Press ESC to close

Усны ГудамжУсны Гудамж Бичээчийн Хөгжих Талбар

Танк бол түр зуурынх, лийр бол үүрдийнх

Монголын утга зохиолын салбарын энэ оны хамгийн халуухан бүтээлийн нэгд зүй ёсоор багтах Чехийн суут зохиолч Милан Кундерагийн  “Инээд хийгээд мартахуйн тухай ном”-д бичсэн шинжлэлийг уншигч та бүхэндээ догдлон хүргэж байна. Олон сар дамнан уншиж, чамбай бичихийг хичээсэн боловч ухаад ухаад барагдашгүйн учир “Ном амссан хулгана” монологи подкастынхаа үеэр улам дэлгэрүүлэн ярихаар боллоо. Тэр хүртэл дараах нийтлэлийг болгооно биз ээ… 

Танк бол түр зуурынх, лийр бол үүрдийнх

Мөн чанарын давталт

Хөгжилтэй юм шүү. Орчлонгийн хамгийн эв хавгүй, энгийн, болхи хар хүн байлаа гэж төсөөлье. Аль чадахаараа л тийм нэгнийг төсөөлөөрэй. Үнэхээр тун нь таарсан эв энгийн хүнийг бүтээж чадвал одоо түүнийхээ дотоод сэтгэл зүй, хүмүүстэй харилцах харилцааг нь ямархуу байхыг төсөөлөөрэй. Хэдий бидний төсөөлсөн сайх эрхмийн оюун санаанд ер бусын гэмээр зүйл үгүй боловч түүний бусадтай харилцах харилцаа, сэтгэлийн мөн чанар нь хэнийхээс ч ялгаагүй төвөгтэй л болов уу. 

Одоо хэдүүлээ түүний эсрэгээр нэгэн гоц мэргэн, орчлонгийн хамаг эрдмийг эрхшээсэн, сав саруул нэгнийг төсөөлье. Хүн төрөлхтний түүхэнд нэрээ мөнхөлсөн агуу суутан гэж түүнийг дуу нэгтэй нэрлэнэ. Суутан маань тархиныхаа хамаг эд эсийг үхүүлж нэг, сэргээж нэг шавхсаар хамгийн дэвшилтэт үзэл санааг үндэслэж, тэрхүү үзэл санааг дэлхий дахинаа тунхаглажээ. Түүний эл үзлээр гагцхүү эв энгийн, бидний хамгийн эхэнд төсөөлсөн эрхэм шиг тийм л энгийн нэгнийг эвтэйхэн засаглах хүсэлтэй юм. Тийнхүү хотол олноороо амар сайхандаа жаргажээ. 

Юмс ийм хялбархан ч болоосой. Хүний оюун ухаан, харилцаа, мөн чанарын тоолж барамгүй олон салаа тэмтрүүлийг нэгэн шугамд зангидаад, нэгэн үзэл санаанд багтаачихдаг ч болоосой. Тэгвэл олон мянган хүнийг зэрэгцүүлэн хөдөлгөж, салж сарних, хагацаж муудалцах ч хэрэг үгүй, зовлон шаналал ч үгүй, ээдрээ бартаа ч үгүй тун таатай байх сан. 

Эрх мэдлийн харилцаа угаас хялбаргүй ажээ. Эрх мэдлийн харилцааны ийм ээдрээт чанар хүн хоорондын харилцааны төвөг бартаатай, олон салаа шугамаас нэгээхэн ч зөрүүгүй. Учир нь энэ бүхний ард хүн бий. Тиймдээ ч Чехийн алдарт зохиолч Милан Кундера “Инээд хийгээд мартахуйн тухай ном”-доо хосын харилцааг эрх мэдлийн харилцаатай тун эвлэгхэн уялдуулж чадаад байх шиг. 

Тэгэхээр хэдүүлээ юун түрүүнд түүний бүтээлийн гүний гүнд ямагт давтагддаг, хэдий давтагдаад байгаа нь үнэн боловч шүүрээд барихад хялбаргүй санагдах зохиолын дэвсгэр сэдвийн талаар ярилцъя (theme. монгол хэлээр сэдэв гэж болох ч арай өргөн хүрээг хамрах ойлголт мөн). Тэр нь эсрэг тэсрэгийн хоршил.

Эсрэг тэсрэгийн найрсал (Duality)

Садгүрү хэмээх иогчийн “Дотоод инженерчлэл” номд ийм хэсэг гардаг юм. “Секс бол ердөө эсрэг тэсрэг хоёр нэгдэн нийлэх гэсэн оролдлого… Сексийн цаад эрмэлзэл агуу хэдий ч арга нь огтоос найдваргүй юм. Таашаалтай учраас нэгэндээ тэмүүлэх боловч нэгдэл нь хоромхон болоод өнгөрдөг…” Бие махбодын хязгаарлагдмал хүрээн дотроосоо тэлэх хүсэл хүн бүрд байдаг төдийгүй орчлон хорвоо угаас эсрэг тэсрэг хоёрдмол шинжээр дүүрэн. Эсрэг тэсрэгийн энэ зохирол л амьдралын эх ундарга болдог тухай тус номд өгүүлж буйг би бээр товчхон дурдах хэрэгтэй болов уу. Тэгэхээр амьдралын мөн чанар нь эсрэг тэсрэгийн хоршил ажээ. Хүний оршихуйн хэмжээс, талбар бүрээр хэрэн тогтсон эсрэг тэсрэгийн мөн чанарыг зохиолдоо илчлэх чадвар өөрөө Кундерагийн суу билиг гэлтэй. 

Кундерагийн зохиолууд эр эмийн харилцааны нэлээн нарийн төвөгтэй асуудлуудыг хөнддөг. Гэвч энэ нь цаагуураа мөн л эсрэг тэсрэгийн тухай эргэцүүлэл билээ. “Тэвчихийн аргагүй хөнгөн оршихуй” нь хөнгөн хийгээд хүндийн тухай эргэцүүллээр эхэлдэг шиг “Инээд хийгээд мартахуйн тухай ном” ч мөн чанарынхаа түвшинд сэмхэн хоршиж, нэгдэн нийлэх хэр нь ээ өнгөн дээрээ салангид, бүр эсрэг мэт санагддаг олон зүйлийн талаарх эргэцүүллээр яс модоо зангидсан бүтээл. Бүлэг бүрд та эсрэг тэсрэгийн найрсал эсвэл түүнээс үүдэлтэй зөрчлийг олно. Тэгээд түүндээ амташна. 

“Инээд хийгээд мартахуйн тухай ном”-ын нэгдүгээр бүлэгт Здена Мирекийг “Сэхээтэн шиг хурьцлаа” хэмээн зэмлэх бол долоодугаар бүлэгт оюун санаагаараа ойлголцдог ч бие махбодоороо хоршиж чаддаггүй, тэгэх мөртөө юм л бол дуртай дургүй энгэр зөрүүлчихдэг Ян Эдвиж хоёрын байдлыг “Төрийн дууллаа сонссон хүн дуртай ч бай дургүй ч бай дагаж дуулдаг шиг” хэмээн зүйрлэнэ. Түсхийтэл инээд алдам хэр нь ээ часхийсэн онч дүрслэл. Хурьцлаас улс төрийн нөхцөл рүү энгүүнээр шилжих нэгэн сэжим. Сэхээтэн гэх үг сонсоход чимэгтэй боловч социалист орнуудад эцэстээ доромж утга агуулах болсон агаад яваа яваандаа хосуудын амьдралд хүртэл бүрхэг утгын сүүдрээ тусгаж эхэлсэн гэдгийг үүнээс илүү инээдэмтэйгээр яаж илэрхийлэх сэн билээ. Гэвч инээдийн цаадах гашуун нь бас илхэн хэвээр үлдэж байна. 

Энд бид нэгэн зүйлийг анзаарах хэрэгтэй юм. Нэгнээ огтхон ч ойлгодоггүй хэр нь үргэлж санал нэгддэг Эдвиж Яан хоёр. Хэн хэнийхээ яриаг сонсохгүй хэр нь ээ өөрийнхөө тухай завсар чөлөөгүй ярьсаар байх хүмүүс. Тэр хүмүүсийг чимээгүй чагнаж хүлцдэгээрээ хүн бүхнээс онцгойрсон Тамина гэх дүр. Уй гуниг, зовлон шаналал үргэлжид давтагдсаар эцэстээ инээд болж хувирах. Юмсын утга учир гээгдэж, инээд хүрч эхлэх… Хүн төрөлхтөн хоорондоо хэл нэвтрэлцэхээ байж, үй зайгүй зөвхөн өөрсдийнхөө тухай, өөрсдийн улс үндэстний үнэ цэнийг бодох болж, юмс хөл толгойгоо алдаж, утга учраа гээж эхэлсэн тэр үед дэлхийн түүхэн дэх хамгийн инээдэмтэй, бүр нулимсаа гартал инээгээд л баймаар тийм инээдэмтэй цаг хугацаа тохиолдсон. Нулимсаа гартал инээм. Тэр инээд нь үнэхээр чин үнэн хэдий ч  урсаж буй нулимс нь угтаа уй гунигийн шинжтэй юм. Тэр уй гашуу ч өөрөө үнэн мөн. Энэ бүх зөрүү ойлголцол угаас хүн хоорондын харилцан үл нэвтрэлцэх чанар, сайн муугийн тухай хэт энгийнчилсэн бодол сэтгэхүйгээс үүдэлтэй мэт. Товчхондоо Кундерагийн зохиолд гарах дүрүүд хэзээ ч хоорондоо бүрэн ойлголцож чадахгүй. Яг л Садгүрүгийн ном дээр гардаг сексийн тухай илэрхийлэл шиг. Нэг нэгнээ бүрэн ойлгож, хоорондоо бүрнээ нэвтрэлцэх хүслийн илрэл болсон бие махбодын үйл хэрэг. Мөн чанар, түүний цаана орших хүсэл нь мөнхийн боловч үйл хэрэг нь зуурдын чанартай. Хэзээ ч нэгэн бүхэл болж чадахгүй хоёр хэсэг нэгнээ үгүйлэх шиг хоржоонтой. Энэ нь өөрөө эмгэнэл бөгөөд бас инээдэмт мөн чанар болж таарлаа. Хамгийн зугаатай нь хүмүүний амьдралын, бас харилцааны энэ эсрэг тэсрэгийн нийцэл (бараг холион бантан ч гэмээр) өөрөө улс төрийн нөхцөлд ч хэрэгждэг юм. Энэ талаар цааш үргэлжлүүлье.

Хүний харилцааны мөн чанар ханхлах улс төрийн араншин

Хүнд гомдохоос илүү гол зурам гомдол хэдийд төрж болох вэ? Та улс орондоо голдоо ортол гомдож үзсэн үү? Эх орондоо үнэнч байх, эх орноо чин үнэн хайрлахыг нялх багаасаа сурч, үнэн сэтгэлээсээ хайрлаад амьдарч байтал эх орон нь тэр хүнээс нүүр буруулбал юу мэдрэх бол? “Инээд хийгээд мартахуйн тухай ном”-оос Кундераг салгах боломжгүй юм. Кундерагийн эх орондоо гомдсон сэтгэлийн хөндүүрийг ч мөн адил. Уншигч абугай уг номыг дэлгэвэл Алдуул захидлууд гэх нэртэй хоёр ч бүлэгтэй учрах бий.  Ижил нэртэй, огт өөр үйл явдалтай, эн тэнцүү хөндүүртэй нэгэн номын хоёр тусдаа бүлэг гэсэн үг. 

Нэгдүгээр бүлгийн гол дүр Мирек юм бүхнийг тэмдэглэн үлдээдэг зуршилтай нэгэн байв. Тэрээр яг л зохиолчтойгоо адил нэгэн үед намынхан дундаа мандаж, толгой цохиж явснаа эцэс сүүлдээ дайсан мэт нүд үзүүрлэгдэж, мөрдөгдөн мөшгөгдөж яваа нэгэн. Дахин хэлье. Яагаад гэвэл тэр бүхнийг тэмдэглэн үлдээдэг нэгэн бөгөөд энэхүү ном бол “Инээд хийгээд МАРТАХУЙН тухай” ном билээ л. Инээд хоржоонтой л доо. Гэхдээ МАРТАНА гэдэг бас л хоржоонтой. Ямар ч өвдөлт, ямар ч сайхан дурсамж байлаа гэсэн хүн тэмдэглэн үлдээж чадаагүй л бол цагийн эрхээр мартагдах нь үнэн. Хүний бас нэгэн хөгтэй мөн чанар тэр билээ. Хүн үхэн үхтлээ хамгийн хэрэггүйг тархиндаа цуглуулж, хамгийн хэрэгтэйгээ гээж байдаг. Улс төрчид, эрх мэдэлтнүүд, засаглагчид хүний энэ дутагдалтай чанар дээр хамгийн идэвхтэй тоглолт хийнэ ээ. Та бас би мэдрэмжээ, ой дурсамжаа салан баавгай шиг цаг ямагт гээдэг гэдгийг мэдэх тул эрх баригчид бидний өвдөлтийн тунг ямагт нэгэн жигд барьж байдаг. Өдий зэргийн өвдөлтийг хүн удалгүй мартчихна… Гэхдээ тэдэн дунд хэн нэгэн өөрсдөдөө тохиолдсон бүхнийг тэмдэглэж аваад байвал яах болж байна? Бусдадаа сануулчих юм биш үү? Тэгвэл түүнийг олж дарах хэрэгтэй. Тэгэхээр та ч бас мартсан байж юуны магад, би танд Мирекийг тэмдэглэн үлдээдэг нэгэн байсныг ахин сануулах гэсэн юм. Яг л номынхоо зохиолч шиг бүхнийг ажиглаж, тэмдэглэн авдаг учраас ад үзэгдэн хөөгдөж яваа хөөрхий. Кундера тухайн үеийн хувьсгалчдыг “Залуу настайгаа тэрсэлдсэн хүмүүс” гэсэн бий. Мирек тэдний л нэг учраас коммунист нам шиг нь үзлийн царай муутай ч үнэн сэтгэлээсээ хайртай явсан, гэхдээ тийм гэдгээ өөрөө хэнд ч хүлээн зөвшөөрч чаддаггүй Здена гэх бүсгүйтэй холбоотой байсныг гэрчлэх цор ганц баталгаа буюу бага залуугийн захидлуудаа үгүй хийхийг эрмэлзэнэ. 

За толгой эргээд эхэлсэн үү? Зүгээр дээ, би ахиад л сануулаад өгье. Товчхондоо Мирек бол Кундера, Здена нь харин нэгэн үе хайрлаж явсан коммунист нам нь. Мирек Зденад хайртай байснаа үгүйсгэвээс залуу насаа, залуу насныхаа мөн чанарыг үгүйсгэснээс өөрцгүй болно. Та бас л мартчихсан байж юуны магад, би дахин сануулахыг болгооно уу. Урьд хэлсэнчлэн Кундера тухайн үеийн хувьсгалчдыг залуу настайгаа тэрсэлдэгчид гэсэн шүү дээ. 

Милан Кундера 19-хөн насандаа коммунист намд элсэж, хоёр ч удаа намаасаа хөөгдсөн байдаг. Эхнийх нь арай хөнгөн байсан бол 1970 онд намаас хөөгдөхдөө ажлаа алдан, хамаг бүтээлээ хураалгасан. 1975 онд эх орноосоо дүрвэн гараад тэр цагаас хойш Францын иргэншилтэй болж насан өндөр болтлоо тэр хэвээр амьдарсан билээ. 

Хүн эх орноосоо урвах энгийн хэрэг, харин эх орон чинь танаас нүүр буруулбал танд ямар санагдах бол? Эвий Кундера минь үнэндээ голдоо ортлоо гомдож явсныг та магад Таминагаас олж мэдрэх биз ээ. 

 

Зохиол маш олон дүртэй, бүлэг бүхэнд өөр дүр хөтлөх хэдий ч уг романд нэг гол дүр бий. Тэр нь Тамина. Түүний эгэл амьдралыг үзүүлэх нэгэн бүлэг, эгэлгүй жигтэй дотоод орчлыг нь харуулах гэсэн бас нэгэн бүлэг байх буюу огт өөр хоёр уур амьсгал, дүрслэлийн арга барилтай бүлгийг дамнан орж ирсэн ганц дүр нь Тамина гэсэн үг. Таминагийн амьдрал Алдуул захидлууд гэх нэртэй хоёр дахь бүлэгт гарч эхэлнэ. Мирекээс ялгаатай нь захидлуудаа үгүй хийхийг хүссэнгүй, харин ч нөхөртэйгөө өнгөрөөсөн дурсамж бүхнээ нэхэн санахын төлөө захиа бүрээ олж авах хамаг л аргаа сүвэгчилнэ. Тамина орчлонгоос олигтой юу ч хүсдэггүй мөрөөрөө эмэгтэй юм шүү дээ. Гэхдээ түүнд яаж ч тэвчиж чадахааргүй ганцхан хүсэл байсан нь захидлаа олж авах. 

Тамина бол ядруухан зөөгчийн ажил хийдэг хэр нь ээ хадам ээжийгээ гомдоохгүйн тулд асар өндөр төлбөртэй утасны дуудлагаа тасалж зүрхэлдэггүй эмэгтэй. Өөрийнхөө тухай ярихаас илүү сайхныг мэдэхгүй хүмүүсээр хүрээлүүлж, өдөржин тэдний дэмий чалчихыг сонсох боловч өөдөөс нь ам уралдаж ярихыг хэзээ ч оролдож байсангүй. Өөрийнхөө тухай ярих туйлын хүслийг нь дээд зэргээр хүндэлж чаддаг Таминад хүн бүр нугасгүй дуртай. Ингэхэд Тамина яг нүднийх нь өмнө нь өрнөж буй тэрхүү уйтгарт яриаг яагаад эгдүүцэж эсэргүүцдэггүй хэрэг вэ? Учир нь тэр өнгөрсөндөө гацчихсан хүн. Тухайлбал хамтдаа эх орноосоо дайжиж гарсныхаа дараахан нас барсан нөхөртэйгөө өнгөрөөсөн дурсамждаа гацсан гэсэн үг. Эхлээд тэр дурсамж дотроо амар жимэр аж төрж байжээ. Өөртөө тун аятай тухтай орчин бүрдүүлээд хаашаа ч хөдлөлгүй, хажууд нь хэнбугай нь ч өөрийнхөө тухай чалчихыг ойшоосон ч шинжгүй оршиж байлаа. Гэтэл тэрхүү тухтай орчин нь захаасаа сэмрэн алга болж эхлэв. Дурсамж гэгч угаас хэврэг шинжтэй учраас энд тэндээсээ ноорч, Тамина чадах ядахаараа сэргээн засварлах гэж хичээвч үл хүчирнэ. Тиймээс л эх орноосоо дайжин гарахдаа хуучин шургуулгадаа цоожилж үлдээсэн захидлууд нь хэрэг болжээ. Захидлаа хүнд дайж авч ирнэ гэдэг үнэхээр амаргүй нь дээр хэдий тухайн үед эх оронд нь энх тунх байдал тогтсон ч өөрөө эргэж очиж үл зүрхэлнэ. “Учир нь тэндхийн бүх хүн талийгаач нөхрөөс нь урвасан билээ. Эргэж очоод тэдний дунд амьдарвал өөрөө ч ялгаагүй урвагч болно гэж тэр боджээ…” (Инээд хийгээд мартахуйн тухай ном 97-р тал)  

Уншигч таны тав тухыг алдуулж буйг өршөөнө буй за. Ахин нэгэн удаа сануулах нь: Энд бид Кундерагийн эх орондоо гомдсон байж мэдэх нэлээд олон сэжим зохиолд нь илэрсэн тухай ярьж байгаа шүү дээ. Эх орон гэдэг нандигнан хайрлаж байсан маш олон хүний нэгдэл. Хайрлаж, итгэж байсан бүх хүн таныг намаасаа хөөгдөхтэй зэрэг л (Ердөө л нам шүү дээ. Лийр биш, ертөнцийн мөн чанар биш, агаар биш, амьдрал бүр ч биш, ердөө л хүн төрөлхтний бүтээсэн бас нэгэн үзлийн муухай халхавч, түүний ард нуугдах ойлголт, ойлголтын нөмөрт нуугдах энгийн нэгэн мунхаглал)  танаас нүүр буруулж, харц тулгарахгүй, хариу хэлэхгүй, хамгийн муухай нь аргадахгүй. Үнээн, тэд хэзээ ч аргадахгүй. Цагаатгах, гэм буруугүй байжээ гэж хэдэн арван жилийн дараа тунхаглах, Чехийн хамгийн агуу зохиолч байжээ гэж сүржигнэх энэ бүхий л гомдлын дэргэд юу ч биш байсан болов уу. Тэгэхээр аргадах боломжгүй гомдлын мөр энэхүү зохиолд хэрээстэй ажээ. 

Кундера ердөө л нийгмийн эргэлт, улс төрийн бүхий л асуудлаас илүүтэй тэдгээр үймээнт цаг үед амьтай голтой хүн бүрийн дотор дүрэлзэн асдаг амьд мэнд үлдэх хүслээс л хамгийн их айсан шиг. 

Эцэст нь: Танк бол түр зуурынх, лийр бол үүрдийнх

Эхлэл рүүгээ буцах нь… Хүн төрөлхтөн олон мянганы турш дэвшилтэт, аугаа их санааг үйлдвэрлэж иржээ. Тэрхүү олон гүн ухаан, үзэл санаа, систем, механизм гэвч хүний амьдралын нарийн төвөгтэй чанар, тэр чанарыг бэхжүүлэгч хамгийн гүн хэлхээ буюу  харилцааны асуудлын дэргэд хүүхдийн тоглоом шиг энгийн байдаг. Зохиол олон салангид хэсгээс бүрдэх боловч түүнийг нэгэн санаанд зангид гэвэл ердөө энэ билээ. Танк бол түр зуурынх, лийр бол үүрдийнх… Ээж хэмээх хоёрдугаар бүлэгт эх орон руу нь оросууд танктай дайран орж ирэхэд хурааж чадаагүй лийртээ харамсаж суугаа нэгэн ээж гарна. Хүү нь түүнийг зэмлэхэд ээж “Танк бол түр зуурынх, лийр бол үүрдийнх” гэж хариулдаг. Лийр өөрөө амьдралын мөн чанарын бэлгэ тэмдэг. Лийр ургадгаараа ургаж, эмгэн ургацаа хураадгаараа хураана. Лийр бол жир амьдрал, жир амьдралын жирийн хэсэг. Жирийн амьдралын жирийн нэгэн үйлийн дэргэд түрэмгийлэх, булаан эзлэх, тэрсэлдэх, дайтах бүхий л үйл өөрөө балчир хүүхэд шиг жаахан, дүрэлзээд унтрах зуурдын шинжтэй юм. Учир нь ямар ч эгдүүцэл, дайн тулаан, үзэн ядалтад мөнхийн шинж байдаггүй. Харин лийр үүрдийнх. 

Энэ номд ямар нэг сургамжит санаа байгаа гэвэл тэр нь энэ бололтой. Хүний мөн чанар, байгалийн мөн чанар өөрөө үүрдийнх. Гэтэл түүний эсрэг улс төр, нийгмийн зохиомол бөгөөд зуурдын шинжтэй зовлон тэрсэлдэж, тэр дундаас инээдэм үүсэж байна. Мартана гэдэг мөн л жам ёс. Гэтэл нийгмийн ороо бусгаа чанар биднээс мартахгүй байхыг шаардана. Үр дүн нь мөн л инээдэм…. 



Ө.Сумъяа
Усны гудамж сайтын эрхлэгч
Танк бол түр зуурынх, лийр бол үүрдийнх

Монголын утга зохиолын салбарын энэ оны хамгийн халуухан бүтээлийн нэгд зүй ёсоор багтах Чехийн суут зохиолч Милан Кундерагийн  "Инээд хийгээд…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

@Katen on Instagram
[instagram-feed feed=1]