Press ESC to close

Усны ГудамжУсны Гудамж Бичээчийн Хөгжих Талбар

ҮГЭНД ҮЛ ХУВИЛНА

Усны гудамж сайтаас дэлхийн шилмэл зохиолуудын талаар мэргэжилтний санаа, олон талын өнцгийг баримталсан цуврал нийтлэлүүдийг бэлтгэн хүргэж буй билээ. Энэ удаа уншигчдадаа  Хүлио Кортасарын “Чартаа” романы тухай нийтлэлийг хүргэж байна.

ҮГЭНД ҮЛ ХУВИЛНА

Уран зохиол бидэнд юуг ч тулгадаггүй атал бид уран зохиолд юу эсийг тулгадаг билээ. Нийгмийн дүрэм журмаас эхлээд нүсэр бүтээн байгуулалтын үүх түүхийг хүртэл шаардана. Зохиолчдод хүртэл хутагт хувилгааны араншныг тулгана. Тэгвэл зохиол бүтээлд уншигч авхайн хангинуулан зүүж өгдөг гав дөнгийг цавчиж, эхлэл төгсгөлийн тухай жаягийг таягдан хаяж, хэн бүхэнд хүндхэн ч байж мэдэх эрх чөлөөг олгосноороо эл туурвил өөр юм. Энд оршихуй хийгээд хий хоосны ор мөргүй тэмдгийг ахин дахин уудалж, нэгжихийг заана. Тэр бол дуу авиа, бичиг үсгээс чинагш дуудах амин сүнс юм. Үүнийг илчлэх нь түүний санаа байсан ч байж магадгүй.

            Бүтээл туурвилаараа Испани хэлт утга зохиолын ертөнцийн хэц эргийг халин давсан Марио Варгас Льоса Кортасар 1914 онд мэндэлсэн агаад ахуй насандаа 14 өгүүллэгийн түүвэр, гурван яруу найргийн түүвэр, 6 роман бичжээ. Өдгөө ч олон асуултын эх болсоор буй “Чартаа” зохиолыг “Болор Судар” хэвлэлийн газраас “Романы цуврал”-аараа эрхлэн гаргасан билээ. Мөн энэхүү романыг эх хэлнээ буулгасан дуун хөрвүүлэгч Л. Алтангэрэл оны шилдэг бүтээлд олгодог “Алтан өд” шагналыг тус туурвилын орчуулгаараа хүртсэн юм. Кортасарын бүтээл домог, шидийг бодит байдалтай сүлэхээс илүүтэй бодит байдлын дунд гэнэт орж ирэх жигтэй, сонь үзэгдлүүдийг харуулдгаараа, энэ нь ёр билэг, егөө ёгтлолын дунд уусан алдардгаараа соргог, шинэлэг гэмээр.

 Германы философич Фридрих Ницшегийн “Бүх хүнд үйлчлэх ганц үнэн гэж байхгүй. Харин олон өөр тайлбар хоорондоо өрсөлдөж байдаг” гэх үзэл бидний ертөнцийг “бодитойгоор” бус өөрийнхөө итгэл үнэмшил, хэрэгцээ, соёл, өнцгөөс харж тайлбарладаг болохыг онцолсон хэрэг. Тэр бээр өөрийн тэмдэглэлдээ “Баримт гэж үгүй. Зөвхөн тайлбарууд л бий” гэсэн байх агаад аливаа зүйлд утга агуулагддаггүй, хүн түүнд учир оноож, тайлбар өгснөөр баримт болдог хэмээжээ. Орчин үеийн постмодернизм болон танин мэдэхүйн онолд чухал нөлөө үзүүлсэн энэхүү үзэлд яв цав нийцэх бүтэц, өгүүлэмж бүхий “Чартаа” роман бол Аргентин гаралтай зохиолч Хүлио Кортасарыг алдар нэрийн тавцанд хүргэсэн бүтээл юм. 

            Кортасар Латин Америкийн зүүний үзэл баримтлал, тэр дундаа Кубын хувьсгал болон Никарагуагийн Сандинист хөдөлгөөнийг идэвхтэй дэмжигч байсан учраас 1951 онд Аргентины улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалан Франц руу нүүж, тэндээ насан эцэслэх хүртлээ амьдарчээ. Хүлио Кортасар уран зохиолыг “ердийн л унших зүйл бус” зохиолч уншигч хоёрын хоорондын “тоглоом” гэж үзжээ. Тухайлбал Ницшегийн обьектив баримт ба субьектив мэдрэмж хоёрын зөрчлийг харуулсан “Аксолотль” өгүүллэгт Парис дахь амьтны хүрээлэнгийн аквариумд байх “Аксолотль” (Мексикийн саламандр) хэмээх хачирхалтай амьтныг өдөр бүр ирж хардаг нэгэн залуу тухайн амьтныг ширтсээр байгаад нэг л мэдэхэд өөрөө аквариумын дотор аксолотль болон хувирч, гаднаас өөрийгөө (хүний дүрээр) ширтэж байгаагаа анзаарч буй тухай тун ёжтойгоор үзүүлсэн бөгөөд мөн уншигч болон зохиолын ертөнц хоёр нэгдмэл болохыг харуулсан байдаг. Үүний адил Кортасар эгэл үйл явдлаас эхэлж, түүнийгээ алхам алхмаар аймшигтай эсвэл ер бусын зүйл рүү хөтөлдөг агаад “Борхес оюун санааны төөрөгдөл зохиодог бол Кортасар мэдрэмж, сэтгэл зүйн төөрөгдөл бий болгодог”. Түүний өгүүллэгүүд романуудаас нь дутуугүй алдартай, шидэт реализм болон мета фикшн буюу хүүрнэл доторх хүүрнэл төрлийн сод бүтээлүүдэд тооцогддог юм. Эл зохиолчийн дотнын найз судлаач Сауль Юркивич түүнийг Жан-Поль Сартрын экзистенциализмыг сюрреализмтай нэгтгэж, хүний оршихуйн хязгааргүй боломжийг нээсэн гэж дүгнэсэн бол Америкийн утга зохиол судлаач  Жайме Алазраки түүний бүтээл дэх “метафизик түгшүүр”-ийг нарийвчлан судлахдаа “Ертөнцөөс өөрийгөө хайх оюун санааны өвчнийг судлах талбар” хэмээн дүгнэжээ. Алазракигийн үзсэнээр Кортасарын дүрүүд өдөр тутмын хэвшмэл амьдралдаа (ажил, гэр, хотын гудамж) сэтгэл ханадаггүй. Энэхүү “ердийн” байдлын цаана ямар нэгэн өөр бодит байдал, илүү гүн утга учир нуугдаж буйг мэдэрч, түүнийгээ олж чадахгүй байгаадаа шаналахыг “метафизик түгшүүр” гэж нэрлэсэн байна. Мөн тэр бээр “Чартаа” романы Оросиагийн дүрийг “Энэ бол зүгээр л адал явдал биш, харин оршихуйн төвөө хайж буй хэрэг” гэж үзжээ. Дүрүүд нь өөрийгөө ертөнцийн нэг хэсэг гэдгийг мэдрэх тэрхүү “төв” цэгийг хайхдаа ганцаардал, мухардалд ордог тухай тэмдэглэсэн нь бий. Харин Мексикийн нэрт шүүмжлэгч Хуан Гарсиа Понсе “Чартаа”-г Жеймс Жойсын “Улисс”-тэй дүйцүүлэн, Латин Америкийн утга зохиолын түүхэн дэх хамгийн том шинэчлэл гэж үзсэн. Мөн Кубын зохиолч Роберто Фернандес Ретамар “Англи хэлтнүүдэд Улисс чухал байдаг шиг, Латин Америкчуудад “Чартаа” тийм чухал” гэж тодотгожээ.        

СҮҮДЭР УРТСАХ ЦАГТ

Зүй тогтол, учир зүйн дэс дарааг баримталснаас үүдэх хүний мэдрэмж, танин мэдэхүйн хязгаарыг эвдэхийг зорих постмодернизмыг  “Чартаа” романы дэвсгэр нот хэмээн үзэж болно. Үүнээс “яагаад” гэдэг асуулт урган гарч болно. Бид оршин буй ертөнцийнхөө юмс үзэгдлийн учир шалтгааныг ойлгохыг мэрийдэг хэр нь хүний зүрх сэтгэл хийгээд амьдын мөн чанарыг ухамсарлахад төдийлөн анхаардаггүй байж мэдэх юм. Техник технологи хөгжиж, хүмүүс өөрийн хүслийн хурдыг гүйцэхээ больж буй ийм эрин үед эл туурвил “бодол зайчлах газар” болно. Тэгвэл одоо романы цөм рүү нэвтэрье. Бодитой байхаас илүүтэй бодолдоо орших нь Орасиод яагаад чухал байв? Орасио бол амьдралыг, юмсыг  “шүдээ угаах шиг энгийн зүйл” гэж төсөөлж чаддаггүй нэгэн. Зохиол дахиар бол тэр 1950-аад оны Парис-Буйэнос Айрес, оюун санаа-сэтгэлийнхээ хооронд бүдчин яваа Аргентин сэхээтэн. Зовлонгоо нимгэлэхийн тулд тэнүүчилж яваа нэгэн. Сенийн эрэгт, бүр үгүй бол тэнэмлүүдийн дунд байгаа нь, эргэн тойрных нь зарим хүн үгүй болсон нь ч лавтай нэгэн дохио, зангилааг нь тайлах ёстой зүйл гэж тэр сэтгэнэ. Бүхий л цаг үед урлаг уран зохиол, гүн ухааны хорхойтнууд бүлгэм болж үзэл бодлоороо хамсаж, тэрсэж явах нь бий. Тухайн романд ч бүлгэм бий. Тэд хүүрнэнэ, мэтгэлцэнэ, мансуурна, хайрлана. Гэхдээ нэг л хүнээс бусад нь мансуурсан ч, маргалдсан ч, их мэдэмхийрч дэмийрч халуурсан ч өөр өөрийн үзэл бодол, өөр өөрийн бүтээсэн цонхтой. Харин Орасио Оливейрад гадагш харах, гарцаагүй зогсох цонх гэж байхгүй. Тиймээс “чартаадах” боломжгүй. Нэг ёсондоо “чартаа” гэж нэрлэж болох бүхий л зүйлийн “оролцогч” болох нь түүний хувьд эрсдэлтэй алхам юм. Дүрмийн дагуу бол тэнгэр хүртэл  үсэрч, дэвхцэн тоглохын тулд гишгэх газраа тэмдэглэн шидэх “чулуу” гарт нь байх ёстой. Атал чулуугаа Магуст атгуулчихсан. Тэр чулууг атгаж яваа Магус хаана байгаа бол?

            Хүн хоорондын харилцааны хил зааг нь хэл сэтгэхүй, аливаа зүйлийн талаарх эргэцүүлэл, үнэлэмж, хүсэл зориг зэрэгт суурилан тэлж байдаг бол зохиолын гол баатрын оюун санаа, зүрх сэтгэлийн “гүүр”-ээр хэн нэгэн нэвтрэн, хязгаарлагдмал бодлын хэмжээст ороход тэр тэвчихийн аргагүй тухгүйдэлд нөмрүүлдэг. Нийгмийн амьтны гол шинж нь дангаар давагдашгүй оршин байж чадахгүйн “бэрхшээл” гэвэл Орасиогийн бэрхшээл нь тэр л давагдашгүйд тулж очихын шунаглал байлаа. Гэвч Магусын хил хязгаарыг гэтэлснээрээ тэр оршихуй хэмээх хадан цохионы ирмэгт тулж очно. Оршихуйг таних нь мөдхөн ирэх оршуулгын цуваа, үхлийн дуудлагын өмнөхөн байдаг гэвээс Кортасарын бүтээсэн эл дүр тийн цаг хугацааны завсарт хөлөө дүрсэн байна. “Тэнгэр ойрхон ч амьдрал өмнө минь байна” (Чартаа роман, 516 дугаар тал). 

 “Чартаа” романы дүрийн хөгжил явцын дунд алдуурах үзэгдэл олон тохионо. Дүрүүдийн амьдрал үгээр тусгаарлагдахад уншигч, зохиолч хоёрын уулзах орон зай бий болж байна. Нэг бүлэг дуусахад эсхүл нэг өгүүлбэр дуусахад уншигч ургуулан бодохоос аргагүй, “дүрээр үргэлжлүүлэн амьдрах” ёстой мэт байдалд орчихно. Энэ бол “туршлaгын туулайнууд”-д бэлдсэн зохиолчийн “уран урхи” юм. Мөн зохиолын хэлийг бүрдүүлэгч гол зэвсэг, дүр хоорондын харилцааны хөшүүрэг бол “үгэн тоглоом” юм. Үгсийн сангаас шүүрдэх нэг үг нэжгээд цаг хугацаа, утга санааны эхлэл болно. Тэгэхээр Магусын зохиосон глиглэг хэл ч зүрх сэтгэлийг холбох нарийн утас агаад “хайр”-ыг илэрхийлэх, түүнийг хүлээж авах нь онцгой хувь ерөөл болохын бэлгэдэл байж болно. Бодол эргэцүүлэл ихсэх тусам, эргэлзээ даамжрах тутам зовлон шаналалд даруулж, түүнийг гадагшлуулах зохистой үг хэллэг ямагт хэрэгтэй болдог. Тиймээс Орасиогийн хувьд “хэл” гэдэг гагц ойлголцох хэрэглээ бус өөрийн бодлын хэсгийг тэр хэвээр нь “төрүүлэх” хэсэг бусаг эрх чөлөө байж мэднэ. Үг хэлэхийн тулд “өвдтөлөө” бодох бол түүний хувьд ариун үйл. Зовлонгийн шалтгаан үнэн гэдэг билээ. Тиймийн учир Орасиогийн зовлонгийн сүүдэр урт. Наран хэлтийх үед хүмүүний сүүдэр уртсаж, нар уулс, газар, хүн амьтанд ойртох мэт мэдрэмж төрдөг үү? Үүн шиг Орасиогийн хувьд ганцаардал, сэтгэлийн тамир нь барагдах тусам оршихуйн мөн чанар ойртож байгааг уншигч мэдэрнэ вий.  

ШИДЭТ ХАМТРАЛ

Өөрийнхөө дотор гацах эсвэл өөр хүмүүсийн дотор гацах… Энэ хоёрын аль нь илүү хэцүү вэ? Тийм ээ, эндээс тэндээс, үүнээс түүнээс нуугдах гэж харайлгаж яваад би “хавханд зуулгачихсан” юм. Тэгэхээр зохиолдоо өөрийгөө ил цагаан хадгалж үлдээсэн нэгэн гэвэл Кортасар. Тэр “миний номыг хүссэнээрээ уншиж болно, миний хийх зүйл дахин уншмаар болох аргыг олох” гэж бичсэн байна. Заавал гол санаа эрж хайх албагүй. Амьдралын урсгалаас ангижруулах “эрх чөлөөгөөр өвдөх”-ийн хүнд нь юунд ч утга учир олж чадахгүй байх явдал байж болох юм. Гагцхүү туршилтад орж туршлагын туулай болсон уншигчид зохиолчийн “хавх”-нд орсноос ялгаагүй. Орасиотай хамт эрж хайна. Уншиж дууссан ч маэстро чамайг уриалан дуудна. 

 Энд бид романыг онцгой болгож буй “сонголт”-ыг нэхэн санахаас аргагүй. Хүлио Кортасар жинхэнэ бүтээлийн мөн чанарыг “Зохиолч нь тухайн бүтээлийн хэмжээ, өнгө аяст дүгнэлт хийхийг оролдож, үүнийхээ эсрэг зүйл хийнэ гэдгээ харуулахаар яарахгүй байх” хэмээн үзжээ. “Анги дэвших тоглоом” (Г. Аюурзанын орчуулснаар) буюу “Чартаа” роман нь “черта” хэмээх бидний сайн мэдэх тоглоомоор бүтэцлэгдсэн өвөрмөц хэлбэртэй. Өнгөрсөн зуунд эсвэл энэ зууны эхэн үед гартаа чулуу атгаад догонцож үсэрсэн өсвөр насны хүүхдүүдийг гудамж бүрээс, тоглоомын талбай бүрээс харж болох байсан бол орчин үед хаа нэг тоглоомын талбай, аль нэг сургуулийн гадна талбайд зурсан тоглоомын хажуугаар өнгөрөх аль ч насны хүн догонцож үсрэхийг хүсэж, зарим нь үсрэх нь дамжиггүй юм. Шохой эсвэл зураас гаргах зүйл, жижиг чулуу байхад л газраас тэнгэр хүртэл үсэрч тоглож өссөн бидний хувьд энэхүү зохиолын бүтэц, унших арга техник сонирхол татах нь дамжиггүй. Чухамдаа чартаа бол бодит байдлын тэнцвэр, үсрэлт, ухралт мэт хэдий ч уг зохиолын хувьд амьдралын тэнцвэр, оршихуйн шалгалт юм. “Чартаа” романы үйл явдлын нарийн зохиомж, байгууламжийн өвөрмөц шийдэл, дүрүүдийн уялдаа холбоо зэрэг нь зохиогчийн идэвхтэй үйл гэхээсээ уншигчийг зохиолын нэгэн хэсэг болгон татан оролцуулж, дүгнэлт хийх бус өгүүлэмжийн холбоог уншигчаар өөрөөр нь хийлгэж, зохиолын бүтцийг өөрөөр нь босгуулж байгаа зэргээрээ уламжлалыг эвдэж, шинийг эрэлхийлсэн уран шийдэл болсон билээ. Нэг ёсондоо уншигчийг газраас тэнгэр хүртэл тоглох чартааны талбарт Орасио, Магус, бүлгэмийн гишүүд болон бусад дүртэй хамт тоглох төгс эрх чөлөөг олгосон юм. Жинхэнэ төгс эрх чөлөөг шүү. Энэ л эрх чөлөөний эргүүлэг дотроос утга учрыг тайлж, эргэлзэж, асуултыг, хариултыг аль алиныг олж, эсвэл баяр бахдал, гуниг ганцаардлыг таньж өөрийн оршихуйг мэдрэх, хайх, олох боломжийг нээж өгнө. Зохиолын нэг дүр аль эсвэл энэ зохиолыг бүтэхэд гар бие оролцох зохиомжийн тойрогт нэг л мэдэхэд умбаж, энгийн олон асуултын хариуг олж, эргээд энгийн мэт олон асуулт дунд үлдэж буй нь уншигч, зохиол, зохиолч гэсэн гурамсан харьцааг илэрхийлсэн “шидэт хамтрал” юм. Тэр бол “тэнгэр”-ийг хайх тусмаа газрын намагт гүн шигдэж, өөрийнхөө дотор лагхийн унадаг хүн. Тийм ээ, дахин босож зогсоод үсрэх үү, эс үсрэх үү? 

 Кортасар “Чартаа”-г бичихдээ жазз импровизацийн зарчмыг ашигласнаа олон ярилцлагадаа дурдсан байдаг. Мөн түүний дотнын найз, Мексикийн нэрт зохиолч Карлос Фуэнтес “Чартаа” бол жазз хөгжим шиг тогтсон нотгүй, харин тоглогч бүр (уншигч бүр) өөр өөрөөр амилуулдаг “хөдөлгөөнт архитектур” юм гэж хэлсэн байдаг. Уг “Хөдөлгөөнт архитектур”-ыг унших үндсэн гурван аргыг зохиолч санал болгосон юм. Эхний арга бол “уламжлалт” хэлбэртэй. Оливейрагийн Парис дахь амьдрал, Магусыг алдсан харамсал, Буэнос-Айрест буцаж ирээд сэтгэцийн эмнэлэгт галзуурал, гэгээрлийн хил дээр очиж байгаа үйл явдал илүү тодорхой, шугаман мэдрэмжийг уншигчид төрүүлдэг билээ. Энэхүү аргаар унших үйл 56-р бүлэг хүрээд дуусна. Харин хоёр дахь арга бол жинхэнэ “замбараагүйтэл”. Зохиолчийн нэмэлт бүлгүүд, сонины хайчилбар, эшлэлүүд орж ирснээр үндсэн үйл явдал тасалдаж, уншигчаас сэтгэх үйлийг шаардаж эхэлдэг. Эндээс л Кортасарын уншигчийг хэрэглэгч биш, хамтран бүтээгч болгох зорилго харагдана. Энэхүү арга жинхэнээсээ “Чартаа” тоглох юм. Зохиолч уншигчид зориулж өөрийн гаргасан “зам”-ыг санал болгож, үйл явдалд оролцохыг урина. Энэ бол зохиолын зогссон “хүрд”-ийг эргүүлэх цаг юм. Зохиолч бүлгүүдийг алгасах, ухрах, урагшлах боломжийг уншигчид олгожээ. Ингэж л уншигч романы үйл явдлын шууд оролцогч, зохиол дахь чартааны тоглогч болж хувирна. Харин гурав дахь арга нь уламжлалт хэлбэрийн буюу эхнээс нь дуустал унших явдал юм. Мэдээж өөрөөр яаж ч уншсан бай, зохиолчийн “хавх”-нд орно.

СЭМРЭХ ЧИМЭЭ

 Магусын явсан мөр заримдаа жигтэй гэмээр тодрох хэр нь заримдаа сэжим ч үгүй алга болчихно.Өөрийнхөө дотор гацах эсвэл өөр хүмүүсийн дотор гацах. Энэ хоёрын аль нь илүү хэцүү вэ? Орасио бүгдийг нь “үг болгож хувиргамааргүй” байгаа. Ядаж байхад бороо татрахгүй. Шалба норгосон ч тайвшрахгүй. Тийм ээ, эндээс тэндээс, үүнээс түүнээс нуугдах гэж шалбааг дээгүүр харайж яваад би “хавханд зуулгачихсан” юм. Түүний хэлбэр хийц нь бусадтай ижил биш мөртөө бусдаас бас өөр биш. Хайр заримдаа хатуу, инээдэмтэй, гашуунаар илэрч болдгийг Орасио харуулна. Магус болоод Орасиогийн дунд байсан “харь” зүйлсийн нэг нь бяцхан хүү байсан ч тэр хариуцлагаас үргэлж бултдаг. Тэдний дундах эрх чөлөө алгуурхан амь бөхөх хүртэл адаглаад энхрийлэлцэх эрх чөлөө ч хумигдаж буй мэт санагдана. Магус түүнийг шүтэн биширнэ, хазайгаад л байдаг оршихуйнх нь төвийг тэр сахиж байлаа. Гэтэл зовлонт эр маань “өрөвдөх сэтгэл”-ээ хаячихсан гэж өөртөө итгэсэн нэгэн. Даанч тэр Магусыг хүүгийнхээ үхлийг хэрхэн хүлээж авахыг мэдэж байсан болохоор “үг хэлээгүй”. Үүнийгээ ч хүлээн зөвшөөрөөгүй учир яваад л өгсөн.

Уйлж суугаа хүнийг хараад яаж аргадахаа мэдэхгүй байх, нурууг нь илбэж, нулимсыг нь арчих гэснээ болих… Өөрөөсөө хэн нэгнийг үдсэнээ, тэр хаана очсоныг мэдэхгүй байх… Би бас Орасио шиг чимээгүй, өөрөө мэдтэл нь, нуран унахыг “үг” шийдэх үед яах байсан бол? Үг бодлоос хэдэн мянган бээрийн өмнө байхад яах ч аргагүй болж магадгүй. 

Орасио туйлын харгис этгээд бус, тэр өрөвдөх сэтгэлээ өөрөөсөө нууж яваа хүн. Амьдрал гэдэг үсрээд орчхож болдог чартаа сан бол харин ч түүнд амар байж магадгүй. Түүний эрж хайсан бүхэн, тэнгэрт хүргэх “чулуу” ч байхгүй. Тиймээс тэр шаналж байгаагаа эсрэгээр нь өчнө. 

ӨӨРИЙГӨӨ ХУВИЛАХУЙ

Уншигч тэмдэглэл, зохиолын үйл явдал, Мореллийн тэмдэглэл, сонины хайчилбар бүхий 156 бүлгийг зааврын дагуу унших явцдаа цаг хугацааны шугаман шинжийг алддаг. Нэг ёсондоо зохиолын Парис, Буэнос Айрэс дэх үйл явдал зэрэгцэж эхэлдэг. Ингэхдээ Мореллийн дүрээр нээлтэй бүтээл хэмээсэн бөгөөд уламжлалт романы “эхлэл, өрнөл, тайлал” гэсэн бүтцийг амьдралыг үзүүлэхэд хэтэрхий хиймэл “үхмэл” гэж шүүмжилжээ. Энэ нь хоёр өөр зохиол нэг номд багтсан мэт мэдрэмжийг төрүүлнэ. Эхний уншилтаас үлдсэн нэмэлт бүлгүүдийг Мореллийн тэмдэглэл гэх бөгөөд уншигч дүрүүдийн сэтгэл хөдлөлд автаж эхлэх үед дундуур нь онолын эргэцүүлэл, сонины хайчилбар эсвэл өөр хүний эшлэл оруулж ирнэ. Энэ нь уншигчийг болж буй үйл явдалд илүү шүүмжлэлтэй, бүтээлч хандах, хүлээн авах боломжийг олгодог. Өөрөөр хэлбэл, Оливейрагийн гаргаж буй үйлдлүүдийн цаад шалтгаан, түүний дотоод түгшүүрийг тайлбарлах гол арга болж байна. Үсэрч унших үед уншигч Оливейрагийн ямар нэгэн үйл явдлыг уншсаны дараа Мореллийн номын тэмдэглэлтэй танилцана. Тэрхүү тайлбар нь Оливейрагийн саяхан хийсэн үйлдлийг тайлбарлаж болох утгын эрэлд уншигчийг хөтлөх бөгөөд уншигчид учир шалтгааны тайлбар болдог. Морелл уг зохиолын нэгэн дүр хэдий ч уг романыг өөрөө бичиж буй мэт тэмдэглэл хөтөлдөг. Тодруулбал Магус, Оливейра хоёрын хайр дурлалын хэсэг гарч, сэтгэл хөдлөл рүү шилжих үед Мореллийн хуурай онолын тэмдэглэл орж ирдэг. Мөн тэр бээр уншигч ямар байх ёстой талаар зааж өгдөг. Моррелийн тэмдэглэлийг унших нь зохиолын үйл явдал тэр дундаа Оросиагийн галзуурал, эрэл хайгуулыг зохиогчийн нүдээр харах боломж аж.

Чартаа романыг зарим судлаачид интернэт хэрэглээнээс өмнөх дижитал сэтгэлгээтэй роман гэж үзсэн. Энэ нь мэдээллийг шугаман бус буюу эхнээс нь дуустал дараалан унших албагүй, хоорондоо холбогдсон хэсгүүдээс бүрдсэн бүтэц буюу hypertext шинжийг илтгэж байгаа юм. Энэхүү бүтцийн хамгийн тод жишээ бол wikipedia юм. Бүхэл зүйлийг уншихдаа цэнхэр өнгөтэй линк дээр дарах үед өөр мэдээлэл рүү шилждэг. Энэхүү холбоос бол hypertext-ийн хамгийн гол элемент юм. Харин “Чартаа” романы тухайд бүлэг бүрийн дор байх дугаарууд “цаасан линк”. Мэдээллийн замаа уншигч өөрөө угсарч, өөрөө бүтээж байгаа тул уншигч бүтцийг бүрдүүлэгч, угсрагч болдог. Чартаа роман бол шугаман бус замаар уншигддаг роман буюу интернэтийн мэдээллийн урсгалаас өмнөх уран зохиолын шугаман бус сэтгэлгээг уншигчдад хүргэсэн зохиолчийн өөрийнх нь тодорхойлсноор “Эсрэг роман” юм.

           Эцэст нь… хэн ч, хэзээ ч туйлын зөв гаргалгааг олж чадахгүй ч байж мэдэх юм. Уншигчийн сэтгэлгээний дадал зуршлыг устгах энэхүү романыг уншсанаараа Кортасарын яруу найрагтай ч танилцах болно. Тэнд Кортасар ч бий, нулимс ч бий. Уншигчийн эх хэлний төрөлх зөнг сэрээсэн орчуулгыг ч мэдрэх нь гарцаагүй. Роман өөрөө хүний төрөлх хэл, хэн болохыг нь сануулах үгс, хэл-оюун санаа болоод сэтгэл, хэл-цаг хугацаа, хэл-оршихуй, хэл-хил хязгаарыг дотроо тээсэн бүтээл ажээ.

 

М.Дэвээжаргал
Нийтлэлч
Б.Батцоож
Нийтлэлч
ҮГЭНД ҮЛ ХУВИЛНА

Усны гудамж сайтаас дэлхийн шилмэл зохиолуудын талаар мэргэжилтний санаа, олон талын өнцгийг баримталсан цуврал нийтлэлүүдийг бэлтгэн хүргэж буй билээ. Энэ…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

@Katen on Instagram
[instagram-feed feed=1]