Press ESC to close

Усны ГудамжУсны Гудамж Бичээчийн Хөгжих Талбар

Зул сарын гайхамшигт зүүд

Зохиолч Луиза Мэй Олкотт нь 1832 онд Пенсилвани мужид мэндэлжээ. Түүнийг бид “Жаалхан авхай нар” (Little Women) бүтээлээр нь сайн мэдэх билээ. Луиза энэ номынхоо дүр Жо шиг тийм эршүүд охин байсан гэдэг. Тэрээр “Хөвгүүд надтай уралдаж ялбал л би найзална… харин охидын хувьд мод руу авирч, хашаа давж чадахгүй бол найзлахгүй” хэмээдэг байж. Түүнчлэн, Луиза багаасаа л бичиж туурвих дуртай байжээ. Тэрээр найман настайгаасаа шүлэг бичиж эхлээд 1854 онд 22-тойдоо анхны бүтээлээ хэвлүүлж байжээ. Эдүгээ та бүхэнд хүргэж буй энэхүү өгүүллэг хамгийн анх 1882 онд хүүхдэд зориулсан сэтгүүл болох “Harper’s Young People”-д хэвлэгдэж байв. Уг өгүүллэгийг Чарлес Диккенсийн “Зул сарын сүлд дуу” номоос сэдэвлэн бичжээ. Сайхан сэтгэл, өгөөмөр зан, нинж сэтгэл, бусдад баяр хөөр бэлэглэхийн сайхныг дүрсэлсэн эл бүтээл танд зул сарын баярын сайхныг мэдрүүлэхийн сацуу эерүү дулаан мэдрэмж төрүүлнэ гэдэг итгэлтэй байна. 

“Зул сараас бүр залхаж гүйцлээ. Ахиад нэг ч зул сар битгий болоосой” хэмээн бяцхан охин хэлэхдээ ээж нь хоёрхон хоногийн дараа тараахаар зэхэж буй нэлээд олон бэлгийг эмхэлж байхыг нь уйтгартай гэгч нь ширтэн суулаа. 

“Эффи минь, ийм муухай үгс хэлж болдоггүй юм! Зул сарын баярыг үл ойшоож, Скрүүч шиг муухай авирлаваас түүнд тохиолдсон зүйл чамд ч гэсэн тохиолдвол яана” хэмээн ээж нь хариулахдаа амттай чихрээр дүүргэх  мөнгөн эвэр бүрээгээ золтой л газар унагачихсангүй. 

“Скрүүч гэж хэн юм? Юу тохиолдсон юм?” хэмээн асуух бяцхан охины нүдэнд сониуч зангийн зурвас оч гялтганана. Түүний сэтгэлд чихэрлэг зүйлс ер нийцэхгүй байсан тул хамгийн исгэлэн гэсэн нимбэгтэй чихрүүдийг ялгаж суулаа. 

“Диккенсийн зохиол дээр гардаг дүр. Скрүүч зул сарын баярыг үнэн голоосоо үзэн яддаг байсан ч түүнд зүүдлэгдсэн хачирхалтай зүүдний ачаар зул сар ямар нандин, гайхалтай баяр болохыг ойлгодог юм! Мэдээж тэр сайн нэгэн болж өөрчлөгдсөн. Миний охин ч гэсэн энэ гайхалтай номыг уншаарай!”

“Би уншина аа. Би ч гэсэн олон янзын, элдэв сонирхолтой зүүд зүүдэлж байсан. Гэхдээ ингэлээ гээд зул сард сонирхолтой болчихно гэсэн үг биш” хэмээн санаашрангуй хариулахдаа Эффи чихрээ ялгасаар л байлаа. 

Ээж нь түүнээс “Юу чамайг жилийн хамгийн сайхан баяраас залхаахад хүргэв?” хэмээн тулгамдангүй асуув.

“Хэрэвзээ шинэ соньхон зүйлс болдог сон бол би яахин уйдах билээ. Зул сар жил бүр л ямар байдаг тэр хэвээрээ, бүх зүйлс нь ижилхэн, алмайраад байх зүйлгүй өнгөрдөг. Оймснуудад ямагт дүүрэн тоглоомууд хийсэн байна. Заримд нь огт дур татагдахгүй, дур минь татагдлаа ч нэг их удалгүй уйдаж гүйцнэ. Гэр бүлээрээ хамгийн сайхан амттай гүнцэг барина. Би хагартлаа идэж, их идсэнээсээ болоод маргааш нь бөөн зовуурь болно. Гацуур мод засаатай, хүүхэлдэйнүүд өлгөөтэй, мэдээж тэнэг Санта Клаус ч байна, хүүхдүүд бүжиглэнэ, эвдрээд л дуусах тоглоом, чихэр хараад тэд хий дэмий хөөрцөглөнө, бас огтхон ч хэрэгцээгүй гялтгар эдлэлүүд байна. Хоорондоо зэрвэсхэн ч ялгаагүй зул сарууд. Үнэхээр, ээжээ! Би ахин нэг ч зул сарыг хүлцэж чадна гэж бодохгүй л байна” хэмээн Эффи хэлээд, даагдашгүй зүйлд дарагдсан аятай буйдан дээр тэрийлээ. 

Ердөө аравхан л зул сарыг тэмдэглэсэн, дутагдаж гачигдахын өчүүхэн зовлонгүй өссөн ч үүндээ туйлын сэтгэл дундуурхан байгаа охиноо хараад эх нь гаднаа гунигтай инээмсэглэж, дотроо халаглаж байлаа. 

“Энэ жил чамд нэг ч бэлэг өгөхгүй байя, тэгвэл болох уу?” хэмээн ээж нь дэндүү эрхлүүлж өсгөсөн охиноо аргадангуй хэлэв.

“Хэзээ ч мартагдашгүй том бас гайхалтай нэг бэлэг, мөн өөр нэг жижигхэн бэлэг байхад л болно” хэмээн Эффи хэллээ. Эффи гурван охинтой айлын хамгийн балчир нь тул гэр бүлийнхэн нь түүнийг ихэд нандигнан үзнэ. Толгойд нь элдэв жигтэй бодлууд ямагт буцалж байдгийн хувьд найзууддаа ч ихэд сайшаагдана. 

“Хонгор охин минь, чамайг баярлуулахын тулд юу хийж чадахаа харъя. Гайхалтай бэлэг юу байж болох талаар сайтар тунгаая. Бэлэг чинь бэлэн болтол нэг ч үг цухуйлгахгүй ээ.” Ээж нь ийн хэлээд тун бодлогошронгуй бэлгүүдээ боож эхлэв. Харин бяцхан охин түүний хамрыг гадагш огтхон ч цухуйлгахгүй байгаа, түүнчлэн чамгүй ихээр гуниглуулах болсон бороо хэрхэн орж буйг харахаар цонх руу очлоо. 

“Надад чинээлэг авхай байснаас ядуу зүдүү хүүхэд байх нь дээр юм шиг санагдаж байна. Би гадагшаа дураараа гарч болохгүй. Гэтэл тэнд миний л насны бололтой нэг охин байна. Түүний хажууд гутал хувцсаа муухай болгочихлоо, шүхрээ ав, даарчихлаа, хөрчихлөө гэж янших асрагч алга. Тэр ганцаархнаа, чөлөөтэй гэгч нь шалбааг дундуур туучиж байна. Би гуйлгачин байсан ч болоосой!”

“Үргэлж өлмөн зэлмэн, навсархай муу хувцастай, ямагт даарч, өдөр бүр гуйлга гуйж, шөнөдөө овоолсон үнс, хог шороон дунд унтмаар байна гэж үү?” хэмээн эх нь гайхшрангуй асуулаа. 

“Үнсгэлжин ийм л байсан, түүний үлгэр ч аз жаргалтай төгссөн шүү дээ. Тэр охин гартаа сагстай, сагсанд нь хоолны үлдэгдэл байна, нэвсгэр том ороолттой, гутал руу нь ус нэвтэрч, хөл нь норсон ч гэсэн өчүүхэн төдий түүртэж буй шинж алга. Бороо өөд инээж, шалбааг дундуур чөлөөтэй туучиж, цэл хүйтэн төмсийг миний оройн хоолондоо иддэг тахиа, мөхөөлдөснөөс хамаагүй сайхан мэт амтархан гэгч идэж байна. Үнэхээр ядуу хүүхэд байх нь чинээлэг айлын охин байснаас хавь илүү азтай мэт санагдаж байна.” 

“Хааяахан би ч тэгж боддог шүү, Эффи минь. Өнөөдөр л гэхэд би асрамжийн газарт өндийлгөх эцэг эхгүй, өөрийн гэх гэр оронгүй, зул сараар бялуу эсвэл чихэр идэх сэн гэж мөрөөсөх өрөвдөлтэй бяцхан жаалуудыг харсан. Тэр хөөрхий хүүхдүүд чинээлэг айлын хүүхдүүдийн хандивласан хуучин муу тоглоомуудаар тоглон суухдаа хэр их аз жаргалтай байсныг чи харсан ч болоосой!” хэмээн ээж нь хэллээ. 

“Минийхийг ч гэсэн өгч болно шүү дээ. Угаасаа би бүх тоглоомоосоо бүр уйдаж гүйцсэн. Ахиж эд нараар тоглох сонирхол ч алга” хэмээн Эффи хэлээд бяцхан зүрх бүрийн мөрөөсдөг гоё тоглоомууд дүүрэн, тансаг сайхан хүүхэлдэйн байшин руугаа харлаа. 

“Тоглоомуудыг чинь хандивлах болно. Түүнчлэн, чамайг уйдаахгүй байх тоглоом ч авч өгөх болно. Гэхдээ олж чадвал шүү дээ” хэмээн ээж нь хэлээд, хөмсгөө зангидан, зул сарын баярыг ч үл ойшоодог бяцхан охинд нь юу байвал таалагдах талаар бодол боллоо.

Үүнээс цааш тэд юу ч ярьсангүй. Эффи номын сан орж “Зул сарын магтуу”-г олов. Тэр буйдан дээр тухлан суугаад, “цай уу” хэмээн дуудан дуудтал номоо уншлаа. Багахан хэсгийг нь ойлгоогүйг эс тооцвол зарим хэсгүүд нь түүнийг үнэнхүү хөгжөөж, зарим хэсгүүд нь уйлуулав. Яагаад гэдгийг мэдэхгүй ч уншиж дууссаны дараа сэтгэл нь нэн хөнгөрөхийг мэдэрчээ. 

Бяцхан охин оройжингоо ядуу хүү, бяцхан Тим, хатагтай Гратчит болон “хөл нь агаарт гялалзаж буй” мэт бүжиглэдэг лагсхан биетэй эрийн талаар бодлоо. Төдхөн унтах цаг ч болжээ.  

“Хүрч ирээд хөлөө зууханд ээ. Үсийг чинь самнаж бас үлгэр ярьж өгье”  хэмээн Эффигийн асрагч түүнийг дуудав. Эффи хөх алчуураар өөрийгөө ороож, үслэг гэрийн шаахайгаа өмсөх зуураа “Өнөөдөр үнэхээр сонирхолтой, шидэт үлгэр сонсмоор байна” хэмээн тушаагаад, урт буржгар үсээ самнуулахаар зуухны урд суулаа.

Асрагч эх нь түүнд шидэт үлгэрүүд ярьж өгөв. Бяцхан охин унтахаар хэвтэхүй толгойд нь зул сарын элфүүд, ядуус, цасан шуурга, чавган чихэр, гэнэтийн бэлэг гээд түмэн янзын бодлууд хөвж байлаа. Бяцхан авхай  энэ шөнийн турш ой дуртгалаас нь хэзээ ч үл арилах, тийм сайхан зүүдийг зүүдэлж хоносонд нь гайхах юмгүй ажээ.

Тэр эх адаггүй мэт цэлгэр талд ганцаархнаа, цэл хүйтэн чулуун дээр сууж байх ажээ. Цас шамарч, салхи улам л ширүүсэж, түнэр шөнө бүхнийг залгихаар айсуй. Даарсандаа бие нь агзайж, өлссөн ходоод нь өрөвдөлтэйеэ хонхолзон, туйлдаж ядарсан тэр хааш явахаа, юу хийхээ ч үл мэднэ.  

“Би гуйлгачин байсан ч болоосой гэж хүссэн. Одоо үнэхээр болчихсон чинь яасан таагүй вэ! Хажууд минь байж, харж хамгаалах нэгэн байсан ч болоосой! Өөрийгөө хэн гэдгээ ч мэдэхгүй нь. Төөрсөн байхаас зайлахгүй” хэмээн Эффи бодоод, эргэн тойрноо тойруулж харлаа. Чухам юу болоод буйг үл ойлгох бөгөөд лавшруулан бодох тусам уй гуниг түүн рүү улам их цутгаж байлаа. Цас улам лавс орж, салхи хилэнтэйеэ хүйтнээр үлээж, түнэр харанхуй ертөнцийг бараг л бүрэн эзэгнэжээ. Ингээд л цор ганцаархнаа осгоод үхчих вий гэхээс зүйргүй ихээр айна. Нулимс хацрыг нь давалгүй хөлдөж, хөл нь түгдгэр мөс болчихсон мэт, зүрх нь ч мөдхөн л зогсох гэж буй мэт санагдана. Хөөрхий бяцхан охин ямар их өлсөж, айж, хэчнээн их балмагдаж, зутарч байсан гээ! Тэр үл үзэгдэх харанхуйд бүрэн бууж өгөөд өвдгөө тэвэрч, шуургалан орох цасан түүнийг бүрхэн авч буйг мэдэрч суухуй чихэнд нь гэнэтхэн л хөг эгшиг сонсогдох нь тэр. 

Нүдээ бүлтгэнүүлэн харж, чих тавин чагнахуй гэрэл ёлтолзох алсад хүний дуулах сонстоно. Гэрэл өөд угтаж гүймээр боловч бие нь хөшөө болчихсон мэт өчүүхэн ч хөдөлсөнгүй, бүдэгхэн гэгээ ойртох тусмаа улам л тодсож, үзэсгэлэнт дууны шад бүр нь чихнээ тодорно.

Хайр жаргалтай гэрээс минь өгсүүлэн

Хөрст дэлхийг бүрхэж,

Нэгэн долоо хоног

Халуун инээмсэглэл, баяр хөөрөөр

Хүйтэн өвлийг хавар болгохоор

Зул сарын арван хоёр үдэш ирлээ!

Холхи алсаас гялалзах

Алтан гадас од

Хамгийн ядууг ч гэрэлтүүлнэм.

Хэн бүхний зүрх бүлээцэж,

Хүн бүхэн бэлэг авна

Зул сарын арван хоёр үдэш ирлээ!

Бяцхан жаалуудын нүдний өмнө

Ариун модод сүндэрлэж,

Хөг найртай цэцэглэн,

Цогтой гэгч нь дуулцгаана

Цолгин хонх жингэнэнэ,

Зул сарын арван хоёр үдэш ирлээ!

Аз жаргалтай хөг эгшиг,

Гэгээн өдрүүд

Бидний зүг айсуй

Бүгд ийн хэлнэм:

“Гайхамшигт өдөр иржээ!”

Зул сарын арван хоёр үдэш ирлээ!

Хар шөнө, цагаан цасан дундуур ажиггүй алхах жаалхүү дуулсаар, гартаа барьсан жижигхэн лаанаас нь нэмүүн гэрэл цацарсаар Эффигийн өмнө ирлээ. Тэр үслэг цагаан дээл өмсөж, гилгэр үсэндээ балуу модны час улаан даль, ногоон навчсаар хийсэн хэлхээ зүүсэн байх ба хацраас нь улаа бутарч, халуун инээмсэглэл царайд нь очтоно. Нэг гартаа шидэт лаа барьж, нөгөө гараа юу ч юм бэлэглэх мэт, халуун илч түгээх аятай түүн рүү сунгажээ. 

Цасан дээр мөр үл үлдээн, сайхан дуугаараа хүйтэн агаарыг хэмлэсээр түүнд тулж ирсэн жаалхүүгийн гэрэлт царай бүрэн тодрохуй Эффи яаж ярьдгаа ч мартчих шиг болов. 

“Энхрий бяцхан минь, чи минь төөрчихжээ! Ашгүй чамайг олчихлоо” хэмээн үл таних жаал түүнд хэлээд, цэв хүйтэн гарыг нь атгаж, нарны гэрэл сацрах мэт дулаан инээмсэглэл тодруулахуй түүний толгой дээрх балуу модны далинууд дүрэлзэх гал мэт гялбалзаж байвай. 

“Та намайг таних уу?” хэмээн өөрийг нь аврах нэгэн иржээ гэдэгт итгээд, бүрэн тайвширсан Эффи асуулаа. 

“Мэдээж, би бүх хүүхдийг танина. Ертөнцийн булан тохой бүрээс тэднийг олж цуглуулаад, жилд нэг удаа бүгд хамтдаа аз жаргалтай зул сарын баяр тэмдэглэдэг юм”

“Та сахиулсан тэнгэр юм уу?” хэмээн Эффи асуухдаа түүнд далавч байгаа эсэхийг шалган байлаа. 

“Үгүй ээ, би бол зул сарын сүнс. Сүнснүүд бид нэг дор эетэй амьдарч, ирж буй зул сарыг бүгд хамтдаа, аз жаргалтай тэмдэглэхийн тулд хорвоо ертөнцөөр хэрэн явж, тусламж хэрэгтэй байгаа хэн бүхэнд гараа сунгадаг. Биднийг хэрхэн ажлаа хийдгийг хармаар байна уу?” 

“Хаашаа ч явсан бай би хамт явмаар байна. Харин намайг битгий орхиорой” хэмээн баяр хөөртэйгөөр Эффи хэллээ. 

“Юуны түрүүнд чамд санаа тавих нь зүйтэй. Даарсан гарыг чинь дулаацуулж, өлссөн ходоодыг чинь цатгаж, сэтгэлд чинь хургасан гунигийг ч үргээх болно. Сүнснүүд бид энэ ажилдаа дуртай.”  

Лааны дөл долгисохуй бяцхан охиныг дарсан цас дулаахан нөмрөг болон хувирч, аяга халуун шөл аманд ороход бэлхэн гарч ирээд, сүүлчийн балга шөлийг ууж дуусахуй аяга нь даруй алга болов гэнэ. Цулгуй цагаан тал хоромхон зуур гайхамшгаар дүүрсэн газар болж өөрчлөгдөхүй сэтгэлийг нь бүрхсэн их уйтгар хоромхон зуур цэлмэв. Хөөр баяртайяа хонхнууд жингэнэнхэн бүжиглэхгүй байхын аргагүй. Лаврын эсвэл царс модны навчсаар хийсэн титмүүд ханан дээгүүр ярайж, мөхийн гэрэлт лаа, үзэсгэлэнтэй тоглоомуудаар үй олон гацуур чимэглэжээ. 

Нэг хэсэгт нь залуу сүнснүүд дэлхий дээрх ямар ч оёдлын машинаас шаламгай гэгч нь дулаан хувцас оёсоор ядуус руу илгээгдэх хувцас уул мэт овоорчээ. Үгээгүй ядуусын дүүрэг бүрд үзэсгэлэнт цас хаялах адил салхинд дайсан түрийвчтэй мөнгө, бэлэн мөнгөний чек сэлтийг өөр нэг хэсэг нь зэхэж байв. Хөгшин сүнснүүд өнгөрсөн жилүүдэд хэнд ямар төрлийн бэлэг өгсөн, хүмүүс бэлгээ хэрхэн ашиглаж зарцуулсан гээд бүхий л мэдээлэл буй хавтсыг нягтлан байна. Зарим нь бэлэг авсныхаа дараа жигтэйхэн баярлаж, зүрхэнд нь итгэл найдварын оч цахисан бол зарим нь гэмшиж, уцаарлаж, учиргүй их харууссан байлаа. Чинээлэг хүмүүст өгөөмөр өршөөнгүй сэтгэл төрсөн бол харин үгээгүй ядуус халуунаар талархаж, сэтгэл нь баяр баясгалангаар дүүрчээ. Хүүхдүүд эцэг эхээ улам хайрлаж, эцэг эхийн хүүхдээ гэх тэсвэр хатуужил, мэргэн ухаан, итгэл үнэмшил бүхэн сэргэжээ. Хэн ч мартагдаж үлдээгүй ажээ. 

“Энэ гайхамшигтай газар ямар учиртай газар болохыг та хэлж өгөөч” хэмээн ийшээ тийшээ хараачилж, элдвийг гүйлгэж харсан Эффи асуув. 

“Энэ бол зул сарын баярын ертөнц. Бид энд хамгийн аз жаргалтай өдөрт бэлтгэн, бүтэн жилийн турш, цуцалтгүй ажилладаг юм. Тийшээ хар даа, тэнд гэхэд л дөнгөж замд гарч буй гэгээнтнүүд байна. Зарим нь маш хол зам туулах болно. Тэдний ачаар хүүхдүүд гонсгор үлдэхгүй.” 

Зул сарын сүнс дөрвөн ширхэг хаалга өөд заахуй хаалга бүрээс бэлэг дүүрэн ачсан, цаа бугууд хөлөглөсөн чарга нисэн гарч байв. Чарга бүрийн голд уртаас урт хүйтэн аяндаа зориулж дулаан бээлий өмсөж, зузаан нөмрөг хөдөрсөн, хөхүүн хөгжилтэй, хөгшин Санта Клаусууд суусан байлаа. “Санта Клаус хууран мэхлэгч хэдий ч би түүнийг цор ганцхан л гэж боддог байлаа” хэмээн Эффи гайхшрангуй хэллээ. 

“Үзэсгэлэнт сайхан дүртэй хуурмаг хоосныг нь мэдлээ ч үлгэрт итгэх итгэлээ хэзээ ч бүү алдаарай” хэмээн сүнс түүнд хэлвэй. 

Хонхнууд хөгжөөнтэйеө жингэнэн, цаа бугууд туурай цавчилж, үй олон чарга нисэн одохуй зул сарын сүнснүүд араас нь баяртайяа уухайлах энэ шуугианыг хөрстийн хүмүүс дуулаад “Одод жингэнэж байна” гэлцэв ээ. 

“Санта Клаус байдаггүй гэж би ахин хэнд ч, хэзээ ч хэлэхгүй ээ. Та надад илүү ихийг үзүүлээч”

“Энэ газар чамд таалагдана байх. Түүнчлэн чухал зүйл ч сурах байх.” 

Зул сарын сүнс инээмсэглэсээр Эффиг хүүхэлдэйн ертөнцийн хаалган дээр аваачлаа. 

Хүүхэлдэйн байшинд хүүхэлдэйнүүд амьд мэт холхилдон, хөл хөдөлгөөн ихтэй. Хээнцэр дэгжин хувцастай лааны тосон хатагтай нар зочны өрөөнд тухтай гэгч суух агаад хар арьст хүүхэлдэйнүүд гал тогоонд хоол хийж, асрагч нар бяцхан хүүхэлдэйнүүдийг салхилуулан, гудамжаар тугалган цэргүүд жагсаалаар алхаж, модон морьд жороолон, их бууны чимээ нүжгэнэж, жаалхан хүүхэлдэйнүүд нааш цааш гүйлдэн байв. Бяцхан иргэд дэлгүүрээс хонины гуя, нунтагласан цай, жижигхэн хувцас гээд хүүхэлдэйнд хэрэгцээтэй бүхнийг авч байна. 

Хүүхэлдэй бүхэн хүний нэгэн адил өөрийн гэсэн зан ааш, онцлог шинжтэй, бие биедээ халуун сэтгэл, хувцас хунараар тусалж явдгийг Эффи анзаарчээ. Үзэсгэлэнтэй парис маягийн хүүхэлдэй сагс дүүрэн цэвэрхэн хувцас барьж яваа, хазгай муруй алхах, хар ноосон Дина хүүхэлдэйг сүйхэндээ суулгаад гэрт нь хүргэж өгөв. Өөр нэг хятад хатагтай өмсөж яваа тансаг улаан нөмрөгөө тайлан, хүүхэд харвал бишүүрхэн уйлмаар муухай болгоод нүүрийг нь будчихсан, өрөвдмөөр модон хүүхэлдэйг хучлаа. 

“Үгээгүй ядууст өчүүхэн ч өрөвч нинж сэтгэл гаргадаггүй чинээлэг нэгэн охиныг би мэднэ. Даанч хэн гэдгийг нь санахгүй юм. Түүнийг энэ хятад хүүхэлдэй шиг сайхан сэтгэлтэй бай гэх сэн” хэмээн Эффи хэлээд, үзэшгүй муухай хүүхэлдэйг өөрийн нөмрөгөөрөө хучиж, өвчтэй эхэд нь өгөх гэж саарал даашинзаа арилжин тахиа авсан хөөрхөн хүүхэлдэйн халуун сэтгэлд уярч догдлон байлаа.

“Бид хүмүүст сурсан зүйлсийг нь зүүдээр нь дамжуулан сануулдаг юм. Чиний дурдсан охин эдгээрийг огтхон ч мартахгүй гэдэгт би итгэлтэй байна” гэж зул сарын сүнс хэлээд үл мэдэг егөөтэй инээмсэглэв ээ. 

Хонх дуугарах чимээнээр бяцхан охин улаан ногоон хосолмол өнгөтэй, онгорхой дээврээр нь юм бүхэн харагдахуйц сургууль дээрээс өнгийв. Тэнд ширээн дээрээ ном дэлгэж, цомцойн сууцгаасан бяцхан хүүхэлдэйнүүд томоотой нь аргагүй хичээлдээ шамдаж, багш нь жижигхэн самбар дээр шохойн хэлтэрхийгээр бичих ажээ. “Тэд үнэхээр мэрийж байна шүү. Харин манай ангийнхан хичээл дээрээ үргэлж үймүүлж, багшид өдөр бүр л зэмлүүлдэг юм. Би очоод охидод хэрэвзээ та нар хичээлдээ анхаарахгүй бол хүүхэлдэйнүүд чинь та нараас ч сайн сурлагатан болох вий гэж хэлнэ ээ” хэмээн багшийнх нь гарт саваа мод огт үгүйг гайхан ширтэж буй Эффи хэлэхэд хүүхэлдэйнүүдийн багш түүнийг хичээлд саад болж байна хэмээв бололтой өлийж харснаа толгой сэгсрэв. 

Эффи сургуулийн дээрээс өнгийхөө байгаад тансаг сайхан харшийн цонхоор шагайвал нэгэн гэр бүл оройн хоолоо идэж байх ажээ.  Тэдний туйлын хүмүүжилтэй хүүхдүүд ширээн дээрээ өчүүхэн ч хог тарилгүй сууна.  Мөн эх нь ахиад өгөх жимс гэвээс ер гомдоллосонгүй.  “Ахиад илүүг үзүүлж болох уу?” хэмээн хүүхэлдэйн ертөнцийн нөгөө үзүүрийн хаалганд хүрсэн Эффи асуув. “Нэгэнт бид зул сарын бэлтгэлийг харснаас хойш одоо хүмүүст энэ бүхнийг яаж түгээдгийг үзүүлье” хэмээн зул сарын сүнс хариулаад, бяцхан Эффи рүү гараа сунгалаа. 

Эффи “Би мэднэ шүү дээ. Зөндөө үзсэн” хэмээв. 

“Үгүй ээ. Миний харуулах зүйлийг чи үзээгүй. Явъя, өнөө орой үзсэн бүхнээ санаж яваарай” 

Гэрэл гялбалзаад л сарнихуй Эффи өмнө нь харж байгаагүй, үл таних хотод иржээ. Ямагт үзэсгэлэнтэй зүйлс халгиж цалгидаг, дэлгүүр бүхэн нь гэрлэн чимэгтэй, байшин бүрд баярын уур амьсгалтай, хүмүүс нь яаруу явахдаа ч хөөр баяртай мэнд мэдэлцдэг түүний мэдэх газруудаас онхи ондоо юм. Эффи зул сард бэлтгэж буй хүн нэгээхэн ч үгүй, хөө тортгоор дүүрэн, тарчигхан ядуусын дүүрэгт зогсох ажээ. 

Өлсгөлөн бүсгүйчүүд дэлгүүр лүү гөлрөн, мах талх хүсэвч түрийвч нь хувхай хоосон тул дэмий л үзэхээс хэтрэхгүй. Хөлчүү эрс цалингаа дундартал ууж, хүйтэн харанхуй өрөөнд бяцхан жаалууд нимгэн хөнжлөөр аргацааж, зүүд нойрондоо өрөвдөлтэй ахуйгаа зуурхан умартана. Шүлс асгарам зоог ханхлахгүй, моддоос нь чихэр эсвэл тоглоом унахгүй, аль ч пийшин дээр чихрээр дүүргэх учиртай оймс ярайхгүй, ямар ч аз жаргалын дуу, бүжиглэж буй хөлийн чимээ, ерөөс асуй зул сарын ул мөр үгүй. 

“Энд юу ч байхгүй гэж үү?” хэмээсээр зул сарын сүнсийг даган яваа Эффи чичирч байлаа. “Бид энд аз жаргал авчирдаг юм. Тийшээ хар даа! Бид ингэж ажлаа хийдэг юм”. Сүнс ийн хэлээд, дулаахан царайтай хүмүүс өөд заасан ба тэд ядуу умгархан байшингууд руу орж, сэтгэл хөдөлгөм гайхамшиг бүтээж байлаа. Хоосон түрийвчийг нь мөнгөөр дүүргэж, хөөрхий ээжүүдэд хэрэгтэй гэсэн бүхнийг нь авч өгч, хөлчүү эрчүүдийг хөнгөн зугаанаас нь холтгож, гэрт нь аваачна.  Цэл хүйтэн зууханд гал өрдөж, ширээн дээгүүр таваг таваг хоол жирийж, даарч бээрсэн хэнбугай ч  дулаан хувцастай болох ажээ. Уйтгарт нэвчсэн эмнэлгийн өрөөнд үзэсгэлэнт цэцэгс гэнэтхэн дэлгэрч, эрхэм дулаан үгсэд гунигт зүрхнүүд уясаж, эмнэг хатуу зүрхнүүд ч бурхан гэм нүгэл бүрийг уучилсан тухай түүхийг сонсмогцоо ээнэгшиж зөөлөрнө.

Энэ бүхний хамгийн сэтгэл хөдлөм хэсэг нь жаал хүүхдүүдэд зориулж пийшин дээр нь оймс өлгөөд, чихрээр дүүргэх. Эффид оймснуудад хийж буй бэлгүүд шалихгүй жижигхэн мэт санагдсан ч, хөөрхий жаалуудад бол эдгээр зүйлс үнэт нандин бэлэг гэдгийг ойлгож авлаа. 

“Үнэхээр үзэсгэлэнтэй юм! Энэ сайхан гэгээнтнүүд шиг л зул сарын баяр хийх сэн! Хайрлаж талархсан харц бүрийг тосон авах сан!” хэмээн Эффи аяархан хэлээд, хариу шагнал үл горилон, халуун сэтгэлээр туслах тэдгээр хүмүүс өөд догдлонгуй ширтэн байвай. 

“Би чамд бүхнийг үзүүлсэн. Хэрэвзээ чи хүсэх л юм бол чадна шүү дээ. Тэгээд зул сар чинь ямар их зол жаргалтай өнгөрч буйг өвч биеэрээ мэдэр.” Сүнс ийн хэлээд Эффиг тэврэн үнсэж, агшин зуур сарнин одлоо. 

“Үгүй ээ, үлдээд надад илүү ихийг үзүүлээч дээ!” хэмээн Эффи орилж, ухасхийн түүнийг барьж авах гэж оролдов. 

“Хайрт охин минь, сэрээрэй, сэрээрэй. Юу зүүдэлсэн болоод зүүдэндээ ингэж их инээв? ” хэмээн түүний чихэн дээр шивнэхүй Эффи сэрлээ. Ээждээ тэврүүлчихсэн, өглөөн нарны тунгалаг илчинд өрөө дүүрэн гэрэлтэй. 

“Бүгдээрээ байхгүй болчихсон уу? Ээжээ, та хонхны дуу сонсов уу? Хонх эгшинлэнтэйеэ жингэнэхийг?” хэмээн Эффи нүдээ нухлангаа, түүнийг хүрээлэн байсан дэндүү сайхан, бодит мэт зүйлсээ эрэн эрсээр асуув. 

“Чи зүүдэндээ ярьж, инээж, бүр алгаа ташиж байсан. Гарцаагүй гайхалтай сайхан зүүд зүүдэлсэн бололтой. Чухам юу зүүдэлснээ яриач” гээд охиныхоо ширэлдсэн үсний даахирааг нь гаргаж байв. Эффи хувцсаа өмсөх зуураа ээж, асрагч эх хоёртоо юу зүүдэлснээ ярьж өгсөн бөгөөд өчигдрийн турш харж сонссон зүйлс нь зүүдэнд нь холилдож, ийм гайхалтай ертөнц үүтгэсэн нь эхэд нь тун соньхон санагджээ. 

“Хэрэвзээ би хичээх л юм бол зул сарын сүнснүүд шиг гайхамшгийг бүтээж чадна гэж сүнс хэлсэн. Чухам хаанаас яаж эхлэх ёстойгоо л мэдэхгүй юм. Надад зул сарын сүнс шиг амтат хоол гаргаж ирж чадах, гацуур моддыг хоромхон зуур чимэглэх тийм ид шид байхгүй шүү дээ” хэмээн Эффи төгсгөлд нь гунигтай өгүүлэв. 

“Чамд минь байгаа шүү дээ. Бид бүтээж л таарна, бүтээх ч болно” хэмээн эх нь алгаа баяртай ташин, гэнэтхэн л тун баясгалантайяа бүжиглэж эхэллээ. 

“Гэхдээ яаж? Чухам яаж? Надад хэлээч, ээжээ” хэмээн урьд шөнийн зүүдээ биелүүлэх сэн хэмээн хүсэх Эффи, ээжийгээ даган бүжиж байхдаа асуув. 

“Олчихсон шүү, олчихсон! Гайхалтай санаа оллоо! Бүтээж чадвал шүү дээ!” хэмээн ээж нь уулга алдаад, Эффигийн буржгар үсийг бөмбөлзүүлэн вальс эргэж, асрагч эх нь ч  туйлын жаргалтайяа инээмсэглэн харж байв. 

“Алив надад хэлээч дээ” хэмээн Эффи гуйвал “Үгүй ээ, охин минь. Гэнэтийн бэлэг шүү дээ! Энэ бол зул сарын хамгийн том гэнэтийн бэлэг!” хэмээн дуулж, толгойд нь төрсөн бодолдоо туйлын сэтгэл тэнэгэр байгаа нь илэрхий харагдана. “Эхлээд өглөөний цайгаа ууцгаая. Маргааш зул сарын сүнснүүд болохын тулд ажилчин зөгий шиг л амжуулах ёстой олон ажил бий шүү. Өнөөдөр чи асрагч эхтэйгээ хамт зах явж, маш олон зүйлс цуглуулна, харин би төлөвлөж, эмхэлж, зохицуулах болно.”  

Шатаар бууж явахдаа Эффи амьсгаадан байж, “Гэнэтийн бэлэг байж чадахгүй шүү дээ. Та цөөн хэдэн ядуу хүүхдүүдийг урина байх, тэгээд бас моднууд авчирна. Харин зүүдэнд минь бидний олж чадахаас хэд дахин олон мод, олон хүүхдүүд байсан шүү дээ” хэмээн хэллээ.

Охиныхоо будлиж гүйцсэн царай руу харж хөгжөөнтэй инээсээр эх нь “Маргааш энэ байшинд нэг ч мод, нэг ч амтат хоол, нэг ч бэлэг байхгүй, хөгжөөн цэнгүүн ч болохгүй. Энэ гэнэтийн бэлэг болж чадна, тийм үү?” хэмээв.

“Ойлголоо. Надад таалагдана гэж бодож байна. Би ахин асууж шалгаахгүй ээ” хэмээн Эффи хэлээд, үнэхээр маргааш тийм байх болов уу хэмээн гайхсаар өглөөний цайгаа уулаа. 

Өглөөжингөө Эффи асрагч эхтэйгээ хамт захаар явж, тоймгүй олон өхөөрдөм гөлөг, жижигхэн хурга, шувуу худалдан авч, зөндөө олон цайны хэрэгсэл, зургийн ном, ноосон бээлий, дулаан хувцас, түүнчлэн хүүхэлдэй болон амтат чихрүүд ч худалдаж авав. Боодол боодлоор гэртээ хүргүүлсэн ч эргээд ирэхэд нь өч төчнөөн юм худалдаж авсан өчүүхэн ч шинжгүй. Асрагч эх нь шоолонгуй инээгээд, ганц үг ч цухуйлгасангүй. Өдөр нь тэр хоёр худалдаж авах зүйлс бичсэн урт жагсаалт барьсаар ахин зах руу явлаа. Ямар ч гэрлэн чимэглэлгүй, наргиан цэнгээн болох шинжгүй гэрээ хараад Эффид жигтэйхэн их гуниг төржээ. 

Эффигийн ээж тэр өдөржингөө л гадуур завгүй гүйж, үдэш болоход чамгүй ядарсан хүн орж ирээд буйдан дээрээ амсхийсэн билээ. Хэчнээн туйлдаж ядарсан ч түүний нүүрэнд хэмжээгүй их зол жаргал гялалзах авай. 

“Бүх зүйл дажгүй юу?” хэмээн маргааш орой болтол хүлээнэ гэдэг туйлын бэрх санагдах болсон Эффи санаашрангуй асуув. 

“Гайхалтай шүү! Бүр бодсоноос минь хамаагүй сайхан гээч! Хэрэвзээ үнэнч нөхөд минь туслаагүй сэн бол миний хүч хүрэхгүй байлаа. Чамд таалагдана гэдэгт, энэ зул сарын баяр зүрхэнд чинь үүрд үлдэнэ гэдэгт би туйлын итгэлтэй байна” 

Эффиг ээждээ үнсүүлээд унтахаар явлаа. 

Маргааш өглөөг тун хачирхалтай угтсан юм. Өглөө нь сэрэхүй Эффид хэн ч зул сарын мэнд хүргэсэнгүй, пийшин дээр нь ширхэг оймс ч байсангүй, өглөөний цай ч ямар ч гойд зүйлгүй урьдын янзаараа л байв. Ээж нь гэртээ байсангүй, харин асрагч эх нь бөнжигнөх нулимсаа арчин байж, “Урьд нь ийм сайхан зүйл харж байсангүй. Урьд нь хэн ч хийж чадаагүй ч харин ээж чинь чадлаа шүү дээ” гэв. “Больж үзээч, юу болохыг огт мэдэхгүй болохоор бүр солиорох нь!” хэмээн Эффи хэдэнтээ хэлж, оройн долоон цаг болохыг тэсгэл алдан хүлээн, харц нь ямагт л ханын цаган дээр хадаатай байлаа. 

Хүсэн хүлээсэн цаг нь ч ирж, асрагч эх нь түүнийг хувцаслах зуур Эффи хэлийг нь сугалчих шахам олон асуултаар булж, тэд сүйх тэрэгтэйгээ хав харанхуй, анир чимээгүй гудамжаар уруудав. “Үлгэр домогт гардаг, үүлгэр сонин газруудаар явсныхаа эцэст үнэхээр үзэсгэлэнтэй зүйлсийг үздэг охин болчихсон юм шиг санагдаж байна” хэмээн Эффи харанхуй гудамжаар сүйх тэргээ хангинуулан явахдаа хэллээ. 

“Хонгор охин минь, өнөөдөр орой чи шидэт үлгэр биелсэн мэт тийм сайхан зүйлсийг харна  гэдгийг би чамд батлая. Харин чи бүгдийг өөрөө хартлаа дуулгавартай байж, юу ч битгий асуу” хэмээн асрагч эх нь хэлбэл Эффи толгой дохиод, догдолсондоо яльгүй чичирч, өвөр дээрээ тавьсан том хайрцгийг илэн инээмсэглэхүй нүдэнд нь оч гялтганаж байлаа. 

Тэд хав харанхуй цэцэрлэгт ирээд арын хаалгаар нь нэвтрэн жижигхэн өрөөнд орж, асрагч эх нь Эффигийн малгай ороолт, нөмрөг төдийгүй даашинз, гутлыг нь ч тайлав. Бяцхан охин юу болоод буйг мэдэхгүй бүлтгэнээд, уруулаа хазлан зогсохуй асрагч эх нь хайрцгаас үслэг цагаан нөмрөг, гутал, балуу модны даль, навчсаар хийсэн цэцгэн титэм, алтлаг цаасаар ороож чимэглэсэн лаа гаргаж ирэв. Эффи уулга алдлаа. Өвч биеэ бүрэн хувцаслаад толинд харж, “Асрагч минь, би зүүдэндээ үзсэн тэр л сүнстэй тун адилхан харагдаж байна” хэмээн уулгамчлав. 

“Мэдээж шүү дээ. Энэ бол өнөөдөр чиний бүтээх дүр, энхрийхэн минь! Одоо нүдээ ань. Би чамайг замчлах болно”

“Би айхгүй гэж үү?” хэмээн гайхаж балмагдсан Эффи хэлэв. Түүний чихэнд үй олон хүмүүсийн дуу хоолой, хөлийн чимээ сонсогдож, хэчнээн нүдийг нь боосон ч дулаан өнгийн гэрэл нүдний хаалтыг нь нэвтэлж байлаа. 

“Айх хэрэггүй дээ. Би чамтай ойрхон байна. Ээж чинь ч байгаа.” 

Асрагч эх нь Эффигийн нүдийг алчуураар боосныхоо дараа, шатаар дагуулаад өндөрлөг газарт авч иржээ. Нүдээ боочихсон бяцхан охины толгойг модны мөчир шүргэх мэт, зөөлөн дэнлүүний гэрэл хавь орчныг нь гийгүүлэх шиг санагдаж байвай. Асрагч эх нь алга ташихуй яруу тунгалаг хөгжим эгшиглэж, хүмүүсийн дуу хоолой улам л ойртоод, шатаар дээш өгсөх олны хөлийн чимээ сонсогдоно. 

“Энхрий нандин охин минь. Одоо, чи ээжтэйгээ ямар гайхамшигтай зул сарын баяр бүтээснээ хар даа!”

Нүднээсээ алчуураа авахуй тэр зул сарын модон дээр зогсож байх ажээ. Гэрэлтэн гялбалзах ертөнц түүний өмнө тунарч буйг хараад Эффи хэдэн хормын турш буцаад зүүдний ертөнцдөө ирчхэв үү гэж бодов. Хоёр эгнээ модод байх ба эгнээ бүрд арван хоёр зул сарын мод байх ажээ. Эффи бараг л дээвэрт нь тулах хамгийн өндөр гацуурын дээр зогсох бөгөөд модыг эрдэнэ шиш, алим, жүрж, мөсөн чихэр, төрөл бүрийн бялуу, элсэн чихрэн зүрхнээс авахуулаад цагаан гаатай талхаар хийсэн аварга том заануудаар чимэглэжээ. Харин жижигхэн моднуудыг түүний тоглохоо больсон тоглоомууд болон, шинэхэн авсан хүүхэлдэйнүүдээр чимэглэсэн байх ба зүүдэнд нь үзэгдсэн зул сарын улсаас эдгээр тоглоомууд асгарч буй мэт, тэр улсад эргээд оччихсон мэт санагдаж байв. 

“Ямар гайхалтай юм бэ! Энэ юун чимээ вэ? Ээж хаана байна аа?” хэмээн гайхаж балмагдсан Эффи асууж, эргэн тойрноо хараачлан, доор нь гялалзах  бяцхан ертөнцийг тольдоно. Асрагч эх нь хариулахын завдалгүй хаалга онгойж хорин дөрвөн бяцхан өнчин охин дуулсаар орж ирэв. Төдхөн тэдний яруухан дуулал хөгжөөнтэй шуугианаар солигдсон бөгөөд зүйргүй гайхамшигтай учирсан мэт тийм л их хөөрцөглөн баярлацгаажээ. Бяцхан охид тэднийг тосон авсан ариун сайханд алмайрч, Эффигийн хажууд ээж нь ирж зогсоод, гараас нь атган,  түүний зүүдэлсэн гайхамшигт зүүдний талаар товчхон өгүүлээд, яриагаа ийн төгсгөв:

“Миний бяцхан охин зул сарын сүнс болж, боломж бололцоо тааруухан бяцхан хүүхдүүдэд хамгийн гайхалтай зул сар бэлэглэхийн хүссэн юм.  Энд буй бүхнийг та нарт зориулж бэлдсэн. Миний охин зул сарын сүнсний дүр бүтээж, энэхүү модноос та нарт бэлэг өгөх болно. Дараа нь өөрийн чинь нэр бичээстэй модон дээр очоорой. Тэр модон дээр буй тоглоом, амттан бүр чинийх. Энхрийхэн охид минь, наашаа ирцгээ! Тэгээд тэврээ дүүргэцгээ!” 

Хэн ч тэдэнд ингээрэй тэгээрэй гэж зааварлаагүй ч, хэн нэгэн нь урагшаа сугарч алхах хүртэл бяцхан охид зүрх сэтгэлээсээ хөөртэйеө алга ташлаа. Тэд нэг нэгээрээ энэхүү баярыг үүтгэгч бяцхан охин дээр очиж, Эффи тэдэнд жүрж, шүүслэг улаан алим, усан үзэм, бялуу, чихэр гээд амттай бүхнйг тарааж, өнчин охид нүүр дүүрэн инээмсэглэл тодруулсаар эргээд хоёр эгнээ болон зогсож байвай.  

Эффигийн ээжид хичээнгүйлэн тусалсан хатагтай нар бяцхан охидыг өөрсдийнх нь мод өөд замчилж, хэмжээгүй их баяр баясгалан, халуун сэтгэл, аз жаргалтай шуугиан, зол баярын нулимс (хормойгоороо дүүрэн чихэр, тоглоомтой жаалхан охидын зарим нь хэтэрхий их баярласандаа тэсгэлгүй уйлцгааж байлаа), хөгжөөн хөөртэй бүжиг хавь орчныг дүүргэн байв.  Ямар бэлэг авснаа үзүүлэхээр бие бие рүүгээ догдлон гүйцгээж байв. Өөрсдийгөө чимхэж үзнэ, татаж үзнэ, чихэр бүрийг амталж үзнэ, хөөртэйеө гүйлдэн, модод лаанаас өөр зүйлгүй болтлоо нүцгэрч, чихрийн цааснууд шалаар нэг тарсан байлаа. 

“Диваажин яг ийм байдаг байх аа!” хэмээн нэгэн жаалхан охин санаашрангуй хэлээд тэнүүн жаргалтай мишээж, хормогчиндоо дүүргэсэн чавган чихрээсээ авч идэн байлаа. 

“Үнэхээр тэнд сахиулсан тэнгэр зогсож байна уу?” хэмээн өөр нэг нь асууж, энэ өрнүүн баярыг үүтгэсэн, толгойдоо үзэсгэлэнт цэцгэн титэм зүүсэн бяцхан охин өөд туйлын жаргалтайяа ширтэнэ. 

Эффи болон түүний ээжтэй ойрмог зогсож байсан, суга таягтай, хөгжлийн бэрхшээлтэй бяцхан охин “Энэ гайхамшигтай өдрийг бэлэглэсэн тэр охиныг халуун дотноор үнсэх сэн” хэмээн өгүүлээд, Эффи шиг эхийнхээ өвөр дээр аз жаргалтай суугаад өөрийн бүтээсэн гайхамшгийг үзэх ямар байдаг бол хэмээн төсөөлөв. Эффи түүний үгийг дуулсан бөгөөд бяцхан Тим санаанд нь орж, бодлогошронгуй бяцхан охин руу гүйхээрээ очоод, халуунаар тэвэрч үнсээд, “Ээж минь надаас их гавьяатай шүү. Би гагц зүүдэлсэн л төдий. Харин ээж минь бүгдийг нь бодит болгосон” хэмээн хэллээ. 

Хөгжлийн бэрхшээлтэй, бяцхан Кэтид үнэхээр “сахиулсан тэнгэр” түүнийг тэврэн буй мэт санагдаж, түгдчин байж талархлаа илэрхийлэн, бяцхан зул сарын сүнсийг харах гэж, үзэсгэлэнтэй даашинзад нь хүрэхээр хүүхдүүд гүйлдэн ирсээр Эффиг хөх даашинзтай жаалхан охид бүчив. Эффигийн ээж тонгойн арай ахмад охидод үг шивнэтэл охид гар гараасаа хөтлөлцөн, бяцхан зул сарын сүнсийг тойрон бүжиж, дуулж эхэлвэй. 

Дэндүү жаргалтай энэхүү цэнгүүнийг эцэслэмээргүй байсан ч хэтрүүлэн хөгжилдвөөс хожим уршигтай билээ. Жаалхан охид эгнэн жагсаад, Эффи болон түүний ээжийг хүндэтгэн, жаргалтай инээмсэглэсээр нүдэндээ нулимстай салах ёс гүйцэтгэв. Эффигийн ээж жаалхан охид бүрийг дотноор үнсэж, энэ ээнэг зөөлхөн үнсэлт тэдэнд хамгаас сайхан бэлэг болов. Эффи үй олон бяцхан гараас атгаж,  Кэти түүн дээр ирэхдээ өөрийн хүүхэлдэйгээ гарт нь атгуулаад “Бид бүгд зөндөө олон бэлэг авсан. Гэхдээ чи нэг ч бэлэг авсангүй. Үүнийг сайтар хадгалаарай. Энэ хүүхэлдэй бол надад буй хамгийн хөөрхөн зүйл” хэмээн шивнэжээ.

“Ойлголоо” хэмээн Эффи хариулаад, охидтой гар барьж дуусталаа, хөгжөөн цэнгүүн эцэслэтэл, орондоо ядрангуй хэвтэж байхдаа ч бяцхан хүүхэлдэйг энгэртээ тэвэрсэн хэвээр л байв. 

“Амьдралдаа тэмдэглэж байсан хамгийн сайхан зул сар минь! Би үнэхээрийн гайхалтай бэлэг авлаа! Мөн Кэтигийн хайр шингэсэн бяцхан хүүхэлдэйг бэлгэнд авлаа! Хүссэн бүхэн минь биеллээ!” 

Эффи ийн хэлээд жаргалтай инээмсэглэн, бяцхан хүүхэлдэйтэйгээ нойрссон бөгөөд зул сарыг шинээр хайрлах ийм сэтгэл хойшид хэзээ ч хувиралгүй, сэтгэлд нь оршсоор байх нь гарцаагүй. 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

@Katen on Instagram
[instagram-feed feed=1]