Press ESC to close

Усны ГудамжУсны Гудамж Бичээчийн Хөгжих Талбар

БИЧЭЭЧИЙН ДАСГАЛ-2024.10.03

Дараах асуултад өөрийнхөөрөө хариулж үзээрэй.

Аливаа өрнөл бүхэнд чөлөө завсарлага байж, амьдралын агаарт уусах завдал өөртөө гаргах учиртай шиг. Адгуу энэ шинэ ертөнцийн альхан хэсэгт та оршиж байна вэ? Өөрт олдсон цаг хугацааг хэрхэн мэдэрч байна вэ? 

Comments (3)

  • Ninjbayan Batsaikhansays:

    10/03/2024 at 22:14

    Намар эхлээд дөнгөж л хорь хонох дөхөж байхад би гэж бие дотроо эзгүйчилсэн хоосон хүн зуныг санаад л үхэх шахна. Гэхдээ гурван жилийн өмнөх тэр зун. Ганцхан тэр зун руу л буцаж очоод тэр зуны салхитай яааралгүй хэдэн үг солилцохсон. Би гурван жилийн дараах намраас таныг санаад буцаад ирлээ. Эндээ би сарыг хүлээж ганцхан л өдөр таний ханийг хайж ирлээ. Гурван жил би таныг л саналаа, дахиад хэдэн удаа үсийг минь илбэж өгөөч гэх гэж би өдий уртыг туулж ирлээ. Гурван жил гучин жил шиг удаан бас уйтгар гунигаар дүүрэн байлаа. Жил жилийн зуныг би мянган дөнгө шиг хүндээс хүнд зүрхтэй, өглөө бүр амьд сэрүүн хүний араас гашуудаж сэрлээ. Таньд л би энэ тухай хэлэх гэж сүлжсэн цагийн цаглашгүйг сөрж энгэртээ гараа нааж гүйж ирлээ. Гурван жил надад найртай хандсангүй. Би цэвдэг хүйтэн хүмүүсийн сэтгэлд гал асаах гэж гурван жил бие сэтгэлээ барлаа. Гурван жил намайг гундсан цэцэг шиг болгож би дахиад салхинд найгах ямар байдгийг санасандаа таныг л гэж зөрүүдлэлээ..

  • Narmandakh Dambajamtssays:

    10/05/2024 at 22:54

    Адгуу энэ ертөнцийн аль аашнийх нь завсраар би энд ирчихсэн юм бол гэж бодох юм. Аливаа өрнөл бүхний хажуугаар айх айдасгүй тайван байхыг л хичээх юм даа. Надаас хэтийдсэн энэ бүх өрнөлүүд хэтэрхий том бас сүрдмээр болохоор аймар ч юм шиг. Миний амьдрал надад урт бас том ч гэж ертөнцийн өрнөл бүрийн хажууд дэндүү жижиг. Энд би өөрийнхөө хийж бүтээсэн зүйлсийг эрхгүй жижиг болгон хараад эгээ л нулимсаа барьж үл чадна. Өөрт оноогдсон цаг хугацаа минь аалах зүйлгүйгээр урт ч гэлээ, өрөөл бусдын тууллыг харахад өөрөөс минь хамаарахгүйгээр богинохон ч юм шиг. Амьдралынхаа агаарт уусах гэхээр, ай даа би зүгээр сууж болно гэж үү? гэсэн бодол ч төрөх шиг. Өдийг хүртэл явж ирсэн замаа эргэн харахад өөлөх зүйл дэндүү олон. Өөрөөс минь өөр хэн ч өөлж зүрхлэхгүй хэдий ч өөрийнхөө зэмлэлд би өөрөө дэндүү их өвдөж байна. Бүтээсэн бүхнээ өөлөхөө болих гэж хичээж л байна. Угаас дэндүү ихийг боддог нэгэн болчихсон бололтой. Адгуу энэ ертөнцөд арай л удаан байна уу? би…

  • Monicasays:

    10/09/2024 at 09:45

    Аливаа өрнөл бүхэнд чөлөө завсарлага байж, амьдралын агаарт уусах завдал өөртөө гаргах учиртай шиг. Адгуу энэ шинэ ертөнцийн альхан хэсэгт та оршиж байна вэ? Өөрт олдсон цаг хугацааг хэрхэн мэдэрч байна вэ?

    Саяхан юм шиг санагдах дурсамжуудаа эргээд харахад 5 жил, 6 жилийн өмнө хэмээн дурайх болжээ. Цаг хугацаа ирсэн шигээ хурдан оддог эсвэл огт оршдоггүй мэт санагдана. Хэмжээ хязгааргүй, угаас бурханд ч үл захирагдах зүйлийг угаас байдаггүйд тооцсон ч болохоор мэт. Бидэнд бүхнийг өгнө, өгөөгүй мэт авна, байгаагүй мэт оршино, бас урсана. Цаг хугацаа чинь өөрөө бурхны хэртэй, эсвэл бүр давсан ойлголт мэт надад хааяа бодогдоно.

    Таван жилийн өмнө(дээр хэлсэнчлэн) нэгэн намар их сургуулийн гудмаар алхаж явахдаа би шинэхэн найзаасаа чиний амьдралын зорилго юу вэ гэж асуухад “Бүхий л мэдрэмжүүдийг мэдрэх” гэж билээ. Би тухайн үедээ сайн ойлгоогүй ч яагаад ч юм тэрхэн хормыг, тэр хариулыг мартдаггүй юм. Одоо тэр найзын минь хариулт өөрчлөгдсөн ч байж магадгүй, би мэдэхгүй. Гэхдээ өдий төдий жилийн дараа бодох нь ээ би тэр хариултын эзэн өөрөө болж хувирсан мэт санагдана. Хувирал. Энэ бичвэрийг бичих гээд таван хором суусан чинь өөрийгөө хэчнээн өөр хүн болсныг анзаарлаа. Эсвэл яг хэвээрээ, хүүхдээрээ ч байгаа юм шиг. Зөвөөр илэрхийлж чадамгүй шиг байна. Ямартай ч дотоод мөн чанар, хүүхдээ гээгээгүй харин ч илүү ойртсон хэрнээ үзэл бодол, үйл хөдлөл, амьдралын жижиг сажиг зүйлийн хувьд ямар их өөр хүн болсон юм бэ дээ.

    Адгуу шинэ ертөнц гэв үү. Ердөө л адгуу ертөнц биш гэж үү. Ертөнц хэзээд адгуу байгаагүй гэж үү. Хүний цаг хугацаа, амьдрал гэгч юутай ахар, давчуу вэ. Энэ талаар бодоход хааяа зүрхний хэмнэл түргэсч, амьсгал богинохон болдог ч юм шиг. Хүн энэ насандаа ямарваа нэг агуу үйл хэрэг бүтээхээр ирсэн гэж боддог над шиг хүмүүст амьдрал дэндүү богино санагдана. Агуу үйл хэрэг гэгч чухам юу болохыг мэдэхгүй. Хааяа тэр үйл хэрэг нь зүгээр л амьдрах, оршиг тогтнох юм болов уу гэж бодно. Эсвэл хайрлах юм болов уу. Өөрийгөө олох, бүтээх, эсвэл адлахгүй байх. Урагшлах гэдэг начир дээрээ ухрахын нэр юм болов уу. Сайн мэдэхгүй ч хайж явдгаа, зөв чигт алхдагаа мэдэж байна.

    Ертөнцийн аль хэсэгт оршиж байна вэ гэж үү. Одоо гэсэн хэсэгт нь оршиж, эсвэл оршихыг хичээж байна гэвэл зохих байх. Яарвал даарна гэдэг үгийн утгыг ойлгох шиг. Яарж адгавал амар амгаланг мэдрэхгүй гэдгээ. Тайвширсан, адгахаа болих үед хорвоо дэлхий илүү удаанаар эргэх шиг санагддагийг би мэдэрсэн. Зүгээ олоогүй хүн адгаж сандарвал улам илүү эргэлддэг учраас хаашаа ч яаралгүй одоодоо амьдрахыг л хүснэ. Угаас цаг хугацааны хаана ч очсон зөвхөн “Одоо цаг” л байна. Ирээдүй гэж үгүй, өнгөрсөн гэж үгүй, энэ бол ташаа ойголт. Хаа ч очсон биднийг “Одооо цаг” л тосно. Тэгэхээр Don’t worry, be happy.

    Өөрт олдсон цаг хугацаагаа дараагийн өөрт олдох цаг хугацааныхаа талаар зовнин, санаашран өнгөрүүлэх гэдэг ямар шог вэ. Яг ингээд бичсэн чинь бүр ч илүү тэнэг уншигдаж байна гээч. Бүх цаг мөчийг ирээдүй хэмээх хий хоосонд зовнин, эсвэл өнгөрсөн хэмээх хий хоосонд харамсан өнгөрөөнө. Өнөө байгаа бүхэн бидэнд байгаа бүхэн. Цаг хугацаа бол ямар ч баримжаагүй, гэхдээ л утга учрыг нь тунгааж бодож болмоор, үнэ цэнийг нь үрэн таран хийж болмооргүй зүйл юм гээч. Асуултын хариуд би бол өөрт олдсон цаг хугацаагаа мэдэрдэггүй төрлийн хүн гэж хариулна. Харин одооноос өөрт байгаа цаг хугацаагаа мэдрэхийн тулд л амьдарч яваагаа ухаарч амьдрахыг хичээнэ. Байгаа бүхэндээ талархана. Дэлхий ертөнцөөс надад илгээсэн цаг хугацааг би бэлэг мэт талархан, яг л шинэ тоглоомоо задалж буй хүүхэд шиг, хуримын даашинзаа анх харсан эмэгтэй шиг л амьдрахыг хичээнэ. Энэ бо би чадна гэсэн амлалт биш юм шүү. Хичээнэ л гэсэн амлалт. Тэгэхээр ер нь энэ юу болж хувирав аа.

    Юу ч болоогүй дээ. Цаг хугацаа ухарч байна. Өнөөдөр би таван жилийн өмнө асуулт асуусан найзтайгаа их сургуулийн гудмаар алхаж явна . Өмнөх хариултаа сонсох нь уу хэмээн бодсондоо чиний амьдралын зорилго юу гэж дахин асуулаа. Өнөөх л хариулт. Гэвч өөр хоолойгоор. Гайхшран хартал, өөдөөс минь би өөрөө зогсох ба өнөөх би ингэж хэллээ. Өнөөх цаг хугацаа гэгч нь би байна…

Leave a Reply to Monica Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

@Katen on Instagram
[instagram-feed feed=1]