2024 оны Бүүкерийн шагналтан 2024.11.12-ны 21:45 минутад буюу манай цагаар 2024.11.13-ны 05:45 минутад тодрох юм. Хэдхэн цагийн дараа хэн маань Бүүкерийн шагналтнаар зарлагдах бол?
Марк Твиний бичээгүй тийм роман бичиж чадсан гэж итгэж байна…
Персивал Леонард Эверетт 1956 онд Америкт мэндэлжээ. Курт Воннэгутын “Тавдугаар бойны газар” романыг уншиж утга зохиолд дурласан тэрээр “Хакклеберри Финнийн адал” явдал зохиолоос сэдэвлэн бичсэн “Жеймс” (James) романаараа энэ жилийн Бүүкерт өрсөлдөж буй. Персивал Эверетт Маяами Их Сургуулийн Философийн хөтөлбөрт суралцаж бакалаврын зэрэг хамгаалсан. Мастерийн зэргээ Браун Их Сургуулийн зохиолчийн хөтөлбөрт суралцаж дүүргэсэн байна. Өдгөө тэрээр Өмнөд Калифорны Их Сургуульд ажиллаж буй бөгөөд тус сургуулийн хүндэт профессор хэмээгдэж буй.
Романы гол дүрийг Хакк Финний найз Жимийн дүрээс сэдэвлэжээ. Зохиолч ярилцлагадаа энэ тухай дурдаад “Марк Твиний бичээгүй тийм роман бичиж чадсан гэж итгэж байна” хэмээсэн юм.
1861 он, Миссисиппи мөрний эрэг дагуух Нью Орлеанд байгч боол Жеймс бээр шинэ эзэнд очих нь нэгэнт тодорхой болжээ. Жеймс худалдаалагдахаасаа урьтаж эхнэр охин хоёроо дагуулан Жексоны аралд нуугдахаар төлөвлөнө…
Персивалл Эверет өнөө цагт идэвхийлэн туурвиж буй Америк зохиолчид дундаа шаггүй бүтээлч, урын сан арвинтай нэгэн бөгөөд Goodreads-д дурдсанаар тэр 22 жилийн хугацаанд 19 ном бичиж амжжээ. Түүний бүтээлүүд асар өргөн цар хүрээ, сэдвийг хөнддөг ч зонхилон илрэх сэдэв нь арьс өнгөний үзлийн эсрэг дуу хоолой байдаг. Мөнхүү хүүрнэл, бичлэгийн сонирхолтой арга барилыг ямагт туршиж байдгаараа алдартай бөгөөд “Жеймс” (James) роман нь ч бүтээлч туршилтынх нь нэгээхэн хэсэг билээ.
Бүүкерийн их сунгаанд өрсөлдөж буй нь түүний хувьд анхны тохиолдол биш юм. Персивал Эверетт “The Trees” (2022) романаараа 2022 оны Бүүкерийн их сунгаанд өрсөлдөж байв.
Уран зохиол бол хоорондоо авцалдаагүй олон сонирхлыг нэгтгэж, амьдралын янз бүрийн хэсгийг нь нөхөх цорын ганц зам…
Бага нас:
Рэйчел Кушнер 1968 оын 10 сарын 7-ны өдөр АНУ-ийн Орегон мужийн Евгений хотод мэндэлжээ. Материаллаг баялаг, нийгмийн хүлээлт гэх мэттэй холбоотой уламжлалт үзлээс ангид хувь хүний үнэт зүйл, эрх чөлөөг эрхэмлэдэг богеми гэр бүлд өссөн тэрээр бага насандаа эцэг эх, ахынхаа хамтаар Merry-Pranksters шиг автобусанд амьдардаг байсан гэдэг. Тэр тухайгаа Рэйчел “Эцэг эх маань докторууд байсан ч ах бид 2 халтар ноорхой жаалууд байлаа шүү дээ” хэмээн дурсан ярьсан байдаг. Мөн бага насныхаа тухай “Би маш их цагийг өөртэйгөө хамт өнгөрөөдөг байлаа. Би мөрөөдөж, хэрхэн ганцаараа байхад, бас ганцаардахгүй байхад суралцсан юм” хэмээжээ. Түүний эцэг эхийн амьдралыг үзэх ер бусын үзэл, амьдралын онцгой хэв маяг, аавынх нь сонирхдог мотоцикл, битник шүлгийн цуглуулга, гэрт нь байх янз бүрийн ном, ээж нь түүнийг 5 настайд номын дэлгүүрт ажиллуулсан зэрэг зохиолчийн үзэл бодол төлөвшихөд чухал нөлөөлсөн болов уу гэмээр түүний амьдрал сонирхолтой баримтаар дүүрэн. Рэйчелийн өвөө никель олборлолтын компанид ажилладаг байсан нь 2008 оны Үндэсний номын шагналд нэр дэвшсэн “Кубаас ирсэн Телекс” анхны романых нь сэдэл болжээ.
Хүсэл мөрөөдөл:
Рачел 16 настайдаа Беркли дэх Калифорнийн Их Сургуульд улс төрийн эдийн засгаар сурчээ. Тэр үед л Рэйчел машин техникт онцгой сонирхолтой байсан төдийгүй энэ талын авьяастай хүмүүсийг биширдэг тухайгаа нэгэн ярилцлагадаа дурдсан байдаг. Сургуулийнхаа сүүлийн жилүүдэд Мото Гуззигаа унаж давхин, шөнийн цэнгээний газруудад ажиллаж, хуучин дугуйнуудаар чимсэн гэртээ амьдарч байжээ. Эцэст нь тэрээр зөвхөн роман л түүний хоорондоо авцалдаагүй олон сонирхлыг нэгтгэж, амьдралын янз бүрийн хэсгийг нь нөхөх цорын ганц зам гэдгийг ойлгосноор 26 насандаа Колумбын их сургуулийн утга зохиолын хөтөлбөрт суралцаж эхлэв. Эхний романыхаа санааг төгсөх хүртлээ олж чадаагүй бөгөөд түүнийгээ бичихийн тулд 6 жил зарцуулжээ.
Уран бүтээл:
2018 онд The Mars Room романаараа Бүүкерийн шагналд нэр дэвшсэн бол энэ удаа Creation Lake зохиолоороо Бүүкрерийн шагналын богино жагсаалтад багтаад байна.
Hard Crowd эсээний түүвэр, олон улсын хэмжээнд шилдэг борлуулалттай романууд болох Telex from Cuba, The Flamethrowers, мөн The Strange Case of Rachel K богино өгүүллэгийн түүвэр зэрэг номууд гаргаж байв. Тэрээр Prix Medicis шагнал, Үндэсний номын шүүмжлэгчдийн холбооны шагнал, Folio -ийн шагналыг тус тус хүртсэн. Үндэсний номын шагналд хоёр удаа нэр дэвшсэн. Тэрээр Гүггенхайм сангийн гишүүн бөгөөд Америкийн урлаг, уран зохиолын академийн Харолд Д. Вүрселлийн нэрэмжит шагналийн эзэн юм. Түүний бүтээлүүд Нью-Йоркер, Харперс, Парисын тойм зэрэг сэтгүүлд нийтлэгджээ.
Бүтээлийн хэлбэр арга барил
Улс төрийн хувьсгал, нийгмийн шилжилт хөдөлгөөний тухай онолын тайлбараас гадна цаг үеийн өөрчлөлтийг биеэр мэдэрсэн хүний сэтгэл зүй тэр бүхнийг хэрхэн тусгаж авсан бэ, мөн тэндээс бидэнд юу үлдсэн бэ гэдгээр тухайн үйл явдлын бодит үнэн, дэлхийн амьдралын нарийн төвөгтэй байдлын учир холбоог гаргаж ирэх нь түүний уран бүтээлийн зорилго гэж хэлж болно. Үүний тулд маш их судалгаа хийсэн төдийгүй, Куба, АНУ, Итали, Францийн түүхэн нөхцөл байдлыг онцгой сонирхож, бодит үйл явдлыг шууд хуулбарлах биш тухайн үйл явдалд хөшүүрэг болсон элементүүдээр өөрийн зохиомол ертөнцийг зоригтойгоор бүтээдэг аж. Түүний судалгаа янз бүрийн хүмүүстэй хийх ярилцлага багтах бөгөөд заримдаа хариулахгүй байх нь чухал хариулт болдог тухай хэлсэн байдаг. Хувьсгал, босогчид, үймээн самуун, мотоциклын осол, гэмт хэргүүд өгүүлэгддэг Рэйчелийн зохиолууд сэтгэлгээний өвөрмөц орчинд өрнөдөг бөгөөд түүний хошин мэдрэмж бүтээлүүдэд улам ч онцгой өнгө төрхийг бүрдүүлдэг байна.
Хүн нэгэн мөчтэй улаан нүүрээрээ учрах гэж төрдөг
Канад гаралтай зохиолч Энн Майклс анхандаа яруу найрагч гэдгээрээ танигдаж байв. The Weight of Oranges (Жүржийн жин) нэрт анхны номоо яруу найргийн төрлөөр 1986 онд буюу 28 насандаа хэвлүүлснээр англи хэл дээр хэвлэгдсэн яруу найргийн номд олгодог “Commonwealth Poetry Prize” шагнал хүртжээ. Өдгөө Бүүкерийн шагналд нэр дэвшээд буй “Held” роман нь уншигч, судлаачдын анхаарлыг ид татаж байгаа ч түүний хамгийн алдартай, хамгийн их амжилт дагуулсан бүтээл нь “Fugitive Pieces” билээ. Тус роман хэвлэгдсэн жилдээ (1996) Orange Prize for Fiction, Guardian Fiction Prize, Lannan Literary Award for Fiction зэрэг утга зохиолын арван таван шагналд нэр дэвшиж, арван гуравт нь ялсан.
Эдгээр мэдээллээс уншигч та Энн Майклсын бичлэгийн ур маягийг гадарлаа болов уу. Он цаг, үе удмыг дамнах сэтгэл зүйн гэмтлийн сэдвийг түүх, ой дурдатгалын хөрсөнд суулган бичдэг уг зохиолчийн дүрслэх хэв маягийг дийлэнх уншигчид нь “яруу найраг мэт” хэмээн тодорхойлдог. Яруу найраг болоод шүлгэн романы арга барилыг зохиолдоо чамгүй шигтгэдэг энэ эмэгтэй 2013 онд үнэхээр л шүлгэн роман (Correspondences, 2013) бичиж хэвлүүлсэн байдаг.
Товчхондоо түүний бичвэр агшин зуурын, гялбаа мэт, зурвас дүрслэлүүдийг эвлүүлж зүүсэн мэт санагдана. Цогцолбор бүрээ шүлэг адил эвтэйхэн бадаглах агаад зохиолын дүрүүд нь “хүн нэгэн мөчтэй улаан нүүрээрээ учрах гэж төрдөг” гэж үзэх зохиогчийнхоо итгэл үнэмшлийн биелэл гэмээр нөхцөл байдалд орох нь олонтоо.
Бэлгийн цөөнхийн тухай сэдвийг илэн далангүй хөндөж гаргаж ирснээрээ олон нийтийн талархал дургүйцлийг зэрэг хүлээгээд байна
Нидерландын судлаач Яел ван дер Вуден өөрийн бичсэн анхны романаараа Бүүкерийн шагналд нэр дэвшиж байна. Тэрээр гурван настайгаасаа балетаар хичээллэсэн ба ахлах сургууль хүртлээ бүжгийн замналаар явжээ . Дараа нь Утрехтийн их сургуульд харьцуулсан уран зохиолын чиглэлээр сурсан юм. Одоо уран зохиол судлаач, багш.
SafeKeep роман нь дэлхийн хоёрдугаар дайнаас хойш 15 жилийн дараа нас барсан эцэг эхийнхээ гэрт ирж буй Элизабет гэх эмэгтэйн талаар өгүүлдэг. Өсөж том болсон гэр орон нь одоо амьдрах хоргодох, биш өөрийгөө хорих орон зай болж хувирч буй ээдрээтэй сэтгэлзүйн хувирлууд гэр оронд өрнөнө. Мөн энэ үед Эва ирснээр зөрчил хоёр эмэгтэй хайрын түүх рүү шилжих ажээ.
Бэлгийн цөөнхийн тухай сэдвийг илэн далангүй хөндөж гаргаж ирснээрээ олон нийтийн талархал дургүйцлийг зэрэг хүлээгээд байгаа билээ.
Ихэнх зохиолчид хурдтайгаар өрнөх үйл явдалд анхаарлаа хандуулдаг бол Вүүд дүрүүдийн дотоод сэтгэлийг онцолдог
Шарлотт Вүүдийн романууд ихэвчлэн хүний харилцааны сөрөг талууд, нийгмийн асуудлууд, эмэгтэйчүүдийн амьдралын зовлон бэрхшээл зэрэг гүн гүнзгий сэдвүүдийг хөнддөг. Түүний зохиолын хэл нь яруу найраглаг бөгөөд аажуу тайван хэмнэл давамгайлах ч сэтгэл зүйн нарийн мэдрэмжийг чамбай тусгасан байна.
Ихэнх зохиолчид хурдтайгаар өрнөх үйл явдалд анхаарлаа хандуулдаг бол Вүүд үйл явдал гэхээсээ илүүтэй дүрүүдийн дотоод сэтгэлийг онцолдог ажээ.
Mөн түүний зохиолуудын төгсгөл тодорхойгүй эсвэл шийдэгдээгүй үлдэх нь олонтоо. Энгийн, хэвийн мэт харагдах амьдралын мөчүүдийг нарийвчлан дүрсэлдэг нь түүний зохиолуудын онцгой өвөрмөц шинж чанар юм.
Вүүд хүний дотоод ертөнцийг нарийн илэрхийлж, дүрүүдийн бодол, сэтгэл хөдлөлийг гүн гүнзгий мэдэрч бичдэг. Түүний бичлэгийн арга хэлбэр нь уншигчдад дүрүүдийн амьдралыг өөрсдийнх мэт мэдрэх боломж олгодог гэж болно.
Эх дэлхийнхээ сансраас авсан зургийг гагцхүү үгээр тод томруун илэрхийлж чадах болов уу
Товч танилцуулга: Британийн зохиолч Саманта Харви нь Бүүкерийн шагналд хоёр удаа нэр дэвшсэн билээ. 2009 онд анх Wilderness зохиолоороо Бүүкерийн шагналын урт жагсаалтад орж байсан бол энэ удаа Орбитал бүтээлээрээ богино жагсаалтад буюу сүүлийн шатны шалгаруулалтад тунаж үлдээд байгаа юм.
Энэ цаг үеийн Виржиниа Вүүлф гэгдэж буй Саманта Харви нь 49 настай, Бат Спа Их Сургуулийн туурвилзүйн багш. Түүний Бүүкерийн жагсаалтад орсон Wilderness ном нь алцгеймертэй тэмцэж буй тухай өгүүлдэг. Мөн All is song, Dear Thief, The Western wind зэрэг роман бичсэнээс гадна өөрийн нойргүйдэх эмгэгийн дурдатгал болох The Shapeless Unease түүний алдартай бүтээл юм.
Бүүкерт дэвшсэн бүтээлийнхээ тухай зохиолч өөрөө юу гэж ярив: Ойрын хэдэн жил би дэлхийн сансраас авсан зураг, дүрсийг үзэх дуртай болоод байсан юм л даа. Олон улсын сансар судлалын станцын камераар авсан дүрсүүдийг та ч бас үзэх боломжтой. Хэдэн сарын турш онлайнаар дэлхийн тойрох замаас өөрсөд рүүгээ хараад л байсан чинь эх дэлхийнхээ энэ гоо үзэсгэлэн болон үгээр илэрхийлэх аргагүй ганцаардмал мэдрэмжийг дүрсэлмээр санагдсан. Гагцхүү үгээр энэ бүхнийг яг тэрхүү зураг дүрс шиг тод томруун илэрхийлж чадах болов уу гэж бодож байлаа. Романы маань зүрх цохилох хэрэгтэй байсан тул би сансрын нисэгчдийг оруулж ирсэн. Гэхдээ тэд эх дэлхийгээ алсаас харах зураглалын ердөө нэг хэсэг нь.
Би эхний 5000 үгийг биччихээд байхдаа хөл хорионд орсон. Бараг л итгэл найдвараа алдаад байлаа. Яг энэ үеэрээ номтойгоо холбоотой баримт сөхөж үзлээ. Тэгээд цахилгаан гүйдэл бүх биеэр минь гүйх шиг болсон. Өмнөх номнуудаа бичиж байхад хэзээ ч ийм мэдрэмж төрж байгаагүй юм. Тэгээд л үүнийг заавал үргэлжлүүлэх хэрэгтэй гэж бодсон. Энэ бол хөл хорионы үеэр бичихэд хамгийн тохиромжтой ном. Гэртээ байхдаа өдөр бүр очиж үзэх боломжтой ямар газар байна гэж?
Бичлэгийн арга барил: Цаг хугацааг зохиолынхоо гол дэвсгэр болгон дүрсэлдэг бөгөөд нойрны эмгэг, сансар дахь цагийн гажуудал зэрэг сэдвийг оролцуулан хугацааг сунгаж, бас буцаж агшаан шинэ дүрслэл бүтээхийг зорьдог.
Leave a Reply