Press ESC to close

Усны ГудамжУсны Гудамж Бичээчийн Хөгжих Талбар

Малчны гэрт төржээ

Усны гудамж сайт “Зохиолчийн сар” буландаа гадаад, дотоодын зохиолчдын бүтээлийн уран сайхан, үнэ цэнийг сэргээн сануулах, таниулах бичвэрүүдийг нийтэлж буй. Бид хоёрдугаар сард төрсөн зохиолчдын тухай бичвэрийг “Pallaswati утга зохиолын бүлгэмийн гишүүдтэй хамтран боловсруулж байна. Сэлбэ сургуулийн монгол хэл уран зохиолын багш Г.Барсболдын бичвэрийг хүлээн авна уу.

Малчны гэрт төржээ...

Төрийн шагналт зохиолч, СГЗ Дэмбээгийн Мягмарын уран бүтээлийн тухай

            Дэмбээгийн Мягмар Сэлэнгэ аймгийн Хушаат суманд хоёрдугаар сарын 10-ны өдөр төржээ. Уг гарал угсааны тухайд улс амьтны яриан дунд хятадын эрлийз, жирийн малчны хүү гэх хоёр яриа бий ч аль аль талд нь нотолгоотой хариулт хайсанд төдийлөн олсонгүй.

Харин XX зууны 60-аад оны эхэн үеийн туужийн уран бүтээлийг нь судлал шүүмжлэлийн хувьд “тухайн цаг үедээ монголын уран зохиолыг өмнөх үе шатаас нь дүрийн сэтгэл зүйг нээн харуулж ахиулсан” хэмээн дүгнэдэг аж. Түүнээс гадна ахлах дунд ангийн сурагчдын заавал унших номын жагсаалтад нэн тэргүүнээр дурдагддаг уянгын таван тууж буюу “Нэгэн байшингийн тууж”, “Газар бид хоёр”, “Тээрэмчин”, “Тээрэмчний охин”, “Үер” хэмээх таван зохиолын орчин нь өмнөх зохиолчдын бүтээлийн гол чиг нүүдэлчний ахуйгаас цаашаа ч тэр, наашаа ч тэр “саахалтын зайтай” билээ.

            “Нэгэн байшингийн тууж” нь Даваагийн эрт үеийн дурсамж болоод бага залуу насных нь явдлыг тоосго мэт дэс дэсээр нь шатаан байшингийн хананд өрнө. Мал ахуйгаас хол барилга, бүтээн байгуулалтын тунхаг эл туужийн одоод өрнөх үйл явдал гуравдугаар биеэс мөртлөө ганц нэг дурсамжийг нэгдүгээр биеэс хүүрнэж байгаа хэлбэр нь:

“Тэгээд яасан юм бэ? Та эргэцүүлэн бодооч” гэж хорин насных нь үеийн сонирхол шаардан шалгааж чихэнд нь шивнэн гуйх шиг болов.

Нэгэн өглөө эртлэн босож, ул нь ханзарсан монгол гутлаа тайлж, орон доогуураа хаяад…” /Нэгэн байшингийн тууж 1996 он/ гэсэн хүүрнэл нь хөгжихийн хэрээр судлаачдын тодорхойлсон дүрийн сэтгэл зүйг нээн харуулсан гэх тодорхойлолтдоо улмаа дөхнө.

Дээрх нэгдүгээр биеийн хүүрнэл нь монологи яриа гэхэд нэхэн санасан хүүрнэл буй. Өчил гэхэд ямар нэг дүрд хандаагүй буй. Нэгэн зохиолд хоёр өөр биеэс хүүрнэж буй эл хэлбэр болбоос хүнийг гадна, дотор аль аль талаас нь нээн харуулах гэсэн сайтар эрэлхийлэл хийгээд сайн өгүүлэх чадварыг саадгүй үзүүлжээ. Өнгөрсөн цагт өөрийн сэтгэлийг дотроосоо өгүүлж, одоо цагт туслах дүрүүдийн чанарыг товойлгон гаргахын тулд дүрд байхгүй гярхай занг өгүүлэгчээр шигтгүүлж буй нь нөгөө талдаа туужийн нэгэн цул чанарт байшингийн хананы үл ялиг хагархай шиг ч харагдуулж болно. Энэхүү хүүрнэл дараагийн туужууд дээр зохиолчийн хувьд туршлагжсан нь “Үер” тууж дээр илэрдэг юм.

 

 “Газар бид хоёр” тууж нойрмог жолоочийн үйлдлээр зоримог эхлэх нь уншууртай. Одоогоор уншигчдад төдийгүй залуусын үзэл бодолд нэг их үнэ цэн үгүй болсон махруу ажилчны дүр зохиолчийн аж төрж асан тэр үедээ шагнал урамшууллын төлөөнөө эсвэл чинхүү хөдөлмөрийн дүнгээ дарга болон түмэн олноор магтуулж өөрийн гэсэн бүхнээ нийгэмд тонуулчихсан оршихуйгаа тэжээх гэсэн оролдлого болохыг илчлээд өгөх шиг болно. Одоо ч үзэгддэг ажлын төлөөнөө төрчихсөн, ямар ч байгууллагыг гарыг нь ганзаганд, хөлийг нь дөрөөнд хүргэснийхээ дараа хүндэвтэр өвчнөөр хөлөө тушаад сууж буй хүмүүс хэд хоног зангиа аудиогоос нулимстай сонсвол зохих нь магад.

“Тээрэмчин тууж” дайны он жилүүдэд энгийн л нэгэн тээрэмчин залуугийн ахуйн гачигдалтай, зутруухан аж төрсөн ч сэтгэл татагдсан Жанжаатайгаа учирч, охинтой болж, Жанжаагаасаа хагацаж, охиноо өсгөснийг нэгдүгээр биеэс хүүрнэнэ. Зохиолын найруулга нь зохиогч эсвэл гярхай уншигчийн зүгээс уншвал гэнэн хүүхдийн хүүрнэл л харагдаад байлаа. Магадгүй сэтгэлзүйг илчлэх анхны оролдлого ингэж амжилттай болдгийг залуу бичээч над мэт эндээс мэдээд авчихвал алдааг нь давтахгүй байж магад юм. Алдаа ч гэхээс илүүтэй зохиолын төгсгөлд Дондовтой таарна гэдгээ зохиолч эхэнд төлөвлөсөн нь илтэд мэдэгдэж байгаа ч өшөө авах ёстой үзэн ядсан дүрээ хорвоогийн балчиг намагт гүн унагаж зүрхлээгүй байгаа юм. Ер нь л зохиолын хүнд хэцүү нь нэг их мэдрэгдэхгүй байгаа хэсгүүд нь дүрийн өвдөхөө больчихсон татанхай гартай эгээ л ижилхэн санагдана. Харин “Тээрэмчний охин” туужид аав охины хоёр дүр хоёулаа нэгдүгээр биеэс хэрэг явдлыг ээлжлэн өгүүлнэ. Сэтгэлийг илчлэх дотор үгээ хэлэх, үйл явдлаа сунжруулахгүй өрнүүлэх хамгийн сайн арга нь аав охин хоёрын аль алины дотроос хүүрнэсэн нь магад хамгийн сайн туршилт байсан байх. Нөгөө талаас

Д.Мягмар зохиолчийг дүрийн сэтгэл зүйг нэгдүгээр биеэс хүүрнэн, дурсамжийг нь хөвөрдөн, утаслаг оюун санааг уншигчдад ойлгуулж байснаа, одоод амьдарч буй барилгачин, тариалангийн талбай бараадсан ажилтан, усны захад орогносон завьчин зэргээр гэнэт л гуравдугаар биеэс туслах дүрүүдээр үйл явдлуудыг баяжуулж харилцан яриагаар өрнүүлдэг аргаар монголын хүүрнэл зохиолын туурвил зүйн сан хөмрөгт баларшгүй хувь нэмэр оруулсан зохиолч гэж хэлж болно.

Хожмоо “Хүний сайхан сэтгэл” нэртэйгээр дэлгэцэнд мөнхөрсөн “Үер” тууж мөн л одоо цагийг гуравдугаар биеэс өгүүлж завиндаа урьж аснаа хүүрнэл рүүгээ аяар аяар хөтлөн, Дэнзэн өвгөн уянгын дурсамжаа ярьж дуусаад нэг л мэдэхэд буцаагаад голын эрэгтээ гаргачихсан байдаг билээ. “Нэгэн байшингийн тууж”-ийн хүүрнэх арга барилыг “Үер” тууж дээр бүрэн гүйцэт уншина гэсэн үг.

“…Өвгөнийг хөл дороо мэлтэлзэж байгаа үерийн ус руу харахад усны мандал дээр Долгорын хорин хэдэн настай байсан үе нь мэлсхийн тусаад замхрах шиг болов.

Тийм ээ гамин үймдэг тэр жил Долгор бид хоёр ид танилцаж байж билээ. Тэр зун манайхан саахалтын зайтай байсан даг шүү…” эл хоёр цогцолборын хооронд л гэхэд завиндаа хүйтэн хөндий урих шиг болсноо гэнэт л халуун дулаан яриа дэлгэж байгаа аятай эл яриа нь нэг цухасхан дурсамжийг ярьж өгүүлээд төгсөх заагтаа:

“…Тэгэхэд одоог бодвол залуу байжээ. Түүнээс хойш бид хоёр… гээд эргэж харахад усы тэртээ майхан нь бараантан харагдав…” хэмээн Сэлэнгийн урсгал завь бүүвэйлэх хэмнэлээс сэрээж байгаа юм.

Тээрэмчин, Тээрэмчний охин, Нэгэн байшингийн тууж дээр туршлагатай зохиолч эсвэл нямбай уншигчийн хүсдэг эсрэг дүрийн баатар нэгдүгээр биеийн хүүрнэлчийн өмнөөс эгц харж байгаад өширхөл заналаа өгүүлэх сэтгэл урагдам өгүүлэмжээс  жаахан “хулчийж”, баахан оролдоод бүтэлгүйтсэн ч байж магад. Харин гярхай уншигчийн /нямбай бичээчийнх нь биш/ дээрх хүсэлтийг хошин жүжгийн төрөл өгүүлсэн билээ. Шуналын сэтгэлийг “юмыг авах гэж хэтэрхий дурлах, хүсэх…” хэмээх ойлголт нийтлэг. “Найрын ширээний ууц” жүжигт дээрх нийтлэг ойлгогдох дүрийг Ханджав илэрхийлнэ. Гэтэл харамлана гэдэг хэмнэх гэсэн ялгаагүй л нэгэн шунал болохыг Ойдовын дүрээр харуулж, хошин өнгө аясаа улмаа нэмжээ. Бүх л дүрээс нь шуналаас эхтэй хөглөсөн ярианы гогцоо үүссээр байна. Монгол бадарчны үлгэрээс сэдэвлэсэн хошин жүжиг болон ардын аман зохиолын төрөл зүйл дээрээс бичсэн “Далан худалч”-аас өөр хошин жүжиг Монголын театрын урлагт үгүй байлаа. Д.Мягмарын “Найрын ширээний ууц” теле жүжиг болсноос хойш 90-ээд онд төрсөн мань мэт нь хошин жүжгийг хот хөдөөгийн ярианы онцлог, нийгэмд буй хүмүүсийн хэв шинжит дүртэй нь хамтдаа танилцсан юм. Тус жүжгийн зургаан үзэгдэл тус бүр өөрийн зорилготой, дүр бүхэн сөрөг ёжлолтой мөртлөө хүний мөсөөр хямдхан зан чанарууд л аяндаа үйл явдлыг хөтөлж хувийн болоод нийтэд өгөгдсөн нөхцөлийг товойлгон үзүүлнэ. Бодисын хэтэрсэн хэрэглээг хүртэл ашиглаж байгаа юм. Согтууруулах ундаа нь архичинд зүрх сэтгэлдээ байгаа эсвэл ухаан санаандаа орсныг дараа нь гарах үр дагаврыг огт бодолцохгүйгээр хэлж, хийх хүчийг өгч, дүрээр авирлах зөвшөөрлийг өгдөг зэргийг ашигласнаар нь Ивана Чаббакийн дүр бүтээх арван арга барилыг тулгаад уншихад яг таарч байна.

“Нандин эрдэнэ”, “Хүний сайхан сэтгэл” “Нэгэн хаврын паян” зэрэг олон олон тайз дэлгэцийн бүтээл, “Балын амт”, “Анчин Дорж” зэрэг хүүхдийн зохиол, уянгын таван тууж, “Нийлэх замын уулзварт” роман зэрэг 20 гаруй ном, уран бүтээл туурвисан XX зууны монголын уран зохиолч Дэмбээгийн Мягмар хоёрдугаар сарын 10-ны өдөр малчны гэрт төржээ. Монголд суурьшсан хятадууд Дэмбээ, Далай зэрэг хоёр ханз болчихоор нэр авдаг байснаас хятадын эрлийз хэмээн яригдсан байж магад. Эсвэл малчны гэрт төрсөн хэмээсэн нь өөрийн намтраа зохиохдоо тодотгоод байгаа “малчны гэрээс”-ээ хол зохиолын орчныг мэдэрч, тэнд амьдран буй дүрүүдийн сэтгэл зүйг задлан өгүүлсэн учир хятадын эрлийз гэдэг ч байсан байж магад.

Д.Мягмар нь үнэхээр хятадын эрлийз байснаа насаараа нуугаад монгол хүн бүр дунд ангиасаа уншсан зохиолууд нь тийм ч сайнгүй зүгээр л нэг нь магтаад нөгөө хүмүүс нь бүгдээрээ сайн гэж бодсон байгаад юу ч өөрчлөгдөхгүй л. Гэхдээ хятадыг үзэн ядагч нар маань “Хүний сайхан сэтгэл” киног үзээд нулимс “үер”-лүүлэн сууснаа мартахгүй шүү дээ. Үерлүүлэн суух тэр л дурсамжийг ч нэгдүгээр биеэс сэтгэлийн гүнээсээ өгүүлсэн нь XX зууны жараад оны монголын уран зохиолд шинэ “юм” байжээ.

“Малчны гэрт төрсөн Дэмбээгийн Мягмар”-аас гадна монголын уран зохиолд гадаадын эрлийз гэдгээ хэнээс ч нуугаагүй нуух боломжгүй “Миний Дагестан”-ы дуун хөрвүүлэгч эрхэм гүүш Мишигийн Цэдэндорж хоёрдугаар сард төржээ. Түүний амьдрал уран бүтээлийн тухай нийтлэл хүрэх хүртэл баяртай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

@Katen on Instagram
[instagram-feed feed=1]