
Габриэль Гарсиа Маркес
ДАЛАЙГ ГЭТЛЭН ДӨХӨХ бараавтар гулзайсан тэнтгэр зүйлийг анх харсан жаал түүнийг дайсны хөлөгтэй эндүүрчээ. Тэгснээ дарвуулгүй, далбаагүй болохыг нь анзаараад халим л юм гэж бодлоо. Эрэг дээр гараад ирмэгц нь шаваарсан далайн замаг, наймаалжны тэмтрүүл, сүйрсэн хөлгийн хог хогшлоос нь салгаад үзтэл үйж үхсэн эр байжээ. Хүүхдүүд мөнөөхийг элсэнд булж нэг үзээд, ухаж нэг гаргаад оройжин тоглосны хойно золоор нэг хүн анзаарч тосгоныхондоо дуулгасан юм. Хамгийн ойрын байшинд дөхүүлэх санаатай үүрч явсан эр түүнийг бараг л морь аятай, ер урьд үзсэн живж үхсэн хүмүүсээс хавьгүй хүнд болохыг анзаараад дэндүү удаан хөвсөөр далайн ус ясанд нь нэвчиж ийм болжээ хэмээн өвөр зуураа хөөрөлдөв. Шалан дээр хэвтүүлээд хартал түүнийг багтааж шингээчихмээр өрөө байшинд бараг олдохгүй шинжтэй болсонд хэн хүнээс илүү өндөр юм гэлдээд, магад гагц энэ эр л үхсэн хойноо ч өсдөг төрөлх онцгой чанартай байж мэдэх юм гэж бодоцгоожээ. Далайн үнэр ханхлуулсан энэ эрийг зөвхөн бие галбираар нь л хүний цогцос мөн гэж танихаас биш арьсан дээр нь шавар, хайрснаас бүтсэн хатуу бүрхүүр тогтоод хүн гэхийн эцэсгүй болсон ажээ.
Гадны этгээд гэдгийг нь л танихын тулд нүүр царайг нь цэвэрлэх хэрэг юусан билээ. Энэ тосгон бол цэцэг ургадаггүй, цөлөрхүү хойгтоо сунайн байрладаг, арын хашаандаа чулуун тохижилт бүхүй хорь гаруйхан байшинтай л газар шүү дээ. Үр хүүхдийг нь салхи хамаад явчихна гэх аймшигт бодол ээжүүдийг үргэлж ээрдэг жижигхэн энэ сууринд сүүлийн хэдэн жил эндсэн улсыг хадан цохион дээрээс шидэж орхихоос өөр замгүй болоод байгаа юм. Гэвч тэр үед далай тогтуун, намуухан байсны дээр тэндэхийн бүх эрс долоохон завинд багтчихдаг билээ. Тэгэхээр мэнд эсэхээ мэдэлцэхийн тулд нэгнээ ээлжлэн харахад хангалттай. Тэр орой далайд гарахаа цөмөөрөө азналаа. Зэргэлдээх тосгодод хүн алга болсон эсэхийг сураглахаар эрчүүд хөдөлж, хүүхнүүд үйж үхсэн эрийг асарч тойглохоор үлдэв. Шавар шавхайг дэрсээр арилгаж, үснээс нь далайн чулуулаг салгаад загасны хайрс цэвэрлэдэг багажаараа хатуу бүрхүүлийг нь хусаж унагав. Хүүхнүүд түүнийг ийн цэвэрлэх зуураа алс хол газрын, далайн хамгийн гүнд байдаг ургамлын зүйлс биед нь наалдаж, шүрэн хадан дундуур удаан тэнүүчилсэн аятай хувцас хунар нь сэмэрч гүйцсэнийг ажжээ. Энэ эр далайд живсэн бусад шигээ гуниглуун харцгүй, голд живсэн өөр бусад шиг горь тээсэн төрхгүй болохоор нь үхэлтэй бардам нүүр тулжээ гэдгийг ч тэгэхэд анзааран ойлгоцгоов. Гэвч түүнийг цэвэрлэж дуусан дуусталаа ямар янзын хүн гэдгийг нь бүрэн ухаж мэдээгүй болохоороо эцсийн мөчид хэлэх үггүй хоцорсон хэрэг. Гагцхүү тэдний амьдралдаа харсан бүхий л эрсээс илүү чацтай, чадалтай, идэр, тэвхэгэр байсанд бус, нүдээр хараад сууж байгаа эдгээр бүсгүйчүүдийн оюун ухаанд ч багтаж шингэх аргагүй байсанд учиг бий.
Нурууг нь амраачих ор байтугай авсыг нь тавьчихмаар томхон ширээ тосгон даяар хайгаад олдсонгүй. Хамгийн өндөр эрийн гэр зуур чирдэг өмд, хамгийн махлаг нэгний орж гарахдаа хэдэрдэг цамц, хамгийн аварга хөлтний гутал хүртэл түүнд таарсангүй. Аварга чац, гоо үзэсгэлэнд нь ховсдуулсан мөнөөх бүсгүйчүүд түүнийг үхлээ ном ёсоор нь үргэлжлүүлэг гэсэндээ нэг далбайсан дарвуулаар өмд, хэдэн хуримын даашинзаар цамц оёж өгөхөөр шийдлээ. Тойрч суугаад оёж шидэх зуураа хэрээс, цогцос хоёрыг ээлжлэн ширтэхүйд энэ шөнийн салхи намддаггүйгээрээ намдаж, далай догширдоггүйгээрээ догшрох агаад байгалийн энэ хувиралд үхсэн эрийн нэмэр аргагүй байх шиг санагджээ. Энэ ер бусын эр манай нутагт аж төрсөн бол хамгийн өргөн хаалга, өндөр адар, бөх шалтай байшинд сууж, төмөр шургаар бэхэлсэн хөлгийн яс модоор л ор хийж авбал зохих бөгөөд түүний эхнэр болсон эмэгтэй хэн хүнээс илүү жаргаж явах байжээ хэмээн бодоцгоов. Далайн загасыг нэрээр нь дуудаад л гаргаж чадах эрх дархтай, хадан эрэг дээр цэцэг тарихын төлөө газар шорооны ажилд махарсаар чулуун дундаас горхи булгилуулах хүчтэй нэгэн байх юм шиг бодов. Түүний ганц шөнийн дотор хийх зүйлийг нөхрүүд нь насаараа гүйцэлдүүлж чадахгүй дээ гэх нууцхан харьцуулал төрсөн нь даамжирсаар сэтгэлийнхээ мухарт тэднийг орчлонгийн хамгийн нунж дорой, адсага шиг зантай, ашиг тусгүй амьтан мэтээр үл ойшоож эхэлжээ. Тосгоны хамгийн настай эмэгтэй гэсэндээ өнөөх эр рүү хайрлан тэмүүлэх гэхээсээ хайрлан энэрэх янзаар ширтсэн тэр авгай нэг их санаа алдаад: ‘Эстебан гэмээр төрхтэй хүн байна’ хэмээлээ.
Тэр нь ч үнэн байлаа. Цугаараа шахам царайг нь лавлаж нэг хартал өөр нэр ер зохихгүй нь тодорхой санагдав. Түүнд лакадсан арьсан гутал, оёсон хувцасаа өмсгөөд цэцгэн дунд хэвтүүлэх зуур хүүхнүүд дундаа хамгийн залуу бөгөөд зөрүүд бүсгүй нэрийг нь Лаутаро гэдэг байж магадгүй гэх хоосон эндүүрэлдээ хэдхэн цаг ээрэгдсэн ажээ. Даанч утгагүй эндүүрэл байж дээ. Даавуу нь дутчихсны дээр муухан эсгэж, түүнээсээ муухан оёсон өмд нь жадайгаад, зүрхнийх нь нуугдмал хүчийг хорьж дийлээгүй цамцны нь товч зад үсэрчихсэн байлаа. Шөнө дундаас хойш салхины исгэрээ намжиж, далайн мандал залхуутай нь аргагүй налайна. Энэ аниргүй орчин эргэлзээ бүхний сүүлчийн очийг нухчин дарав: тэр Эстебан ажээ.
Түүнийг хувцаслаж, үсийг нь самнаж, хумсыг нь аваад, сахалыг нь хуссан энэ хүүхнүүд шороон дээгүүр чирч явахаас аргагүй гэдгээ бодохоос харуусан дагжих мэдрэмжээ хорьж дийлэхгүй боллоо. Үхсэн хойно нь ч тээр болоод байгаа ийм том биетэй байна гэдэг баясмаар хэрэг биш болохыг тэгэхэд ухаарсан хэрэг. Жижигхэн хашааны хаалгаар ороод, адрын хөндлөвчинд толгой цохиод, үхтэлээ айчихсан гэрийн эзэгтэй хамгийн бөх сандлаа олох гэж мэегнэх зуураа Эстебан суугаач дээ гэж учирлан гуйхад нь айлд зочилсон хэр нь ээ хоёр хөл дээрээ гозойсоор байгаа тэр далайн арслангийн савар шиг зөөлөн ягаан алгаа яахаа мэдэхгүй савчиж, хана налан инээгээд, хатагтай та өөртөө төвөг бүү уд, энд аятайхан байна гэх боловч айлаар ороод гарах болгондоо л сандлыг нь эвдэж балрахгүй юм шүү гэсэндээ ярьшиг бүү уд хатагтай, энд тухтай байна гэж хэлдгээрээ хэлсээр байтал өсгий нь зулгарч, нуруу нь эвэршчихсэн байх хөөрхий энэ эр ядаж кофе болтол түр саатаач дээ Эстебан минь гэж ирээд гуйсан хүн хүртэл гараад явмагц нь дэнхийсэн хар гай явчихлаа, аштай юу даа, царайлаг маанаг далд орж санаа амарлаа гэж шивнэдгийг ч мэдэхгүй амьдрах ял мэт тавилантай гэдэг нь хүүхнүүдийн нүдэнд үзэгдээд байв. Энэ биеийг усанд үйхээс урьд бол хүүхнүүд тэгж л бодох байж дээ. Гэрэлд гялбуулахгүй юм шүү гээд нүүрийг нь амны алчуураар халхалсны дараа л тэр эргэлт буцалтгүй дэндүү үхмэл, дэндүү эмзэгхэн, өөрсдийнх нь эр нөхрүүдтэй дэндүү ижилхэн санагдаад урсгасан нулимс зүрхийг нь онгойлгожээ. Залуу бүсгүйчүүдийн нэг л түрүүнд мэгшиж эхэлсэн юм. Бусдынх нь санаа алдалт аяндаа гингэнээн болоод, өөрсдийнх нь хувьд улам бүр Эстебан болж буй живсэн эр, улам эгэл даржин, орчлонгийн хамгийн амгалан, хамгийн тусархуу, өрөвдмөөр хөөрхий Эстебанаас болоод тэд мэгших гэхээсээ цурхиран уйлж эхэлжээ. Тиймдээ л эрчүүдээ тэр лав ойр хавийн тосгоны хүн биш юм байна гэсээр эргээд ирэхэд нь ид уйлан мэгшиж байсан улсын сэтгэлд хөөр баяр төрсөн хэрэг.
‘Эзнийг өргөмжил’ гээд тэд цугаараа санаа алдлаа, ‘одоо тэр биднийх!’
Эрчүүд ийм сүржин үгсийг хүүхэн хүний мангарлал л гэж ойлголоо. Шөнөжин хүн сураглаж явсаар эцэж цуцсан тэд ийм хуурай, салхигүй өдрийн нар шарж эхлэхээс урьд амжаад энэ урилгагүй зочны элдэв асуудлаас нэг мөр ангижрах сан гэж боджээ. Хөлгийн шурагны үзүүр, дарвуулынх нь хөндлөвч мод сэлтийг жин даахуйц болгон бэхэлмэр аядаж, хадан хясаа хүртэл дамжилж дөнгөх дамнуур сэдэж бэлдлээ. Бусад цогцос шигээ буцаж хөвөөд ирчихэлгүй загас нь сохор, шумбагчид нь гэрээ санасандаа үхэж үрэгддэг далайн хамгийн гүн рүү саадгүй зорчиг гээд ачааны хөлгийн зангуунд хүлээд шидчихмээр байлаа. Даанч тэдний яарахын хэрээр хүүхнүүд цаг нөхцөөх аргаа сэдчихнэ. Цээжиндээ зүүсэн далайн эндлээс сэргийлдэг зүүлтээ тоншоод байгаа үргэсэн хэдэн тахиа шиг л дэрвээд, зарим нь үйсэн цогцосынхоо нэг талд гарчихсан салхины аятайг ерөөж сахиус уяад, нөгөө талд нь өөр бас нэг нь бугуйн луужин зүүж, хүүхнүүд ээ, зам зайлаарай, хүүе, намайг энэ үхсэн нөхөр дээр унагаах дөхлөө чи гэж баахан үглэсээр сүүлдээ элгэнийхээ мэдрэмжинд хүртэл итгэхээ байсан мань эрчүүд хэчнээн хогшил хатгаж, ариун устай лонх зүүлээ ч аварга загасанд үмхүүлдгээрээ л үмхүүлэхээс хойш тахилын ширээний хамаг гол хэрэгслийг энэ танихгүй хүнд юундаа өлгөчихдөг юм дээ хэмээн бувтанах боловч хүүхнүүд гэгээн дурсгалыг хүндэтгэх дэмий шахам ёслолоо зогсоо зайгүй үйлдсээр, нааш цааш харайж, мэегнэж, нулимсаараа гадагшлуулж чадаагүй бүхнээ санаа алдалт болгон хөнгөлж байтал нь тэсвэр алдсан мөнөөх хэд маань нэг муу цогцос шидэхэд хэзээнээс ингэтлээ сүржигнэдэг болчихоо вэ, хэнд ч хамаагүй живсэн нөхөр, тэнтийж хөшсөн мах л байна даг хэмээн бачимдан тэсрэв. Ийм айхтар үл хайхарсан үгс дуулаад давхийсэн нэг бүсгүй үхсэн эрийн нүүрэн дээрх алчуурыг хуу таттал мань эрчүүд хүртэл дуугаа хураачихлаа.
Эстебан байлаа. Давтан танилцуулахын ч хэрэг алга. Ноён Уолтер Ролей гэж танилцуулсан бол унаган англи дуудлага, мөрөн дээрх тоть, хүн махан идэштэнг агнадаг богино загварын бууг нь хараад бахдан сониучирхаж мэдэх ч суначихсан кашлот халим шиг биетэй, гуталгүй, хүүхдийн багадсан өмд, хутгаар л тасдвал зохих чулуу чигжсэн хумстай орь ганц Эстебан нүдний нь өмнө байна шүү дээ. Ийм том, хүнд, царайлаг байгаа нь түүний буруу биш ч үүндээ үнэн сэтгэлээсээ санаа чилээж, басхүү ийм байдалд орохоо мэдсэн сэн бол үнэндээ л живээд үхчихмээр арай даруухан газар эрж олоод, хүзүүндээ дайны хөлгийн зангуу уяж, танай нөхдийн хэлдгээр хэнд ч падлийгүй хөрсөн бузар мах төдий, тэнтийж гулзайсан цогцсоороо хүнд ярьшиг төвөх удах дургүй тийм л нэгний ёсоор хадан эргийн орой дээрээс баацганаж байгаад ойчоод өгөх байсан сан гэх бодол нь нүүрэн дээрээс нь алчуур сөхөхийн төдийд л илэрхий харагджээ. Өөрөө ч, өрөөл бусад нь ч тэр Эстебаны сүр жавхлангийн дэргэд чөмгөндөө тултал чичигнэн зогсоо хэр нь ээ эцэс төгсгөлгүй далайн олон шөнөөр бүсгүй нь өөрсдийг нь зүүдлэхээсээ уйдаад үйж үхсэн эрийг зүүдэлдэг болох вий гэх айдсынхаа гашууныг мэдрэн зогсоо хамгийн дотуур тамиртай эрсийг ч итгүүлж дөнгөмөөр дэндүү үнэн сэтгэлийн аяс царайд нь тодрох ажээ.
Өөрсдийн чадах хэрээрээ хамгийн сүрлэг оршуулгаа хандах хүнгүй энэ л үйж үхсэн эрд хийж өгье гэх бодол тийн төрсөн билээ. Хажуу тосгодоос цэцэг авч ирэхээр явсан хүүхнүүд өөрсдийнх нь үгэнд итгээгүй хэдэн бүсгүйг дагуулж ирэх агаад тэр хүүхнүүд живсэн эрийг үзмэгцээ нэмж цэцэг авч ирэхээр буцаж явсаар эцэс сүүлдээ хөл гишгэх зай үлдэхгүй болтол хүн зон, олон цэцэг цуглуулжээ. Эцсийн мөчид өнчин чигт нь усанд нь буцаая гэх нь ээ сэтгэлийг нь холгоод байх тул тосгоны манлай хүмүүсээс эцэг эх, авга нагац шалгаруулж өгсөөр түүний хүчинд тосгоны иргэд цугаараа садан төрөл болцгоожээ. Алсад сонстох уйлааныг дуулсан зарим далайчид замаасаа хазайн тийш зүглэсэн байхад өөрийгөө хөлгийн гол шургаас хүлсэн эрийн тухай мэдэх нэгний нь санаанд лусын дагины домог орж ирээд, мөрөөрөө замаа хөөх аж. Эгц эрэг тийш түүнийг мөрөөрөө түшин өгсөх эрхэм үүргийн төлөөнөө тэмцэлдэн буй тэдгээр эр, эм улс үйж үхсэн эрийнхээ ихэмсэг сайхантай нүүр учирсныхаа ачаар өрөвдмөөр зэлүүд гудамж талбай, үржил шимгүй арын хашаа, өчүүхэн хавчиг мөрөөдөлтэй гэдгээ анх удаа л анзаарчээ. Өөрөө хүсвээс дуртай цагтаа эргээд ирэг гэсэндээ зангуу дүүжлэлгүй үдсэн бөгөөд бие нь гүн хар ангалд уусан алдартал зуун хүрэхтэй үгүйтэй хугацаанд цөмөөрөө амьсгал түгжин зогслоо. Ахиад хэзээ ч халуун ам бүлээрээ цуглахгүй гэдгээ мэдэхийн тулд нэгнээ бүртгэхийн хэрэг ч алга. Гэвч бас энэ мөчөөс эхлээд юм бүхэн өөрчлөгдөж, түүний дурсамжийг мөнхлөхийн төлөөнөө байшин бүрийн нүүрэн талыг өнгө алаглуулан будах болохоор ахиад хэн ч дэнхийсэн хар гай үхээд өгчээ, яасан тоогүй вэ, царайлаг мангуу ингэж нэг юм далд орлоо гэж хэлж зүрхлэхгүйн дээр Эстебаны ой дурсамжийг ялуу мөргөлгүй дураараа сэлгүүцэг гэсэндээ байшин нь хавьгүй өргөн хаалга, өндөр адар, бат бэх шалтай болж, нуруугаа хугартал ажилласаар чулуун дундаас горхи гаргаад түүгээрээ хадан эрэг дээр цэцэгс тарьснаар хэдэн жилийн дараа үүр хаяарахын үест хөлөг онгоцны зорчигчид задгай тэнгисийн цэцэрлэгийн үнэрт цохиулан сэрэх бөгөөд хөлгийн ахмад нь дүрэмт хувцас, эртний маягийн луужин, дайны одон тэмдэг, алтан гадас одоо хүртэл дагуулаад хяналтын өрөөнөөсөө буун ирж, тэнгэрийн заадастай нийлэн үзэгдэх сарнайн бут руу заагаад арван дөрвөн өөр хэлээр, хараач гэм, салхи нь хөнжилдөө тайван нойрсож байдаг налгар, наран цэцэг нь хаашаа эргэхээ мэдэхээ байдаг нарлаг дулаан тосгон, мөн мөн, тэнд байна, Эстебаны тосгон байна хэмээх буй за.
Орчуулсан: Ө.Сумъяа
Leave a Reply