
ⅩⅩ зууны уран зохиол, философийн аль алинд өөрийн өнгө төрхийг үлдээсэн шаггүй сэтгэгч бол Альбер Камю юм. Уншигчид түүнийг “Этгээд хүн”, “Сизифийн тухай домог”, “Тэрслэгч”, “Тахал”, “Уналт” гэх мэт бүтээлээр нь мэдэх бөгөөд эдгээр нь хүний оршихуйн тухай гүнзгий эргэцүүллийг агуулдаг. Камю хүний оршихуйг утга учиргүй гэж үзсэн ч тэрээр гутранги үзэлтэн (пессимист) биш байлаа. Учир нь тэр амьдралыг бүрэн дүүрэн туулахыг хүсэж, уриалсан юм. Магадгүй амьдрал ямар ч утга учиргүй гэдгийг ойлгосон хүн л бүрэн дүүрэн амьдрах чадал, бололцоогоо ухаардаг байх. Тэгээд ч Камю амьдрал абсурд гэдгийг ойлгох нь төгсгөл биш эхлэл юм шүү гэсэн байдаг.
Камю дөнгөж нэгхэн насандаа дэлхийн Ⅰ дайнд аавыгаа алдаж, арван долоон насандаа сүрьеэ өвчнөөр оношлогдон хөл бөмбөгийн хаалгач болох мөрөөдлөө орхижээ. Амьдралд цөхөрдөггүй, туйлддаггүй хүн тун ховор. Түүнийг яг хэзээнээс абсурдын тухай шүүн тунгааж эхэлснийг мэдэх аргагүй. Учир нь абсурд хэний ч толгойд, хэзээд ч орж ирж болох зүйл билээ. Магадгүй өвчнөөсөө болж цөхөрч, олон сар хэвтэрт байхдаа Камю хүний оршихуйн тухай бодож эхэлсэн байх. Ингээд Камюгийн абсурдизмын талаар багахан хүрээнд ч болов авч үзэцгээе.
Камюгийн зохиол бүтээлийн цөмд “абсурд” тун чухал байр суурийг эзэлдэг. Абсурдыг нийцгүй, зөрчилтэй байдал гэж ойлгож болно. Энэ зөрчил хүн болон ертөнц хоорондын харилцаанаас үүсдэг. Нэг талд хүний ертөнцөөс хүлээх хүлээлт оршиж, нөгөө талд ертөнцийн хөндий хүйтэн байдал ноёлно. Нэг нь утга учрын тухай асуухад нөгөө нь чимээ аниргүй байдаг гэсэн үг юм. Энэ зөрчил хүний оршихуйн гүн гүнзгий хямрал, эргэлзээ, цөхрөлд хүргэх нь бий.
Камюгийн тайлбараар хүн абсурдтай тулгарахдаа дараах гурван хариу үйлдлийг үзүүлдэг. Эхнийх нь амиа хорлолт буюу шууд утгаараа хүн өөрийн амийг хороох, удаах нь философийн амиа хорлолт, сүүлийнх нь тэрслэлт юм. Хүн бүрийн амьдрал харилцан адилгүй, үүний дагуу хүнийг өөрийг нь буланд шахаж, цөхрөлд оруулах шалтгаан ч олон янз. Амиа хорлолт бол амьдралд бууж өгснийг илтгэх үйлдэл, амьдралаа өөрийн гараар үнэ цэнгүй болгож байгаа явдал. Харин философийн амиа хорлолт бол шууд утгаараа хүн өөрийн амийг хороохыг хэлдэггүй. Аль нэг философи, шашны итгэл үнэмшилд автаж абсурдаас зайлсхийх оролдлого билээ. Жишээ нь марксист, коммунист, христэд итгэгч нар нь Камюгийн хувьд философийн амиа хорлолт хийсэн хүмүүс. Тэрээр “амиа хорлолт” болон “философийн амиа хорлолт”-н аль аль нь абсурдтай нүүр тулалгүй зугтдаг учир хулчгар үйлдэл гэжээ. Харин тэрслэлтийг юу гэж тодорхойлсон нь тун сонирхолтой, ач холбогдолтой байв.
Магадгүй жинхэнэ эр зориг бол чамайг зовоож буй тэр үнэнтэй нүүр тулахыг хэлдэг гэхэд буруудахгүй. Тэрслэлт нь абсурдыг хүлээн зөвшөөрч, бүтээх хайрлах замаар абсурдтай тэмцэхийг хэлдэг. Тийм ч учраас тэрслэлт бусад хариу үйлдлээс хамгийн бүтээлч, хамгийн зоригтой сонголт байлаа. Энэ сонголтыг гүнээ ухамсарласан хүн дараа нь ахин дахин хэцүү нөхцөл байдалд унасан ч тэр байдлаа даван туулах эр зоригийг өөрөөсөө олж чаддаг биз. Яг л чулуугаа уул өөд цөхрөнгүй түлхэх “Сизиф” шиг. Чулуу хэдий хүнд боловч Сизиф уулын орой хүртэл чадан ядан түлхсэнийхээ дараа хэсэг азнахаа мэддэг. Хүнд нөхцөл байдал хүний амьдралд нэг биш олон удаа тохиолддог. Гэсэн хэдий ч тэр бүрд ур ухаанаа гаргахыг Сизифээр дамжуулан үлгэрлэсэн мэт санагддаг билээ.
Сизифийг абсурд баатар гэж нэрийдсэн нь ч шалтгаантай. Домог туульд гардаг баатар бол дайснаа дарж, дайнд ялалт байгуулж, ер нь ямар нэг гавьяа байгуулсан байдаг. Харин Камю абсурд баатар гэдгээрээ мангас, араатантай биш амьдралын утга учиргүйтэй “тэрсэлдэж” байгаа нэгнийг илэрхийлсэн байдаг. Үүнийг ойлгосон мөчөөс түүний бүтээл амиа хорлолтын тухай авч үзсэн гутранги, гунигт, хүнд сэдэвтэй зохиол байхаа больж үнэнээс зайлсхийлгүй уран ухаанаараа утга учиргүйтэй эвээ ололцож буй цог жавхаалаг бүтээл болон хувирдаг. Гадна талд юу ч өөрчлөгдөөгүй мөртөө дотор нь хүлээн зөвшөөрөлт, эр зориг, няцашгүй байдал, амар амгалан бүрэлдэх бөгөөд нүдэнд дасал болсон уйтгартай зүйлсийг өөрөөр харж эхлэх нь ч бий. Ер нь Сизифийн тухай домог абсурдын тухай авч үзсэн хамгийн үзэсгэлэнтэй бас шидийн гэмээр бүтээл билээ.
Сизифийн тухай домогт тэрслэлтийг хувь хүний оршихуйн асуудлын үүднээс авч үзсэн байдаг. Харин тэрслэлтийг нийгмийн хүрээнд авч үзсэн нь Тэрслэгч (The Rebel) гэх бүтээл байлаа. Тэрслэгчээр олонхын дагаж буй шинэ салхийг сөрч, нийгэм улс төрийн асуудлыг гарган тавьсан юм. Иймд заримд нь таалагдаж, заримд нь таалагдаагүй хэрэг. Марксизмыг дагах нь үй олноороо философийн амиа хорлолт хийж буй үйлдэл гэж үзэн, дайн болоод хүчирхийллийг дэмждэггүйгээ илэрхийлсэн уг бүтээлийг Камюгийн дотнын нөхөр, марксизмыг дэмжигч Ж.П.Сартр шүүмжилж байжээ. Ер нь Сартр, Камю нарт үзэл бодлын нийцгүйгээс маргалдан сөргөлдөх үе байсан ч, амин хувийн асуудлаас болж нэг нэгэндээ өширхөж байгаагүй аж.
Тэрслэгчээс гадна түүний бусад зохиол их бага хэмжээгээр асуулт, эргэлзээ, шүүмжийг дагуулдаг. Тухайлбал Камюгийн бичсэн дүрүүд ёс суртахууны хувьд учир дутагдалтай мэт санагдаж болно. Араб эрийг хөнөөсөн алуурчин, Олимпын бурхдын эсрэг хэрэг өдүүлсэн дорд хүн, хулчгар өмгөөлөгч гэх мэт маргаантай дүр түүнд багагүй бий. Жишээ нь этгээд хүн болох Мерсо. Тэр өөрийн үнэлэмжээрээ тун энгийн хүн боловч бусдын нүдэнд этгээд байсан. Мерсогийн шийтгэл цаазын ял биш Сизиф шиг нэг үйлээ дахин давтан хийх байсан бол Мерсо яах байсан бэ? Тэр гарцаагүй шийтгэлээ бүрэн дүүрэн үүрэх байсан. Бүрэн дүүрэн амьдрах гэдэгт ял, шийтгэл ч багтаж байгаа нь энэ юм. Цаазын ял авсан Мерсо бусдын юу гэж бодохоос огт айхгүй байлаа. Тэр бүү хэл эзэн тэнгэрийн өмнө нүглээ наманчлахыг ч эсэргүүцэв. Харин Сизиф бурхдаас урвасан болохоор найдвар эс төрүүлэх, эцэс төгсгөлгүй ялд унасан байдаг. Энэ бүхнээс харвал Этгээд хүн зохиолын төгсгөл Сизифийн тухай домогтой холбоотой байж болохуйц санагддаг. Мөн уг хоёр бүтээлийг 1942 онд хэдхэн сарын зайтай хэвлүүлж байжээ.
Уналт (The Fall) нь Камюгийн сүүл үеийн бүтээлийн нэг билээ. Уналтын гол дүр бол өмгөөлөгч Кламанс юм. Тэрээр Сена мөрөн рүү үсэрч амиа хорлох гэж буй бүсгүйтэй таарсан ч аврах, болиулах байтугай жишим хийлгүй зөрсөндөө хожим гүнээ харамсаж, өөрөө өөрийгөө буруутган, нүглээ наманчлах мэт хамаг амьдралаа хэн нэгэнд тасралтгүй өгүүлсээр байдаг. Мөн бүсгүй эцсийн хормоосоо өмнө Кламансын хулчгар занг шоолж тачигнатал инээсэн нь түүнд ахин дахин сонсогдоно. Камюгийн эхэн үеийн бүтээлээс ажиглаж болох нэг зүйл бий. Энэ нь хүнийг зовлонд унагах хамгийн хүнд ялыг бурхад, шүүх хурлын аль нь ч оноож дөнгөдөггүй явдал. Харин хүний өөрийн хулчгар зан, ёс суртахууны уналт, үнэлэмжийн доройтол л дотроос нь мэрэх, эрх чөлөөтэй байсан ч эрх чөлөөгүй болгох ял шийтгэлд унагадаг аж.
Альбер Камю зохиол бүтээлээрээ нэг л санааг хэлэх гэсэн бөгөөд энэ нь бурхны бүтээсэн диваажин, зохиосон хувь төөрөгт итгэж найдалгүй бүрэн дүүрэн амьдрах байв. Ер нь түүний бичсэн ертөнцөд бурхан чухал байсангүй. Амьдрал чиний гарт байгааг болон амьдралд чамайг шүүх хамгийн хатуу шүүгч чи өөрөө болохыг Мерсо, Сизиф, Кламанс гэх мэт дүрээр дамжуулан илэрхийлжээ. Эцэст нь хэлэхэд Камю эдгээр бүтээлээрээ хүний оршихуйн тухай олон зүйлийг хааж орхисон мэт боловч мөн олон зүйлийг нээлттэй үлдээсэн билээ.
-
Усны гудамж
- 06/24/2026
Альбер Камю: Абсурдтай нүүр тулах эр зориг
ⅩⅩ зууны уран зохиол, философийн аль алинд өөрийн өнгө төрхийг үлдээсэн шаггүй сэтгэгч бол Альбер Камю юм. Уншигчид түүнийг “Этгээд…

Leave a Reply