мөчид тархи толгой нь хоосорчхоод , бие махбод нь жингүйдэн, цус нь гүйхээ больчих шиг, таг хөшин зогссоор байлаа. Ийм нам гүм байдлын хөшгийг хуу яран бүсгүй “Би чам руу зөндөө залгасан. Чи яагаад утсаа авахгүй байгаа юм. Ямар жаахан хүүхдүүд байгаа биш” гээд хэсэг түгдэрснээ “Би жирэмсэн” гэсэн ганц л үг унагав. Залуугийн балмагдал сая нэг арилах шиг, жингүйдлээсээ амсхийн, бүх биеэр нь цус гүйн халуу шатах мэдрэгдэнэ. Чичгэнэх гартайгаа цавуудчихсан мэт барьж зогсоо аягатай хоолоо түргэн гэгч түүний өмнө тавив. Одоо л жинхэнэ түмэн бодол тархийг нь дүүргэлээ. Бүсгүй хоолой нь сааралтан, нүдэнд нь гомдлын нулимс хурсан төрхтэйгөөр “Чи эцэг нь болох үгүйгээ өөрөө шийднэ биз. Үгүй гэвэл би ганцаараа өсгөсөн ч чадна” гэж хэлээд мэлмэрэх нулимсаа алгаараа арчин арчсаар гарч одов. Залуу юу хийхээ мэдэхгүй балмагдан хоцорлоо. Сандал дээр суларсан биеэ хөсөр хаян суугаад, сахал хусан зогсох үедээ биш харин одоо л өөрийгөө жинхэнэ эр хүн болсон мэт мэдрэмж цээжинд нь буцалж байлаа. Чингээд гэнэт сэхээ орсон мэт аягатай хоолоо халуунаараа байгаа үгүйг шалгаад бүсгүйн араас ухасхийв. Яарсандаа онгорхой орхисон хаалганы таатай гэгч нь хяхтнах чимээнээр гадаах халтар цасан хүний бяцхан навчин ам инээмсэглэх мэт үзэгдэх авай.
Э.Ганбаяр
Leave a Reply