Сайтын энэ удаагийн онцлох яруу найрагч бол П. Буянцогт. Түүний хайрын тухай эгэл аядуухан шүлгүүдээс хүргэж байна.
Танил дотнохон нэгний харц амар амгаланг дуулан явна
Тэр минь яг л ийм дөлгөөхөн харцаараа намайг энхрийлэн татдаг байсан даа
Тэр бидний харц сүлэлдэн ууссан тийм хөв хөх үдэш
Танил дотно дуу шиг одоо ч сэтгэлд эгшиглэсээр л байдаг даа
Эгэл аядуухан түүний инээмсэглэл анир гүмийг аялна
Эгээ л энэ эелдэг инээмсэглэлдээ намайг ивэлгэн татдаг байсан даа
Элч гэрэлгүй ч сэтгэлийн цогтой ийм л нэгэн өдрүүдэд
Эгэл инээмсэглэл нь бүхэл бүтэн амьдрал байсныг би одоо ч дурсан санадаг даа
Эелдэг харц, инээмсэглэлээс чинь өөрийг мэдэхгүй ч
Энэ бүхэн чинь л надад тайтгарал, утга учир болж байна
Эелдэг харц, энэ дотно инээмсэглэлийг чинь л дотроо хадгалаад
Энд би амьдраад л байж чадах юм шиг санагдаж байна.
Танил дотнохон түүний минь харц амар амгаланг дуулан явна
Тэр минь яг л ийм дөлгөөхөн харцаараа намайг энхрийлэн татдаг байсан даа
Элч гэрэлгүй ч сэтгэлийн цогтой ийм л нэгэн өдрүүдэд
Эгэл инээмсэглэл чинь бүхэл бүтэн амьдрал байсныг би одоо ч дурсан санадаг даа
Эхнэртэй болоод ээж шигээ охинтой болохыг хүснэ
Энхрий түүнийг өвөр дээрээ суулгаад үсийг нь самнаж өгнө
Эхнэртэй болоод эцэг шигээ хүүтэй болохыг хүснэ
Энхрий түүнийг өвөр дээрээ суулгаад үлгэр ярьж өгнө
Эхнэртэй болоод өдөр бүр шүлэг бичиж өгнө
Энэ амьдралд надад утга учир буйг өөртөө ингэж хэлнэ
Эхнэртэй болоод дуу зохиож өгнө
Энэ амьдралыг мартахгүйн тулд өдөр бүр тэр дууг аялна
Эхнэртэй болоод хамт мод тарина
Тэр модноо олон шувуу ирж суугаад жиргэлдэхийг үзнэ
Эхнэртэй болоод хамт цэцэг тарина
Тэр цэцэгсийг хүүхдүүд маань услаад тэгж хайрлахыг сурна.
Ингэж хуваагдах ёстой
Амьд үлдмээр байвал бид
нэг хүн болох ёстой.
Алган дээрх зураасны хээгээ
нийлтэл хөтлөлцөх ёстой
Амьд байх ёстой юм бол бид
ингэж хуваагдах ч ёстой
Атга чихрээ хуваан
дөрвөн улиралд тарааж өгөх ёстой
Хамаг зовлонгоо
хавар, зун, намар, өвөлд тараагаад
явах цаг ирэхэд
Хайр гэдэг эцэстээ
хаана ч байхгүйг ойлгоод
Хашхичсан олон хүмүүс хайр гэгчийг
эрж, дуулж хаврын хаалгыг салба нүдэхийг
олж хараад
Хачин ганцаардан
үнэний тухай харамсан бодно.
Өргөстэй мөчир дээр
хавар өндгөө даран үүрлэхэд
Үлгэрт ч гэсэн ганц удаа
итгэж үзмээр санагдана.
Өд сөдөө гүвэх чанадын ертөнцөөс
цас адил жингүйдэн унаад
Өвөрт чинь бүлээцэхээр
хавар шиг хаанаас ч юм
нисэн ирмээр бодогдоно.
Хаврын өдрүүд
сохор ч байсан болоосой.
Хааяа би дэргэдүүр нь
цоо ширтэж өнгөрөх сөн
Ширхэг ширхгээр нь тэр өдрүүдийг
ширтэн мэлмэрч
Нүд болгоныг нь нээж үзээд
нүгэл бүхнийг нь томруулж
харах сан
Хүрч болохгүй гэсэн
бөмбөлөг хөөсөнд хамтаа
хүрэх эгшинд
Хүсэл мөрөөдөл биелэн
хаврын зовхийг нээж
Холоос цойлох
нүгэл буяны хөөрхөн үгсийг
өөрт нь шивнээд
Хоосон хаврын
харанхуйн амьсгалыг
чам шиг мэдрэх сэн.
Чамайг надаас хасвал
цаг хугацааны нас богиносож
Цас бороо ч
удаан амьдрахыг хүсэн
бидний төлөө уйлнам
Чамайг мэдрэхээр
нүдээ анивал
чи чихэнд шивнэх шиг
Цасны сэрвээнд
зөөлөн хүрэхэд
мөн чанарыг чинь танинам.
Хүсэж мөрөөдөхийн тулд бид
амьд байх ёстой.
Хүрч болохгүй гэсэн бүхэнд
хүрч үзэх ёстой.
Хүн гэдэг нэрээс
хором ч гэсэн ангижирч үзэх ёстой.
Хүлээсгүйгээр ингэж нэгнээ хайрлаж
хуваагдах ёстой.
Leave a Reply