
Монголд тайзны урлагийг огт өөрөөр мэдрүүлж, хөшгөө нээсэн цагаас урлагт шимтэгч олныг хошууруулж чадсан “Гэм зэм” жүжиг арваннэгдүгээр сард өндөрлөж байна. Багт баяр хүргэхийн сацуу Усны гудамж сайтын бичээч Ө.Сумъяагийн 2022 бичсэн “Гэм зэм жүжгийн уран сайхны шинэчлэлийн асуудалд” хэмээх өгүүллийг “Гэм зэм жүжгийн УР” нэрээр нийтэлж байна. Уншигч абугай та тайзны бүтээлийн ахин давтагдашгүй чанарыг тунгаахын зэрэгцээ тухайн үеийн тайзны тавилтын онцлогийг магад анзаарах буй за.
"Гэм зэм" жүжгийн УР
Товч агуулга: М.Батболд найруулагчийн тайзнаа тавьсан “Гэм зэм” жүжиг өнгөрсөн оны
өвөл болон 2022 оны хавар тоглогдсон. Ийн хоёр улирал тоглогдохдоо ихэнх үзэгчийн
сэтгэлд хүрсэн бөгөөд тайзны урлагт олон талын шинэчлэлийг бий болгосон гэж үзэж
байна. Энэхүү хоёр бүлэг, хорин гурван үзэгдэлт драмын жүжгийн зохиолын чансаа,
найруулгын шийдэл, тайз, хөдөлгөөн, дүрийг урлахуйн цогц байдлаар шинжлэн үзэж
жүжгийн шинэлэг талыг нээхийг оролдлоо. Жүжгийн уран сайхны шинэчлэлийн асуудал
үндсэндээ жүжгийн зохиол, тайзны шийдэл хоёрын дунд өрнөж байна. Зохиол нь л гэхэд
романыг жүжгийн зохиолд оновчтой шийдлээр буулгасан талаасаа шинэлэг байгаа бол
тайзны тавилт нь хөгжим, тайзны шийдэл, түүгээр илэрхийлэх хэлэмж, дүрийг шинээр
нээх оролдлого, тайзны хэрэглэлүүдээр илэрхийлж буй нарийн утга зэргээрээ шинэлэг,
цогц агуулга бүхий болсон юм.
Түлхүүр үг: Эх зохиолыг жүжигт хөрвүүлэх, инсценировка, уран сайхны
шинэчлэл, зөрчил, аллагын сэдэл, нийгмийн шалтгаан, сэтгэл зүйн шалтгаан, монолог,
тайзны хэрэглэл, хөдөлгөөний найруулга
Удиртгал
“Гэм зэм” жүжиг Orfey театрын тайзнаа 2021 оны 11-р сарын 25-нд тавигдсанаас хойш
өвөл, хаврын улирал дамнан олон үзэгчид хүрч, талархлыг хүртсэн билээ. Үзэгчдийн
санаанд торох юмгүй нийцсэн энэ бүтээлийн уран сайхны шинэчлэлийг би үндсэн хоёр
хэсэгт хуваан авч үзнэ.
- А. Эх зохиолыг жүжигт хөрвүүлэн бичсэн нь (инсценировка )
- Б. Жүжгийн зохиолыг тайзнаа амилуулсан шийдэл
[Инсценировка – Тууж, өгүүллэг, роман, зэрэг үргэлжилсэн үгийн зохиол, яруу найргийн төрлөөр
бичигдсэн зохиолуудыг тайзны хэлбэрт оруулан бичсэн жүжгийн зохиол юм. (Н.Ганхуяг, 2007)]
Монгол оронд сайн дурын театрууд бий болсноос хойш аливаа эх зохиолыг
театрын тайзнаа хөрвүүлэн тавих явдал түгээмэл болжээ. Тэгвэл уран зохиолын түүхэнд
мөн аливаа зохиол дээрх маягаар нийтэд түгж байсан баримтууд бий. Жишээлбэл “Энэ
үед хятадын уран зохиолын бүтээл олноор орчуулагдсан юм. Тэдгээр бичмэл бүтээлийг
амаар дамжуулах уламжлал монголчуудын дунд дэлгэрсэн” (Э.Оюун, 2021) гэх бөгөөд
үүнийг бэнсэн үлгэр гэнэ. “Бэнсэн үлгэрийн уг үндэс нь эрт цагт ямар нэг байдлаар цаас
бусад эд зүйлс дээр бууж зохиогдсон бичвэр байгаад хожим аман үлгэрийн хэлбэрт
шилжсэн өвөрмөц хувьсалтай төрөл” (Д.Галбаатар, 2012). Түүнчлэн манай үндэсний уран зохиолд агуулагддаг жүжиг наадмын шинжийг мөн агуулж байжээ. Үүнийг
Ц.Дамдинсүрэн “үргэлжилсэн үг, шүлэг ээлжлэн явах нэгэн зохиолын хэлбэр” болохыг
тэмдэглэсэн байдаг. “Бэнсэнч нар баатрынхаа дүр төрхийг товойлгон гаргахын тулд баяр
хөөр, уй гуниг, өнчрөл хагацал, үгүйрэл доройтол, амар амгалан, хөдөлгөөн зэргийг үйл
явдлын онцлог бүрт шингээж, шүлгийн хэмнэл, ая аялгуу, өөрийн нүүр царайны хувирал
зэргээр илэрхийлдэг онцлогтой.” (Д.Галбаатар, 2012) Үүнээс бэнсэн үлгэрийг хүүрнэх хэв
маяг нь тодорхой хэмжээний жүжиглэлт шаардаад зогсохгүй аливаа үргэлжилсэн үгийн эх
зохиолыг үзүүлбэрийн хэв маягт шилжүүлэн тавьдаг байсныг илэрхийлж байна.
А. Эх зохиолыг жүжигт хөрвүүлэн бичсэн нь
Найруулагч аливаа сонгодог бүтээлтэй харьцан, тайзнаа буулгахдаа дараах зарчмаар
ханддаг байна.
“Сонгодгуудтай харьцаж буй найруулагчийн ажилд гурван хэмжээс тавьж болно:
– Сонгодгуудад хүндэтгэлтэй хандаж зохиолыг нь ягштал баримтлах, үүнээс үүдэн
жүжгийн бүхий л ээдрээг “нээн харуулах үйлдэл” нь “зохиогчтой нийцсэн”
байдалтай байна (тууштай хэлбэрээрээ жүжгийн зохиолын дэлгэмэл зураг үүснэ)
– “перпендкуляр” хэллэг буюу жүжгийн зохиолын дэглэлтэд тухайн зохиолчийн эх
бичвэр ч, мөн өөр бусад нийтлэлийн болон уран сайхны эхүүд ч ашиглагдана;
ингэж хийсэн жүжгүүд хэдийгээр зохиогчийнхоо эсрэг мэт боловч шинэ үзэл
хандлагыг агуулж, энэ утгаараа шинэчлэгдэн баяжсан үр дүнтэй болно.
– “праллель” найруулга буюу уг жүжгийг зөвхөн шалтгийн үүргээр тайзанд тавих;
энэ тохиолдолд жүжгийн өгүүлэмж чухал биш болж, тухайлбал постмодернизмын
үзэл нөлөөнд автсан найруулагч их сайндаа л үзэгчийг алмайруулсан хэлбэр бүхий
шинэчилсэн эх бүтээнэ.” (А.И.Бураченко, 2021)
Дээрх гурван ажиллагаанаас дан ганц нэгийг нь энэ жүжигт ашиглажээ гэхийн аргагүй юм.
Аль алийг нь хослуулан хэрэглэжээ гэвээс зохистой. “Гэм зэм” романыг шинэ хэлбэр (3
дахь аргад хамаарах), өөр уран сайхны болон нийтлэлийн эхүүдийг ашигласан байдал (2
дахь аргад хамаарах), мөн эх зохиолыг эрхэмлэн, тунг нь тааруулан шигтгэсэн ажил (1 дэх
аргад хамаарах) тус тус тодорхой харагдаж байгаа юм.
Тиймээс:
- Эх романыг жүжгийн зохиолд хөрвүүлэхдээ романы үзэл санаа, үйл явдал аль
алиныг оновчтой баримталж эх зохиолд хүндэтгэлтэй хандсан. - Судалгаанд тулгуурлан “аллагын сэдэл”-ийг тогтоож, түүнийгээ эхний бүлгийн үйл
явдалд “баримт” маягаар шигтгэсэн. - Постмодерн чиг хандлагыг баримталж тайзнаа үзүүлсэн.
Анхнаасаа эх зохиолыг инсценировка хийхдээ үйл явдлын дарааллаар өрнүүлсэн бол
жүжгийн орон зай, цаг хугацааны хязгаарлагдмал шинжид тохирохгүй хэрэг болох байлаа.
Тэгэхээр зохиолчийн инсценировка хийх санааны хамгийн эхний алхам нь романы үзэлсанааны зөрчлийг уншигчдад бүхнээр нь ойлгуулах, үүний дараа үйл явдлыг өрнүүлэх.
Энэ нь ч хамгийн оновчтой шийдэл болсон юм.
Романы хамгийн том зөрчил нь нийгэм-хувь хүн хоорондын зөрчил билээ.
Энэ зөрчлийг тодруулах үндсэн орчин нь шүүх хурлын танхим мөн. Тиймээс хэдийгээр
романд байхгүй ч жүжгийн зохиолын эхний бүлгийн үйл явдал өрнөх орныг шүүх хурлын
танхим болгоод, тэнд нийгмийн талаас Улсын яллагч, Хувь хүний талаас Өмгөөлөгч
(өмгөөлөгч үндсэндээ Раскольников гэх хувь хүнийг төлөөлнө) оролцож хоорондоо
мэтгэлцдэг. Энэ мэтгэлцээнээс үзэл санааны зөрчил үзэгчдэд тод томруун харагдах боломж
бүрдсэн байна. Мөн нэгдүгээр бүлгийн шүүх хурлын хэсгийг бүрдүүлж буй үндсэн сэдэв
нь аллагын сэдэл дээр төвлөрдөг юм. Аллагын сэдэл нь нийгмийн талаас хоёр, мөн хувь
хүний талаас хоёр гол шалтгааныг гарган тавьдаг
Нийгмийн:
- Раскольниковын аллага үйлдэхэд нөлөөлсөн нийгмийн орчин
- Нийгмийн тухай Раскольниковын үзэл
Хувь хүний:
- Раскольниковын аллага үйлдэхэд нөлөөлсөн гэр бүлийн байдал
- Раскольниковын аллага үйлдэхэд хүргэсэн сэтгэл зүйн нөхцөл
Гэхдээ эдгээр нь хоорондоо шалтгаан үрийн холбоотой болохыг анхаарна уу. Жишээ нь
нийгэм болон гэр бүлийн дарамт нь Раскольниковыг сэтгэл зүйн хямралд хөтөлсөн байж
болно. Эсрэгээрээ сэтгэцийн хямрал нь нийгэм, гэр бүлийн орчинд нь нөлөөлж тэдгээрээс
нийгэмд хандах үзэл суртал нь төлжсөн байх боломжтой. Энэ бүхэн хамсан
Раскольниковыг аллага үйлдэхэд хөтөлжээ.
Романд туссан эдгээр сэдлийг жүжигт тоглох дүрүүдээр дамжуулан батлах хэрэгцээ
тулгарна. Тэгвэл нийгмийн талаас Раскольниковт нөлөөлж байгаа хүчин зүйлсийг батлах
эхний дүр нь Алена Ивановна буюу Улсын яллагч өөрөө, хоёрдугаарт сэтгэл
зүйч Зосимов юм.
Алена Ивановна буй биеэрээ Раскольниковын нийгмийн эсрэг үзэл санаа, хорт муу оюун
санааг бэлгэдэж, түүнийг илчлэхээр бүтээгдсэн дүр. Харин Зосимов бол Раскольниковын
сэтгэлийн хүнд дарамт болон оюун ухааныг өмгөөлөх боловч нийгмийн талаас
Раскольниковт (зөвхөн Раскольниковоор ч зогсохгүй нийт хүн төрөлхтөнд) учирч
буй сэтгэцийн ядралын ангалыг үзэгчдэд тайлбарлан өгдөг.
Харин дотоод хүчин зүйл буюу Мармеладовын аллагын сэдлийг гэр бүлийн орчин болон
сэтгэл зүйн байдлаас нь тодруулан гаргах ажилд Алена Ивановна маш тодорхой хоёр
баримт буюу уран сайхны үнэнг дэлгэн үзүүлдэг юм.
- Бага насны сэтгэцийн траума олсон нэгэн явдлыг гэрчлэх зүүд /хувь хүний өссөн
орчноос шалтгаалсан сэтгэл зүйн гэмтэл/ - Гэр бүлийн орчинд үүсээд байгаа тогтворгүй, түгшүүртэй байдлыг илтгэх
Раскольниковын ээжийн захидал
Зүүдний тухайд:
Раскольников бага насандаа сэтгэцийн цочрол авчээ. Гэхдээ үүнийг хэн батлах вэ? Зүүд нь
батална. Түүний дурсамжийг агуулдаг зүүдний талаар судлаачид маш нухацтай авч үздэг
байна. Зүүдэндээ долоохон настай Раскольников эцгээ даган хотын оршуулгын газар дахь
эмээ, дүү хоёроо эргэх гэж явдаг бөгөөд яг тэр зам дээр нэгэн эцэнхий
гүү эздэдээ балбуулсаар амь тавихыг харсан хүүгийн сэтгэл шимширч, гүүний толгойг
тэврэн уйлдаг.“Mаш нарийн дүрслэл, ‘туршлага дээр үндэслэсэн’ үйл явдлын холбоо
хамааралтай энэ зүүд эзнийхээ ирээдүйг давхар илчилж орхидог.” (J.Thomas, 1973) Өөрөөр
хэлбэл ирээдүйд төлөвлөсөн аллагаас гадна өнгөрсөнд болсон үйл явдлын зурвасыг хамтад
нь агуулсан энэ зүүд эзнийхээ сэтгэл зүйн хүнд байдлыг нарийн гарган харуулдаг бөгөөд
үүгээр дамжуулан үзэгчид түүний сэтгэл зүйд хор хохирол учруулсан бага насны явдал,
эсвэл гэр бүлийн хүрээнд одоо ч өрнөж буй асуудал (дүү охин нь өөрийнх нь төлөө, бас
мөнгөний төлөө баян хүний гэргий болох) цухалзана.
Ээжийн захидлын тухайд:
Романд гардаг эх, хүүгийн харилцаанд нэг асуудал бий. “Раскольниковын эхтэйгээ
харилцах харилцааг харуулсан хэсэгт нэгнээ тэвчиж ядсан байдал цухалзна. Энэ нь түүний
эх ‘Дуниа бид хоёр чиний төлөө өвч биеэ золионд гаргасан шүү, ахиад ч гаргахад бэлэн
байна’ гэх санаагаа албаар илэрхийлж байдаг.” (Edward, 1974)-аас харагдана. Энэ зөрчил
Раскольниковыг аллага хийхэд түлхэж байгаа бас нэг хүчин зүйл. Өнгөцдөө Раскольников
охин дүүгээ баян бөгөөд дотуур тамиртай эрээс аврах, түүний төлөө мөнгөтэй болох
үүрэгтэй гэх үндэслэлээр аллага хийж байгаа мэт харагдана. Гэвч аллагын дараа
Раскольников хагартлаа баяжиж, баяжсан мөнгөөрөө дүүгээ авраагүй гэдгийг санагтун.
Үүний цаана “… мөнгө хүүлэгч эмгэн бол Раскольниковын эхийн тусгал, өөрөөр хэлбэл
Раскольников мөнгө хүүлэгч эмгэнийг хөнөөх нь бэлгэдэл утгаараа эхийнхээ өөдөөс сөрж
байгаа явдал.” (Edward 1974) гэх ерөнхий санаа цухалзана. Раскольников гэр бүлээсээ
мэдрэх дарамтаа намжаах гэж эмгэнийг золиосолсон байх магадлал тун өндөр. Энэ их
сэтгэлийн дарамт дунд Раскольников эмгэнийг хөнөөдөггүй юм аа гэхэд өөрийгөө хөнөөх
л байсан.
Эдгээр өссөн төрсөн орчин, гэр бүлийн нөхцөл байдал, нийгмийн дарамт шахалт,
боловсролын тодорхой хэмжээний мэдлэг дундаас Раскольниковын “хувьсгал” хийх гэсэн
үзэл санаа, оролдлого урган гарчээ. Амьдарч байгаа нийгмийнхээ эсрэг бодож олсон үзэл
суртлаа үнэн гэдгийг баталж, эмгэнийг хөнөөж чадвал дотоод сэтгэлдээ эдгэрэл олж,
өөрийн хүч чадлыг мэдрэн, эргээд сэтгэцийн хямралаа даван туулах юм. Раскольниковын
нийгмийн эсрэг үзэл санааг жүжигт дараах байдлаар товчлон оруулсан:
“Хоёр төрлийн хүмүүс байдаг нь гашуун үнэн. Эхний төрөл нь байгалиасаа дорд,
өөртэйгөө л адилхан хүмүүсийг төрүүлэх цор ганц зориулалттай материал төдий эгэл
хүмүүс. Нөгөө төрлийн хүмүүс нь жинхэнэ буюу дээд, агуу хүмүүс. Тэд өөрийнхөө орчин,
хүрээлэлд шинэ соргог үг хэлэх авьяас билигтэй, хувьсгалч хүмүүс. Агуу хүмүүс хуулиас давсан үйлдэл хийдэг, ирээдүйг сайн сайхан болгохын тулд өнөө цагийг
сүйтгэдэг. Македоны Александр, Юлий Цезарь, Наполеон.” (Я.Баяраа, Э.Бүжинлхам, 2021)
Нийгмийн эсрэг энэ үзэл нь ганц Раскольниковын тархинд бүрэлдсэн юм биш, тухайн
нийгэмд туйлдсан олны дотор цухалзаж байсан санаа гэдгийг жүжигт бол барилга дээр
ажиллаж байсан залуусаар харуулдаг. Энэ утгаараа Раскольников зүгээр л алуурчин төдий
биш үзэл санаанд хөглөгдсөн залуу хүн гэдгийг ч жүжгийн
зохиолд орхигдуулалгүй шигтгэж чадсан байна.
Харин жүжгийн хоёрдугаар бүлгийн байгууламжийг арай өөр аргаар бүтээсэн юм. Өмнөх
бүлэгт аллагын сэдлийг гаргасан бол энэ удаад аллага үйлдсэний дараах өгүүлэмжийг
цуваа цагийн үүднээс үзүүлжээ. Тэгэхдээ зохиолын үйл явдлын талыг баримтлах буюу эх
зохиолоос юуг ч орхилгүй үзэгдэлд хуваарилахыг чухалчилснаараа өмнөх бүлгээс ялгарна.
Ингэж хуваарилахдаа жүжиг доторх бэсрэг жүжгийг тодруулан гаргаж, ашигласан.
Хоёрдугаар бүлэг нь ерөнхийдөө гурван монолог, хоёр хүний жүжиг хоёр удаа гэх мэтээр
бодолцоход таван бэсрэг жүжиг болж болохуйц тусдаа тусдаа үзэгдэл болон тэдгээрийн
холбоос үзэгдлүүдээс бүтжээ. Арван таван үзэгдэлтэй хоёрдугаар бүлгээс дээрх шинжээ
хамгийн тод томруун харуулсан үзэгдлүүд нь:
- Раскольников Порфирий Петрович хоёрын үзэгдэл /хоёр хүний бэсрэг жүжиг мэт/
- Мармеладовын монолог
- Дуня Лужин хоёрын үзэгдэл /хоёр хүний бэсрэг жүжиг мэт/
- Лужины монолог
- Свидригайловын монолог юм.
Үүнийг жүжгийн зохиолыг бичсэн Я.Баяраа зохиолч Ф.М Достоевскийн өвийн тухай
эрдэм шинжилгээний бага хурлын үеэр ийнхүү хэлсэн удаатай:
“Гэм зэм роман дотор дөрвөн монодрам бий, харилцан ярианы буюу хоёр хүний жүжиг лав
гурав бий. Аллагын хэсгийг тастаад ч юм уу, цөллөгийн хэсгийг тасалдаг ч юм уу, бүлгүүд
дээр төвлөрөх юм бол бүрэн драмын жүжиг лав гурав бий. Тийм болохоор Гэм зэм дотор
лав 10 жүжиг байна.” (Я.Баяраа, Ф.М Достоевскийн өвийн тухай эрдэм шинжилгээний
бага хурлын илтгэл, 2021)
Зохиолын энэ онцлогоор хоёрдугаар хэсгийн бүтцийг зохиомжилжээ. Дүр бүрд орон зай
гаргаж, зарим дүрд тохирох монолог бэлдэж, зохиолын өрнөлтэй холбож өгсөн нь
хоёрдугаар бүлгийн хөдөлгөгч хүч боллоо.
Үндсэндээ “Гэм зэм” романыг инсценировка хийх ажлын хамгийн чухал хэсэг нь
нэгдүгээр бүлэг байлаа. Нэгдүгээр бүлэг буюу Раскольниковыг Алена Ивановна яллаж,
Разумихин өмгөөлдөг энэ хэсэг нь аллагын сэдлийг тогтоож, түүнийг тодорхой гэрчүүд
болон зүүд, захидал зэргийн уран сайхны үнэн баримтаар нотлох замаар үндсэн романы
үзэл санаа, уншигчдад хүргэдэг хавсарга ёс зүйн талын асуудлыг дэлгэн харуулсан
оновчтой шийдлийг агуулсан бөгөөд үүний дараа үйл явдал дээр түшиглэсэн нэгэн бүлгийг гаргаж, тэдгээр өрнөл хөдөлгөөнтэй хэсгийн диалог, монолог зэргийг тайзны
онцгой шийдлүүдээр хурцлан гаргасан нь жүжгийн амжилтын үндсэн түлхүүр болсон юм.
Ерөнхийдөө романыг дүр хоорондын болон үзэл санааны зөрчилд тулгуурлан хамгийн
бага нэгжид хүртэл задалсны дараа зохиолын байгууламжийг ахин өрөх аргаар
инсценировка хийсэн нь харагдаж байна.
Б. Жүжгийн зохиолыг тайзнаа амилуулсан шийдэл
“Гэм зэм” жүжиг эхний бүлэг буюу шүүх хурлын хэсэг нь романы агуулга, жүжгийн зохиолынхоо уран шийдлийг харуулсан бол хоёрдугаар бүлэг нь найруулга, тайзны шийдэл, бэлгэдэл, дүрүүдийн харилцаа, монолог, диалог, хөдөлгөөний найруулга зэргийг илүүтэй тодотгосон байна.
Тайзыг ашигласан найруулгын шийдэл
Тайз үндсэндээ өргөгч цамхаг, арматурыг нь зангидаад орхичихсон байшин ч юм шиг. Дээш доошоо хөдөлнө. Хоёр талаас нь шат бууна, дороо эргэнэ. Гэтэл энэ хэдхэн хөдөлгөөнөөр найруулагч болон тайзны зураач дараах зүйлсийг тодорхой өгүүлсэн юм.
Нэгдүгээрт тайзны хоёр талаас буун ирсэн хоёр шат нэг цаг үед өрнөж байгаа хоёр үйл явдлын зэрэгцлийг босоо тэнхлэгээр олж харах боломжийг олгосон. Тиймдээ ч Раскольников өрөөндөө солиорох нь холгүй сууж байхыг Порфирий Петрович мөрдөгч туслах мөрдөгчидтэйгөө анхааралтай ажиглаж, үйл хөдлөлийг нэгд нэгэнгүй харж байгааг үзэгчид амтархан үзэх боломж бүрдсэн.
Хоёрдугаарт хажуугаас бууж ирэх хоёр шат бидэнд нэг дор өрнөж байгаа үйл явдлыг босоо тэнхлэгийн дагуу хоёр хуваан үзэх, олон өнцгөөс харах, жүжигчний хөдөлгөөний нийцлийг бишрэх боломжийг олголоо. Тайзны орой дээр Соня буюу Г.Золзаяа, жижиг Раскольников /жүжигчин, хөдөлгөөний найруулагч У.Эрдэнэбаяр/-ын хамт, үндсэн тайзан дээр Раскольников буюу жүжигчин Лхагва жижиг Соня /жүжигчин Б.Должинсүрэн/-ийн хамт. Ийнхүү дөрвөн жүжигчин тайзны дээр, доор хуваагдан зогсоод жижиг Соня нь Сонятай адил хөдөлж, жижиг Раскольников нь Раскольниковтой адилхан хөдөлж, тус тусын орон зайд үндсэн жүжигчдийг орлоно. Туслах дүрүүд үг хэлэхгүй ч биеийн хэлэмжээр гол жүжигчидтэйгээ хөдөлгөөнөөр холбогдоно. Энэ үзэсгэлэнтэй шийдэл цаанаа бас утга агуулгатай. Зохиол дээр тэдний хайр сэтгэл нийлсэн ч хамтдаа байж чадаагүйн адилаар тайзны энэ хуваагдал жинхэнэ Раскольниковыг жинхэнэ Сонятай уулзуулаагүй юм. Зохиол, тайзны шийдэлтэй нийцэн санаагаа улам эрчимлэг, бэлгэдэл утгаар гаргасан нь найруулгын уран шийдэл юм.
Гуравдугаарт тайзны өнгө, гэрэл жүжигчинтэйгээ хамт ярьж, хэлсэн үгийг нь эрчимжүүлж байдгийн сайхан жишиг боллоо. Раскольников сэмхнээр өөрийг нь мөшгин, янзыг нь үзэх мөрдөгчтэй уушийн газар улаан нүүрээрээ таарчихдаг. Эргэн тойрон хөгжимлөг, шуугиан, хөдөлгөөтэй байна. Тайзан дээр барны тод гэрэл анивчина. Гэнэтхэн Раскольников “Эмгэнийг би алсан!” гэж эрс шийдэмгий хэлэх мөчид тайз гэрлээ хумьж, дуугаа хураан, тайзны эд эс болсон жүжигчин бүр Раскольников руу жигтэй ширтсэн чигтээ царцаж, тас харанхуй орчин нөмрөн авдаг. Өнгө өнгийн гэрлээр дэрвэлзэж байсан тайз гэнэтхэн Раскольниковын өөдөөс хүрлийн ширтэж буй аварга том нийгмийн дүрд хувирав. Хоромхон зуурт утга агуулгаа хувьсхийн өөрчилж, жүжигчнийхээ гүйцэтгэлд хүч түрэхээс гадна найруулагчийн санааг ил шулуухан дамжуулдаг энэ үзэгдэл тайзны дүр хувирлын оргил хэсэг боллоо.
Дөрөвдүгээрт дээш доош хөдлөх хөдөлгөөн нь харьцангуй чанарыг харууллаа. Свидригайлов хийсэн булай үйл, сэдсэн муу санаагаа нууж ядан Дунятай уулзах санаатай Раскольниковынд ирдэг юм. Раскольниковт түүний санал базаахгүй санагдсан тул Свидригайловыг тайзтай хамт дээш өргөж эхэлдэг. Үүнээс дургүйцэл, айдас, хоржоон зэрэг ханхална. Свидригайлов дээшлэх тусмаа айн бэмбэгнэж, Раскольниковын үгийг дагана. Гэтэл жүжгийн төгсгөлд Свидригайловын айж байсны чинээ өндөрт бүх жүжигчин гарч зогсохдоо айх биш харин ч сайн сайхан руу тэмүүлж байгаагаа харуулдаг. Тэгэхээр айдас болоод баяр өөр гэгч субъектив, харьцангуй байдлыг тайзны хөдөлгөөнөөр харуулж байдаг нь мөн л сонин. Жүжгийн төгсгөлд Раскольников бурханд нүглээ наманчлахаар авирахдаа “Гэм зэм”-д хувирган үүрдэг сандлын жин шиг тийм харьцангуй зүйлсийг тайзнаас мэдрүүлж чадсан.
Дүрүүдийг тодруулсан найруулгын шийдэл
Найруулагч нэг дүрд олон хүнийг эсвэл олон дүрд нэг хүнийг тоглуулсан нь этгээд, сонирхолтой шийдэл гаргаад зогсохгүй нийгмийн хэвшмэл үзлийг эвдсэн бүсгүйчүүдийн дүрийг бүтээсэн байна.
Нэг дүрийг олон хүнд хуваасан бөгөөд манай жүжигт тохиолддог нийтлэг эмэгтэй дүрийн шинжийг эвдсэн дүр бол Порфирий Петрович байлаа. Тэр мөрдөгч бас алуурчныг залхаан цээрлүүлэгч. Мөрдлөгийн үйл явц нь өөрөө Раскольниковыг тамлаж байдаг. Порфирий Петрович заримдаа ганцаараа, ихэвчлэн хоёулаа, гэнэтхэн олуулаа болдог. Яагаад гэвэл Порфирий Петрович Раскольниковыг нэг биш нэлээд олуулаа юм шиг зовоож байсан юм. Романыг уншиж байхад төрдөг “олуулаа юм шиг” санагдах энгийн мэдрэмжийг тайзан дээр шууд утгаар нь олон болгож дүрсэлсэн нь жүжигт чамин үзэмж нэмсэн.
Дээр нь жүжигчин Д.Ганцэцэгийн бүтээсэн Улсын яллагч болон таван эмэгтэй жүжигчний бүтээсэн Порфирий Петрович гэх энэ хоёр дүр бол манайд нийтлэг байдаг эмэгтэй дүрийн зөөлөн, аядуу, эсвэл галзуу, замбараагүй гэсэн хоёр туйлт шинжийг чанга хатуу, дэг жаягтай, хувирамтгай, заль мэхтэй, оюун ухаантай болгон өөрчилснөөрөө шинэлэг байна.
Харин эрэгтэй дүрүүдийн монологт тайз, жижиг хэрэглэл, хөгжмийн найруулга ихээхэн хүч нэмжээ. Жүжигчин П.Эрдэнэзааны буюу Мармеладовын монологт хөгжим хамгийн хүчтэй нөлөөг үзүүлж, бадрангуй хэрнээ цөхрөнгүй сүүлчийн хундага өргөж буй эцэг хүний дүрийг гайхалтай урлаж өгсөн бол Ш.Доржсүрэн буюу Лужины тайзны хэрэглэл болох таягаар утга агуулга үүсгэсэн нь үзүүштэй.
Лужинд хэн нэгнийг эзэрхэх хүсэл төрвөл таягаа шиднэ. Лужины хөрөнгөнд долигонодог нэгэн бол таягийг нь авч өгөх л ёстой. Хэрвээ уг этгээд Лужины дургүйг ахин хүргэх аваас Лужин ахиад л таягаа шиднэ. Энэ нь түүний эрх мэдлээ мэдрэх хамгийн гол арга хэрэгсэл бөгөөд үүнийгээ Дунягийн гэр бүлд байн байн ашиглаж, бусдыг таягныхаа хойноос албаар мөлхүүлж, өмнөө сөгдөөнө. Гэвч эцэст нь Дуня түүний өмнө сөгдөхөөс ичиж, өөрийн үнэ цэнээ ухаарсан хойноо Лужинд таягийг нь авч өгөхөө байдаг. Энэ мөчид Лужин хэн ч биш болж Дунягийн гэрээс хөөгддөг юм. Энэ таяг бол тайзан дээрх онцгой агуулга бүхий нэгэн хэрэглэл болсон.
Хөдөлгөөний найруулга
Хөдөлгөөний найруулагч / “Гэм зэм” жүжигт У. Эрдэнэбаяр/ гэх орон тоо өдгөө орон нутгийн театрт ч бий болжээ. Жүжигчдийн хөдөлгөөн, биеийн хэлэмж гэдэг дүрийн дуу хоолой, нүүрний хувирал, жүжгийн зохиол зэргээс дутахааргүй чухал юм. Өмнө манайд энэ төрлийн найруулагчид ажилласан бүтээлүүд байсан ч үзэгдэл бүрт нэвт шингэж, чансаатай ажиллахдаа ул мөрөө ийм тод үлдээж, тогтвортой хадгалсан нь үгүй. Хөдөлгөөний найруулга гэгчийг шинэ түвшинд, тайзны шийдэл жүжиглэлттэй бүрэн уялдуулан гаргасан нь “ Гэм зэм” жүжгийн бас нэгэн шинэчлэл хэмээн үзэж байна.
Дүгнэлт
“Гэм зэм” жүжгийн зохиолын уран сайхны шинэчлэлийн тал нь:
- Жүжгийн зохиолын дүр хоорондын болон нийгэмтэй хамаарах зөрчлийн хэсгүүдийг жижиг нэгжид задалж, зохиолын байгууламжийг шинээр босгох аргаар зохиолыг амин чухал санаа болох нийгэм-хувь хүн хоорондын үзэл санааны зөрчлийг бүрэн хадгалж үлдээсэн.
- Жүжгийн зохиолд аллагын сэдлийг ул суурьтай судлан үзэж, түүнийг Алена Ивановна болон Разумихины мэтгэлцээнд баримт болгон ашигласнаар зохиолын романы эхлэл хэсэгт гардаг аллага хийхээр зэхэж буй Раскольниковын сэтгэл зүйн байдлыг үзэгчдэд хүргэхэд дөхөм болгосон.
- Зохиолын доторх зохиол гэх бүтцийг олж харж чадсанаар дүр хоорондын харилцаа, диалог, монолог дээр суурилсан бэсрэг жүжиг маягийн жижиг бүтцийг үндсэн жүжигтээ багтааж чадсан.
Гэм зэм жүжгийн найруулгын уран сайхны шинэчлэлийн тал нь:
- Тайзны дүнсгэр, минимал байдлыг зохиолын агуулгад хүч түрэн нийцүүлсэн. Босоо тэнхлэгээр давхарласан бүтэцтэй тайз нэг дор өрнөж байгаа олон үйл явдлыг эмх цэгцтэй харуулах бололцоог олгосон. Тайзны хормын зуурт дүр, төрхөө өөрчлөх хувирамтгай шинж нь жүжгийн шилжилт, орчны өөрчлөлтөд давуу тал олгосон.
- Дүрийн монолог-хөгжим, монолог-тайз зэргийн хоршлыг шинэ төвшинд үзүүлсэн. Жижиг хэрэгслийн цаад агуулга, санааг маш оновчтой бөгөөд егөөтэй харуулж чадсан. Нэг дүрийг нэлээд хэдэн жүжигчнээр, нэг жүжигчнээр нэлээд олон дүрд тоглуулсан нь агуулга, дүрслэлийн давхар шинэлэг санааг хөгжүүлсэн. Тайзан дээр төдий л харагдаж байгаагүй эмэгтэй дүрүүдийг зоримог урласан.
- Хөдөлгөөний найруулагчийн ажлыг шинэ түвшинд таниулан, жүжигтээ бүрэн уусгаж ашигласан.
Ном зүй
Эх хэрэглэгдэхүүн
Ф.М.Достоевский. (2018). Гэм зэм. Улаанбаатар: Болор судар .
Я.Баяраа, Э.Бүжинлхам. (2021). Гэм зэм. Улаанбаатар: Orfey театр
Судалгааны бүтээл
А.И.Бураченко. (2021). Жүжиг шүүмжлэгчийн судалгааны объект болох нь . А.И.Бураченко, Уран бүтээл шинжлэхүйн үндэс (хуу. 71-72). Улаанбаатар: Жиком пресс .
Я.Баяраа. (2021). Ф.М Достоевскийн романуудыг жүжгийн зохиол болгосон нь. Улаанбаатар: Orfey театр.
Д.Галбаатар. (2012). Бэнсэн үлгэр . Д.Галбаатар, Уран зохиол: Онол, түүх, шүүмжлэл (хуу. 98). Улаанбаатар .
Н.Ганхуяг. (2007). Н. In Н.Ганхуяг, Монголын театрын нэвтэрхий толь (хуу. 253). Улаанбаатар : Бемби сан .
Э.Оюун. (2021). Ардын театрын хэлбэрүүдийг хувьсгалын эхний жилүүдийн сайн дурын театрт ашигласан нь . Ж.Ууганбаатар, Эрдэмтэн зохиолч Э.Оюун: Бүтээлийн цоморлог-II (хуу. 328)
Edward, W. (1974). Raskolnikov’s Motives: Love and Murder. American Imago, 252-269.
- S. (1973). Raskol’nokov’s Dreams. The Slavic and East European Journal, 131-145.

Leave a Reply