Press ESC to close

Усны ГудамжУсны Гудамж Бичээчийн Хөгжих Талбар

Бүргэдэд газрын амьдрал зохихгүй

Усны гудамж сайт “Зохиолчийн сар” буландаа гадаад, дотоодын зохиолчдын бүтээлийн уран сайхан, үнэ цэнийг сэргээн сануулах, таниулах бичвэрүүдийг нийтэлж буй. Бид хоёрдугаар сард төрсөн зохиолчдын тухай бичвэрийг “Pallaswati утга зохиолын бүлгэмийн гишүүдтэй хамтран боловсруулж байна. Нийслэлийн Шинэ Өнөөдөр сургуулийн МХБУЗ-ын багш Б.Батцоожийн бичвэрийг хүлээн авна уу.

Бүргэдэд газрын амьдрал зохихгүй

“…Намар намар буцах тогоруудын гунигт дуу

Намайг яруу найраг, бусдыг хайрлах хоёрт сургасан юм.”

О.Дашбалбар

Хэн нэгэн: Дашбалбарыг таних уу?

Иргэн М: Танина шүү дээ. “Амьдадаа бие биеэ хайрла”, “Өвөг дээдсээсээ бид эх орноо өвлөн авсан”, “Би талын хөх чоно”, “Залуус дүү нартаа хүргэх шүлэг” зэрэг алдартай шүлгийг бичсэн. (Тодорхой хариулт хэлж чадсандаа бахдан мишээв.)

Хэн нэгэн: Өөр ямар шүлэг бичсэн юм бэ?

Иргэн М: Мэдэхгүй. Энэ шүлгүүд бол хамгийн гоё нь. (Ойлгомжтой зүйл асууж байгаад урамшин маасайж сууна…)

Хүн бүрийн танил хэр нь ээ хэн бүхний төдийлөн мэддэггүй нэгэн бол Очирбатын Дашбалбар. ХХ зууны эхэн үеэс реалист өнгө аясаар хөгжсөн монголын яруу найрагт 1980-аад онд уянгын реалист өнгө аяс бүхий импрессионист шүлгүүдээрээ тодорсон О.Дашбалбар нь 1957 оны 2 сарын 10-нд Сүхбаатар аймгийн Наран сумын нутаг Наранбулаг хэмээх газарт мэндэлжээ. Сүхбаатар аймгийн Наран сумын бага сургууль, Дарьганга сумын дунд сургуулийг төгссөн тэрээр Хөдөө аж ахуйн ТМС, 1984 онд  Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуулийг дүүргэжээ. Утга зохиол, төр нийгмийн зүтгэлтэн О.Дашбалбар 1999 оны 10 сарын 16-нд тэнгэр болжээ. Хөл шороо нийлүүлж, хөрстийн өнгөнд 42 жил амьдрахдаа “Оддын аялгуу”, “Гол ус намуухан урсана”, “Гэрэлт хайр”, “Зүүдний мөнгөн шувуу”, “Бакула Ренбүүчий”, “Бурханы мэлмий”, “Цаг хугацааны гуниг буюу орон зай дахь дүрсүүд” зэрэг яруу найргийн ном хэвлүүлжээ. Түүний уран бүтээлийг 2004 онд 5 боть болгон хэвлүүлсэн байдаг. Мөн амьдралынхаа сүүлийн он жилүүдэд бичсэн хэвлэгдээгүй шүлгүүдийг нь эмхэтгэж 2007 онд “Оюун санааны яруу найраг” нэрээр гаргасан юм. Мөн 2003 онд “Шидэт ертөнц”, “Гунигт ертөнц”, “Хүн ертөнц”, “Бурхны ертөнц”, “Монгол ертөнц”, “Газрын төлөө тулалдаан эхэллээ” зэрэг ном нь хэвлэгджээ. Жинхэнэ яруу найрагчийг яруу найрагчаар үлдээх хэрэгтэй гэдгийг дурдаад оршил хэсгээ өндөрлөе.

Миний таньсан Балбар буюу “Жинхэнэ бүргэдийг таньсан нь” хэмээх дэд оршил

            Их сургуулийн босго алхаж, их хотын үймээн дунд хөл нийлснийхээ дараа багшийнхаа /Г.Б/  “Дашбалбарын хайрлах урлаг” шүүмжийг уншаад гайхах, эргэлзэх мэтийн хэд хэдэн мэдрэмжид зэрэг автаж байснаа тодхон санаж байна. Арван жилдээ “Амьдадаа бие биеэ хайрла”, “Өвөг дээдсээсээ бид эх орноо өвлөж авсан юм”, “Эх орон” зэрэг хэдхэн шүлгийг нь цээжилж, уран жиргээ, урлагийн үзлэгээс хэтрээгүй миний хувьд урьд өмнө уншиж байгаагүй мөрүүд, сонсож байгаагүй дурсамжуудыг нэг дор хараад баахан гайхаж билээ. Эчнээ танил санагддаг байсан нэгнээ огт мэддэггүй байснаа мэдэрнэ гэдэг ичгүүртэй байсныг хэлэх нь илүүц биз. Тэгээд л “Дарьганга аялгуу”, “Дорнын аялгуу” зэрэг 1980-1990 онд бичсэн шүлгийнх нь мөрүүдэд шимтэн дурлаж орхисон юм. “Шүлгийг ингэж л бичдэг юм байна” гэх ухаарал олсныхоо дараахан цалгисан онгодтой жинхэнэ яруу найрагч өчүүхэн жижиг оршихуйн асуудлуудтай зууралдаж, сургаал ч биш, тунхаг ч биш олон шүлэг бичсэнийг уншсаныхаа эцэст аль ч салбарт хүн ер нь үнэ цэн, байр суурь, үзэл санаагаа алдалгүй, өндөрлөгтөө тогтоно гэдэг хэцүү хэрэг юм даа гэсэн дүгнэлтэд хүрсэн юм. Дээр дурдсан шүүмжид Г.Батсуурь судлаач О.Дашбалбарын уран бүтээлийн үечлэлийг “Анимаатай үе”, “Анимаагүй үе” гэж хувааж болох юм гэсэн санал дэвшүүлжээ. Эрэгтэй хүний анима бүрэлдэхэд ээж, эгч, хайрлаж дурласан эмэгтэй хүмүүс хамгийн чухал нөлөөлдөг бөгөөд миний хувьд энэхүү үеийн давхцалыг түүний Горькийд сурахаас өмнөх болон Горькийд сурсны дараах үетэй холбон үзэж болох юм гэж бодлоо.

Дорноос мандсан нар буюу “Өдөлж ургасан жигүүр” хэмээх тэргүүн бүлэг

            Жинхэнэ яруу найргийн мөн чанарт бага ч гэсэн дөхөхийг зорьж үүнийг бичигч би бээр энэхүү бүлэгт “Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургууль”-д сурахаас өмнөх буюу 1980-аад оны үед бичсэн шүлгүүдийнх нь уран сайхны онцлогийг тодруулахыг зорив.

            Өд сөд нь ургаж, ирээдүйн их өндөрлөгт хүрэх эхлэл болсон энэ үеийн шүлгүүдээ импрессионист дүрслэл бүхий уянгын өнгө аясаар бичжээ. Д.Нацагдорж, Б.Явуухулан тэргүүт монголын уран зохиолын томчуудын төлөвшүүлсэн уянгын реалист чиглэлийг тэдний энд хараахан хүрэхгүй ч дүрслэл өгүүлэмжийн тал дээр ахиулж чадсан нэгэн бол О.Дашбалбар юм. Уран бүтээлийнхээ их замд гарсан тэр үеийн Алтан Овоо, Дарьганга, Наранбулаг зэрэг эх орны сэдэвт уянгын шүлгүүдэд байгалийн түмэн үзэгдлийн мөн чанарыг дотоод сэтгэлийн эгшгээр сүлсэн хэв шинж давамгайлжээ.

Дурласан би,

         ухаан алдталаа, бүр

         унаж үхтлээ дурласан!

Хар багаасаа дурласан

Хайрласан бүсгүйчүүд минь одноос олон… (О.Дашбалбар, 1984, хууд. 63)

Энэ мэт тунгалаг, үнэн сэтгэлийн дуулал болсон эхэн үеийнх нь шүлгүүдээс бүтсэн “Оддын аялгуу” ном 1984 онд хэвлэгджээ. Жинхэнэ уран бүтээлч хүний сэтгэл зүрх хайраар бялхаж, онгодоор хөглөгдөж гэмээ нь чансаатай уран бүтээл төрөх билээ. О.Дашбалбарын “Оддын аялгуу” номын шүлгүүдээс орчлонгийн жамыг таньж буй хорин хэдтэй хонгор залуухан түүний хиргүй сэтгэл, тунгалаг эмзэглэл, хайрласан, хайрлагдсан нэгний бардамнал, санагалзал тод мэдрэгддэг.

…Өнө холын дуртгал шиг цэнхэр туяанд умбаж

Өвс ногоогоор амьсгалж үлгэр туульсаа шивнэх

Өвөг дээдийн алтан гэрээс шиг чамтайгаа би

Өлгийн бүүвэй мэдэрсэн нялххан цагаасаа амин холбоотой… /1977/ (О.Дашбалбар, Оддын аялгуу, 1984, хууд. 27)

Уран бүтээлч хэн бүхний зүрхэнд дүрэлздэг бүтээх, туурвих хүсэл энэ үеийн шүлгүүдээс тод илэрдэг. Тэрээр:

…Тэнгэрээс галт аянга бууж,

            зуун жил ургасан царсыг булга татах шиг

Тэнэмэл хүү

            гучин жил уулзаагүй ээжийгээ хармагц

            ухаан алдталаа хашхирах шиг

Шүлэг бичих сэн

Тэр бүхэн шиг байж чадахгүй аваас

Шүлэг бичихгүй… (О.Дашбалбар, 1984, хууд. 65)

Ийн тунхаглаж асан яруу найрагч О.Дашбалбар энэ л үед өөрийн бүтээн туурвих арга хэлбэр, уран бүтээлчийн үзэл санаагаа олжээ. Мэдээж энэ бүхэнд А.С.Пушкин, Уолт Уйтменд нараас эхлээд түүний ойрын нөхөд болох Г.Мэнд-Ооёо, Д.Нямсүрэн нарын яруу найргийн мэдрэмж үлэмж нөлөө үзүүлжээ. Тухайлбал “Шүлэгч нөхөртөө” хэмээх шүлэгтээ:

Намрын шөнө тооноор тусах сарны туяа зэрэг

Намайг чамтай хамт цаламдан, цагаан гэрлээр ороов

Найргийн од сэтгэлд харвасан энэ бүдэгхэн туяанаар

Намуун шөнө чиний зүрхнээс шүлэг болон урсав… /1976/ (Шүлэгч нөхөртөө) (О.Дашбалбар, Оддын аялгуу, 1984, хууд. 58)  хэмээжээ.

Уран бүтээлч, тэр тусмаа яруу найрагч хүнд бүтээл туурвихад сэдэл өгч, онгодыг нь хөглөдөг бэлгэдэл бий. О.Дашбалбарын уран бүтээлийн амин сүнс нь хайр бөгөөд түүнийг нь төгөлдөржүүлэн уран бүтээлд нь амилдаг бэлгэдэл болсон зүйл нь эмэгтэй хүн юм. Уран бүтээлээс нь ажиглахад ээж, эхнэр, сэтгэл татсан бүсгүйчүүд нь байсан бөгөөд тэдний тухай зориулал шүлгүүд нэлээд жин дардаг. Муза, Хонгорзул, Аминаа зэрэг нэрс шүлгүүдэд нь олонтоо байх бөгөөд эдгээр нэрс нь  гэргий Н.Борхүүхэн, Н.Оюунханд, Халтар гэх гурван бүсгүйтэй шууд холбогддог. Эхэн үеийн шүлгүүд нь гэргийдээ зориулсан байх бөгөөд

…Хуучин цагийн дуу сэтгэлийг хөндөж

Хулсан лимбэ гунигтайхан уянгална

Хувь тавилан намрын мананд төөрнө үү?

Хурцхан гэрлийг хүсэж би бас л бэдэчсээр…

Хол л байна даа гэр орон минь… /1978/ (О.Дашбалбар, Оддын аялгуу, 1984, хууд. 42)

Үлгэрийн шивнээ шиг бороотой шөнийг арван жил мэдэрч

Үзэсгэлэнт хонгор биеийг чинь зүүдлэн тэвэрч

Орчлонгийн бус сайхныг сэтгэлээрээ эдэлж явснаа бодвол                   

Одоо би жаргалын амтыг мэднэ ээ! (О.Дашбалбар, Оддын аялгуу, 1984, хууд. 39) зэрэг тунгалаг мөртүүд хөврөх аж.

О.Дашбалбарын Горькийд сурахаас өмнөх үеийн бүтээлүүдийг импрессионист дүрслэл бүхий уянгын реалист шүлгүүд хэмээн тодорхойлж болох бөгөөд туурвин бичих өнгө аяс, өөрийгөө хайсан дотоод сэтгэлийн эрэлхийлэл, байгалийн мөн чанарт тэмүүлсэн эр хонгор дуу бүхий эх орон, хайрын сэдэвт уянгын яруу найргийн үе хэмээн үзлээ.

Үд дундын наран буюу “Тэнгэрт амьдарсан нь” хэмээх дэд бүлэг

О.Дашбалбарын Горькийд сурч байсан цаг үеэс хойших уран бүтээлүүдийг энэ үед хамааруулан үзэж байна. Энэ үеийн уран бүтээл нь “Гол ус намуухан урсана” (1989), “Зүүдний мөнгөн шувуу” (1990), “Гэрэлт хайр”(1990) түүврүүдэд хэвлэгдсэн бөгөөд уран бүтээлийнх нь “оргил үе” гэж үзэж байна. Энэ үеийн түүний тунхаг бүхий шүлгүүдээр эхэлнэ. “Хүн” шүлэгт:

Ертөнцийн бүх гол мөрөн намайг тойрон урснам

Ертөнцийн бүх уул толгод эзэмшил минь болном

Өглөөгүүр сэрүүн далайд цэнхэр халим намайг дагаж хөвнөм

Өвч биеэ хөвчлөн тэнгэр мөрлөхөд минь их салхи дэгдэнэ… /1985/ (О.Дашбалбар, Гол ус намуухан урсана, 1989, хууд. 14)

…Үй түмэн ногоон нүдээр намайг ширтэх

Өвгөн навчсын далдын нууц хэлийг гайхнам

Өвөг дээдсийн амьсгалыг навчсаас сонсохуй дор

Энэ навчсыг зөөлөн биетэй ногоохон одод гэнэм…/Навчис/ (О.Дашбалбар, Гол ус намуухан урсана, 1989, хууд. 48) хэмээсэн байна.

О.Дашбалбар ЗХУ-д Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуульд сурч эхэлсэн үеэс өөрийгөө ертөнцийн төв болгон тунхагласан шүлэг ихээр бичжээ. Тэрээр  ертөнцийн бүхий л зүйлсийн мөн чанарын төвд өөрийгөө тавьж уран бүтээлдээ өөрийн “БИ”-г тухаглажээ. Энэ нь “Өвст талдаа хүү минь өсөж торниг”, “Ардын дуу”, “Сарны гэрэлд бичсэн шүлэг”, “Эх орон”, “Голын эрэг дээр”, “Намрын сэтгэмж хэмээх шүлгийн аймаг” зэрэг маш олон шүлгээс ажиглагддаг. Горькийд суралцсан нь түүний уран бүтээлч сэтгэлгээг дараагийн түвшинд хүргэж, уран бүтээлийн үзэл санаа, өнгө аяст хүчтэй нөлөө үзүүлсэн байдаг. Ялангуяа 1985-1988 онд  уран бүтээлийн оргил үе нь эхэлж “Элегия”, “Дарьганга аялгуу”, “Шанзны эгшиг”, “Дорнын аялгуу”, “Лимбэний эгшиг”, “Хуурын эгшиг” тэргүүт шүлгээ бичсэн байдаг. Энэ үед л түүний анима бүрэн төгөлдөржиж уран бүтээлийнх нь амин сүнс, бэлгэдэл болсон юм.

Н.Борхүүхэн, Н.Оюунхандаар илэрч байсан анимагийн дүр Халтар хэмээх бүсгүйн дүрээр уран бүтээлд нь бүрэн төлөвшсөн байдаг. Тухайлбал “Дарьганга аялгуу” шүлэгт:

…Алчуур алчуураар уйлавч асгарч барахгүй нулимс

Амраг чамайгаа гэсээр ч амьдарч чадаагүй гаслан

Андуурч андуурсаар явавч таньж барахгүй хорвоо

Ах нь, ах нь гэсээр алдаж орхисон тавилан… (О.Дашбалбар, Гэрэлт хайр, 1990, хууд. 50)

…Алтан жуузтай тэргэнд Кришна тэнгэр заларч

Агаар сэнгэнүүлэн өнгөрөхөд намрын цэцэгс үнэртэнэ

Өлзийт энэ үдэш, чи минь долоон бурхны охин

Өвдгийг чинь дэрлэсэн би гурван маралын хүү (О.Дашбалбар, Гэрэлт хайр, 1990, хууд. 52)

Мөн “Дорнын аялгуу” шүлэгт:

…Халуун янаг сэтгэлд нь төдий ч зай үгүй

Хайртай жаахан Анимаа минийх ч гэсэн хүнийх ээ

Үнэн янаг сэтгэлд нь өчүүхэн төдий ч зай үгүй

Үеийн жаахан Анимаа хүнийх ч гэсэн минийх ээ… (О.Дашбалбар, Гэрэлт хайр, 1990)

Ийм л хайр энэрэл дүүрэн эр, омог бардамхан яруу найрагчийн дүр өдгөө монголын уран зохиолын гэрэлт сүмбэр болон мөнхөрчээ. Тэрээр яг л шүлэг шигээ “шүлгээ өлгийтэй хүү шиг тэвэрч, шүлэгтээ тэврүүлэн нойрссон онгод хөлөглөсөн их найрагч байсан юм. Өөрийнх нь томьёолсон ГУНУ урсгалын ай савд нэгэн цагт амьдарч байсан нөхдөөс нь эхлээд хожмын олон шавь нар нь багтаж бүтээлээ туурвиж, туурвисаар байна. 

Ардын дууны бүтэц, хэв шинжийг чадмаг ашигласан байдал нь түүний уран бүтээлийг улам ч яруу, бүр ч сонсголонтой болгосон байх ба утга зохиол судлаач доктор, профессор С.Энхбаяр багш “Ийм гэгээн, ийм тунгалаг тансаг яруу найраг нь хүний сэтгэл зүрх оюун бодлыг ариусгаж, сайхныг мэдрүүлж амьдралд итгэх итгэлийг, хайр, уужим сэтгэлийг бий болгодог. Энэхүү номлолыг тойрч орчин үеийн Монголын яруу найргийн хамгийн тансаг зөөлөн өнгө аяс бүхий чиглэл ГУНУ урсгал бий болсон. ГУНУ урсгалынхны яруу найраг “урлагийн гоо зүйн үүрэг”-ийг шүтэн биширч, хүнийг ёс суртахууны хувьд ариусгаж, амьдралыг хайрлах үзлийг дээдэлдэг” (С.Энхбаяр, Утга зохиол судлал шүүмжлэлийн өгүүллүүд, 2004, хууд. 84) хэмээн дүгнэсэн байдаг. Тэр бол өндөр уулын ширүүн урсгалт горхи, өргөн талд намуухан мяралзагч их мөрөн байлаа. Үүнийг нь туулсан амьдрал үлдээсэн бүтээл нь бидэнд бэлхнээ харуулна. Утга зохиол судлаач П.Батхуягийн /Момо/ дурдсанчлан “Хүнийг эр эм, хөгшин залуугүй, өнгө зүс ялгалгүй энэрдэг нэгэн. Нэгэнтээ эр зоригоо ээжээсээ, энэрэх сэтгэлээ ааваасаа авсан” гэгдэх яруу найрагч О.Дашбалбар аавдаа зориулан бичсэн “Элегия” шүлэгтээ:

…Тэнгэрийн дор хүү төрүүлсэн эцэг үхдэггүй юм

Тэргэл сарыг би биш, та л ширтэж байх шиг…

Аавыгаа би өөрийнхөө сэтгэл дотроос олох юм

Амин голд минь танаас нэг л юм үлдэж дээ…хэмээжээ.

Очирбатын Дашбалбар бол ийм л эмзэг зөөлөн сэтгэлтэй эгэл нэгэн, омог бардам, иртэй их найрагч явжээ.

Жаргаагүй нар буюу “Газарт буусан бүргэд” хэмээх удаах бүлэг

Амьдралынхаа сүүлийн он жилүүдэд бичсэн бүтээлийг нь хүү Д.Гангабаатар 2007 онд эмхэтгэн, “Оюун санааны яруу найраг” нэртэйгээр хэвлүүлжээ. Энэхүү номд орсон шүлгүүдээс цөхрөл, шаналал, сэтгэл зүйн хурцадмал хэв шинж тод мэдрэгдэнэ.  Үүнийг  “дэмийрэл хийрхэл”-ийн үе гэж томьёолж болох юм. Утга зохиол судлаач С.Энхбаяр О.Дашбалбарыг ГУНУ итгэл үнэмшлээ “мартаж” бичсэн улс төр-иргэний сэдэвт шүлгүүдийг нь “Р.Чойномын гудамжны бохир шүлгүүд сүүлийн жилүүдэд гарч буй олон арван жүжиг, кино, тэр ч бүү хэл дахин тохиохгүй авьяасын тэнгэр ивээж байсан яруу найрагч О.Дашбалбарын “Галзуугийн эмнэлэг” мэт шүлгүүд ч энэ бүлэгт багтана” (С.Энхбаяр, Ирэх урсгал, 1995, хууд. 32) хэмээжээ. Улс төр нийгмийн асуудалд идэвхтэй оролцох болсон үеэс жинхэнэ яруу найргийн мөн чанараасаа холдож, уран бүтээлч сэтгэлгээнээсээ хөндийрсөн байгалийн дууч, уянгын хэлмэрч, онгодтой яруу найрагч байсан гэх өнгөрсөн цагийн тодотголыг амьдадаа зүүсэн тэрээр 1992 онд АИХ-ын депутат болсон нь уран бүтээлийнхээ жанжин шугамаас хазайсан хэрэг болсон юм. Тэрээр  “Мөнхийн бүтээлүүд мөхлийн ирмэг дээр”, “Тусгаар тогтнол дээд шүтээн”, “Номон дээр гишгэсэн алдас”,  “Уучилж болохгүй алдаа, ухаарч ойлгоогүйн гай” зэрэг хурц өнгө аяс бүхий шүүмжлэлт нийтлэл нь энэ үеийн гол туурвилууд болжээ.

Уран бүтээлч хүний хувьд “өөрийгөө давтах” гэх том даваа бий. Олон ч яруу найрагчид энэ давааг давалгүй нэг хэвэндээ дууссан байдаг. Одоо ч бидний цаг үед нэг хэмнэлээсээ гарч чадахгүй өөрийгөө улиглан давтсаар буй жишээ олон бий. Хачирхалтай нь өөрийгөө давтах энэхүү үзэгдэл монголын уран зохиолд өргөн хүрээнд тархаж байна. Энэхүү өвчний гол шинж тэмдэг бол өөрийгөө давтахдаа улам сулрах байдлаар илэрдэг. Яруу найрагч О.Дашбалбарын тухайд ГУНУ итгэл үнэмшлээсээ ухарсан явдал нь уран бүтээлийн эрэл хайгуултай төдийлөн холбоогүй бөгөөд Д.Данзанравжаагаас эхэлсэн ёс суртахуун, буддист өнгө аяс бүхий сургаалын яруу найргийн мухардалд орсонтой холбоотой байж болох талтай. Орчлонгийн мөн чанар, хүний амьдрахуйн тухай номлох гэсэн оролдлогууд нь онгодын мориноос нь буулгаж, жигүүрийг нь хумьсан хэрэг болсон юм. Эх орон, энэрэл хайрын тухай уянга яруу дуулагч яруу найрагч маань:

Оргил нь оргилдоо налсан

Олон уулс-Монгол

Одод нь оддоо дохиолсон

Олон уулс-Монгол (О.Дашбалбар, Оюун санааны яруу найраг, 2007, хууд. 58)

Бага жаахан явахад баяр жаргалтай орон

Баахан хөгшрөөд ирэхээр барайж бүрийсэн хорвоо

Хүүхэд шуухад явахад хүсэлтэй сайхан орон

Хөгширч ядраад ирэхээр хүний юм шиг хорвоо” (О.Дашбалбар, Оюун санааны яруу найраг, 2007, хууд. 48) зэргээр эх орны сэдэвт уянгалаг өнгө аясаасаа буцаж орхисон юм.

Яруу найрагчийг туг шиг, илд шиг байх ёстой хэмээн тунхаглаж явсан найрагч маань дарцаг шиг, чичлүүр шиг шүлэг бичих болсон нь харамсалтай. Гүн ухаанч мэт яруу найраг бичих гэж оролдсон нь өнөөх “яруу найраг” гэх тодотголынхоо ярууг нь хамаг юмтай нь аваад чулуудчихсан хэрэг болов. Тодруулбал “Үхэж буй хүнд баяр хүргэсэн шүлэг” гэх урт нэртэй шүлэгт:

Танд баяр хүргэе, таалал төгсөж буйд чинь

Тамын тогооноос хагацаж, амсхийх цаг чинь ирлээ

Үхлийн ялгуулсан инээмсэглэлийг тосон авагтун

Үнэндээ уруул нь цэв хүйтэн ч таныг амраана… (О.Дашбалбар, Оюун санааны яруу найраг, 2007, хууд. 141) хэмээжээ.

Уг нь бид

…Эх газраас одсон сая дүнчүүр хүмүүс

Элэг зүрхний минь гүнд цэнхэрлэн ууснам

Өвөр хоорондоо дуугүйхэн шивнэлдэх шиг

Өглөө эрт бороо шиврэхэд би дуртай…(О.Дашбалбар, Гол ус намуухан урсана, хууд. 150)  хэмээсэн Балбарт дуртай.

Учир нь энэ л мөрүүдэд жинхэнэ яруу найрагч О.Дашбалбар удаан амьдарч байгаа. Энэ мэт эх орон, хайр сэтгэлийн намуухан урсгалаа борооны дараах үерийн ус мэт бараантуулж, урсгалаа ширүүлсэн нь “өөрийгөө давах” үзэгдлийн нэгэн хэлбэр болсон юм.

Бүргэд газарт амьдардаггүй хэмээх “ТӨГСГӨЛ” хэсэг

            Монголын уянгын  яруу найрагт цалгисан онгодоор цахиур хагалан тодорсон О.Дашбалбар Д.Данзанравжаагийн “Үлэмжийн чанар”-аар тодорхойлсон “Буддын гүн ухааны чиглэл”-ийг баримталж, Д.Нацагдоржоос улбаалсан уянгын яруу найргийг залгамжилж, Б.Явуухулангийн илэрхийлсэн “Байгаль-эх орон”-ны сэдэвт яруу найргийг шинэчилж, Г.Аюурзанын “Постмодерн бясалгалч” өнгө аясыг бүрэлдэхэд нөлөө үзүүлсэн сод төлөөлөгч байлаа. Түүнийг төр нийгмийн зүтгэлтэн гэж цоллохоос илүүтэй жинхэнэ уран бүтээлч, авьяаслаг яруу найрагч байсан гэдгийг хойч үедээ таниулах нь нэн чухал билээ. “Дарьганга аялгуу”, “Элегия”, “Дорнын аялгуу”, “Дарьганга нутгийн намар” тэргүүт сайн шүлгүүдийг олны хүртээл болгож жинхэнэ яруу найрагчийг жинхэнэ яруу найрагчаар дурсаж, судалгаа шинжилгээний эргэлтэд оруулах аваас түүнийг хувь хүн талаас нь нээхээс гадна уран бүтээлийнх цаад мөн чанарт хүрэх гол хэрэг болох билээ.

            Тэрээр нийгэм соёлын шилжилтийн өмнөхөн өрнийн утга зохиолын ертөнц, монгол аман зохиолын баялаг сангаас сувд шүүрдэн, үүнийгээ өөрийн авьяас билгээр зохируулан нийцүүлсэн сод уран бүтээлч юм.

Манай уран зохиолд түгээмэл ажиглагдаж буй “өөрийгөө давтах” шинжээс гадна бас нэгэн илэрч буй зүйл бол “бусдыг давтах” явдал юм. Өнөө цагт Б.Лхагвасүрэнг давтсан афоризм маягийн зэрэмдэг шүлгүүд, Р.Чойномыг давтсан тунхаглал маягийн усан шүлгүүд, Б.Галсансүхийг давтсан гоц элийрэл, Л.Өлзийтөгсийг давтсан эмзэглэл ч биш хоосон гуньхрал газар авч байна. О.Дашбалбарын уран бүтээлийн өнгө аяс, сэтгэлгээний онцлогийг дуурайсан цагаан шүлэг борооны дараах мөөг шиг олширч байгаа. Эдгээр давталт ХХ зууны эхэн үеэс эхлэлтэй. Яруу найрагч О.Дашбалбар “Яруу найрагч гал юм” хэмээснийг саяхан нэгэн яруу найрагч “Морь бол гал юм” гээд л шүлэглэж байсан. Бүр дуу ч болчихсон. Энэ мэт давталт, хуулбарын зэрэмдэг жишээг дурдаад байвал “харганын ноосыг түүж, эсгий хийх”-ийн үлгэр болох биз.

Ядаж л “агуу яруу найрагч” гэж ам булаалдан магтахаасаа урьтаж “жинхэнэ монгол яруу найраг” гэж тодорхойлж болох уран бүтээлүүдийг нь түгээн дэлгэрүүлж, таниулан сурталчлах хэрэгтэй. Бидэнд өнгөрсөнд мөртэй, өндөрт дуурьссан нэртэй нэгнээ “агуу” гэж сохроор тахин шүтсээр зохиомол түүх, хэтэрхий чамирхал дундаа төөрөгдүүлж орхисон жишээ даана ч олон. О.Дашбалбарыг улс төр, нийгмийн хэмээх тодотголоос нь татан буулгаж мөн чанартай яруу найрагч, хүн чанартай монгол эр гэдэг талаас нь нээх нь монгол хүний оюун санааны төлөвшилд чухал нөлөөтэй хэрэг болно гэж үзэж байна. Бас нэгэн санаа гэвэл “Дайнд яваад эргэж ирээгүй сурагчид” шүлгээс нь эхлээд “Оддын эгшиглэнт аялгуу”, “Дарьганга аялгуу”, “Лимбэний эгшиг” тэргүүт яруу найргийн жинхэнэ хэмжүүр болох шүлгүүдийг нь ерөнхий боловсрол ч гэлтгүй их дээд сургуулиудын сургалтын хөтөлбөрт оруулах хэрэгтэй. Ингэж гэмээ нь хоосон уянгалагчид, их мэдэгчийг бэлтгэхгүй байхад нэн тустай үйл болно.

О.Дашбалбар бол монгол яруу найргийн хэв шинжийг бүрэлдүүлсэн уран бүтээлч байсныхаа хувьд дорнын сэтгэлгээ, өрнийн утга зохиолын хэв шинж, монгол хүний мөн чанарын дууч байлаа. Гэвч ГУНУ хэмээх урсгалынхаа мөн чанараас няцаж, уран бүтээлч, яруу найрагчийнхаа гол зарчмаас ухарсан тэрээр улс төр, нийгмийн хүрээнээс гарч сэтгэхгүй байсаар яруу найргийн төгсгөлөө үзсэн юм. Бидний хамгийн их танил ч, тийм ч сайн мэддэггүй яруу найрагч О.Дашбалбар цалгисан онгодтой уран бүтээлч, цагаан мөртэй монгол эр байсныг санах учиртай. Тэрээр уран бүтээл шигээ гэгээн наранд ойр явж, үзэмжийн орчлонд одоо ч амьдарсаар байгаа жинхэнэ яруу найрагч, идэрмэг хүрэн бүргэд билээ. Нистүгэй… Нисгэтүгэй…

2025-02-19

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

@Katen on Instagram
[instagram-feed feed=1]