Press ESC to close

Усны ГудамжУсны Гудамж Бичээчийн Хөгжих Талбар

Анхны романаа бичиж эхлүүлэх 7 алхам PART-2

Бидний ихэнх нь зохиол бичих үйлийг зөн совин, мэдрэмждээ хөтлөгдөн хийх ёстой агуу том зүйл хэмээн итгэдэг. Бичиж буй зорилго маань ямар байгаагаас шалтгаалаад үнэндээ тийм биш ч байж болно. Харин ч эсрэгээрээ зохиол бүтээл гэдэг дэлхий дээр бүтээгдсэн бүхий л бүтээлийн адил бодит, маш жижиг үйлдлүүдээс бүтдэг болохыг creative writing-ын олон сургалтаас харж болно. Бичээч нартаа хэрэг болох болов уу хэмээн thecreativepenn.com сайтад нийтлэгдсэн анхны романаа эхлүүлэх долоон алхмыг орчуулан цувралаар хүргэж байна. 

4. Төгс дүр хэрэггүй дээ, хүмүүсийн цагаа хамт өнгөрүүлэхийг хүсэх нэгнийг бүтээ

Хэрэв уншигчид таны номонд үнэт цагаа зарцуулахыг хүсэж байгаа бол тэдний сонирхлыг нь татахуйц дүрийг бүтээх хэрэгтэй. Энэ нь төгс төгөлдөр хүн хэрэгтэй гэсэн үг биш. 

Нэг гол дүрийг ашигла.

“Хаан ширээний тоглоом” зэрэг бүтээл шиг олон дүрийн шугамууд нь уншихад сонирхолтой байж болох ч нэг гол дүр дээр анхаарлаа төвлөрүүлснээр бичиж эхлэх явцыг хурдасгана.

“Өлсгөлөн тоглоом”-ын Катнисс Эвердин , эсвэл Харри Поттерыг авч үзье . Эдгээр ном бүрд өөр өөр олон дүр байдаг ч гол дүрийн хүний сэтгэлийг татах үүргийг мартаж болохгүй. Таны дүр таны үзэл бодлыг мөн тодорхойлох учиртай. Роман бүр өөр өөр өнцгөөс харсан хүний амьдралын нэг л түүх байдаг. Эцсийн эцэст муу залуу хэзээ ч өөрийгөө муу залуу гэж боддоггүй. Учир нь тэр гол дүр шүү дээ.

Эдгээр асуултуудад анхаарлаа төвлөрүүл.

  • Таны бүтээх дүр юу хүсдэг вэ, яагаад? Тэднийг юу/хэн зогсоодог вэ?
  • Тэд замдаа тулгарч буй саад бэрхшээлийг хэрхэн даван туулдаг вэ?
  • Аяллын үр дүнд тэд хэрхэн өөрчлөгдсөн бэ?

Хамгийн дуртай зохиолоо бодоод үзээрэй. Дээрх асуултын эмхэтгэл л байх болно.



5. Дөнгөж одоо л “юу болдог вэ, яагаад, хаана?”

Та дүртэй болж, тэдний юу хүсч байгааг, яагаад гэдгийг нь бодож үзсэний дараа хүсэлдээ хүрэхэд нь юу эсвэл хэн саад болж байгааг нарийвчлан тодорхойлж эхэлж болно.

Одоо орон зайн талаар бодож болно. Хоосон цагаан өрөөнд дүрүүд хоорондоо ярилцаж байж таарахгүй. Тодорхой газар болж буй үйл явдал байх ёстой.

Зөрчил гаргаж ирэхийн тулд зохиолын тохиргоог ашиглаарай

Үйл явдлыг орноор, цаг хугацааны дүрслэлээр илэрхийлээрэй. Зохиолын үйл явдал, орчинд дүр маш мэдрэг байдаг.  Гол дүрийн сэтгэл хөдлөлд ийн ойртуулж чадвал уншигчид энэхүү түүхийг нэгэн хэсэг болж чадна. 



6. Бичээчийг анх үзэг цаас нийлүүлэн бичсэн зүйл нь БИШ, эцсийн бүтээл нь зохиолч болгодог

“Би хэзээ ч ийм зүйл бичиж чадахгүй” гэж бодоход хүргэсэн агуу бүтээлүүдийг уншихаа хэсэг зуур азнаарай. Учир нь бичээчийг анх үзэг цаасан нийлүүлэн бичсэн зүйл нь БИШ, эцсийн бүтээл нь зохиолч болгодог. Үнэндээ хүн бүр анхны нооргоос эхэлдэг бөгөөд ихэнх зохиолч тэр нооргоо хэзээ ч хэнд ч харуулж байгаагүй.

Бид засварлах талаар ярих болно оо, гэхдээ эхлээд та анхны нооргоо буулгах хэрэгтэй байна.

“Аливаа зүйлийн анхны ноорог бол хог новш байдаг.” Эрнест Хемингуэй

Та зохиолоо бичиж эхлэхдээ дахин бичих болно гэдгээ сайтар ойлгох хэрэгтэй.  Ингэж байж бичвэрээ өөлж шүүмжлэх мэдрэмжээсээ ангижирна.

Хэний ч гэсэн толгойд эргэлдэж буй гайхалтай санаанууд цаасан дээр буухдаа замбараагүй болж хувирдаг. Зөв оносон үгсийг олоход хэцүү байдаг. Гэхдээ хоосон хуудсыг засварлаж чадахгүй тул аль болох ихийг буулгаж авахыг л нэн түрүүнд хичээх хэрэгтэй.

Үг сонголт эсвэл дүрүүд чинь улиг болсон мэт санагдаж байвал энэ мэдрэмжид хэт автах хэрэггүй, зүгээр л цагаан дээр хараар буулгаад орхи, дараа нь учрыг нь олж болно. Хоёр дахь ноорогтоо бэлэн болох хүртлээ үг сонголтоо дахин нягтлахгүй байсан нь дээр болов уу. Алдаа эрж засалгүй зүгээр л дуустал нь явуулаад үз.

Бичих цагаа төлөвлөөрэй

Та дасгал хөдөлгөөнөө, хүүхдүүдийнхээ дугуйлангийн өдрийг, ажил дээрх уулзалтуудаа, амьдралын чухал зүйлсээ төлөвлөдөг үү? Хэрэв бичих танд тийм чухал юм бол бичих цагаа яагаад төлөвлөдөггүй юм бэ? Та Google Хуанли ашиглаж болох юм. Бүтэн цагаар ажилладаг бол өглөөний 05:00 цагт босоод ажлаасаа өмнө бич л дээ. Орой гэртээ харихад тархи аль хэдийн ядарсан байх болно. Эсвэл кафе юм уу нэг хүний оффист очоод, чихэвчдээ Rain болон Thunderstorms дуу тоглуулаад бичих хамгийн тохиромжтой орон үайг өөртөө гаргаж өг.

Төвлөрч, тодорхой цагт багтаан бичих аргыг санал болгоё

Та тогтмол цагт, тухтай газраа очсоны дараа анхаарлаа бүрэн төвлөрүүлэх хэрэгтэй. Фэйсбүүк, и-мэйл, олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, мессеж бичих хэрэггүй.

Та яг одоо, яг энд бичих гэж ирсэн.

Цаг тохируулаад бага багаар эхэл. Учир нь бичихэд тэсвэр тэвчээр шаардагддаг гэдэгтэй тэрсэлдэх гэсний хэрэггүй дээ.  Цаг хугацааны явцад улам л тэвчээр заах шаардлагатай болно. 10 минут дүрийнхээ хаана, юу хийж байгааг бичээрэй. Цензургүйгээр их хэмжээний дэмий зүйл бичих боломжийг өөртөө олго. Тэндээ хадгалагдаад үлдэх байсан зүйлс дэндүү үнэтэй шүү гэдгийг би баталж байна!

Түр завсарлага аваад дахин арван минут хий. Эхний нооргоо гараас гартал үүнийг давт. Энэ үнэхээр энгийн (гэхдээ амар биш) бөгөөд ихээхэн сэтгэл ханамжтай байх болно. Бүр донтуулах болно!



7. “Бичих гэдэг бол засах, бас дахин засах явдал юм.”

“Юрийн галавын цэцэрлэгт хүрээлэн” болон бусад олон гайхалтай бестселлер номын зохиолч Майкл Кричтон ингэж хэлсэн.

Ялангуяа анх уран зохиол бичиж эхлэх үед энэ үнэхээр үнэн. Учир нь таны дуртай агуу том зохиол болон таны бичсэн анхны нооргийн хооронд асар том ялгаа байдаг. Гэхдээ энэ нь зүгээр, учир нь та одоо гар бичмэлийг илүү сайн бүтээл болтол нь засварлаж болно!

Өөрөө өөртөө редактор хий

Би нооргоо бүхэлд нь хэвлээд дараа нь гараар засварлах дуртай.

Эцэст нь би сараачиж бичсэн тэмдэглэл, сум, шугам, нэмэлт оруулга, бүтэн хуудсыг тэр чигээр нь дарж хэрээсэлсэн тэмдэглэгээ, мөн зөв бичих дүрэм, найруулгын алдааг зассан хуудсуудтай үлддэг.

Мэргэжлийн редакторуудад хандаарай

Бичих чадвараа сайжруулах хамгийн сайн арга бол гар бичмэл дээрээ редактортой хамтран ажиллах явдал юм. Редакторт хандахаасаа өмнө гар бичмэлээ сайжруулаад авбал тун сайн. Энэ алхам нь таны номыг сайн бүтээл болох магадлалыг нэмэгдүүлэх болно.

Засварлах янз бүрийн арга байдаг. Зохиолын тань бүтэц сайн байгаа эсэх, дүрүүд тань сонирхолтой байгаа эсэх, эсвэл үйл явдал нь том цоорхой гарсан эсэхийг шалгах хэрэгтэй. Дараа нь сонгодог “улаан үзэг” аргаар редактор таны бүхэл гар бичмэлийг задалж таны номыг улам сайжруулах гайхалтай процесс өрнөнө. Ингээд номоо дахин бичиж дууссаны дараа найруулгын алдаа, техник алдаа болон бусад эцсийн алдааг дахин хянах нь зүйтэй.

Баяр хүргэе, та одоо романаа гартаа бариад “Эцэст дууслаа!” гэж хэлж болно.

Тэгээд юу хүлээгээд байгаа юм бэ? Явж бич!



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

@Katen on Instagram
[instagram-feed feed=1]