
(Б.Анхбаатар найруулагчийн “Пиннокио”, М.Лхагва найруулагчийн “Намайг дурсаарай Коко” жүжгийн тухайд)
Пиннокио: Үнэн сэтгэлийн театр
Жүжгийг сонгодог урлагийн төрөл болохоор нь, ихэмсэг гоё тайз, царайлаг хөөрхөн жүжигчинтэй болохоор, сурталчилгааны самбарынх нь урд зогсоод гоё зураг даруулж болдог учраас биш зүгээр л хөгжилдөх гэж ирсэн эсвэл ээж аавынхаа шахалтаар жүжиг үзэх даалгавар авсан жаал хүүхдүүдтэй нэг танхимд суух хэчнээн сэтгэл хөдлөм гэж санана. Жүжигчдийн тоглолт, үйл явдалд үнэн сэтгэлээсээ шууд хариу үйлдэл үзүүлж, догдлол, гуниг, баяр хөөр нь нүднээ ил. Үзэгчид нь тийм үнэн сэтгэлийн хандлагатай учраас театрын жүжигчид ч мөн ажилдаа үнэн сэтгэлээрээ ханддаг бололтой. Хэдэн арван жил царайгаа ч үзүүлэлгүй хүүхэлдэйн багийн ард тогловч алдар нэрээ цоллуулж, ард олонд дүрээ мөнхөлсөн гэх сэтэр зүүх боломжгүй тийм жүжигчид бол хүүхэлдэйн театрын жүжигчид. Гэвч хүүхэд насны дурсамж мөнх. Багадаа мэдэрсэн гэгээтэй мөчөө, нэн ялангуяа урлагийн сайхныг амталснаа хүн яав ч мартдаггүй.
Пиннокио жүжиг хүмүүст дэндүү танил болсон Диснейн хүүхэлдэйн өгүүлэмжийг биш, К.Коллодигийн эх зохиолыг баримталж жүжгийн зохиолоо босгосон нь авууштай ч дэндүү баялаг үйл явдлыг нь багтаах гээд зарим хэсэгт нь уялдаа хамаарал султай зүүснээс болоод сүүл хэсэг рүүгээ үзэгдэл хооронд гэнэт гэнэт үсрээд байгаа мэт болжээ. Том болох, үүрэг хариуцлага хүлээх хоёроос эцэж цуцталаа зугтааж, амар хялбарыг дагасаар эцэстээ хүүхдэд тохиож болох бүхий л аюул заналтай нүүр тулж буй Пиннокио. Хуучны аргаар буюу айлгах маягаар хүүхдийг хүмүүжүүлэх аяс эрхгүй мэдрэгдэнэ. Орчин цагт хүүхдийн номын агуулгыг эцэг эхчүүд “ёс зүйтэй”, “цэмцгэр” байлгах гэж ихэд чармайх болсон. Нэгэн жишээ нь сурах бичигт орсон ардын үлгэрүүдийн агуулгыг “цуутын цагаагч гүүний эх нь үхэж байна, муу санаат эцгээ хүүхэд өөрөө хөнөөж байгаа тухай гарч байна” гэх мэтээр нэг хэсэг шүүмжилсэн дээ. Орчлонгийн хар муухай, хорон хүйтэн талыг мангас, дайсан, аймшгийн элдэв баатраар төлөөлүүлэн үр хүүхдэдээ ойлгуулж, хүнд бэрхтэй нүүр тулах цагтаа дэндүү цочирдон зүрх үхэхгүй байгаасай хэмээн тийн бичсэн хэрэг. Надад бол зохиолын амт шимт нь жаахан айдас, жаахан хэтрүүлэлдээ л байх шиг санагддаг. Хүүхдийг юм бүхнээс хаацайлж, улцайсан гялгар юм уншуулахыг нэг их ойшоодоггүй. Тиймдээ ч эх зохиолынхоо жаахан хирдхиймээр, айдастай талыг дарж, эгдүүтэй булцгар хүүхэлдэй тоглуулж орхиогүйд сэтгэл хангалуун үлдсэн хэрэг.
Зохиолын эхлэлийг дуугаар шийдэх, далайн давлагааг аварга том уутаар хийх зэрэг “Про” театрынхаа бүтээлээс зээлдчихсэн шийдлүүд мэр сэр үзэгдэж байлаа. Гэхдээ мэдээж энэ бүхэн хүүхдэд бол соргог, шинэхэн мэдрэмж. Хүүхдүүдэд тусгайлан зориулаад уут, загас, гэрлээр далайг бүтээсэн нь үнэхээр нүд баясгам. Дотор минь нойрсож байгаа жаал охинд сайхан зүүд зүүдлүүлчих шиг мэдрэмж төрсөн билээ.

Орчныхоо уур амьсгалыг эх газар, далай зэргээр ялгаруулсан шигээ сүүдрийн, багт, таягт, утсан зэрэг олон янзын хүүхэлдэйгээ ашиглан жүжиг доторх жүжигчилсэн тоглолт гаргаж, хэдий одоо сүүдрийн хүүхэлдэйн бүрэн тоглолт хүүхдийн сонирхлыг татахгүй ч гэлээ жүжгийнхээ зарим хэсэгт шигтгэн, байгууллагынхаа түүх, уламжлалт хүүхэлдэйн арга барилдаа хүндэтгэлтэй хандан, жүжгээ баяжуулсан ажээ.
Мөнгөтэй болох мөрөөдөлдөө умбан буй Пиннокио хүүхэлдэйн дээрээс нарийн ширхэгтэй саа цацаж, мөнгөлөг гэрэлтэй модны дэргэд зүүдлэх адил хөвүүлэх зэрэг дүрслэлийн мэдрэмжтэй хүний ончтой шийдлүүд үзлээ. Хөгжим, үйл явдал хооронд өчүүхэн ч сиймхий гаргалгүй сүлэлдүүлж чадсан үед заримдаа хөгжмийг нь анзаарах ч сөхөөгүй болох нь бий. Үзэгчдийг зохиолын үйл явдалд улам уусгаж өгдөг тийм нягт хөгжмийн шийдлүүд, түүнчлэн “Про” театрынх гэсэн “шошго” гэмээр гоёмсог хэр нь ээ эгдүүтэй хувцас хэрэглэлүүд нүд хужирлаж, сонор мялаав.
Намайг дурсаарай Коко
“Намайг дурсаарай Коко” нь Диснейн “Коко” нэрт бүтээлээс сэдэвлэсэн хүүхэлдэйн жүжиг. Зохиолын хамгийн сэтгэл хөдөлгөм санаагаар гарчигласан нь хүнийг эрхгүй татна. Маппет театрын жүжгийн хувцас хэрэглэл, өнгө үзэмж, нүүр хувиргал чамин сайхан, дуу хөгжмөөр баялаг.
Гэвч хүүхдийг зөвхөн өнгө будаг, чимээ шуугианаар татаж, суудал дээр нь тогтоох амаргүйг уран бүтээлчид энэ жүжгээс ойлгож мэдэрсэн болов уу.

Тус жүжгээс би нандин, уян зөөлөн, халуун дулаан уур амьсгал горьдож очсон билээ. Гэр бүлийн үнэ цэний тал дээр монгол уран бүтээлчдийн хандлага, өнцгийг сонирхохыг хүссэн. Үндсэн зохиолын зөрчил, Мексик хүмүүсийн гэр бүлдээ хандах хандлага манай хөрсөнд амархан суухуйц. Дэврүүн, чанд, халуун дулаан гэр бүл. Гэвч уран бүтээлчид зохиолоосоо өөрсдийгөө тусгаарлачихжээ. Диснейн хүүхэлдэйн үйл явдал, санаа, шийдэл дээр хуруу нэмэрлэсэнгүй. Жүжгийн баг, хэрэглэл, Коко эмээгийн эгдүүтэй хөөрхөн хүүхэлдэй, аварга том гитар цугаараа үүнээс л болж үнэгүйдээд, дотроо хөндий гялтганасан хайрцаг шиг болж хоцров. Мэдээж жүжгийн толилуулсан Цэцэрлэгт хүрээлэнгийн бөмбөгөр театр шаардлага хангахуйц орчин болсонгүй.
Хүний хэмжээтэй Коко эмээгийн хүүхэлдэйн ур хийц сайхан. Тэр дундаа нас явсаар эргээд гэнэн, гэрэл гялбасан харцтай болсон гэдгийг нь яв цав илтгэх нүд нь онцгой байв. Эмгэний хүүхэлдэйнээс гадна Имелда эмээгийн нисдэг бар, аварга том гитар гээд театрын тайзан дээр яажшуухан ашиглах бол гэж төсөөлөхөөс хорхой хүрэм үнэхээр чамин хэрэглэл олон байсан. Даанч тэр том гитарыг ганцхан удаа шудраад л өнгөрлөө. Өөр юунд ч хэрэглэсэнгүй. Тэр ганган барыг хальт үзүүлээд л дуусчихлаа. Бас л юунд ч хэрэглэсэнгүй. Хүний хөдөлмөр шингэсэн тийм хэрэглэлүүдийг үйл явдалд илүү идэвхтэй оролцуулаад, янз бүрийн аргаар жүжигтээ “тоглуулж” уг нь болмоор санагдах. Гэтэл зүгээр л тэгэсгээд өнгөрөөчихөөр урласан хүнийх нь өмнөөс гол зурах шиг хайран.
Гэхдээ Коко жүжиг дуу хөгжим, бүжиг наадам, өнгө будгаараа хүүхдэд хэсэг ч болов дурсагдахаар л болж. Хамгийн гол нь энэ хоёр хүүхэлдэйн жүжгийг үзсэний дараа өөрийн эрхгүй шунал төрсөн. Илүү олон, илүү чамин хүүхэлдэйн жүжиг гараасай гэх бодол. Хүүхэлдэйн жүжиг дүрслэлийн ямар нэгэн хязгаарт баригддаггүй нь сайхан юм. Тийм болохоор л зөвхөн хүүхдэд биш, томчуудад зориулсан, ид шид, уран сэтгэмж, санаанд оромгүй шинэлэг шийдлээр дүүрэн хүүхэлдэйн жүжиг байдаг ч болоосой гэх хүсэл дотроос хатгаад авсан билээ.
Ө.Сумъяа
2024 оны 5-р сар
Leave a Reply