
МУИС-ийн утга зохиолын нэгдэл шинэ шүлгийн түүвэртэй болжээ. Утга зохиолын дугуйлан бол залуус шүлгээр учирч, шүлгээр ойлголцон, шүлгээр сэтгэл дөхөн нөхөрлөдөг газар. Эндхийн 17 гишүүний 17 өөр ертөнцийг зүйж урласан нэгэн улирал, энэ намар шүлэг болон уншигчийн гарт хүрэхэд бэлэн болжээ. “Зүймэл улирал” түүврээс залуу насны илч төөнөсөн шүлгүүдийг тухлан сонирхоорой. Усны гудамж “Зүймэл улирал” түүвэрт багтсан шүлгүүдээс цувралаар танилцуулж байна. Энэ удаа найман шүлэгчийн онцлох бүтээлээс хүргэе.
Уран зохиолоор дамжуулан өөрийгөө илэрхийлэх, сэрэл мэдрэмжээ бусдадаа хуваалцах, харилцан ойлголцох, хамтдаа хөгжих энэхүү туурвил зүйн албан бус сургалт, бүтээлч урланд суралцаж байгаа оюунтан залуусын илэрхийлэл, эрэлхийллийн үр дүн-…танд залуу хойч үеэ ойлгоход тус дөхөм болно гэдэгт итгэнэ.
МУИС-ийн Утга зохиолын нэгдлийн зөвлөх багш, утга зохиол судлаач (PhD),
яруу найрагч Дагийраазайн НЯМДОРЖ
Пүрэвдоржийн БУЯНЦОГТ
ХАВАР БОЛЖ БАЙНА
Хавар болж байна.
Хайртай бүхний минь нүдний өмнүүр
хайчилсан тэнгэр бударч байна.
Хамгийн гоё хэлбэртэйд нь хүрэхээр
хайртай бүхнийхээ нүд рүү
гараа сунгаж байна.
Хавар болж байна.
Хөдсөн дээлтэй хөр бүлээн сэтгэлээс нь
өөр юуг нь ч тод санадаггүй
хөх өвөө минь хөдсөн дээлээ тайлж байна.
Тэнд ч хавар болж байгаа бололтой.
Хөрсөн гарыг минь алгандаа атгаж зөөлөн
үлээхэд төрдөг мэдрэмж бол
миний хувьд хаврын тухай
хамгийн сайхан мэдрэмж санж.
Хавар болж байна.
Ичигсэд хөдөлж, газар гэсэж байна.
Эмээ минь өвөөг дагуулаад
энэ амьтад шиг энэ л өдрүүдийн
нэгэнд хүрээд ирнэ ээ гэдэгт итгэж байна.
Хавар болж байна.
Эмээгийн минь эсгэж,
өвөөгийн минь мялаасан
бяцхан баривчийг үнэрлэхэд
нялх багын явдлыг минь ярьж байна.
Эргээд бодоход энэ бяцхан баривч дотор
хэдэн жил амьдарснаа ч мартсан байна.
Эх минь намайг хэн байсныг, хэн болсныг,
хэн болохыг хором ч мартаагүй байна.
Надад өөрөөс минь илүү хайртай хүн байна.
Энэ тухай эргэцүүлэх сэхээтэй болдог
ийм улирал ирж байна.
Хавар болж байна.
“Эргэх дөрвөн цагт амьд явах сайхан” гэх
шүлгийн мөр амьдрал шиг
үнэн санагдаад
Эхийгээ нялх багадаа алдсан
найзынхаа дэргэд
ээждээ эрхэлж чадахгүй
хүн чанар төрж байна.
Эргээд очиход дурсамжаар нуугьсан
бор тосгон угтана даа гэж бодохоор
Энд хүн шиг амьдрах итгэл бас төрж байна.
Хавар болж байна.
Хүний зүрх сэтгэл хүртэл гэсдэг бололтой.
Хайртай бүхнээ бодоход
хар багын дурсамж
мөрөөдлөөс илүү санагдаж
Хүн болсон хөх суурингаа
Хүн болгосон шар туурингаа
Хүндээс хүнд гэгээн санаа алдалт шиг
Хүссэн бүхний минь амьсгал шингэсэн
хөх ахуйн тайтгарлыг мэдрэх
Хүн чанар минь бөхөөгүй бололтой.
Хүндээс хүнд санаа алдаж байна.
Хүн болж буй бололтой.
Хавар болж буй бололтой.
Хүн төрөлхтөн үнэндээ
хавар сэрж, мэдэрч,
сэтгэл санаатай болсон байх аа.
Хавар болж байна.
Мөнхбаатарын ТОДГЭРЭЛТ
Зургаа, нэг, нэг
Зурсан зураас, улаан утас
Зургаагийн тооны цагаригаар оруулж
Нэгийн тоонуудыг хэрээслэн барьж хайчлах ахуйд
Хэсэг нь гарт үлдэж, нөгөө нь хөсөр хаягдав.
Энэ л амьдрал аж.
Хадбаатарын БАЯНМӨНХ
АМЬДРАХ
Хүн шиг амьдрах
Үхэл шиг амьдрах
Угтаа ижил юм.
Миний охидыг хардаг
Харцаар намайг ширтэх.
Миний үнсүүлэхийг хүсдэг
Уруул хуурай байх.
Чиний эрсийг хардаг
Харцаар чамайг ширтэх.
Чиний үнсүүлэхийг хүсдэг
Уруул нойтон байх.
Хүн шиг амьдрах
Үхэл шиг амьдрах
Угтаа ижилхэн юм.
Отгонбаярын НОМИН-ЭРДЭНЭ
***
Хэзээ ч мэдрээгүй биеийнхээ эсүүдтэй
Чамайг хараад анх уулзлаа.
Хэлэнд шүлс давлагаа мэт орооцолдон
Хэн нэгнийг би залгичих шиг боллоо.
Хэрвээ би чамайг мартсан ч
Хэзээд чи надад байх боллоо.
Байх…
Ийм сайхнаар ганцаар оршиж
Ганц биед хоёул оршиж
Гадаа цастайд нэг биеэс дөрвөн мөр үлдэх
Үүрээр сэрээд амьсгал авах хэн нэгнийг сонсох
Өдөр бүр бодох, зөвхөн өөрийнхөө тухай
Бодож дуусахгүй их бодолтой болох.
Болох…
Ийм догдлолоор харанхуйг ширтэх
Харанхуй миний өөдөөс ширтэх
Хамтдаа алга болохыг мөрөөсөх
Мөрөөслүүд хаа нэгтээ зүүдэнд минь алхах
Зүүд минь над руу алхах
Тэгээд бид дахин сэрнэ.
Амьсгал минь чамд сонсогдоно.
Алга болохыг бид хүснэ.
Тэд алга болоход би далайн эрэг дээр
Тэд алга болоход би далавчтай болно.
Тэд алга болбол хотын хамгийн өндөр барилгын дээвэр
Нарны сүүлийн тусгалаар далавч мэт үзэгдэнэ.
Мэндчулууны ДЭВЭЭЖАРГАЛ
***
Сульдаа салхи ч
Хуй эргүүлэн үлээдэг атал
Сөл өвс мэт
Сул ганхан хүлээлээ
Чамайг иртэл
Сэтгэл цохилохгүй,
Сэтгэл цохилохгүйд
Сүнс минь дуулахгүй…
***
Өдөөн турхирах зовлонгийн
Амьсгал авах өчүүхэн сиймхий
Аврал үгүй харанхуй шөнийг
Өглөө бүр хүснэ,
Өвдөж, хөндүүрлэж
Үндсээрээ булга татуулсан ч
Үгдрэн шархирч буй сэтгэл
Ургасаар л байна, гэрэлт нарны дор…
***
Духан дээр үнсэнэ…
Ингэж л чи Гурав дахь мэлмийг минь
Ертөнцийг зүдгүүрээс аварна.
***
Исгэрэх салхины эрчинд
Идэр өвс өвдөг бохирно.
Эрмэг залуу насны хоолойд
Ирт мэс ганцаардал мэт ойрхон.
ЦЭГ
Навчис завилж хийссээр
Орчлонгийн мэлмийг дарж унана.
Саранцацралын ЭНХЧИМЭГ
***
Энэ чулуудад харцаа үлдээсэн түүний тухай
Энд байгаагүй бодлууд нь яриад байдаг.
Яг үнэндээ амьдарцгаах гэж
Хамгийн хөндүүртэй хэсгээрээ
Гишгээд л алхаад л байхын нэр юм.
***
Ганц удаа ирж асан дурсамжаа өөртөө тээгээд
Олон удаа алхсан ийм гудам хөндүүр орчхоод
Бүх л ахуйнхаа турш
надаас харц буруулсаар атлаа
Харц буруулах бүрдээ
цоргитол ширтсээр байнам
Раашийн БАТХИШИГ
ХАВАР
Цас ханзарсаар урийг дуудах
Хайлган улирал.
Цаанаа догдолсоор л түүнийгээ мөрөөсөх
Хайрын улирал.
Зүггүй явдалдаа төөрч эндүүрэх
Зөрүүд салхи
Зөөлөн сэвшиж орчлонг энхрийлэх
Зүймэл улирал.
Цогтбаатарын ТӨГСБААТАР
“Arca” буюу хуучин номын кафед цас орно.
Сургуулиас яаран Arca-гийн зүг
Гарц гараад баруун, Хүнсний нэг…
Гутлаа арчаад ороорой!
Яарч ирэх газартай байх сайхан шүү дээ.
Номын тавиур дээр Набоков, Мо янь, Айтмотов
Найз минь хажууд “Цасны орон” орчуулж байна.
Түрээсэнд одоо 200,000₮, Санаа алдана…
Мөрөөдөлтэй байх сайхан шүү дээ.
Кофе залгилна, гэдэс даанч өлөн.
Ойрд юу уншив? Юу ч уншаагүй…
Орой “Movie night” болно, сандлаа зөөх үү?
Хүсэхгүй байсан ч хичээх сайхан шүү дээ
Инээж, уйлж, шүлэг дуудаж өдрийг барна.
Хоосон хана, тэг дунд нь Юкио Мишима
Ингээд зүгээр л зугтмаар байна, гэвч
Дурсах дурсамжтай байх сайхан шүү дээ.

Leave a Reply