
Бидний ихэнх нь зохиол бичих үйлийг зөн совин, мэдрэмждээ хөтлөгдөн хийх ёстой агуу том зүйл хэмээн итгэдэг. Бичиж буй зорилго маань ямар байгаагаас шалтгаалаад үнэндээ тийм биш ч байж болно. Харин ч эсрэгээрээ зохиол бүтээл гэдэг дэлхий дээр бүтээгдсэн бүхий л бүтээлийн адил бодит, маш жижиг үйлдлүүдээс бүтдэг болохыг creative writing-ын олон сургалтаас харж болно. Бичээч нартаа хэрэг болох болов уу хэмээн thecreativepenn.com сайтад нийтлэгдсэн анхны романаа эхлүүлэх долоон алхмыг орчуулан цувралаар хүргэж байна.
1. Юуг, яагаад бичих гэж буйгаа ойлгох
Нэгдүгээрт өөрийнхөө тухай, дараа нь үүнийг унших уншигчийн тухай эргэцүүлэн өөртөө хариулт олж авахаас эхэлье. Үзгээ цаасан дээрээ, эсвэл хуруугаа кэйборд дээрээ тавихаасаа өмнө юу хийж байгаагаа тодорхой болгох нь зүйтэй.
Танд байгаа зүйлс юу вэ? Таны сэтгэл, бодол, оюун ухаанд бичигдэхээр зэхэн буй тэр зүйлийг тодорхойлох хэрэгтэй. Улмаар боломжит уншигчдаа төлөвлөөрэй. Нэгэнт энэхүү ном зөвхөн танд зориулагдсан тэмдэглэлийн дэвтэр биш бол таны номыг унших хүн хэн бэ? гэдэг талаар бодох л хэрэгтэй. Тэд өөр ямар зохиолчдод дуртай, юу уншдаг хүмүүс вэ? Таны номыг номын дэлгүүрийн ямар ангилалд өрөх вэ?
Эдгээр асуултууд номоо ямар хэмжээгээр хэвлүүлэхээс үл хамааран бүтээлээ романы экосистемийн хаана байрлуулахаа ойлгоход тань тусална.
Мэдээж хэн маань ч өөрийгөө хайрцагт оруулахыг хүсэхгүй л дээ. Гэхдээ ердөө хэрхэн өвөрмөц байхаа ийнхүү төлөвлөж буй хэрэг юм.
Таны бичихийг хүссэнтэй төстэй сайн гэсэн 5-10 номыг судлаарай. Таны дуртай номыг, одоо туурвих бүтээлтэй чинь адилхан бүтээлийг ямар зохиолчид бичдэг вэ? Хэрэв эхнээсээ номоо хаана байгааг мэдэж байвал хаашаа зорьж байгаагаа мэдэж байгаа гэсэн үг. Хүссэнээ бичиж болно. Гэхдээ уншигчид олох тэрхүү номыг бичих хэрэгтэй шүү дээ.
2. Бүтээлч сэтгэлгээгээ цэнэглэ
Санаандгүйгээр ном бичнэ гэдэг боломжгүй тул санааг танин мэдэхийн тулд өөрсдийгөө дахин ажиглах шаардлага гарч ирнэ.
Сониуч зангаа дагах нь:
Номын дэлгүүрт орохдоо та аль хэсгийг хамгийн түрүүнд үздэг вэ? Сэтгүүлийн тавиур эсвэл дэлгүүүрийн лангуугаар өнгөрөхөд юу таны анхаарлыг татдаг вэ? Хүмүүсийн яриаг санамсаргүй сонсчихлоо гэхэд хүмүүсийн талаар юу анзаардаг вэ? Зурагтаар кино нэвтрүүлэг сонгохдоо ч ямрыг нь сонирхож байна вэ? Таны сонирхлыг юу татдаг вэ? Шинэ газар очлоо гэж бодоход эхлээд хаашаа очихыг хүсэж байна? Юу үзэхийг хүсэж байна вэ? Музей, архетиктур түүх соёлын дурсгалт газар, эсвэл тухайн орны хоолыг амталмаар байна уу?, эсвэл зүгээр л бүжиглэмээр байна уу? Соёлын тоглолтыг нь сонирхох уу? Тэр орны иргэдтэй нь ярилцахыг хүсэж байна уу?
Эдгээр мэдрэмжээ ихэнхдээ бид үл тоомсорлодог. Энэ л сониуч зангаа мэдрэх нь зохиолын санаа олох эхний алхам.
Юу сонирхож байгаагаа анзаарч эхэлмэгц дараагийн алхамаа аяндаа хийх болно.
Төрсөн бяцхан очнуудыг тэмдэглэж авах нь:
Дэвтэр дээрээ зөвхөн бүрэн төлөвшсөн санаа бичнэ гэдэг байх боломжгүй. Хоёр үг, мэдрэмж, таны харж буй зүйл юу ч байж болно. Эдгээрийг ч бичих үйлийн нэгд тооцох хэрэгтэй. Эдгээр бяцхан очнууд цаг хугацааны явцад түүхийн нэгэн хэсэг болж чадна.
Гадуур явахдаа санаандгүй харсан танихгүй эрийн үйл хөдлөл хожмоо зохиолын тань бүрэн бүтэн гол дүр болж хөгжих болно.
Бусад хүмүүс ч бас сонирхоно гэдэгт итгээрэй:
Та юу ч сонирхдог байсан цахим орчноос тэр зүйлд дурлагсдын группийг олж чадна. (Варианы шил сонирхогчдын групп гээд хайгаад үзээрэй) Таны уншигч заавал тантай нэг хотод байх албагүй. Дэлхийн нөгөө талд ч байж магадгүй. Сониуч зангаа мэдэрч, санаагаа бичиж эхэлмэгц цаг хугацааны явцад хэн нэгний уншихыг хүсдэг түүхийг бүтээж болно.
3. Үгсийн овоолго, түүх хоёр хоорондоо ялгаатай
Олон зохиолч ямар ч баримжаагүйгээр бичгийн ширээнийхээ ард суудаг.
Төд удалгүй гацаанд орон юу болохгүй байгааг хайж ядан гайхашаа бардаг. Яг энэ хэсэг бол өгүүлэх гэж буй зүйлийнхээ бүтцийг олох хэрэгтэйн дохио.
Гэхдээ санаа зоволтгүй. Зохиолын бүтцээ гаргаж авна гэдэг заавал түвэгтэй ажил байх албагүй.
Эхлээд уншигчийн хувьд юунд дуртайгаа бодоод үзээрэй:
Таны дуртай ном хэрхэн эхэлж, хэрхэн төгсдөг вэ? Та яагаад дараагийн хуудсуудад татагддаг вэ? Яагаад ийм төрлийн номыг сонирхоод байна вэ?
Жишээлбэл Агата Кристи детектив зохиолын бүхий л бүтцийг ашигладаг. Хэрэв романс бичих гэж байгаа бол энэ төрлийн роман дахь хамгийн ерөнхий бүтэц ямар дараалалтайг мэдээд авахад баримжаа болох нь дамжиггүй.
Санаагаа өргөжүүлэхийн тулд дараах бүтцийг ашиглаад үзээрэй:
Дараах үндсэн бүтэц нь Аристотелийн Туурвил зүйгээс эхтэй. Бүх цаг үед хамгийн олон уншигчтай гэсэн номнуудын тулгуур багана болсон эхлэл, гол, төгсгөл гэсэн гурван бүтцэд хуваагдах дараах зүй тогтол билээ. Бүтцийг тогтоож өгөх нь хашлага хайрцаг биш, харин хий хоосноос бодит бичвэр гаргаж ирэхэд, илүү бүтээлч байхад туслах хэрэгсэл хэмээн ойлгож болно.

Leave a Reply