Нэрдээ шүлэг бүр нь таардаг яруу найргийн ном үнэндээ би өмнө нь үзээгүй ээ. “Зөвхөн хайр” номын шүлэг бүхэн хайрын л тухай. Гурван зуу гаруй нүүр хайрын тухай бичвэл чи цуцах уу? Хайр чинь шавхагдаж дуусах уу? Хайр дуусашгүй юм. Батрэгзэдмаа найрагчийн хайрын хувь дундаршгүй юм. Шүлэг бүрээ хайраар гүйцэд томсон ийм ном бидний гар дээр, цоо шинэхэн дээлээ өмсөөд Улбар паблишингаас хэвлэгдэн худалдаанд гарахад бэлэн болжээ. Монголын уран зохиолын нэгэн сод туурвил эргээд ирэх гэж байна!
Одоо догдлолоо түр азная. Амьсгалаа гүн ав. Бид хайрын үүдийг татах гэж байна. Хайрын үүдээр ямагт бөхийж орох учиртай. Хайрын сэтгэл рүү бохир гараа дүрж үл болно. Өлмий чинь цэцгээс мэндэлсэн дагинасынх мэт ариун байж чадах уу? Өөр юуны ч тухай биш, хайрын тухай бодоход бэлэн үү?
Чиний нүдний зориглолд өртөж
Чамд ялагдваас…
Эзэмшил гэр оронд чинь дагаар орвоос
Чи намайг аминыхаа алтан загас болгох уу
Би чиний голт судсаар гялалзтал сэлмээр…
Эхний цохилт хэр оров доо? Айхтар манараагүй гэж найдъя. Хүнийг үгээрээ дэлсэх шиг хэмжээлшгүй хүчтэй дүрслэлүүд түүний шүлгүүдэд бий. Шүлэг бүрд нь ийм “дардас мэт, дарс адил” цохилтууд бий. Түүний ийм мөрүүдийг би дүрслэл гэж хэлмээргүй байна. Шууд л цохиод авч байгаа юм шиг, цохиулсан би бахдан баярлах шиг хачин таашаал. Энэ ном бол чигтээ таашаал. Исгэсэн амт. Сайн шүлэг ямагт тэмээнээс тэмдэгтэй байдаг. Уралдаж тэмцэлдэхийн ч шаардлагагүй. Түүний шүлэгт хонгоны толбо шиг төрөлх чанар оршдогт хамаг учир бий.
Баярлууштай нь тэр хүнийг хайрлах хэв маягаасаа эмээсэнгүй, ичсэнгүй, зүрхнийхээ хамгийн эмзэг хэсгүүдийг шударгаар дэлгэж үзүүлжээ. “Ямар хайр хамгийн зөв бэ?” гэдэг дээр хүмүүс дандаа “эн тэнцүү” байх хүслээ илэрхийлдэг. Гэтэл хайр амьдрал дээр үргэлж л “дагаар орох”, “байлдан дагуулах”-ын төгс хослол болж таарна. Эл хослолын дунд бидний хайр бүжиглэж, амь орж, аж төрнө. Түүний хайр сэтгэл төгс байгаагүйг чи шүлгүүдээс нь мэдрэх л байх. Гэвч харамсахын хэрэг юун? Түүний хайр хав халуун, зальжин дүрсгүй, зүрх сэтгэлийн хамгийн идэвхт тэр төлөвөөрөө гэрэлтэж байсныг ч бас чи ойлгох болно. Бидний сэтгэл ямагт адилхан байдаг даа. Тиймээс бас өөрийгөө ч харна.
Хачин олон талст “Хайр”
Түүний “Гунигтай төгсгөлөө гэрэлтэй эхлүүлье” гэх шүлэгт нэг ийм хачирхам мөр бий:
Чамайг би бусдаас хайсан
Чиний хөлийн хуруудтай ав адилхан хөл байдгийг олж чадсан
Гэхдээ гижиггүй
Хайр ийм л хэцүү эд дээ. Ийм хачин. Хачныг нь яг байгаагаар нь онож хэлэх гэж! Хүнийг хайрлаад, хамтдаа хэсэг баймагц чамлам санагдаад, нэг л мэдэхэд “Үүнээс илүүг олоод авчихна” гэх инээдтэй бодлоо хөлөглөн бид нэг нэгнээсээ алсарч оддог. Илүү нь мэдээж олдолгүй яах вэ. Тал бүрээрээ давуу талтай нэг нөхрийг олоод авчихна. Даанч гагцхүү илүү болохоороо, өчүүхэн жижиг зүйл нь ялгаатай болохоор, миний хэлэх үгэнд яг түүн шиг хариу хэлж чадахгүй болохоор ахиад л тух алдарна. Тунг нь яв цав тааруулахгүй бол бүтэшгүй мэт тийм хачин билээ, хайр.
Урсгал олон харцнуудаас, уулын олон горхиноос
Уухгүйгээр чамайг олно гэдэг хэцүү байлаа…
Хайр хамгийн цуцам эрэл. Ангаж, зүтгэж, чамайг гэж ирэхэд нь аман дээр чинь өөр уруулын мөр байна гэж нэгэндээ хэлдэг бид цугаараа инээдэмтэй. Ийм инээдэмтэй, энгийн тохиолдох хайрын бэрхшээлийг ч эцэслээд нэг л хэлчихнэ гэдэг…
Шинэ шинэ зүйлүүд
Ар араасаа ирнэ
Зарим бэлгийг задалж үзэхээс ч айна
Хайр бас үнэхээр айдас хүрэм зүйл. Хайрыг дагалдаж ирэх тэдгээр олон бэлэг. Сониучирхам, халшрам, донтом олон хайрцаг. Дараагийн хайрцгийг нээх, эс нэхээс хамаарах хүмүүний харилцаа.
Зүрх хүслэнгээр дүүрэхэд дундруулж өгөх
Хэвлий хүндрэхэд түших…, чамайг би дагана.
Хөх минь ч зангиран хатуурах …
Өвдөлттэй, хөөрхий би чамайг даган
чиний хайр элбэрлийг горьдон бүртэлзэнэ.
бөртөлзөнө.. би ийм билээ…
хайрлахаас аргагүй хүзүү, хоолой, зүрх, цээж хэвлийтэй билээ.
Хайрыг буй биеэрээ дамжуулан урлах, ургуулах тэр мэдрэмжийг эмэгтэй хүнээс илүү мэдэх хүн хаа байх вэ. Энд үнэндээ бүсгүй хүний давуу талаа ашиглаад хайрын мэдрэмжийн хөндүүр, халууныг таталж орхижээ. Эмэгтэй хүний эмзэг нандин хэсгүүд, тэдний хөндүүр, хүнд оргих мэдрэмж, дотор нь ургах хайр…
Хүйтэн шөнийг хөлөөрөө тийрч, жийж
Хөлийнхөө хуруугаар ч чимхэв
Хар шөнийг гараараа ч базаж, атгаж
Хаш цагаан шүдээрээ ч тастав
Хүнд хар шөнийг бид хоёр
Хүний биеэрээ галдав
Хайрын хамгийн сүүлийн бүрдэл, гэвч хамгийн тод талс. Ийм сэдвийг яаж бузар булай, завхай зайдан гэх тодотголоос нь салгаж урлах вэ? Гагцхүү хайртай уусгах, уусгах, бүрэн уусгах. Эцэст нь дүрэлзтэл асаах.
Эр хүнээр дамжиж өөрийгөө хайрлахуй
Өөрийгөө би дотроо хайрлан бодохдоо өөрийн дуу хоолойгоор эвийлдэггүй. Өөрийг минь хайрладаг эр хүний дуу хоолойгоор эвийлдэг сэн. Эмэгтэй хүн тийм юм. Өөртөө амттай хоол хийж идэж чадахгүй. Өрөөлд сайхан хоол хийвэл нэг цадна. Tүүний зарим шүлгүүд зөвхөн эмэгтэй хүнээс ундрах энэ л шинжээрээ бас ижилсэх юм. Батрэгзэдмаа найрагч үе үе “эр хүний дүрд хувирч” шүлэг бичдэг. Түүгээрээ эмэгтэй хүнийг эвийлэн хайрлаж чаддаг. Энэ бол эмэгтэй хүнээс л гарах арга юм. Яагаад гэвэл бид чинь өөрсдөөсөө илүү өрөөлийг хайрлах сэтгэлтэй. Өөрийнхөө дүрээр өөрийгөө хайрлах амаргүй. Тиймээс эр хүний дүрийг түр ч болов зээлднэм. Хүний нүдээр бас өөрийгөө шагайж харахыг хүснэм.
Чиний хөлийн хуруунууд өхөөрдмөөр хөөрхөн
Чи ийм хөөрхөн хөлөөрөө над руу тэмүүлдэг байх нь ээ…
Чиний даашинз цэцэг тасран унах шиг доош уначихлаа
Чиний цээж цэцгээс бүр илүү гэрэлтэх юм
Би чамд ийм гоё зүйл бий гэж зөн совингоороо татагджээ дээ
Миний зөн совин ямар ухаалаг юм бэ?
Хүнээр дамжиж ертөнцийг хайрлах
Хайр эцэстээ юунд хүрдэг вэ? “Чамайг хайрлаагүй бол орчлонг би ингэж харахгүй сэн.” Үнэн хайрлахдаа бид үргэлж иймэрхүү бодол тээдэг. Үнэн хайр олон зүйл эдгээдэг. Хайр эцэстээ ийм сайн сайханд хүргэдэг:
… Чиний үсний үнэрээс ээжийг чинь би төсөөлөв
Чиний ээж, чиний гэр бүл, чиний анд нөхөд, чиний нохой
Чиний гэсэн бүхний төлөө залбирах ёстой болов
Чамайг хайрлах хайр миний зүрхнээс нарны цацраг шиг түмэн зүг рүү чиглэв
Миний хайрын хязгаар тэлэв. Маш их өвдөв.
Маш их айв…
… Би бүгдийг хайрлахад бэлэн болов
Одоо би чамайг зөгий болгоход ч бэлэн байна
Чи надад бал зөөх ёстой
Удахгүй би зөгийн балын сархиаг болж мэднэ
Бусад нь намайг долоон амтлах байх…
Хайрын нууц явдал байжээ
Хайрын ухаанд би ялагдав.
Leave a Reply