Гурван давхар өмд, дулаан гутал, толгойг чинь бүхэлд нь далдлах том юүдэн малгайтай шагай хүрсэн урт нэхий хүрэм, зузаан ноосон ороолт, малгай, бээлийгүй л бол анхны цаснаар л осгочих юм шиг санагддаг байсан шүү, чи. Энхрий булбарайхан цагаан арьс, эмзэг турьхан бие чинь бээрч, нүд сормуус чинь цантчихсан, хамрын үзүүр нь улайчхаад, гар чинь байнга л цэв хүйтэн явдаг сан. Хэдий тийм атал чи цас бөөрөнхийлж шидэх хамгийн дуртай, цан чаргаар гулгахдаа хөгжүүн баясгалантай. Цас орж байвал л жаргалтай, цагаан өнгөнд дуртай. Шинэ цасан дээр шувуудын бас туулайн мөр гарсан байхад чиний мөр л үл гарна. Чи тийм л хөнгөхөн. Би чамайг цасан ширхгийн нэг, тэгээд тэнгэрээс унаж ирсэн юм болов уу гэж боддог байлаа. Цасны нэгхэн уран гоёмсог ширхэг алган дээр буугаад л хайлдаг шиг, тийм ялдам уярмаар байдал чинь намайг үргэлж өөртөө татдаг байсан. Чи яавч зунд, хавар, намарт зохихгүй хүн. Өвлийн л хүн.
“Даарч байна уу?” гэж асуухад чи толгой сэгсрээд гараа надад атгуулахад, мөс шиг хүйтэн байдаг сан. Арьс чинь бэржийгээд бараг л чичирч байх шиг мөртлөө нүүрэнд чинь инээд, нүдэнд чинь гал тодроод, хүйтэрч жавар тачигнах тусам, бие сэтгэлээсээ цацруулах дулаан, намайг хайрлах илч гэрэл чинь улам нэмэгдэх шиг санагддаг байсан шүү. Цантсан цонхны цаана чи бид хоёр хөнжил дотроо тэврэлдэн хэвтэж ахуйд өвөл хэзээ ч битгий дуусаасай гэсэн хүсэл төрдөг байлаа. Чиний биеийн хэм 38 юм уу 40, ерөөс хэлж мэдэхгүй юм, лав л хэвийн хэмжээнээс хэтэрчихсэн мэт халуун. Би өвөлд дуртай ч хүйтэнд нь дуртай биш. Цас лавсан бударч, юмс там тумхан харагдах мөч дууссаны дараа бүхнийг хуччихсан байх өөгүй цэвэр, нүд гялбам цагаан орчин надад дотроо юу бичигдсэн нь мэдэгдэхгүй нэргүй номын хавтас шиг харагддаг. Эсвэл юу ч үгүй зүгээр л цаас шиг. Би ийш тийш гүйж цасан дээр үгс бичнэ. Чамайг хайж өвлөөс асуулт асууна. Зүүн тийш мөрөө гаргаж “Чи” гэж бичнэ. Баруунтаа алхаж “Хаана” гэнэ. Урагш сажилж “байна” гээд, хойшоо гүйж “?” тэмдэг зурна. Өвөл, бичсэн үг, асуусан асуултад маань хариу өгөлгүй анир чимээгүй дүнсийнэ. Тийм байдал нь намайг тарчилган шаналгаж, өдөр хоногууд өнгөрөх тусам, өвлийн улирал адаг сар сүүл хоног руугаа алхам алхмаар ойртоно. Тэгэх бүрд сэтгэл минь түгшиж, дахиад л нэг өвөл чамайг олж чадахгүй өнгөрөх юм биш байгаа гэсэн айдаст бодолдоо ээрүүлнэ. Жихүүн жавар уушгинд ормогц тэсэлгүй ханиадаг шиг жил жилийн өвлийн дурсамж бодол санаа руу цутган ороход миний ухаан санаа нэгэнт холилдон балартаад, нэг л мэдэхэд хаврыг, зуныг ч ардаа орхисон байдаг. Нэг л мэдэх нь ээ намар оройхон болчихсон, навчис унаад модод нүцгэрчихсэн цаг үед сэрнэ. Анхны цасыг угтан тосож, бүх юм цав цагаанаар будагдаад, түүн дээр чиний мөр хаашаа явснаа илтгэн зурайж байхыг харахыг тэсэн ядан хүлээж зогсдог сон. Тэгмэгцээ юунд ч юм итгэн, өвлийн хаалгыг татаж, будан манан татсан цагаан ертөнц рүү буцалтгүй шурган ороод, урьд урьдынхаараа л мөрийг чинь ололгүй цөхөрч, эцэсгүй эргэлдэх зүй тогтолт төсөөлөлдөө автан, сүүлдээ бүр түүндээ төөрөлдөж орхино. Чамайг олох юм шиг, дахиад хайрлалцах юм шиг, дуусашгүй гэж бодож байсан ч гэнэт тасарсан тэр өдрүүд, тэр л өвлийн шөнүүд эргээд ирэх юм шиг. Дахиад хамтдаа байх юм шиг, тэгээд өнөөх л бал бурам шиг үгсээ ярилцаж, тэврэлдэн үнсэлцээд гар гараа атган хөлөртлөө бүжиж, цонхны цаана ч, наана ч будрах цасны бас өвлийн атаархлыг төрүүлэн, дахиад энэ амьдралд үүнээс илүү амттай учрал хэзээ ч ирэхгүй гэж итгэх байсан. Миний хувьд хорвоо өвөл гэх ганцхан улиралтай болсон байсан.
Саяхан би чамайг хоёр ч шөнө зүүдэлсэн. Магадгүй чамайг хэт их хүсэж, төсөөлснийх юм болов уу? Цаг хугацаа бүхнийг эдгээдэггүй. Харин ч дурсамжийг бүр илүү тодруулдаг юм. Яах вэ шархыг эдгээж өвчин шаналгааг намдаасныг эс тооцвол шүү дээ. Гагцхүү тэр шархнаас үлдсэн сорвийг л юу гэхээ би мэдэхгүй байгаа юм даа. Дурсамж гэж хэлж яагаад ч болохгүй. Сорвио хараад дурсамж сэдрэхгүй. Дурсамждаа гүн автсан үедээ ч сорвитой үгүйгээ ор тас мартсан байх нь олонтоо. Ер нь бол таних тэмдэг л төдий юм уу даа. “Энэ хүн урьд нь шархалж байсан”. “Өмнө нь гэр бүл зохиож байсан” гэдэгтэй л эгээ адилхан тэмдэг.
Чи үнэхээр л өвлийн хүн, өвөл шиг хүн. Тийм ч учраас би өвөлд ухаан жолоогүй татагддаг. Гэвч цагийн эрхээр өвлийн тэр цал мөнгөн өнгө гэрэлтэн сүлэлдэх боллоо. Хаврын өнгийг харж, цас ханзарч эхлэхэд би нөгөөх нэргүй цагаан хавтсыг нээж, дотроос нь шинэ зүйлс, үгсийг олж харна. Тэнд зуны тухай, намрын тухай, бас өвлийн тухай ч бичсэн байдаг. Чингэх бүрийд өөр зүйлсэд сатаарч чиний дурсамжаар л дулаацаж өвлийг давдаг гэдгээ үгүйсгэхгүй. Тэгэхдээ эргэлдэн унах навчис цас орохын зөгнөл болохыг эргэцүүлдэг болсон.
Эхний зүүдэнд минь чи миний адил зузаан, шинэ, хөвсгөр цасан дээр ийш тийш гүйж “Чи хаана байна?” гэж бичин өвлөөс асуулт асууж байна. Өвөл дуугүй янзаараа. Удаах зүүдэнд чи харин “Өвлийн хүйтнийг чи яаж давдаг вэ?” гэж өвлөөс биш надаас асууж байна. Чамайг мэддэг болсноос хойш анх удаагаа би зөвхөн өөрөө өөрийгөө л тэврэн хоносон тэр шөнө чиний мөр цасан дээр гардаг болсныг анзаарснаа ухамсарласан юм. Хэдий зүүд ч гэлээ зүүд бодит хоёрыг самарч орхисон бидний дурсамж юунд хамаарагдах нь тийм чухал гэж үү? Одоо би л ганцхан чамайг олж чадах биш, өөр нэгэн ч чамайг олоод очиж болохоор болжээ гэдгийг ухаарсан гэх үү? Чи бидний хамдаа өнгөрүүлсэн мөч хэзээ ч эргэн ирэхгүй. Чамайг олох итгэлийнхээ тавин хувийг нь өвөртөллөө. Чи бид хоёр дахиад учирч ч магадгүй. Тэр цагт юу ч болж магадгүй. Амьдрал бол зохиол, зохиолч нь би өөрөө. Үзгээ шүүрч аваад өөрийнхөө амьдралыг бичнэ. Гэхдээ урьдаас төлөвлөсөн, зурагдсан, хувь заяаны төөрөг биш, хоосон санаанаас төрсөн учир шалтгаангүй амьдралыг бичнэ. Тэгээд асуусан асуултад чинь хариулахыг хичээлээ;
Захаа босгож, ороолтоо чангалаад, малгайгаа нугдайтал нь дарчхаад, замын хажуугаар будрах цасан дор би алхаж явахдаа, чамаар дулаацан, чамайг биш амьдралыг хайж явна.
Рэ.Зүмпэрлхам арваннэгдүгээр сар
Leave a Reply