
“Давлагаа-2026” оюутны богино өгүүллэгийн наадмын тухай сэтгүүлч М.Тэнгисийн нийтлэлийг та бүхэнд хүргэж байна. “Давлагаа” оюутны богино өгүүллэгийн наадмыг энэ удаа Д.Нацагдоржийн нэрэмжит болгон 2026 оны 05-р сарын 23-ны өдөр зохион байгуулсан билээ.
Зохиолчид үе үеэрээ төрөн гарч, нэгдэн давлагаалж, цаг үеийнхээ хийгээд улс орныхоо уран зохиолын ай савд шинэчлэл юүлдэг зүй тогтол ажиглагдах юм. Оюутны богино өгүүллэгийн “Давлагаа” наадамд оролцогчдын насыг бодвоос дараагийн давлагаа түрэн орж ирэхээр дуншиж буй нь лавтай. Тэдний өмнөх үеийнхэн орчуулга голчлон хийж, шаргуу хөдөлмөрөөрөө дараа үедээ орчин үеийн уран зохиолын хөрсийг бэлдэж эхэлсэн. Залгамжилж буй эл үеийнхэн монголын төдийгүй дэлхийн уран зохиолын сонгодгоос эхлээд орчин үеийн гол гол бүтээлийг олж унших боломжоор дүүрэн бойжиж, мөн бичгийн монгол хэлийг хөгжүүлэх, байг гэхэд манаж авч үлдэх үүрэг хариуцлагад цагийн аясаар татагдахын учир эл шинэ давлагаанаас ямар очир эрдэнэ торохыг үзэх гэж манан байна. “Давлагаа” наадмын шилдэг арван өгүүллэгийг унших зуур ийн ажих боломж олдсон нь олзуурхууштай.
МУИС-ийн Утга зохиол, урлаг судлалын тэнхим, Соёл Урлагийн Их Сургууль болон МУИС-ийн Утга зохиолын нэгдлээс хоёр жил тутам хийдэг эл наадмыг өнөө жил их Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойн нэрэмжит болгож, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Монголын Зохиолчдын эвлэл, Санхүү, Эдийн Засгийн Их Сургууль хамтран зохион байгуулсан байна.
Богино өгүүллэгийн төрөл зүйл төдий л амаргүй. Цай оочлоод босох зуураа уншчихмаар өчүүхэн орон зайд зохиолч өөрийн уран зохиолын таашаал, дотоод ертөнцийг илэрхийлж, мэдрэмж, гоо зүй, үзэл санаа, зөрчил, дүрийн өсөлт хөгжил, үйл явдлын эргэлтийг хүртэл шингээх, хамгийн гол нь уншаад дууслаа ч ахиад сөхмөөр, бодлоос саламгүй төгсгөлийг бүтээх шаардлагатай тулдаг.
Богино бичье гэвэл нягт бичих хэрэгтэй. Нөгөө талаас сэтгэлгээний маш задгай хэлбэрийг шаардах нь бий. Нягт бичихийн тулд хөдөлмөрлөж, туршлагажих ёстой. Харин задгай сэтгэхийн тулд зөвхөн уран зохиол унших хангалтгүй. Гоо зүйн мэдрэмжээ хөгжүүлж, голлох сэдвийн талаарх философи үндэслэгээтэй танилцаж, сэтгэгчдийн хийснээс үргэлж өөрт хэрэгцээтэйг шигтгээ мэт цуглуулах шаардлагатай. Гуравт нь (магад нэгдүгээрт) зохиолчийн өөрийнх нь давтагдашгүй хувь ертөнц, ертөнцийг үзэх үзэл тодрох учиртай. Харин эл зүйл эмзэглэлээс төрөн гардаг гэж хувьдаа үздэг юм. Шилдгээр шалгарсан арван өгүүллэгт шүүмж бичих үүргээ дээрх гурван шаардлагад үндэслэн, ангилж гүйцэтгэв.
Нягт бичих тухайд
Нягт бичих тухай ойлголт нь зөвхөн богино өгүүлбэр, оновчтой үгийн сонголт төдий биш. Задгай, урт өгүүлбэрээр ч нягт бичиж болно. Өөрөөр хэлбэл хий гаргахгүй байх тухай гэж ойлгодог.
Энэ үүднээс харвал тэргүүн байранд шалгарсан А.Жадамбын “Огтлолцол”-оос гадна Б.Номины “Залгисан”, Б.Аминагийн “Амарын гудамж” өгүүллэг гол өгүүлэгдэхүүнээ алдалгүй, чиг зорилгодоо нийцсэн өгүүлбэрүүдээс тогтжээ. Чамбай, өөрийн гэсэн уур амьсгалыг үүсгэсэн бүтээл. Б.Золбоогийн “Өнгө” өгүүллэг үйл явдал, харилцан яриагаар баялаг учраас нягт бичих шаардлага улам өндөрсөх ч энэ сорилтыг боломжийн хэмжээнд давсан харагдана. Б.Зулсайханы “Автобусанд” өгүүллэг маш сонирхолтой. Ингэж сэтгэж байгаа нь уран бүтээлч хүнд олзуурхууштай. Зохиолчийн зорилгын үүднээс харвал, эдгээр өгүүлбэрээс хасахад ч, нэмэхэд ч хэцүү, хийгүй буюу хэлбэрээ нэгэнт олсон харагдана. Ганцхан санаагаа илүү тодорхой илэрхийлж, үзэл санаагаа дэмжиж өгөх бүтээлч ажиллагаа дутжээ.
Энэ нь хурдан, хялбар уншигдах гэхээсээ өгүүлбэр болгон үнэ цэнтэй байх тухай л юм. Тэгэхээр өгүүлбэр бүхэн зорилготой байх ёстой. Зорилгынх нь ачаа гэдэг юмыг дориун хүндрүүлж өгөөгүйгээс сэтгэлгээний хэлбэр, хувийн эмзэглэл, үзэл санаагаа хангалттай ойлгуулж чадахгүй өнгөрөх эрсдэлтэй.
Б.Мөнхчимэгийн “Ирээдүй” өгүүллэг сэтгэлгээ, үзэл санааны хувьд сонирхолтой ч бодит бус ертөнцийн тухай өгүүлэх тусам уншигчдыг итгэн үнэмшүүлэх босго өндөрсөж байлаа. Тэр босгонд хүрэхийн тулд дүрслэл, нягт өгүүлэмж, үйл явдал хэрэгтэй. Өгүүлэгдэхүүний дотоод холбоос ба чигжээсний үүрэг нэмэгдэнэ. Энэ тал дээр илүү сууж ажиллаагүйгээс Б.Мөнхчимэгийн “Ирээдүй” өгүүллэг үнэмшил муутай, хэтэрхий хийсвэр болсон аж. Б.Наранбаатарын “Агуйн хүмүүс” өгүүллэгээс хүчтэй үзэл санааны урсгал мэдрэгдэх ч үйл явдал хоорондын холбоос, чигжээс, ивээс нь сул учир санааны суурь нь турьгүйхэн болжээ.
Нэг л хий гараад ирвэл уншигч эргэж уншдаг, хаана анхаараагүй өнгөрснөө эрж хайдаг. Эрж эргээд тэрийгээ олддог, олсон бол учраа олоод цаашилдаг байх ёстой гэвэл тэнд нягт бичлэгийн ашигтай тал гарч ирнэ. Бичсэн өгүүлбэр бүрийнхээ ард хариуцлага хүлээдэг, ухамсарлан тооцож бичсэн өгүүлбэрийн төгсгөл ч хүчтэй болдог билээ. Цаашлаад нягт бичиглэл нь бүтэц, байгууламжийн асуудалтай холбогдох учир бүхэлдээ хөдөлмөр, туршлагын тухай ярианд хувирч байна.
Эдгээр арван өгүүллэг бичсэнээ эргэж засдаг, дэнсэлдэг, өгүүлбэрийн байр солих, эсвэл бүр аваад хаячих, сулдаад байвал хоёр үг нэмчих зэргийн өөрчлөлтийг мэддэг, мэдэрдэг болох тэр цуцалтгүй хөдөлмөрийн захаас илүү сайн зуурч авах шаардлагатайг харууллаа. Нягт бичих буюу бүтээлчээр хандан техник ажиллагаа хийх гэдэг дээр сайтар нухаж ажилласан бол арвуулаа часхийж болох үндэстэй. Магад чи уралдаанд зориулж нэг суултаар бичсэн бол баяр хүргэе, одоо хөдөлмөрлөөд эхэлбэл гялалзах нь дээ.
.
Задгай сэтгэх тухайд
Задгай сэтгэх нь зөвхөн зоргоороо хийсвэрлэх төдий биш юм. Уран зохиол бол урлагийн бүтээл учир гагцхүү бодит амьдралыг дуурайна гэвэл хайран. Харин тухайн зохиолчийн ертөнцөд бодит амьдрал хэрхэн бууж, түүнийг үг өгүүлбэрээр дахин шинээр бүтээх тухай асуудал билээ. Зохиолч хүн бодит амьдралыг бусдаас арай өөрөөр хүлээн авдаг учраас түүнийгээ илэрхийлэх арга олж ядахдаа өгүүлбэр хэлхэж суугаа гэж төсөөлбөл зохиолчийн ертөнцөөр дамжин гарч, дахин бүтээгдсэн бүхэнд боломжгүй зүйл үгүй юм.
Түүнчлэн сэтгэлгээ зөвхөн хийсвэрийг зоригтой төсөөлөх биш, хэлбэрийг задгай зохиомжлох тухайд харагдана. Жишээлбэл өгүүлэгдэхүүн дарааллын байрыг сольж туйл, тайллаар эхэлж, эхлэлээр дуусгах зэрэг уламжлалт бүтцээс татгалзах нь энд хамаарна.
Энэ тухайд “Огтлолцол” өгүүллэгт дэс дугаар тавьж, дөрвөн өөр огтлолцлын боломжит хувилбарын талаар бичсэн тул цэгцтэй, нягт хэв маяг өөрөө үүджээ. Дугаарлаад тооччих нь задгай сэтгэсэн хэлбэр тодорхой хэмжээнд мөн. Б.Зулсайханы “Автобусанд” өгүүллэг мөн сэтгэлгээний сайн хэлбэрийн жишээ болж чадсан байна.
“Залгисан” ба “Ирээдүй” өгүүллэгээс хийсвэрлэлийг хэрхэн бодит мэдрэмжтэй нягт бичиж сүлэх вэ гэдгийн эсрэг тэсрэг жишээг харах бололцоотой. “Залгисан” бол зүгээр л өдрийн тэмдэглэл, дурсамж дуртгал мэт энгүүн хүүрнэлтэй атал түүний дотор дор хаяж хоёр зүйл уншигчийн сэтгэлгээний царааг шаардаж байгаа юм. Гялалзагч хумхын тоос цөөн удаа, богино бичвэрээр орж ирдэг. “Нэр шилжүүлэх шаардлагагүй юм даа” гэж бодсон тухай мөн дурдаад орхиж байгаа нь онцлогтой. Ингэхээр зохиолчийн хийсвэрлэл илүү хүчтэй, шууд л үнэмшмээр. Энд сэтгэлгээг нягт бичлэгээр дэмжсэн жишээ харагдаж буй. Харин “Ирээдүй” өгүүллэг хийсвэрлэл баялаг ч нягт бичлэг дутсанаас шууд л жирийн нэгэн уран зөгнөлт зохиол уншиж байгаа мэт мэдрэмжийг өгөхөөс гадна, өгүүлэмжийн дундах үзэл санааны урсгалыг барьж авч чадахгүйд хүргэж байна. Уг нь гярхай ажиглавал, тэнд үзэл санаагаа илэрхийлэх оролдлого бий бөгөөд зүгээр л нэг уран зөгнөл бичих гээгүй нь нэн тодорхой.
Харин Б.Эрхсарангийн “Зүүдний гүүр” өгүүллэгийн хувьд бодит бус ертөнцийн талаар өгүүлж буй нь сэтгэлгээний мэт боловч үйл явдал, харилцан яриа, өгүүлж буй агуулга төдий л тийм биш. Энд зүгээр л хийсвэрлэх биш, суурьтайгаар, хүчтэй үзэл санаатайгаар хийсвэрлэх тухай асуудал хөндөгдөж байна. Б.Эрхсаран нямбай бичлэгтэй, сайн найруулгатай, гүйцэтгэл сайтай ч нас барсан хүмүүсийн гүүрэн дээрх яриа хөөрөө бол байдаг л өгүүлэмж. Зохиолч амьдралын утга учрын талаар тодорхой эргэцүүлэн хүүрнэж эхлэхэд, уншигч өөр өнцөг хүлээж байдаг. Хэдийгээр гүүр, нөгөө ертөнцийн хаалгачийг оргүй хоосноос хөвөрдөн гаргаж ирсэн ч өгүүлэх санаа нь энгийнээс бүхлээрээ цулгуй болчих жишээтэй.
Арван өгүүллэгийн дотор реалист өгүүллэг ганц хоёрын төдий байгаа нь анхаарал татмаар байв. Бодит бусыг, шидэт реализмыг, сэтгэлгээний урсгалыг, уламжлалт бус бүтцийг барьж авч байгаа нь сайшаалтай. Харин энэ бүгдийн суурь өөрөө асар нухацтай, маш хөдөлбөргүй боловсорч гүйцсэн бат үзэл санаанаас эхтэй байж хүчирхэг болно. Үзэл санаагүй, хүчтэй тэмүүлэлгүй, чин зорилгогүй, зохиолчийн хашхираангүй хийсвэрлэл бол сэтгэлгээ биш гэдгийг санууштай.
Эмзэглэх тухайд
Эмзэглэл бол үнэн хэрэгтээ туурвин бичих анхдагч эрмэлзэл билээ. Үүнийг л асган бичиж доторхоо уудлан даян дэлхийн хүмүүст илгээхгүй бол тайвширч тайтгарч өгөхгүй байгаа тэр анхдагч эрмэлзлийн тухай яриа юм.
Энэ эмзэглэл бол үг сонголт, найруулга, бүтэц байгууламж, сэтгэлгээ гээд дээрх бүгдийн байр байцаас шуудхан анзаарагддаг.
Н.Наранбаатарын “Агуйн хүмүүс” өгүүллэгт эмзэглэл мэдрэгдэж байна. С.Саруулын “Чи болохоор хүлээхгүй” өгүүллэгээс мөн тийм дуу хоолой сонсогдоно. Б.Аминагийн “Амарын гудамж”-аас сонсогдох дуу хоолой бол тэр чигтээ эмзэглэлээс эхтэй мэт.
Эмзэглэлээ зохиолч хулдаж бэмбийлээд байхын бололцоогүй. Шууд л ил шулуун асгадаг. Эсвэл гоо зүй бий болно, тунгалаг яруу, өр зөөлөн, нинжин сэтгэлийн урсгал орж ирдэг. Тэр хэрээр зохиол хүчтэй болдог.
Товчхондоо, юуны талаар өгүүлэх гэсэн бэ? Зохиолчийн хувьд үүнийг өгүүлэх нь хэр чухал вэ? Чи яг юу хэлмээр байгаа юм бэ? Ийм маягийн асуултууд ургаж эхэлнэ. Энэ хэлэх зүйл хувь хүний шинжтэй байж болно. Нийгэмд ч хандаж болно.
Харин нийгэмд хандах бол бага зэрэг шалгууртай нүүр тулдаг. Цагаачдын уран зохиол хүчээ авснаас хойш нийгмийн асуудал, улс төрийн нөхцөл байдал, түүх буюу цаг хугацааны буулга, уламжлал ба орчин үеийн мөргөлдөөн зэрэг сэдэв заавал ч үгүй хөндөгддөг болсон.
Намууханы “Хүлээсэн хот, алдсан дуу хоолой” өгүүллэгт өвөр монгол оюутны дуу хоолой, хүүрнэл орж ирмэгц энэ талаар бодогдоно. Энэ сэдвийг чухам яах гэж сонгосон бэ? Зохиолыг сайн сэдэвтэй болгох гэж үү? Эсвэл энэ эмзэглэл үнэхээр зохиолчид өөрт байсан уу? Эмзэглэл үнэн эсвэл худал болохын талаар шалгуур тавигдах болно. “Хүлээсэн хот, алдагдсан дуу хоолой” өгүүллэгийн төгсгөлийн шийдэл ганц өвөр монгол охинд биш өнөө цагийн нийгмийн бүхий л залуу үеийн төлөөлөлд хандсан маягтай. Нэг ёсондоо, гол дүрийг өвөр монгол гэж дурдсан, монгол хэл, тэр дундаа халх аялгуугаар цэвэр ярьж чадахгүй байгаагаас гадуурхал, доромжлол амсаж байсан талаар нь өгүүлснээс бусдаар энд тэр талаарх өгүүлэмж цөөн. Ингэчихээр өвөр монгол дүрийг яах гэж сонгов, энгийн нэгэн залуу ийм зөрчилд орж болохгүй гэж үү гэхчлэн асуулт тавигдаж байна.
Нийт арван өгүүллэгт эмзэглэл, түүнийг илэрхийлсэн дуу хоолой харьцангуй сул, зохиолчоос уншигчид илгээж байгаа чин сэтгэлийн дотоод тээш хөнгөн мэт санагдлаа.
Эцэст нь зохиолч өөрөө бүгдийг тайлбарлан тоочихгүй байх тухайд
Сайн зохиолд олон хэмжүүр бий ч тэдний нэг нь лавтай дүрийн санаа бодлын ертөнцөөс зохиолч өөрийгөө аль болох татаж авах тухай биз ээ.
Ухаандаа уншигчдад төсөөллийн ба мэдрэмжийн эрх чөлөөг олгох асуудал юм. “Баярлажээ” биш, “Инээмсэглэжээ”, “Уурлажээ” биш “Хөмсгөө зангидаад явчихлаа” гэдэг ч юм уу, тун энгийн балмад жишээгээр шүү дээ.
Ф.Достоевский “Гэм зэм”-дээ аллагын дараах Раскольниковын доторх зөрчлийг өөрөө дэлгэж тайлбарлаагүй. Харин яаж барьц алдан унаж тусаж, босон сууж байгаа талаарх үйл хөдлөлийг л дүрслээд орхисон. “Дөлгөөн дон” дээр Аксинья үнэн хэрэгтээ эр нөхрөө ирмэгц, “Намайг зод” хэмээн гараа алдлан зогсдог. Аксиньягийн дотоод сэтгэлийн зөрчлийг ийм тийм байлаа гэж шууд дүгнэн цэгнэхээс М.Шолохов татгалзаж, хашаагаар орж ирж яваа Степаныг барааг цонхоор харуутаа өчиггүй өөрийн шийтгэлийг хүлээхэд бэлэн болчхож буй дүрслэлийг уншигч нэгэн бол Аксиньяг Шолоховоос, бүр өөрөөс нь ч илүү ойлгож чадна.
Дүр амьдралаас урган гардаг. Харин амьдрал ямар баялаг гэдгийг зохиолчид хамгийн сайн мэднэ. Чиний дотор сэтгэлд чухамдаа юу гээч нь болоод буйг, маргааш хэрхэн өөрчлөгдөхийг хэн ч тааж мэдэхгүй шиг дүрд ч бас тийн хандах учиртай. Өмнөөс нь ярих биш, зүгээр л түүнийг дүрсэл гэсэн зөвлөгөөг цөөнгүй нэртэй зохиолч өгсөн байх юм. Энэ дүрийн сэтгэл зүйгээр тогтохгүй үйл явдлын шугамд ч хамаатай. Хувь заяа яагаад, хэрхэн ингэж өрнөж байгааг хэн мэддэг юм бэ? Яг түүн шиг, зохиолоо чухам яагаад байгааг зохиолч өөрөө тайлбарлаад явчих нь хамгийн хялбар арга. Энэ хялбархан замыг сонгох шийдэл эдгээр арван өгүүллэгт ажиглагдсан юм.
Харин авууштай нь тэдний мэдрэмж маш хүчирхэг санагдлаа. Бичлэгийн урсгалаас анзаарахад тэд өөрсдөө сайтар уншдаг, залуу насны үзэл санааны эрчим халуун.
Дээр дурдсанчлан, нэгт нягт бичих буюу хөдөлмөрлөх, хоёрт дур зоргоор хийсвэрлэх биш хийсвэрлэлээ үзэл санааны нягт суурьтай байлгах, гуравт эмзэглэлээ тодорхойлох буюу яагаад, яах гэж бичиж буйгаа хүчтэйгээр ухамсарлах, дүрийн өмнөөс зохиолч өөрөө тайлбарлах хандлагаас зайлсхийх зэрэгт анхаарвал энэ давлагаа үнэхээр давлагаалах нь ээ.
-
Усны гудамж
- 08/04/2026
ДАВЛАГАА ДАВЛАГАА БОЛОХЫН ТУЛД
"Давлагаа-2026" оюутны богино өгүүллэгийн наадмын тухай сэтгүүлч М.Тэнгисийн нийтлэлийг та бүхэнд хүргэж байна. "Давлагаа" оюутны богино өгүүллэгийн наадмыг энэ удаа…
ШАТААГДСАН ЭРХ ЧӨЛӨӨ
- 07/06/2026
Альбер Камю: Абсурдтай нүүр тулах эр зориг
- 06/24/2026
Анхны романаа бичиж эхлүүлэх 7 алхам PART-2
- 04/13/2026
Анхны романаа бичиж эхлүүлэх 7 алхам PART-1
- 04/09/2026

Leave a Reply