
Оюун ухаант хүн төрөлхтний эрх чөлөө нь ухаандаа л билээ. Гэвч эрдэнэ мэт эрх чөлөөгөө өөрөө галдан үгүй хийхийн учир вэ? Усны гудамж сайтад ахин нэгэн томоохон сэтгэгчийн бүтээлийн тухай шинжлэл нийтлэгдлээ. Болгооно уу.
ШАТААГДСАН ЭРХ ЧӨЛӨӨ
XX зууны Америкийн хамгийн нөлөө бүхий, алдар хүндтэй зохиолчдын нэг болох Рей Бредбёри нь 1920 оны 08-р сарын 22-ны өдөр Иллинойс мужид мэндэлжээ. Тэрбээр 1947 онд “Харанхуйн багт наадам” хэмээх аймшгийн өгүүллэгийн түүврээрээ уран бүтээлийн гараагаа эхэлж, амьдралынхаа туршид нийтдээ 30 гаруй ном, 600 гаруй богино өгүүллэг туурвижээ. Бредбёри нийгэм цаг үеэ болоод технологийн хэт хөгжил, үүний сөрөг үр дагаврыг шүүмжилж сэрэмжлүүлсэн бүтээлүүдээрээ уран зохиолын ертөнцөд нэрээ мөнхөлсөн билээ.
“Фаренхайтын 451 хэм” роман нь түүнийг дэлхий дахинд алдаршуулсан бөгөөд энэхүү номын мэндэлсэн түүх зохиолчийн хувийн амьдралтай салшгүй холбоотой. Багаасаа л уран зохиолд ухаангүй дурлаж, найман настайгаасаа л номын сантай амьдралаа холбосон Рей Бредбёри тухайн үед Америк даяар нүүрлэж байсан Их хямралын улмаас дээд боловсрол эзэмшиж чадаагүй аж. Гэвч тэрбээр бууж өгөлгүй, хайртай номын сангаа өөрийнхөө “их сургууль” болгон хувиргасан түүхтэй. Бредбёри “Би их сургуульд орж чадаагүй учраас долоо хоногт гурван удаа номын санд очиж суудаг байсан. Энэ маань арван жил үргэлжилсэн шүү” хэмээсэн байдаг.
Номд ингэтлээ хайртай Бредбёригийн чихийг ном шатаасан тухай мэдээ дэлссэн нь энэ романых нь үүдэл болжээ. Тэрбээр “Би Гитлерийг Берлиний гудамд ном шатаасныг дуулаад яасан их цухалдсан гээч. Тухайн үед би дөнгөж арван тавтай, номын санг үнэнхүү шүтэн биширдэг хөвгүүн байлаа. Гитлер чингэснээрээ намайг ч гэсэн давхар шатаачих шиг л болсон… Би яагаад Фаренхайтыг бичих болсон бэ гэж үү? Би чинь номын санд үнэнхүү хайртай хүн шүү дээ. Тэгээд бас миний бичих бүтээл ирээдүйд хүмүүст таалагдахгүй, шатаагдах аюул нүүрлэх болохыг ч ухаарсан юм. Тиймээс үүнийг бичих нь ерөөсөө л жам ёсны хэрэг байсан гэх үү дээ” хэмээсэн байдаг.
Бредбёригийн энэ их нөр гавьяаг үнэлж, 2007 онд “Шинжлэх ухааны уран зөгнөлт болоод уран сэтгэмжит зохиолын салбарт эгнэшгүй их хувь нэмэр оруулсных нь төлөө” Пулитцерийн шагнал олгожээ.
Шатаах бол таашаал юм
Номын тэргүүн өгүүлбэр ийм. Үүнээс “Юу шатаах вэ?” гэх асуулт эрхгүй ургана. Сонирхолтой нь, Рэй Брэдбёригийн “Фаренхайтын 451 хэм” зохиолд ном шатаах тухай өгүүлэх юм. Эл зохиолын ертөнцөд ном унших, тэр бүү хэл гэртээ хадгалах нь нийгэмд заналхийлсэн гэмт үйлдэлд тооцогдоно. Романд өгүүлэх алс эсвээс ойрын ирээдүйн Америк оронд айл бүр галын тэнгэр гэрийг залгихаас сэргийлсэн төгс системтэй болсон учир өмнө нь галыг унтраадаг байсан галын алба дуут дохиогоо хангинуулан айл гэрүүдийг, тэр дундаа нийгэмд тэрсүүдэд тооцогдох болсон ном судар агуулсан өрхийг үнсэн товрог болтол түймэрдэх аж.
Энэхүү албанд үнэнчээр зүтгэгч, галын албаны ажилтан Гаи Монтэг бөгөөс манай романы гол дүр. Тэрбээр ханцуйн дээрээ галын албыг бэлгэдэх саламандрын хатгамал, энгэр дээрээ галт шувууны тэмдэг бүхий дүрэмт хувцас өмсөнө. Гуч эргэм насны, гэр бүл зохиосон сайх эр ном судар, хүн төрөлхтний мэдлэгийг хуйхлан үнсэлж байхдаа эргэлзэж байсан удаагүй. Ер нь аливаад эргэлзэж болдог ч гэж мэдэхгүй Монтэг нийгэмд хүндтэйд тооцогдох энэ албаа дүрэм журмын дагуу, ёсчлон биелүүлсээр аж төрнө. Бүх зүйл эмх цэгцтэй, ёс журмын дагуу учраас Гаи Монтэг амьдралдаа сэтгэл хангалуун, тэнүүн жаргалтай. Өөрийнх нь хувьд шүү дээ. Амьдралыг нь өөрчлөх санаандгүй тэр учрал хүртэл тэр ийн бодож явна.
Нэгэн өдөр Гаи Монтэг ном шатаах албаа торох юмгүй гүйцэтгэчхээд, гэртээ харьж явахдаа Кларисса Маклеллан гэх арван долоон настай охинтой танилцдаг. Охины асуусан асуулт Гаи Монтэгийн амьдралын эргэлтийн цэг болно.
Та аз жаргалтай хүн үү?
Кларисса ингэж асуучхаад, хариугаа сонсож түвдэлгүй сарны гэрэлд гүйн оддог. Харин Монтэгийг өнөө асуулт ээрч холгосоор үлдэнэ. Нээрэн тэр аз жаргалтай хүн мөн үү? Өдийг хүртэл тэр бүх зүйл болж бүтэж, сайхан байгаа л гэж итгэж ирсэн. Гэтэл нэг л… Монтэг гэртээ харьж, таг харанхуй өрөөндөө хэсэгтээ бодлогошрон сууна. Бодоод л, бодоод л. Тэгээд эцэстээ өдий хүртэл аз жаргалтай гэж итгэж ирсэн амьдрал нь яг үнэндээ огтоос “аз жаргалгүй”, бүр хиймэл болохыг ухаардаг: “Тэр аз жаргалыг яг л баг адил өмсөөд явж байтал охин түүнийг хуу татан аваад зүлгэн дээгүүр гүйн оджээ.” (Брэдбёри, 2020: 22) Монтэг аз жаргалгүйгээ ухаараад зогсохгүй өнөөдрийг хүртэл сохроор зүтгэж, хамгаалж ирсэн тогтолцоондоо эргэлзэж эхэлдэг. Өчүүхэн эргэлзээ эгээ л түймэр мэт томрон томорсоор, үйлтэй нэгэн асуулт үргэлжид зовоох болно. “Яагаад?” Ер нь яагаад ном шатаах болсон юм бол? Нээгээд үзвэл дотор нь юу байгаа бол?
Гаи Монтэг ажилдаа, ерөөс амьдралдаа эргэлзэж болдог гэдгийг ч мэдэхгүй тийм нягт тогтолцооны нэгэн эрэг шураг байжээ. Гэтэл санаандгүй эл асуултаас бүх зүйл орвонгоороо өөрчлөгдөх нь тэр. Юуны тулд энэ ертөнцөд номыг хориглох болов?
“Манай ажил нарийн шүү. Даваа гарагт Дикинсоныг, мягмарт Мэлвиллийг, пүрэвт Фолкнерийг гэхчлэн шатаана. Үнс болтол нь шатаагаад, үнсээ дахиад шатаана. Ийм л албан ёсны уриа байдаг юм.” (Брэдбёри, 2020: 16)
Ном шатаах хийгээд мэдэхээс татгалзах нь: Аз жаргалтай нийгмийн цогцлоох хүслэн
Рэй Брэдбёригийн хүүрнэх ирээдүйн нийгэмд яагаад ном шатаах болов? Гаи Монтэгийн ахмад Биттитэй хөөрөлдсөн харилцан ярианаас энэ асуултын хариултын зах сэжүүр гарч ирдэг. Ном шатаах болсон нь эн тэргүүнд энэ ертөнцөд хувь хүний ялгаатай байдлыг нийгэмд халгаатай, нэгэнт тогтчихсон амар амгаланг сүйдлэх зүйл гэж үздэг болсонтой холбоотой. Учир нь тэднийхээр бол ялгаатай байдалд л хамаг хорон муухай, зөрчил тэмцлийн үндэс хаваатай байдаг санж.
Иймд ялгаатай байхаа больж, бүгдээрээ хоорондоо эрх тэгш болчихвол ямар ч зөрчилгүй, аз жаргалтай нийгэм тогтоно гэж үзэж л дээ. Эрх тэгш болно гэдэг нь бүгдээрээ ижил бодол санаатай, ижил мэдлэгтэй, асуудалд хандах нэг тал өнцөг, үзэл баримтлалтай байхыг хэлнэ. Үүнд саад болж, мөнөөх гайтай “ялгаатай байдал”, үүний цаана буй шүүмжлэлт сэтгэлгээг хөгжүүлдэг зүйл нь биднийг бие даан сэтгэж, өөрөөр тунгаахад хүргэдэг “ном” байж таарчээ. Аз жаргалтай, эрх тэгш нийгмийн цогцлоох гэхүйд хүн төрөлхтөнд “ном” л саад болоод байж. Иймээс л номыг хориглож, шатаах болжээ.
Иймийн учир ном бол хөршийнд байгаа цэнэгтэй буунаас ялгаагүй зүйл болон хувирчээ. Түүнийг шатааж, бууны цэнэгийг хариулах хэрэгтэй. Тэр буугаар буудна гээд төсөөлөөд үз дээ. Чиний тархи толгойд элдэв санаа сум шиг л тусна. Ном их уншсан хүн хэнийг онилохыг хэн мэдэх вэ? (Брэдбёри, 2020: 96).
Гол учир нь ердөө энэ. Хэрэв хэн нэгэн нь ялгаатай бодож сэтгэн, олон ургалч үзлээр асуудалд хандаж эхэлбэл энэхүү “аз жаргалтай” нийгэмд тун чиг халгаатай. Энэ утгаараа галын албаныхан бөгөөс Биттигийн хэлснээр “Аз жаргал бүтээгч залуус”, “Цэнгэл жаргалыг хамгаалагчид”. Гэхдээ зорилго нь хэрэгслээ цагаатгахгүй. Ер нугдайлгаж жаргаснаас, зогсоож зовоо гэдэггүй сэн билүү.
ШАЛТГААН
Гэхдээ энэ ертөнцөд номыг “аюултай” гэж үзээд шатаахад хүргэсэн хүчин зүйлс нь ямар нэг эрх мэдэл бүхий бүлэг, ашиг сонирхлын зөрчил биш харин хүмүүс өөрсдөө ном буюу “мэдлэг”-ээс татгалзсаны үр дүн байдаг. Эрэлт байхгүй бол нийлүүлэлт яаж ч байх билээ. Энэ ертөнцөд “ном” хэрэггүй учраас аажим аажмаар шахагдсаар, улмаар цээртэйд тооцогдох болжээ.
Битти ном шатаах болсон түүхийн талаар ярьж байхдаа “Засаг төр үүнд оролцож сүйд болсон явдал үгүй. Ямар ч тунхаг, мэдэгдэл, тушаал, заавар, хяналт, шалгалтгүйгээр эхэлсэн үйл явц. Бурханы авралаар технологи, олон нийтийн бие биедээ үзүүлэх нөлөө, цөөнхийн бүлгийн дарамт шахалт л үүнийг бүтээчихсэн байгаа юм” (Брэдбёри, 2020: 95) хэмээдгээс харж болно.
Гэхдээ шууд ном эрэлтээс гарсан уу гэвэл үгүй. Эхлээд ном нимгэрч, хураангуйлагджээ. Зохиолд ийн гардаг: “Хорьдугаар зуунд нягтрал явагдаж, номууд нимгэн болж, хамаг юм хурдасжээ. Хураангуй товчлол, жижиг сонинцорууд дэлгэрч, юм бүхэн хошин марзан шоглолоор дүүрч, бүгдэд таалагдахуйц тас хийсэн сайхан төгсгөлөөр төгсдөг болжээ.” (Брэдбёри, 2020: 89)
Дараа нь сонгодог зохиолуудыг 15 минутын радио нэвтрүүлэг болгож, толь бичгийг арван хоёр мөрт багтааж, түүх, гүн ухаан, хэлний судлал хэнд ч хэрэгцээгүйд тооцогдох болсон тул устаж мөхсөн гэж гардаг. Өнөөгийн энэ цаг үе үүнтэй бараг л агаар нэг болж байгаа гээд хэлчихэд хилсдэхгүй. Зузаан номтой зуун жил зууралдаж, нэг кино үзэх гэж бүтэн оройг барж байснаас товчлолыг нь сонсоод хураангуйг нь уншчихвал толгойд амар, цагт ч хэмнэлттэй. Гэхдээ нөгөөтээгүүр, энэ нь биднийг шүүмжлэлт сэтгэлгээг давхар мохоож байдаг ажээ.
451-ийн ертөнцөд ийнхүү хүмүүс бага багаар сэтгэн бодох чадвараа алдсаар, эцэстээ сэтгэн бодох ч хэрэггүй болсон аж. Энэ ертөнцөд хүмүүс “өөрсдөө” сэтгэн бодохоос татгалзжээ. Учир нь “өөр” байх юм бол хүмүүс дургүйцнэ. Хүмүүсийн дургүйцлийг хүргэж болохгүй. Тиймээс:
“Өнгөт арьстнуудад “Жижигхэн хар Самбо хүү” таалагддаггүй. Шатаа! Цагаан хүмүүст “Том авгын овоохой” аятайхан санагддаггүй. Шатаа түүнийг. Хэн нэгэн тамхи болон уушгины хавдрын тухай ном бичжээ. Тамхичид гасалцгааж байна. Шатаа тэр номыг.” (Брэдбёри, 2020: 98)
Эндээс ахин нэг асуулт урган гарч байна. Ер ном болон аливааг шүүн тунгаах оюуны үйл ажиллагаа, олон ургалч үзэл хоорондоо яг ямар холбоотой юм бол? Үүнийг номоос өөр зүйлээс олж авч болдоггүй юм уу? Ер нь бид ном, түүнд агуулагдаж буй хэл болон дүрс тэмдэгтээр илрэх алив тогтолцооноос ямар төрлийн мэдлэг олж авдаг юм бол?
Ялгаатай төрөл зүйлийн, харилцан адилгүй бичвэрийг уншихад түүнээс уншигчийн авах мэдлэг, хүртэн хүлээж авах сэтгэгдэл, мэдрэмж ялгаатай байх нь мэдээжийн хэрэг. Төрсөн нутгийн тухай яруу найраг уншихад уянгын би баатрын тухайн агшны дотоод урсгал, төрсөн нутгаа үгүйлэн санах, дурсан хайрлах мэдрэмжийг танин барих боломжтой. Нөгөөтээгүүр, хүлээн авагч-уншигчийн талаас ажвал төрсөн нутгийн тухай уг шүлгийг уншсан говийн хүн элсэн манхан, ингэ ботгоо, хангайн хүн араараа модтой сарьдаг уулсаа бодон сэтгэж болно. Яруу найрагч илтээр өөрийн гэрээ тоочоогүй л бол шүлэгчийн нутгийг уншигч дүрслэн санах нь төдий арвин биш. Ийн харвал, алив бичвэр зохиолчоос үүсэл гаралтай боловч уншигчаар дамжин дахин бүтээгдэх, уншигчийн сэтгэгдэл мэдрэмж, туршлага, мэдлэг болон оюун сэтгэхүйгээр дамжин төрөх бүтээлч үйлдлийн үр дүн юм. Эл санааг францын философич Р.Барт “Зохиогчийн үхэл” эсээндээ анхлан дэвшүүлсэн билээ.
Тэгэхээр энэ романд тэгш эрх гэх ойлголтыг бүгдийг ижил тэгш сэтгэн “бодуулах” хэмээн гүтгэн, ном шатаан, уншихуйг хаан боогдуулж буйгаас үзвэл унших үйлдлээр дамжин төрөх ялгаатай хүртэн хүлээн авах оюуны үйл, уншигчийн бүтээлч үйлээр төрөх нэг бүтээлийн ялгаатай хувилбарыг хорих нь аливааг бодож сэтгэхэд саад болж, дарангуйллыг тогтооход чухал хөшүүргэ болох аж. Р.Барт зохиогчийг үхүүлж, уншигчид бичвэрийг өөрийнхөө тайлах эрх чөлөөг олгосон бол энэ ертөнцөд уншигч үгүй болсон учраас засаг төрд ном шатаах эрх чөлөө бий болжээ.
Харин Монтэг өдий хүртэл сохроор шатааж ирсэн номоо нууцаар уншсанаар “эрх чөлөө”-г эрэлхийлж, өдийг хүртэл үнэнчээр дагаж асан үхширсэн тогтолцооноосоо ангижрах хүслэнгийн үндэс тавигдаж байна.
Ерөөс энэ зүйл шинэ тутам биш. Бидний туулсан өмнөх нийгэм журамд ч зохиол бүтээлийг намын сурталтай тулган тайлбарлаж, цээжлүүлэн хүлээлгэх нь тухайн суртлыг батжуулах нэгэн арга байсан билээ. Нөгөө талаас уран зохиолын бүтээл ертөнцийг мэдэрч, хүлээн авч, уран зохиолын хэлээр илэрхийлсэн мэдлэгийг дамжуулдаг. Энд нэрлэж буй мэдлэг нь тодорхой зорилгод чиглэн, явцуу хүрээнд ашиглах арга зүйн дагуу олж авдаг байгаль болон нийгмийн шинжлэх ухаан, хүмүүнлэгийн ухааны салбарын эрдэм судлалын мэдлэгээс ялгаатай.
Уран зохиолын бүтээлээс бид бусадтай хамтран амьдрах оршихуйн мэдлэг, асуудлыг ялгаатай талаас ойлгон хүлээж авах чадвар болон тухайн нөхцөлд, тухайн дүрийн оронд байсан бол хэрхэх вэ гэх сэтгэл хөдлөлийн чадамжид суурилсан шүүмжлэлт сэтгэлгээнд суралцдаг. Нэг үгээр бол уран зохиол туршин мэдэж, хатуу хэлбэр, математик хэлд захируулан илэрхийлэхгүй ч дүр, баатрын харилцаа, тодорхой цаг, орны тохироонд болж буй хүний оршихуйн асуудлыг хөндөж, уншигч бээр оронд нь “би” байсан бол яах вэ гэх шүүн тунгаах олон хариулттай асуултад урьдаг аж.
Ном шатааж буй нь ч ийм учиртай. “Фаренхайтын 451 хэм” романы ирээдүйн нийгэмд ижил бус ялгаатай үзэл бодол, мэдлэгээс хүмүүсийг холдуулахын тулд номыг хорин шатааж буй. Унших үйл нь дан ганц мэдэх эрх ч бус, аливааг шүүн тунгааж, шийдвэр гаргах оюун санааны чөлөөт байдалтай холбоотой байдгийг сануулсан нь энэ номын нэгэн ач гэлтэй.
Анхаараарай! Яагаад дистопи зохиолыг бодит болохоос нь өмнө унших ёстой вэ?
Дистопи зохиол нь төгс сайхан ертөнцийг дүрсэлдэг “утопи”-ийн эсрэг, харанхуй, итгэж найдахад хэцүү, бэрх ирээдүйн тухай өгүүлдэг. 1516 онд Томас Моор “Утопи” хэмээх зохиол бичсэнээс хойш үй олон зохиолч дарангуй засаг (коммунист, фашист гэх мэт), ядуурал, тамлал, олонхын дарангуйлал, үзэл бодлын хяналт зэрэг өргөн хүрээтэй үй олон сэдвээр дистопи зохиол бичсэн.
Гэхдээ эдгээр зохиолчид юуны төлөө бичив? Авьяас билиг нь хатгаж адгаад, ер тайван суулгахгүй учир хүн төрөлхтний хар бараан, хүнд хэцүү ирээдүйн тухай туурвин бичнэ гэхэд төвөгтэй. Аливааг сануулах хийгээд уриалах нь уран зохиолын үүрэг биш ч энд дурдах дистопи зохиол, романыг бичсэн зохиолчид уншигчдадаа аливааг сануулан хэлэх үүднээс эдгээр зохиолыг бичсэн биз ээ. Сануулахыг хүссэн үг нь гарцаагүй түрүүнээс хойш ахин дахин яриад буй “ЭРХ ЧӨЛӨӨ” гэдэг нь лавтай.
Эл хэсэгт Жорж Оруэллийн “1984”, Олдос Хакслийн “Гайхамшигт шинэ ертөнц” болон Рэй Брэдбёригийн “Фаренхайтын 451 хэм” гурван зохиолд дөрөөлөн, дөтлөн ирж болох цөвүүн цагийг зохиолчид хэрхэн харж байсныг харьцуулан шинжлэх юм.
Эл зохиолуудад “технологи”-ийг хүний оршихуй, эрх чөлөө болон хүч, эрх мэдэлтэй холбон авч үзсэн нь нийтлэг. “1984” романд хүний алхам бүрийг хянах, бие, хэл бүр сэтгэлийн олон янз үйлдлийг тандан байцаах теле-дэлгэцийн тухай өгүүлдэг. Харин “Гайхамшигт шинэ ертөнц” зохиолд нийгмийг тогтвортой байлгах үүднээс тухайлсан нэг анги, давхаргад нийцсэн бие махбод болон оюуны чадвартай хүнийг бүтээх асуудлыг хөнддөг. Альфа нар нийгмийг удирдахад зориулан бүтээгдсэн бол дельта нар дээших бусад давхаргадаа үйлчлэх юм. “Фаренхайтын 451 хэм” романд технологийн дэвшил болох телевиз, чихэвч, түүгээр дамжин хүрэх тасралтгүй үзвэр нь хүний тунгаах бодох үйлдлийг хорьж байдаг.
Дистопи зохиолуудад тодоор өгүүлэх нэгэн санаа бол хүч, эрх мэдлийг хэрэгжүүлэх хэлбэр юм. Нэгэн талаас нийгмийг залуурдаж буй хүч бүхий бүлэг юуг гол арга болгон эрх мэдлээ хэрэгжүүлж буйг, нөгөө талаас нийгмийн нэгж хэсэг болсон хүнийг хэрхэн тогтолцооны эрэг шураг болгон дарлаж буйг харж болно. “1984” зохиолд айдаст тулгуурлан хүнийг боолчилдог. Нийгэмд тэрсэлсэн үзэл бодолтой байх, үйлдэл хийх нь 101 дүгээр өрөөн дэх аймшигт айдаст эмчилгээнд хүргэдэг. Айдас, хүчирхийлэл, төрөөс иргэд рүү чиглэсэн босоо чиглэлт хяналт нь нийгмийг тогтоон барих, эрх мэдлийг хэрэгжүүлэх гол хэлбэр болдог. Эл босоо чиглэлт хяналт, зохион байгуулалтын системийг “Гайхамшигт шинэ ертөнц” зохиолд мөн дүрслэн өгүүлдэг ч хүчийг хэрэгжүүлэх гол арга нь таашаал байдаг. Өвдөлт, сэтгэл гутрал, хувь хүнд тээр саадтай бүхнийг “сома” гэх мансууруулах бодисоор даран, зовлонтой байх хориотой нийгмийг бүтээн, эрх мэдлээ хэрэгжүүлнэ. Жаргаж байгаагаа ч, зовж байгаагаа ч ухаарахгүй хүмүүст юуг ч тулган хүлээлгэж болох шиг. Хүч, эрх мэдлийг хэрэгжүүлэхдээ ангидах болон тасархайтахын хоёр хязгаарт байх айдас хийгээд таашаалын аль алиныг ашиглаж болохыг эдгээр зохиолоос харж болно. Гэхдээ ер юу вэ гэдгийг нь ухамсарлахгүй бол аль аль нь л адил зүйл шиг ээ.
Өмнө нь дурдсанчлан, эл хоёр зохиолоос ялгаатай нь “Фаренхайтын 451 хэм” романд дээрээс доош, эрх мэдэлтнээс энгийн ардад тулсан, шатлан үелсэн хүчний босоо тогтолцоог бус хүн хооронд, хүмүүс дунд байх хүчний хэвтээ чигт тогтолцоог өгүүлдэг. Ном уншихыг нүгэл, номыг бузар цээртэй зүйл хэмээн үзэж буй иргэд, тухайн цээртэй зүйлийг уншигч хүмүүсийг хянан мэдэгдэж, эсвээс цээрлэн зай барьж байдаг. Магад эл хэрэг явдлын хэлхээсээр ном уншихаа байж, богино мэдээлэл, дэлгэцийн ертөнцөд хэт автсан хүмүүс аливааг тунгаан боддог хэсгээ ялгаварлан гадуурхаж, эрх мэдэл бүхий хэсгийн ямар ч шийдвэр, үйлдлийг шууд л хүлээж авахыг сануулан дохиолсон биз.
Давтан дурдсан дараагийн нэг зүйл бол “хот” хийгээд түүнээс татгалзаж буй байдал юм. Магад ирээдүйн нийгэм, үйлдвэржилт, технологийн хөгжил хүнийг байгалиас холдуулах нь нэгэн том асуудал болохыг онцолжээ. Иргэншил бол галзуурал, төвлөрсөн эрх мэдлийн биежсэн хэлбэр болохыг “Гайхамшигт шинэ ертөнц”, “Фаренхайтын 451 хэм” романд тод дүрсэлсэн. Олдос Хакслийн “Гайхамшигт шинэ ертөнц” зохиолын өрнөл хэсэгт гол дүр болох Бернард, Ленина хоёр алс ирээдүйн өндөр хөгжилт Лондон хотоос зэрлэгүүдийн нутаг болох Нью Мексикод очдог. Гэвч тэрхүү баларлаг соёлгүй ертөнцөөс хавьгүй эрүүл ухаантай, Шекспирийг уншиж ухаарсан зэрлэг хэмээгдэх Жоныг олох нь тэр. Мөн Рэй Брэдбёригийн “Фаренхайтын 451 хэм” романд ном унших танин мэдэхүйн цэнгэл таашаалыг амсан ухаарсан Гаи Монтаг гол даган гүйж, хотоос дутаан, хөдөө тосгонд нуугдан амьдрах хүмүүсийн дунд очдог. Эл хүмүүс хуучирч ул болсон цагийн эрдэмтэд, аль сэхээлэг хэсгийнхэн байх агаад алив номыг цээжлэн уламжлуулах болсон байдаг. Магад хүн, техник, барилгын бөөгнөрөл болсон хотод эрүүл саруул ухаан, аливааг тунгаан бодох зай завсар үгүй нь романд ийн дүрслэгджээ.
Зохиолчид дистопи ертөнц, цаг болон орны тохироог ашиглан, хүний сэтгэл зүрхний гүнд буй эмзэглэлийг сөхөн нээж, ямар нэгэн зүйлд хэтийдүүлэн эрх мэдэл, хүчийг өгч, хяналтгүй орхивол бол юу болдгийг харуулахаар, сануулахаар бичжээ.
Энэ бүхнийг бодит болгохоос сэргийлэх аргыг та бүхэн хэлүүлэлгүй мэдэж байгаа биз ээ.
-
Усны гудамж
- 07/06/2026
ШАТААГДСАН ЭРХ ЧӨЛӨӨ
Б.Чандмань Орчуулагч И.Даваадорж МУИС-ийн Утга зохиол, урлаг судлалын тэнхимийн багш Оюун ухаант хүн төрөлхтний эрх чөлөө нь ухаандаа л билээ.…
Альбер Камю: Абсурдтай нүүр тулах эр зориг
- 06/24/2026
Анхны романаа бичиж эхлүүлэх 7 алхам PART-2
- 04/13/2026
Анхны романаа бичиж эхлүүлэх 7 алхам PART-1
- 04/09/2026

Leave a Reply